A

A

A

Бүлэг: 1979
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ХYНСНИЙ АЮУЛГYЙ БАЙДАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДYРЭМ
Нэгдүгээр бүлэг Нийтлэг зүйл
1. Энэ дүрмийн зорилго нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавих замаар малын удмын сан, эрүүл мэнд, ургамал, таримлын үр, сортыг хамгаалах, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, хүнсний аюулгүй байдлыг хангуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино.
2. Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтыг Засгийн газрын тохируулагч агентлаг-Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн хяналтын алба, улсын ерөнхий, ахлах байцаагч (цаашид "улсын байцаагч" гэх) нар хэрэгжүүлнэ.
3. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагч нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжил эзэмшсэн, хянан шалгах ажлын дадлага туршлагатай байх бөгөөд хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн чиглэлийн хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.
4. Улсын байцаагч нь үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, лац, албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хуудас хэрэглэнэ.
5. Хилийн хяналтын албанд ажиллах улсын байцаагч дүрэмт хувцас, бусад газарт ажиллах улсын байцаагч ажлын хувцас хэрэглэнэ. Дүрэмт болон ажлын хувцасны загварыг  Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд батална.
6. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтад мал аж ахуй, мал эмнэлэг, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамал, хүнсний салбарын үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүх хүрээ хамрагдана.
 
Хоёрдугаар бүлэг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналтын чиглэл
7. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн улсын хяналт дараахь чиглэлээр явагдана:
а/Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Ургамал  хамгааллын тухай, Таримал ургамлын үр, сортын тухай,  Хүнсний тухай, Эмийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, дүрэм, журмын хэрэгжилт;
б/Монгол Улсаас гадаад орнуудтай  хүнсний аюулгүй байдал, мал эмнэлэг, мал аж ахуй, ургамал хамгаалал, хорио цээр, таримал ургамлын үрийн чанарын шаардлагын талаар байгуулсан гэрээ, хэлэлцээрийн биелэлт;
в/мал аж ахуй, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах болон хүнсний бөөний худалдааны төв, нийтийн хоол, худалдааны газрын үйлчилгээнд тавигдах хүнсний аюулгүй байдлын шаардлагын хэрэгжилт.   
8. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь энэ дүрмийн 7 дугаар заалтын "а", "б", "в"-д зааснаас гадна иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомжоор хүлээсэн дор дурдсан үүргийн биелэлтэд хяналт тавина:
а/мал, амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор үхсэн тохиолдолд  орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, удирдлагад 12 цагийн дотор мэдэгдэж холбогдох арга хэмжээ авах;
б/мал эмнэлгийн хорио цээр, хязгаарлалт тогтоох, мал, амьтны  өвчинтэй тэмцэх, малын сэг зэмийг устгах талаар Засаг даргын гаргасан шийдвэр, түүний биелэлтийг хангах арга хэмжээг зохион байгуулах;
в/халдварт өвчин гарсан нутагт тогтоосон мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг биелүүлэх, өвчилсөн мал, амьтныг албадан устгах; 
г/өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулах; 
д/мал, амьтныг арчлах, маллах, тэжээх, үржүүлэх үеийн эрүүл ахуй, бэлчээр, хашаа, бууц, уст цэгийн орчны ариун цэврийн талаар гарсан дүрэм, журам, зааврыг мөрдөх;
е/мал, амьтнаас хүнд, хүнээс мал, амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;        
ж/мал, амьтны халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх, хил орчмын нутгийн мал, амьтны шилжилт хөдөлгөөний зохицуулалт;
з/улсын хилээр нэвтрүүлэх мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж, баталгаажуулах;          
и/мал, амьтан болон тэдгээрийн мах, сүү, өндөг, үр, хөврөл үр, түүхий эд, тэжээл бэлтгэх,  тээвэрлэх, хадгалах, боловсруулах, худалдаалахад мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн талаархи  дүрэм, журмыг сахих;
к/мал, амьтан нядлах болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулах мал эмнэлэг  ариун цэврийн шаардлага, нөхцөлийг  баримтлах;          
л/мал, амьтанд зориулсан эм, биобэлдмэл, мал эмнэлгийн багаж, хэрэгслийг үйлдвэрлэх, хилээр нэвтрүүлэх, худалдах, хадгалах, тээвэрлэх, бүртгэхтэй холбоотой дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөх;   
м/мал эмнэлэг, ариун цэврийн лабораториудын дээж хүлээн авах, шинжлэх, дүгнэлт гаргах, хариуг мэдээлэх;           
н/ мал эмнэлгийн анхан шатны бүртгэл хөтлөх, мэдээ, судалгаа гаргах, мал, амьтны халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай  Засаг дарга, дээд шатны байгууллагад мэдэгдэх;
о/улсын нөөцийн малын эм, биобэлдмэлийг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглах, зарцуулах;
п/малын эмийн сангийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хяналт шалгалт хийх.
9. Малын үржлийн хяналтын улсын байцаагч нь энэ дүрмийн 7 дугаар заалтын "а", "б", "в"-д зааснаас гадна иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомжоор хүлээсэн дор дурдсан үүргийн биелэлтэд хяналт тавина:
а/малын удмын санг хамгаалах, ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах;
б/гойд ашиг шимт малын үр, хөврөл үрийг малын генийн банкинд хадгалуулах, ашиглах, нөхөн сэлбэх, худалдах;
в/цөм сүрэг, гойд ашиг шимт малд таних тэмдэг, дугаар тавьж, үржлийн малын удмын болон үржил, ашиг шимийн бүртгэлийг  хөтлөх; 
г/гойд ашиг шимт болон цөм сүргийн мал хорогдсон, тэдгээрийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн бүртгэл;
д/сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийг цөм сүргээс бойжуулж, орон нутгийн үйлчилгээний нэгжээр үзлэг, шинжилгээ хийлгэж, жишигт тэнцсэн эсэхийг магадласны дараа үржилд ашиглах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах, эрүүл, баталгаажуулсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах;
е/бэлчээрийн маллагаатай  бог малыг жилд нэгээс илүү төллүүлэхгүй байх;
ж/цөм, сүргийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, хөврөл үрийг улсын хил нэвтрүүлэхдээ мал үржлийн улсын  хяналтын төв албанаас  зөвшөөрөл авах;
з/цэвэр, эрлийз болон нутгийн шилмэл омгийн малын удмын санг хамгаалах, үржил ашиг шимт чанарыг бататган сайжруулах ажлыг тухайн шатны захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх;
и/сум, дүүргийн үйлчилгээний нэгж нь мал сүрэгт үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг, гойд ашиг шимт малд үржлийн бүртгэл хөтлөх, гэрчилгээжүүлэх, малын ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн ажил, үйлчилгээ явуулах.
10. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 7 дугаар заалтын "а", "б", "в"-д зааснаас гадна иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомжоор хүлээсэн дор дурдсан үүргийн биелэлтэд хяналт тавина:
а/иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа эдэлбэр газар, зоорь, үтрэм, агуулахад ургамлын өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэж, тархахаас  сэргийлсэн эсэх;           
б/Засаг дарга  ургамлын онц аюулт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал илэрвэл хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  мэдээлэх, ургамлын хорио цээр, хязгаарлалт тогтоох, ургамал хамгаалал, хорио цээрийн арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх;
в/улсын хилээр нэвтрүүлэх бүх төрлийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, хөрс, хүлэр, ургамал хамгаалах бодис, хөрстэй ургамал, мод,  модон материал, ургамлын гаралтай зүйлсээр хийсэн сав, баглаа боодолд ургамал хамгаалал, хорио цээрийн үзлэг хийх, баталгаажуулах;          
г/бүх төрлийн ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үрийн болон  хүнсний будаа, малын өвс, тэжээл, таримлын суулгац, мод, модон материалын хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, худалдаалалтын үеийн ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт;
д/ургамал, үр, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, ургамал хамгаалах бодис, малын тэжээл, суулгац зэргийг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл авах;          
е/ургамал хамгаалах бодис, бордоо улсын хилээр нэвтрүүлэх,үйлдвэрлэх, худалдаалахад баримтлах дүрэм, журам, технологи, стандарт, зааврыг мөрдөх;
ж/ургамал хамгааллын арга хэмжээний технологи, стандартыг мөрдөх;
з/ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, худалдах газрын барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахад мөрдөгдөх  ургамал хамгаалал, хорио цээрийн шаардлага, нөхцөлийг баримтлах;
и/ургамлын хорио цээрийн лабораториудын шинжилгээ, дүгнэлт гаргах, хариуг мэдээлэх;
к/улсын нөөцийн ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах, нөхөн бүрдүүлэх, зарцуулах;
л/бөөний худалдааны төв, хүнсний захуудын үйл ажиллагаанд тавигдах ургамлын хорио цээрийн дэглэмийн мөрдөлт.
11. Таримал ургамлын үр, сортын чанарын хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 7 дугаар заалтын "а", "б", "в"-д зааснаас гадна иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдийн хууль тогтоомжоор хүлээсэн дор дурдсан үүргийн биелэлтэд хяналт тавина:
а/хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын захиалга, гэрээгээр торгон үр үржүүлэх;
б/үрийн чанарын улсын стандарт хангасан, гарал  үүсэл, үйлдвэрлэсэн технологи нь тодорхой, баталгаат сортын болон эрлийз үр борлуулах, бусдад шилжүүлэх, сорт солих, шинэчлэх;
в/таримал ургамлын удмын санг хадгалах, хамгаалах, зохион бүтээсэн сортыг таримал ургамлын удмын сангийн хадгаламжид  бүртгүүлж, хадгалуулах;
г/өөрийн үйлдвэрлэсэн үрийг үр, хорио цээрийн хяналтад хамруулах;
д/үрийн чанарын улсын стандарт хангасан үрийг улсын хилээр нэвтрүүлэх;
е/үрийн тариалангийн талбайд сортын хянан баталгаа хийлгэх;
ж/улсын үрийн нөөцөд чанарын стандарт хангасан үр бэлтгэх,  нийлүүлэх;
з/тарих үрийн дээжид чанарын шинжилгээ хийх, баталгаажуулах, хариуг мэдээлэх, тайлагнах;
и/торгон болон сортын үр үйлдвэрлэл явуулахад тохиромжтой талбайг тодорхойлох, үр үржүүлгийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэхэд Засаг дарга дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
12. Хүнсний үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 7 дугаар заалтын "а", "б", "в"-д зааснаас гадна иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд хууль тогтоомжоор хүлээсэн дор дурдсан үүргийн биелэлтэд хяналт тавина:
а/хүнсний үйлдвэрлэлийг технологи, стандартын шаардлагын дагуу эрхлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах;
б/хүнсний үйлдвэрлэл эрхлэхийн өмнө болон үйлдвэрлэлийн явцад технологи, стандарт, ариун цэврийн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулах;
в/мал, амьтны болон ургамлын гаралтай хүнсний түүхий эдийг бэлтгэхдээ тухайн нутаг дэвсгэрийн мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн эрх бүхий байгууллагаар магадлан шинжилгээ хийлгүүлэх;
г/шинээр үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүн нь стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан талаар мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа худалдах;
д/хүнсний бүтээгдэхүүнийг чанар, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагын дагуу савлах, шошголох, түүнд барааны тэмдэг, оноосон нэр, улсын стандарт, үйлдвэрлэсэн газар, огноо,  тэжээллэг чанар, найрлага, хэрэглэх арга, хадгалах хугацаа, анхааруулгыг заасан байх;
е/хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх зориулалттай машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, сав, баглаа боодол, ариутгал, цэвэрлэгээний бодис нь чанар,  аюулгүй байдлын шаардлага хангасан байх;
ж/хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, тоног төхөөрөмжийг шинээр суурилуулах ажлыг хяналтын холбогдох байгууллагуудтай зөвшилцөн зураг төслийн дагуу гүйцэтгэх;
з/хүнсний үйлдвэрлэлд ашиглах өсгөвөр, хүнсний нэмэлт, эм, даавар болон шавьж, мэрэгчийн устгалын хор, цацраг идэвхит бодист мэргэжлийн хяналтын зохих байгууллагаар  дүгнэлт гаргуулах;
и/согтууруулах ундааны үйлдвэрлэлийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр   зориулалтын төхөөрөмжөөр технологийн горимын шаардлага хангасан нөхцөлд хүнсэнд тохирох түүхий эд ашиглан явуулах, үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, үйлдвэрлэлийн байршлыг өөрчилсөн зэрэг зөрчилтэй эсэх;
к/улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах, нөхөн бүрдүүлэх, зарцуулах.
 
Гуравдугаар бүлэг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэг
13.  Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
а/Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт болон ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтад, хог ургамал нэвтэрч, тархахаас урьдчилан сэргийлж, болзошгүй нөхцөл бий болсон тохиолдолд  хилийн боомт болон аймаг, нийслэл, сум, дүүрэгт тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох тухай саналыг төрийн захиргааны  байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
б/хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй шаардлагаар гарах бол ариутгал,  халдваргүйжүүлэлт хийлгэж, зөвшөөрөл олгох;
в/шалгалтаар илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх;
г/хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хими, биологийн бодис, бэлдмэл, багаж, тоног хэрэгсэл, техникийг зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлсэн, ашигласан  бол  хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
д/үр ариутгалын технологи, зохион байгуулалтыг хянах, ариутгасан үрийг тариалалтаас өөр зориулалтаар ашиглахыг хориглох;
е/мал, амьтан, техникээр үр, суулгацын материалыг гэмтээсэн, бохирдуулсан, чанарыг алдагдуулсан бол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх;
ж/тарих, борлуулах, хадгалах, шилжүүлэх үрэнд хийсэн чанарын шинжилгээ, баталгаажуулалт, сорт сорилт, туршилтын үр дүнг үнэлж дүгнэх;
з/үржлийн мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр, малын эм, мал эмнэлгийн хэрэгсэл, ургамал хамгаалахад ашиглах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл олгох;
и/баталгаажуулаагүй хээлтүүлэгч, үр, хөврөл үр, таримал ургамлын үр, сортыг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах, үүлдэрлэг байдал, таримал ургамлын сортын шинж чанарыг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, таслан зогсоох;
к/шинээр бий болгосон  үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малыг хянан баталгаажуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
л/илгээмжээр нэвтрэх бүх төрлийн ургамал, үр, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тарьц, суулгац, хөрс, хөрстэй ургамал, мод, модон материалд үзлэг хийж, ашиглах зөвшөөрөл олгох;
м/хүний амь нас, эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй чанарын шаардлага хангахгүй, технологийн горим зөрчсөн бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдсан, үйлдвэрлэсэн бол үйл ажиллагааг түр зогсоох, эсхүл бүрмөсөн хааж бараа, бүтээгдэхүүнийг улсын орлого болгох, бусад зориулалтаар ашиглах, устгах асуудлыг улсын ерөнхий байцаагчид тавьж шийдвэрлүүлэх.
14. Улсын байцаагч нь дорхи үүрэг хүлээнэ:
а/энэ дүрмийн 7, 8, 9, 10, 11, 12-т заасан чиглэлийн дагуу  Хүнсний тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Ургамал хамгааллын тухай, Таримал ургамлын үр, сортын тухай, Эмийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, заавар, стандарт зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг шуурхай авах, хяналт шалгалтын үр дүнг мэдээлэх, сурталчлах;
б/хяналт шалгалтын чиглэлээр судалгаа, дүгнэлт хийж, зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодорхойлон тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэл, баримтлах бодлогын төслийг боловсруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих;
в/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг судалж, арилгах талаар иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд үүрэг даалгавар өгөх, түүний биелэлтэд хяналт тавих;
г/хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар нутгийн захиргааны байгууллагаас зохиож байгаа ажлын явц, үр дүнд хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөлгөөгөөр хангах;
д/холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, албан шаардлага, тоо баримтын үнэн зөвийг  бүрэн хариуцах, шаардлагатай мэдээ тайлан, судалгааг  зохих хугацаанд нь нэгтгэн гаргах;
е/илрүүлсэн зөрчилд тавьсан торгуулийг хуулийн хугацаанд нь багтаан улсын төсөвт оруулуулах;
ж/мал, амьтан, ургамлын гоц халдварт өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтад илэрвэл хязгаарлалт тогтоох.
 
Дөрөвдүгээр бүлэг Бусад зүйл
15. Улсын байцаагчийн албан шаардлага, шийдвэрийг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.  
16. Шалгуулсан иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн дээд шатны улсын байцаагчид гаргана. Гомдлыг хүлээн авсан улсын байцаагч нь 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэх бөгөөд энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
17. Улсын байцаагч хууль тогтоомж, энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
18. Улсын байцаагч нь хууль тогтоомж, стандарт зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Хүнсний тухай, Эмийн тухай, Ургамал хамгааллын тухай, Таримал ургамлын үр, сортын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
             
---оОо---