A

A

A

Бүлэг: 1979
ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН НИСЛЭГ, ТЕХНИКИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
/Засгийн газрын 1999 оны 146 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
 НЭГ. Нийтлэг үндэслэл
 1.Нислэг,  техникийн  улсын хяналтын зорилго нь Олон улсын конвенц, гэрээний  дагуу Монгол Улсын агаарын зайд олон улсын болон  орон  нутгийн нислэг үйлдэж байгаа Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд бүртгэгдсэн хөлгүүдийн нислэг, техник, хөдөлгөөний  аюулгүй  байдлыг агаарын тээврийн байгууллагуудаар өмчийн   хэлбэр, байршлыг  харгалзахгүйгээр хангуулах, хэрэг зөрчлөөс  урьдчилан  сэргийлэх,  агаарын  тээврийн байгууллагуудын үйлчилгээний  чанар,  үр  ашиг, техникийн түвшин,"Агаарын зайд нислэг үйлдэх  тухай" хууль, түүнтэй холбогдож эрх бүхий байгууллагаас   гаргасан шийдвэрийн биелэлтийг шалгаж, хангуулахад оршино.
2.Нислэг,техникийн улсын хяналтыг иргэний агаарын тээврийн асуудал эрхэлсэн  төрийн  захиргааны  төв  байгууллага  буюу "Монгол  Улсын Засгийн газрын тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу   энэ  үүргийг  гүйцэтгэж байгаа  байгууллагын  нислэг, техникийн улсын хяналтын алба, улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
                 3.Нислэг,техникийн  улсын хяналтын албаны дарга нь нислэг, техникийн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Түүнийг иргэний  агаарын  тээврийн асуудал  эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд ерөнхий байцаагчийн эрхийг нь Засгийн газар олгоно.
 4.  Нислэг, техникийн хяналтын улсын ахлагч байцаагч, Улсын байцаагчийг Улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор иргэний агаарын  тээврийг удирдах төрийн захиргааны байгууллагын дарга томилж,  чөлөөлөх  ба  улсын байцаагчийн  эрхийг  нь  иргэний агаарын тээврийн асуудал эрхэлсэн сайд олгоно.
 5.  Ажил  төрлийн  онцлогоос  шалтгаалан  зарим яам, тусгай газар нислэг,  техникийн  улсын байцаагч ажиллуулж болно.Яам, тусгай   газарт ажиллах  нислэг,техникийн  хяналтын    улсын байцаагчийг  сайд, тусгай газрын дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд  тэдгээр  байцаагчийн  эрхийг иргэний агаарын тээврийн асуудал эрхэлсэн  сайд олгоно.
 6. Нислэг, техникийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч  /цаашид энэ дүрэмд "байцаагч" гэх/  нь  үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж,  Засгийн  газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болно.
 7.Байцаагч   нь  үндсэн  мэргэжлэээрээ  5-аас  доошгүй  жил ажилласан, тухайн асуудлаар мэргэшсэн байна.
 8.Байцаагчид   нь  Засгийн  газраас  загварыг  нь  баталсан үнэмлэх, хувийн  дугаар  бүхий  тэмдэг  болон  акт,шийтгэвэр, торгууль, дүгнэлт, албан шаардлагын хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 ХОЁР.  Нислэг, техникийн улсын хяналт явуулах чиглэл
 9.Нислэг,  техникийн  улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
        а)агаарын зайд нислэг үйлдэх болон иргэний агаарын тээврийн  талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрийг  хэрэгжүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллага,  иргэний агаарын тээврийг удирдах төрийн захиргааны байгууллагын  гаргасан  шийдвэр,  дүрэм, журмыг байгууллага, аж ахуйн нэгж,  албан  тушаалтан,  иргэдээс  хэрэгжүүлж байгаа байдал;
       б)  аж  ахуйн  бүх хэвшлийн авиакомпани,агаарын тээврийн аж  ахуйн нэгжүүд  иргэний  агаарын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах  зөвшөөрөл (лицензи), аэродромуудыг ашиглах гэрчилгээ, агаарын  хөлгийг улсын бүртгэлд авахуулж, нислэгт тэнцэх гэрчилгээ авсан эсэх, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт;
       в)олон  улсын  болон  хот хоорондын агаарын зайн нислэг, хөдөлгөөний аюулгүй байдал;
       г)  нийт  нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч, инженер техникчдийн мэргэжлийн түвшин, чадвар, сургалтын чанар байдал;
       д)  нислэг,  техникийн  хөдөлгөөний  талаар гарсан хэрэг зөрчлийн шалтгаан,  урьдчилсан  нөхцөл, гэмтэл, эвдрэл, осол, сүйрлийн  аль  нь болох, гарсан хохирлын хэмжээ, цаашид гаргуулахгүй  байх  талаар  холбогдох  байгууллагаас авч байгаа арга хэмжээ,  үр дүн, агаарын хөлгийн ашиглалт, засвар үйлчилгээний технологийн мөрдөлт;
      е)  хот  хөдөөгийн  аэродром,  бүх төрлийн агаарын хөлөг, техник, машин  механизм, холбоо-навигацийн тоног төхөөрөмжийн ажлын чанар, тэдгээрийн ашиглалт;
      ж)нислэгт   хэрэглэгдэж   байгаа  төрөл  бүрийн   хүнсний бүтээгдэхүүний  чанар,  улсын экспертиз лабораториор шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж байгаа эсэх;
      з)  Монгол  Улсын нутаг дэвсгэрийн агаарын зайд хууль бусаар нэвтэрсэн агаарын хөлгийн асуудал.
 ГУРАВ. Нислэг, техникийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
 10. Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
       а)энэ  дүрмийн  9  дүгээр  зүйлд  заасан чиглэлийн дагуу хяналтыг хэрэгжүүлэх;
       б/хяналт  шалгалт  хийсэн  байгууллага, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, технологийн нууцыг чанд хамгаалах;
       в/хууль  тогтоомжийг  чанд  сахих,хөндлөнгийн нөлөөнд үл автах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
     г/хийсэн  шалгалт,  гаргасан дүгнэлт, бичсэн акт, танилцуулга,  албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
11. Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
       а)  албан үүргээ гүйцэтгэж явахдаа агаарын тээврийн байгууллага, агаарын хөлөг, аэродромын талбай, хилийн боомт зэрэг хяналт шалгалт хийх объектод саадгүй нэвтрэн орох;
       б)холбогдох  байгууллагатай  нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай  асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
       в)хяналт  шалгалтын  ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт,бусад баримт бичгийг холбогдох байгууллага,  аж  ахуйн  нэгж, албан  тушаалтнаас  гаргуулан  авах;
       г)бүтээгдэхүүний  дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын  эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээгээр үнэ  төлбөргүй авах, шинжлүүлэх;
       д)байгууллага,  аж ахуйн нэгж, иргэдийн хууль бусаар олсон  орлого, эд  хөрөнгийг акт үйлдэж  улсын орлогод оруулах, мөн  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох  хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;
      е)хяналт  шалгалтын  явцад  илэрсэн зөрчил дутагдлыг таслан  зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох  байгууллага,  аж  ахуйн  нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж,хугацаатай  үүрэг  даалгавар  өгч, биелэлтийг хангуулах;
      ж)  нислэг,  техникийн технологийн горим журам, ажлын чанарт  ноцтой зөрчил  илэрвэл  ажлыг  түр  зогсоож,  зөрчлийг арилгуулах;
      з)  олон  улсын  болон орон нутгийн агаарын шугамд нислэг үйлдэж байгаа  компани нь нислэг, хөдөлгөөн,техникийн аюулгүй байдал,   үйлчилгээг  бүрэн  хангаж  чадаагүй  тохиолдолд  түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох;
      и)  агаарын  тээврийн  байгууллагын үйл ажиллагаанд тогтмол  дагаж мөрдөх журам зөрчсөн, агаарын хөлгийг нислэгт зохих бэлтгэл, зөвшөөрөлгүйгээр  гаргасан  албан тушаалтны тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасах;
      к)  нийт  нисэх бүрэлдэхүүн, нислэгийн удирдагч, инженер, техникчдийн сургалтын чанарт хяналт тавих;
      л)ноцтой  осол  аюул  гарсан,  хүний  амь нас, эрүүл мэнд хохирсон, их  хэмжээний хохирол учирсан, гэмт хэргийн шинжтэй зөрчил  илэрсэн тохиолдолд   шалгалтын  акт,холбогдох  баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх.
12. Байцаагч нь хууль тогтоомж, дүрэм,журам зөрчсөн, илэрсэн  зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлага биелүүлээгүй гэм буруутай байгууллага, аж ахуйн нэгж, этгээдэд Монгол Улсын Захиргааны  хариуцлагын  тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Агаарын зайд нислэг үйлдэх тухай хуулиуд болон холбогдох бусад хууль  тогтоомжийн заалтыг үндэслэн дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
      а)  агаарын  хөлгөөр  тасалбаргүй  зорчих,түүнчлэн нислэгийн  хэвийн ажиллагааг хангах үүднээс агаарын хөлгийн даргын тавьж  буй  хууль  ёсны шаардлагыг  биелүүлэхгүй байх зэргээр агаарын  хөлгөөр зорчих журам болон олон улсын нислэгийн журам зөрчсөн  этгээдийг  эрүүгийн  хариуцлага хүлээлгэхээргүй  бол 50000 хүртэл төгрөгөөр торгох;
      б)  нислэг хийх талбай буюу аэродромын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй  нэвтэрсэн,  мал  оруулсан этгээдийг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
      в)  ашиглалтын  шаардлага хангаагүй, эсвэл улсын бүртгэлгүй  иргэний агаарын  хөлөг,  аэродромыг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашигласан,аэродромын орчмын нутаг дэвсгэрт барилга байгууламж  барихад тавигдах шаардлага зөрчсөн байгууллага, аж аж ахуйн нэгжийг 100000-150000,агаарын хөлгийг зохих бэлтгэл, зөвшөөрөлгүй  нислэгт гаргасан  албан  тушаалтныг 30000-60000 төгрөгөөр тус тус торгох;
      г)  аэродромын  орчмын нутаг дэвсгэрт аюулгүй байдлын дохио, тэмдэгтэй  төсөөтэй  зүйл  тавьсан,  аэродромын   болон нислэгийн  аюулгүй байдлын  тоног  төхөөрөмж, дохио, тэмдгийг гэмтээсэн,  агаарын  хөлгийг галын  аюулаас  сэргийлэх талаар тогтоосон   журам   зөрчсөн,аэродромын тусгайлан   хамгаалсан нутаг  дэвсгэрт мал, гэрийн тэжээвэр болон ан амьтан байрлуулсан,  хамгаалалтын  тор, хашаа гэмтээсэн байгууллага, аж ахуйн нэгжийг  50000-100000,  албан тушаалтныг 20000-30000, иргэнийг 10000-20000 төгрөгөөр тус тус торгох;
      д)  агаарын  тээврийн  байгууллагын үйл ажиллагаанд нийтлэг  дагаж мөрдөх дүрэм зөрчсөн этгээдийг 1000-15000 төгрөгөөр торгох;
      е)  нислэг, техникийн хяналтын улсын ерөнхий байцаагч нар хяналт шалгалтаас  зайлсхийсэн  албан  тушаалтныг 5000-10000, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар  хүлээлгэн   өгөхөөс санаатайгаар  зайлсхийсэн    албан тушаалтныг 15000 хүртэл төгрөгөөр торгох;
      ж)нислэг,  техникийн  хяналтын  улсын  байцаагчийн  албан шаардлагыг эсэргүүцсэн,  тогтоосон  хугацаанд  биелүүлээгүй, шаардлагын   биелэлтийг гаргаж  ирүүлээгүй  албан  тушаалтныг 5000-25000,  хянан  шалгах  үйл ажиллагаанд  саад  учруулсан, гаргах  дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 35000 хүртэл,хяналт  шалгалтын  холбогдолтой  баримт бичгийг гаргаж өгөхөөс  үндэсгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч бичиг   баримт  гаргаж  өгсөн  албан  тушаалтныг   30000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
  ДӨРӨВ. Бусад асуудал
 13 Нислэг, техникийн улсын хяналтын алба,байцаагчийн шийдвэрийг байгууллага,аж ахуйн нэгж,албан тушаалтан, иргэд хугацаанд нь  мэдэгдэх үүрэгтэй.
 14.  Шалгагдсан байгууллага байцаагчийн ногдуулсан торгуулийн  мөнгийг 15 хоногийн дотор улсын төсвийн орлогод оруулах үүрэгтэй.
15.  Шалгагдсан  байгууллага,аж  ахуйн  нэгж,иргэд,  албан тушаалтан хяналт  шалгалтын  явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн  гаргасан шийдвэр  үндэслэлгүй  гэж үзвэл гомдлоо шийдвэр  хүлээж  авсан  өдрөөс хойш 10 хоногийн дотор шалгасан байгууллагын эрх баригчид гаргана.
Байгууллагын эрх баригч уг гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
 16.  Байцаагч нь энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчвөл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
----оОо----