- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - УЛСЫН ЭРДСИЙН БАЯЛГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2002 оны 30 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон
УЛСЫН ЭРДСИЙН БАЯЛГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Улсын эрдсийн баялгийн зөвлөл /цаашид Зөвлөл гэж нэрлэнэ/ нь Монгол улсын нутаг дээр бүх төрлийн ашигт малтмалын орд газарт дотоод, гадаадын байгууллагаас хийсэн геологи хайгуулын аргачлал, хайгуул хийсэн ордын нөөцийн тооцоо, эрдэс түүхий эдийн жишгийн үндэслэлийг хянах ажлыг эрхлэх үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2.Зөвлөлийн үндсэн зорилт нь ашигт малтмалын нөөц тооцоолох түр ба байнгын жишгийн үзүүлэлтийг тогтоож, ашигт малтмалын хайгуул хийсэн ордын нөөцийн тооцоо бүхий тайланг шалгаж, нөөцийн үнэмшлийг хянаж, ордыг үйлдвэрлэлийн ашиглалтад шилжүүлэхэд бүрэн бэлтгэгдсэн эсэхийг тодорхойлоход оршино.
3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
4. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газар батална.
5. Зөвлөлийн хуралдааныг шаардлагатай үед хийж, асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэн тогтоол гаргана.
6. Геологи хайгуулын ажил явуулах болон олборлолтын ажилд мөрдүүлэх зорилгоор зөвлөлөөс эрх хэмжээнийхээ асуудлаар гаргасан тогтоолыг аж ахуйн нэгж, байгууллагууд дээр лицензийн дагуу хяналт тавихад баримтална.
7. Зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргаж, түүний биелэлтийг зохион байгуулна.
8. Зөвлөл тогтоосон журмаар хийлгэсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. (Засгийн газрын 1994 оны 103 дугаар тогтоолоор 3-8 дугаар заалтыг нэмсэн)
9.Зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй байна:
а/мэргэжлийн шинжээчдийг томилон ашигт малтмалын нөөцийн тооцоо бүхий геологийн тайлан, жишгийн үзүүлэлтүүдэд шүүлт хийлгэж нөөцийн үнэмшил баталгаатай эсэхийг тодорхойлно;
б/геологи хайгуулын ажлын эдийн засгийн үр ашиг, чанар, эрдэс түүхий эдийн чанарын үзүүлэлтийг тодорхойлсон задлан шинжилгээ, туршилтын ажил, тусгай зорилго бүхий бусад судалгаанд болон инженер-геологи, гидрогеологи, технологийн нөхцөлд үнэлэлт өгнө;
в/төрөл бүрийн ашигт малтмалын орд газарт хийгдсэн геологи хайгуулын ажлын аргачлал, тайлан, нөөцийн тооцооны үндэслэлийг хянаж ашигт малтмалын нөөцийн үнэмшил, иж бүрэн судалсан эсэхийг тодорхойлж, үйлдвэрлэлийн ашиглалтад бэлтгэгдсэн эсэхийг тогтоохын хамт хангалтгүй буюу дутуу хийгдсэн ажлыг гүйцэтгэх, шаардлагатай бол хайгуулын болон нэмэлт судалгаа хийлгүүлж шаардагдах материалыг гаргуулна;
г/төрөл бүрийн ашигт малтмалын нөөцийн тооцоо бүхий тайлан, жишгийн материалыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, геологи хайгуулын ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх зөвлөмж гаргана;
д/хайгуул хийгдсэн орд газрын нөөцийн тооцооны аргачлал, эрдэс түүхий эдийн жишгийн үндэслэл, ашигт малтмалын нөөцийн ангиллын талаар ашигт малтмалын төрөл тус бүрт тохируулан хэрэглэх заавар, журмыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан боловсруулах ажлыг зохион байгуулахын хамт тооцооны аргачлал, жишгийн үндэслэл болон нөөцийн ангиллыг батлан мөрдүүлж, геологийн судалгааны ажилд шинэ арга аргачлалыг нэвтрүүлнэ;
е/Монгол улсын ашигт малтмалын нөөцийн тэнцлийн хөдөлгөөнд хяналт тавина;
ж/гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавьж шаардлагатай үед геологи хайгуулын тухайн үе шатны ажлыг хийхэд аргачлалын туслалцаа үзүүлнэ.
10.Зөвлөл дор дурдсан эрх эдэлнэ:
а/ашигт малтмалын нөөцийг тооцох түр ба байнгын жишгийн үзүүлэлт, техник-эдийн засгийн үндэслэлийг хянаж, нөөцийг батлах, холбогдох зөвлөмж, дүгнэлт гаргах;
б/улсын төсвөөр болон захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлж хийлгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж гаргах;
в/нөөцийн тооцооны жишиг, ашигт малтмалын нөөцийн тооцоо бүхий тайлангийн материалд экспертиз хийхэд эрдэм шинжилгээний холбогдох байгууллага, их, дээд сургууль болон геологийн байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр тэдгээрийн мэргэжилтнийг оролцуулах;
г/эрдсийн баялгийн судалгааны үр дүнгийн тайлан, техник-эдийн засгийн үндэслэл, бусад материалыг шинжлэн дүгнэлт аргасан шинжээчдэд төлөх хөлс болон тайлан, үндэслэл, бусад материалыг Зөвлөлөөр хэлэлцүүлэхтэй холбогдож гарсан зардлыг тухайн материалыг хариуцан хэлэлцүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүсээс зохих төсвийн дагуу гаргуулах;
д/Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх материалд экспертиз хийх явцад шаардагдсан бусад материалыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулан авах;
е/ашигт малтмалын ордын нөөцийн тооцоо, жишгийн материалын бүрдэлт дутуу, нөөцийн агуулгыг бүрэн зөв тодорхойлоогүй, түүнчлэн мөрдөж байгаа заавар, журмыг зөрчсөн, чанар муутай боловсрогдсон материалыг засварлуулахаар хугацаа зааж буцаах;
ж/улсын ашигт малтмалын нөөцийн асуудал хариуцсан бусад орны байгууллагатай өөрийн эрх хэмжээнд зохих журмын дагуу ажил төрлийн холбоо тогтоох;
з/уул уурхай, металлургийн үйлдвэр, геологи, хайгуулын ажлыг эрхлэн явуулдаг болон уурхайн зураг төслийг боловсруулдаг тус улсын бүх аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүсээс Зөвлөлийн төлөвлөгөөнд хэлэлцүүлэхээр орсон тайлан, жишгийг хугацаанд нь ирүүлэхийг шаардах.
---оОо---
Текст томруулах
A
A
A