- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ДЭГ
Засгийн газрын 1997 оны 28 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ДЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ДЭГ
/ЗГ-ын 1999 оны 160-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
1.Монгол Улсын Засгийн газрын хуралдаан /цаашид "хуралдаан" гэнэ/-ыг хийхэд Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон энэхүү дэгийг баримтална.
2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ын 4-т заасны дагуу хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох Засгийн газрын гишүүний санал /виз/-аар нотлогдсон бөгөөд хувилж олшруулах болон архивын нэгж болгон хадгалах шаардлагын дагуу материал нь бэлтгэгдсэн асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүлээн авч хянан Хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, дараалал тогтооно.
3.Асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн буюу аймаг, нийслэлийн Засаг дарга боловсруулсан тухайн асуудлын төсөлд санал авахаар холбогдох байгууллагуудад өөрийн гарын үсэгтэй явуулна.
Төслийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хоногт багтаан санал өгөх бөгөөд түүнд Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурсан байна.
Санал авах буюу өгөх Засгийн газрын гишүүний эзгүйд түүний үүргийг албан ёсоор хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн гарын үсэг зурна
4.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудалд Ерөнхийлөгчөөс бичгээр ирүүлсэн саналыг хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу шийдвэрт тусган албажуулж, уг асуудлыг хэлэлцсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ тухай мэдээлнэ.
Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудлаар холбогдох олон нийтийн байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно
5.Холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг төсөлд тусгах боломжтой гэж үзвэл уг саналыг тусган боловсруулсны дараа хуралдаанд оруулах бөгөөд хэрэв саналыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл энэ тухай үндэслэлээ танилцуулгад тодорхой тусгасан байна
6.Тухайн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг яамдаас ирүүлсэн саналын үндсэн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нэгтгэн боловсруулж биелэлтэд нь хяналт тавина.
7.Засгийн газрын хуралдаанд эрхлэх хүрээнийхээ асуудлыг Засгийн газрын гишүүн өөрөө хариуцан оруулж байна.
8.Хуулийн төслийг уг хуулийг хэрэгжүүлэхтэй хорлбогдуулан Засгийн газраас батлах тогтоолын болон авах арга хэмжээний төслийн хамт, хууль, Засгийн газрын тогтоолоор яам, агентлагт журам, дүрэм гаргах эрх олгож байгаа бол тэдгээрийн төслийг Засгийн газрын шийдвэрийн төслийн хамт Засгийн газарт оруулж байна.
Яам, агентлагаас батлах журам, дүрмийн төсөлд Засгийн газрын гишүүн санал өгөхгүй байгаа боловч хууль, тогтоолын төсөлд санал өгөхдөө тэдгээрийг харьцуулж үзнэ.
9.Хуралдаанаар хэлэлцүүлэхээр Хэрэг эрхлэх газарт хянан боловсруулсан төсөлтэй уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүн танилцсан байна.
10.Төсвийн нэмэгдэл эх үүсвэр шаардагдах асуудалд уг эх үүсвэрийг хэрхэн гаргах талаар Сангийн сайдын саналыг авч байна.
11.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй буюу эх үүсвэргүй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхгүй.
12.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, материалыг Засгийн газрын гишүүдэд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө танилцуулахаар гардуулна.
Засгийн газрын гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалтай бүрэн танилцаж саналаа бэлтгэж ирнэ.
13.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг урьдчилан хүргүүлэх албан тушаалтны жагсаалтыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга баталж мөрдүүлнэ. Засгийн газрын гишүүний эзгүйд зөвхөн тухайн яамны эрхлэх хүрээний асуудалтай холбогдох материалыг төрийн нарийн бичгийн даргад өгнө.
14.Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг санаачлан оруулсан Засгийн газрын гишүүн буюу аймаг, нийслэлийн Засаг даргыг байлцуулан уг асуудлыг хэлэлцүүлнэ.
Засгийн газрын гишүүний эзгүйд асуудлыг хэлэлцэх шаардлага гарвал түүний үүргийг албан ёсоор хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн хариуцан хэлэлцүүлж, яамны Төрийн нарийн бичгийн даргыг нь хуралдаанд зөвлөх /санал гаргах/ эрхтэйгээр оролцуулна.
Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргыг хуралдаанд урьж оролцуулж болно.
15.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд уг асуудлыг эрхэлсэн сайдтай санал тохиролцсон нөхцөлд хуралдаанаар хэлэлцэхгүйгээр энэ тухай шийдвэр гаргана.
Ийм шийдвэр гаргасан тухай Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын гишүүдэд мэдээлнэ.
16.Хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэл, байрны нөхцөлийг хангах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар эрхлэн гүйцэтгэнэ.
17.Ээлжит хуралдааныг долоо хоног бүрийн лхагва гаригийн 9.00 цагаас эхлэн явуулна.
Ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор буюу Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал болговол хийж болно.
18.Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын онцлогийг харгалзан хуралдааныг Засгийн газрын гишүүдээс гадна агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох бусад хүмүүсийг зөвлөх эрхтэйгээр оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр хийж болно.
19.Ээлжит бус болон өргөтгөсөн хуралдааныг хийхдээ энэхүү дэгийг баримтална.
20.Хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ын 2-т зааснаар Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд хуралдаанд Засгийн газрын гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцоно.
21.Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д заасан болон шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
22.Xуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Харин Ерөнхий сайдын эзгүйд Монгол Улсын Засгийн газрын тухай хуултьд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн даргална.
23.Хуралдаанд дор дурдсан журмыг баримтална:
а/.тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг Засгийн газрын гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг хуралдаан даргалагч хуралдааны эхэнд лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийнхыг хэлэлцэнэ;
б/.төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нэмэн оруулж болно;
в/.хэлэлцэж буй асуудалд холбогдох зураг, биет зүйлс, түүний загвар, хэсгийг хуралдаан дээр үзүүлж болно;
г/.хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариултыг дуусгасны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр санал гаргах бөгөөд тэгэхдээ нэг асуудлын талаар гурваас илүүгүй удаа санал гаргана. Хэлэлцэж байгаа асуудлаар Xэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын доторхи газрын дарга нар тайлбар өгч, санал хэлж болно.
Нэг удаа санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр 5 минутаас хэтрэхгүй байна;
д/.асуулт, хариулт, санал нь зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой байна;
е/ Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрынтухай хууль, хуралдааны дэгийг чанд сахин, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандаж, асууж лавлах, санал гаргаж үг хэлэхдээ хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна.
Засгийн газрын гишүүн чөлөө авч хуралдаанаас гарсан нөхцөлд үлдэж хуралдах гишүүдийн тоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-ын 2-т заасан нөхцөлийг хангасан байвал зохино.Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд хуралдааныг завсарлана;
ж/ хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, тэдгээрээс юуг нь хүлээж авах, юуг нь хэрэгсэхгүй тухай хэлэлцүүлж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2,3-т заасны дагуу шийдвэрлүүлнэ;
Санал зөрүүтэй асуудлыг шийдвэрлүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл санал хураалт явуулна:
з/ засгийнгазрын шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засгийнгазрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан зарчмыг баримтална.
Хуралдаанд оролцож амжаагүй Засгийн газрын гишүүдэд хуралдааны материал, гаргасан шийдвэрийг Хэрэг эрхлэх газар нөхөн танилцуулж байна;
и/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулахыг Ерөнхий сайд шийдвэрлэнэ. Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлийг нууц хариуцсан ажилтан хөтөлж, холбогдох байгууллагаас тусгайлан зөвшөөрөл авсан техникийн ажилтан соронзон бичлэг хийнэ;
к/шаардлагатай гэж үзвэл хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар холбогдох байгууллагын эрх баригчид, бусад хүмүүсийг зөвхөн тэр асуудлыг хэлэлцэхэд байлцуулна. Хэнийг хуралдаанд оролцуулахыг уг асуудлыг санаачлан оруулж байгаа Засгийн газрын гишүүн хэрэг эрхлэх газрын даргатай тохиролцсон байна.
Хэлэлцэж байгаа асуудлын талаар зохих байгууллага нэгэнт зөвшөөрч саналаа албан ёсоор өгсөн байвал холбогдох хүмүүсийг хуралдаанд оролцуулахгүй байж болно;
л/хуралдаанд Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан шадар туслах, Хэрэг эрхлэх газрын хэвлэл, мэдээллийн төлөөлөгч тогтмол оролцож, хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар хэвлэл,мэдээллээр сурталчлах асуудлыг хариуцна.
Шаардлагатай тохиолдолд хэвлэл, мэдээллийн бусад ажилтнуудыг хуралдаанд оролцуулах асуудлыг Хэрэг эрхлэх газрын даргатай зөвшилцөх үндсэн дээр шийдвэрлэнэ:
Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу нийтэд мэдээлж байна;
м/ хуралдааныг 2 цаг тутамд завсарлагатай хийх бөгөөд завсарлагын хугацааг хуралдаан даргалагч тухай бүр тогтооно.
24 Хуралдааны явцыг баримтжуулах ажлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар эрхлэн гүйцэтгэх бөгөөд хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичнэ.
Шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр хуралдааны явцын талаар дүрс бичлэг хийж болно.
25.хуралдааны явцын тэмдэглэл нь хураангуй ба дэлгэрэнгүй хоёр янз байх бөгөөд хураангуй тэмдэглэл /протокол/-д хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний болон хуралдаанд тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцсон холбогдох хүмүүсийн албан тушаал, нэр, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай болон холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг, даалгавар өгсөн буюу зөвшөөрөл олгосон тухай зааж тусгасан байна.
26.Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлд дор дурдсан зүйлийг заавал тусгана.
а/хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан хугацаа /он, сар, өдөр, цаг минут/,
б/ хэлэлцэж байгаа асуулдлын талаар гарсан саналыг нэгтгэн хуралдаан даргалагчаас дүгнэж хэлэлцүүлсний үндсэн дээр тухайн асуудлаар хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг олонхийн саналаар баталсан дүн, шийдвэрийн төслийг батлуулахад татгалзсан Засгийн газрын гишүүний нэр.
27.Хуралдааны явцын хураангуй тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана.
а/ тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалт,
б/Засгийн газрын гишүүдийн ирцийн байдал /тоо, хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан/ болон хуралдаанд оролцсон бусад хүмүүсийн албан тушаал, нэрийг бичсэн бүртгэл,
в/хуралдаанаас гаргасан шийдвэрийн нэг хувийг хуралдаанд анх оруулсан хууль, бусад шийдвэрийн төсөл, тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал, холбогдох бусад баримт бичиг, тооцоо, судалгааны хамт хэлэлцсэн дарааллаар нь дугаарлан хавсаргана.
28.Хуралдааны явцын хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гарын үсэг зурах бөгөөд эзгүйд нь түүний нэрийн өмнөөс тус газрын дэд дарга төлөөлөн гарын үсэг зурж болно.
29.Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг ёсчлон гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30-р зүйлийн 4, 5, 6-д заасныг баримтална. Монгол Улсын Ерөнхий сайдын эзгүйд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүний үүргийг хавсран гүйцэтгэж тухайн хуралдааныг даргалсан Засгийн газрын гишүүн сайд тогтоолын эх хувь дээр Ерөнхий сайдын нэрийн өмнөөс түүнийг төлөөлөн гарын үсэг зурж ёсчлон гаргана. Шийдвэрт гарын үсэг зуруулж ёсчлон гаргуулах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, түүний эзгүйд Хэрэг эрхлэх газрын дэд дарга хариуцан гүйцэтгэнэ.
30.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасны дагуу хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын дараачийн хуралдаанд танилцуулж байна.
31.Хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон Монгол Улсын хуулийн төслийг Хууль зүйн сайдын зөвшөөрлийг авсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын гарын үсэг бүхий албан бичигтэй өргөн мэдүүлнэ.
32.Хуралдааны явцын дэлгэрэнгүй ба хураангуй тэмдэглэл, ёсчлон гарын үсэг зурагдсан тогтоол, захирамжийн эх хувийг Хэрэг эрхлэх газрын танхимын үйл ажиллагааг дэмжих газрын дарга тухай бүр нууц хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө. Нууц хариуцсан ажилтан зохих журмын дагуу архивын нэгж болгон цэгцэлж хадгална.
33.Хуралдааны хураангуй тэмдэглэлийн шаардлагатай хэсгийг холбогдох яам, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тухайн асуудлыг хэлэлцсэн хуралдаан болсноос хойш ажлын 6 хоногт багтаан шуудангаар илгээнэ.
34.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
35.Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн хуулийн төсөл нь үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг Хууль зүйн сайл хянаж зөвшөөрөл олгоно.
Хуулийн төслийг өргөн мэдүүлэх хуудсанд Хууль зүйн сайд гарын үсгээ зурснаар зөвшөөрөл олгосонд тооцно.
36.Хууль зүйн сайдын эзгүйд түүний үүргийг албан ёсоор хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүнд Ерөнхий сайд тусгайлан хариуцуулсны дагуу зөвшөөрөл олгож болно.
37.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлан боловсруулж Засгийн газраас санал авахаар ирүүлсэн хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн санал өгнө.
-----оОо------
Текст томруулах
A
A
A