A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 160 дугаар  тогтоолын хавсралт
 
 
/2000 оны 178 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/    

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНЫ ДЭГ
 
.Засгийн газрын шийдвэрээр хэрэгжих аливаа арга хэмжээ нь Үндсэн хууль, Монголын Улсын үндэсний ашиг сонирхол, улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолд  хохирол учруулахгүй байхад байнга чиглэгдэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ талаар авах нэмэлт арга хэмжээг Ерөнхий сайд хариуцан хэрэгжүүлнэ.
 
Нэг. Ерөнхий зүйл
1.Монгол Улсын Засгийн газрын хуралдаан /цаашид "хуралдаан" гэнэ/-ыг хийхэд Монгол Улсын Засгийн газрын тухай хууль болон энэхүү дэгийг баримтална.
2.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  6-д заасны дагуу хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох Засгийн газрын гишүүний санал /виз/-аар нотлогдсон бөгөөд хувилж олшруулах болон архивын нэгж болгон хадгалах шаардлагын дагуу материал нь бэлтгэгдсэн асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүлээн авч хянан Хэрэг эрхлэх газрын дарга Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, түүний зөвшөөрснөөр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, дараалал тогтооно.
3.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн буюу аймаг, нийслэлийн Засаг дарга боловсруулсан тухайн асуудлын төсөлд санал авахаар холбогдох байгууллагуудад өөрийн гарын үсэгтэй албан бичиг явуулна.
Төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан санал өгөх бөгөөд түүнд зөвхөн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурсан байна. Энэ хугацаанд  санал ирүүлээгүй бол зарчмын өөр саналгүйд тооцно.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь тухайн яамны салбар, бодлогын хүрээнд онцын хамааралгүй бол Сангийн болон Хууль зүйн яамнаас бусад яамдаас санал авахгүй байж болно.
Асуудлыг санаачилсан Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нар шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайдаас санал авна.
Засгийн газрын гишүүн орон нутагт ажилласан чиглэлийн дагуу авах арга хэмжээний талаар Засгийн газрын шийдвэр гаргах бол холбогдох яамдаас санал авсан байна.
4. Тогтоосон хугацаанд зохих журмын дагуу саналаа ирүүлээгүй бол энэ тухай Хэрэг эрхлэх газрын дарга хуралдаанд мэдээлнэ.
5.Холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналын боломжтой гэж үзсэнийг нь төсөлд тусган боловсруулж ирүүлэх бөгөөд хэрэв саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн, эсвэл зарим  яамдаас санал аваагүй бол энэ тухай үндэслэлээ танилцуулгад тодорхой тусгасан байна.
Санал авах буюу өгөхөд Засгийн газрын гишүүний эзгүйд түүний үүргийг албан ёсоор хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн гарын үсэг зурна.
6.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудалд Ерөнхийлөгчөөс, бичгээр ирүүлсэн саналыг хуралдаан даргалагчаас танилцуулж, шийдвэрт хэрхэн тусгагдсан талаар  уг асуудлыг хэлэлцсэнээс хойш ажлын 7 өдөрт  багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар холбогдох газарт  эргэж мэдээлнэ.
Хуралдаанаар хэлэлцүүлэхээр боловсруулсан асуудлаар холбогдох төрийн бус байгууллагын санал авах буюу хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулж болно
7.Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн, зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэх өдрөөс ажлын 7-оос доошгүй  өдрийн өмнө Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг яамны Төрийн нарийн бичгийн дарга  хариуцна.
Хууль, Гэрээ, конвенцийн төсөл 10 хуудаснаас дээш бол  материалыг яам өөрөө олшруулж,  техникийн нөхцөлийг хангасан тохиолдолд  сүлжээгээр буюу дискээр ирүүлнэ.
8.Хэрэг эрхлэх газар нь яамнаас ирүүлсэн асуудлыг хянахдаа түүний тооцоо, судалгааны үндэслэл, тухайн асуудлаар урьд гарсан шийдвэр  болон уг шийдвэрийн төсөл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг  хянаж үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган Засгийн газрын холбогдох гишүүнд мэдэгдсэний үндсэн дээр материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан  Хэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга нар албан ёсоор буцааж болно.
9.Яамны Төрийн нарийн бичгийн дарга  тухайн сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг өмнөх сарын сүүлчийн долоо хоногт багтаан Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ. Яамнаас ирүүлсэн саналыг Танхимын үйл ажиллагааг дэмжих  газар нэгтгэн  биелэлтэд нь  хяналт тавина.
Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн оролцсон байдал, дэгийн хэрэгжилтийн судалгааг Танхимын үйл ажиллагааг дэмжих газар улирал тутам нэгтгэж Хэрэг эрхлэх газрын удирдлага болон танхимд  танилцуулна.
10.Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан боловсруулж өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн өөрчлөлтийг,  уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүн, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулж тохирсны дараа хуралдаанд оруулна.
11.Засгийн газрын хуралдаанд эрхлэх хүрээнийхээ асуудлыг Засгийн газрын гишүүн өөрөө хариуцан оруулж  байна.
12.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачлан боловсруулж, Засгийн газраас санал авахаар ирүүлсэн хууль, тогтоомжийн төсөлд өгөх Засгийн газрын саналыг тухайн асуудлыг эрхэлсэн  сайд, бусад байгууллагын саналыг авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Засгийн газраас санаачлах хуулийн төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эцэслэн хянаж хуралдаанд оруулна.
13.Хуулийн төслийг хэлэлцэхдээ уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гарах  шийдвэрийн төсөл, хэрэв хууль, Засгийн газрын тогтоолоор яам, агентлагт дүрэм, журам гаргах эрх олгож байгаа бол тэдгээрийн төслийг Засгийн газрын хуралдаанд хамт оруулж байна.
Яам, агентлагаас батлах дүрэм, журмын  төсөлд Засгийн газрын гишүүн санал өгөхгүй  боловч хууль, Засгийн газрын шийдвэрийн төсөлд санал өгөхдөө тэдгээрийг харьцуулж үзнэ.
14.Төсвийн нэмэгдэл эх үүсвэр шаардагдах асуудалд Сангийн сайдын саналыг заавал авсан байх бөгөөд  ямар эх үүсвэрээс гаргахыг төсөлд тодорхой тусгана.
15.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй буюу эх үүсвэргүй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхгүй байна.
 
 Хоёр. Хуралдаанд бэлтгэх
16.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, материалыг Засгийн газрын гишүүдэд уг асуудлыг хэлэлцэхээс ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө танилцуулахаар гардуулна.
Засгийн газрын гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалтай бүрэн танилцаж саналаа бэлтгэж ирнэ.
17.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг урьдчилан хүргүүлэх албан тушаалтны жагсаалтыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга баталж мөрдүүлнэ.
18.Хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газарт ирүүлсэн  асуудлын материалыг яамнаас хүлээж авахдаа дараахь бүрдүүлэлтийг шалгаж үзнэ. Үүнд:
а/хуулийн төсөл болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон  шийдвэрийн төсөлд Хууль зүйн сайдаас санал авсан эсэх;
б/төсөв хөрөнгийн холбогдолтой асуудалд Сангийн сайдын санал авсан эсэх;
в/бусад нийтлэг асуудалд Сангийн яам, Хууль зүйн яам болон холбогдох яамдын саналыг авсан байдал.
19.Хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудал /төсөл, танилцуулга/-ыг референт  харъяалах газрын даргын өгсөн чиглэлийн дагуу хянан  боловсруулж бэлэн болгоод долоо хоногийн 1-4 дэх өдрүүдэд Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон хуулийн зөвлөхөд   танилцуулж  хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах зөвшөөрөл авна.
20.Хуралдаанд танилцуулах мэдээлэл, сонсгол нь /Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төсөв, гэрээ, хэлэлцээрээс бусад/ 35 мөрөөр бичсэн 8 хуудаснаас, холбогдох танилцуулга 4 хуудаснаас илүүгүй байна.
21.Танхимын үйл ажиллагааг дэмжих  газар нь  дэд дарга, хуулийн зөвлөхийн урьдчилан хянасан хуралдаанд оруулах  материалыг хүлээн аваад хэлэлцэх асуудлын  төлөвлөгөө гарган Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулна. Төлөвлөгөө гаргахдаа олон хүн оролцох шаардлагатай буюу боловсон хүчин, улсын төсөв, Үндсэн чиглэл зэрэг асуудлыг эхний ээлжинд оруулж, Засгийн газрын нэг гишүүний эрхэлсэн асуудлыг хэлэлцэж дуусгаад дараагийн гишүүний эрхэлсэн асуудлыг хэлэлцүүлэх зарчмыг баримтална.
22.Хэрэг эрхлэх газрын дарга төлөвлөгөө болон материалыг  судалж Ерөнхий сайдад танилцуулж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дарааллыг  тохиролцон, баасан гаригийн 11 цагт багтаан олшруулж тараалгахаар Танхимын үйл ажиллагааг дэмжих газарт өгнө.
23.Танхимын үйл ажиллагааг дэмжих газар хуралдаанд оруулах асуудлуудын материалыг олшруулах ажлыг шуурхай зохион байгуулж долоо хоног бүрийн баасан гаригийн 15.00 цагт багтаан битүүмжилж, Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагад хуралдааны материалыг хүргэх бөгөөд сайдад өөрт нь эсвэл туслахад нь хүлээлгэн өгч цагаа бичүүлэн гарын үсэг зуруулна.
24.Нууц материалыг олшруулах ажлыг нууц хариуцсан ажилтан  гүйцэтгэнэ.
25.Засгийн газрын хуралдаанд тогтмол суух хүний нэр, албан тушаалыг Хэрэг эрхлэх газрын дарга холбогдох хууль тогтоомжийг үндэслэн тогтооно.
26.Хуралдаанаар асуудал  хэлэлцүүлэхэд Хэрэг эрхлэх газраас тухайн асуудлыг хариуцсан  референт оролцох бөгөөд уг асуудалд  яамнаас орох ажилтан нь  газар, хэлтсийн дарга буюу түүнээс дээш албан тушаалтай байна.
Хэлэлцэж байгаа асуудлын талаар зохих байгууллага нэгэнт зөвшөөрсөн санал  албан ёсоор өгсөн байвал холбогдох хүмүүсийг хуралдаанд оролцуулахгүй байж  болно.
27. Хуралдаанаар асуудал хэлэлцэхэд яамнаас оролцох  албан тушаалтныг  тухайн асуудлыг хариуцсан референт Танхимын үйл ажиллагааг дэмжих  газарт хуралдааны өмнөх өдөр мэдэгдэнэ.
Танхимын үйл ажиллагааг дэмжих газар хуралдаанд гаднаас орох хүмүүсийн нэрсийн жагсаалтыг  хоёр хувь үйлдэн төрийн ордны хамгаалалтын албаны ээлжийн ахлагчид өгч нэвтрэх хаалгануудад тавиулна.
28.Хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэл, байрны нөхцөлийг Танхимын үйл ажиллагааг дэмжих газар эрхлэн гүйцэтгэнэ.
 
                                                       Гурав.  Хуралдаан хийх
29.Ээлжит хуралдааныг долоо хоног бүрийн лхагва гаригийн 9.00 цагаас эхлэн явуулна.
Ээлжит бус хуралдааныг Ерөнхий сайдын товлосноор буюу Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь санал  болгосноор зарлан хуралдуулна.
30. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасны дагуу хуралдааныг нээлттэй буюу хаалттай явуулахыг Ерөнхий сайд шийдвэрлэнэ. Хаалттай хуралдаанд зөвхөн Засгийн газрын гишүүд, Хэрэг эрхлэх газрын дарга оролцож нууцын ажилтан тэмдэглэл хөтөлнө.
31.Шаардлагатай гэж үзвэл агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, холбогдох бусад хүмүүсийг зөвлөх эрхтэйгээр оролцуулан хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж  болно.
32.Ээлжит бус /энэ дэгийн 16 дугаар зүйл үл хамаарна/ болон өргөтгөсөн хуралдааныг хийхдээ энэхүү дэгийг баримтална.
33.Хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн        2 дахь хэсгийн 2-т  зааснаар Засгийн газрын гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцох бөгөөд хуралдаанд Засгийн газрын гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцоно.
 
34.Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн      1 дэх хэсэгт заасан болон жилийн төлөвлөгөөнд тусгагдсан буюу шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэж  шийдвэрлэнэ.
35.Xуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд даргална.  Ерөнхий сайдын эзгүйд хуралдааныг түүний үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн даргална.
36.Хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхдээ түүнийг санаачлан оруулсан Засгийн газрын гишүүн буюу аймаг, нийслэлийн Засаг даргыг байлцуулна.
Шаардлагатай гэж үзвэл холбогдох  аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргыг хуралдаанд урьж оролцуулж болно.
Засгийн газрын гишүүний эзгүйд асуудал хэлэлцэх шаардлага гарвал түүний үүргийг албан ёсоор хавсран гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн уг асуудлыг хариуцан хэлэлцүүлж, яамны Төрийн нарийн бичгийн даргыг нь хуралдаанд зөвлөх /санал гаргах,  тайлбар өгөх/ эрхтэйгээр оролцуулна.            
Танхимын үйл ажиллагааг дэмжих газар хуралдаанд оролцох хүмүүсийг, асуудлыг хэлэлцэхээс 15 минутын өмнө дуудан ирүүлж, нэрсийн жагсаалтын дагуу хяналт тавин хуралдааны танхимд оруулна.
37.Хуралдаанд дор дурдсан журмыг баримтална:
а/хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг Засгийн газрын гишүүд зөвшөөрч байгаа эсэхийг хуралдааны эхэнд лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тодотгож, төлөвлөгөөнд орсон дарааллын дагуу нэг асуудлыг хэлэлцэж дуусаад дараагийн асуудлыг хэлэлцэнэ;
б/төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар зайлшгүй нэн яаралтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай асуудал гарвал хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд нэмэн оруулж болно;
в/хэлэлцэх асуудлын танилцуулгыг тухайн асуудлыг оруулж байгаа Засгийн газрын гишүүн буюу түүний эзгүйд  үүрэг гйцэтгэгч гишүүн хийнэ;
г/хэлэлцэж  буй асуудалд холбогдох зураг, видео бичлэг,биет зүйлс, түүний загвар, хэсгийг хуралдаан дээр үзүүлж  болно;
д/хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариултыг дуусгасны дараа хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр санал гаргах бөгөөд тэгэхдээ нэг асуудлын талаар гурваас илүүгүй удаа санал гаргана. Нэг удаа санал гаргах, үг хэлэх хугацаа тухай бүр          5 минутаас хэтрэхгүй байна. Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж байгаа асуудлаар Xэрэг эрхлэх газрын дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын доторхи газрын дарга нар тайлбар өгч болно;
е/асуултыг зөвхөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд тавих бөгөөд асуулт, хариулт, санал нь  хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой, товч тодорхой байна;
ж/Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, хуралдааны дэгийг чанд сахин, хэлэлцэж  байгаа асуудалд анхааралтай хандаж, асууж лавлах, санал гаргаж үг хэлэхдээ хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авна;
з/хуралдааны үед гар утсаар ярих, хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр 5 минутаас дээш хугацаагаар түр гарахыг хориглоно;
и/хуралдаанд асуудал оруулж буй хүмүүс асуултанд хариулахдаа босч өөрийгөө танилцуулж, үг хэлэх бол хуралдаан даргалагчид хандаж зөвшөөрөл авна;
к/Засгийн газрын гишүүн чөлөө авч хуралдаанаас гарсан нөхцөлд үлдэж хуралдах гишүүдийн тоо Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн      2 дахь хэсгийн 2-т заасан нөхцөлийг хангасан байвал зохино.Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд хуралдааныг завсарлана;
л/хуралдаан даргалагчаас  хэлэлцэх асуудал дууссаныг мэдэгдэж хуралдааныг хаана;
м/Засгийн газрын нээлттэй хуралдааны  ажиллагааг сурвалжлах  хүмүүсийг хуралдааны танхимд оруулах зөвшөөрлийг Хэрэг эрхлэх газрын дарга олгоно.
38.Хамгаалалтын ажилтан хуралдааны танхимд орох  хүмүүсийн түр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг нэрсийн жагсаалттай тулган шалгаж оруулна. 
39.Хуралдааныг 2 цаг тутамд завсарлагатай хийх бөгөөд завсарлагын хугацааг хуралдаан даргалагч тухай бүр тогтооно.
                                          
                                                Дөрөв. Шийдвэр гаргах
40.Хуралдаан даргалагч хэлэлцэж байгаа асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, тэдгээрээс юуг нь хүлээж авах, юуг нь хэрэгсэхгүй тухай  хэлэлцүүлж шийдвэрийн төслийг уншиж  сонсгоно.   
Санал зөрүүтэй асуудлыг шийдвэрлүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл санал хураалтыг ил явуулна.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг   шийдвэр гарган батлах, шаардлагагүй гэж буцаах, хугацаа тогтоон  дахин боловсруулахаар хойшлуулах гэсэн гурван хэлбэрээр шийдвэрлэнэ.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, баталж гаргасан шийдвэрт хуралдаанаас хойш  зарчмын өөрчлөлт хийхийг хориглоно.
Хуралдааны шийдвэрийн томъёоллыг тухайн асуудлыг оруулж байгаа референт хийж, хууль зүйн техникийн хувьд хуулийн зөвлөхөөр хянуулна.
41.Засгийн газар  бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.
42.Засгийн газар нь  хуулиар болон Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон нөхцөлд хуульд нийцүүлэн түүнийг иш үндэс болгон  бүрэн эрхийнхээ хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргана. Энэ эрхийн акт нь тогтоол хэлбэртэй байна.
43.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар шийдвэрлэх асуудлыг Ерөнхий сайд уг асуудлыг эрхэлсэн сайдтай санал тохиролцсон нөхцөлд шийдвэр гаргана.
Ийм шийдвэр гаргасан тухай Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын гишүүдэд мэдээлнэ.
44.Хуралдаанд оролцож амжаагүй Засгийн газрын гишүүдэд хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хэрэг эрхлэх газар нөхөн танилцуулж байна
 
45.Хуулийн төсөл, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бусад асуудал, олон улсын гэрээ, нийтлэг хэм хэмжээ  тогтоосон болон хууль тогтоомжид тусгайлан заасан асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ.
46.Дэгийн 43 дугаар зүйлд зааснаас бусад асуудлаар Ерөнхий сайд олонхиос өөр саналтай боловч тухайн асуудлаар гарах шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд /гишүүн/-тай нэг саналтай бол уг асуудлаар шийдвэр гаргаж болно. Ийнхүү шийдвэр гарсан бол энэ тухай Ерөнхий сайд Улсын Их Хуралд мэдэгдэх үүрэгтэй бөгөөд санал зөрсөн бусад гишүүн Улсын Их Хуралд мэдэгдэх эрхтэй. Харин Ерөнхий сайд болон шийдвэрийн биелэлтийг хариуцсан гишүүний аль нэг нь олонхитой нэг саналтай, нөгөө нь өөр саналтай байвал уг асуудлыг дахин боловсруулж хэлэлцэнэ.
Тав.Хуралдааны явцыг баримтжуулах, тэдгээрийг ашиглах, хадгалах
47.Тухайн асуудлыг хариуцсан референт хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар гарах тогтоол, захирамжийг хуралдаан болсноос хойш хоёр өдөрт багтаан эцэслэн боловсруулна. Хуралдаанаас  зөвхөн зарчмын хувьд  дэмжиж засвар өөрчлөлт оруулах, дахин  хянан боловсруулах болсон шийдвэрийн төслийг ажлын 5 өдөрт багтаан эцэслэн боловсруулж гарын үсэг зуруулна.
48.Тухайн асуудлыг хариуцсан референт хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар гарах тогтоол, захирамжийн төслийг  Хэрэг эрхлэх газрын даргаар нотлуулахын  өмнө  хуулийн зөвлөхөөр хянуулж гарын үсэг зуруулсан байна.
49.Хуралдаанаар хэлэлцсэн шийдвэрийн төслийг тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан Засгийн газрын гишүүн хянан үзэж ёсчлон гаргах зөвшөөрөл  өгнө.
50.Засгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна.
Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолж гарын үсэг зурна.
Монгол Улсын Ерөнхий сайдын эзгүйд түүний үүргийг хавсран гүйцэтгэж тухайн хуралдааныг даргалсан Засгийн газрын гишүүн  тогтоолын эх хувь дээр Ерөнхий сайдын нэрийн өмнөөс түүнийг төлөөлөн гарын үсэг зурж ёсчлон гаргана. Шийдвэрт гарын үсэг зуруулж ёсчлон гаргуулах ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, түүний эзгүйд Хэрэг эрхлэх газрын дэд дарга хариуцан гүйцэтгэнэ.
51.Хуралдаанаар хэлэлцэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон асуудлыг  тухайн асуудал хариуцсан референт ажлын 7 өдөрт  багтаан бэлэн болгож Хэрэг эрхлэх газрын даргад танилцуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх албан бичигт Монгол Улсын Ерөнхий сайдын  гарын үсгийг зуруулна.
52.Танхимын үйл ажиллагааг дэмжих газар нь тогтоол, захирамжийг гарын үсэг зурагдсанаас хойш ажлын нэг өдөрт багтаан олшруулан бэлтгэж Төрийн ордон дахь байгууллага, албан тушаалтанд 2 цагийн дотор хүргүүлнэ.
 Яам, агентлаг, бусад байгууллага, аймаг, нийслэлд  явуулах шйидвэрийг 3 цагийн дотор дугтуйлж, Төрийн тусгай холбооны газрын Төрийн ордон дахь салбарт тус тус шилжүүлж байна.
53.Хуралдааны явц, хуралдаан дээр хүмүүсийн хэлсэн үг, гаргасан саналыг Танхимын үйл ажиллагааг дэмжих газрын холбогдох ажилтан соронзон хальсанд бичиж авна.
Шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын  Хэрэг эрхлэх газрын даргын зөвшөөрснөөр хуралдааны явцын талаар дүрс бичлэг хийж болно.
54.Засгийн газрын хаалттай хуралдааны тэмдэглэлийг нууц хариуцсан ажилтан хөтөлж, холбогдох байгууллагаас тусгайлан зөвшөөрөл авсан техникийн ажилтан соронзон бичлэг хийнэ.
55.Хуралдааны явцын тэмдэглэл нь хураангуй болон дэлгэрэнгүй гэж хоёр хэлбэртэй  байх бөгөөд хураангуй тэмдэглэл /протокол/-д хэлэлцсэн асуудлын нэр, түүнийг танилцуулсан хүний албан тушаал, нэр, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай болон холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг даалгавар өгсөн буюу зөвшөөрөл олгосон тухай зааж тусгасан байна.
56.Хуралдааны явцын хураангуй болон дэлгэрэнгүй  тэмдэглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  гарын үсэг зурж  албажуулна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын  эзгүйд түүний нэрийн өмнөөс тус газрын дэд дарга төлөөлөн гарын үсэг зурж болно.
57.Хуралдааны явцын хураангуй тэмдэглэлд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:
а/ тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын жагсаалт;
б/Засгийн газрын гишүүдийн ирцийн байдал /тоо, хувь, хурлаас хоцорсон болон хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан/ болон хуралдаанд оролцсон бусад хүмүүсийн албан тушаал, нэрийг бичсэн бүртгэл;
в/хуралдаанаас гаргасан шийдвэрийн нэг хувийг хуралдаанд анх оруулсан хууль, бусад шийдвэрийн төсөл, тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал, холбогдох бусад баримт бичиг, тооцоо , судалгааны хамт хэлэлцсэн дарааллаар нь дугаарлан хавсаргана.
58.Хуралдааны хураангуй тэмдэглэлийн төслийг Танхимын үйл ажиллагааг дэмжих газрын ажилтан 2 өдөрт багтаан бичиж, референтүүдээр хянуулж гарын үсэг зуруулна.
59.Хуралдааны хураангуй  тэмдэглэлийг Танхимын үйл ажиллагааг дэмжих газрын дарга эцэслэн хянаж Хэрэг эрхлэх газрын даргаар гарын үсэг зуруулан албажуулна.
60.Танхимын үйл ажиллагааг дэмжих газар хуралдааны хураангуй тэмдэглэлийн шаардлагатай хэсгийг холбогдох яам, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тухайн асуудлыг хэлэлцсэн хуралдаан болсноос хойш ажлын 7 өдөрт багтаан шуудангаар илгээнэ.
61.Хуралдааны явцын дэлгэрэнгүй тэмдэглэлд хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан хугацаа /он, сар, өдөр, цаг минут/-г заавал тусгана.
62.Хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг бичих ажлыг тухайн хуралдаанд соронзон бичлэг хийсэн Танхимын үйл ажиллагааг дэмжих газрын ажилтан ажлын 14 өдөрт багтаан дуусгаж, Хэрэг эрхлэх газрын дарга буюу дэд даргаар гарын үсэг зуруулна.
63.Засгийн газрын тогтоол, хуралдааны  тэмдэглэлээс шаардлагатай заалтуудыг хяналтанд авч  шийдвэрийн биелэлтэд мониторингийн хяналт тавих ажлыг Танхимын үйл ажиллагааг дэмжих газар хариуцан хийнэ.               
64.Хуралдааны явцын хураангуй болон дэлгэрэнгүй  тэмдэглэл, ёсчлон гарын үсэг зурагдсан тогтоол, захирамжийн эх хувийг Хэрэг эрхлэх газрын Танхимын үйл ажиллагааг дэмжих газрын дарга тухай бүр нууц хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө. Нууц хариуцсан ажилтан зохих журмын дагуу архивын нэгж болгон  хадгална.
65.Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу нийтэд мэдээлнэ.
66.Хуралдаанд Ерөнхий сайдын хэвлэл мэдээлэл хариуцсан албаны дарга эсвэл ажилтан  тогтмол оролцож, хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийн талаар хэвлэл, мэдээллээр сурталчлах ажлыг хариуцан зохион байгуулна.
Засгийн газрын хуралдаан болохоос өмнө хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно.
Шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Хэрэг эрхлэх газрын дарга хуралдааны дараа хэлэлцсэн  асуудал, гаргасан шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж  болно.
 67.Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу нийтэд мэдээлж байна
                    
 
 
 
                                                        ------оОо------