- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1995 оны 192 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
/Засгийн газрын 1999 оны 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын зорилт нь нийгэм, ахуй, байгаль орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, тандах, түүнээс шалтгаалсан өвчин, эмгэгийг судалж, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн захиргааны мэргэжлийн хяналтыг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад оршино.
2.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтыг Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
Шаардлагатай бол зарим яам, тусгай газар, байгууллага,аж ахуйн нэгжид эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч ажиллуулж болно.
З.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны дарга нь эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч байна.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны улсын ахлах байцаагч,улсын байцаагчийг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлнө.
5.Аймаг, нийслэл, яам, газарт ажиллах эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагчийг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга, сайд, газрын дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын ахлах байцаагчийн эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд олгоно.
Аймаг, нийслэл, яам, газар, байгууллага, аж ахуйн нэгжид ажиллах эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчийг тухайн орон нутаг, яам, газрын улсын ахлах байцаагчтай зөвшилцөж, зохих шатны Засаг дарга, сайд, газрын дарга нар томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
6.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтад хамрагдах объектын жагсаалтыг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч батална.
7.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчид нь эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын асуудлаар мэргэшсэн байна.
8.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагчид /цаашид байцаагч гэх /нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, албан шаардлага, акт, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын чиглэл
1О.Эрүүл ахуй,халдвар судлалын улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/эрүүл ахуй, халдвар судлалын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт;
б/манай улс нэгдэн орсон олон улсын эрх бүхий байгууллагаас баталж, нийтлэг мөрдөж байгаа болон манай улсын өөр улстай байгуулсан эрүүл ахуй, халдвар, нян, хор судлалын холбогдолтой конвенц, гэрээ, эрх зүйн бусад актуудын биелэлт;
в/хот, суурин, байгууллага, аж ахуйн нэгжийг байгуулах ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн болон технологийн зураг төсөл зохиох, газар сонгох, тэдгээрийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад мөрдөх эрүүл ахуйн норм, нормативын биелэлт;
г/үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмж, тэдгээрийн технологийн ажиллагаа, түүхий эд, бүтээгдэхүүн, ундны болон ахуйн хэрэглээний ус, хүнсний зүйл зэргээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа эсэх;
д/нийгэм, ахуй, байгаль орчны нөхцөлөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөг илрүүлэх, арилгах;
е/хоол, хүнсний зүйлийн чанар, түүний баталгаажилт, эрүүл ахуйн аюулгүй байдал,хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөл;
ж/халдварт, байгалийн голомтот, гоц аюулт халдварт өвчин гарч, тархаж байгаа нөхцөл шалтгааныг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эдгээр өвчинтэй тэмцэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэгдсэн хууль, тогтоомжийн хэрэгжилт;
з/ахуйн хортон шавьж, мэрэгчтэй тэмцэх болон ариутгал, халдваргүйтгэлийн ажлын чанар;
и/өргөн тархмал болон нутагшмал өвчин эмгэг, гэмтэл, хордлогын тархалт, шалтгаан, сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хэрэгжилт;
к/улсын хилийн эрүүл ахуй, халдвар судлалын аюулгүй байдал болон хилээр нэвтрүүлэх бараа материал, тээврийн хэрэгсэл, зорчигчдоос мөрдөх эрүүл ахуй, халдвар судлалын арга хэмжээний хэрэгжилт;
л/тамхи, архины хорт нөлөөллөөс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт.
11.Аймаг,нийслэл,сум, дүүрэг, яам, газарт ажиллаж байгаа эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Гурав.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
12.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а)холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хийж,эрүүл ахуйн магадалгаа шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлээс сэрэмжлүүлж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах, хяналтын үр дүнг мэдээлэх, сурталчлах;
б)урьдчилан сэргийлэх тарилгын үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, тарилгын хөтөлбөрийн хэрэгжилт, хүн амын дархлалын түвшингийн байдалд хяналт тавих;
в)хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болох, учруулсан нь нотлогдсон үйлдвэр, үйлчилгээний үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түр зогсоож,бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
г)хүн амын эрүүл мэнд, удамшилд гаж нөлөөлөх бүтээгдэхүүн, бодис, цусны бүтээгдэхүүн, донор эд эрхтэн, бэлдмэлүүдийг хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдаалахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах;
д)эрүүл ахуй, халдвар судлалын хэм хэмжээг сахиулахад чиглэсэн дүрэм, журам, гарын авлагыг мөрдүүлэх, нийтийн хүртээл болгох, биелэлтийг хянах, хяналтын ажлын үр дүнг олон түмэнд хүргэж, мэдээлэх;
е)хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг цацраг идэвхт болон химийн бодис, цахилгаан соронзон орны үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, тэдгээрийн хор, хүнсний нэмэлт, мал, газар тариалан, хортон шавьжтай тэмцэх бодис, пестицидийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлтийн байдалд хяналт тавих, тэдгээрийн нөлөөллөөр үүсэж болзошгүй өвчин, эмгэгийг судлах, тандах, сэргийлэх арга хэмжээ авах;
ж)ахуйн орчин, хоол хүнс, хөдөлмөр, сургалтын хүчин зүйлийн сөрөг нөлөөллийн улмаас хүний эрүүл мэндэд учруулж буй хор холбогдол, өвчин эмгэг, халдварт өвчний гаралт, тархалтын шалтгааныг судалж, тандах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэл бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
з)хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд акт, албан шаардлага бичиж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах.
13.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а)биобэлдмэл, хор, бордоо, нийлэг эдлэл, хувцас, тоглоом, хичээлийн хэрэглэл, хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхан, ахуйн зориулалттай бараа, ариутгалын бодис, үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар хэрэглэх химийн бодис, барилгын материал,сав, баглаа,боодолд эрүүл ахуйн магадалгаа шинжилгээ хийлгэж, эрүүл ахуйн гэрчилгээ олгуулах, гэрчилгээгүй бүтээгдэхүүнийг хэрэгцээнд гаргахыг хориглох;
б)Монгол улсын нутаг дэвсгэрт олон улсын хөл хориот болон бусад халдварт өвчин тархахаас сэргийлэх зорилгоор шаардлагатай үед аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох хүртэл арга хэмжээ авах асуудлыг холбогдох байгууллагад тавих;
в)халдварт өвчтэй хүн, халдварт өвчний нян тээгч, дамжих замыг бүрдүүлэгчид, тэдэнтэй хавьтагсад халдвар тараах аюултай бол тусгаарлах, хөл хорих, эмчлүүлэх, эмнэлгийн магадалгаа гаргуулах, ажил, хичээлээс чөлөөлүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийлгэх, энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан этгээдийг албадан шинжилж, эмчлүүлэх (шаардлагатай бол цагдаагийн байгууллагын туслалцаа авч гүйцэтгэх);
г)энэ дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар нутгийн захиргааны болон харьяалах төрийн захиргааны төв байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
д)хүний амь нас, эрүүл мэнд, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгэм ахуй, хөдөлмөр, сургалтын орчинд хортой нөлөө үзүүлэх хими,биологи,физикийн сөрөг хүчин зүйл, бодис бэлдмэл, техник, технологийг зохих шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр хэрэглэж нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хэрэглэхийг хориглох, устгах, хууль бусаар олсон ашгийг улсын орлогод оруулах, нөхөн төлбөр ногдуулах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
е)шаардлагатай асуудлаар холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр шинжээчийн хэсэг томилох, холбогдох лабораториудаар хяналт, шинжилгээ хийлгэн, магадалгаа, дүгнэлт гаргуулах;
ж)эрүүл ахуй, халдвар судлалын хяналт шалгалттай холбогдсон мэдээ, судалгаа, тайлбар,тодорхойлолт, баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулж авах;
з)бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо хэмжээний дагуу авч шинжлүүлэх.
14.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч нь гэм буруутай этгээдэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын, Хүнсний, Хөдөлмөрийн, Химийн хорт бодисоос хамгаалах, Агаарын, Тамхины хор хөнөөлтэй тэмцэх, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, Архидан согтуурахтай тэмцэх тухай зэрэг хуулийн заалтыг үндэслэн дараахь захиргааны шийтгэл, торгууль ногдуулна:
а)хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйл нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч, хүн амыг өвчлүүлж эрүүл мэндийг хохироосон нь тогтоогдсон бол гэм буруутай иргэнийг 1ОООО-2ОООО төгрөгөөр, албан тушаалтныг 15ООО-25ООО төгрөг, байгууллага, аж ахуйн нэгжийг ЗОООО-5ОООО төгрөгөөр тус тус торгох;
б)олон хүнийг хамарсан хордлого гаргасан бол иргэн, албан тушаалтныг ЗОООО, байгууллага, аж ахуйн нэгжийг 15ОООО төгрөгөөр торгох;
в)эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн импортолсон бол уг бүтээгдэхүүнийг худалдахыг хориглох, устгах, гэм буруутай иргэдийг 1ОООО-4ОООО төгрөг, албан тушаалтанг ЗОООО-З5ООО төгрөг, байгууллага, аж ахуйн нэгжийг 5ОООО-2ООООО төгрөгөөр торгох;
г)хүн амын дунд халдварт өвчин тараах нөхцөл бүрдүүлсэн иргэдийг 5ООО-15ООО төгрөг, албан тушаалтанг 15ООО-2ОООО төгрөг, байгууллага, аж ахуйн нэгжийг 5ОООО-7ОООО төгрөгөөр торгох;
д/эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч нь хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтанд 5ООО-1ОООО, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтанд 15ООО хүртэл төгрөгийн торгууль ногдуулах;
е/хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн этгээд, албан тушаалтныг 5ООО-5ОООО төгрөгөөр торгуулах саналаа шүүгчид тавьж шийдвэрлүүлэх.
Дөрөв.Бусад зүйл
15.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
16.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтан байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо 1О хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно.Уг гомдлыг хүлээн авснаас хойш ЗО хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
17.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо-----
Текст томруулах
A
A
A