A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
 
ЭРҮҮЛ АХУЙ, ХАЛДВАР СУДЛАЛЫН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
 /Засгийн газрын 2001 оны 38 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын зорилго нь нийгэм, ахуй, байгаль орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, бүх нийтийн ариун цэврийг сахиулах, түүний хэвийн нөхцөлийг зөрчсөнөөс шалтгаалсан өвчин эмгэгийг судалж, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн захиргааны мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжид нийцүүлэн тавих замаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад оршино.
2.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтыг Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба болон эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчид хэрэгжүүлнэ.
3.Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын албаны дарга нь эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч байна.
4.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын албанд  ажиллах улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайд  томилж, чөлөөлнө.
5. Орон нутагт болон Батлан хамгаалах яам, Улаанбаатар төмөр замд  ажиллах эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагчийг  улсын  ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр, улсын байцаагчийг  тухайн орон нутаг дахь  улсын ахлах байцаагчийн саналыг үндэслэн аймаг,  нийслэлийн Засаг дарга, яам, газрын сайд, дарга томилж, чөлөөлнө.
6. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтад хамрагдах объектын жагсаалтыг эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч батална.
7. Эрүүл ахуй, халдвар судлалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр мэргэшсэн, энэ мэргэжлээр зохих түвшингийн шалгалт өгч тэнцсэн хүмүүс байна.
8. Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба, эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагчид /цаашид байцаагч гэх/ нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, дугаар бүхий тэмдэг, албан шаардлага, акт, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
Хоёр.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын чиглэл
10.  Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/эрүүл ахуй, халдвар судлалын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
б/Монгол улсын олон улсын гэрээ, бусад улстай байгуулсан эрүүл ахуй, халдвар, нян, хор судлалын холбогдолтой конвенц, гэрээ эрх зүйн бусад актуудын биелэлт;
в/хот суурин, байгууллага, аж ахуйн нэгжийг байршуулах ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төсөл зохиох, газар сонгох, тэдгээрийг барьж байгуулах, ашиглалтад оруулахад мөрдөх эрүүл ахуйн хэм хэмжээ, дүрмийн биелэлт;
г/химийн бодис, ундны болон ахуйн хэрэглээний ус ашиглалтаас, түүнчлэн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжийн технологийн ажиллагаа, түүнд хэрэглэж байгаа түүхий эд, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээс эсвэл хог хаягдал дахь физик, хими, биологийн нөлөөллөөс агаар, ус, газрын хөрс бохирдсон зэрэг нь хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг холбогдох хяналтын байгууллагатай хамтран илрүүлэх, уг нөлөөллөөс сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авах;
д/үйлдвэрлэлийн,  сургалтын, ахуйн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүний чанар, түүний эрүүл ахуй, халдвар судлалын аюулгүй байдлын баталгаажилт;
е/ахуйн хортон шавьж, мэрэгчтэй тэмцэх болон ариутгал халдваргүйтгэлийн ажлын чанар.
 
Гурав. Байцаагчийн эрх, үүрэг
11. Байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
а/холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хийж, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах арга хэмжээ авах, хяналтын үр дүнг мэдээлэх, сурталчлах;
б/урьдчилан сэргийлэх тарилгын үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, тарилгын хөтөлбөрийн хэрэгжилт, хүн амын дархлалын түвшингийн байдалд хяналт тавих;
в/хүн амын эрүүл мэндэд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй, эсвэл учруулсан нь нотлогдсон үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зөрчлийг арилгах хүртэл  бүхэлд нь буюу хэсэгчилэн түр хугацаагаар зогсоох буюу бүрмөсөн хаах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэх;
г/хүн амын эрүүл мэнд, удамшилд сөрөг нөлөөлөх бараа бүтээгдэхүүн, бодис, цус, цусан бүтээгдэхүүн, донор эд эрхтэн, нян, тэдгээрийн өсгөвөр, хор, бэлдмэлүүдийг хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдаалахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргах;
д/эрүүл ахуй, халдвар судлалын хэм хэмжээг сахиулахад чиглэсэн дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, биелэлтийг хянах, хяналтын ажлын үр дүнг олон түмэнд хүргэж мэдээлэх;
е/хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх цацраг идэвхит болон химийн бодис, цахилгаан соронзон орны үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр болон  түүний хор, хүнсний нэмэлт, мөн түүнчлэн мал, газар тариалангийн болон ахуйн  хортон шавьжтай тэмцэх бодис, пестицидийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдалд хяналт тавих, тэдгээрийн нөлөөллөөр үүсч болзошгүй өвчин эмгэгийг судлах, танадах, сэргийлэх арга хэмжээ авах;
ж/ахуйн  орчин, хоол хүнс, хөдөлмөр, сургалтын орчны сөрөг хүчин зүйлийн нөлөөллийн улмаас хүний эрүүл мэндэд учруулж буй хор аюул, өвчин эмгэгийг болон халдварт өвчний гаралт, тархалтын шалтгааныг судалж, танадах, тэдгээрээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
з/хяналт, шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах, гаргуулахгүй байх талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд акт, албан шаардлага, дүгнэлт бичиж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хянах.
12.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:
а/биобэлдмэл, хор, бордоо, нийлэг эдлэл, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхны болон ахуйн хэрэглээний бараа, ариутгалын болон үйлдвэрлэлийн зориулалттай бодис, барилгын материал, сав баглаа боодолд эрүүл ахуй, халдвар судлалын магадалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах, эрүүл ахуйн гэрчилгээ олгуулах, эрүүл ахуйн гэрчилгээгүй бол импортын бүтээгдэхүүнийг улсын хилээр  нэвтрүүлэх, хэрэгцээнд нийлүүлэхийг хориглох;
б/Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөл хориот болон гоц аюулт халдварт өвчин нэвтэрч, тархахаас сэргийлэх зорилгоор шаардлагатай үед хилийн боомт болон аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулах хүртэл арга хэмжээ авах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
в/халдварт өвчтэй хүн, халдварт өвчний нян тээгч, халдварт өвчний үүсгэгчийн дамжих замыг бүрдүүлсэн хүмүүс,  тэдэнтэй хавьтагсад нь халдвар тараах аюултай бол тэдгээрийг  тусгаарлах, хөл хорих, эмчлүүлэх, эмнэлгийн магадалгаа гаргуулах, ажил, хичээлээс чөлөөлүүлэх, хөдөлмөр зохицуулалт хийлгэх, энэ шаардлагыг биелүүлэхээс татгалзсан этгээдэд албадан шинжилгээ хийлгэж, эмчлүүлэх;
г/хүний амь нас, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хими, биологи, физикийн сөрөг хүчин зүйл, бодис, бэлдмэл, техник, технологийг зохих шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр хэрэглэж, нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг хэрэглэхийг хориглох, устгах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
д/ гэм буруутай этгээдэд   Ариун цэврийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
Дөрөв.Бусад зүйл
13.Эрүүл ахуй, халдвар судлалын улсын хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
14.Шалгуулсан иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан нь байцаагчийн үйл ажиллагааны талаар гомдол саналаа зохих дээд шатны байцаагчдад тавьж шийдвэрлүүлнэ. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
15.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
                                                                  ------оОо-----