A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 38 дугаар дугаар тогтоолын хавсралт
 
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Эрүүл мэндийн улсын хяналтын зорилт нь "Эрүүл мэндийн тухай хууль", "Ариун цэврийн тухай хууль", "Эмийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтэд  мэргэжлийн хяналт тавьж, байгаль, ахуйн орчноос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж  буй хүчин зүйлсийг илрүүлэх, түүний үр дагавраас шалтгаалан үүсэх өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулах, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн тусламж  үзүүлэх  бололцоог бүрдүүлэх замаар хүн амын  эрүүл мэндийг хамгаалахад оршино.
2. Эрүүл мэндийн улсын хяналтыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба, аймаг, нийслэл, дүүрэг, тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын хяналтын албад, улсын байцаагч нь эрүүл ахуй, халдвар судлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон эм, биобэлдмэлийн чиглэлээр хэрэгжүүлнэ.
3. Эрүүл мэндийн улсын хяналтын байцаагч нь эрүүл ахуй, халдвар судлал, эм, биобэлдмэл, эмчилгээ,  оношилгооны  чиглэлээр мэргэшсэн байна.
4. Эрүүл мэндийн улсын хяналтын албаны дарга нь эрүүл мэндийн улсын хяналтын ерөнхий байцаагч байна. Эрүүл мэндийн улсын хяналтын ерөнхий байцаагчийг эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.
5. Эрүүл мэндийн улсын хяналтын албанд ажиллах улсын ахлах байцаагч, улсын  байцаагчийг эрүүл мэндийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн санал болгосноор  эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн томилж,  чөлөөлнө.
6. Аймаг, нийслэл, дүүрэг,  тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын хяналтын албанд ажиллах ахлах байцаагчийг эрүүл мэндийн улсын хяналтын  ерөнхий байцаагчтай зөвшилцөж, улсын байцаагчийг тухайн байгууллагын ахлах байцаагчийн саналыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга, тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын дарга томилж,  чөлөөлнө. 
7.Эрүүл мэндийн улсын хяналтад хамрагдах объектын жагсаалтыг эрүүл мэндийн улсын хяналтын ерөнхий байцаагч батална.
8.Эрүүл мэндийн улсын хяналтын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "байцаагч" гэнэ/ нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг байцаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх,  тэмдэг, албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
9. Эрүүл мэндийн улсын хяналтын алба нь аймаг, нийслэл, дүүрэг, тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагын хяналтын албадын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажилд нь  үнэлэлт дүгнэлт өгнө.
10. Байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын  холбогдох хууль тогтоомж,  эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
 
Хоёр. Байцаагчийн  хяналт шалгалт явуулах чиглэл
11. Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын байцаагч нь  Эрүүл мэндийн тухай, Ариун цэврийн тухай, Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай, Дархлаажуулалтын тухай,  Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай, Усны тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Хүнсний тухай, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль болон хүний  эрүүл,  аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулахтай холбогдсон бусад хууль  тогтоомжийн хэрэгжилтийг дараахь чиглэлийн дагуу хянан шалгана:
а/хот, суурин, барилга, байгууламжийн газрыг сонгох,  зураг төсөл зохиох, түүнийг ашиглалтад оруулахад  эрүүл ахуй, халдвар судлалын дүгнэлт гарган хяналт тавих;
б/хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоолт, усны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалд дүгнэлт гаргах;
в/химийн хорт бодисын үйлдвэрлэл, импорт, экспорт, хадгалалт, худалдаа, тээвэрлэлт, ашиглалт, устгалд хяналт тавих;
г/ус, хөрс, агаарт  байгаа химийн бодисын зөвшөөрөгдөх хэмжээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд хяналт тавих;
д/цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон үүсгүүрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд  дүгнэлт  гаргах;
е/үйлдвэрлэл, сургалт, ахуйн хэрэглээ, гоо сайхны бараа, бүтээгдэхүүний чанар,  хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд дүгнэлт гаргах;
ж/хүнсний   үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын эрүүл  ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих; 
з/хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдаатай холбоотой  хордлого, халдвар гарахаас урьдчилан сэргийлэх,  эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд  хяналт  тавих;
и/согтууруулах ундааны чанар, эрүүл ахуйн  үзүүлэлтэд дүгнэлт гаргах;
к/хүүхдийн сургалт, амралтын байгууллагын эрүүл ахуйн байдалд дүгнэлт гаргах;
л/хүн амыг дархлаажуулах бэлдмэлийн аюулгүй байдал, чанар, хадгалалт, тээвэрлэлтэд  дүгнэлт гаргах;
м/эрүүл мэндийн  байгууллагын халдвар хамгааллын дэглэм, тусгай, халдвартай, хортой хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалд  дүгнэлт гаргах;
н/хилийн эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг хэрэгжүүлэх,  олон улсын хөл хориот өвчнөөс урьдчилан сэргийлэх, танадалт хийх;
о/халдварт, халдварт бус өвчний талаархи дүрэм, зааврын хэрэгжилтэд хяналт тавих.
12. Эм, биобэлдмэлийн хяналтын байцаагч нь  Эрүүл мэндийн тухай, Эмийн тухай хууль  болон хүний эм, биобэлдмэлийн үйлдвэрлэл, хангалт,  борлуулалт, хэрэглээтэй холбогдсон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг  дараахь чиглэлээр хянан шалгана:
а/эм хангамжийн байгууллага дахь эмийн хадгалалт, тээвэрлэлтийн технологийн шаардлага, нөхцөлд хяналт тавих;
б/байгууллага, иргэдийн импортлож, экспортлож байгаа болон хүмүүнлэгийн тусламж, хандиваар авах эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанарт дүгнэлт гаргах, хяналт тавих;
в/эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл эрхлэх талаархи заавар, журмын хэрэгжилтэд  хяналт тавих;
г/эмийн сангийн үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хяналт шалгалт хийх;
д/эмийн сурталчилгааны талаар хуулиар  хориглосон заалтын хэрэгжилтэд  хяналт тавих;
е/эм, биобэлдмэлийн чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэлийн стандарт,  технологийн мөрдөлтөд хяналт тавих.
13. Эмчилгээний чанарын хяналтын байцаагч нь  Эрүүл мэндийн тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Донорын тухай хууль болон эмчлэх үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон бусад хууль тогтоомжийн  хэрэгжилтийг дараахь чиглэлээр хянан шалгана:
а/эмчлэх, оношлох, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний стандарт, технологийн хэрэгжилтэд хяналт тавих;
б/эмнэлгийн  мэргэжилтний   эмчлэх, сувилах үйл ажиллагаанд мөрдөгдөх журмын биелэлтэд хяналт тавих;
в/эмч,  эмнэлгийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээнд хяналт тавих;
г/эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн алдаа,  түүнээс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсонтой холбоотой гарсан гомдолд дүгнэлт гаргах;
д/сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон сэтгэцийн  өвчтэй хүнийг албадан эмчлэх, аюулгүй байдлыг хангах талаархи эмнэлгийн мэргэжилтний үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
е/донорын эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар авах, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд   хяналт тавих;
ж/эмнэлгийн  чанарын алба, чанарын менежерийн талаархи тушаал шийдвэрийн мөрдөлтөд   хяналт тавих.
 
Гурав. Байцаагчийн эрх
14. Байцаагч нь дор дурдсан нийтлэг  эрхтэй байна:
а/эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт  тавьж, шаардлагатай бол албадан  хэрэгжүүлэх;
б/хяналт шалгалтын ажилд шаардлагатай үед холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр мэргэжилтнийг татан оролцуулах, магадлан шинжээчийн хэсэг томилох, магадлах шинжилгээг мэргэжлийн  байгууллагаар гүйцэтгүүлэх; 
в/шинжилгээний зориулалтаар хүрэлцэхүйц хэмжээний дээжийг үнэ төлбөргүй авах;          
г/хяналт, шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас гаргуулан авах;
д/хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авахуулах, зөвлөмж,  хугацаатай  үүрэг, албан шаардлага өгөх;
е/шалгалтаар илэрсэн зөрчил нь нийтэд хор аюултай, нөхөн төлбөр  шаардах, хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулсан гэж үзвэл шалгалтын акт, материалыг хуулийн байгууллагад шилжүүлэх;
ж/шалгалтын үед илэрсэн эд мөрийн баримтыг устгах боломжийг  хаах, зөвшөөрөлгүй болон хориглосон үйл ажиллагаа явуулахаас сэргийлэх зорилгоор нэгж, объект, агуулах, өрөө тасалгаа, шүүгээ савыг хууль хяналтын байгууллагын төлөөлөгч буюу гэрчийг байлцуулан битүүмжлэх,  түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох; 
з/хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа болон учруулж болзошгүй нь зохих ёсоор нотлогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, эмнэлэг үйлчилгээний болон эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, энэ тухай иргэдэд зарлан мэдээлэх, энэхүү шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд  өөрөөр заагаагүй бол үйлчилгээг бүрмөсөн  зогсоох; 
и/Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөл хориот болон байгалийн голомтот халдварт  өвчин нэвтэрч, тархахаас сэргийлэх зорилгоор шаардлагатай үед  орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагатай хамтарч хилийн боомт болон аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн зорчих хөдөлгөөнийг  түр хугацаагаар хориглох,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  саатуулах хүртэл арга хэмжээ авах;  
к/эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, нийлэг эдлэл, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхны болон үйлдвэрлэлийн зориулалттай  бодис,  материалаас шинжилгээний  дээж авч дүгнэлт гаргах, улсын хилээр нэвтрүүлэх, хэрэгцээнд нийлүүлэх зөвшөөрөл олгох; 
л/эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тодорхойлолт гаргах;
м/хүний амь нас, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хими, биологи, физикийн сөрөг хүчин зүйл, бодис, бэлдмэл, техник, технологийг зохих  шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр хэрэглэж,  нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эд зүйлийг  хэрэглэхийг хориглох,  устгах;  
н/хяналт, шалгалтаар гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд  Захиргааны хариуцлагын тухай, Эрүүл мэндийн тухай, Ариун цэврийн тухай, Эмийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх; 
о/шалгалтын дүнг радио, телевиз, сонин хэвлэлээр сурталчлах, дутагдал доголдлыг дахин гаргуулахгүй байх талаар сэрэмжлүүлэг хийх.
 
Дөрөв. Байцаагчийн үүрэг
15. Байцаагч нь дор дурдсан  нийтлэг үүрэг хүлээнэ:
а/төрийн захиргааны  албан хаагчийн нийтлэг үүргийг сахин биелүүлж, зарчимч, шударга ажиллах, өргөсөн тангарагтаа үнэнч байх; 
б/хяналт, шалгалтыг хуулинд заасан технологиор явуулах;
в/хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг  газар дээр нь таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар үүрэг даалгавар өгч, биелэлтийг  хангуулах;
г/захиргааны журмаар хураасан эд зүйл, эм, эмнэлгийн хэрэгслийг улсын орлого болгох, устгах, түүний  биелэлтэд хяналт тавих;
д/хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хүлээлгэсэн захиргааны арга хэмжээг аймаг, нийслэлийн хяналтын прокуророор  хянуулах;
е/хяналтын үйл ажиллагааны тайланг холбогдох байгууллагад тогтоосон  хугацаанд гарган өгөх;
ж/хяналт шалгалтаар тогтоосон нөхөн төлбөр, тавьсан торгууль, шийтгэврийн биелэлтийг хангуулах; 
з/халдварт өвчин тарах аюул тохиолдсон үед халдварт өвчтэй хүн, халдварт өвчний нян тээгч, хавьтагсдыг тусгаарлах, эмчлүүлэх,  хөл хорио тогтоох;
 и/иргэдийн өргөдөл, гомдлыг цаг тухайд нь  барагдуулах.
 
Тав. Бусад зүйл
16. Эрүүл мэндийн улсын хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
17. Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж  зөрчигдсөн, гаргасан  шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн  байгууллагын эрх баригчид  буюу дээд шатны байцаагчид гаргана. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан түүнийг хүлээн авснаас  хойш 30 хоногийн  дотор хянаж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо  зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно. Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг  арилгахгүй байх үндэслэл болохгүй.
18. Үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу байцаагчид хариуцлага  хүлээлгэнэ.
 
 
 
 
----оОо-----