- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1995 оны 190 дүгээр тогтоолын хавсралт
/Энэ тогтоолыг 2003 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЭРЧИМ ХҮЧ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Эрчим хүч, геологи, уул уурхайн улсын хяналт (энэ дүрэмд улсын хяналт гэх)-ын зорилт нь тус улсын нутаг дэвсгэр дээр эрчим хүч үйлдвэрлэх,хэрэглэх, геологийн судалгаа хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд болон эрчим хүч, геологи, уул уурхайн тоног төхөөрөмж, зуух, даралтат сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хий,үйлдвэрийн зориулалттай тэсрэх материал, тэсэлгээний ажлын техник ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр төрийн захиргааны хяналт явуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын мөрдөлтийг хангуулахад оршино.
2.Улсын хяналтыг эрчим хүч, геологи, уул уурхайн улсын хяналтын алба (цаашид "хяналтын алба" гэх), аймаг, нийслэлийн эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
З.Хяналтын албаны дарга нь эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий байцаагч байна. Эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий байцаагчийг эрчим хүч, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд томилж, чөлөөлөх бөгөөд эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газраас олгоно.
4.Эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын албаны улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор эрчим хүч, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд томилж,чөлөөлнө.
Аймаг, нийслэлд ажиллах эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийг аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд байцаагчийн эрхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд олгоно.
5.Ажил төрлийн онцлог байдлаас шалтгаалан зарим яам, тусгай газар, байгууллагад эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч ажиллуулж болно.Яам, газар, байгууллагад ажиллах эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийг сайд, дарга нар нь томилж, чөлөөлөх бөгөөд тэдгээр байцаагчийн эрхийг нь Эрчим хүч, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд олгоно.
6.Эрчим хүч, геологи, уул уурхайн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдож хүний амь нас хохироосон, хүний бие махбодид гэмтэл учруулсан, хүнд болон бүлэг осол, түүнчлэн техникийн ноцтой аваарь гарсан тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн захиргаа нь энэ тухай хяналтын албанд яаралтай мэдэгдэх үүрэгтэй.
7.Эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид нь эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын асуудлаар мэргэшсэн байна.
8.Хяналтын алба, эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
9.Эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын ерөнхий болон ахлах байцаагч, улсын байцаагчид (энэ дүрэмд байцаагч гэх) нь Засгийн газраас загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон албан шаардлага, дүгнэлт, акт, торгууль, шийдвэрийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр.Эрчим хүч, геологи, уул уурхайн улсын хяналтын чиглэл
10.Улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/дараахь хууль тогтоомж, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг хангуулна: -эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт мөрдөж буй техник ашиглалт, аюулгүй ажиллагааны болон бусад дүрэм, журам;
-ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг бүртгэх, нөөцийн балансад өөрчлөлт оруулах, геологи, маркшейдерийн ажил гүйцэтгэх заавар, журам;
-ашигт малтмалын орд бүхий талбайд барилга, байгууламж барих, ашигт малтмал олборлодог үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах, нөөцөд үлдээх журам;
-үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэхэд тавих шаардлага, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны дүрэм, журам;
-0,07 Мпа-аас дээш даралттай уурын зуух, даралтат сав, 115С-ээс дээш хэмтэй усан халаалтын зуух болон уур, усны шугам, дулааны цахилгаан станц болон нэгж агрегат нь 125 кВт-аас дээш хүчин чадалтай дизелийн цахилгаан станц, 0.4 кВ-оос дээш хүчдэлтэй цахилгаан шугам сүлжээг аюулгүй ашиглах дүрэм, журам;
-шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам;
-цахилгаан, дулааны эрчим хүчний хангагч, хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагууд эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх талаар тогтоосон дүрэм, журам;
б/геологийн судалгааны улсын сангийн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын байдал;
в/газрын хэвлийг ашиглах явцад болон ашигласны дараа гарч болзошгүй аюул, хортой нөлөөнөөс хүрээлэн байгаа орчныг хамгаалах арга хэмжээний биелэлт;
г/ашигт малтмалын хаягдал, бохирдолтыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, ордын баялаг хэсгийг сорчлон олборлуулахгүй байх шаардлагын биелэлт;
д/улсын хяналтад хамаарах байгууллага, аж ахуйн нэгж, тоног төхөөрөмжтэй холбогдож гарсан хүний амь үрэгдүүлсэн, хүнд болон бүлэг осол, үйлдвэрлэлийн ноцтой аваарь, саатлын шалтгааныг тусгайлан судлан тогтоох, осол аваариас урьдчилан сэргийлэх ажлын явц, байдал;
е/улсын хяналтад хамаарах дулаан, цахилгааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, зуух, даралтат сав хариуцан ажилладаг, мөн түүнчлэн үйлдвэрлэлийн тэсэлгээний ажил явуулдаг инженер-техникийн ажилтан, ажилчдын техникийн ашиглалт,аюулгүй ажиллагааны дүрмийн мэдлэг, сургалтын байдал;
ж/шинээр барих, өргөтгөх, шинэчлэх үйлдвэрийн зураг төсөлд болон зохион бүтээж байгаа технологи,тоног төхөөрөмж, хэрэгсэл, үйлдвэрийн бүтээгдэхүүний эрчим хүчний зарцуулалтын түвшингийн байдлын шинжилгээ судалгаа (экспертиз), дүгнэлт;
з/хэрэглэгчийн цахилгаан тоноглол, хэрэгсэл нь эрчим хүч хэмнэх нөхцөлийг бүрдүүлж байгаа эсэх;
и/эрчим хүчний үйлдвэрлэлийн технологийн зориулалтаар ашиглаж байгаа түлш, мөн түүнчлэн эрчим хүчний хэрэглээний норм, чанарын үзүүлэлт зохих хэмжээндээ байгаа эсэх.
11.Аймаг, нийслэлд ажиллаж байгаа эрчим хүч,геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг нь шалгах, шалгалтын дүнг нэгтгэн дүгнэлт гаргах, шаардлагатай асуудлаар авах арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн улсын хяналтын алба хариуцан хэрэгжүүлнэ.
Гурав.Эрчим хүч, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
12.Байцаагч дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан чиглэлийн дагуу улсын хяналтыг хэрэгжүүлэх;
б/ газрын хэвлий ашиглах зөвшөөрөл олгосон байдал, газрын хэвлийн ашиглалтыг хянах;
(Засгийн газрын 1996 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/)
в/орд газрыг ашиглах зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилтийг хянах;
г/тэсрэх бодис үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, тэсэлгээний ажил хийх үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хянаж, зөвшөөрөл олгох;
д/уур, усан халаалтын зуух, даралтат сав, шугам хоолойг улсын бүртгэлд авах, техникийн магадлал хийх, ашиглах зөвшөөрөл олгох;
е/техник ашиглалт, аюулгүй ажиллагаа, эрчим хүчний борлуулалт, хэмнэлт, геологийн судалгаа, ашигт малтмалын олборлолт, түүний нөөцийн хамгаалалттай холбоотой дүрэм, журмын биелэлтийн байдалд хяналт тавих.
1З.Байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а/хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн аюул осол гарч болох, эрчим хүч хэрэглэх,
ашиглах, геологийн судалгаа явуулах, ашигт малтмал олборлох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн тохиолдолд улсын хяналтад хамрагдах байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн ашиглалтыг илэрсэн зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар хориглон зогсоох, холбогдох шаардлага, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах;
б/аюулгүй ажиллагаа болон эрчим хүч хэмнэх шаардлагыг хангаагүй тоног төхөөрөмж, хэрэгсэл, технологийг зураг төсөлд тусгах, ашиглах, гадаадаас оруулж ирэх, зохион бүтээх явдлыг хориглон зогсоох;
в/улсын хяналтад хамаарах аж ахуйн нэгж, байгууллага, объект болон эрчим хүч хэрэглэдэг айл өрхөд саадгүй нэвтрэн орж хяналт шалгалт явуулах;
г/хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
д/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар улсын хяналтад хамаарагдах байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
е/хяналтын алба шаардлагатай үед хяналт шалгалтын ажилд холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг тэдгээрийн удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах.
14.Хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн болон илэрсэн зөрчлийг арилгах талаар өгсөн албан шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтанд Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн зохих заалтын дагуу дор дурдсан хариуцлага хүлээлгэнэ:
а/хайгуулын явцад ашигт малтмал олборлосон, борлуулсан, тусгай зөвшөөрөлгүйгээр хайгуул хийсэн, орд ашигласан бол хууль бусаар олсон орлого буюу бүтээгдэхүүнийг хурааж, гэм буруутай иргэнийг 10000-40000, албан тушаалтныг 15000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-250000 төгрөгөөр торгох;
б/ашигт малтмалын хайгуул, орд ашиглалтын тайлан мэдээг цаг тухайд гаргаж өгөөгүй, худал мэдээлж тайлагнасан албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох;
в/хайгуулын талбайгаас авсан дээж сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан албан тушаалтныг 15000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 60000-250000 төгрөгөөр торгох;
г/хайгуул олборлолтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол гэм буруутай албан тушаалтныг 5000-15000, байгууллага, аж ахуйн нэгжийг З0000-100000 төгрөгөөр торгох;
д/орчныг хамгаалах, хайгуулын талбай,уурхайн эдэлбэрийн орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, хүмүүсийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах байдлаар хайгуул хийсэн, ашиглалт явуулсан бол хохирлыг нөхөн төлүүлж, албан тушаалтныг 15000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг З0000-100000 төгрөгөөр торгох;
е/иргэн, хуулийн этгээдээс ашигт малтмалын хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхэд санаатайгаар саад учруулсан бол иргэнийг 5000-З0000, албан тушаалтныг 15000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг З0000-80000 төгрөгөөр торгох;
ж/газрын хэвлийг ашиглах аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг зөрчсөн бол иргэнийг З000-З0000, албан тушаалтныг 10000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох;
з/газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагсад, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг биелүүлээгүй бол иргэнийг З000-З0000, албан тушаалтныг 10000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох;
и/газар доорхи усны горимыг ажиглах, цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, гэмтээсэн бол иргэнийг 5000-З0000 төгрөгөөр торгох;
к/ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, түүнчлэн ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга, байгууламжийн зураг төсөл зохиох,тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар газрын хэвлийн хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-200000 төгрөгөөр торгох;
л/газрын хэвлийг ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу болон шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг улсад тушаах шаардлагыг биелүүлээгүй бол иргэнийг 15000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 75000-200000 төгрөгөөр торгох;
м/газрын хэвлийг дур мэдэн ашигласан, ашигт малтмал бүхий талбайд барилга, байгууламж дур мэдэн барьсан бол иргэнийг 20000-50000, байгууллага,аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох;
н/геологи, маркшейдерийн баримт бичгийг хөтлөөгүй буюу үрэгдүүлсэн бол албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох;
о/газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэсэн бол 150000-250000 төгрөгөөр торгох;
п/ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь сорчлон олборлосон, ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг бусад хэлбэрээр зөрчсөн, олборлох үед ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэм хэмжээнээс хэтрүүлсэн бол 150000-250000 төгрөгөөр торгох;
р/газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулаагүй бол иргэнийг З0000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох;
с/цахилгаан, дулааны тоног төхөөрөмж, шугам сүлжээ, зуух, даралтат сав, шугам хоолой, шингэрүүлсэн шатдаг хий ашиглах явцад техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журмын зөрчил гаргасан иргэнийг 1000-З0000, албан тушаалтныг З000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох;
т/үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын үйлдвэрлэл, хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт болон тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөн иргэнийг 1000-20000, албан тушаалтныг З000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 80000-250000 төгрөгөөр торгох;
у/үйлдвэрлэлийн осол, аваарь, саатал гаргасан, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулаагүй, осол, аваарь, саатлыг судалж бүртгээгүй, нуун дарагдуулсан албан тушаалтныг 5000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох;
ү/эрчим хүчийг гэрээгүйгээр ашиглах,гэрээнд зааснаас өөрөөр холболт хийх, эрчим хүчний тоолуурын байрлал, битүүмжлэл, эд анги, механизм, схемийн хэвийн ажиллагааг алдагдуулах зэргээр эрчим хүч ашиглах дүрэм журмыг зөрчсөн бол хэрэглэсэн хугацааны эрчим хүчний үнийг нөхөн төлүүлж, гэм буруутай иргэнийг 1000-З0000, албан тушаалтныг З000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 20000-250000 төгрөгөөр торгох;
ф/эрчим хүч зарцуулалтын норм хэмжээг хэтрүүлсэн,тайлан тооцоог хугацаанд нь гаргаж ирүүлээгүй,үйлдвэрлэл,борлуулалтын явцад хөтлөгдөх бичиг баримтыг будлиантуулсан албан тушаалтныг З000-40000, байгууллага, аж ахуйн нэгжийг 10000-100000 төгрөгөөр торгох;
х/цахилгаан, дулааны эрчим хүчийг хууль бусаар хулгайгаар ашигласан бол хэрэглэсэн хугацааны эрчим хүчний үнийг нөхөн төлүүлж, иргэнийг 10000-З0000, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 төгрөгөөр торгох;
ц/баталгаа зөвшөөрөлгүй, үйлдвэрийн бус хийцтэй цахилгаанаар халаах хэрэгсэл хэрэглэсэн бол уг хэрэгслийг хураан, хэрэглэсэн хугацааны эрчим хүчний үнийг нөхөн төлүүлж, иргэ- нийг З000-З0000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох;
ч/үйлдвэр, байгууллага,аж ахуйн нэгж болон иргэдийг чанаргүй эрчим хүчээр хангасан, мөн эрчим хүчний хангамжийг дур мэдэн тасалсан гэм буруутай албан тушаалтныг 10000-60000, байгууллага, аж ахуйн нэгжийг 150000-250000 төгрөгөөр торгох;
ш/эрчим хүчээр хангагч байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, хяналтын улсын байцаагчийн шаардлагыг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй иргэнийг 1000-10000, албан тушаалтныг З000-15000 төгрөгөөр торгох;
э/улсын ерөнхий болон ахлах байцаагч нь хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-10000 төгрөгөөр, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 15000 төгрөгөөр торгох;
ю/хяналтын албаны болон улсын байцаагчдын албан шаарлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй,шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон, хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 5000-50000 төгрөгөөр торгуулах асуудлыг шүүгчид тавьж шийдвэрлүүлэх;
я/ноцтой осол аюул гарсан,хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, их хэмжээний хохирол учирсан тохиолдолд болон илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх.
Дөрөв.Бусад зүйл
15.Хяналтын алба, байцаагчийн албан шаардлагыг байгууллага, аж ахуйн нэгж,иргэд, албан тушаалтан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
16.Байцаагчийг байгууллага, аж ахуйн нэгжийн захиалга, дуудлагаар хяналт шалгалт, туршилтын болон осол аваарь тусгайлан судлах ажилд оролцуулбал тэдний зардал (унаа, байрны болон бусад)-ыг захиалга, дуудлагаар ажиллуулсан байгууллага, аж ахуйн нэгж хариуцаж гаргана.
17.Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, албан тушаалтан байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо 10 хоногийн дотор хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргаж болно. Уг гомдлыг хүлээн авснаас хойш хяналт шалгалтын байгууллагын эрх баригч
ЗО хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу шүүхэд гаргаж болно.Гомдол гаргах нь ноцтой зөрчлийг арилгахгүй байх үндэслэл болохгүй.
18.Байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------oOo------
Текст томруулах
A
A
A