A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 74 дүгээр тогтоолын хавсралт
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ДҮРЭМ
  Нэг. Нийтлэг үндэслэл
1.Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба нь Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс түүний үйл ажиллагааны бодлого, шийдвэрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан ёсоор мэдээлэх, төрийн захиргааны төв байгууллагын хэвлэл мэдээллийн ажлыг үр өгөөжтэй зохицуулан ажиллуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой нэгж мөн.
2.Тус алба нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн бүх төрлийн байгууллагад нээлттэй, шуурхай  болгох замаар олон түмэнд бодитой, зөв мэдээлэл хүргэх, түүнчлэн төр, засгийн харьяаллын болон чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдсэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэлд судалгаа шинжилгээ хийж, гүйцэтгэх засаглалын гаргаж буй шийдвэрт хандаж  буй олон нийтийн санал сэтгэгдлийн талаар дүгнэлт гаргана.
3.Хэвлэл мэдээллийн алба нь үйл ажиллагаандаа Засгийн газрын эрх ашгийг баримтлан нийгмийн өмнө хүлээх хариуцлага, улс үндэснийхээ эрх ашгийг дээдлэн, мэдээллийн ил тод, үнэн бодитой, шуурхай байдлыг хангах зарчмыг баримтална.
4.Хэвлэл мэдээллийн алба нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.
5.Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны төсвийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт тусган баталж байна.
6.Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албан ёсны мэдээ дамжуулахдаа Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба буюу төлөөлөгч гэсэн нэрийг заавал дурдана.
 
Хоёр. Албаны дотоод зохион байгуулалт
7.Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтцэд багтана.
8.Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга нь Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн шадар туслах байна. Албаны даргыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар томилж, чөлөөлнө.
9. Хэвлэл мэдээллийн албаны ажилтныг ажилд томилох, чөлөөлөх асуудлыг тус албаны даргатай зөвшилцөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга шийдвэрлэнэ.
10.Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэргэд хэвлэл  мэдээллийн төв байгууллагуудын дарга, захирал, төрийн захиргааны төв байгууллагуудын хэвлэлийн төлөөлөгч оролцсон орон тооны бус зөвлөх эрхтэй зөвлөл ажиллуулж болно. Зөвлөлийн үйл ажиллагааг Хэвлэл мэдээллийн албаны дарга зохицуулна.
11.Уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Хэвлэл мэдээллийн албаны даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр батлана.
 
Гурав.Албаны үүрэг, эрх
 
12.Хэвлэл мэдээллийн алба нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/ Засгийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл болон цаг үеийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай мэдээлэн суратлчлах, тайлбарлах;
б/ өөрийн мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах;
в/ Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийн тоймоор үйлчлэх;
г/ "Засгийн газрын мэдээлэл" сэтгүүлийг эрхлэн гаргах;
д/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлагдсан Засгийн газартай холбоотой мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэгт  судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт гаргах;
е/ Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн Тамгын газрыг Засгийн газрын тухай мэдээллээр хангах;
ж/ төрийн  захиргааны төв байгууллагуудын мэдээлэл, сурталчилгааны нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангахад арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх;;
з/ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Засгийн газрын үйл ажиллагааны ажлын уялдааг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Засгийн газрын үйл ажиллагааг олон нийттэй холбох.
13. Хэвлэл мэдээллийн алба нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/ Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг холбогдох яамд, мэргэжлийн байгууллагуудаас авах;
б/ шаардлагатай тохиолдолд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллагаас мэдээлэл авах, сурвалжлага хийх;
в/ төрийн захиргааны төв байгууллагын хэвлэл мэдээллийн ажлын талаар мэдээлэл, сонсгол авах, олон нийтэд зориулсан мэдээлэл, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах талаар санал боловсруулж, зохион байгуулах;
г/ Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилсан сонин сэтгүүл, ном товхимол, гэрэл зургийн цомог гаргах, радио, телевизийн бие даасан байнгын нэвтрүүлэг санаачилж эрхлэн явуулах;
д/ Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтэй  зөвшилцсөний үндсэн дээр хэвлэлийн бага хурал зохион байгуулах, төлөөлсөн мэдэгдэл гаргах, тайлбар, няцаалт хийх.
14. Тус алба нь төрөлжсөн мэдээллийн сантай байна.
 
--------oOo----------