A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Хүчингүй болсон - ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 2 дугаар тогтоолын хавсралт

Засгийн газрын 2004 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт Эрүүл мэндийн сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг  Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг  шинэчлэн батлах тухай" УИХ-ын 2000 оны  9 дүгээр сарын 1-ний өдрийн 32 дугаар тогтоол, "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад холбогдох баримт бичгийг  үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин       
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол улсын Үндсэн хууль
Монгол улсын Засгийн газрын тухай хууль
Монгол улсын Төрийн албаны тухай хууль
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
Монгол улсын Эрүүл мэндийн тухай хууль
Монгол улсын Эмийн тухай хууль
Монгол улсын Ариун цэврийн тухай хууль
Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
Монгол улсын бусад хууль тогтоомж 
1.4. Арга зүй
Байгууллагын хөгжил, хүний нөөц, бодлогын хэрэгжилт, түүний зохицуулалт, гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ (мониторинг), үнэлгээ, төрийн байгууллагын стратеги төлөвлөлт, бизнес төлөвлөгөөний сургалтын гарын авлагыг удирдлага болгон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн арга зүйг хэрэглэв.
1.5. Эрүүл мэндийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Эрүүл мэндийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Эрүүл мэндийн яам нь стратегийн бодлого, төлөвлөлт болон салбарын төсвийн зарцуулалтын тэнцвэрт харьцаа, уялдаа холбоог  хангах асуудалд  өргөн цар  хүрээтэй хандаж , зөв зохистой удирдлагыг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлнэ.  Эрүүл мэндийн яам нь Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохион байгуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Эрүүл мэндийн стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал  ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.
 
Эрүүл мэндийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, Засийн газрын танхим байна. Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.
Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүргийг төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 
Хоёр. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Эрүүл мэндийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын танхимд үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэгийн үр дүнг сайжруулах;
2. Эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхийг нэмэгдүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн боловсронгуй болгох;
3. Улсын  болон хувийн хэвшлийн зохистой харьцаа тогтоож, хувийн хэвшлийг бүх талаар дэмжин хөгжүүлэх;
4. Эрүүл мэндийн суурь тусламжийг хүн амд жигд хүргэх, тэднийг эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэх арга зүйд сургах, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, нөөцийг тэгш хуваарилах чадавхийг бүрдүүлэх.
2.3.  Эрхэм зорилго
Эрүүл мэндийн үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын түвшинд ойртуулж, хүн амыг эрүүлжүүлэх, дундаж наслалтыг уртасгах зорилтыг хэрэгжүүлэх.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Эрүүл мэндийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл  ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
1. Эрүүл мэндийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахад цаг үеэ олсон зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх;
2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
3. Эрүүл мэндийн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
4. Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд эдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1.Салбарын хөгжлийн урт, дунд хугацааны стратегийн      төлөвлөгөө, бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах;
1.2.Хөрөнгө нөөцийг бүрдүүлэх;
1.3.Салбарын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох;
1.4.Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, уялдуулан зохицуулах;
1.5.Салбарын хүний нөөцийг төлөвлөх, оновчтой байршуулах, удирдлагын чадавхийг хөгжүүлэх.
2. Үйл ажиллагааны  стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон  мэргэшлийн дэмжлэг үзүүлэх;
2.2. Удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх;
2.3. Сайд болон аппаратыг шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах;
2.4. Төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх.
3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1. Салбарын хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүгийн  болон хүний нөөцтэй уялдуулан зохион байгуулж, түүний тогтвортой, жигд, тасралтгүй байдлыг хангах;
3.2. Эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтэд түлхүү анхаарч бусад үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
3.3. Эм, эмнэлгийн багаж, хэрэгсэл, техник хангамж, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. Хүн амын эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, асуудал дэвшүүлэх;
4.2. Эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, нөөцийн байдалд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
4.3. Эдийн засаг,  санхүүгийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, тараах, үнэлгээ хийх;
4.4. Удирдлагын шийдвэр гаргах түвшинд эрүүл мэндийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сүлжээ, сан байгуулах, программ хангамжаар үйлчлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7.  Үйл ажиллагааны стратегийн загвар
      Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна.
3. Эрүүл мэндийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцооны боловсруулалтад  баримталсан зарчим:
1. Засгийн газрын үйл ажиллагааны стратегитэй уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх);
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, тухайн яамны бүтцийн нэгжийн нэр нь яамны үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим  (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн /гурваас илүүгүй/ шат дамжлагатай байх);
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь  чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, үүрэг хариуцлагыг жигд хуваарилах боломжийг бүрдүүлсэн байх);
 
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар /танхим/, бусад үйлчлүүлэгч буюу улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлж байх);
7. Хангалттай чадавхи, бодитой үйл  ажиллагааны зарчим (бүтцийн ерөнхий загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн  ерөнхий тогтолцооны загварыг дараахь байдлаар тогтоов.
 
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж гарч байна.
1. Стратеги төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах үндсэн үүргийг хүлээж, эрүүл мэндийн бодлого, урт, богино хугацааны стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр, төсөл боловсруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Засгийн газар (Танхим), Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, ард иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам байна.
2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд энэ нэгж нь төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, өргөдөл, гомдлыг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, жигд, хэвийн ажиллагааг хангахад чиглэнэ.
Эрүүл мэндийн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон мэргэшлийн үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг нь сайжруулах чиглэлээр энэ нэгж үйл ажиллагаагаа явуулна. Энэ нэгжийн бүтцэд аппаратын аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаа хамаарна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага байна.
3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд энэ нэгж нь эрүүл мэндийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь бодлого, төсвийн тэнцвэрт байдал, харилцан уялдаа холбоог хангаж, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдын бодлого, шийдвэрийн хэрэгжилт, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж,  үйлчилгээг зохицуулах, зохион байгуулан хэрэгжүүлэхэд чиглэнэ. Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилан бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын холбогдох тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, иргэд болон бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүнчлэн олон улсын болон төрийн бус зарим байгууллага байна.
4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, норм, норматив, стандартын хэрэгжилтийн явц байдалд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлж мэдээллээр үйлчлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь бодлого, төлөвлөлт,  хөтөлбөр, төслийн хэрэгжилт,  үр дагаврыг ажиглах замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож  байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад  чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэлбэрээр хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд, бусад хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.          
 
     
-----оОо-----