- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2001 оны 6 дугаар тогтоолын хавсралт
Засгийн газрын 2004 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Оршил
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл:
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын 1996 оны 205 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Засгийн газрын ХЭГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "ХААҮЯ-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайланг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хууль
Монгол Улсын Төрийн албаны тухай хууль
Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль
Монгол Улсын Газрын тухай хууль
Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хууль
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль
Монгол Улсын Хүнсний тухай хууль
Монгол Улсын Таримал үр, сортын тухай хууль
Монгол Улсын үр тарианы даатгалын тухай хууль
Бусад хууль тогтоомж
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага; өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл; байгууллагын өөрчлөлтийн зэрэг арга зүйг хэрэглэв.
1.5. Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хүнс, хөдөө аж ахуйн асуудлын чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болохын хувьд Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Засгийн газрын хүнс, хөдөө аж ахуйн зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь салбарын бодлогын төлөвлөлт, төсвийн зарцуулалт, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хүнс, хөдөө аж ахуйн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхим байна.
Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч, хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана: 1. Удирдлагын орчин үеийн дэвшилтэт арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үндэсний технологийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололт, бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, хувьчлагдсан аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулж үр дүнг дээшлүүлэх.
2. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, түүний дотор газар тариалангийн үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэн уналтыг зогсоож, үр үйлдвэрлэлийг тууштай сэргээх, хүнсний хангамжийг нэмэгдүүлж хэрэглээний аюулгүй байдлыг хангах.
3. Малын тоо толгойг өсгөж мал сүргийг эрүүлжүүлэх, чанаржуулах, удмын санг хамгаалахын зэрэгцээ мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх.
4. Бэлчээрийг зохистой ашиглах, нөхөн сэргээх болон даацыг нэмэгдүүлэх, бэлчээр усжуулах арга хэмжээг эрчимжүүлэн, уст цэгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулах.
5. Хоршоо хөгжүүлэх санаачилга хөдөлгөөнийг өрнүүлж ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр хоршоо байгуулахад тал бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.
6. Хөдөөд зах зээлийн чадавхийг нэмэгдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хүнс, хөдөө аж ахуйн менежментийг сайжруулан хүний нөөцийн манлайллыг хангах
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
|
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго:
Эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн таатай орчин бүрдүүлэх
|
|
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт:
Хүнс, хөдөө аж ахуйн яам нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
1.Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахад цаг үеэ олсон зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх.
2. Төрийн захиргааны удирдлага, хүний нөөцийн манлайллыг хангах, яамны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг дэмжих.
3. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах
4. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
1.Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахад мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл боловсруулах.
1.2. Салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.
2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах.
2.2. Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах
2.3.Яамны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа болон нийтлэг үйлчилгээг зохицуулах
3.Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1. Мал эмнэлэг, үржлийн ажлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, мал сүргийг байгалийн гамшгаас сэргийлэх, хамгаалах ажлыг зохицуулах.
3.2. Газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоох, техник, технологи, үрийн талаар явуулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
3.3. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалт, усан хангамжийн бодлогыг зохицуулах.
3.4. Хүн амын хүнсний хангамжийн бодлого, хүнсний хэрэглээний аюулгүй байдлыг хангах асуудлыг зохицуулах
3.5. Мал, амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжих, зохицуулах.
3.6. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын сангуудын үйл ажиллагааг зохицуулах.
4.Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх.
4.2. Салбарын мэдээллийн сүлжээ байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
3. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ , ТЭДГЭЭРИЙН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримталсан зарчим:
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав.Үүнд:
Засгийн газрын үйл ажиллагааны стратегитэй тухайн яамны үйл ажиллагааны стратегийг уялдуулсан байх;
Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж, ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх/;
Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх /байгууллагын нэр, бүтцээс түүний үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал тухайн яамны бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
Бүтцийн хувьд энгийн байх /тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл 3-аас дээшгүй шат дамжлагатай байх/;
Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох /тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
Улс төрийн хувьд төвийг сахисан байх /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, дэд сайд, Засгийн газрын Танхим, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх/;
Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийг дараахь байдлаар тогтоов:
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хүнс, хөдөө аж ахуйн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
1. Стратегийн төлөвлөлт, бодлогын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах үндсэн үүргийг хүлээж хүнс, хөдөө аж ахуйн салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр, төсөл боловсруулах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд хөдөлмөрчид байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг арга барил, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нь Хүнс, хөдөө аж ахуйн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, байгууллагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ. Яамны аппаратыг байр, холбоо, техник хэрэгсэл, шаардлагатай зүйлээр хангаж, ажиллах орчныг бүрдүүлнэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
Үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүү, эдийн засгийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллагууд байна.
3. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, төсвийн зохицуулалтын байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ. Үр дүн нь бодит ажил хийгдсэн байна.
Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь аж ахуйн нэгж, байгууллага, бусад хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам, Гадаад хэргийн яам болон бусад чиглэлийн яамд байна.
4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн мэдээллийн тогтолцоог бүрэлдүүлэх үндсэн үүргийг хүлээж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явц байдалд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, үйл ажиллагааны үр дүн, гэрээний үүргийн биелэлтийг тайлагнах тогтолцоог бүрдүүлэх, үр ашиг өгөөжийг дээшлүүлэх, нөөц илрүүлэх, ашиглахад чиглэгдсэн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологид тулгуурласан мэдээллийн найдвартай сүлжээ байгуулах, түүний хэвийн үйл ажиллагааг нь хангах, сүлжээний болон ажлын программ хангамжийн асуудлыг шийдвэрлэх, салбарын мэдээ, мэдээллийн төрөлжсөн сан байгуулах, төрийн мэдээ, мэдээллийн нээлттэй үйлчилгээг төлөвшүүлэх замаар яамны бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, ил тод байдлыг хэвшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Нэгжийн үйл ажиллагаа нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаа нь яамны бүтцийн нэгжүүд болон бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, удирдан зохион байгуулах үйл ажиллагаанд оролцож байгаа бүх байгууллага, удирдах, гүйцэтгэх албан тушаалтныг захиалсан мэдээ, мэдээллээр хангах, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг үндэслэн боловсруулсан, тавьсан зорилтын эцсийн үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдсэн зөвлөгөө, дэмжлэгийг цаг тухайд нь үзүүлэх замаар хэрэгжинэ.
Тус нэгж нь яамны үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн талаар өөрийн үйл ажиллагаанд хийх бодит үнэлгээ, дүгнэлтийг хийх ба ажлын үр дүн нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн ахиц дэвшил, үр нөлөө, үр өгөөжийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрээр тодорхойлогдоно.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Санхүү, эдийн засгийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
.......оОо.......
Текст томруулах
A
A
A