- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
/Засгийн газрын 2003 оны 117 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /цаашид "газар" гэх/ нь төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
2. Газрын үндсэн зорилго нь төрийн болон орон нутгийн нийтийн зориулалттай өмчид хамаарахаас бусад Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа үл хөдлөх эд хөрөнгө, гадаад улсын нутаг дэвсгэрт байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэн өмчлөгчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, үл хөдлөх эд хөрөнгийн талаархи мэдээллийн санг бий болгох, үл хөдлөх эд хөрөнгийн талаархи мэдээлэл лавлагаагаар үйлчлэх, иргэд болон хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хамгаалахад оршино.
3. Газар нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
4. Газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах бөгөөд түүний өмнө ажлаа хариуцан тайлагнана.
5. Газар нь зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Газар нь өөрийн билэгдэлтэй байж болно.
Хоёр. Газрын удирдлага, зохион байгуулалтын бүтэц
6. Газрын удирдлага нь дарга, дэд даргаас бүрдэнэ.
7. Газрын даргыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын санал болгосноор Монгол Улсын Ерөнхий сайд, дэд даргыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дүгнэлтийг харгалзан Хууль зүй, дотоод хэргийн сайд томилж, чөлөөлнө.
Газрын дарга нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын ерөнхий байцаагч, дэд дарга нь ахлах байцаагч байна.
8. Газрын зохион байгуулалтын бүтцийг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
9. Газрын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж, газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Засгийн газрын өмнө бүрэн хариуцаж тайлагнана.
10. Газрын даргын дэргэд түүнд зөвлөх үүрэг бүхий даргын зөвлөл ажиллана. Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг газрын дарга батална.
11.Газрын дарга дараахь эрх, үүрэгтэй байна:
а/газрын нэрийн өмнөөс бусад байгууллагатай харилцан, байгууллагыг төлөөлөх;
б/Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаархи мэдээллээр хангах;
в/иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
г/газрын дотоод журмыг баталж мөрдүүлэх, батлагдсан төсвийг захиран зарцуулах;
д/улсын бүртгэгчийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх;
е/газрын хэлтэс, албадын дарга, улсын бүртгэгч болон бусад ажилтныг томилж, чөлөөлөх;
ж/ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргах;
з/улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, сэргээх;
и/газрын тухайн жилийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ болон хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны дотор боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар батлуулах;
к/тухайн жил дууссанаас хойш 30 хоногийн дотор үр дүнгийн гэрээг дүгнэж, тайланг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэх.
12.Газрын дэд дарга үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг мэргэшлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, ажлаа газрын даргын өмнө хариуцна.
13.Газрын дэд дарга нь төв болон орон нутгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
14.Аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны дарга нь тухайн аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, газрын даргын өмнө ажлаа хариуцан тайлагнана.
Орон нутагт товчоо байгуулах, нэгтгэх, татан буулгах асуудлыг газрын дарга Хууль зүй, дотоод хэргийн сайдтай зөвшилцөн шийдвэрлэнэ.
15.Газар нь кадастрын бүртгэл, үнэлгээнд хяналт тавих үүрэг бүхий албатай байна. Албаны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
16.Хяналтын албаны ахлах мэргэжилтэн нь улсын ахлах байцаагчийн эрхтэй байх бөгөөд кадастрын хэмжилт, үнэлгээний үйл ажиллагаатай холбогдолтой санал, гомдол, зөрчлийг хянан шийдвэрлэж, шаардлагатай бол ахлах байцаагчид улмаар ерөнхий байцаагчид санал оруулна.
Гурав.Газрын үйл ажиллагаа
17.Газар нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу дараахь үйл ажиллагааг явуулна:
а/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг хүлээн авах, хянан шийдвэрлэх;
б/үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн өмчлөх эрхийг бүртгэж, баталгаажуулах;
в/үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон бүх гэрээг бүртгэж, баталгаажуулах;
г/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх;
д/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг олгох;
е/үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэхтэй холбогдсон болон барьцааны гэрээний бүртгэл хөтлөх;
ж/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, кадастрын бүртгэл, үнэлгээнд хяналт тавих;
з/шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагатай хамтарч үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулж явуулах;
и/үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах;
к/үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой гэрээний талаархи мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах;
л/бүртгэлийн үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу хураан үйл ажиллагаагаа санхүүжүүлэхэд зарцуулах;
м/үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, тайлбарлан таниулах, зөвлөлгөө өгөх;
н/үл хөдлөх эд хөрөнгийн талаархи мэдээлэл лавлагаа өгөх;
о/үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газрын кадастрын зураглал, түүний хэмжээ /масштаб/ болон шаардлагатай бусад үзүүлэлтүүдийг бүртгэлд хавсран хадгалах.
Дөрөв.Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэгч,түүний эрх, үүрэг
18. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэгч /цаашид "улсын бүртгэгч" гэх/ хариуцаж явуулна.
19. Улсын бүртгэгчээр хууль зүйн дээд боловсролтой, төрийн захиргааны албаны шалгалтад тэнцсэн, ял шийтгэлгүй хүнийг ажиллуулна.
20. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хянаж хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргана.
21. Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэгтэй байх бөгөөд тэмдгийн загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална. Тэмдгийг бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглоно.
22. Улсын бүртгэгч нь туслах бүртгэгчтэй байна. Туслах бүртгэгч нь улсын бүртгэгчийн удирдлага дор ажиллах бөгөөд хууль зүйн дээд боловсролтой байна.
----оОо----
Текст томруулах
A
A
A