- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Хүчингүй болсон - “ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 102 дугаар тогтоолын хавсралт
/2000 оны 152 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
"ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ЗЭЭЛ ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ"-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1.Гадаадын хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламжийг үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалтын талаархи үйл ажиллагааг уялдуулан зохицуулагч нь "Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зохицуулах Зөвлөл" /цаашид "Зөвлөл" гэх/ байна.
2.Зөвлөлийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд тэргүүлнэ.
3.Зөвлөлийн ажлын албаны үүргийг Гадаад харилцааны яам гүйцэтгэнэ.
4.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байна.
5.Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхтэй байна:
а/Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад, дотоод хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжигдэх төсөл, арга хэмжээний тухай болон шаардлагатай гэж үзсэн бусад асуудлуудаар санал, дүгнэлт гаргана.Зөвлөл нь зайлшгүй шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг Засгийн газрын хуралдааны дэгийн дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;
б/үндэсний болон бүс, орон нутгийн хөгжил, мөн түүнчлэн хөрөнгө оруулалтын орчинтой холбогдсон эдийн засгийн гадаад харилцааны асуудлуудыг хэлэлцэх;
в/гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжтай холбогдсон асуудлаар хууль болон бусад шийдвэрийн төсөл, хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналын төслийг авч хэлэлцэх;
г/гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагатай эдийн засаг, хөгжлийн талаар хамтран ажиллах зарчмын асуудлуудыг хэлэлцэх;
д/эдийн засгийн хөгжилд хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага, өр, зээлийн удирдлага, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн зэрэг асуудлаар Засгийн газрын байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын тайлан, мэдээллийг сонсож, дүгнэлт гаргах.
6.Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хурал болно.Зөвлөлийн хурлыг Зөвлөлийн даргын шийдвэрээр тухай бүр зарлан хуралдуулна.
7.Хуралд Зөвлөлийн гишүүдээс гадна хэлэлцэж буй асуудал хариуцсан бусад албан тушаалтан оролцоно.
8.Зөвлөлийн хуралд Ерөнхий сайд тааллаараа оролцоно.
9.Зөвлөлийн гишүүд хуралд асуудал оруулах эрхтэй
10.Хэлэлцэх асуудлын төслийг холбогдох мэдээллийн хамт зөвлөлийн ажлын алба Зөвлөлийн гишүүдэд урьдчилан тарааж хуралд танилцуулна.
11.Хэлэлцэж буй асуудлаар эцсийн шийдвэрийг тухайн хуралд оролцсон зөвлөлийн гишүүдийн нийтийн зөвшлөөр гаргана.
12.Зөвлөлийн шийдвэр нь зөвлөмж, протоколын хэлбэртэй байж болно.
13.Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг Гадаад харилцааны яам зохицуулах бөгөөд Зөвлөлийн ажил хариуцсан нарийн бичгийн даргатай байна.
14.Зөвлөл нь ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, журмыг баталж мөрдүүлнэ.
15.Зөвлөлийн хурлын шийдвэрийн биелэлтийн явцад ажлын алба хяналт тавина.
16.Зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдон гарах санхүүгийн зардлыг Гадаад харилцааны яамны жил бүрийн төсөвт тусгана.
----оОо----
Текст томруулах
A
A
A