- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭ
Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл, ... хуулийн ... зүйлийн ... хэсэг (заалт)-ийг үндэслэн нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Сангийн сайд (цаашид "Сайд" гэнэ), нөгөө талаас тогтвортой байдлын гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан ... улсад үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн ... тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зөвшөөрсөн ... дугаартай гэрчилгээтэй ... үйл ажиллагаа явуулах ... компани буюу ..... улсын иргэн ..... (цаашид "хөрөнгө оруулагч" гэнэ) хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав.
Нэг. Гэрээгээр зохицуулах зүйл
1.1. Энэхүү Гэрээ нь хөрөнгө оруулагч Монгол Улсын .......... аймаг (хот)-ийн .......... сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт ............. үйл ажиллагаа явуулахад нь тогтвортой нөхцөлөөр хангах, тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацаа, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ....... сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш байх тул гэрээний хугацаа 15 жил байна.
1.3. Хөрөнгө оруулагчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод чөлөөтэй гаргаж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй зарцуулахад нь хууль, эрх зүйн баталгаат нөхцөлөөр хангана.
1.4. Энэхүү гэрээ нь тухайн компанийн үндсэн үйл ажиллагаанд хамаарна.
Хоёр. Татварын орчин
2.1. Хөрөнгө оруулагч нь Татварын ерөнхий хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан татваруудыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр төлнө.
2.2. Хөрөнгө оруулагч өөрт ногдох орлогоосоо тухайн аж ахуйн нэгжид дахин хөрөнгө оруулалт хийвэл Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу оруулсан хөрөнгийн хэмжээгээр хөрөнгө оруулагчийн тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг багасгаж тооцно.
2.3. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмыг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө.
2.4. Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ "О"-тэй тэнцүү байна.
2.5. Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээндээ зориулан Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
2.6. Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээнд зориулан импортлосон авто бензин, дизелийн түлшинд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар болон гаалийн албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан хувь хэмжээгээр ногдуулна.
2.7. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон түр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэд хүн амын орлогын албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр төлнө.
2.8. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд хүн амын орлогын албан татварыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр төлнө.
2.9. Монгол Улсад оршин суугч бус хуулийн этгээдийн Монгол Улсад олсон дараахь орлогод энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулна:
2.9.1. Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого;
2.9.2. Зээлийн хүү, батлан даалт гаргасны төлбөр;
2.9.3. Эрхийн шимтгэлийн орлого, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;
2.9.4. Монгол Улсын төрийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллага, хувь хүнд үзүүлсэн техникийн болон бусад үйлчилгээний орлого.
2.10. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад олсон орлогын өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгаас энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуульд заасан хувь хэмжээгээр албан татвар ногдуулна.
Гурав. Газрын харилцаа
3.1. Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаандаа шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмын дагуу авна.
3.2. Газар, газрын хэвлий ашигласны төлбөрийг Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр ногдуулна.
Дөрөв. Байгаль орчин
4.1. Хөрөнгө оруулагч байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулан хэрэгжүүлнэ.
4.2. Хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.
4.3. Хөрөнгө оруулагч нь байгаль орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр, мониторингийн иж бүрэн сүлжээг өөрийн хөрөнгөөр бий болгож хэрэгжүүлнэ. Биелэлтийн үр дүн, мэдээллийг байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.4. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг Усны тухай, Усны төлбөрийн тухай болон бусад хууль тогтоомжид заасны дагуу байгуулна.
4.5. Төсөл хэрэгжүүлэгч нь эдэлбэр газрын экологи эдийн засгийн үнэлгээ, байгалийн нөөцийн даац чадавхийн хэмжээг төсөл хэрэгжүүлж эхлэхийн өмнө өөрийн хөрөнгөөр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын гаргасан удирдамж, чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагаар тогтоолгож төлбөрийг улсын төсөвт шат дараатайгаар дээрх үнэлгээний хэмжээтэй адилаар төлж барагдуулна.
Тав. Дэд бүтэц
5.1. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Зургаа. Хөдөлмөр, ажиллах хүч
6.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
6.2. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ, контракт байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдана.
6.3. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа гадаадын иргэд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд сайн дураараа хамрагдаж болно.
6.4. Хөрөнгө оруулагч нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахдаа Монгол Улсын Засгийн газраас тогтоосон тухайн жилийн гадаадаас авах ажиллах хүчний квотыг мөрдөнө.
6.5. Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөж байсан хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдана.
6.6. Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын болон Олон улсын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны стандартыг мөрдөнө.
Долоо. Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг
7.1. Хөрөнгө оруулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
7.2. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид олгодог эрх, нөхцөлөөр адил хангагдана.
7.3. Хөрөнгө оруулагч нь өөрийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.
7.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийж болно.
7.5. Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дараагийн жилийн мөн өдрийг хүртэлх хугацааг энэхүү гэрээний хувьд "Хөрөнгө оруулалтын жил" гэж үзнэ.
7.6. Хөрөнгө оруулагч гэрээ байгуулагдах үед анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан байна. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш Монгол Улсын нутаг дэвсгэр дээр . . . жилийн хугацаанд нийт . . . сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг дараахь хуваарийн дагуу хийнэ:
¹ Хугацаа Хөрөнгө оруулалтын хэмжээ (мян.ам.доллар) Мөнгөн хэлбэрээр Бусад хэлбэрээр
1 200... оны ... сарын ...-ний өдрөөс 200 ... оны ...сарын ...-ний өдрийг хүртэл
2 200... оны ... сарын ...-ний өдрөөс 200 ... оны ...сарын ...-ний өдрийг хүртэл
3 200... оны ... сарын ...-ний өдрөөс 200 ... оны ...сарын ...-ний өдрийг хүртэл
Нийт хөрөнгө оруулалтын дүн
7.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний сард багтаан Сангийн яамнаас баталсан маягтын дагуу гаргаж, тухайн салбарын болон бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаар хянуулан Сайдад хүргүүлнэ.
7.8. Хөрөнгө оруулагч нь санхүүгийн тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.
7.9. Хөрөнгө оруулагч бүтээгдэхүүнээ борлуулснаас олсон орлогын талаархи мэдээллийг үнэн зөв, тухай бүрт нь гаргаж өгнө.
7.10. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны өмч болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад байдлаар хийх эрхтэй.
7.11. Сайд энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Тогтвортой байдлын гэрээний баталгаа алдагдсан тохиолдолд Хөрөнгө оруулагч баталгааг сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.
Найм. Сайдын эрх, үүрэг
8.1. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон санхүүгийн орчныг гэрээний хугацааны турш тогтвортой байлгах талаар энэхүү Гэрээнд заасан баталгаа, нөхцөлөөр хангах үүргийг хүлээнэ.
8.2. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.
8.3. Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний 7.6-д заасны дагуу хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлэлгүй 6 сар өнгөрвөл Сайд энэ тухай Хөрөнгө оруулагчид албан бичгээр мэдэгдэл өгнө.
8.4. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор Хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Сайд гэрээг дангаар цуцлах эрхтэй.
8.5. Сайд хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан албан мэдэгдлийг өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгүй тохиолдолд гэрээг дангаар цуцална.
Ес. Хөрөнгө оруулагчийн хамгаалалт
9.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалттай байна.
9.2. Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бусаар хураан авахыг хориглоно.
9.3. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр нөхөн төлөх нөхцөлөөр дайчлан гаргуулж болно.
9.4. Хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжид олгодогтой адил тааламжтай нөхцөл олгоно.
Арав. Гэрээ дуусгавар болох
10.1 Дараахь тохиолдолд гэрээ дуусгавар болно:
10.1.1. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд;
10.1.2. Гэрээний үүргийг бусдад шилжүүлсэн тохиолдолд;
10.1.3. Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
10.1.4. Аж ахуйн нэгж дампуурсан, хууль тогтоомж зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон болон Сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан албан мэдэгдлийг Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд.
Арван нэг. Давагдашгүй хүчин зүйл
11.1. Байгалийн гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний улмаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүйн улмаас гарах үр дагаварт талууд хариуцлага хүлээхгүй.
Арван хоёр. Маргаан шийдвэрлэх
12.1. Энэхүү Гэрээний үүргийн биелэлттэй холбогдон үүссэн аливаа маргааныг дор дурдсанаар шийдвэрлэнэ:
12.1.1. Маргааны талаар нөгөө талд бичгээр хандаж мэдэгдэл гаргана. Талууд уг маргааныг эв зүйгээр харилцан тохиролцож шийдвэрлэнэ;
12.1.2. Хэрэв талууд харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд . . . . . Улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ.
12.2. Энэхүү гэрээтэй холбогдсон аливаа маргаантай асуудлыг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
Арван гурав. Бусад зүйл.
13.1. Уг Гэрээ нь Засгийн газрын холбогдох байгууллагуудтай бие даан үйл ажиллагааны гэрээ хийх хөрөнгө оруулагчийн эрхийг хязгаарлахгүй.
13.2. Гэрээг 200 ... оны ... сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод Монгол, ................... хэл дээр хоёр хувь үйлдэж баталгаажуулав.
13.3. Хувиуд адил хүчинтэй байна.
13.4. Гэрээний хэрэгжилттэй уялдуулан талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
13.5. Оролцогч бүх тал гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно.
13.6. Гэрээний хэрэгжилттэй уялдуулан Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн гэрээг ............ жилээр сунгаж болно.
Гэрээ байгуулсан талууд:
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж:
_________________________________ Огноо: ______________
Хөрөнгө оруулагчийг төлөөлж:
_________________________________ Огноо: ______________
-----оОо-----
Текст томруулах
A
A
A