A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

"МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг.Монгол Улсын мал сүргийн эрүүл мэндийн өнөөгийн байдал
1.Манай улсад Мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагын "А" ангиллын гоц халдварт өвчнүүд сүүлийн 20 гаруй жил илрээгүй байна. Иймд манай мал сүрэг ихэнх гоц халдварт өвчний эсрэг өвөрмөц хамгаалалтын дархлаагүй болж байна. Гадаад худалдаа, аялал, жуулчлал, иргэдийн зорчих хөдөлгөөн өргөжиж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гадаадаас мал, амьтан, мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд импортлох нь ихэслээ. Энэ нь хилийн чанадаас мал, амьтны гоц халдварт өвчнүүд орж ирэх, тархан дэлгэрэх нөхцөлийг эрм нэмэгдүүлж байна.
Малын халдварт, паразиттах өвчлөлийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, мал сүрэгт сүүлийн жилүүдэд цусан халдвар, бруцеллёз, галзуу, сүрьеэ, адууны халдварт цус багасах өвчний гаралт 1.2-19.2 дахин өсч, халдварт өвчнөөр хорогдсон малын тоо нийт хорогдлын 30 хувийг эзэлж байна. Малаас хүнд халдварладаг бруцеллёз, сүрьеэ, ям, лейкоз зэрэг өвчнийг оношлох шинжилгээг зохих ёсоор хийхгүй байгаагаас эдгээр өвчнийг хянаж чадахгүй байна. Судалгаанаас үзэхэд манай улсын хэмжээнд үхэр, тэмээ, бог малын бруцеллёз бүх сумын 11-43 хувийг хамарсан нь өргөн тархалттай байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл, Завхан, Төв, Өвөрхангай зэрэг аймаг, Улаанбаатар хотын нутагт малын боом, галзуу өвчний гаралт эрс нэмэгдэж, тархалтын хүрээ тэлж шинээр голомтууд бүртгэгэдж байна.
Хоёр.Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл
2.Монгол Улсын Үнэдсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлийг багасгах, хүн амын физиологийн хэрэгцээг хангахуйц амин дэм, уураг, бичил махбодоор баялаг хоол, хүнсээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, малаас хүн дамжин халдварладаг элдэв өвчнөөс эрүүлжүүлэх нь шийдвэрлэх ач холбогдолтой байна. Монгол Улсын эпизотологийн байдал тайван бус, ялангуяа малаас хүнд адмжин халварладаг "зоонатропонози" өвчин манай орны мал сүрэгт ихээхэн тархсан нь эгээр өвчинтэй тэмцэх, эрүүлжүүлэх арга хэмжээг төр, засгаас зориуд анхаарч урт хугацааны зорилтот хөтөлбөртэй, дэс дараалалтайгаар хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэнээр тус байгууллагаас тавьж байгаа шаардлагуудыг хангаж, өөрийн орны мал сүрэгт тархсан халдварт өвчнийг бүртгэж, тэдгээрийн голомтыг тогтоон хяналтад авч түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг шинжлэх ухааны батлагдсан арга зүйн дагуу хэрэгжүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүний ариун цэвэр, аюулгүй байдлын магадлан шинжилгээ, баталгаажуулалтыг олон улсын шаардлагын түвшинд аль болохоор ойртуулах хэрэгтэй байна.
Мал, амьтан, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд үндэсний мал эмнэлгийн байгууллагаар үнэн зөв баталгаажуулалт хийдэг болгохын тулд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын үндэсний мал эмнэлгийн албыг магадлан итгэмжлэл олгодог тогтолцоонд  дэлхий нийтээрээ шилжихээр бэлтгэж байгаа энэ үед манай улс өөрийн үндэсний мал эмнэлгийн тогтолцоогоо урьдчилан бэлтгэх зайлшгүй шаарлагатай юм.
Сүүлийн үед мал, мах экспортлох сонирхол өсч байна. Гэтэл малын өвчлөлийн байдал, мал, амьтан, бүтээгдэхүн, түүхий эд ариун цэврийн хяналт шинжилгээ хийгдэхгүй, мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтний мэдлэг, нэр хүнд ч сайнгүй байна. Өнөө үе олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мал эмнэлгийн байгууллага, өндөр мэдлэг, ур чадвартай малын эмч нарын хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна.
Гурав.Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.Мал сүрэг, аж ахуйн зориулалтаар үржүүлж буй амьтдын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх үндсэн дээр Монгол орон Мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагын "А" ангиллын гоц халдварт өвчнүүдээс тайван байгааг хадгалан бататгах, нийгэм, эдийн засгийн үлэмж хохирол учруулдаг халдварт, паразиттах өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж мал, амьтны өвчлөл, халдварын хэмжээг аюулгүй түвшинд хүргэх, улмаар Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
4.Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.
а/хилийн мал эмнэлгийн хорио цээрийн найдвартай хамгаалалт бий болгож, мал, амьтны халдварт өвчин, ялангуяа гоц халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх;
б/мал, амьтны халдварт өвчин илэрсэн, дамжин орж ирсэн нөхцөлд тэдгээртэй тэмцэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх бэлэн байдлыг мал эмнэлгийн албаны бүх шатанд бататгах, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамж, нөөцийг сайжруулах;
в/мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, халдвар судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгох, үндэсний мал эмнэлгийн албыг олон улсын магадлан итгэмжлэлд бэлтгэх;
г/мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшлийн нэгжүүдээр гүйцэтгүүлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх, энэ чиглэлийн нэгжүүдийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
д/мал эмнэлгийн улсын хяналтын тогтолцоог боловсронгуй болгон, бүх шатанд бэхжүүлэх, үйл ажиллагааг нь жигдрүүлэх;
е/нийгэм эдийн засгийн хөгжилд ноцтой хор хохирол учруулдаг халдварт өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх.
Дөрөв.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ
5.Хөтөлбөрийн зорилтыг дараахь арга хэмжээгээр хэрэгжүүлнэ:
1/Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам:
а/хяналтад байх мал, амьтны өвчнийг бүртгэж, мэдээлэх, тэдгээртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өвчин тус бүрээр гаргаж, шаардагдах зардал, нөхөн олговрыг санхүүжүүлэх эрх зүйн үнэдс бүрүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;
б/мал эмнэлгийн оношилгоо, судалгаа, мэдээллийн ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үндсэн дээр үхрийн шүлхий, цээж, бог малын цэцэг зэрэг "а" ангиллын өвчнүүдээр манай улс бүрэн тайван болохыг олон улсын түвшинд баталгаажуулах;
в/мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжин импортлогдож болох өвчнүүдийн жагсаалтыг гаргаж, нийтэд зарлан тодорхой бүс нутгийг хамруулан эдгээр өвчний талаар эрсдэлийн үнэлгээ хийж  аюулгүй түвшинд байгаа тохиолдолд импортын зөвшөөрөл олгодог журам тогтоох;
г/эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буй орнуудтай мал эмнэлгийн хорио цээр, ариун цэврийн салбарт хамтран ажиллах талаар Засгийн газар болон мэргэжлийн байгууллага хооронд гэрээ, хэлэлцээр байгуулах;
д/шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөр мал эмнэлэг, ариун цэврийн чиглэлээр сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологийн төслүүд, тэдгээрийн хүрээнд бий болгосон эм бэлдмэл, вакцин, оношлуур, багаж хэрэгсэл зэргийн ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэх, энэ талаар цаашид баримтлах бодлого, чиглэл, төслийн талаар шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах;
е/хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт, түүний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах.
2/Гэгээрлийн яам:
а/мал аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог нийгэм, үйлдвэрлэлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн өөрчлөх, мэргэжилтнүүдийг хөгжингүй орнуудад сургаж бэлтгэх, чадваржуулах, хүний нөөцийн ашиглалтыг сайжруулах;
б/мал аж ахуйн мэргэжилтэн менежер бэлтгэх сургуулиудын сургалтын агуулгад олон улсын байгууллагаас батлан гаргасан шинжлэх ухааны ололт, чиглэлийг тусгах замаар сургалтыг олон улсын түвшинд хүргэх;
в/мал сүргийг эрүүлжүүлэх, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, оношилгоо, шинжилгээний аргыг боловсронгуй болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх;
3/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам:
а/мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс сэргийлэх, хүн, мал, амьтдыг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн болон мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах;
б/Монгол Улсад бүртгэгдсэн хүн, мал, амьтны нийтлэг халдварт өвчнүүдийн халдварын тархалтын хяналт, судалгааны тогтолцоог бий болгох, мал, амьтнаас халдварладаг өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах арга ажиллагаанд хүн амыг сургах ажлыг өргөн далайцтай явуулах.
4/Сангийн яам:
-малын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилгоор жил бүрийн төсөвт тусгаж байгаа зардлыг нэмэгдүүлэхийн дээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагах хөрөнгө, арга хэмжээг дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн төсөвт тусгах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх.
5/Батлан хамгаалах яам:
а/мал, амьтны гоц халдварт өвчин гарсан үед хорио цээр тогтоох, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх операттив төлөвлөгөөг Иргэний хамгаалалтын газар дээр боловсруулж, жил бүр тодотгол хийж байх;
б/аймаг, нийслэлийн иргэний хамгаалалтын нарийн мэргэжлийн хөдөлгөөнт отрядуудад дайчлан ажиллуулах мэргэжлийн хүмүүс, техник хэрэгслийн судалгаа, бүртгэлийг гаргаж жил бүр шинэчлэн тодотгож байх, мэргэжлийн хүмүүсийг болзошгүй гамшгийн үед ажиллах дадлага, чадвар эзэмшүүлэх сургалтыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх.
6/Хөдөө аж ахуйн улсын хяналтын байгууллага:
а/хилийн боомтууд дээр амьд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хорио цээрт оруулан саатуулах, ариутгах болон халдваргүйжүүлэлт хийх байгууламжийг барих, хил, гүний хяналтын улсын байцаагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний ажлын байрны нөхцөлийг сайжруулах талаар тусгай төсөл боловсруулж  хэрэгжүүлэх;
б/мал эмнэлгийн эм бэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээнд тавих улсын хяналтыг хүчтэй болгож, эм бэлдмэл шалгах байгууллагын хүчин чадлыг нь нэмэгдүүлэх.
7/Хөдөө аж ахуйн хэрэгжүүлэгч агентлаг:
а/малын бруцеллёз, ям, сүрьеэ, лейкоз өвчний тархалтыг аж ахуйн нэгж, хот айлын түвшинд нарийвчлан тогтоох, эрүүлжүүлэх арга хэмжээний дунд, урт хугацааны төсөл боловсруулж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран хөрөнгийн эх үүсвэр олж хэрэгжүүлэх;
б/адууны ям өвчин олон жил илрээгүй, мэдээлэгдэхгүй багаа аймгуудад улсын комисс томилон ажиллуулж, эрүүлжилтийг баталгаажуулах, өвчний голомт хадгалагдсаар байгаа аймгийн адууг ям өвчнөөс эрүүлжүүлэхийн зэрэгцээ адууны халдварт цус багасах өвчинтэй тэмцэх арга хэмжээний төсөл боловсруулж хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
в/мал, амьтанд тохиолдож байгаа вирус, микоплазм, риккетси, бактери, мөөгөнцөрөөр үүсдэг өвчнүүд, цусны паразиттах болон цус сорогч үе хөлтнөөр дамжин халдварладаг өвчнийг бүрэн оношилж, бүртгэх, тархалтыг тогтоох, мэдээллийн сүлжээ буй болгох арга хэмжээ авах;
г/мал эмнэлгийн лабораторийн нэгдсэн сүлжээг  бэхжүүлж, шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, гоц халдварт, экзотик, зооантропоноз өвчнүүдийг оношлох, сэргийлэх чадварыг нэмэгдүүлэх;
д/төв, орон нутгийн мал эмнэлгийн албадын бүтэц, тогтолцоог зах зээлийн нөхцөлтэй уялдуулан оновчтой, шуурхай байхаар зохион байгуулан бэхжүүлэх;
е/мал эмнэлгийн эм бэлдмэл, багаж, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг дэмжих, одоо ажиллаж байгаа үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэх дэмжлэг үзүүлэх, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл, багажийн нийлүүлэлт, борлуулалтыг сайжруулах;
ж/гахай, шувуу зэрэг суурин мал аж ахуйн цогцолбор, гоц халдварт өвчний голомт бүхий газрууд, стратегийн ач холбогдол бүхий цэгт хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх болон үхсэн мал, амьтныг устгах байгууламжуудыг нэгдсэн зураг төслийн дагуу бариулах ажлыг нутгийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.
8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга:
Нутаг дэвсгэртээ энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
а/малын эрүүл мэнд дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
б/мал эмнэлгийн хяналт, үйлчилгээний нэгжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг хэрэглэгчид ойртуулах, жигдрүүлэх, үнэлж дүгнэх, гүйцэтгэл хяналт тавих;
в/мал сүргийг бруцеллёз, сүрьеэ, ям, лейкоз, адууны халдварт цус багадах өвчнөөс эрүүлжүүлэх, халдварлалтын түвшинг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
г/мал сүрэгт өргөн тархсан, хохирол ихтэй халдварт, паразиттах өвчнөөс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээ авах замаар мал аж ахуйд учруулж буй хохирлыг багасгах;
д/малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг сум, дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх;
е/мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэхэд дотоодын санхүүгийн эх үүсвэр гаргаж төсөл хэрэгжүүлэх, гадаад орон, байгууллагатай төслийн хамтын ажиллагааг хөгжүүлэх;
ж/аймгийн онцгой комиссын төсөв, хийх ажлын чиглэлд мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх зардал, болзошгүй тохиолдолд шуурхай ажиллах арга хэмжээг тодорхой тусгах, иргэний хамгаалалтын мэргэжлийн бүлгийн бэлэн байдлыг хангуулах;
з/мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс хамгаалах арга ажиллагаанд хүн амыг сургах ажлыг өргөн далайцтай явуулах.
9/Төрийн бус байгууллага:
а/мал эмнэлгийн чиглэлээр дотоод, гаададад мэргэжилтэн сургахад туслалцаа үзүүлэх;
б/малын эмч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх, тэднийг шинжлэх ухааны орчин үеийн мэдээллээр шуурхай хангах, ёс зүйн байдал, мэргэжлийн чадавхийг үнэлж  дүгнэх асуудлыг хэрэгжүүлэх.
10/Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж:
а/мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг нутгийн захиргааны байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлэх;
б/малын эм, биобэлдмэл, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох арга хэмжээг хэрэгжүүлэх.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
6.Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Үндэсний хөтөлбөрийн зөвлөл ажиллана. Зөвлөл нь орон тооны бус байна.
7.Хөтөлбөрийн зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих, дүгнэлт гаргах;
б/хөтөлбөрт өөрчлөлт, тодотгол хийх саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх.
в/Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээтэй холбогдох асуудлыг Засгийн газар болон холбогдох яам, агентлагуудад тавьж шийдвэрлүүлэх.
8.Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохицуулах, хяналт тавих үүрэгтэй аймаг, нийслэлийн салбар зөвлөл ажиллана. Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын чиг үүргийг Засаг дарга батална.
9.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж зохион байгуулах, сургалт, сурталчилгаа явуулах үүргийг Хөдөө аж ахуйн газар хариуцна.
10.Хөтөлбөрийн зөвлөл болон орон нутаг дахь салбар зөвлөл нь ажлаа жилээр төлөвлөн хэрэгжүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтийг орон нутгийн зөвлөл жил бүрийн 4 дүгээр улиралд Хөтөлбөрийн зөвлөлд, Хөтөлбөрийн зөвлөл нь дараа оны 1 дүгээр улиралд Засгийн газарт тус тус тайлагнаж байна.
11.Үндэсний хөтөлбөрийн биелэлт, үр дүнг хөтөлбөрийн нэгдүгээр хавсралтад заасан хугацаа, шалгуур үзүүлэлтээр Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам хариуцан дүгнэж байна.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт
12.Хөтөлбөрийг дор дурдсан эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
а/мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс жил бүр олгох хөрөнгө;
б/гадаадын хөрөнгө оруулалт;
в/хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламж;
г/жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
д/шинжлэх ухаан, технологийн сан;
е/иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, сангийн хандив, тусламж, үйлчилгээний төлбөр.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
13.Хөтөлбөрийг 1999-2010 оны хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг жил бүр дүгнэхдээ дараахь шалгуур үзүүлэлтүүдийг баримтлан дүгнэнэ:
Нэгдүгээр үе шат - 1999-2000 оныг хамруулна. Энэ үе шатанд шаардлагатай хууль эрхийн актуудыг боловсруулан батлуулж, мал эмнэлгийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно. Сум, дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагуудыг хувийн хэвшилд бүрэн шилжүүлэх, материаллаг баазыг нь бэхжүүлэх арга хэмжээ авна.
Лабораторийн нэгдсэн сүлжээг бэхжүүлж, эпиемилогийн нэгжийн үйл ажиллагааг сэргээн хэвшүүлнэ. Мөн хөтөлбөрт тусгагдсан урт, дунд хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд энэ хөтөлбөрийн 2 дугаар хавсралтад заасан төслүүдийн баримт бичгийг боловсруулж, Засгийн газарт оруулан шийдвэрлүүлсэн байна. Санхүүжүүлэх эх үүсвэр нь шийдэгдсэн төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ.
Хоёрдугаар үе шат - 2000-2005 оныг хамруулна. Энэ үе шатанд бруцеллёз, сүрьеэ, ям, лейкоз, адууны халдварт цус багадах өвчний тархалтын байдлыг нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд тогтоож дуусна. Шүлхий, мялзан, цээж, бог малын цэцэг өвчнөөр бүрэн тайван статустай орны олон улсын жагсаалтад орсон байх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Хилийн боомт дахь мал эмнэлгийн хорио цээрийн байгууламжуудыг тусгай зураг төслийн дагуу барьж дуусгана. Биоүйлдвэр, Малын эм бэлмдэл шалгах лабораторийг бэхжүүлэх төслийг хийж, санхүүжүүлэх үүсвэрийг олж, хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ.
Гуравдугаар үе шат - 2005-2010 оныг хамруулна. Энэ үе шатанд бруцеллёз, сүрьеэ, ям, лейкоз, адууны халдварт цус багадах өвчний голомтыг устгах, дээрх өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Монгол Улсад тохиолдож байгаа бактер, мөөгөнцөр, риккетси, микоплазм, вирусын гаралтай өвчнүүд, цусны паразиттах болон цус сорогч үе хөлтнөөр дамжин халдварладаг өвчнийг бүрэн оношлон бүртгэж, эдгээр өвчнийг хянах, тэдгээртэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний стратегийг боловсруулна. Биоүйлдвэр, Малын эм бэлдмэл шалгах лабораторийг шинэчлэх ажлыг дуусгана. Мал эмнэлгийн лаборатори, хил, гүний хяналтын салбарт ажиллаж байгаа эмч нарыг нарийн мэргэжлийн дамжаагаар сургаж, мэргэшүүлсэн байна.
Найм. хөтөлбөрөөс гарах үр дүн
14.Ойрын /шууд/ үр дүн:
а/мал эмнэлгийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эдийн засаг, эрх зүйн орчин бүрдэж, аж ахуйн талаар бие даан ажиллах боломж дээшилнэ;
б/мал эмнэлгийн хорио цээр, ариун цэврийн хяналтын бүтэц, зохион байгуулалт сайжирч, улмаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын түвшин дээшилнэ;
в/мал, амьтныг өвчнөөс урьчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх тогтолцоо боловсронгуй болно;
г/гадаад орноос мал, амьтны гоц халварт өвчин дамжин орж ирэхээс сэргийлэх эрх зүй, нийгэм, эдийн засгийн орчин бүрдэж, хилийн хорио цээр, ариун цэврийн хамгаалалт сайжирч, мал, амьтны гоц халдварт өвчнөөр тайван байгаа одоогийн түвшин баталгаажина;
д/мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхтэй оролцоо, хамтач ажиллагаа, зорилт, чиг үүрэг, хариуцлагын шинэ тогтолцоо бүрдэнэ.
15.Хэтийн /шууд бус/ үр дүн:
а/мал амьтнаас хүнд халдварлах өвчний тархалт хумагдаж , хүн амын эрүүл мэндэд таатай нөлөөлнө;
б/малын өвчлөл, ялангуяа ужиг халдварт болон паразиттах өвчний түвшин, тэдгээрээс үүдэн гарах хохирлын хэмжээ буурна;
в/мал эмнэлгийн ажил, үйлчилгээ гүйцэтгэх хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, үндэсний мал эмнэлгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх үнэлэмж дээшилнэ;
г/улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болж экспортын боломж дээшилнэ.