A

A

A

Бүлэг: 1979
 
Засгийн газрын 1997 оны 151 дүгээр тогтоолын хавсралт

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН
Х  Ө  Т  Ө  Л  Б  Ө  Р

  1. Нийтлэг үндэслэл 1.1.Оршил

Монгол Улсын Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "Хөтөлбөр" гэх/-т Хууль зүйн сайдын болон Засгийн газрын Танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг бүх иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах ажлыг нийт хүн амд хүргэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг хамарсан Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

      Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын 1996 оны 205  дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр", Засгийн газрын Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн "Төрийн захиргаа, төрийн албаны өөрчлөлт, шинэчлэл" бүрэлдэхүүн хэсгийн МОН/94/102 төслийн хүрээнд боловсруулсан "Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн ерөнхий загвар" төслийн тайланг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Хууль тогтоомжийн орчин

                Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Монгол Улсын Төрийн албаны тухай хууль;
-Монгол Улсын Шүүхийн тухай хууль;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага; үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл; байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүйг хэрэглэв.

1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

                Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг  болох Хууль зүйн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж, Хууль зүйн сайд, Засгийн газрын Танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлнэ.
Хууль зүйн яам нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөлтийн болон бодлого, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газрын өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг  болох Хууль зүйн яам нь Засгийн газрын хуулийн зөвлөхийн үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын  хэрэгцээний эх үүсвэр

Хууль зүйн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.
Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарагдана:

 

Хууль зүйн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хууль зүйн  сайд, Засгийн газрын Танхим болно.
Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн түвэгтэй харилцааг зохицуулахад чиглэнэ.
Хууль зүйн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

  2. Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратег 2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

                Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хууль зүйн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Хууль зүйн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
 
1.Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд яамны болон тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагааг төвлөрүүлэх, эрх зүйн зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах замаар Хууль зүйн сайд, Засгийн газар /Танхим/-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх;
2.Яамны хэмжээнд удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, иргэн байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;
3.Хууль зүйн яамны өөрчлөлт, хөгжлийн стратегитэй уялдсан хүний нөөцийн удирдлагын арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх;
4.Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлагийн хэмжээнд өртөг, зардлыг бууруулах болон үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийтлэг үйлчилгээг бий болгон хөгжүүлэх.
 

2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
 

2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
 
Хууль зүйн яам эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
 
1.       Эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.       Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
3.       Эрх зүйн шинэтгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах;
4.       Эрх зүйн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх.

2.5. Үйл ажиллагааны гол зорилт

Хууль зүйн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
 
1.0. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
                1.1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх;
                1.2. Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох;
                1.3. Эрх зүйн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх.
 
2.0. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1. Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, дотоод үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх;
2.2. Сайдад болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон бусад дэмжлэг үзүүлэх;
2.3. Яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох.
               
3.0. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
                3.1. Эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
                3.2. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
                3.3. Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах.
 
4.0. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
4.1. Эрх зүйн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
4.2. Хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх;
4.3. Эрх зүйн үйлчилгээний үр нөлөөнд хяналт-шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх.
 
                2.6. Үйл ажиллагааны зорилт
                Хууль зүйн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
                2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
                Хууль зүйн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:


3. Хууль зүйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг 3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
 
      Хууль зүйн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
1. Засгийн газрын үйл  ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь тус яамны үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх).
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх).
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим   (тухайн яамны нэр, бүтцээс үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал, яамны зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх).
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас доод нэгжээ хүртэл аль болох цөөн /3-аас илүүгүй/ шат дамжлагатай байх).
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (тухайн яамны үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар, шуурхай удирдах, хянах боломжтой байх,  үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх).
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь Сайд, Засгийн газар (Танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг, үйлчилгээ үзүүлдэг байх).
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн дүүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар //2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Дээр дурдсан зарчим болон Хууль зүйн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дор дурдсан загварыг санал болгож байна:
 
3.3. Зохион байгуулалтын бүтэц /2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
 
Хууль зүйн яамны үйл ажиллагаа  (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж  урган гарч байна:
1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийн удирдлага, нэгдсэн төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах үндсэн үүргийг хүлээж, эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэргэшлийн зөвлөлгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Хууль зүйн сайд, Засгийн газрын Танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
      Энэ нь Хууль зүйн сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
      Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүйн сайд, Засгийн газар /Танхим/ байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллага, ард иргэд байна.
      Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам байна.
2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн, жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
      Энэ нь Хууль зүйн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх,  шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.
      Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүйн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
 
      Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол, сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.
3. Эрх зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эрх зүйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Хууль зүйн сайдын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, төсвийн тэнцвэрт    байдал, харилцан уялдаа холбоог хангахад чиглэнэ.
      Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
      Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүйн сайд, Засгийн газар /Танхим/, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурорын болон нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яамд, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийн болон Засгийн газрын бус байгууллага, ард иргэд,  бусад хэрэглэгч байна.
      Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам байна.
 
4. Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын
бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг /2000 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
 
      Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээж, эрх зүйн бодлогын болон хуулийн хэрэгжилтийн явц, байдал, эрх зүйн үйлчилгээ, мэдээллийн ажлын үр нөлөөнд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
      Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах  үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
      Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг ажиглах замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах,  хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
      Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүйн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, хэрэглэгч байна.
      Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
 
 
 -----------оОо------------