- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР
ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР
Оршил
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-т Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны З8 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичгийг боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль
-Монгол Улсын Засгийн газрын тухай хууль
-Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль
-Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
-Монгол Улсын төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль
-Монгол Улсын Төрийн албаны тухай хууль
-Монгол Улсын Иргэний нисэхийн тухай хууль
-Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль
-Монгол Улсын төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль
-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль
-Монгол Улсын Далай ашиглах тухай хууль
-Монгол Улсын Шуудангийн тухай хууль
-Монгол Улсын Аялал жуулчлалын тухай хууль
-Монгол Улсын Усан замын тээврийн тухай хууль
-Монгол Улсын Радио долгионы тухай хууль
-Монгол Улсын Авто замын тухай хууль
-Бусад хууль тогтоомж
Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа (бизнес)-ны төлөвлөлт, дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн болон урьд хуримтлагдсан арга зүй, мэдээллийг ашиглав.
Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын хуваарь
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээж, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөлгөө, дэмжлэг үзүүлнэ.
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий чиглэлийн яамдын нэг болох Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь эрхэлсэн асуудлын чиглэлээр Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээнэ.
Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана.
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Засгийн газрын танхим байна.
Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн нарийн түвэгтэй харилцааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохицуулахад чиглэнэ.
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2.0. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл:
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
1. Зам, тээврийн оновчтой сүлжээ, аялал жуулчлал, шуудангийн үйлчилгээг өргөтгөх, эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээвэр, аялал жуулчлал, шуудангийн сүлжээний үндсийг бий болгох
2. Салбарын удирдлагын болон бүтцийн өөрчлөлтийг боловсронгуй болгох
3. Тухайн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, өмчийн олон хэлбэрийн өрсөлдөх орчинг бий болгох
4. Бүх төрлийн тээврийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, ажлын уялдааг сайжруулах
5. Салбарын эдийн засгийн үр ашиг, хөрөнгө оруулалтын үр дүнг дээшлүүлэх
6. Салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих
Үйл ажиллагааны эрхэм зорилго
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны эрхэм зорилго:
Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээ, аялал жуулчлал, шуудангийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх
2.3. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Зам, тээвэр, аялал жуулчлалын яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
1. Салбарын төлөвлөлт, бодлого, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, удирдамжаар хангах
2. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
3. Салбарын бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх
4. Салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
2.4. Үйл ажиллагааны гол зорилт
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
1.1 Салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах
1.2 Салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах
1.3 Бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг нэгтгэн зохицуулах
Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.1 Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
2.2 Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах
Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
3.1 Салбарын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх
3.2 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, хэрэгжилтийг хангуулах
Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд
4.1 Салбарын эдийн засгийн бодлого, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын төлөвлөлт, зохицуулалт, тайлагнах үйл ажиллагаа
4.2 Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх
2.6 Үйл ажиллагааны зорилт
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны гол зорилт бол тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7 Үйл ажиллагааны стратегийн загвар
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.0. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.0. Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
1. Засгийн газрын үйл ажиллагааны стратегитай уялдсан тухайн яамны стратегийн зорилтыг тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх)
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх)
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх)
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим (тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл аль болох цөөн (гурваас дээшгүй) шат дамжлагатай байх)
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх)
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь тухайн сайд, Засгийн газар (танхим), бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх)
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх)
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан нэгжийг санал болгож байна:
1. Стратегийн төлөвлөлт, бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгжүүд нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүргийг хүлээж салбарын урт, дунд, богино хугацааны стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын төсвийн багцын төлөвлөлт, зохицуулалт, гадаад харилцаа, хамтын ажиллагаа, бодлогын хэрэгжилтийг зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжүүд байна.
Энэ нэгжүүдийн үйл ажиллагаа нь Засгийн газар, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, бодлого, төсвийн тэнцвэрт байдал, харилцан уялдаа холбоог хангах асуудлыг хариуцна.
Энэ нь төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжүүдийн үйл ажиллагаа нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын Танхимын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах бодлогын зохицуулалттай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөлгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжүүдээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, Засгийн газрын танхим байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл, мэдээлэл, олон нийтийн байгууллага, ард иргэд байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
Энэ нэгжийн үйл ажиллагааны хүрээнд Авто зам, Тээвэр, Аялал жуулчлал, Эдийн засаг, хамтын ажиллагаа, Шуудангийн үйлчилгээний бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн таван газар ажиллана.
2. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх, яамны аппаратын дотоод ажлыг зохицуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ.
Энэ нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөлгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.
Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсрол сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага байна.
3. Бодлогын хэрэгжилтэд хяналт–шинжилгээ (мониторинг) хийж, үнэлж дүгнэх нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн З дугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, эрхэлсэн салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, байдалд хяналт-шинжилгээ (мониторинг) хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд төрийн захиргаа, удирдлагын газрын бүтцэд хэлтсийн зохион байгуулалтаар ажиллана.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.
Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаврыг ажиглах замаар яамны бүтцийн нэгжүүдийн болон бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөлгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын холбогдох агентлаг байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, хэрэглэгч байна.
Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
---оОо---
Текст томруулах
A
A
A