- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (цаашид "Яам" гэх)-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь Засгийн газрын болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх ажлын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төсөл боловсруулах, эдгээр асуудлаар төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалт болон бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх асуудлыг хамарсан үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн үндэслэлийг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахад Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого", Засгийн газрын тухай хуулийг тус тус үндэс болгов.
1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
· Монгол Улсын Үндсэн хууль;
· Засгийн газрын тухай хууль;
· Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
· Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
· Төрийн албаны тухай хууль;
· Боловсролын тухай хууль;
· Бага, дунд боловсролын тухай хууль;
· Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль;
· Дээд боловсролын тухай хууль;
· Соёлын тухай хууль;
· Соёлын өвийг хамгаалах тухай хууль;
· Төрийн албан ёсны хэлний тухай хууль;
· Шинжлэх ухаан, технологийн тухай хууль;
· Технологи дамжуулах тухай хууль;
· Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
· Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого;
· Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого;
· Төрөөс баримтлах соёлын бодлого;
· Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр.
1.4. Яамны үүрэг, хариуцлагын ерөнхий хуваарь
Чиглэлийн яамны нэг болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бодлого, стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад мэргэжлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь өөрийн чиг үүргийн асуудлаар Засгийн газарт зөвлөхийн үүрэг гүйцэтгэж, хариуцлага хүлээнэ.
1.5. Стратегийн бодлого, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны стратегийн бодлого, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр нь үйлчлүүлэгч буюу тус яамны ажил, үйлчилгээг хэрэглэгчийн эрэлт, захиалга, даалгавар байхаар тодорхойлов. Эдгээр үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдийг дараахь байдлаар харуулав:
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байна. Яамны стратегийн бодлого, зохицуулалт нь нэн түрүүнд үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж байгаа нийтлэг болон онцлог эрэлт, хэрэгцээг хангахад чиглэнэ. Үндсэн үйлчлүүлэгч, хэрэглэгчийн үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2. Яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүрэг болох боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, иргэд сурч боловсрох эрхээ тэгш эдлэх боломжийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын амьдралын чанарыг сайжруулахад чиглүүлэх, үндэсний уламжлалт болон орчин үеийн соёл, урлагийг хөгжүүлэх, дэлхийн соёл, урлагаас чөлөөтэй хүртэх боломжийг иргэдэд олгох, олон улсын хэмжээнд монголын урлаг, соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, соёлын үйлчилгээ, уран бүтээлийн чанар, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
2.2.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх;
2.2.2. Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцоонд шилжүүлж, улмаар 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх бэлтгэлийг хангах;
2.2.3. Сургуулийн өмнөх болон суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх;
2.2.4. Албан бус боловсролын бүх хэлбэрийг дэмжих;
2.2.5. Боловсролын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож олон улсын түвшинд нийцүүлэх;
2.2.6. Дээд боловсролын өрсөлдөх чадвар, үнэлэмжийг дээшлүүлэх;
2.2.7. Монголын түүх, соёл, урлаг судлалыг өргөжүүлэх;
2.2.8. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, сурталчлах ажлыг өргөжүүлэх;
2.2.9. Соёл, урлагийн менежментийг зах зээлд нийцүүлэх;
2.2.10. Шинжлэх ухаан, технологийн судалгаа, түүний үр дүнг улс орны хөгжлийн тэргүүлэх хүчин зүйл болгон хөгжүүлэх;
2.2.11. Бизнесийн захиалгат судалгааны ажлыг дэмжих;
2.2.12. Залуу судлаач, эрдэмтдийг дэмжих.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны эрхэм зорилго нь иргэн бүрийг бие даан сурах, ажиллах чадвартай болгон төлөвшүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх таатай орчинг бий болгох, тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэх явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Яам нь дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. Бага, дунд боловсролыг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.2. Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.3. Соёл, урлагийг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.4. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх стратегийн бодлого, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлага, зохицуулалт, удирдамжаар хангах;
2.4.6. Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
2.4.7. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.4.8. Салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Стратегийн зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. Бага, дунд боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.1.2. Бага, дунд боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний боловсруулалт, хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах;
2.5.1.3. Бага, дунд боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.2.2. Мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл,арга хэмжээний боловсруулалт,хэрэгжилтийн зохицуулалтыг сайжруулах;
2.5.2.3. Мэргэжлийн боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. Соёл, урлагийг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.3.2. Соёл, урлагийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын зохицуулалтыг сайжруулах;
2.5.3.3. Соёл, урлагийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын удирдамжаар хангахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх ажлын зохицуулалтыг сайжруулах;
2.5.4.3. Шинжлэх ухаан, технологийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогыг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах;
2.5.5.2. Ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хууль тогтоомжийн дагуу худалдан авах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх;
2.5.5.3. Салбарт хэрэгжиж буй гадаад дотоодын төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүгийн зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. Салбарын статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг сайжруулах;
2.5.6.2. Салбарын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх;
2.5.6.3. Удирдлагын мэдээллийн нэгдсэн сан, сүлжээ бүрдүүлж, мэдээллээр үйлчлэх.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх;
2.5.7.2. Аппаратын ажилтнуудын өндөр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг хангаж, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
2.5.8. Үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд:
2.5.8.1. Гадаад хамтын ажиллагааны олон талт болон хоёр талт гэрээ, хэлэлцээр, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.8.2. Гадаад хамтын ажиллагааны чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулах, хурал, уулзалт зохион байгуулахад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг яамны нэгжүүдийн чиг үүрэг, төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
БСШУЯ-ны Үйл ажиллагааны стратегийн загвар
3. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх/;
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх/;
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх/;
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дараахь загварыг санал болгож байна:
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БҮТЦИЙН
ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги болон үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн чиг үүргийг дор дурдсанаар тодорхойлж байна:
3.3.1. Бага, дунд боловсролын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь цаг үеэ олсон шуурхай үйлчилгээ, мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургуулийн өмнөх, ерөнхий болон бүх нийтийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.2. Мэргэжлийн боловсролын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэл, дээд боловсрол, сургалтыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, мэргэжлийн боловсролын үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь цаг үеэ олсон шуурхай үйлчилгээ, мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, дээд боловсролын байгууллага, сургалтын төв, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.3. Соёл, урлагийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар соёл, урлагийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, соёл, урлагийг хөгжүүлэх үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь цаг үеэ олсон шуурхай үйлчилгээ, мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, соёл, урлагийн байгууллага, түүнийг ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.4. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх үндсэн үүрэг хүлээж, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үзэл баримтлал, урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө, мастер төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгж нь цаг үеэ олсон шуурхай үйлчилгээ, мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, түүнийг дэмжин тэтгэгч аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд байна.
3.3.5. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохицуулалт хийх үндсэн үүрэг хүлээж, салбарын стратеги, бодлогын арга хэмжээг санхүү, эдийн засгийн хөшүүргээр дэмжих, зардал, эдийн засгийн нэгдсэн норм, нормативыг боловсруулах, түүний үндэслэлийг сайжруулах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны удирдлага,үр ашгийг дээшлүүлэх, үндсэн хөрөнгийн менежментийг сайжруулах удирдлага, зохицуулалтаар хангаж, салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүгийн удирдлагаар хангах, зохицуулалт хийх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн сургууль, соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, цэцэрлэг, олон улсын байгууллага, иргэд байна.
3.3.6. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийж, мэдээллээр хангах үндсэн үүрэг хүлээж, салбарын статистик мэдээллийн шалгуур үзүүлэлт, бодит байдал, боловсруулалтыг сайжруулж, удирдлагын шийдвэр гаргах үндэслэлийг хангах, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон шуурхай үйлчилгээ, мэргэшлийн зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн үйлчлүүлэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Үндэсний статистикийн газар байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг,соёл, урлагийн болон эрдэм шинжилгээний байгууллага, сургууль, цэцэрлэг, олон улсын байгууллага, иргэд байна.
3.3.7. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын чадавхийг бий болгох үндсэн үүрэг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын үр нөлөөтэй арга барил, соёлыг нэвтрүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, ажиллагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог боловсронгуй болгох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчдаар яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ чиг үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад цаг үеэ олсон шуурхай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэг үзүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь нутгийн захиргааны болон соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн удирдлага, бүх шатны сургууль, цэцэрлэг, иргэд байна.
3.3.8. Гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн наймдугаар зорилтын хүрээнд салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр ашгийг дээшлүүлэх үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг төлөвлөх, зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төслийг зохицуулах, олон улсын гэрээ, конвенц, гадаад орон, яам хоорондын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд хамтран ажиллах хэрэглэгч нь Гадаад хэргийн яам, олон улсын байгууллага, төслийн нэгжүүд, төсөл хэрэгжиж байгаа бүх шатны сургууль, цэцэрлэг, соёл, урлаг, эрдэм шинжилгээний байгууллага байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A