A

A

A

Бүлэг: 1979
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН  ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
 
 
1. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
 
Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-т Үйлдвэр, худалдааны сайдын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлов.
 
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг боловсруулахдаа Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын тухай хуулийг тус тус үндэслэв.
 
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
·      Монгол Улсын Үндсэн хууль;
·      Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
·      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль; 
·      Төрийн албаны тухай хууль;
·      Ашигт малтмалын тухай хууль;
·      Газрын хэвлийн тухай хууль;
·      Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль;
·      Газрын тосны тухай хууль;
·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль;
·      Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хууль;
·      Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн аргачлал  зэрэг арга зүй, яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулсан туршлагыг хэрэглэв.
 
1.5. Чиглэлийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Үйлдвэр, худалдааны яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэх талаар үүрэг хариуцлага хүлээж Үйлдвэр, худалдааны сайд, Засгийн газарт бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Үйлдвэр, худалдааны яам нь Засгийн газрын стратегийн бодлоготой уялдуулан салбарын бодлого, төлөвлөлт болон төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд Засгийн газар, яамны өндөрлөгөөс өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ. Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий чиглэлийн яамдын нэг болох  Үйлдвэр, худалдааны яам нь Засгийн газрын үйлдвэр, худалдааны зөвлөхийн үүргийг хүлээнэ.
 
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Үйлдвэр, худалдааны яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм.
 
Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
 
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ СТРАТЕГИЙН УДИРДЛАГА,
ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ ЭХ ҮҮСВЭР
 
 
 
Үйлдвэр, худалдааны яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, Засгийн газар байна. Үйлдвэр, худалдааны яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ. Үйлдвэр, худалдааны яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр бүрээр тогтоон тус яамны зохион  байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
 
2. Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратеги
 
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
 
Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үйлдвэр, худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Үйлдвэр, худалдааны сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
 
Үйлдвэр, худалдааны яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
              
               2.2.1. Аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах, жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх;
 
               2.2.2. Үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, дэлхийн тэргүүний техник, технологийг шилжүүлэн авах, нутагшуулах үйл ажиллагааг дэмжих замаар экспортын баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
 
               2.2.3. Гадаад худалдааг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих;
 
               2.2.4. Худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэх;
 
               2.2.5. Бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж экспортыг нэмэгдүүлэх, импортын болон эх орны үйлдвэрийн бараа, түүхий эдийн бөөний худалдааны сүлжээг бүс нутгийн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн алслагдсан хэрэглэгчдийг хангахад чиглүүлэн байгуулах;
 
               2.2.6. Нутаг дэвсгэрийн геологийн судалгааны үр дүнд ашигт малтмал, газрын тосны ордын байршлын зүй тогтлыг тодорхойлох, улс орны эдийн засгийн хөгжлийн бодлого, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан ашигт малтмалын ордын нөөц өсгөх болон орд газрыг дэвшилтэт технологиор ашиглах. Энэ талаар хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндэсний хэмжээний төслийг санаачлан, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
 
               2.2.7. Эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын зээл, тусламжийн ашиглалтыг зохицуулах.  
 
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
 
Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь үйлдвэр, худалдаа, эрдэс баялаг, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарын эрх зүй, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, үндэсний хэмжээний төсөл санаачлан, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх замаар үйлдвэрлэл, худалдааны өсөлтийг хангахад оршино.
 
            2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Үйлдвэр, худалдааны яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
 
               2.4.1. Эдийн засгийн хөгжлийн нэгдсэн бодлого, стратегийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын болон үндэсний хэмжээний төслүүдийг санаачлан, тэдгээрийг хэрэгжүүлэх санхүү, зээлийн санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
 
2.4.2. Хөнгөн үйлдвэрийн салбарын ойрын болон хэтийн төлөв, хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, үндэсний хэмжээний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохицуулах;
 
2.4.3. Худалдаа, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохицуулах;
 
2.4.4. Геологи, эрдэс баялгийн болон хүнд үйлдвэрийн салбарын ойрын болон хэтийн  бодлого,  стратеги, хөтөлбөр, үндэсний хэмжээний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг  зохицуулах;
 
2.4.5. Төрийн захиргааны удирдлагын манлайлал, хүний нөөцийн удирдлагаар хангах, салбарын эрх зүйн хэтийн болон ойрын чиглэлийг тодорхойлох, хууль тогтоомжийн төсөл боловсруулах;
 
2.4.6. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, төсөв, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх;
 
2.4.7. Бодлогын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх.
 
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
 
Үйлдвэр, худалдааны яамны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
 
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
              
               2.5.1.1. Эдийн засгийн хөгжил, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нэгдсэн бодлого, стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, бодлогын удирдамжаар хангах;
              
               2.5.1.2. Эдийн засгийн хөгжлийн загварчлал, хөрөнгө оруулалтын болон төслийн зээл, лизингийн үйлчилгээ, ноу-хау, шинэ технологи зэрэг бодлого, үндэсний хэмжээний төслийн санал боловсруулах, сонирхогч талд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
              
               2.5.1.3. Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцох бодлого, чиглэлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
 
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
              
               2.5.2.1. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэр, жижиг бизнес хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, стратеги, хөтөлбөр, үндэсний хэмжээний төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
              
               2.5.2.2. Бодлого, хөтөлбөр, төсөл, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, үйлдвэрлэлийн өндөр технологи, шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
              
               2.5.2.3. Жижиг, дунд үйлдвэр, технологийн хөгжил, үйлдвэрлэлийг санхүү, хөрөнгө оруулалт, зээлийн бодлогоор дэмжих.
 
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
              
               2.5.3.1. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
 
               2.5.3.2. Худалдаа, эдийн засгийн салбарын бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, бөөний болон жижиглэн худалдаа, экспорт, импортын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, бодлого зохицуулалтын арга хэмжээ авах, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсийг байгуулах удирдамжаар хангах;
              
               2.5.3.3. Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг биелүүлэх, хоёр болон олон талт худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх.
 
2.5.4 Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
 
               2.5.4.1. Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
 
               2.5.4.2. Эдийн засгийн өндөр ач холбогдолтой уул уурхайн үйлдвэрлэл, хар болон өнгөт төмөрлөг, машины үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний хэмжээний төслүүдийг санаачлах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зээл, санхүүгийн бодлого, зохицуулалтын удирдамжаар хангах.
 
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
 
               2.5.5.1. Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
 
               2.5.5.2. Салбарын эрх зүйн хэтийн болон ойрын чиглэлийг тогтоох, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, эрх зүйн зөвлөгөө өгөх.
              
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
 
               2.5.6.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах;
 
2.5.6.2. Ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах.
 
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
              
               2.5.7.1. Салбарын бодлого, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
              
               2.5.7.2. Мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
 
2.6. Үйл ажиллагааны зорилт
 
Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
 
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
 
Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
 
 
ҮЙЛДВЭР,  ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА /БИЗНЕС/-НЫ
СТРАТЕГИЙН ЗАГВАР
 
 
               3. Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг
 
               3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
              
               Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчмыг баримтлав:
 
1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
 
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх/;
 
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын  баримжаатай байх  зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
 
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх/;
 
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны  стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
 
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх/;
 
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны  бүтцийн ерөнхий  тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
 
3.2.         Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
 
Дээр дурдсан зарчим болон Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны дор дурдсан загварыг санал болгож байна:
 
ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
 
 
3.3. Зохион байгуулалтын бүтэц
 
Үйлдвэр, худалдааны яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварт үндэслэн тус яам зохион байгуулалтын бүтцийн дор дурдсан нэгжүүдтэй  байна:
 
3.3.1. Нэгдсэн бодлого, стратегийн төлөвлөлтийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд эдийн засгийн хөгжил, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нэгдсэн бодлого, стратеги, төлөвлөгөө, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар боловсруулах үндсэн үүрэг хүлээж төслийн баримт бичиг, эдийн засгийн загварчлал, үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтын төслүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх санхүү, зээлийн санал боловсруулах, лизингийн үйлчилгээ, ноу-хау, шинэ технологийн санал, бүс нутгийн болон олон улсын худалдаа, хамтын ажиллагаанд Монгол Улсын оролцох чиглэлийг боловсруулах, тэдгээртэй холбогдсон судалгаа, шинжилгээ хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх, техник эдийн засгийн үндэслэл гаргах, шинжээчийн дүгнэлт, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Үйлдвэр, худалдааны сайдаас стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, зохицуулахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, сайд, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын нэгжийг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Сангийн яам, Зээл, тусламжийг зохицуулах зөвлөл, бусад яам, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Барилга, хот байгуулалтын яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, банк байна.
 
3.3.2. Хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
               Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг бизнес хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах үндсэн үүргийг хүлээж, бодлогын удирдамжаар хангах, бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн жижиг, дунд үйлдвэр, технологийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж зохицуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, жижиг, дунд үйлдвэр хөгжих орчин бүрдүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, үндэсний үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд Үйлдвэр, худалдааны сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн цаг үеэ олсон зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар байна.
 
            3.3.3. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
               Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүргийг хүлээж энэ салбарын бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргийг биелүүлэх, хоёр болон олон талт худалдаа, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулах бодлого чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааны хөтөлбөр, төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдааны чөлөөт бүс байгуулах бодлогын удирдамжаар хангах, дотоод худалдаа, түүхий эд бэлтгэлийн оновчтой сүлжээ байгуулах, үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны хангамжийг сайжруулах зэрэг бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн цаг үеэ олсон зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Дэлхийн худалдааны байгууллага, Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөх, худалдааны төлөөлөгч, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар байна.
 
3.3.4. Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
               Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх, тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүргийг хүлээж, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, нутаг дэвсгэрийн геологийн судалгаа, ашигт малтмал, газрын тосны эрэл хайгуулыг төсвийн хөрөнгө, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийх, нөөц өсгөх, шинэ дэвшилт технологи, арга аргачлал нэвтрүүлэх, ашигт малтмал, газрын тосны ордыг олборлох, боловсруулах, гүн боловсруулах, газрыг нөхөн  сэргээх, энэ  салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэжлийн цаг үеэ олсон зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн агентлаг, орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Байгаль орчны яам, Түлш, эрчим хүчний яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ашигт малтмал, газрын тосны асуудал эрхэлсэн агентлаг, бүх шатны Засаг дарга, тэдгээрийн Тамгын газар байна.
 
3.3.5. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барилыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийн төсөл, бодлого, хөтөлбөр боловсруулах, гэрээ хэлцэл байгуулахад эрх зүйн зөвлөгөө өгөх, яамны дотоод төлөвлөлт, хяналт, ажлаа тайлагнах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, ажиллагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, ёслолын үйл ажиллагаа эрхлэх замаар хэрэгжинэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, бусад яам, Засгийн газрын агентлаг, иргэд байна.
 
3.3.6. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх үндсэн үүрэг хүлээж, төсвийг зориулалтын дагуу зарцуулах үйл ажиллагааг эрхлэх, санхүүгийн болон нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, баланс гаргах, аудит хийлгэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн шийдвэрээр ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, яамны үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн үйлдвэр, худалдааны салбарт дотоод болон гадаад орон, олон улсын төрийн болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлангийн нэгдсэн мэдээлэл гаргана.
 
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад болон яамны аппаратад санхүүгийн үйлчилгээ, зөвлөлгөө үзүүлэх замаар хэрэгжинэ. Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь яам, сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа эрхлэж байгаа Засгийн газрын агентлаг болон төсөвт байгууллага байна.
 
3.3.7. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
 
Энэ нэгж нь үйл  ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх үндсэн үүрэг хүлээж, салбарын хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, тогтоол шийдвэрийн биелэлтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, мэдээллийн технологийг хөгжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.
 
 
 
 
 
-----оОо-----