- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-т Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Засгийн газрын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэтгэлийн стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, эрх зүйн мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх, эрхийг нь баталгаажуулах үйлчилгээг нийт хүн амд үзүүлэх, улсын хил хамгаалалт, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудлыг хамарсан Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын тухай, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
· Монгол Улсын Үндсэн хууль;
· Засгийн газрын тухай хууль;
· Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
· Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
· Төрийн албаны тухай хууль;
· Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
· Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахад олон улсын шилдэг туршлага, өөрчлөлтийн удирдлага, үйл ажиллагаа /бизнес/-ны төлөвлөлт болон дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлт зэрэг арга зүй, энэ хөтөлбөрийг өмнөх жилүүдэд боловсруулж хэрэглэсэн туршлагыг хэрэглэв.
1.5. Удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Засгийн газрын удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг хэрэгжүүлэхэд хууль зүй, дотоод хэргийн хүрээнд үүрэг, хариуцлага хүлээж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газарт дээр дурдсан хүрээнд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Хууль зүй, дотоод хэргийн яам нь эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөлт, төсвийн зарцуулалтын тэнцвэр, харилцан уялдаа холбоог хангах асуудалд өргөн хүрээтэй хандаж, зөв зохистой удирдахад анхаарлаа төвлөрүүлнэ.
Засгийн газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд оролцдог удирдлагын ерөнхий чиг үүргийн байгууллагын нэг болох Хууль зүй, дотоод хэргийн яам нь Засгийн газрын хуулийн зөвлөхийн үүрэг, хариуцлагыг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Хууль зүй, дотоод хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарагдана:
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ СТРАТЕГИЙН
УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭРЭГЦЭЭНИЙ
ЭХ ҮҮСВЭР
Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газар /Танхим/ болно. Стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг, төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Хууль зүй, дотоод хэргийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх, зөвлөгөө, бүх талын дэмжлэгээр хангах замаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сайн засаглал тогтоох;
2.2.2. Удирдлагын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог хөгжүүлэх замаар төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, иргэн, байгууллагад үзүүлэх хууль зүйн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хүргэх;
2.2.3. Хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх, сайдын эрхлэх ажлын хүрээний үйл ажиллагаанд Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө, нөөцийг хуваарилан зохицуулах;
2.2.4. Гадаад орны ижил төрлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг сайжруулах.
2.3. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхэм зорилго нь Монгол Улсын иргэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх, үүргээ биелүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Хууль зүй, дотоод хэргийн яам нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараахь үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:
2.4.1. Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн бодлогын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах;
2.4.2. Эрх зүйн шинэтгэл, бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн албан бус сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.4.3. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
2.4.4. Эрх зүйн шинэтгэл, бодлогын хэрэгжилтийн явцад хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
2.4.5. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, санхүүгийн зохицуулалтаар хангах;
2.4.6. Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
2.4.7. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг дэвшүүлэн ажиллана:
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. Эрх зүйн шинэтгэлийн стратегийг төлөвлөх;
2.5.1.2. Үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох;
2.5.1.3. Эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангах.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. Эрх зүйн шинэтгэлийн бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах;
2.5.2.2. Эрх зүйн албан бус сургалт болон хууль тогтоомжийн мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах, зохицуулах;
2.5.2.3. Орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах арга хэмжээ авах, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2.5.2.4. Шүүх, прокурор, өмгөөлөх, нотариатын байгууллагаас Засгийн газартай харилцах асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх;
2.5.2.5. Хуульд тусгайлан заасан тусгай зөвшөөрөл олгох, улсын нэгдсэн бүртгэл хөтлөх.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. Төрийн захиргаа, хүний нөөцийн манлайллыг хангах, Төрийн албаны салбар зөвлөлийн хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;
2.5.3.2. Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн явуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. Салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх;
2.5.4.2. Салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэх, хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг эрхлэх;
2.5.5.2. Ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах.
2.5.6. Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд:
2.5.6.1. Сайдын эрхлэх ажлын хүрээний гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.5.6.2. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ болон гадаад орны шүүх, арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах;
2.5.6.3. Гадаад орон, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах.
2.5.7. Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд:
2.5.7.1. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих;
2.5.7.2. Хүний эрхийн асуудлаар яам, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА /БИЗНЕС/-НЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
3. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:
1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх/;
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх/;
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх/;
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны ерөнхий загвар
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа /бизнес/-ны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
1. Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний эрх зүйн шинэтгэлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах үндсэн үүргийг хүлээж, Монгол Улс дахь хууль зүйн бодлогын стратегийг төлөвлөх, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн шинэтгэлийн бодлогын удирдамжаар хангахад мэргэшлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргахад дэмжлэг үзүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газар /Танхим/ байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Улсын Их Хурал, бусад яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ашгийн төлөө хуулийн этгээд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар байна.
2. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, эрх зүйн шинэтгэлийн бодлогыг сурталчлах, албан бус сургалтын бодлогын удирдамжаар хангах үндсэн үүргийг хүлээж эрх зүйн шинэтгэлийн бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, эрх зүйн албан бус сургалтын болон хууль тогтоомжийн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, уялдуулан зохицуулах, орон нутгийн хууль зүйн албадын харилцан ажиллагааг хангах арга хэмжээ авах, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариатын байгууллагаас Засгийн газартай харилцах асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлэх, хуульд тусгайлан заасан тусгай зөвшөөрөл олгох, улсын нэгдсэн бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад хууль тогтоомж, бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн зөвлөгөө, шуурхай үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар, шүүх, прокурор, нотариат, өмгөөллийн байгууллага, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам байна.
3. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга барилыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаас шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон бусад үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл,зөвлөгөө, дэмжлэгээр хангах, удирдлагын соёл, чадавхийг дээшлүүлэх, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх,төрийн захиргааны албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл,нийгмийн баталгааг нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам болон боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
4. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг хүлээж, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн явц, сайдын эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, салбарын төвлөрсөн бус статистик мэдээллийг эрхлэх, хууль тогтоомжийн сан бүрдүүлэх, эрх зүйн мэдээллийн цахим санг хөтлөх, мэдээллийн бусад сан бүрдүүлэх, мэдээллээр үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагааны нэг гол үүрэг нь яамны бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилт, үр дагаварт хяналт шинжилгээ хийж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, шүүх, прокурор, өмгөөлөх, нотариат, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус болон шашны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний болон хэвлэл мэдээллийн байгууллага байна.
5. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөх, зарцуулах үндсэн үүргийг хүлээж, сайдын төсвийн багц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг худалдан авах үйл ажиллагаанд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, төсөвт байгууллага, бусад хэрэглэгч байна.
6. Гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургадугаар зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ болон гадаад орны шүүх, арбитрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулах, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь гадаадын зээл, буцалтгүй тусламж, төслийг хэрэгжүүлэх хүрээнд техникийн туслалцаа авах, бусад орны ижил төстэй байгууллагын туршлагыг судлах ажлыг зохицуулах, зохион байгуулахад чиглэнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэлбэрээр Гадаад хэргийн яам, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, нутгийн өөрөө удирдах болон хууль сахиулах байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна.
7. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн долдугаар зорилтын хүрээнд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргийг хүлээж, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих, тайлан мэдээ гаргах, хорооны үйл ажиллагааг зохион байгуулахад туслах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хүний эрхийн асуудлаар яам, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хорооны хуралдааныг зохион байгуулах, салбар хороодыг мэдээллээр хангаж, мэргэшил арга зүйн туслалцаа үзүүлэх, хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь хөтөлбөрийн Үндэсний хорооны удирдлага, Хууль зүй, дотоод хэргийн сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн удирдлага, олон улсын байгууллага, гадаад орны холбогдох байгууллага, иргэд болон бусад хэрэглэгч байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A