- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
1. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/-т Эрүүл мэндийн сайдын болон Засгийн газрын танхимын шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн стратегийг төлөвлөж, бодлогын удирдамж, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх асуудлыг хамарсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны болон бүтцийн загварыг тодорхойлов.
1.2. Үндэслэл
Хөтөлбөрийг Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн "Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого"-ын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнд:
· Монгол Улсын Үндсэн хууль;
· Монгол Улсын Засгийн газрын тухай хууль;
· Яамдын эрх зүйн байдлын тухай хууль;
· Төрийн албаны тухай хууль;
· Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль;
· Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
· Эрүүл мэндийн багц хууль;
· Эрүүл мэндийн даатгалын тухай хууль;
· Бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа 1996, 2000, 2004 онд боловсруулж батлуулан хэрэгжүүлж байсан Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулсан арга зүй, төрийн байгууллагын үйл ажиллагааны стратеги, бизнес төлөвлөгөөний талаархи сургалтын материал, хүний нөөцийн болон удирдлагын гарын авлага, байгууллагын өөрчлөлтийн арга зүйг хэрэглэв.
1.5. Эрүүл мэндийн яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Эрүүл мэндийн яам нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрүүл мэндийн талаархи зорилтыг хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага хүлээж, Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын танхимд бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Эрүүл мэндийн яам нь салбарын бодлого, төлөвлөлт болон бодлогын хэрэгжилт, төсвийн зарцуулалтын тэнцвэрт харьцаа, уялдаа холбоог хангах асуудалд өргөн цар хүрээтэй хандаж, зөв зохистой удирдана. Эрүүл мэндийн яам нь Засгийн газрын эрүүл мэндийн бодлогын зөвлөхийн үүрэг хүлээнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохион байгуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, нэн ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг зөв тодорхойлох нь тус яамны үйл ажиллагааны стратегийг үндэслэл сайтай тогтооход чухал ач холбогдолтой юм. Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамрагдана:
Эрүүл мэндийн яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, Засгийн газар байна. Эрүүл мэндийн яамны бодлого, удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэнэ. Эрүүл мэндийн яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
2. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын эрхлэх ажлын хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Эрүүл мэндийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, Эрүүл мэндийн сайд, Засгийн газарт үзүүлэх зөвлөгөө, үйлчилгээ, дэмжлэгийг сайжруулах;
2.2.2. Эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхийг нэмэгдүүлж, бүтэц, үйл ажиллагааг өөрчлөн боловсронгуй болгох;
2.2.3. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн зохистой харьцаа тогтоож, хувийн хэвшлийг бүх талаар дэмжин хөгжүүлэх;
2.2.4. Эрүүл мэндийн тусламжийг хүн амд жигд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нөөцийг зөв хуваарилах чадавхийг бүрдүүлэх.
2.3. Эрхэм зорилго
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг олон улсын стандартын түвшинд ойртуулж, хүн амыг сайн сайхан амьдрах таатай орчныг бүрдүүлэх явдал мөн.
2.4. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Эрүүл мэндийн яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:
2.4.1. Эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлийг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
2.4.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний удирдлага, чанар, үр дүнг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн талаархи салбарын бодлого, үйл ажиллагааг зохицуулах;
2.4.3. Эрүүл мэндийн эдийн засаг, санхүүгийн бодлогыг тодорхойлж, үйл ажиллагааг зохицуулах;
2.4.4. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, бодлого, үйл ажиллагааг зохицуулах;
2.4.5. Эрүүл мэндийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн явц, үр дүнг тогтмол үнэлэх, цаашдын чиг хандлагыг тогтоох, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
2.5. Үйл ажиллагааны гол зорилт
2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.1.1. Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;
2.5.1.2. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.5.1.3. Эрүүл мэндийн судалгаа, шинжилгээний хэрэгцээ, чиглэлийг тогтоох, захиалан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах, стандартчиллын бодлогыг хэрэгжүүлэх;
2.5.1.4. Эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн зохистой харьцааг тогтоох;
2.5.1.5. Гадаад хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлтэй уялдуулж өргөжүүлэн хөгжүүлэх;
2.5.1.6. Эрүүл мэндийн салбарт хөгжлийн албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.5.2.1. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогыг хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах;
2.5.2.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагыг боловсронгуй болгох бодлого, шийдвэр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.5.2.3. Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
2.5.2.4. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, удирдлагыг боловсронгуй болгох;
2.5.2.5. Эмийн үндэсний бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эмийн бүртгэл, мэдээллийг бүрдүүлэх, эмийн мэдээллээр хангах;
2.5.2.6. Эмчилгээний практикт хэрэглэх эмийн аюулгүй байдал, чанарын баталгаажилтыг хангах, эмийн зохистой хэрэглээг дэмжих.
2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:
2.5.3.1. Эрүүл мэндийн салбарыг эдийн засгийн удирдлагаар хангах;
2.5.3.2. Санхүүгийн төлөвлөлт, хуваарилалтыг зохицуулах, салбарын санхүүгийн бүртгэл, тайлагналыг зохицуулах;
2.5.3.3. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн хэрэгжилтэд салбарын хэмжээнд хяналт тавих;
2.5.3.4. Санхүүгийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх.
2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.4.1. Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, сайд болон аппаратад шийдвэр боловсруулан гаргахад эрх зүйн болон дотоод дэмжлэг үзүүлэх;
2.5.4.2. Улсын Их Хурал, Засгийн газар, сайд болон аппарат, салбарын удирдлагыг төрийн захиргааны удирдлагын мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах;
2.5.4.3. Төрийн албан хаагчдыг ажлын байран дээрээ хөгжих боломжоор хангах, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх;
2.5.4.4. Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:
2.5.5.1. Хүн амын эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, тулгамдсан зорилтыг тодорхойлох;
2.5.5.2. Эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, нөөцийн байдалд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх;
2.5.5.3. Эдийн засаг, санхүүжилтийн байдалд хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх;
2.5.5.4. Эрүүл мэндийн удирдлагын мэдээлэл, мэдээллийн технологийн хөгжлийн талаар баримтлах бодлого тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах.
2.6. Үйл ажиллагааны зорилт
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус яам тодорхойлж хэрэгжүүлнэ.
2.7. Үйл ажиллагааны стратегийн загвар
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
3. Эрүүл мэндийн үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үүрэг, чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, санал болгож буй зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дор дурдсан зарчим баримтлав:
1. Яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим /тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх/;
2. Эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим /бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх/;
3. Үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим /байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх/;
4. Бүтцийн хувьд энгийн байх зарчим /яамны Төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх/;
5. Тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим /байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болохоор оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байх/;
6. Улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим /тухайн яамны төрийн захиргааны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчдэд улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй, төвийг сахисан өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх/;
7. Хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим /үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх/.
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загварыг санал болгож байна:
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загвараас тус яамны дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж гарч байна:
3.3.1. Эрүүл мэндийн бодлого төлөвлөлт эрхэлсэн бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгжийн үндсэн үүрэг нь стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд бодлого, төсөл, хөтөлбөр боловсруулах, бодлогын шинжилгээ хийх, бодлогын хувилбар гаргах, бодлогын удирдамжаар хангах, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг зохицуулах, зохион байгуулах чиглэлээр Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн болон бусад нөөцийг оновчтой хуваарилах замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагатай түншийн харилцаа тогтоох, тэдний үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, иргэд болон бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, төрийн бус зарим байгууллага байна.
Эрүүл мэндийн бодлого, хэрэгжилтийн зохицуулалт эрхэлсэн нэгжид гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан дотоод нэгж байж болно. Энэ нэгж нь гадаад хамтын ажиллагааг стратеги, бодлоготой уялдуулан хөгжүүлэх, хандивлагчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, холбогдох олон улсын байгууллага, гадаад орнуудтай эрүүл мэндийн талаар хамтран ажиллахад Эрүүл мэндийн сайдад бүх талын дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.3.2. Эмнэлгийн тусламжийн асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогыг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн удирдлагын чадавхи (менежмент)-ийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг боловсронгуй болгох үндсэн үүрэг хүлээж эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн удирдлагаар хангах, эмнэлгийн байгууллагыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, оношилгоо эмчилгээний төвийг бүсчлэн байгуулж, үйлчлэх хүрээг өргөтгөх зэрэг тусламж, үйлчилгээний бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, нутгийн захиргааны байгууллага байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээний хэрэглэгч нь эрүүл мэндийн төсөвт үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь эрүүл мэндийн байгууллагууд, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, олон улсын байгууллага болон төрийн бус зарим байгууллага байна.
Энэ нэгжийн бүтцэд эм, эмнэлгийн хэрэгслийн дотоод нэгж ажиллаж болно. Энэ нэгж нь эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эм хангамжийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хангамжийг тасралтгүй, жигд хүртээмжтэй байлгахад чиглэсэн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, эмчилгээний практикт хэрэглэх эмийн аюулгүй байдал, чанарын баталгаажилтыг хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиг үүрэгтэй. Энэ нь бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний удирдлага, нэгж болон бусад хэрэглэгчид, байгууллагуудыг эмийн талаар үнэн зөв мэдээллээр шуурхай хангах, мансуурах, сэтгэц нөлөөт эмийн эргэлтийг олон улсын конвенц, холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулах замаар хэрэгжинэ.
3.3.3. Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааг дэмжсэн эдийн засаг, санхүүгийн уян хатан тогтолцоог бүрдүүлэх, эрүүл мэндийн сайдын төсвийн багцыг төлөвлөх, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, санхүүгийн бүртгэл, хяналт тавих, зохицуулалт хийх үндсэн үүрэг хүлээж, энэ үндсэн үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх, эдийн засгийн үнэлгээ хийх, дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нь Эрүүл мэндийн сайдыг эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн удирдлага, төлөвлөлтийн удирдамжаар хангахтай холбогдсон шийдвэр боловсруулан гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж болон хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллага, иргэд болно. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам байна.
3.3.4. Төрийн захиргааны удирдлагын асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээж, яамны үйл ажиллагаанд удирдлагын шилдэг тэргүүний туршлага, арга зүйг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог бэхжүүлэх, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, захидал, өргөдөл, гомдлыг барагдуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь цомхон, чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн албаны хүчээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангахад чиглэнэ. Энэ нэгж нь Эрүүл мэндийн сайдад болон яамны аппаратад шийдвэр боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд эрх зүйн болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах, салбарын байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг хангах, төрийн албан хаагчдыг сургаж хөгжүүлэх, тэдний үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг нь үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах үйл ажиллагааг эрхэлнэ. Энэ нэгжийн бүтцэд аппаратын аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн үйл ажиллагаа хамаарна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид байх бөгөөд шууд бус хэлбэрээр энэ үйлчилгээг хэрэглэгч нь Засгийн газрын агентлаг, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
3.3.5. Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх үндсэн үүргийг хүлээж, эрүүл мэндийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, норм, норматив, стандартын хэрэгжилтийн явц байдалд хяналт шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, мэдээллийн сүлжээ, сан бүрдүүлж, мэдээллийн технологиор үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нь бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд үнэлгээ өгөх замаар яамны бүтцийн нэгжүүд, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгээр цаг тухайд нь хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Эрүүл мэндийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгж, Засгийн газрын агентлаг байх бөгөөд энэ үйлчилгээг шууд бус хэлбэрээр хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, сургалт, эрдэм шинжилгээний байгууллага байна.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A