- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН" ХӨТӨЛБӨР
"ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН" ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Экологийн цэвэр бүтээгдэхүүн, гойд чанартай шилмэл үүлдэр, омгийн мал, амьтдын зорилтот зах зээлийг бий болгох санаачилгыг дэмжинэ", "Экологийн цэвэр түүхий эд, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлнэ" гэж заасныг үндэслэн "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" хөтөлбөрийг боловсруулав.
Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улсын хувьд энэ давуу талаа ашиглан "Экологийн цэвэр бүтээгдэхүүн"-ий монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд гаргах нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарыг дэмжиж экспортыг нэмэгдүүлэх, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх болон эдийн засгийн өсөлтийг хангах шинэ чадавхи бий болгон хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.
2. Энэхүү хөтөлбөр нь "Экологийн цэвэр бүтээгдэхүүн"-ий талаар нэгдмэл ойлголтод хүрэх, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бий болгох үйлдвэрлэлийг дэмжих эрх зүй, зах зээлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэнэ. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" нь экологийн тэнцвэртэй байдал, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, эрүүл хүнс үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж дэлхий дахинд үзэж байгаа тул түүхий эдээс хэрэглэгч хүртэлх бүх шат дамжлага буюу бүтээгдэхүүнтэй харьцаж байгаа бүх үйл ажиллагаанд тавигдах шаардлага маш өндөр байдаг байна.
3. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" гэдэгт цэвэр байгалийн болон хөдөө аж ахуйн гаралтай, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлчлэлгүй, боловсруулалтын шатанд нь хэрэглэгддэг химийн болон бусад төрлийн бодис, нэмэлтүүд, тэдгээрийн хэмжээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй, байгаль орчинд халгүй технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн багтана.
4. Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд дараахь ерөнхий шаардлага тавигдана:
4.1. Газар тариалангийн болон байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй химийн бордоо, хор, пестицидийг сүүлийн 3 жилээс доошгүй хугацаанд хэрэглээгүй, тэдгээрийн үлдэгдэлгүй талбайгаас байгаль орчин, ургацад халгүй технологи ашигласан байна;
4.2. Бэлчээрийн маллагаатай буюу суурин нөхцөлд байгалийн гаралтай тэжээл ашигласан, эсхүл малыг экологийн цэвэр газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр тэжээсэн, олон улсын хэмжээнд хориглосон антибиотик, даавар, пестицид хэрэглээгүй эрүүл мал, амьтнаас эрүүл ахуй,ариун цэврийн шаардлага хангасан орчинд зөвшөөрөгдсөн арга, технологиор мал аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнийг бэлтгэж боловсруулсан байна;
4.3. Экологийн цэвэр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл нь олон улсын эгзэгтэй цэгийн хяналт /HACCP/-ын тогтолцоо, үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ нэвтрүүлсэн байх шаардлагатай бөгөөд түүхий эд нь хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүн болон цэвэр байгалийн гаралтай болох нь тогтоогдож, баталгаажсан байна. Бүтээгдэхүүний боловсруулалтын шатанд хэрэглэгдэх химийн болон бусад төрлийн бодис, нэмэлтүүд, тэдгээрийн хэмжээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бүтээгдэхүүн нь байгальд халгүй технологиор үйлдвэрлэгдсэн, түүнд агуулагдах үлдэгдэл бодисын хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байх ёстой.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт
5. Хөтөлбөрийн зорилго нь өөрийн орны онцлог, давуу талаа түшиглэн олон улсын болон үндэсний стандартын шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх замаар "Экологийн цэвэр бүтээгдэхүүн"-ий монгол брэндийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд гарган сурталчилж, эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршино.
6. Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтуудаар хэрэгжүүлнэ:
6.1. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" болон түүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн тааламжтай орчинг бүрдүүлэх;
6.2. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" болон түүнийг дэмжих хөтөлбөрийн талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ойлголт, мэдлэг бий болгох;
6.3. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг салбар бүрээр тодорхойлох, тэргүүлэх чиглэлийг тогтоох, үйлдвэрлэлийг нь дэмжих, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх;
6.4. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоод, гадаад худалдааг өргөтгөх, борлуулалтын сүлжээ-эко маркет бий болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
7. Хөтөлбөрийн зорилтыг дараахь үйл ажиллагаагаар хэрэгжүүлнэ:
7.1. Экологийн цэвэр бүтээгдэхүүн болон түүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
7.1.1. Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Хүнсний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж боловсруулах;
7.1.2. экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг татвар, зээл, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны бодлогоор дэмжих эрх зүй, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэхтэй холбогдсон асуудлыг судалж шийдвэрлэх;
7.1.3. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн"-ий үндэсний болон байгууллагын стандартыг бий болгох;
7.1.4. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" болон түүнийг үйлдвэрлэгч үйлдвэрт хяналт тавих, шалгаруулах.
7.2. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" болон хөтөлбөрийн талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд сурталчлан ойлголт, мэдлэг бий болгох зорилтын хүрээнд:
7.2.1. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" хөтөлбөрийн зорилго, ач холбогдол болон гадаад, дотоодын туршлага, сургамжийн талаар үйлдвэрлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулах;
7.2.2. экологийн цэвэр бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдэд зориулсан цуврал хичээл явуулах;
7.2.3. экологийн цэвэр бүтээгдэхүүн болон цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг хэвлэл мэдээллээр сурталчлах;
7.2.4. экологийн цэвэр бүтээгдэхүүнтэй холбогдсон хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмуудыг олон нийтэд сурталчлан таниулах.
7.3. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг салбар бүрээр тодорхойлон тэргүүлэх чиглэлийг тогтоох, үйлдвэрлэлийг дэмжих, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд:
7.3.1. экологийн цэвэр бүтээгдэхүүний дотоод болон гадаад зах зээлийн судалгаа явуулж, зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" гэсэн тодотгол бүхий бүтээгдэхүүнийг стандартын байгууллагаар хянан, баталгаажуулах;
7.3.2. экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөөцийн судалгааг бүс нутаг, салбар бүрээр гаргаж тэргүүлэх чиглэлийг тогтоох;
7.3.3. экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, баталгаажилт эрхэлдэг байгууллагад шаардлагатай боловсон хүчний судалгааг гаргах, давтан сургалт болон захиалгаар сургах ажлыг зохион байгуулах;
7.3.4. экологийн цэвэр бүсийг тогтоож, "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" үйлдвэрлэх түүхий эдийн нөөц, нэр төрлийг өргөжүүлэх, "Эко-фермерийн аж ахуй" байгуулахад дэмжлэг үзүүлэх;
7.3.5. экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлийн асуудал хариуцсан олон улсын мэргэжлийн төрөлжсөн байгууллагатай хамтран ажиллах;
7.3.6. бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар экологийн цэвэр бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг бий болгосон үйлдвэрийг урамшуулах арга хэлбэрийг бий болгох;
7.3.7. экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чиглэгдсэн шинжлэх ухаан, технологийн төсөл, судалгаа, шинжилгээний ажилд нэн тэргүүнд анхаарч, дэмжлэг үзүүлэх.
7.4. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоод, гадаад худалдааг өргөтгөн, борлуулалтын сүлжээ-эко маркет бий болгох, экспортын гарцыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:
7.4.1. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн", монгол брэндийг гадаад, дотоод зах зээлд сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулах;
7.4.2. экспортын чиг баримжаатай экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих;
7.4.3. дотоод, гадаадын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ-эко маркетийг бий болгох, гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэн явуулах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат
8. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
8.1. Нэгдүгээр үе шат-2006-2008 он: Хөтөлбөрийг сурталчлах, мэдээллээр хангах, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бүртгэх, баталгаажуулах, магадлан хянах, үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчинг бүрдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэж чадавхи бүрдүүлэх.
8.2. Хоёрдугаар шат-2009-2015 он: Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг баталгаажуулах, бүртгэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, зээл, татварын бодлогоор дэмжих, монгол брэндийг бий болгох, дотоод, гадаадын зах зээлийг өргөтгөх, борлуулалтын сүлжээ-эко маркет бий болгоход дэмжлэг үзүүлэх.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохицуулалт
9. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөл удирдан зохицуулна. Үндэсний зөвлөлийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд тэргүүлэх бөгөөд Үндэсний зөвлөл нь салбар зөвлөлтэй байж болно.
10. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд сайд, дэд сайд, холбогдох яам, агентлаг болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон байна.
11. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуйн яам боловсруулж, Үндэсний зөвлөл хянан Засгийн газар батална.
12. Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт, хамтын ажиллагаа
13. Санхүүжилт:
13.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
13.1.1. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
13.1.2. жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
13.1.3. улсын төсвийн хөрөнгө;
13.1.4. бусад эх үүсвэр.
14. Хамтын ажиллагаа
"Экологийн цэвэр бүтээгдэхүүн" хөтөлбөрийг дотоодын нөөц бололцоог дайчлан үр ашигтай хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаад орны туршлага судлах, түүнийг нэвтрүүлэх, олон улсын мэргэжлийн болон бусад төрөлжсөн байгууллагатай хамтран ажиллаж тэднээс үзүүлэх зээл, тусламж, дэмжлэгийг хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүү, мэдээллийн нэг эх үүсвэр болгон зохион байгуулна.
Долоо. Хөтөлбөрөөс гарах үр дүн, шалгуур үзүүлэлт
15. Хөтөлбөрийн үр дүн:
15.1. Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин бүрдэнэ;
15.2. "Экологийн цэвэр бүтээгдэхүүн" болон түүний үйлдвэрлэлийг баталгаажуулах тогтвортой чадавхи, бүтэц бий болно;
15.3. Экологийн цэвэр бүтээгдэхүүний брэндүүд бий болж, экспортын барааны нэр төрөл нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулна;
15.4. Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийн хөгжилд ахиц гарч, ажлын байр нэмэгдэнэ;
15.5. Фермерийн аж ахуйн хөгжилд түлхэц өгч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх шинэлэг хэлбэр үүсч бий болно;
15.6. Үйлдвэрлэлээс байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл буурна;
15.7. Өдөр тутмын хэрэглээнээс, түүний дотор хүнснээс үүдэлтэй өвчлөл буурч, хүн амын эрүүл мэндийн байдалд нааштай үр дүн бий болно;
15.8. Олон улсын тавцан дахь Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр хүнд өсч, өрсөлдөх чадвар сайжирна.
16. Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
16.1. Хөтөлбөрийн хүрээнд бий болж баталгаажсан экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэсэн хэмжээ, түүний тухайн төрлийн бүтээгдэхүүнд эзлэх хувь болон экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрийн тооны өсөлт;
16.2. Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд салбар бүрээр оруулсан дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт;
16.3. Экспортод гаргасан экологийн цэвэр бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, түүний үнийн өсөлтүүд;
16.4. Шинээр бий болсон гадаад зах зээлийн гарц, бий болсон эко-маркет сүлжээний тоо;
16.5. Шинээр бий болсон ажлын байрны тоо.
17. Тодорхой нэрийн экологийн цэвэр бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлтийг олон улсын түвшинд мөрдөж байгаа хэм хэмжээнд тулгуурлан бүтээгдэхүүний гарал үүсэл, түүхий эд, орцын найрлага, сав, баглаа боодол, үйлдвэрлэлийн орчин нөхцөл зэрэгт тавигдах ерөнхий шаардлагатай уялдуулан ангилал тус бүрээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага боловсруулан мөрдөнө.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A