A

A

A

Бүлэг: 1979
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Улсын онцгой комисс /цаашид "комисс" гэх/-оос холбогдох төрийн захиргааны байгууллага, тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаас Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн аюулаас хүн ам, мал, амьтан, хүрээлэн байгаа орчныг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээ авах, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шуурхай зохион байгуулах, хяналт тавихад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Комисс нь Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
3. Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга батална.
4. Комиссыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд тэргүүлнэ. Комиссын даргын эзгүйд мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд орлоно.
5. Комиссын хурал нийт гишүүдийн 60-аас доошгүй хувийн ирцтэй бол хүчин төгөлдөр болох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, тэмдэглэл гаргана.
6. Комиссын дарга нь холбогдох хууль тогтоомж, энэ журмаар олгогдсон үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар албан даалгавар гаргаж болно.
7. Комиссоос гаргасан шийдвэрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
8. Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг Улсын онцгой комисст онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисст тухайн шатны Засаг даргын Тамгын газар дахь онцгой байдлын асуудал эрхэлсэн нэгж, ажилтан эрхэлнэ.
 
Хоёр. Комиссын  үүрэг, эрх
9. Комисс дараахь үүрэгтэй байна:
9.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний бэлтгэлийг хангуулах ажлыг төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагаар гүйцэтгүүлэх, Засгийн газрын тогтоол шийдвэр, Монгол Улсын Ерөнхий сайдаас энэ чиглэлээр тусгайлан өгсөн үүргийг хэрэгжүүлэх;
9.2. гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулах, эдгээр арга хэмжээнд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
9.3. гамшигтай тэмцэх асуудлаар гадаад орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, арга туршлагаа харилцан солилцох;
9.4. гамшгийн цагийн байдалд өгсөн үнэлэлтийг хэлэлцэх;
9.5. гамшиг бүхий нутаг дэвсгэр, бүс нутгийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хорио цээрийн дэглэм тогтоох талаар санал боловсруулж Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах;
9.6. гамшгийн цагийн байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага, шинжээчдээр хийлгэх;
9.7. гамшгийн голомтод ажиллагсдын ажиллах журмыг тухайн нөхцөл, цагийн байдалтай уялдуулан тогтоон өгч, хэрэгжилтийн явцад хяналт тавих;
9.8. гамшгийн голомтод Засгийн газраас олгосон бараа, материал болон олон улс, хүмүүнлэгийн тусламж хүргэх болон тээвэрлэх явцад хяналт тавих;
9.9. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, нэрвэгдэгсдэд шуурхай тусламж үзүүлэх, нүүлгэн шилжүүлэх ажилд шаардагдах  хүн хүч, техник хэрэгслийг зохих журмын дагуу дайчлан гаргах асуудлыг төрийн захиргааны болон бусад байгууллага, албан тушаалтантай хамтран шийдвэрлэж зохицуулах, шаардлагатай нэмэгдэл хүн хүч, техник хэрэгсэл дайчлан гаргах санал боловсруулан зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
9.10. Комиссоос олон нийтэд хүргэх анхааруулга, санамж болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуурхай мэдээлж байх.
10. Комисс дараахь эрхтэй байна:
10.1. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын удирдлагад үүрэг даалгавар өгч, биелэлтийг  хангуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
10.2. гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, албан тушаалтан, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын аж ахуйн нэгж, иргэдийг хууль тогтоомжийн дагуу өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан татан оролцуулах;
10.3. холбогдох байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай тайлан, мэдээ, мэдээлэл, судалгаа гаргуулан авах, мэдээлэл, илтгэлийг хэлэлцэж, шийдвэр гарган биелүүлэхийг шаардах;
10.4. гамшгийн голомтод хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шалгаж дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
10.5. гамшгийн аюулаас аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд зэвсэгт хүчин болон бусад хүчний байгууллагуудын анги, салбарын бие бүрэлдэхүүн, тусгай зориулалтын техник хэрэгслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дайчлан ажиллуулах;
10.6. гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажилд шаардагдах нэмэлт зардал болон бараа материал, тоног төхөөрөмжийн тухай асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
10.7. Комиссоос олон нийтэд хүргэх анхааруулга, санамж болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхдээ хэвлэл, мэдээллийн хэрэгслийг холбогдох журмын дагуу оролцуулах.
 
Гурав. Орон нутгийн онцгой комисс
11. Улсын онцгой комиссоос баталсан үлгэрчилсэн журмыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын ажиллах журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
12. Тухайн шатны онцгой комиссын дарга нь Засаг дарга, уг комиссын орлогч дарга нь аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтсийн дарга, сум, дүүрэгт холбогдох ажилтан байна.
13. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэх, Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хангах үүрэгтэй ажиллана.
14. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс нь энэ дүрмийн 9.1, 9.2, 9.4, 9.8, 9.9, 9.10-т заасан үүргийг биелүүлэн, 10.2, 10.3, 10.4, 10.7-д заасан эрхийг эдэлнэ.
15. Аймаг, нийслэлийн онцгой комисс нь гамшгийн үед зохион байгуулсан арга хэмжээ, үр дүнг гамшгийн нөхцөл байдал дууссан тухай бүр, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан Улсын онцгой комисст танилцуулна.
 
Дөрөв. Комиссын зардал
16. Комиссын тухайн үеийн үйл ажиллагааны зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан тооцоо, Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас санхүүжүүлнэ.
17. Аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгө, зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган, зориулалтын дагуу зарцуулна.
 
Тав. Бусад зүйл
18. Комисс нь ажлын тайлангаа жил бүрийн 1 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулна.
19. Өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнд захиргааны шийтгэл ногдуулах саналаа комисс эрх бүхий холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
 
-----оОо-----