- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр
(2006-2015 он)
Улаанбаатар хот
2005 он
ОРШИЛ
Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэйн зэрэгцээ хүн амын тодорхой хэсэг бэлчээрийн мал аж ахуй эрхлэн таруу нутагладаг онцлогтой манай улсын хувьд бүс нутгуудын хэмжээнд өөрөөр хэлбэл, аймаг, сумдын оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжлийн тэргүүлэх болон стратегийн зорилтуудыг тодорхойлон хэрэгжүүлэх нь зарчмын ач холбогдолтой байна. Ийм учраас Улсын Их Хурал 2001 онд "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг, 2003 онд "Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)", "Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль"-ийг тус тус батлан гаргасан. "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д Монгол Улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын гэсэн 5 бүсээр бүсчилэн хөгжүүлэхээр заасан.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегид үндэслэн бүс бүрийн хөгжлийн хөтөлбөрийг тухайн бүсэд багтах аймгуудын оролцоотой 2003 оноос эхлэн боловсруулж, холбогдох төсөл, арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган дэс дараатай хэрэгжүүлэхийг Засгийн газарт..." даалгасан байна. Мөн Улсын Их Хурлын 2004 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Бүс нутгийн онцлогт тохирсон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ", "Бүс нутагт өндөр ач холбогдол бүхий хот, суурин газруудыг хөгжүүлэхэд замаар хот, хөдөөгийн ялгааг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ.", "Хөдөөгийн дэд бүтэц, харилцаа холбоог бүс нутгийн хэмжээнд хөгжүүлж, орон нутгийн онцлог, давуу талыг дэмжих замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нь бэхжүүлнэ." гэсэн томоохон зорилтуудыг тусгасан байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл), Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогын бусад баримт бичгийн гол санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар нь Монгол Улсын Баруун бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөрт тусгалаа олсон бөгөөд уг хөтөлбөрийг боловсруулах үзэл баримтлалын үндэс болсон юм.
Баруун бүсэд өнөөгийн байдлаар 411.6 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 16.2 хувь оршин сууж байна. 2004 оны байдлаар 1989 оны дүнтэй харьцуулахад 1000 хүнд ногдох төрөлт 46 хувиар, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт мөн тэр хэмжээгээр буурчээ. Шилжин явагчдын тоогоороо Баруун бүс улсын хэмжээнд тэргүүлж байгаа нь тус бүсэд хүн амын жилийн дундаж өсөлт буурах үндсэн шалтгаан болж байна. Хүн амын шилжих хөдөлгөөний урсгал Улаанбаатар хот болон Төвийн бүс рүү чиглэж байгаа нь манай улсын төв хэсэгт бэлчээрийн даац хэтэрч, экологийн тэнцвэрт байдал алдагдах, Баруун бүс нутагт хүн ам цөөрч нутаг орон эзгүйрэх сөрөг үр дагаврыг бий болгож байна.
Баруун бүс нь эдийн засгийн хөгжлийн түвшин бусад бүсүүдээс харьцангуй доогуур байна. 2004 оны байдлаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 342.3 мян.төгрөг байгаа нь улсын дунджаас 2.2 дахин,бусад бүсүүдээс 1.3-2.4 дахин бага байна.Баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд 75.5 хувийг хөдөө аж ахуй, 26.2 хувийг үйлчилгээ, -1.7 хувийг аж үйлдвэр, барилгын салбар эзэлж байна. Эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь харьцангуй өндөр, аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин өчүүхэн бага байгаа нь бусад бүсүүдээс ялгагдах гол онцлог мөн.
Баруун бүсэд ажилгүйдэл бусад бүсээс илүү их байна. 2004 оны байдлаар ажилгүйдлийн түвшний улсын дундаж 3.6 хувь байхад энэ бүс нутагт 5.3 хувьтай байна. Ажилгүйдлийг дагалдан ядуурал ихсэж байна.
Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудын хүрээнд шийдвэрлэвэл зохих олон асуудал хуримтлагдсан байна.
Байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой шийдвэрлэвэл зохих асуудлууд ч энэ бүсэд цөөнгүй байна. Баруун бүсийн Их нууруудын хотгорт Монгол орны нийт элсний 50 хувиас илүү нь байдаг бөгөөд хамгийн их цөлжилтөд өртсөн газар болно. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж, нийт нутгийн хэмжээгээр бэлчээрийн даац хүрэлцэхгүй байдал ажиглагдаж байна. Худаг, ус тойрсон бага хэмжээний газар олон тооны мал төвлөрч бэлчээрийн талхагдлыг ихэсгэж байна. Ойг зөвшөөрөлгүйгээр огтолж ашиглах явдал ихсэж аймгийн төв, суурин газрын ойролцоох ой модны нөөц эрс багасчээ. Элсний нүүдлийг зогсоох, цөлжилтөөс хамгаалах явдал нь энэ бүс нутгийн байгаль хамгааллын тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Баруун бүсийн хөгжлийн ойрын ирээдүйн гол стратеги нь хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчныхоо онцлогт зохицсон, мэдлэг, мэдээллийн технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан, өндөр өсөлттэй, өөрийгөө тэтгэдэг, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай бүс болоход оршиж байна.
Баруун бүсийн хөгжлийн хэтийн төлөвийг хөтөлбөрт тусгасан 2006-2010, 2011-2015 он гэсэн 2 үе шатаар, дундаж хувилбараар авч үзэхэд дараахь байдалтай байна. Үүнд:
I үе шат (2006-2010 он)-ны эцэст бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн эзлэх байр суурь сайжирч, эрдэс баялгийн үйлдвэрүүд, үйлдвэрлэл, технологийн парк, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулагдан, дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 20.0 хувиас доошгүй байх боломжтой байна. Ялангуяа Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний, Завхан аймгийн Баян-Айргийн зэс, алтны, Ховд аймгийн Мянгадын газрын ховор элементийн зэрэг эрдэс баялгийн орд газруудад түшиглэсэн олборлох үйлдвэрүүд ашиглалтад орсноор Баруун бүсийн эдийн засгийн хөгжилд томоохон өөрчлөлт гаргах болно. Мөн түүнчлэн Дөргөний болон Тайширын усан цахилгаан станц, хэвтээ, босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орно. Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин 9 дахин өсөж, ялангуяа уул уурхайн үйлдвэрлэл өндөр ач холбогдолтой байх болно. Энэ үе шатанд хүн амын ядуурлыг Мянганы хөгжлийн зорилтод дэвшүүлсний дагуу 1998 оны түвшингээс 30 хувиар бууруулах боломж бүрдэнэ.
П үе шат (2011-2015 он)-ны эцэст эдийн засгийн бүтэц ихээхэн сайжирч, дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэл, үйлчилгээ өсөн мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдах ба өмнөх шатанд байгуулагдсан уул уурхайн болон боловсруулах салбарын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа жигдрэхийн зэрэгцээ Говь-Алтайн Талын мэлтэсийн алтны орд зэрэг өндөр үр ашигтай үйлдвэрүүд шинээр ашиглалтад орох болно. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 9.7 орчим хувиар тогтвортой өсөх төлөвтэй байна. Бүсийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 11.7 хувьтай байхаар байна. Ажилгүйдэл эрс багасч, ядуурал 1998 оны түвшингээс 2 дахин бууран нийгмийн олон асуудлыг бүс биеэ даан шийдэх боломж бүрдэнэ.
Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүсийн харьцангуй хоцрогдлыг богино хугацаанд даван туулж, бүс нутгийн хүн ам төрж өссөн нутагтаа ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэх болно.
Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр нь 1) Эдийн засгийн хөгжил; 2) Нийгмийн хөгжил; 3) Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалал; 4) Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгсэл гэсэн 4 бүлгээс бүрдэж байгаа болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн талаар нарийвчлан тодорхойлох, мөн хөтөлбөрийн хэрэгжилтэд тогтмол хяналт-шинжилгээ хийж байх зорилгоор "Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ"-ний үзүүлэлтийг хавсралтаар оруулав.
Нэг. Эдийн засгийн хөгжил
1.1. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, салбарын зохистой бүтцийг бий болгох бодлого
Үндэслэл: Баруун бүс нутагт эдийн засгийн хөгжлийн түвшин бусад бүсүүдээс харьцангуй доогуур байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2004 оны байдлаар 342.3 мян.төгрөг байгаа нь улсын дунджаас 2.2 дахин, бусад бүсүүдээс 1.3-2.4 дахин бага байна.
Баруун бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд 2004 оны байдлаар хөдөө аж ахуйн салбар 75.5 хувь, аж үйлдвэрийн салбар -1.7 хувь, үйлчилгээний салбар 26.2 хувийг тус тус эзэлж байна. Энэ байдал нь хөдөө аж ахуйн салбарт байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй голлох үүрэгтэй байгаа өнөөгийн нөхцөлд бүсийн эдийн засгийн бүтэц ихээхэн хоцрогдсоныг гэрчилж байгаа юм.
Бүсийн аж үйлдвэрийн салбарын хөгжил ч ихээхэн доогуур түвшинд байна.
Баруун бүсийн хөгжлийн түвшний нэгдсэн индекс 0.177 байгаа нь Хангайн бүсээс 1.4, Төвийн бүсээс 1.7, улсын дунджаас 2 дахин бага байна. Түүнчлэн ашигт малтмалын судлагдсан нөөцийн индексийн хувьд ч бусад бүсүүдтэй харьцуулахад хамгийн бага байна.
Харин ажиллах хүчний хангалттай нөөц байгаа юм. Мөн улсын нийт малын 30 орчим хувь, хонины нэхий бэлтгэлийн 20 орчим хувь, ямааны арьс бэлтгэлийн 20 гаруй хувь, хонины ноос бэлтгэлийн 30 гаруй хувь, ямааны ноолуур бэлтгэлийн 34 орчим хувь тус бүсэд ногдож байна. Ихээхэн хэмжээний мах бэлтгэх боломж бас бий. Иймд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхий эдийн арвин их нөөцдөө тулгуурлан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломж байна.
Баруун бүс нутаг нь газрын нөөцийн хувьд газрын сангийн ангилал бүрээр бусад бүсүүдээс зарим үзүүлэлтээр давуу байна. Гэвч ашигт малтмалын хувьд улсын батлагдсан нөөцийн багахан хувийг эзэлдэг сул талтай. Эхний ээлжинд Баян-Өлгийн Асгатын мөнгөний, Завханы Баян-Айргийн зэс, алтны, Говь-Алтайн Талын мэлтэсийн алтны, Ховдын ховор металлын орд газруудыг даруй ашиглаж эхлэх талаар шийдвэртэй алхам хийн, оновчтой эзэмших, эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбооны чиглэлээр одоо хэрэгжиж эхлээд байгаа томоохон төслүүдийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлж Баруун бүсийн эдийн засгийн салбарын бүтцийг шинэчлэн сайжруулах боломж байна.
Хөгжлийн дээр дурдсан нөөц боломжуудыг бүрэн ашиглах, экосистемийн тэнцвэрт байдалд зохицсон эдийн засгийн салбарын оновчтой бүтэц, өндөр өсөлтийг бий болгох нь Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн нэн тэргүүний тулгамдсан зорилт мөн.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн эдийн засгийн салбарын бүтцийг шинэчлэн, дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 20-иос доошгүй хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эрдэс түүхий эдийн нөөцийг ашиглах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх бодлого баримтлах;
шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулах;
Засгийн газрын "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг бүсийн хэмжээнд шуурхай хэрэгжүүлэх ажлын хүрээнд эн түрүүнд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх;
хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах;
эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө бүхий салбар болгох;
бүсийн төвүүдэд Технологи дамжуулах төв байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
хилийн боомтуудын үйл ажиллагааг улам сайжруулж, дотоодын хуримтлалыг эрс нэмэгдүүлэх;
аймгуудад хүнс, өргөн хэрэглээний бараа, түүхий эдийн бөөний худалдааны сүлжээний хамрах хүрээг өргөтгөх, худалдааны чөлөөт бүс байгуулах;
уул уурхайн аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчдад зориулан эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх арга хэмжээ авах;
төсвийг макро эдийн засгийн бодлого болон бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөртэй нягт уялдуулан боловсруулах;
Баруун бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулж, банк, санхүүгийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт аж үйлдвэр, үйлчилгээний салбар тэргүүлэх байр суурьтай болох үндэс тавигдана.
Тэргүүлэх зорилт 2. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн салбарын хувийн жинг 50 гаруй хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эдийн засгийн өндөр үр ашигтай эрдэс баялгийн олборлох болон боловсруулах үйлдвэрүүдийг шинээр байгуулах;
Ховд, Улиастай хотуудад үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулж хөгжүүлэх;
Улаангом, Өлгий, Алтай хотуудад мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөтгөж, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт гадаадын зээл, тусламжийг түлхүү хуваарилуулан ашиглах талаар Засгийн газартай нягт хамтран ажиллаж дэмжлэг авах;
Ховд, Увс, Говь-Алтай аймагт барилгын материалын үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль болон нэмүү өртгийн татвараас чөлөөлүүлэх, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авах;
Бүсийн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, экспортлох зорилгоор "Нүүрс" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт аж үйлдвэрийн салбар давамгайлах үүрэг гүйцэтгэх болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 9.0 хувиас доошгүй тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бизнесийн орчинг аймаг тус бүрийн онцлогт нийцүүлэн сайжруулах;
үйлдвэрлэл, технологийн паркуудаар дамжуулан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
эрдэс баялгийн орд газруудад түшиглэсэн ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, шинээр байгуулах;
мал аж ахуй, газар тариалангийн түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, экологийн цэвэр бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх;
аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгох;
бүсийн хөгжлийн банк байгуулан ажиллуулж эхлэх.
Гарах үр дүн: Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт тогтворжиж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 11.7 хувьд хүргэж, эдийн засгийн салбарын бүтцийг улам боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлж олборлох, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт тулгуурлан бүсийн аймгууд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
нүүрс, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
хүн амын хүнс, өргөн хэрэглээний бараа, түүхий эдийн бөөний худалдааны сүлжээний хамрах хүрээг өргөтгөх;
даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг олшруулан, ялангуяа байгаль, цаг уурын эрсдэл ихтэй мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд бүрэн хамруулах;
барилгын материалын үйлдвэрлэлээр бүсийн хэрэгцээг бүрэн хангадаг болох;
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт аж үйлдвэр, үйлчилгээний салбар тэргүүлэх байр суурьтай болж, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдэнэ.
1.2. Аж үйлдвэрийн хөгжил
Үндэслэл: Баруун бүсэд нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 28.4 мянган төгрөг байгаа нь бусад бүсүүдтэй харьцуулахад хамгийн бага байгаа бөгөөд улсын дунджаас 16.4 дахин, Улаанбаатарынхаас 22.9 дахин, Хангайн бүсийнхээс 28.3 дахин бага байна.
Энэ бүс нутагт аж үйлдвэрийн салбар, түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хэт сул хөгжсөн юм. Арьс шир, ноос, ноолуур, мах, сүү зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах хөнгөн, хүнсний үйлдвэрүүд нь түүхий эдээ худалдан авах бэлэн мөнгө, эргэлтийн хөрөнгөний хуримтлалгүй, банкны зээлийн хүү өндөр, бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах, өрсөлдөх чадвар хомс зэргээс шалтгаалан үйлдвэрлэл дорвитой өсөж чадахгүй байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулалгүй экспортлох явдал давамгайлж байна.
Баруун бүс нутагт аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх түүхий эдийн нөөц харьцангуй их бий. Тухайлбал, экспортлох боломжтой улсын нийт махны 23.3 хувь тус бүсэд ногдож байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтээр Хангайн бүсийн (37.5 хувь) дараа орж байна. Иймд махны чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх замаар махны экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн хонь, ямааны ноос, ноолуур бэлтгэлийн чадавхийн хувьд баруун бүс нь улсад тэргүүлдэг бөгөөд улсын нийт хонины ноос бэлтгэлийн 30.4 хувийг, ямааны ноолуурын 33.8 хувийг, тэмээний ноосны 27.3 хувийг, адуу, үхрийн хөөврийн 18.4 хувийг тус тус бэлтгэх чадавхитай байна.
Баруун бүсийн хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 15 төрлийн ашигт малтмалын 294 орд, илэрц байгаагаас 39 нь 8 төрлийн ашигт малтмалын орд, бусад нь илрэлүүд байна. Үүнд: алтны 12, алт-холимог металлын 2, мөнгөний 1, зэсийн 2, мөнгө-холимог металлын 1, гянтболдын 3, газрын ховор элемент, төмөр ба фосфоритын тус бүр 1, нүүрсний 15 орд тус тус судлагджээ. Эдгээр ордуудад 0.5 тонн алт (Монгол Улсын бодогдсон нийт нөөцийн 0.35%), 2850.0 тн мөнгө (33.0%), 124.9 мян.тн зэс (2.0%), 33.6 мян.тн гянтболд (20.0%), 94.6 сая тн нүүрс (1.0%), 31.6 сая тн фосфорит (11.0%) агуулагдаж байна. Баруун бүсэд уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд юуны өмнө алт, алт-холимог металл, мөнгө, фосфорит, мөнгө-холимог металл, гянтболд, газрын ховор элементийн орд газруудыг ашиглах, энэ чиглэлээр хийх хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Аймгийн төв, томоохон суурин газарт хөдөө аж ахуйн түүхий эд боловсруулах зориулалт бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрүүдийг шинээр байгуулах, хуучин үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авах шаардлага их байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Нөөц нь тогтоогдсон ашигт малтмалын томоохон орд газруудыг ашиглалтад оруулах замаар бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын бүтээгдэхүүний эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ашигт малтмалын эрэл хайгуул, зураглалын ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эхний ээлжинд ашиглах боломжтой эрдэс баялгийн нөөц тогтоох, хэрэглэх шаардлагатай олборлолтын технологид дүгнэлт гаргах, олборлох, боловсруулах ажилд хяналт тавих ажлыг сайжруулах;
Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний, Улаан-Уулын гянтболдын, Завханы Баян-Айргийн зэс, алтны, Ховдын Мянгадын Халзан Бүргэтэйн ховор металлын ордуудыг ашиглалтад оруулах;
шинээр байгуулагдах уул уурхайн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарах;
ашигт малтмалын ордуудыг ашиглалтад оруулахад шаардлагатай дэд бүтэц, уурхайн цогцолборыг байгуулах асуудлыг гадаадын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх арга хэмжээ авах;
Ховд, Увс, Баян-Өлгий аймагт барилгын материалын (цемент, тоосго зэрэг), Говь-Алтай, Завхан аймагт магнезит, керамзит, төмөр бетон эдлэхүүний болон өнгөлгөөний чулуу, шохойн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
давсны ордуудыг түшиглэн химийн болон бусад төрлийн бүтээгдэхүүн гаргах олборлох болон боловсруулах үйлдвэрүүд байгуулан иоджуулсан хүнсний давсны улсын хэрэглээний 60 хувийг хангах;
Ховд аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний хайгуул хийж, нүүрсний уурхай байгуулах;
Баян-Өлгий аймгийн Нүүрст хотгор, Ховдын Хөшөөт, Увсын Хартарвагатай, Хүдэн, Ихмянган, Говь-Алтайн Зээгт, Хүрэнголын нүүрсний уурхайнуудын нүүрс олборлолтыг нэмэгдүүлж, бүсийн хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах;
нүүрсний уурхайнуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулах;
Хартарвагатайн нүүрсний уурхайн дэргэд нүүрсний хийгээр ажиллах жижиг оврын цахилгаан станц барих;
Говь-Алтай, Ховд аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
Баруун бүсийн эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан бүсийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэн өөрчлөх мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
Баруун бүсийн эрдэс баялгийн нөөцөд геологи хайгуулын иж бүрэн тандалт судалгаа хийх мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Уул уурхайн үйлдвэрлэлийн хурдацтай өсөлтийн үр дүнд бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувийн жин өснө.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн аж үйлдвэрийн салбарт боловсруулах аж үйлдвэрийн эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай импортоор оруулах техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн импортолж байгаа үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх саналыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх;
бүсийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан" байгуулж ажиллуулахыг дэмжих;
Монгол банк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж жижиг, дунд үйлдвэрт зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох, нэмж олох арга хэмжээ авах;
улсын болон орон нутгийн захиалгаар санхүүжих төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг түлхүү хамруулах бодлого баримтлах;
Ховд, Улиастай хотод холимог үйлдвэрлэлийн "Ховд", "Улиастай" үйлдвэрлэл, технологийн парк байгуулах;
орон нутгийн туршлагыг харгалзан аймгийн төвүүдэд эсгий, эсгий гутал, ноос угаах төрөлжсөн болон хоршсон үйлдвэрлэлийг өргөтгөн хөгжүүлэх;
бүсийн тулгуур төв, аймгийн төвд гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, загас, жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулж савлах, Алтайн бренди хөх арвайн гурил үйлдвэрлэх, рашаан, ингэний сүү савлах хүнсний үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулах;
сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах, мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, төрөлжүүлэн савласан мах, махан ба сүүн бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих;
малын арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийг боловсруулж гутал, дээл, нэхий эдлэл, эсгий, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд, хөнгөн үйлдвэрүүдийг шинээр байгуулахыг дэмжих;
бөөний худалдааны сүлжээг бүх аймагт бий болгон, энэ сүлжээнд хамрагдах сум, аж ахуйн нэгж, иргэдийн тоог нэмэгдүүлэх;
худалдаа, үйлчилгээний захуудыг төрөлжүүлж, хүнсний бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан битүү байртай болгон орчныг тохижуулах арга хэмжээ авах;
Баян-Өлгийн Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийг нээн ажиллуулах ажлыг зохион байгуулах;
Ярант, Хандгайтын хилийн боомтыг түшиглэн худалдааны чөлөөт бүс байгуулах;
Бургастай, Боршоо, Арцсуурь зэрэг хилийн боомтуудыг материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлж, байнгын ажиллагаатай олон улсын чанартай болгон, хилийн худалдаа, үйлчилгээг шуурхай болгох арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой өсөж, ялангуяа экспортын бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 3. Төрийн захиргааны байгууллагуудаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
төрийн захиргааны бүх шатны байгууллагаас аливаа бүртгэл, лиценз, зөвшөөрлийг цахим сүлжээгээр олгодог тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэх;
үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгжийн тоог олшруулах, бүртгэлийг хөнгөвчлөх, хураамжийг үйлчилгээний өөрийн өртөгтэй нь нийцүүлэн тогтоож мөрдөх;
нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх стандартаас бусад стандартыг аль болох зөвлөмжийн шинж чанартай болгож цөөрүүлэх;
аймаг, сумдын хэмжээнд хяналт, шалгалтын давхардлыг арилгаж, хяналт шалгалтыг бизнес эрхлэгчдэд зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангахад чиглүүлэх;
бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, хуулинд нууцад хамааруулснаас бусад шийдвэртэй иргэд чөлөөтэй танилцах орчинг бүрдүүлэх;
бизнестэй холбоотой аливаа шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэхдээ олон нийтийн саналыг урьдчилан авдаг журмыг хэвшүүлэх;
мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж, шийдвэр боловсруулах явцад оролцуулж байх.
Гарах үр дүн: Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд учирдаг саад, бэрхшээл арилж, оронд нь дэмжиж туслах арга ажиллагаа давамгайлна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 11.7 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
шинээр бий болсон болон хуучин үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн уул уурхайн үйлдвэрлэлийн жигд тогтвортой өсөлтийг хангах;
Говь-Алтайн Талын Мэлтэсийн алтны орд газрын геологи хайгуулын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулах арга хэмжээ авах;
Ховд аймгийн Олонбулагийн нүүрсний уурхайн төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшиж, Булган, Үенч, Алтай сумын нүүрсний хэрэгцээг хангах;
Завхан аймгийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах зорилгоор геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
Завханы Алдархаан сумын фосфоритын ордод нарийвчилсан хайгуул хийж, ашиглалтын асуудлыг судалж шийдвэрлэх;
бүсийн төв, томоохон хотуудад шингэрүүлсэн шатдаг хийн станц барих замаар эрчим хүчний хангамжийг сайжруулах;
Агьтхангайн эрдэнийн чулууны орд, Алагхайрханы алт, зэс, молибдены ордын геологи, хайгуулын ажлыг дуусгаж, олборлох, боловсруулах үйлдвэр байгуулах бэлтгэлийг хангах;
бүсийн аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, технологийн "холимог", "дагнасан", "тенант" хэлбэрийн парк байгуулах, өргөтгөх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх;
махны үйлдвэрлэлтэй уялдуулан арьс ширийг стандартын дагуу ангилан бэлтгэх, энэ үндсэн дээр арьс, ширэн болон савхин эдлэл, гутал, хувцас, тоноглол хэрэглэлийн үйлдвэрлэлийг өргөтгөн хөгжүүлэх;
ноос, ноолууранд анхан шатны болон гүнзгийрүүлсэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортын баримжаатай үйлдвэрүүдийг хөгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт аж үйлдвэрийн салбар тэргүүлэх байр суурийг эзэлнэ.
1.3. Хөдөө аж ахуйн хөгжил
Үндэслэл: Хөдөө аж ахуй нь Баруун бүсийн хүн амын дийлэнх хэсгийн амьжиргааны эх үүсвэрийн баталгаа болсон хэвээр байна. 2004 оны байдлаар манай улсын нийт мал сүргийн 30.4 хувь нь Баруун бүсэд ногдож байгаа бөгөөд ямааны тоо толгойгоор улсад тэргүүлж байна.
Малын тоо толгой өсөхийн хэрээр сүргийн бүтцэд зарим сөрөг өөрчлөлт гарч байна. Иймээс малын тоог сүргийн бүтэц, таваарлаг байдал, бэлчээрийн даац, усны хангамж зэрэгтэй оновчтой уялдуулан өсгөх шаардлагатай байна. Энэ үүднээс нутгийн монгол малын доторхи шилдэг омгийн малыг үржил селекцийн ажилд зохистой ашиглах шаардлагатай байна.
Бэлчээр талхлагдах болж, малчдын хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэр болох хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч түүний хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Малын ашиг шимийг бүрэн ашиглаж, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, боловсруулалт хийх ажил дутагдалтай байна. Малын гоц халдварт өвчний голомтуудтай тэмцэх шаардлага ч нэмэгдэж байна.
Баруун бүсэд өнөөгийн байдлаар нийт тариалсан талбай 1989 оны түвшингээс 70 орчим хувиар буурсан байна. 1 га-гаас авах ургацын хэмжээ ч их буурчээ. Газар тариаланд ашигладаг техник хэрэгслэл хуучирч, бүтээмж нь эрс буурав. Өмнө ашиглаж байсан услалтын системүүдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалд оржээ.
Баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд усалгаатай болон усалгаагүй тариаланг оновчтой хослуулан эрхлэх, таримлын үрийн чанарыг сайжруулах, усжуулалтыг шинэ хэлбэрээр сэргээх, техник хэрэгслээр хангах зэрэг багц асуудлуудыг иж бүрнээр нь төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх таатай орчин бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
шилмэл омгийн мал (Өлгийн улаан ямаа, казахын ууцан сүүлт хонь, цагаан толгойт үхэр, "наран", "саран" хайнаг, Завханы сартуул хонь, буурал омгийн ямаа, Увсын Баяд үүлдрийн хонь, Тэс хэвшлийн адуу, Говь-Алтай үүлдрийн хонь, Төгрөгийн хос зогдорт тэмээ г.м)-ыг малын үржил селекцийн ажилд эрчимтэй ашиглах арга хэмжээ авах;
үүлдэр, омог, гойд ашиг шимт малыг богино хугацаанд өсгөхийн тулд биотехнологийн аргыг өргөн нэвтрүүлэх, бүсийн төвд малын үржлийн биологийн лаборатори байгуулах;
цөм, торгон сүргийн болон сайжруулсан малыг аймаг, бүсийн шилмэл малын үзэсгэлэн худалдаагаар сурталчлах, борлуулах ажлыг тогтмол зохион байгуулах;
төв, суурин газрын ойролцоо нутгийн үхэр, сарлагийг мах, сүүний чиглэлээр, ямааг ноолуурын чиглэлээр сонгон үржүүлэх эрчимжсэн фермерийн болон хагас суурин аж ахуй байгуулж эрхлэхийг идэвхтэй дэмжих;
"Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх;
бөөний худалдааны сүлжээнд түшиглэн түүхий эд бэлтгэн нийлүүлэх бүсийн тогтолцоог боловсронгуй болгох;
мал аж ахуйн үйлдвэрлэлийн гол асуудлуудаар мэргэшсэн туршлагатай хүмүүсээс бүрдсэн бүс дундын ажлын хэсгийг ажиллуулан энэ салбарыг хөгжүүлэх чиг хандлагын талаар байнга үнэлэлт, дүгнэлт гаргуулж байх.
Гарах үр дүн: Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, малчдын ашиг орлого нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн онцлогт нийцүүлэн бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг өсгөн үржүүлэх бодлого хэрэгжүүлэх;
аймаг бүрийн бэлчээрийн менежментийн зураг гаргуулж мөрдөх;
бэлчээрийг хуваарьтай ашигладаг уламжлалт аргыг сэргээн баг, сумын түвшинд бэлчээр ашиглалтыг сайжруулах;
тусгай хамгаалалтын газрын орчинд нутаглаж буй малчдад бэлчээрийн газар ашиглах урт хугацааны гэрээ байгуулах боломж бүрдүүлэх талаар эрх зүйн зохицуулалт бий болгох;
бэлчээрийн үржил шимийг сайжруулахдаа экологийн тэнцвэр алдагдахаас сэргийлэх арга хэмжээ авах;
бэлчээрийн био бүтээмж, төлөв байдлыг газар зүй, уур амьсгал, хөрс болон бусад холбогдох хүчин зүйлстэй нягт шүтэлцүүлэн судалж зохицуулах үүрэг бүхий бэлчээрийн менежментийн мэдээллийн төвийг аймгуудад бий болгох;
бүс нутагт малын тэжээлийн зориулалтаар нэг наст ба олон наст ургамал тариалж байсан уламжлалыг услалтын системд түшиглэн ээлж дараатайгаар сэргээх, аажмаар өргөтгөх, олон наст ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд бэлчээрийн менежмент боловсронгуй болж бэлчээрийн даац үлэмж дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 3. Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
төрийн зохицуулалтын хөшүүргүүдийг хэрэглэн хоршоо, фермерийн аж ахуйг түргэн хурдацтай хөгжүүлэх;
үйлчилгээ, борлуулалт, хангамжийн хоршоодын үйл ажиллагааг дэмжих;
малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөлийг дэмжих;
нийт мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, фермерийн аж ахуйд өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийх аргыг нэвтрүүлэх "Үржлийн шилмэл сүрэг" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
сүүн болон махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн загвар аж ахуй байгуулах үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжиж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Мал аж ахуй дахь хөдөлмөр зохион байгуулалт сайжирч, фермерийн загвар аж ахуйнууд бий болно.
Тэргүүлэх зорилт 4. Мал, амьтныг эрүүлжүүлэх ажлыг сайжруулж, гоц халдварт өвчинтэй тэмцэх арга механизмыг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
мал эмнэлгийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах;
малын эмч нарын мэдлэг мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг бүсийн түвшинд тогтмол зохион байгуулах;
мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, үржил селекцийн ажилд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, биотехнологийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг стандартчилах;
хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, нян судлал, ийлдэс судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг боловсронгуй болгож, мал эмнэлгийн лабораториудыг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулж эхлэх;
улсын хилийн боомтуудад мал эмнэлгийн хорио цээрийн найдвартай хамгаалалт бий болгож, мал, амьтны халдварт өвчин, ялангуяа гоц халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх, нэвтрэн орж ирсэн нөхцөлд тэдгээртэй тэмцэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг бүх шатанд сайжруулж, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм, бэлдмэлийн хангамжийг сайжруулах.
Гарах үр дүн: Мал эрүүлжиж, гоц халдварт өвчний гаралт, сөрөг нөлөөлөл эрс буурна.
Тэргүүлэх зорилт 5. Газар тариалангийн үйлдвэрлэлийг жилд 7.0 хувиас доошгүй тогтвортой өсгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн газар тариаланг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах;
газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулан нийт эргэлтийн талбайн хэмжээг 1990 оны түвшингийн 80 хувьд, 1 га-гаас авах ургацын хэмжээг улсын дунджид хүргэх;
Улиастай, Ховд хот орчимд үр тариа, хүнсний ногоо тариалалтыг сэргээж, Баруун бүсийн газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн боловсруулах төв болгох;
Увс аймгийн Баруунтуруун, Хархираа, Улаанхотгорын инженерийн хийцтэй услалтын системийг сэргээх, усалгаатай тариаланг нэмэгдүүлэх;
Зүүнтуруун, Харцаган усны тариалангийн талбайг түшиглэн усалгаагүй тариаланг сэргээх;
усалгаатай газар тариалан, хүлэмжийн аж ахуйг бүх талаар дэмжиж, техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгож байх арга хэмжээ авах;
мал аж ахуй, газар тариаланг хослон эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бага оврын трактор, цахилгаан үүсгүүр, хадлангийн болон газар тариалангийн техник хэрэгслийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх арга хэмжээ авах;
газар тариалангийн техник, технологийг шинэчлэх, таримлын үрийн аж ахуйг хөгжүүлэх, хүлэмжийн аж ахуй байгуулахад "Газар тариаланг дэмжих сан"-г идэвхтэй ашиглах;
газар тариалангийн иж бүрэн механикжсан загвар аж ахуй байгуулахыг бүх талаар дэмжих;
аймгуудад үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, хүнсний ногоо, жимс жимсгэнийг нөөшлөх үйлдвэр байгуулан, сайн чанарын дарс, жимсний ундаа үйлдвэрлэн бүсийн хэрэгцээг хангах;
тариаланчдын дунд үзүүлэх сургууль, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайн чанарын үр суулгацаар хангах, үр үржүүлж буй аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх;
газар тариалан эрхлэгчдэд газрыг урт хугацаагаар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах замаар газрыг зах зээлийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх;
усалгаатай газар тариаланг хөгжүүлэх чиглэлээр зарим сумдад тариалангийн талбайд усалгааны төхөөрөмжийг шинээр суурилуулах болон шинэчлэх арга хэмжээ авах;
Говь-Алтайн Гуулингийн услалтын системийг ашиглан хунчир, чихэр өвс, зээргэнэ, лидэр зэрэг эмийн ургамлыг тарималжуулж, эмийн түүхий эд бэлтгэх, тарьц, суулгац бэлтгэн бүсийн хэрэгцээнд нийлүүлэх болон экспортлох арга хэмжээ авах;
багсармал, холимог, хорголжин болон бичил язгуур махбодын бүрэн найрлагат эрдсийн тэжээлийн үйлдвэр байгуулж, төрөл бүрийн тэжээл үйлдвэрлэж байсан уламжлалыг тусгайлсан бодлогоор бүс нутагт сэргээх.
Гарах үр дүн: Газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой өсч, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 7.4 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
малчдын үйлдвэрлэл, борлуулалт, фермерийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих;
мал аж ахуйн үйлдвэрлэлийн мэдээллийн тогтолцоог бий болгох;
бэлчээр ашиглалтын менежментийг боловсронгуй болгох;
төв, суурин газрын дэргэд мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрчимжсэн фермерийн болон хагас суурин аж ахуйг олноор байгуулж ажиллуулах;
махны чиглэлийн үүлдэр, омог, гойд ашиг шимтэй малыг биотехнологийн аргаар үржүүлэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ ямааны ба адууны мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хувилбарыг судлан хэрэгжүүлэх;
малын тэжээл үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг борлуулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
ган, зудаас хамгаалах тэжээлийн нөөцийг бий болгож, улмаар өвс тэжээл экспортлох нөхцөлийг бүрдүүлэх;
байгалийн гэнэтийн аюулаас сэргийлэх, хохирлыг бууруулах зорилгоор малын даатгалд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах;
газар тариаланд орчин үеийн техник, технологийг өргөнөөр нэвтрүүлж, га-аас авах ургацын хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Хот, суурин газрын орчим эрчимжсэн фермерийн тогтолцоо бий болж, тариаланчид, малчдын амьдрал ахуй, хөдөлмөр зохион байгуулалтад чанарын өөрчлөлт гарна.
Тэргүүлэх зорилт 2. Аймаг, сумдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлчээр ашиглалтын түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүх төрлийн худаг засварлах, барих ажлыг гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих;
сум бүрт үерийн хөв, далан байгуулах ажлыг эрчимжүүлж, бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлэх;
эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн бэлчээрт худаг гарган ашиглах үүсгэл санаачилгыг дэмжих;
бэлчээр усжуулах ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах оновчтой арга механизмыг нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Бэлчээрийн усан хангамжийн түвшин дээшилж, мал сүргийг өсгөн үржүүлэх таатай нөхцөл бүрдэнэ.
1.4. Дэд бүтцийн хөгжил
1.4.1. Зам, тээврийн хөгжил
Үндэслэл: Баруун бүсийн аймгууд төрөл бүрийн замын сүлжээний хангамжаар улсын хэмжээнд хамгийн доогуур үзүүлэлттэй (0.13) байна. Замын сүлжээний хангамжийн коэффициент Төвийн бүсийн Сэлэнгэ аймгаас 18.3 дахин, Төв аймгаас 11.4 дахин доогуур байна. Орчин үеийн сайн чанарын замын сүлжээ байхгүй байгаагаас аливаа бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний үнэ, өртөг өндөр байна.
Иймд Баруун бүсэд төрөл бүрийн замын сүлжээг, түүний дотор сайн чанарын авто замын сүлжээг хөгжүүлэх явдал тулгамдсан асуудлын нэг болжээ.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсийн нутаг дэвсгэр дэх "Мянганы зам"-ын хөндлөн тэнхлэгийн дийлэнх хэсгийг ашиглалтад оруулж, уул замаас салаалсан босоо тэнхлэгийн авто замыг барьж эхлэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Мянганы замын хэвтээ тэнхлэгийн Баруун бүсэд ногдох хэсгийн дийлэнх хувийг барьж дуусгах;
Цагааннуур-Өлгий-Ховд,Боршоо-Улаангом-Ховд, Ховд-Ярантай чиглэлээр гадаад худалдаа-тээврийн цогцолборуудыг байгуулж олон улсын хамтын ажиллагааны бүс нутгийн сүлжээнд хамруулах;
Булган-Ховд-Өлгий-Цагааннуур, Ховд-Улаангом-Хандгайт, Ханх-Мөрөн-Улиастай-Алтайн чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замыг барьж эхлэх;
Улиастай-Ховд, Алтай-Ховд, Алтай-Улиастайн хоорондох авто замыг сайжруулах;
бүсийн авто замын хөгжлийн хөтөлбөр боловсруулж, Азийн хөгжлийн банкны техник туслалцаагаар шинээр боловсруулж буй тээврийн стратеги болон авто зам хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх;
бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийн зам, талбай, гүүрийг шинэчлэн сайжруулах;
төрөл бүрийн зам тавихад төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг бүх талаар урамшуулан ашиглах;
бүсийн аймгуудын авто замын нэгдсэн сүлжээний зураглалыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн төрөл бүрийн замын сүлжээний хангамж эрс сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Зам, гүүрийн барилгын техник, технологийг байгальд халгүй, эдийн засгийн өндөр үр ашиг бүхий орчин үеийн шилдэг загварын машин техникээр шинэчилнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
зам, гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр дэмжин сайжруулах;
экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл багатай зам, барилгын техник хэрэгслийн импортыг татварын бодлогоор дэмжин урамшуулах.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээний зам, барилгын байгууллагуудын чадавхи, бүтээмж, ашигт ажиллагаа сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 3. Агаарын тээврийн үйлчилгээг өргөтгөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
агаарын тээврийн үйлчилгээний хүртээмж, тогтвортой, найдвартай байдал, ая тухыг бүрдүүлэхэд чиглүүлэн менежментийг сайжруулах;
агаарын тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог өргөтгөх;
Улаангом, Алтай, Өлгий, Улиастай хотын нисэх буудлын барилга байгууламж, нисэх, буух зурвасыг сайжруулах;
Улиастай-Донойн нисэх онгоцны буудлыг холбосон 35 км замыг хатуу хучилттай болгох;
олон улсын зорчигч болон ачаа тээврийн онгоц хүлээн авах нөхцөлийг бүрдүүлэн, БНХАУ, ОХУ-тай холбогдсон агаарын замын шугам нээх асуудлыг шийдвэрлүүлэх;
Улаанбаатараас Ховдын Булган, Увсын Баруунтурууны чиглэлд онгоц нисэх үйлчилгээг сэргээж, нисэх буух зурвасыг засч тохижуулах.
Гарах үр дүн: Агаарын тээврийн үйлчилгээний хамрах хүрээ, чанар сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 4. Авто тээврийн үйлчилгээг бүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
нийслэл болон Хангайн бүсийн аймгуудтай ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг өргөтгөх;
бүс дотоодын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний хамрах хүрээг оновчтой өргөтгөх;
бүсийн тулгуур төвүүд, аймгийн төвүүдэд зорчигч үйлчилгээний төвүүдийг шинэчлэн байгуулж эхлэх;
бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд болон Цагааннуур, Ярант зэрэг худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс, хилийн боомтуудад ачааг хүлээн авах, сэлгэн ачих цогцолбор байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн авто тээврийн орчин үеийн нэгдсэн сүлжээний үндсэн суурь тавигдсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Мянганы замын Баруун бүсийн нутаг дэвсгэр дэх хэвтээ тэнхлэгийн хэсгийг бүрэн ашиглалтад оруулж, уул замаас салаалсан босоо тэнхлэгийн авто замын зарим хэсгийг барина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замыг тавьж дуусгах;
Мянганы замаас салбарласан зарим чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох.
Гарах үр дүн: Бүсийн авто замын орчин үеийн нэгдсэн сүлжээ бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Агаарын тээврийн үйлчилгээг өргөтгөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Баруун бүсийн нийт онгоцны буудлын нисэх, буух талбайг хатуу хучилт бүхий зурвастай болгох;
агаарын тээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, нислэгийн аюулгүй байдлыг ханган, нислэгийн тоо, чиглэлийг үйлчлүүлэгчдийн эрх ашигт нийцүүлэн зохион байгуулах;
сансрын дамжуулах станц суурилуулж Ховд, Улиастайн нисэх буудлыг олон улсын буудал болгох.
Гарах үр дүн: Бүсийн агаарын тээврийн үйлчилгээний сүлжээ бий болно.
Тэргүүлэх зорилт 3. Бүсийн бүх төрлийн тээврийн үйлчилгээний оновчтой сүлжээг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн тулгуур төвүүд, аймгийн төвүүдэд зорчигч үйлчилгээний орчин үеийн шаардлагад нийцсэн төвүүдийг ажиллуулж эхлэх;
тээврийн системийн мэдээлэл дамжуулах сүлжээ байгуулах, мэдээллийн эх сурвалжууд /шатахуун түгээх станц, техникийн засвар, үйлчилгээний газар, жолооч, зорчигчийн амрах, хооллох, хоноглох буудал,... гм/-ыг сүлжээнд холбох, тээврийн хэрэгслийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох системийг нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Тээврийн үйлчилгээний орчин үеийн сүлжээ бүрдэнэ.
1.4.2. Эрчим хүчний салбарын хөгжил
Үндэслэл: Баруун бүсэд нийт 1007.5 гаруй км урт цахилгаан дамжуулах шугам байгаа нь улсын нийт цахилгаан дамжуулах шугамын 9.0 хувь болж байна. Үүнээс улсын 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын 16.1 хувь, 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын 5.5 хувь орчим нь байна. Завхан, Говь-Алтай аймаг бүхэлдээ төвийн эрчим хүчний системд холбогдоогүй тул бүсдээ цахилгаан эрчим хүчний сүлжээний хангамжаар доогуур түвшинд байна. Увс аймгийн 7 сум, Баян-Өлгий аймгийн 5 сум, Ховд аймгийн 5 сум баруун бүсийн эрчим хүчний системтэй холбогдоод байна. Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний сүлжээний хангамж улсын дунджаас ихээхэн доогуур байна.
Өнөөгийн байдлаар Баруун бүсийг ОХУ-ын Красноярскийн эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчээр хангаж байна. Цаашид энэ бүсийг өөрийн орны эрчим хүчний нэгдсэн системд холбох нь онцгой ач холбогдолтой юм. Бүсийн Завхан, Говь-Алтай аймгуудад өндөр зардалтай дизель цахилгаан станц зонхилсоор байна. Үүний зэрэгцээ тус бүс нутгийн нийт өрхийн дунджаар 50 гаруй хувийг эзэлдэг малчдыг цахилгаан эрчим хүчээр хангах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсийн эрчим хүчний системийг оновчтой өргөтгөж, найдвартай байдлыг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Говь-Алтай аймагт 11 мвт хүчин чадалтай Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах;
Говь-Алтайн Дэлгэр, Жаргалан, Халиун, Шарга, Бигэр, Тайшир сумдыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох;
Говь-Алтай аймгийн Алтай суманд нарны цахилгаан станц, Төгрөг суманд нүүрсний хийн цахилгаан станц барих;
Завхан аймгийн Яруу, Алдархаан, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Отгон, Нөмрөг, Идэр сумдыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох;
Завхан аймгийн Ургамал суманд усан цахилгаан станц барих;
Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн нүүрсний хийгээр ажиллах цахилгаан станц барьж, Завханы сумдыг холбох;
Ховд аймагт 12 мвт хүчин чадалтай Дөргөний усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулах;
Дөргөн-Мянгадын 110 киловольтын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулан баруун гурван аймгийн зарим сумдыг төвлөрсөн системд холбох;
Ховдын Үенчийн усан цахилгаан станцыг барьж, Булган, Алтай сумдыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох;
Ховд хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх;
Баян-Өлгий аймгийн Булган суманд усан цахилгаан станцыг барих, Толбо, Баяннуур, Ногооннуур, Цагааннуур сумдыг цахилгаан дамжуулах шугамаар холбох;
Увсын Хартарвагатайн нүүрсний уурхайг түшиглэн нүүрсийг хийжүүлэх технологид суурилсан хийн генераторын цахилгаан станц барих ажлыг судлан хэрэгжүүлж эхлэх;
аймгуудын "Цахилгаан түгээх сүлжээ" компаниудыг хувьчилж, менежментийг сайжруулан техник, технологийн шинэчлэлт хийх замаар шугамын болон зүй бус алдагдлыг эрс багасгах;
дулааны компаниудыг хувьчилж, менежментийг сайжруулан техник, технологийн шинэчлэлт хийж дулаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах;
бүсийн өмнөд хэсэг, алслагдсан сумдад сэргээгдэх эрчим хүч, бусад эх үүсвэр түлхүү ашиглах арга хэмжээ авах;
Гарах үр дүн: Баруун бүсийн эрчим хүчний систем өргөжин, эрчим хүчний хангамж жигд сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрчим хүчний менежментийг боловсронгуй болгож, байгаль орчинд халгүй тэргүүний техник, технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн түлш, эрчим хүчний үйлдвэрүүдэд шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, тоног төхөөрөмжийг нь иж бүрэн шинэчлэх;
Ховд аймгийн Мөст, Увс аймгийн Баруунтуруун, Завхан аймгийн Тосонцэнгэл, Идэр, Цэцэн-Уул, Завханмандал, Баянтэс сумдад бага чадлын усан цахилгаан станц байгуулж, эрчим хүчээр хангах;
Улиастайг Дөргөний усан цахилгаан станцтай холбон баруун бүсийн эрчим хүчний системийн бие даасан үйл ажиллагааг хангах;
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг болон бүс нутгийн зарим нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих;
хот суурин газруудад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нар, салхи, газрын гүний дулааныг ашиглах бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолборуудыг барьж байгуулах;
бүсийн хэмжээнд нар, салхины эрчим хүчний нөөцийг тогтоож, кадастрыг бий болгох;
ашиглах нөөц нь тогтоогдсон газруудад дунд чадлын (30-50 МВт) салхин паркууд байгуулан, эрчим хүчний төвлөрсөн системд холбон үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
говийн аймгуудад өндөр хүчдэлийн нарны цахилгаан станц байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлэх;
аймаг, сум, суурин газруудын нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхгүй байгаа, хуучирсан дулааны шугам сүлжээг өргөтгөх;
хөдөөгийн малчин айл өрхийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх;
өндөр хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах олон улсын хамтарсан судалгааны хүрээнд говийн бүсэд туршилтын нарны цахилгаан станц байгуулах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн үйл ажиллагаа жигдэрч, ашигт ажиллагааны түвшин дээшилнэ.
1.4.3. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил
Үндэслэл: Баруун бүсийн мэдээлэл, харилцаа холбооны өнөөгийн сүлжээ нь сум, багийн түвшинд хүрч хүн амын хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Үүний зэрэгцээ мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход энэ салбарын хөгжил тэргүүлэх ач холбогдолтой. Иймд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг иж бүрэн шинэчилж, эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Холбооны үйлчилгээнд өндөр хурдны сүлжээг нэвтрүүлж, хөдөлгөөнт холбоог ашиглан баг, хот айл, малчдыг холбоожуулах, мэдээллийн технологийг айл өрхөд хүргэх, холбоо мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
"Цахим Монгол" хөтөлбөр, "Мэдээлэл холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө (2002)", "Хөдөөгийн цахилгаан холбоог 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө (2003)", "Шуудангийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө (2003)"-г хэрэгжүүлэх;
аймгийн төвүүдэд холбоо, мэдээллийн төвүүд байгуулах;
эхний ээлжинд Ховд-Улаангомын чиглэлд өндөр хурдны шилэн кабелийн хот хоорондын сүлжээ байгуулах;
бүсийн аймгийн төвүүд, зарим сумдыг мэдээлэл дамжуулах шилэн кабелийн сүлжээнд холбох;
бүсийн тулгуур төвүүд, аймаг, сумдын төвд мэдээлэл холбооны технологийн шинэ төрлийн үйлчилгээг, тухайлбал алсын зайн сургалт, теле-эмчилгээний өндөр хурдны үйлчилгээг тууштай нэвтрүүлэх;
аймгийн төвүүдэд телевизийн дахин дамжуулах станцыг шинэчилж, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах;
үүрэн телефон хэрэглэгчдийн хүрээг өргөтгөх;
айл өрхийг компьютержуулах арга хэмжээ авах;
интернетийн сүлжээг бүрдүүлж, компьютер, интернет хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх;
улс орны хэмжээнд хэрэгжих нэгдсэн кодчиллын хүрээнд бүсийн мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх;
нэгдсэн код (ZIP) бүхий шуудангийн хаягийн системийг боловсронгуй болгох;
Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн сүлжээний үндэс суурь тавигдсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Холбооны үйлчилгээнд тоон системийг бүрэн нэвтрүүлж, хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбоог ашиглан баг, хот айл, малчдыг холбоожуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
орон нутгийн мэдээлэл, холбооны сүлжээний технологийн шинэчлэлтийг дуусгах;
Баруун бүсийн алслагдсан бүс нутгуудад утасгүй холбооны технологийг нэвтрүүлж бүрэн телефонжуулах;
сумын төвүүдийг шилэн кабелийн сүлжээнд өргөнөөр холбох;
үүрэн телефон хэрэглэх сонирхолтой хүн амын хэрэгцээг бүрэн хангах;
интернетийн сүлжээг сум, багийн түвшинд өргөтгөж, компьютер, интернет хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах.
Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн оновчтой сүлжээ бий болсон байна.
1.5. Аялал, жуулчлалын салбарын хөгжил
Үндэслэл: Баруун бүсэд унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон үндэстэн ястны өвөрмөц ахуй, зан үйл, түүх, соёлын эртний дурсгалууд зэрэг дотоод, гадаадын зочид жуулчдыг татах ихээхэн нөөц боломж байна. "Аялал жуулчлалыг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-нд Баруун бүсийг байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх сонирхол татахуйц бүс болгохоор тусгажээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Ховд хотын дэргэдэх Ямаат-Улаан гэдэг нүцгэн улаан буурал уул, Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуй, мөн Дархан цаазат Отгонтэнгэр уулыг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна. Мөн 1997 онд Увс нуурын ай савын Дархан цаазтай газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулан авчээ. Улаангом хотын дэргэдэх Чандмань Улаан уулын археологийн олдвор нь эртний түүх, соёлын нандин өвд зүй ёсоор тооцогддог. Эдгээрийг дэлхий дахинд өргөн сурталчилж, жуулчдын сонирхлыг татах олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.
Монгол орны үзэсгэлэнт байгаль, баруун Монголын олон ястны амьдрал ахуй зэргийг сонирхуулах өргөн боломжтой. Зэгс, хулсан шагшуурга дунд завиар аялан, ховор жигүүртэн шувууд болон усны амьтдыг үзэх, загасчлах чиглэлээр Увс нуур, мөн Хар-Ус нуурын өмнөд эргээр аялал жуулчлалын бааз байгуулах нөөц байна. Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн Алтайтаван богд, Цамбагарав, Цэнгэлхайрхан, Мөнххайрхан, Цагаандэглий, Цагааншувуут, Түргэний нуруу, Хархираа зэрэг өндөр уулсад уулын спорт, Тэс, Түргэн, Хархираа, Хангилцаг зэрэг түргэн урсгалт голуудаар, мөн Ховд аймгийн Хар-Ус нуурын хойд эргээр усан спорт хөгжүүлэх боломж бас байна. Баруун бүсэд түүх-археологийн болон шашин угсаатны зүйн чиглэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байна.
Иймд Баруун бүсэд төрөл бүрийн аялал жуулчлалыг үндсэн ба туслах маршрутаар хөгжүүлж, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг салбар болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсэд аялал жуулчлалыг эдийн засгийн бие даасан салбарын хэмжээнд хүргэж оновчтой хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
эхний ээлжинд Ховд-Хар-Ус нуурын орчимд аялал жуулчлалын цогцолбор байгуулан уулын аялал, усан болон морин спортыг хөгжүүлэх;
дотоод, гадаадын жуулчид, анчдыг хүлээн авах олон улсын зэрэглэлийн зочид буудал, жуулчдын бааз, дэн буудлын сүлжээ байгуулах;
жуулчдын баазын ойролцоо угсаатны зүйн болон бусад зан үйлийг сонирхуулах, эмнэг мал сургах, эсгий хийх, цагаан идээ боловсруулах, морин аялал хийх, үзэсгэлэн гаргаж үзүүлэх зэрэг арга хэмжээг өргөн зохион байгуулах, энэ чиглэлээр сурталчилгаа явуулах;
байгаль орчинд хоргүй, орчин үеийн технологид суурилсан эрчим хүчний эх үүсвэрээр жуулчны үйлчилгээний газруудыг хангах арга хэмжээ авах;
аялал жуулчлалын чиглэлээр гадаадын сонирхогч томоохон компаний хөрөнгө оруулалтыг татан оруулах арга хэмжээг зохион байгуулах;
дотоодын аялал жуулчлал хөгжүүлэх үүднээс юуны өмнө дотоодын амрагчид хүлээн авч байгаа Ховдын Хар-Ус нуурын жуулчдын бааз, Увс нуурын ай сав дахь Хархираа зэрэг амралт, жуулчлалын төв, Цүнхэгийн амралт, Хяргас нуурын хөвөөн дэх Хар тэрмисийн рашаан сувиллын газар, Завханы Отгонтэнгэрт буй рашаан сувиллын газар, Говь-Алтай дахь Бигэрийн бөөрний сувилал, Хүнхэрийн рашаан сувилал зэрэг амралт сувиллын газруудыг тохижуулж, хүчин чадлыг нь бүрэн ашиглах нөхцөл бүрдүүлэх.
Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар түргэн хурдацтай хөгжих үндэс суурь тавигдаж, эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
одоо ажиллаж байгаа жуулчдын бааз, амралт, сувиллын газруудыг тохижуулж, музейн үзмэрүүдийг баяжуулах арга хэмжээ авах;
аялал жуулчлалын маршрутын авто замыг сайжруулах зорилтыг дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх;
аймгийн төвүүдийн угсаатны зүйн музейнүүдийг засварлаж, музейн сан хөмрөгийг арвижуулах;
аялал жуулчлалын бүсүүдийг дотоодын болон олон улсын мэдээллийн сүлжээнд оруулж, зах зээлийн сурталчилгааг оновчтой хийх;
аялал жуулчлалын маршрутын дагуухь түүх соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг идэвхжүүлэх;
зочид буудал, ангийн отог, зоогийн газар зэрэг үйлчилгээний газруудыг өргөтгөн тохижуулах;
аялал жуулчлалын отог, баазуудын менежментийг сайжруулах зорилгоор ажиллагсдыг нь төрөлжсөн сургалтад хамруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх;
жуулчдын бааз, амралт сувиллын газрууд, аймаг орон нутгийн удирдлагатай нягт хамтран ажилладаг нөхцөл бүрдүүлэх.
Гарах үр дүн: Дотоод, гадаадын жуулчдын хэрэгцээ, сонирхолд нийцэхүйц материаллаг бааз бий болон, аялал жуулчлалын менежмент сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Аялал жуулчлалын салбарыг бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл
Ховд-Хар-Ус нуурын орчимд байгуулсан аялал жуулчлалын цогцолборыг Баруун бүсийн загвар бааз болгон хөгжүүлэх;
Баян-Өлгий аймаг дахь чулуун галерей гэж нэрлэгдэх арваад мянган бул чулуунд сийлсэн 70 гаруй мянган зурагтай "Бага Ойгорын хадны сүг зураг", Алтайтаван богд, Цамбагарав, Цэнгэлхайрхан, Мөнххайрхан зэрэг мөнх цаст уулсын чиглэлээр аяллын маршрутууд гарган аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх;
Говь-Алтайг байгалийн шинжлэл, рашаан сувиллын бүс нутгийн жишгээр хөгжүүлэх зорилт тавин Алтай хот-Хүнхэр-Эрээн нуурын чиглэлд (320 км), Алтай хот-Бигэр-Цагаан хаалганы хүрхрээ-Ээж хайрхан уул-Их говийн дархан газрын чиглэлд (600 орчим км), Алтай хот-Шарга-Цагааннуур-Гурван Уул-Тахийн талын чиглэлд (700 км) гэсэн маршрутаар экотуризм хөгжүүлэх, энэ зорилгоор Алтай хотод олон улсын зэрэглэлийн зочид буудал, Эрээн нуур, Төгрөг, Ээж хайрхан уулын ойролцоо улирлын чанартай жуулчдын баазыг байгуулж эхлэх;
Завхан аймагт Отгонтэнгэр, Булнай, Хангайн нурууны өндөр уулс, Их монголын элсэн манхан, Завхан, Идэр, Тэсийн түргэн урсгалт голууд, Отгон, Тэлмэн, Түдэвтэй сумын үзэсгэлэнт газрууд болон нууруудыг түшиглэн аялал жуулчлалын бааз, отгууд байгуулах;
Увс аймагт эртний Түрэг-Монголын хүн чулуунууд, үзэсгэлэнт газар нутгаа ашиглан Дархан цаазат газрын бүс, Хяргас-Айргийн хоолойн бүс, Говь-Хангайн хосломол маршрут, Уулын спорт-аяллын бүс, ангийн отгууд бүхий бүсүүдээр төрөлжүүлэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх;
Ази, Европ, Номхон далайн орнуудад нэн түрүүнд сурталчлах замаар энэ бүс нутгийг олон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамруулах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Баруун бүсийн аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдээр аялах амрагч, жуулчдын тоо олшрон, бүсийн эдийн засгийн өсөлтэд энэ салбарын эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Аялал жуулчлалын материаллаг баазыг бэхжүүлэн, менежментийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Баруун бүсийн аймгуудын олон ястны соёл урлаг, ардын өв уламжлалыг харгалзан бүсийн тулгуур төв-Ховд, Улиастай хотод баруун бүсийн соёл урлагийн болон спортын төв цогцолборуудыг барих;
аялал жуулчлал хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн дагуу орчин үеийн зочид буудал, жуулчны бааз, нүүдлийн отог шинээр барьж тохижуулан үйлчилгээний төрлийг олшруулах;
шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бүсийн төвүүдэд бэлтгэх арга хэмжээ авах;
аялал жуулчлалд хөрөнгө оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөхиүлэн дэмжиж, жуулчдад хандсан сурталчилгааг өргөтгөх.
Гарах үр дүн: Баруун бүсийн эдийн засагт аялал жуулчлалын салбар тэргүүлэх үүрэгтэй болсон байна.
Хоёр. Нийгмийн хөгжил
2.1. Хүн амын өсөлт, хүний хөгжлийг хангах талаар
Үндэслэл: Баруун бүсэд 2004 оны байдлаар 411.6 мянган хүн оршин сууж байгаа нь улсын нийт хүн амын 16.2 хувьтай тэнцэж байна. Нэг ам дөрвөлжин километр нутаг дэвсгэрт 0.99 хүн ногддог нь улсын хүн амын нягтралын дундаж (1.62)-тай харьцуулахад даруй 38.9 хувиар доогуур байна.
2004 оны байдлаар 1989 оны дүнтэй харьцуулахад 1000 хүнд ногдох төрөлт 46 хувиар, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт мөн тэр хэмжээгээр буурчээ. Шилжин явагчдын тоогоор Баруун бүс улсын хэмжээнд тэргүүлж байгаа нь тус бүсэд хүн амын жилийн дундаж өсөлт буурах үндсэн шалтгаан болж байна.
Хүн амын шилжих хөдөлгөөний урсгал Улаанбаатар хот болон төв хэсгийн томоохон хот суурин газруудыг чиглэсэн шилжих хөдөлгөөнтэй холбоотой байна. Шилжин явагсад амьжиргааныхаа эх сурвалж болсон мал сүргээ тууварлан авч одох нь түгээмэл үзэгдэл болжээ. Ийм байдлаас үүдэн улсын төв хэсэгт бэлчээрийн даац хэтэрч, экологийн тэнцвэрт байдал алдагдах аюул нүүрлэж, бүс нутагт хүн ам хэт цөөрч нутаг орон эзгүйрэх хандлага ч бий болж байна.
Монгол Улсын хүний хөгжлийн индекс (ХХИ) 2002 онд 0.679 байгаатай харьцуулбал Баруун бүсийн хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлт харьцангуй доогуур түвшинд (0.652) байна.
Баруун бүсэд гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг сааруулж, хүн амын өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, хүний хөгжлийн түвшинг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг 0.6 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс, аймаг, сумдын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлдэг механизм бий болгох;
залуу гэр бүл, шинээр төрсөн хүүхдийг дэмжих сан байгуулж ажиллуулах;
бүсийн тулгуур төвүүд болон орон нутгийн хөгжлийн хотууд, сумдын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх замаар хүн ам төрж, өссөн нутагтаа тогтвор сууршилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
хот, хөдөөгийн иргэдийн амьжиргааны түвшингийн ялгааг багасгаж, улмаар адил тэгш болгох боломжоор хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх;
амьдралын таатай нөхцөлийг бүрдүүлснээр 2010 он гэхэд хүн амын дундаж наслалтыг 64-т хүргэх;
бичиг үсэг үл мэдэх явдал, сургууль завсардалтыг арилгах, улмаар боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын жилийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, бүсийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.660-аас бууруулахгүй байна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс, аймаг, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг баазыг бэхжүүлэн, сургалтын чанарыг сайжруулах;
эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг тууштай сайжруулах;
бүсийн эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, салбарын бүтцийг шинэчлэх бодлоготой уялдуулан хүн амын орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Нийт бүсийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн үзүүлэлтүүд чанаржих хандлагатай болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг 0.7 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс, аймаг, сумдын түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг улам боловсронгуй болгох;
бүсийн эдийн засгийн өсөлтийг түргэсгэн ажлын байрны хангамжийг сайжруулах замаар шилжих хөдөлгөөнийг эрс бууруулах;
төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээнд хамрах хүрээг өргөтгөх;
нийгэм, эдийн засаг, орчин ахуйн ая таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар 2015 он гэхэд бүсийн хүн амын наслалтыг дунджаар 65-д хүргэх;
бүс, аймаг, сумдын түвшинд хүн амын бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, насан туршдаа боловсролоо дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх.
Гарах үр дүн: Хүн амын жилийн дундаж өсөлт тогтворжиж, улмаар нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүнийг хөгжүүлэх боломжийг бүрэн ашиглах замаар бүсийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.670-аас бууруулахгүй байна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавьж, бүс, аймаг, сумдын түвшинд хүн амын орлогыг нэмэгдүүлэх, боловсролын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэх;
албан ба албан бус боловсролын тогтолцоог боловсронгуй болгож, бүх шатны боловсролын хүртээмжийг сайжруулах;
нийт малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга, хэлбэрийг сонгон нэвтрүүлэх;
үйлдвэрлэлийн салбарын бүтэц, өсөлттэй уялдуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог оновчтой болгох.
Гарах үр дүн: Хүний хөгжлийн индексийн үзүүлэлтүүдээр улсын дундаж түвшинд хүрнэ.
2.2. Хэрэглээний бүтцийг сайжруулах талаар
Үндэслэл: Баруун бүсийн хүн амын хэрэглээний бүтцэд сүүлийн жилүүдэд эерэг өөрчлөлт гарч байгаа боловч хэрэглээний нэр төрөл харьцангуй цөөн, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага зохих түвшинд хангагдахгүй байна.
Хөдөөгийн болон суурин газрын чинээлэг, ядуу иргэдийн хооронд хэрэглээний нэр төрөл, чанарын ялгаа өндөр зөрүүтэй байна. Төв, суурин газрын хүн амын хүнсний хэрэглээнд гурил, будаа, саахар, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг зонхилж байхад хөдөөгийнхний хэрэглээ мах, сүү, гурил, будаанаас төдийлөн хэтэрч чадахгүй байна. Ялангуяа ядуу, нэн ядуу өрхийн хэрэглээний түвшин үлэмж дор байна.
Үйлдвэрлэл, үйлчилгээнд ч техник, технологийн хоцрогдлоос үүдсэн үрэлгэн, зохисгүй хэрэглээ зонхилсоор байна. Цэвэр, бохир усны шугам, цэвэрлэх байгууламжтай сумын төв бараг байхгүй байна.
Иймд хүн амын чинээлэг болон ядуу хэсгийн хэрэглээний түвшингийн зөрүүг багасгаж нэр төрөл, чанарт нь ахиц гаргах, үйлдвэрлэлийн хэрэглээг өөрчлөн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг зохисгүй хэрэглээг халж, ухаалаг, чанартай хэрэглээг бий болгон төлөвшүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүс нутгийн хэмжээнд хүнсний барааны хангамжийг сайжруулж, хүнсний болон ахуйн шинэ зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
өргөн хэрэглээний барааны бөөний худалдааны сүлжээ, түүхий эдийн зах, үйлчилгээний цогцолборуудыг хөгжүүлэх;
"Ногоон хувьсгал", "Цагаан хувьсгал", "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба хоол тэжээл" үндэсний хөтөлбөрүүдийг бүсийн хэмжээнд эрчимтэй хэрэгжүүлэх;
бүсийн хүн амын хоол хүнсний физиологийн нормыг нас, хүйсний онцлогт нийцүүлэн шинэчлэн тогтоож мөрдөх;
баяжуулсан болон зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх;
түүхий эдийн нөөцдөө тулгуурлан экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх;
хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний 60 хүртэл хувийг, цөцгийн тосны 40 хувийг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангах;
сумдын төв, өрхийн аж ахуйд тахиа, шувуу, гахайн аж ахуйг хөгжүүлэн өндөг, тахиа, гахайн махны хангамжийг сайжруулах;
жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр урамшуулах арга хэмжээ авах;
хүн амын эмзэг хэсэгт хамрагдаж байгаа хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг иоджуулсан давс, бичил бодисоор баяжуулсан гурилаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
Гарах үр дүн: 2003 оны түвшинтэй харьцуулахад бүсийн хүн амын төмс, хүнсний ногооны хангамж 10-20 хувь, жимс жимсгэний хангамж 10 хувь, цөцгийн тосны хангамж 50-60 хувь, загас, загасан бүтээгдэхүүний хангамж 5 хувь өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амд ухаалаг, зохистой хэрэглээний мэдлэг олгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
зохистой хэрэглээг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрөлжсөн болон сэдэвчилсэн сургалтууд тогтмол зохион байгуулах;
хүн амд иоджуулсан давс, баяжуулсан хүнс хэрэглэж сургах сургалтууд тогтмол зохион байгуулах;
хүний эрүүл мэндэд хортой архи, тамхи болон стандартын бус бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилгоор энэ талын сургалт, сурталчилгааг өргөтгөх;
хүн амд зохистой хэрэглээний талаар сургалт, сурталчилгаа явуулахдаа боловсрол, соёл, харилцаа холбооны байгууллагуудыг өргөн ашиглах.
Гарах үр дүн: Хүн амын хэрэглээний мэдлэг төлөвшиж, амьдралын байнгын хэвшил болох үндэс суурь тавигдана.
Тэргүүлэх зорилт 3. Байгаль орчинд хоргүй, дэвшилтэт технологийг тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн зохистой хэрэглээ бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
дэвшилтэт техник, технологи бүхий жижиг, дунд үйлдвэрүүдийг бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвд байгуулах замаар үйлдвэрлэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
түлшний модны хэрэглээг багасган байгалийн хий болон бусад төрлийн түлш ашиглах, барилга, модон эдлэлийн үйлдвэрлэлд өөр нэр төрлийн материал орлуулан хэрэглэхийг дэмжин урамшуулах;
ундны усны баталгаат эх үүсвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
үйлдвэрлэлийн хог хаягдлыг хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, хортой хаягдлыг устгах зориулалт бүхий үйлдвэрлэлийг шинээр бий болгон хөгжүүлэх;
хог хаягдал, бохир ус зайлуулах, устгах, ялган боловсруулах, цэвэршүүлэх төсөл шалгаруулан аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх;
үйлдвэрлэлийн болон хүн амын хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулж ашиглах;
орчныг бохирдуулагч нь илүү төлбөр төлөх зарчмыг тууштай хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Орчин үеийн технологид суурилсан жижиг, дунд үйлдвэрлэл хөгжин үйлдвэрлэлийн хэрэглээ шинэчлэгдэх үндэс суурь тавигдсан байна.
Тэргүүлэх зорилт 4. Төв, суурин газрын гэр хорооллын хүн амын усан хангамжийн түвшинг дээшлүүлж, усны зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
төв, суурин газрын цэвэр, бохир усны системийн техник технологийг шинэчлэх зорилгоор бүсийн аймгийн төвүүдэд цэвэр ус дамжуулах шугам тавих, гэр хорооллын усан хангамжийг сайжруулах;
төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбогдоогүй газруудыг уг сүлжээнд хамруулах;
эрдэсжилт өндөр болон хатуулаг ихтэй усны чанарт хяналт-шинжилгээ хийх, ус цэвэршүүлэх тоног төхөөрмжийн хангамжийг сайжруулах;
стандартын шаардлага хангадаггүй ахуйн хэрэглээний усны эх үүсвэртэй төв, суурин газар, цэргийн ангид ус цэвэршүүлэх техник, технологи нэвтрүүлэх;
хөдөө орон нутагт гүний худгийг сэргээн засварлаж, дундын эзэмшлийн гэрээ байгуулах замаар эзэнтэй болгож, хүн амын цэвэр усны хүртээмжийг сайжруулах;
найрлагын хувьд стандартын шаардлага хангасан цэвэр ус, рашаан савлах жижиг, дунд үйлдвэр байгуулахыг бүх талаар дэмжих;
гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, усны зохистой хэрэглээг бий болгоход хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн хөшүүргүүдийг хэрэглэх;
усыг зохистой хэрэглэх, хадгалж хамгаалах талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах.
Гарах үр дүн: Хүн амын усан хангамжийн болон ундны усны эрүүл ахуйн стандартын шаардлага хангах түвшин мэдэгдэхүйц дээшилнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтцийг өөрчлөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх замаар аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цөцгийн тосны үйлдвэрлэлийг өсгөн, дотоодын зах зээлд загас, загасан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол нэмэгдүүлэх;
хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг 60-70 хүртэл хувиар өсгөх арга хэмжээ авах;
аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжин хүнсний шинэ бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах;
хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний барааны чанар, стандарт, эрүүл ахуйн үзүүлэлтийг өндөр нарийвчлалтай баталгаажуулдаг тогтолцоог бий болгох;
бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, ахмад настны болон тусгай хоол хэрэглэдэг бүлгийн хүмүүсийн хоол тэжээлийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээний сүлжээг бий болгох;
бичил бүсийн болон сумын төвүүдэд зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалтуудыг чанаржуулан тогтмол зохион байгуулах.
Гарах үр дүн: 2003 оны түвшинтэй харьцуулахад төмс, хүнсний ногооны хангамж 30 хувь, жимс жимсгэний хангамж 15 хувь, загас, загасан бүтээгдэхүүний хангамж 10 хувь өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Байгаль орчинд халгүй, дэвшилтэт технологийг тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлд зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
түлшний мод хэрэглэхийг багасган байгалийн хий болон бусад төрлийн түлш хэрэглэх, барилга, модон эдлэлийн үйлдвэрлэлд өөр төрлийн материал орлуулан ашиглахад чиглэсэн дэвшилтэт технологийг дэмжин урамшуулах;
баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах чиглэл бүхий үйлдвэрүүдийг түлхүү дэмжих;
байгаль орчинд халгүй, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор энэ талын хяналтыг хүчтэй болгох арга хэмжээ авах;
бүсийн аймгуудад үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг төрөлжүүлэн дахин боловсруулах үйлдвэрүүд байгуулах.
Гарах үр дүн: Үйлдвэрлэлийн хэрэглээний бүтэц, чанарт өөрчлөлт гарч, хүн амын эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Төв, суурин газрын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах ажлыг сайжруулж, усан хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
төв, суурин газрын хүн амын ундны ба ахуйн хэрэглээний усны эх үүсвэрт ариун цэвэр, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, тохижуулах ажлыг сайжруулах;
бүсийн аймгуудын ундны усны зарим шинэ эх үүсвэрийг судлан тогтоож, сумын ундны усны худгуудад цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулан, усны чанар, хангамжийг сайжруулах;
эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр ус савлан, хот, хөдөөгийн иргэдийн эрэлт хэрэгцээг хангах ажлыг өргөтгөх;
усыг ариг гамтай хэрэглэх талаархи мэдээлэл, сурталчилгааг тогтмолжуулах.
Гарах үр дүн: Хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангах боломж, нөхцөл сайжирна.
2.3. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар
Үндэслэл: 2004 оны байдлаар ажилгүйдлийн түвшний улсын дундаж 3.6 хувь байхад Баруун бүсэд 5.3 хувьтай байна.
Энэ нь Баруун бүсийн эдийн засгийн хөгжлийн түвшин бусад бүсээс харьцангуй доогуур байгаатай шууд холбоотой. Шилжилтийн эхний жилүүдэд улсын хэмжээгээр үндэсний орлого огцом буурч, ажилгүйдэл ихсэн, инфляци огцом өсөж, нийгмийн салбарын санхүүжилт буурснаар ядуурал газар авсан билээ. Өмнөх тогтолцооны үед бий болсон ажлын байрууд үгүй болж тэндээс амьжиргаагаа залгуулж байсан хүмүүсийн ихэнх нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж орсон ба нэлээд хэсэг нь шилжсэн байна. Нөгөө талаар иргэд бизнес эрхлэж бие даан амьдрах мэдлэг, дадлага, туршлага дутмаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс салж чадахгүй байгаагаас ажилгүйдлийг дагасан ядуурал өсч байна. Баруун бүсэд сүүлийн жилүүдэд жил дараалан тохиолдсон ган, зудад нэрвэгдсэн олон айл өрх малгүй болж, сум, аймгийн төв болон хот, суурин газрыг барааджээ.
2002-2003 оны өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгааны дүнгээр Баруун бүсэд ядуурлын хамралтын хүрээ 51.1 хувь, ядуурлын гүнзгийрэлт 14.6 хувь, ядуурлын мэдрэмж 5.7 хувьтай байна. Судалгаагаар малчин өрхийн нэг хүнд ногдох малын тоо 20 бодоос дээш байж ядууралд хамрагдахгүй байх боломжтой. Гэтэл Баруун бүсийн олонхи малчин өрхийн нэг хүнд ногдох малын тоо 20 бодоос доогуур байна. Иймд ажилгүйдлийн түвшинг энэ бүс нутагт эрс бууруулж, хүн амыг ядуурлаас гаргах талаар дорвитой алхмууд хийх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ажилгүйдлийн түвшинг бууруулж, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн нийгмийн хамгаалал, халамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
сум, бичил бүсийн төвийн түвшинд "Нийгмийн халамж, үйлчилгээний төв", орон нутгийн хөгжлийн төвүүдэд Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, тулгуур төв хотуудад нийгмийн хамгаалал, даатгал, хөдөлмөр эрхлэлтийн иж бүрэн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх "Нийгмийн хамгааллын төв"-ийг ажиллуулах;
бүсийн төвүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээлэл сургалтын төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээгээр үйлчилдэг болох;
сумын нийгмийн үйлчилгээний төв, аймгуудын нийгмийн халамжийн албадын ажилтнуудыг бүсчилсэн байдлаар давтан сургах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
Улаангом хот дахь "Улаангом" коллежийг түшиглэн хөдөлмөр эрхлэлтийн мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх чиг үүрэг бүхий "Бүсийн арга зүйн төв" байгуулах;
сум дундын нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулан, өргөжүүлэх;
нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд бүсийн хүн амыг бүрэн хамруулах;
сайн дурын үндсэн дээр хөдөлмөр, хөрөнгөө нэгтгэн хоршоо, фермерийн аж ахуй, нөхөрлөл байгуулахыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөтгөх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх;
ядуурлаас өөрөө гарах гэсэн иргэдийн санал санаачилгыг төр, олон нийт, аж ахуйн байгууллагууд дэмжиж, энэ талын сургалт, сурталчилгааг өргөтгөх;
ажилгүй иргэдэд шинэ мэргэжил олгох, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулсан ажил олгогчдыг урамшуулан дэмжих;
хөдөлмөр эрхлэлтийн албаны үйл ажиллагааг өргөтгөх, дотоод, гадаадын хөдөлмөр-зуучлалын үйлчилгээ үзүүлж эхлэх;
малчдыг мал аж ахуйн бус орлогын эх үүсвэртэй болох нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;
ядуурлыг бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудыг өргөнөөр оролцуулах.
Гарах үр дүн: Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо 2002 оны түвшингээс 30 хувиар, ажилгүйдлийн түвшин 3.0 хувь болж тус тус буурсан байна.
Тэргүүлэх зорилт 2. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн халамж, үйлчилгээг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бичил бүс, аймгийн төвүүдэд ажилгүйчүүд, нийгмийн ядуу хэсэгт зориулсан мэргэжил олгох чиг үүрэг бүхий хөдөлмөр эрхлэлтийн болон сургалтын төвүүдийг байгуулж, ажиллуулах;
"Тогтвортой амьжиргааг дэмжих" төслийн хүрээнд ядуу, эмзэг хэсэгт туслах зорилгоор санхүүгийн үйлчилгээг сайжруулах;
бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдийг байрлуулж хооллон, сургалт явуулах халамжийн төвүүдийн үйлчилгээг нэмэгдүүлэн, амьдралын арга ухааныг зааж сургах ажлыг өргөжүүлэх;
ядуу иргэд, орон гэргүй хүмүүсийг гэр, хашаа, орон сууц худалдан авах, барих, орон байраа өргөтгөх, засварлах боломж олгох зорилгоор орон сууцны зээлийн үйлчилгээг сайжруулах;
хоол тэжээлийн дутагдалд орж буй шалтгаан, нийгмийн үр дагаврыг судлан ядуу иргэдийн хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
тахир дутуу иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх;
ахмад настанд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй болгох.
Гарах үр дүн: Эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоо боловсронгуй болж, иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх, иргэдийг амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болгож, нийгмийн хамгааллын хүртээмж, үйлчилгээг шинэ шатанд гаргана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршоо, фермерийн аж ахуй байгуулах, аялал жуулчлал хөгжүүлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийг бүх талаар дэмжих;
бичил аж ахуйн нэгжийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор бизнес-инкубаторын төвийг бүсийн аймгуудад байгуулах;
залуучуудад ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлэх;
"Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих" дэд хөтөлбөрийг хоршоо, фермерийг дэмжих бодлоготой нягт уялдуулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Ажилгүйдлийн түвшин 2.0 хувь, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн хувь хэмжээ хоёр дахин буурна.
Тэргүүлэх зорилт 2. Нэн ядуу иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагааг чанаржуулж, бүтэн өнчин, орон гэргүй, тэнэмэл болон нэн ядуу өрхийн хүүхдийг байрлуулж хооллон, сургалт явуулах халамж үйлчилгээний төвүүдийг шаардлагатай газарт шинээр байгуулж, амьдралын арга ухааныг зааж сургах;
хөдөлмөр эрхлээгүй хүмүүс, ялангуяа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг дэд бүтэц, хот, нийтийн аж ахуйн болон нийгмийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, үйлчилгээний зарим ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тогтолцоонд шилжих;
"Нийгмийн халамжийн сан"-гийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх;
тахир дутуу иргэдэд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээний хүрээ, хүртээмжийг тэдний амьдралын чанар, онцлогийг харгалзан нэмэгдүүлэх;
ахмад настанд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг сайжруулж, өрхийн тэтгэмжийн төрлийг шинээр бий болгох.
Гарах үр дүн: Ажлын байр нэмэгдэн, нийгмийн халамж, асрамж, үйлчилгээний чанар, хүртээмж дээшлэн, нэн ядуу өрх, иргэдийн тоо 2 дахин цөөрч, ядуурал мөн хэмжээгээр буурна.
2.4. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшүүлэх талаар
Үндэслэл: Баруун бүсэд 8-15 насны 100 хүүхэд дутмын 80 орчим нь ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа нь сургууль завсардалт их байгааг харуулж байна. Сургууль завсардалтаар хамгийн их байгаа Хангайн бүсийн дараа энэ бүс орж байна. Завхан, Увс, Баян-Өлгий аймгуудад сургууль завсардалт харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. Сургууль завсардалтын шалтгаан нь хүн амын ядуурлаас гадна малчдын мал аж ахуйдаа түлхүү ач холбогдол өгөх сэтгэлгээ давамгайлах, сургуулийн дотуур байрны хүрэлцээ муу байгаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлстэй холбоотой байна.
Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүд болон дээд сургуулиудын мэргэжлийн чиглэлийг бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдуулан өөрчлөх, бүс нутагт шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилт тулгарч байна. Бүс нутгийн хөгжлийн асуудлуудаар дорвитой судалгаа, дүгнэлт гаргах чадвар бүхий эрдэм шинжилгээний байгууллага ч үгүйлэгдэж байна.
Соёл, урлагийн байгууллагуудын урын сангийн баяжилт, урлагийн ажилтнуудын ажил, амьдралын нөхцөл, мэргэжлийн ур чадвар, иргэдэд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний чанар шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Иймд боловсрол, соёлын байгууллагуудын зэрэглэл, үйлчилгээний төрөл, хүртээмжийг дээшлүүлэх, бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны нэгдмэл, үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Боловсролын салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, бүх шатны сургуулиудын сургалтын чанарыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ерөнхий боловсролын сургуулиудын байршил, хэв шинжийг орон нутгийн засаг захиргааны нэгжийн өөрчлөлттэй уялдуулан оновчтой тогтоох;
сургуулийн өмнөх боловсрол олгох сургалтын оновчтой арга, хэлбэрүүдийг нэвтрүүлэх замаар хөдөөгийн малчдын хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх;
сургууль завсардах явдлыг эрс багасган, суурь боловсролын хамран сургалт /бохир жин/-ыг нэмэгдүүлэх;
аймаг дундын мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалттай дунд, ахлах сургууль байгуулах ажлыг дэмжих;
ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг ханган, шилжиж эхлэх;
мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зарим ажил, үйлчилгээг гэрээ, түрээсийн хэлбэрт шилжүүлэх;
англи хэлийг хоёр дахь албан хэл болгоход чиглүүлэн сургалтыг чанаржуулах, мөн орос, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах;
сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чадвар, дадалтай болгох ажлыг зохион байгуулах;
бүрэн ба бүрэн бус дунд боловсрол эзэмшигчдэд мэргэжлийн боловсролыг давхар эзэмшүүлэх арга хэмжээ авах;
төрийн бус өмчийн сургуулийг аймаг, сумдын төвд байгуулан ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх оновчтой арга хэлбэрийг сонгох, тухайлбал явуулын багштай нүүдлийн болон гэр цэцэрлэг ажиллуулах;
багийн бага сургуулиудыг тохижуулж, оройн ба эчнээ сургалт явуулан, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдийн сургууль хамрагдалтыг нэмэгдүүлэх;
боловсрол, соёлын байгууллагын удирдлагын чадавхийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;
хөдөөгийн сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
төрийн өмчийн дээд боловсролын байгууллагуудыг төрөлжүүлэн нэгтгэхийн сацуу дэргэд нь багшлах боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх сургалт-мэдээллийн төвүүдийг байгуулах;
бүсэд шаардагдах бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургуулийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, эрдэмтэн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт-мэдээллийн төвүүд байгуулах;
шаардлагатай мэргэжилтнүүдийг бүсийн хэмжээнд бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг өргөтгөх;
залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах арга хэмжээ авах;
гадаад орнуудын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөтгөх;
Ховд хот дахь Их сургуулийг түшиглэн Баруун бүсийн багш нарын мэргэжил дээшлүүлэх болон эрдэм шинжилгээний салбар байгууллагыг нээн ажиллуулах;
Улиастай хот дахь Санхүү эдийн засгийн салбар сургуулийг өргөтгөж, бүсийн хэмжээнд эдийн засаг, бизнесийн удирдлага, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр бэхжүүлэх;
их, дээд сургуультай хоршсон шинжилгээ судалгааны төрөлжсөн байгууллага, салбар, мэдээллийн технологийн төвүүд байгуулж ажиллуулахыг урамшуулан дэмжих;
өндөр мэргэжилтэй багш нар, соёлын төвийн ажилтнуудыг орон нутагт ажиллуулах эдийн засгийн урамшууллын шинэ хөшүүрэг бий болгох.
Гарах үр дүн: Боловсролын тогтолцоо болон сургалтын байгууллагын хэв шинж, үйл ажиллагаа олон улсын жишигт ойртоно.
Тэргүүлэх зорилт 2. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
албан бус боловсрол олгох бүсийн нэгдсэн сүлжээ бий болгох хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
албан бус болон зайны сургалтыг хүн амд бичиг үсэг сургах, боловсролын түвшингээ дээшлүүлэх, бизнес, зах зээлийн мэдлэг, зохистой хэрэглээний чадвар олгоход чиглүүлэх;
албан бус боловсролын тогтолцоонд ажиллах орон тооны ба орон тооны бус багшийг 2-3 чиглэлээр мэргэшүүлэх;
хүн амын бие дааж боловсролоо дээшлүүлэх санаачилгыг идэвхтэй дэмжин, бие дааж суралцах зөвлөлгөө өгөх газруудыг аймгуудад байгуулан, үйл ажиллагааг нь жигдрүүлэх.
Гарах үр дүн: Албан бус боловсрол ба зайны сургалтын тогтолцооны үндэс суурь тавигдаж, менежмент нь сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Боловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн цэцэрлэгүүдийн тоглоом наадгай, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын техник хэрэгсэл, компьютерийн хангамжийг сайжруулж, номын сангийн фондыг нэмэгдүүлэх;
хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрыг засварлах ажлыг дэс дараатай эхлүүлж, зарим сумдад ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өргөтгөх;
бүсийн хэмжээнд шаардлагатай мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалт, үйдвэрлэлийн төвүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь бүсийн хэмжээнд үйлчлэх чиглэлээр зохион байгуулах;
боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин урамшуулах;
хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийг интернетээр хангах, интернетийн сүлжээнд холбох арга хэмжээг хэрэгжүүлэх;
гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих.
Гарах үр дүн: Бүх шатны боловсролын сургуулиудын материаллаг бааз бэхжин, сургалтын чанарыг сайжруулахад үзүүлэх нөлөөлөл нь нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 4. Урлаг, соёлын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
суманд соёлын төв, бичил бүсийн төвд урлаг-соёл-спортын төв, орон нутгийн хөгжлийн төвд аймгийн соёлын ордон, театр, бүсийн тулгуур төвд мэргэжлийн урлаг-соёлын хосолсон үйлчилгээтэй байгууллагууд ажиллуулах замаар соёлын үйлчилгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
угсаатны зүй, үндэстэн ястны соёлыг хадгалж хамгаалах төвийг тулгуур төвүүдийн аль нэгэнд байгуулах;
сумдын номын сан, соёлын төвүүдийн байрны хангамж, материаллаг баазыг бэхжүүлэн үйлчилгээг өргөжүүлж, хүн амд мэдээлэл хүргэх төв болгон ажиллуулах арга хэмжээ авах;
аймгуудын номын санг "Номын өргөө" болгон зохион байгуулж, түүний зохион байгуулалт, үйлчилгээний төрөл хэлбэр, санхүүжилтийн механизмыг тогтоох;
бүсийн түүх, соёлын дурсгалт зүйлсийн бүртгэлийг мэдээллийн сүлжээнд оруулж, "Баруун Монголын язгуур урлаг" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, язгуур урлагийн сан байгуулах;
аймгийн соёл, урлагийн байгууллагуудыг менежментийн гэрээгээр хувьчилах, удирдлагын болон түрээсийн гэрээгээр ажиллуулах.
Гарах үр дүн: Хөдөөгийн хүн амд үзүүлэх соёл, урлагийн үйлчилгээний хүрээ өргөжиж, зах зээлийн нөхцөлд нийцсэн шинэ зохион байгуулалтад шилжсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн боловсролын тогтолцоо, сургалтын хэв шинжийг олон улсын нийтлэг жишигт хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүх нийтэд боловсрол олгох Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх;
бүх шатны сургуулийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх;
ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлэх;
мэргэжлийн сургалттай ахлах сургуулиуд байгуулах;
одоо байгаа ерөнхий боловсролын сургуулийг үйл ажиллагааны шалгуур, хүчин зүйлүүдээр /3-5 сургууль/ нэгтгэх замаар цогцолбор сургуулиуд байгуулах;
бичил бүсүүдийн төвийн сургуулиудыг хөрвөх чадвартай мэргэжлийн багшаар хангах;
сургалтын агуулга, технологийг шавь төвтэй сургалтад чиглүүлэх;
сургууль завсардалтыг үндсэнд нь зогсоож, бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрмөсөн арилгах;
боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин урамшуулах;
хүүхдийн унаган авъяас, давуу талыг эртнээс нээн илрүүлж, хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх;
бүсийн тулгуур төв болон бусад аймгийн төвд мэргэжилтэн бэлтгэх ажлыг улам боловсронгуй болгон бүс нутгийн онцлог, хөгжлийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэх;
сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх;
бага, суурь, бүрэн дунд боловсролын хамран сургалт /бохир жин/-ыг нэмэгдүүлэх;
боловсролын байгууллагууд, аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үүсгэл санаачилгаар өрнүүлэх эрдэм шинжилгээ, сорилт туршилтын үйл ажиллагааг дэмжин урамшуулах;
шинэ мэдлэг, техник, технологийн мэдээллээр хангах шинжлэх ухаан-бизнесийн байгууллага хоорондын зуучлалын нэгж байгуулж ажиллуулах.
Гарах үр дүн: Сургууль завсардалт арилан, бүх шатны боловсролд хамрагдагсдын тоо нэмэгдэн хүн амын боловсролын түвшин дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 2. Албан бус боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чадвар, дадал олгох, хүн амын ерөнхий боловсролын түвшинг ахиулах сургалтуудыг зохион байгуулж, иргэдийг албан бус боловсролын үйлчилгээнд өргөн хамруулах;
иргэд албан бус тогтолцооны аль боломжит хэлбэрээр тасралтгүй боловсролоо дээшлүүлэх, амьдрах ухаанаа хөгжүүлэх шаарлагад нийцүүлэн бүсийн онцлогт тохирсон зайны сургалтын агуулга, арга зүй, үйлчилгээ, үйл ажиллагааны механизмыг бүрдүүлэх;
албан бус боловсрол олгоход шаардагдах техник хэрэгслийн хангамжийг эрс сайжруулах.
Гарах үр дүн: Иргэд тохиромжтой хэлбэрээр бололцоотой хугацаандаа боловсрол эзэмших нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 3. Боловсролын байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлж, боловсрол эзэмших хүрээг өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Ховд, Улиастайн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Баруун бүсийн мэргэжилтэй ажилчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх төв болгон бэхжүүлэх;
сум бүрийн сургуулийн дотуур байрыг хэвийн ажиллуулах боломжийг бүрдүүлж малчдын хүүхдийн 70-аас доошгүй хувийг хамруулах хүчин чадалтай болгох;
сургуулийн байгууллагуудыг техник, тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал, сургалтын хэрэглэгдэхүүнээр бүрэн хангах;
ердийн галлагаатай хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын халаалтын асуудлыг шийдвэрлэх;
хөдөөгийн сургууль, цэцэрлэгийг байнгын цахилгааны эх үүсвэртэй болгох;
албан бус боловсролын төвд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, холбогдох хэрэглэгдэхүүнийг компьютерийн сүлжээгээр аймаг, сум руу түгээх нөхцөл бүрдүүлэх.
Гарах үр дүн: Бүх шатны сургуулиудад сурч боловсрох ая таатай нөхцөл бололцоо бий болно.
Тэргүүлэх зорилт 4. Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Сум дундын соёлын байгууллага байгуулж ажиллуулах;
урлагийн авьяастан, урчууд, уран бүтээлчдийг тодруулж дэмжих нэгдсэн төсөл хэрэгжүүлэх;
олон ястан, үндэстний түүх, урлаг, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах иж бүрэн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
номын сан, архивын үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанаржуулах.
Гарах үр дүн: Соёл, урлагийн байгууллагуудын биеэ даан ажиллах оновчтой тогтолцоо бүрдэн, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг, зохицуулалт сайжирна.
2.5. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар
Үндэслэл: Баруун бүс нутагт эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хангамж, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй, санхүүгийн чадавхи хязгаарлагдмал, материаллаг баазын хангамж, хүрэлцээ дутмаг, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Баруун бүсэд бүсийн оношилгоо, эмчилгээний төв 1, аймаг бүрт нэгдсэн эмнэлгүүд, сум дундын эмнэлэг, сумын эмнэлэг, асрамж, сувиллын газар, өрхийн эмнэлгүүд ажиллаж байна. Ховдод Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулагдаад 3 дахь жилдээ ажиллаж байгаа боловч тархи, бөөрний оношилгооны зарим нарийн тоног төхөөрөмж дутагдалтай зэрэг шалтгааны улмаас нийслэлд ирж оношлуулах, эмчлүүлэх нь түгээмэл байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний анхан шатны тусламж, үйлчилгээ эмзэг бүлгийнхэнд бүрэн хүрч чадахгүй байна. Амьдралын түвшин доогуур өрхийн хүүхэд 2.5 дахин илүү өвчилж, 3 дахин илүү эмнэлэгт хэвтэж, мөн тэр хэмжээгээр эндэж байна.
Эндсэн эхийн 80 гаруй хувь нь малчин, 60 гаруй хувь нь сумын эмнэлэгт нас барсан дүн гарч байгаа нь сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж доогуур байгаатай холбоотой. Эмзэг бүлгийн эхчүүд эндэгдэлд илүү өртөж байна. Хоол тэжээл дутагдсаны улмаас жирэмсэн эхчүүд, хүүхдэд тураал болон цус багадах өвчин их тохиолдож байна.
Хүрээлэн буй орчин, ажил, амьдралын ахуй нөхцөлөөс шалтгаалсан өвчлөлт их байна. Хөдөө орон нутагт байгаа эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн түвшин харьцангуй доогуур төдийгүй боловсрол мэдлэгээ байнга дээшлүүлэх нөхцөл боломж хомс байна.
Иймд Баруун бүсэд эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай, найдвартай хүргэх, эрүүл мэндийн боловсролыг ахиулах шаардлага тулгамдсан асуудлын нэг болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах ая таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
байгаль орчны бохирдлоос сэргийлж, хог хаягдлыг зайлуулах, устгах талаар бүс нутгийн онцлогт тохирсон цогц бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
бүс нутгийн хүн амын өвчлөлийн байдлыг тогтоох судалгаа явуулж, эрүүл мэндийн байдлыг хянан тандаж мэдээлэх тогтолцоо бүрдүүлэх;
эрүүл бүс, аймаг, хот, сум, баг болох гэсэн санаачилгыг хөхиүлэн дэмжиж, иргэний нийгмийн нөөцийг дайчлан хувь хүн, хамт олны оролцоог нэмэгдүүлэх;
гэр хорооллыг цэвэр, бохир усны төвлөрсөн системд холбох ажлыг эхлүүлж, айл өрхийг халуун ус, саунтай болгох үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжих;
бүс нутгийн хүн амын ундны усны чанарыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн сацуу, рашааны эх үүсвэрийг бүрэн хамгаалалт, хяналтад авах арга хэмжээг хэрэгжүүлэх;
бүсийн болон тулгуур төвийн хотын онцлог, хэтийн төлөвийг харгалзан хот байгуулалтыг төлөвлөхдөө хотын нутаг дэвсгэрийн 10 хувиас доошгүй хэсэгт ногоон байгууламж байгуулах арга хэмжээ авах;
олон улсын хөл хориот өвчнөөс бүсийн хүн амыг хамгаалахад чиглэсэн лаборатори, оношилгоо, эмчилгээний явуулын багийн чадамжийг сайжруулах;
халдварт өвчнийг эсэргүүцэх эм тарилга, вакцины нөөцийг сайжруулах, тусламж, үйлчилгээ хүртэхэд хүндрэлтэй өрхийн хүүхдийн дархлаажуулалтад хамрагдалтыг 95 хувь хүргэж, дархлаажуулалтад хавсарсан вакцин нэвтрүүлэх замаар хатгалтын тоог цөөрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
бүс нутгийн болон нутагшмал эмгэг, эрсдэлтийн хүчин зүйлийг илрүүлэх, сэргийлэх, анагаах арга хэмжээг цогцоор нь авах;
"Эх, хүүхдэд ээлтэй бүс" болох чиглэл баримтлан эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, эндэгдлийг бууруулах ялгамж заагтай бодлого хэрэгжүүлэх замаар эхийн эндэгдлийг дөрөвний гурваар, нялхсын эндэгдлийг 50 хувь, 5 хүртэлх хүүхдийн нас баралтыг гуравны хоёроор бууруулах;
нэн ядуу, эмзэг бүлгийн хүмүүс, тахир дутуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд хүн амын эрүүл мэндэд ээлтэй, аюулгүй орчин нөхцөл бүрдэх үндэс суурь тавигдана.
Тэргүүлэх зорилт 2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эрүүл мэндийн анхан шатны тусламж, эмнэлгийн дагнасан болон хоршсон тусламж, яаралтай тусламж, уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх болон сувилах эмчилгээг хөгжүүлэх бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх;
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг чанаржуулахад чиглэсэн цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
төвлөрсөн цогц оношилгооны төв, сургалт-эрдэм шинжилгээний бааз, ажиллагсад, суралцагчдын амьдрах орон байр, дэд бүтэцтэй оношилгоо, эмчилгээний цогцолбор төвүүдийг байгуулах;
бүс нутгийн хүн амын өвчлөл, нас баралтын зонхилох шалтгааныг илрүүлэх, анагаах технологийн байдалд үнэлгээ өгөх замаар хамгийн зохимжтой технологийг сорчлон нэвтрүүлэх;
эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртэхэд бэрхшээлтэй өрх, хүн амд тусламж, үйлчилгээг хүргэх явуулын үйлчилгээ бий болгох;
эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээний төв байгуулах асуудлыг шийдвэрлэх;
алсын зайн оношилгоо, сургалт, зөвлөгөө өгөх мэдээллийн бүсийн сүлжээ байгуулах, эрүүл мэндийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн оновчтой бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;
өмчийн олон хэвшилд тулгуурласан бүсийн эрүүл мэндийн оновчтой, нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
нөөцийн (буюу бүтэц), үйл явцын (буюу технологи), үр дүнгийн (буюу төгсгөл) стандартын түвшинд иж бүрэн үнэлгээ хийх замаар эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх арга замыг тогтоон хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд үйлчлүүлэгчид ээлтэй, үр дүнтэй, үр ашигтай, өрсөлдөөн бүхий тогтолцоо бүрдүүлснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 3. Эрүүл мэндийн байгууллагын материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эрүүл мэндийн салбарт зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг зохисжуулан төсвийн төлөвлөлтийг сайжруулах;
"Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн сүлжээ" байгуулах, эмнэлгийн суурь технологи хөгжүүлэх боломжийг судалж шийдвэрлэх;
хүн эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг засварлан тохижуулах, шинээр барих;
бүсийн тулгуур төвүүд болон аймгийн төвүүд, бичил бүсүүдийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэн шаардлагатай эм, тарианы нөөцтэй болгох арга хэмжээ авах;
өрхийн болон сумын эмнэлгүүдийг санхүүжүүлдэг механизмыг боловсронгуй болгож, эмнэлгүүдийг магадлан итгэмжлэлд бүрэн хамруулах;
эмнэлгийн боловсон хүчин, эмч, сувилагч нарын мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч, орчин үеийн тоног төхөөрөмжийг эзэмшүүлэх, анагаах ухааны орчин үеийн ололттой танилцуулах сургалт, зөвлөгөөнийг тогтмолжуулах;
ажлын байранд нь эмнэлгийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх;
эмнэлгийн мэргэжилтний тоог нэмэгдүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
Говь-Алтай аймгийн Анагаахын коллежийг өргөтгөн их эмч, сувилагчид бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх төв болгон өөрчлөх;
эрүүл мэндийн анхан шатны бүртгэл, мэдээллийн компьютержсэн сүлжээний эхлэлийг тавих;
хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний хамралтыг нэмэгдүүлэх;
сумын түргэн тусламжийн автомашины паркийг жил бүр 15-аас доошгүй хувиар шинэчлэх;
бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний хангамжийн түвшинг дээшлүүлж, өвчтөнийг дагаж ирсэн хүмүүсийг байрлуулах байр барьж, бүсийн бусад аймгуудаас өвчтөн хүлээн авах нөхцөлийг сайжруулах.
Гарах үр дүн: Оношилгоо, эмчилгээ, сувилгааны чанарын түвшинг дээшлүүлэх боломж нэмэгдэн, иргэдэд хүрэх хүртээмж сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрүүл мэндийн бүх шатны тусламж, үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн оношилгоо, эмчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулан эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
бүсийн тулгуур төвүүд болон аймгийн төвүүд, бичил бүсүүдийн төвд эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, теле-оношилгоо, эмчилгээнд хамрах хүрээг эрс нэмэгдүүлэх;
бүс нутгийн хүн амын ундны усны эх үүсвэрийн 90-ээс доошгүй хувьд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, рашааны эх үүсвэрийг бүрэн хамгаалалт, хяналтад авах;
мэдээллийн технологийн ололт дэвшлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;
хувийн болон олон нийтийн өмчид суурилсан эмнэлгийн байгууллагуудыг дэмжин хөгжүүлж, оновчтой тогтолцоог бүрдүүлэх.
Гарах үр дүн: Эрүүл мэндэд ээлтэй, аюулгүй орчин бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын нийгмийн эрүүл мэндийг сайжруулах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглах, ялангуяа хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрэн дайчлах, оновчтой ашиглах, дэмжлэг авах хөшүүрэг бий болгох;
бүсийн тулгуур төвд биеийн тамирын дээд сургууль, бичил бүсийн болон сумдын төвд бялдаржуулах төв байгуулан ажиллуулах;
аймгийн болон бүсийн тулгуур төвүүдэд ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газруудын тоог нэмэгдүүлэх;
Увс аймгийн Хар тэрмисийн амралт, сувиллын газар, Завхан аймгийн Отгонтэнгэрийн рашаан, Говь-Алтай аймгийн Бигэрийн бөөрний сувиллын газрыг бүсийн чанартай амралт, рашаан сувилал, эмчилгээ, үйлчилгээний газар болгон өргөтгөх;
тахир дутуу иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, материаллаг баазыг нь улам бэхжүүлэх;
бүсийн тулгуур төв болон аймгийн төв, бичил бүсүүдийн төвийн эмнэлгийн байрыг засварлах, шинээр барих ажлыг эрчимжүүлэх;
бүсийн оношилгоо эмчилгээний төвд соронзон томограф ашиглах эрэлт хэрэгцээг судлан шийдвэрлэх.
Гарах үр дүн: Өмчийн олон хэвшилд суурилсан эмнэлгийн байгууллагуудын тогтолцоо бүрдэж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын түвшин дээшилнэ.
2.6. Хүн амын нутагшилт, хот байгуулалтын талаар
Үндэслэл: Баруун бүсийн төв, суурин газруудад бүсийн нийт хүн амын 29.4 хувь нь амьдарч байна. Энэ үзүүлэлт Баян-Өлгийд 30.9 хувь, Говь-Алтайд 32.2 хувь, Завханд 21.4 хувь, Увсад 27.8 хувь, Ховдод 34.4 хувь нь байна. Нийт өрхийн дийлэнх нь эсгий гэрт, үлэмж бага хувь нь орон сууцанд амьдарч байгаа учир орон сууцны асуудлыг шийдвэрлэх нь онцгой чухал ач холбогдолтой байна. Баруун бүсэд хотжилт эрчимтэй бус, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн болон инженерийн дэд бүтэц сул хөгжсөн, барилгажилтын нягтрал бага, нийгэм, соёл, ахуй үйлчилгээний түвшин дорой байна. Бүсийн тулгуур төвүүдэд төдийгүй нийт хот суурингуудад орчин үеийн шаардлагад нийцсэн хот байгуулалтын цэгцтэй бодлого үгүй байна.
Бүсийн хүн амын тархац, нутагшлын жигд биш байдал нь хөгжилд бэрхшээл учруулж байгааг саармагжуулах үүднээс бичил бүсчлэлийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсийн хот, суурин газруудын хот төлөвлөлтийг зах зээлийн тогтолцоонд нийцүүлэн шинэ шатанд гаргана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн тулгуур төв Ховд, Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх;
аймгийн төв, бичил бүсийн болон сумдын төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтийн оролцоотой шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах;
хил орчмын бүс нутагт хүн ам суурьшуулах зорилго бүхий урамшууллын бодлого хэрэгжүүлж, хүн амын тогтвор суурьшлыг сайжруулах;
орон нутгийн нийтийн ахуй, үйлчилгээний байгууллагын менежментийн болон үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын цэвэр усны шугамыг иж бүрэн шинэчлэн, цэвэр усны байгууламжийг сэргээн засварлах;
шинээр бий болж байгаа суурин газарт хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
Тосонцэнгэлийн модны үйлдвэрийг түшиглэн Баруун бүсийн барилга, орон сууцны болон гэрийн модон эдлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
газрын албадыг шинэ техник, технологиор ханган, газрын харилцааны тухай мэдээлэл, бүртгэлийг иргэдэд нээлттэй байлган, үйлчилгээг шуурхай болгож, газрыг айл өрх бүрт үнэгүй өмчлүүлэх ажлыг хуулийн хугацаанд багтаан зохион байгуулах;
барилга, хот байгуулалт, газар зохион байгуулалт, газар өмчлөх, эзэмших, ашиглах, үнэлэх болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллийн нэгдсэн санг аймаг бүрт бий болгох.
Гарах үр дүн: Бүсийн төв, хот, суурингуудад хүн амын тогтвор суурьшил нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан бүсийн орон сууцны хангамжийн түвшинг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Монгол Улсын Засгийн газрын "40 000 айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд нийт аймгийн төвд орон сууцны шинэ хороолол барих;
"Орон сууц" сан бүрдүүлж, эн түрүүнд төрийн албан хаагчид, залуу гэр бүлийг орон сууцаар хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
орон сууцны барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг дэмжих;
иргэд орон сууцны нөхцөлөө сайжруулах, орон сууцандаа хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нь нэмэгдүүлэх;
орон гэргүй ядуу өрхийг орон байраар хангах боломжийг судлан хэрэгжүүлж эхлэх;
амины орон сууц барьж буй иргэдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
хөдөөгийн хүн амын орон сууцны нөхцөлийг сайжруулах хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Аймгийн төвүүдийн хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан орон сууцны хангамжийн түвшин 40-50 хувьд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 3. Бүсийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж бичил бүсээр хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бичил бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг идэвхтэй дэмжих;
бичил бүсүүдийн биеэ даан хөгжих чадавхийг бүрдүүлж эхлэх;
бичил бүсийн хөгжлийн шаардлагатай уялдуулан зам, тээвэр, холбоо, мэдээлэл харилцааны сүлжээ бүрдүүлэх эхлэлийг тавих.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд бичил бүсчлэлийн хөтөлбөрийн дагуу хүн амын нутагшилтын тогтолцоо сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хөдөөгийн суурингуудыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх арга хэмжээ авна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
тулгуур төв хотуудыг бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон төвүүд болгох;
зах зээлийн нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан хот суурингуудын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Говь-Алтай, Завхан, Увс аймгийн төвд нийтийн аж ахуйг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хийх;
аймгийн төвийн цэвэрлэх байгууламжид техник, технологийн шинэчлэлт хийж, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, бага оврын цэвэрлэх байгууламжийг хэрэглэх арга хэмжээ авах;
орон сууцны шинэ хорооллууд байгуулах арга хэмжээ авах;
бүсийн үйлдвэрлэл, хэрэглээ, хүн амын өсөлттэй уялдуулан инженерийн шугам сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор тодорхой төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
бичил бүсийн төв, сумын төвүүдийг шинэчлэн тохижуулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
аймгуудад загвар суурин байгуулж, тохижуулах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Бүсийн хүн ам тав тухтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангасан, экологид ээлтэй, эдийн засгийн хувьд биеэ даасан, гадаад, дотоод харилцаа сайтай орчин үеийн хот байгуулалт хөгжинө.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан бүсийн иргэдийн орон сууцны хангамжийн түвшинг эрс дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн хот, суурингийн бага орлоготой болон залуу гэр бүлийг орон сууцаар хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хоёр дахь шатны төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
орон сууцны барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг татвараас бүрэн чөлөөлөх урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэх;
орон гэргүй байгаа ядуучуудыг орон байраар хангах цогц арга хэмжээ авах;
амины орон сууц барьж буй иргэдийг хөнгөлөлттэй зээлээр идэвхтэй дэмжих.
Гарах үр дүн: Аймгийн төвүүдийн орон сууцны хангамжийн түвшинг 50-60 хувьд хүргэснээр хүн амын тав тухтай амьдрах ахуйн нөхцөл сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Баруун бүсийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж бичил бүсүүдээр хөгжүүлэх арга хэмжээ авах
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бичил бүсүүдийн хөгжлийн хөтөлбөрийг бүсийн хэмжээнд эрчимтэй хэрэгжүүлэх;
бичил бүсийн давуу боломжуудад түшиглэн жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлчилгээний салбаруудыг хөгжүүлэх замаар биеэ даан хөгжих нөхцөл бүрдүүлэх;
Баруун бүсийн бичил бүс хоорондын дэд бүтцийг зохистой хэлбэрээр бүрдүүлэх;
хөдөөгийн иргэд суурин, хагас суурин амьдралд зохицон суурьших боломж бүрдүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд хүн амын нутагшилтын оновчтой бүтэц бий болон тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах ая таатай нөхцөл бүрдэнэ.
Гурав. Байгалийн нөөцийн ашиглалт,
байгаль орчны хамгаалал
3.1. Агаар мандлын хамгаалал
Үндэслэл: Баруун бүс нутагт агаар бохирдуулдаггүй өндөр үр ашигтай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бохирдуулагч эх үүсвэрүүдийг цөөлөх, шаталт сайтай зуух, түлшийг өргөн хэрэглэх, хог хаягдлыг дахин боловсруулах, хот, суурин газрыг зүлэгжүүлэх зэрэг ажлыг дэс дараатай хийж, хэвшүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаар мандлын чанар, төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээ, мэдээллийн сүлжээг өргөтгөн, агаарын бохирдол бага байгаа давуу талаа хадгална.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн "Агаар" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
агаарын бохирдлын түвшин болон бохирдуулагч эх үүсвэрт байнгын хяналт хийж, хотуудын ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;
агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого явуулах;
шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх үйлдвэрлэл, үйлчилгээ болон барилга байгууламжийн төсөлд агаар мандалд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж зөвшөөрөл олгох;
агаарын бохирдол үүсгэгч байгууллага, аж ахуйн нэгжийг хяналт-шинжилгээнд тогтмол хамруулах;
гүйцэд шатдаг гэрийн зуухны технологи, утаагүй түлш нэвтрүүлэх замаар утааг багасгах;
авто тээврийн хэрэгслээс гарч буй хорт бодис, угаарын хийн зөвшөөрөгдөх хэмжээ, стандарт мөрдөлтөд тавих мэргэжлийн хяналтын албадын хяналтын үйл ажиллагааг сайжруулж, хот суурингийн замыг цардах, ногоон байгууламжийг өргөтгөх замаар тоос дэгдэлтийг бууруулах;
хил дамжсан агаарын бохирдолтыг хамтран хянах, мэдээлэл солилцох талаар хөрш орнуудын аймаг, муж, хотуудтай хамтран ажиллах;
агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээний талаархи мэдээллийг сайжруулж, мэдээлэл ашиглах боломжийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн хот, суурин газруудад агаарын бохирдлыг хянах үр нөлөө бүхий тогтолцоо бүрдэн, ялангуяа гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээ эрс буурна.
Тэргүүлэх зорилт 2. Агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, агаар бохирдуулагчидтай хийх тэмцлийн арга хэлбэрийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн аймгуудын шингэн түлштэй цахилгаан станц, уурын зуухуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх;
сумын төв, суурингийн халаалтын технологийг шинэчлэх;
гэр хорооллын айл өрхийн 70 хүртэл хувийг бүрэн шаталттай зуух, түлшээр хангах;
гэр хороололд байршилтай ердийн галлагаатай орон сууцуудыг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг эхлүүлэх;
нам даралтын халаалтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд бүрэн хамруулж, аймгийн төвүүдийн 1 дүгээр бүсийн дулаан халаалт, хэрэглэгчдийг төвлөрсөн халаалтын сүлжээнд хамруулах;
фреон-11,12-оор ажилладаг хөргөгчийг үйлдвэр, үйлчилгээ, ахуйн хэрэгцээнд ашиглахыг хориглох, хлор агуулаагүй гидрофторт нүүрс төрөгчөөр ажилладаг хөргөгч хэрэглэхийг дэмжих;
мэдээлэл, эрчим хүчний салбарт цахилгаан соронзон орны бохирдол багатай технологи нэвтрүүлэх;
Баруун бүсийн аймаг, сумын төвүүдийн 1 дүгээр бүсийн цэцэрлэгжүүлэх талбайн хэмжээг 10 хувьд хүргэх;
шахмал түлш үйлдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог бүх талаар дэмжиж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт учруулсан хохирлыг бохирдуулагч нь нөхөн төлөх, бохирдлыг багасгах зардлыг хариуцах эрх зүйн үндсийг бий болгож мөрдөх;
Ховд хотод хог хаягдал ялган боловсруулах бүсийн чанартай үйлдвэр байгуулах.
Гарах үр дүн: Агаар мандлыг цэвэр ариун байлгах талаар аж ахуйн нэгж, иргэдийн үүрэг хариуцлага нэмэгдэж, бохирдлын хэмжээ буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаарын төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналтын хүрээг өргөтгөж, бүсийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
агаарын бохирдол, агаарын төлөв байдалд тавих хяналтыг тогтмолжуулж, нарны хэт ягаан туяаг хэмжих багаж, тоног төхөөрөмжийг аймгийн төвүүдэд суурилуулах;
сумын төвүүдийн Ус, цаг уур, орчны шинжилгээний салбаруудын 50 хүртэл хувийг агаарын бохирдлын түвшинг хэмжих багаж, тоног төхөөрөмжөөр хангах;
эрчим хүчний системийг байгаль орчинд хоргүй тоног төхөөрөмжөөр шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах арга хэмжээг хэрэгжүүлэх;
үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаягдалгүй болон дахин боловсруулах техник, технологи нэвтрүүлэх;
түлшний шинэ эх үүсгэвэр бий болгох, түүнийг тээвэрлэх, хадгалах, үр ашигтай хэрэглэх талаар дотоод, гадаадын туршлага, санаачилгыг идэвхтэй дэмжих.
Гарах үр дүн: Агаарын чанар, төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт сайжирч, бүсийн мэдээллийн сүлжээ бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Төвлөрсөн суурин газрын агаарын бохирдлыг эрс бууруулах.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
төв, суурин газрын айл өрхийн 80 хүртэл хувийг бүрэн шаталттай зуух, түлшээр хангах;
гэр хороололд байршилтай ердийн галлагаатай орон сууцуудыг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг үргэлжлүүлэх;
тээврийн хэрэгслээс агаарт гаргах төрөл бүрийн хорт хийг бууруулах зорилгоор аймгийн төвүүдэд "Техник оношилгооны төв" байгуулах;
аймгийн төвүүдийн П бүсэд хамаарах нам даралтын зуух бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдийг байгаль орчны төлөв байдлын үнэлгээнд хамруулж, боломжтой цэгүүдийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг дэс дараатай гүйцэтгэх;
төв, суурин газрын уур амьсгалыг зөөлрүүлэх зорилгоор аймаг, сумын төвүүдийн 1 дүгээр бүсийн цэцэрлэгжүүлсэн талбайн хэмжээг 30 хувьд хүргэх;
шахмал түлш үйлдвэрлэх хувийн хэвшлийн хүрээг улам өргөтгөх;
аймгийн төвүүдэд хог хаягдал ялган боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах.
Гарах үр дүн: Агаар мандлын хамгаалалтын түвшин дэлхийн жишигт ойртоно.
3.2. Газрын нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Монгол орны нийт нутаг дэвсгэрийн дөрөвний нэг гаруй хувийг хамардаг Баруун бүсийн газрын санд хөдөө аж ахуйн болон ойн сан бүхий газар зонхилж, харин бусад зориулалтын газар 3 хүрэхгүй хувийг эзэлж байна. Баруун бүсэд 29 сумыг хамарсан 9607.7 мян.га талбайтай 18 газрыг тусгай хамгаалалтад авсан нь улсын нийт тусгай хамгаалалттай газар нутгийн 45.82 хувь болж байна. Гэвч энэ бүс нутагт газрын ашиглалт хамгаалалттай холбоотой шийдвэл зохих асуудлууд байна. Сүүлийн жилүүдэд малчид худаг устай өвөлжөө, хаваржаа тойрон бөөгнөрсний улмаас бэлчээрийн талхагдал нэмэгдэж, авто тээврийн хэрэгслийн олон салаа зам газрын хөрсийг сүйтгэн бэлчээрийг ихээхэн хомсдуулжээ. Мөн инженерийн хийцтэй худгаа эвдэж сүйтгэсний улмаас их хэмжээний бэлчээрийг ашиглаж чадахгүйд хүрчээ. Ашигт малтмал олборлолттой холбоотойгоор хөрсний эвдрэл ихсэх хандлагатай болов.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Газрын нөөцөд экологи-эдийн засгийн үнэлгээ хийж, газрын ашиглалт, хамгаалал, мэдээллийн үйл ажиллагааг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн газар ашиглалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
газар ашиглалтын төлөв байдал, үржил шимийг дээшлүүлэх, түүнчлэн стандартын холбогдолтой мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх оновчтой тогтолцоог бий болгох.
Гарах үр дүн: Газар ашиглалтыг шинжлэх ухааны үндэстэй сайжруулж ашиглах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Бэлчээрийн талхагдлын хэмжээг 30 хувь, хөрсний эвдрэлд орсон талбайн хэмжээг 10 хувь бууруулж, бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг 50 хувь нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
мал өсгөх, үүлдэр угсааг сайжруулах зорилтуудыг бэлчээрийн даац, ус, тэжээлийн хангамж зэрэгтэй уялдуулан оновчтой төлөвлөн зохицуулж, арга механизмыг боловсронгуй болгох;
бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах;
хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж, цас тогтоох зорилгоор тариалангийн талбайг тойруулан ойн зурвас тарьж ургуулах;
тариалангийн эргэлтээс хасагдаж байгаа талбайн хөрсний эвдрэлийг зогсоох, олон наст ургамлын үр тарих, бэлчээрийг нөөцөд шилжүүлэх арга хэмжээ авах;
инженерийн хийцтэй уст цэгийг засварлах, шинээр гаргах ажлыг жил бүр хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлэх;
үлийн цагаан оготны тархалтыг зогсоох, хор хөнөөлийг багасгах төрөл бүрийн дэвшилтэт арга хэлбэрүүдээс орон нутагт туршиж, сонгон нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
тариалан эрхлэгчдэд газрыг өмчлүүлж, түрээслүүлэх зэргээр хөрсний эвдрэлийг бууруулах зохион байгуулалтын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ашигт малтмалыг ашиглахаас өмнө тогтмол хийлгэж, экологийн хувьд эмзэг газрын нөөцийн ашиглалтыг хязгаарлах арга хэмжээ авах;
ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллүүдийг арилгах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Бэлчээрийн даац хэтрэлт, тариалангийн хөрсний эвдрэлийг бууруулах болон газрыг оновчтой ашиглах хандлага давамгайлна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Газар ашиглалтын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
газар ашиглалтын менежментийг бичил бүсүүдийн түвшинд нэвтрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
хөрс хамгаалах дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бордоог хэрэглэх;
худаг гаргах ажлыг сайжруулах замаар бэлчээрийг усжуулж, бэлчээр ашиглалтад эдийн засгийн оновчтой хөшүүргүүдийг хэрэглэх;
техник-технологийн оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар нэг га-гаас авах ургацын хэмжээг 20 центнерээс доошгүй хэмжээнд хүргэх;
тариалан эрхлэгчдэд газрыг өмчлүүлэх, түрээслүүлэх зэрэг аргаар тариалангийн хөрсний ашиглалтыг сайжруулж, эвдрэлийг зогсоох;
ашигт малтмал олборлолттой холбоотой хөрсний эвдрэлийг арилгах;
авто замын тогтсон сүлжээг бий болгон цардмал зам, сайжруулсан зам тавьж олон салаа замыг багасгах.
Гарах үр дүн: Бэлчээрийн даацын хэтрэлт, тариалангийн хөрсний эвдрэл багасч, газар ашиглалт сайжирна.
3.3. Усны нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Баруун бүсэд Монгол Улсын бүх нуур тойрмын талбайн 59 хувь нь байна. Гол мөрний усан доорхи талбайн 49 хувь, мөнх цас, мөсөн голын доорхи талбайн 100 хувь энэ бүсэд оршино.
Энэ бүсийн усны нийт нөөц Монгол Улсын усны нөөцийн 29 хувийг эзэлнэ. Гэтэл энэ бүсэд хүн ам, мал сүргийн усан хангамжийн хүрэлцээ муу байгаагийн улмаас олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулж байна. Баруун бүс нутагт усны бохирдол харьцангуй бага байгаа боловч усны шинэ нөөц илрүүлэх, оновчтой ашиглах шаардлагатай байна. Цаашид бэлчээрийг усжуулах, усалгаатай газар тариалан эрхлэх, зарим төв, суурин газрын ундны усны чанарыг сайжруулах зэрэг олон чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүс нутгийн усны нөөцийг оновчтой ашиглаж, хамгааллыг нь сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
гадаргын ус, уст цэгийн үзлэг тооллого явуулж, усны хангамжийн түвшинг шинэчлэн тогтоох;
төв, суурингийн усны бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;
төв, суурингийн хүн амын болон үйлдвэрлэлийн усны хэрэглээний нормыг орон нутгийн онцлогт тохируулан шинэчлэн тогтоох;
төв, суурин газрын ундны усны эх үүсвэрийг баталгаажуулах, ундны усыг иоджуулах, цэнгэгжүүлэх арга хэмжээ авах;
хүн амын ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх бага оврын тоног төхөөрөмжийг говийн сумдад нэвтрүүлж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх;
хүний биед ашигтай, ховор элемент бүхий рашаан болон цэнгэг усыг савлаж, зах зээлд нийлүүлэх;
бэлчээрийг усжуулж, экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөгүй услалтын системүүдийг газар тариаланд ашиглах;
бэлчээрийн даац сайтай нутгуудад уст цэгийн хайгуул хийж, усжуулах арга хэмжээ авах;
инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлах болон шинээр байгуулах;
Завхан, Ховд, Тэс, Буянт, Хархираа зэрэг орон нутгийн том, бага голын усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах боломж нөхцөл бүрдэн эрүүл ахуйн шаардлага хангасан усны хэрэглээг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Усны эх үүсвэрийг бохирдлоос хамгаалж, бүс нутагт усны зохистой хэрэглээг хангах арга хэмжээ авна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс нутгийн усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах хяналтын бүтэц бий болгох;
усны эх үүсвэрийг бохирдох, хомсдохоос урьдчилан сэргийлэх, гол горхи, булаг шанд, рашааны эхийг тохижуулан усны нөөцийн нөхөн сэргээх чадварыг сайжруулах арга хэмжээ авах;
эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар аймгийн төвүүдийг бүрэн хангах;
аймгийн төвүүдийн цэвэр усны шугам сүлжээг сольж, мөн гэр хорооллын айлуудын ундны усны хангамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах;
гол, горхины гольдирлыг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авах;
уст цэг, гадаргуугийн усанд ариун цэвэр, эрүүл ахуйн бүс тогтоох, усны чанар, бохирдолтод тогтмол шинжилгээ хийх журамд шилжих;
хот, суурин газрын ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
бохир усыг эрүүл ахуй, байгаль орчинд хоргүйгээр цэвэршүүлэх шинэ технологи нэвтрүүлэх;
хот, суурин газарт ус ашиглалтыг бүрэн тоолууржуулах;
томоохон усан сан байгуулах, бороо, цасны усыг ашиглах төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжүүлэх;
зарим гол мөрний усыг хуримтлуулах цогцолборыг барьж байгуулах замаар гадаргын усны нөөц, усан хангамжийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Усны нөөцийг шинэ эх үүсвэрүүдээр сэлбэн оновчтой ашиглах, хамгаалах системд шилжинэ.
3.4. Ойн нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Монгол Улсын ойн сангийн газрын 21 хувь нь оршдог Баруун бүсийн ойн сан бүхий газрын 68 хувийг нь заг бүхий газар эзлэдэг онцлогтой. Заган ойн 75 хувь нь Говь-Алтай аймагт, үлдсэн хэсэг нь Ховд аймагт байна. Ойг зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр огтлож ашиглах явдал их байна. Зарим аймгийн төв, суурин газрын ойролцоох модны нөөц эрс багасчээ. Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас ой, хээрийн түймэр гарах нь ихсэн хохирол нь улам бүр нэмэгдэх болжээ. Ой болон ургамлын нөөц багасахад хөнөөлт мэрэгч, шавьж багагүй нөлөөлж байна. Үүний улмаас газар нутаг ургамалгүйжиж, чийгний ууршилт нэмэгдэн цас хунгарлалт багасч цөлжилтөд нэрвэгдэх аюул нүүрлэж эхлэв. Иймд ойг хамгаалах, ашиглалтад нь тавих хяналтыг сайжруулах, нөхөн сэргээх, ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ойн нөөцийг хамгаалах цогцолбор арга хэмжээ авч, нөхөн сэргээлтийг идэвхжүүлж, ашиглалтад нь тавих хяналтыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн ойн нөөцийг сум, багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд шинэчлэн тогтоож, экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэх, нөхөн сэргээх, ашиглах, хамгаалах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
бүсийн ойн сангийн мэдээллийн сан, мониторингийн сүлжээ байгуулах;
ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх мэргэжлийн боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангах;
хөрш зэргэлдээ улс, аймгуудтай ойн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх мэдээлэл зэрэг асуудлаар хамтарсан үйл ажиллагааг өргөтгөх;
Тосонцэнгэл хот орчимд ой мод үржүүлгийн болон модон эдлэлийн үйлдвэрлэлийн аж ахуйг хөгжүүлэх;
жил бүр нийтээр мод тарих өдрийг тогтоож, хот, суурин газрыг цэцэрлэгжүүлэх, гол усны эх, тариалангийн талбай, авто замын дагуу ойн зурвас байгуулах арга хэмжээ авах;
заган ойжуулалт хийх, үр бэлтгэх, ойжуулсан талбайг хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтын дор гүйцэтгэх;
ойг нөхөн сэргээх, түүний дагалт баялгийг бүрэн ашиглахад гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
хот, суурин газрын орчмыг ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
"Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүс нутгийн нөөц, боломжийг бүрэн дайчлан ашиглах.
Гарах үр дүн: Ойн нөөцийн хамгаалалт сайжирч, ойжуулалт, нөхөн сэргээлт ашигласан талбайн хэмжээнд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 2. Ойг түймэр, хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах, хохирлыг арилгах, эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг авна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ойн хортон шавьж, өвчинтэй биологийн болон байгальд хоргүй бусад аргаар тэмцэх ажлыг өргөжүүлэх;
ойн түймрээс урьдчилан сэргийлэх, сурталчилгаа хийх, түймэр унтраах ажилд мэргэжлийн хүмүүс сургаж бэлтгэн, багаж хэрэгслээр хангах;
байгалийн нөөц ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөрийн орлогын тодорхой хувийг ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
ой нөхөн сэргээлтийн ажлыг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн урамшуулж, энэ талын сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Ой хамгаалах, нөхөн сэргээх үр дүнтэй, оновчтой систем бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Модны үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлэх үйл ажиллагааг эцсийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, тэргүүний технологи нэвтрүүлэх зорилттой уялдуулан хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ойн экологийн тэнцвэрт байдал, нөхөн ургах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүй мод бэлтгэлийн шинэ технологийг ой, ургамалжилтын онцлогт тохируулан боловсруулж нэвтрүүлэх;
мод боловсруулах үйлдвэрүүдэд хаягдалгүй технологи нэвтрүүлэх;
модны үйлдвэрүүдэд орон нутгийн хэрэгцээт гэр, гэр ахуйн модон эдлэл, морин тэрэг зэрэг модон эдлэл үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлэх;
үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр огтолсон нэг модны оронд 3-5 мод тариулж хэвшүүлэх.
Гарах үр дүн: Ойн баялгийн ашиглалт, хамгаалалтын эдийн засгийн үр өгөөж эрс нэмэгдэнэ.
3.5. Цөлжилт, гантай хийх тэмцэл
Үндэслэл: Баруун бүс нутгийн ихэнх хэсэг нь байгаль, цаг уурын хуурай, хуурайвтар бүсэд оршдог бөгөөд бүсийн байгаль орчныг доройтуулж, байгалийн нөөц, түүний дотроос биологийн нөөцийг хомсдуулж байгаа хүчин зүйлийн нэг нь цөлжилт юм. Цаг уурын дулааралт, хур тундасны жигд биш тархалт, бэлчээрийн талхагдал, газар тариалан, хот, суурин газрын хөрсний элэгдэл, гангийн давтамж зэргээс шалтгаалан цөлжилт эрчимжих хандлагатай болжээ.
Цөлжилтийн нэг илрэл нь элсний нүүдэл. Монгол орны нийт элсний тавь гаруй хувь нь байдаг Их нууруудын хотгор цөлжилтөд хамгийн их өртөөд байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар Их нууруудын хотгорын 41.2 хувь нь бага зэрэг, 31.9 хувь нь дунд зэрэг, 16.7 хувь нь хүчтэй, 10.2 хувь нь маш хүчтэй цөлжилтөд өртсөн байна. Манай орны гандуу бүс нутагт 1940 оноос хойш 3800 км2 талбай шинээр элсжсэний 872 км2 нь зөвхөн Монгол элсний урд зах Хүйсийн говийн дагуухь нутагт байна. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төв элсэнд дарагдаж, Монгол-Элс, Бөөрөг дэл, Бор хяр зэрэг томоохон элстэй нутгийн элсний нүүдэл ихсэж байна. Элсний нүүдэл, цөлжилт ихсэх нь хүний зүй бус үйл ажиллагаатай бас холбоотой байна.
Иймд экологийн энэхүү эмзэг асуудлыг онцгой анхаарч, дотоод, гадаадын хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн цөлжилттэй хийх тэмцлийг сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Элсний нүүдлийг сааруулж, ургамал нөмрөгийг нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөгөөтэй хэрэгжүүлж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс нутгийн хэмжээнд цөлжилтийн шалтгаан, үр дагаврыг судлан тогтоож, түүнтэй тэмцэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
элсний нүүдлийг сааруулах, улмаар зогсоох зөв менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
элсний нүүдлийг зогсоох, ургамлыг нөхөн сэргээхэд ашиглаж болох ургамлуудыг (заг, жигд, хайлаас, харгана, бүйлс, хотир гэх мэт) туршин үзэж, тодорхой үе шаттайгаар сонгон тариалах;
хот, суурин газрын орчим мал ихээр бөөгнөрч бэлчээр талхлагдахаас урьдчилан сэргийлэх газар зохион байгуулалт, ашиглалтын оновчтой бодлого явуулах;
малчдыг шахмал түлш болон бусад төрлийн түлшээр хангах арга хэмжээг зохион байгуулалттай хэрэгжүүлэх;
элсэн хөрс тогтоох талаар туршлагажсан орнуудын туршлагыг судалж нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Цөлжилтийн эрчийг сааруулах бааз суурь бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Цөлжилттэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
газрын элэгдэл, эвдрэл, бэлчээрийн хомсдол, хөрсний үржил шимийн доройтол, элсний нүүдэл, хуурайшилт, цөлжилтийн явцын талаар мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
Увс аймгийн Улаангом дахь хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний станц, Хөдөө аж ахуйн их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургууль зэргийг түшиглэн говь, цөлийн ургамлын үржүүлэг хийх Ботаникийн цэцэрлэг байгуулж, "Говийн ургамал үржүүлэх" салбар цэгүүдийг бүсийн бусад аймагт байгуулах;
"Ногоон хэрэм" хөтөлбөртэй уялдуулан говь, хээрийн бүсийн ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэн, ойн зурвас байгуулах;
бүсийн нийт сумдыг цөлжилт, элсний нүүдэл, гантай тэмцэх мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамруулах.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд элсний нүүдлийг сааруулж, цөлжилтөөс хамгаалах оновчтой тогтолцоо бүрдэнэ.
3.6. Биологийн төрөл зүйлийн хамгаалал
Үндэслэл: Баруун бүсэд Монгол Улсын улаан номонд орсон 23 зүйл хөхтөн, 24 зүйл шувуу, 5 зүйл мөлхөгч, 1 зүйл хоёр нутагтан, 5 зүйл шавьж, 3 зүйл загас, олон зүйл ургамал байдаг. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутгийн байгалийн баялгийг зүй бусаар ашиглах явдал ихэслээ. Нэн ялангуяа дэлхийд ховордсон ирвэс, аргаль, бөхөн, хойлог зэргийг агнаж устгах явдал гарсаар байна. Алтайн тарвага, буга, согоо зэргийг хайр гамгүй агнаснаас зарим газар бараг устаад байгаа ба нэн элбэг байсан хүдэр, тарвага, үнэг, хярс, ондатр, цагаан зээр зэрэг ан амьтад эрс цөөрч байна. Иймд энэ бүсэд байгаа биологийн төрөл зүйлийг хамгаалах, зохистой ашиглах асуудал нэн чухал байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүй, зохион байгуулалтын таатай орчин бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
экологи-эдийн засгийн үнэлгээ хийх үндсэн дээр Баруун бүсийн биологийн төрөл зүйлийг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлэх;
байгаль орчны доройтол, ургамал, амьтны хорогдолтой тэмцэх, нөхөн үржүүлэх, нутагшуулах ажлыг явуулахдаа үндэсний уламжлалт аргуудыг дэлхийн дэвшилтэт арга, технологитой хослуулах;
орон нутгийн байгаль хамгаалах төрийн бус байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх;
байгалийн унаган төрх, шим мандлын тэнцвэрт байдлыг хадгалах, биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах үзэл бодлыг хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх;
сум бүрийн газар ашиглалтын төлөвлөлтөд биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах асуудлыг тусгаж хэвшүүлэх;
нэн ховор, устах аюул нүүрлэж буй амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;
биологийн төрөл зүйлийг хамгаалахад эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэж хэвшүүлэх;
Баруун бүсийн амьтан, ургамал, ой, бичил биетний мэдээллийн санг бүрдүүлэх.
Гарах үр дүн: Баруун бүсийн биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлтийг хангах суурь нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Баруун бүсийн биологийн зарим төрөл зүйлийг оновчтой ашиглана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ховор ан амьтан үржиж төллөдөг, нүүдлийн болон суурин амьдардаг шувууд өндөглөдөг болон ургамал бүхий газар нутгийг тусгай хамгаалалтад авах арга хэмжээ авах;
Хяргас, Хар-Ус, Хар, Дөргөн нуурт загас үржүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах;
ан амьтны нөөц ашигласнаас олсон орлогыг орон нутагт зохистой хуваарилдаг журам хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Байгалийн баялгийг экологид нөлөөлөхгүйгээр зүй зохистой ашигладаг болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Баруун бүсийн биологийн төрөл зүйлийн ашиглалт, хамгааллыг сайжруулж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн хөгжлийн горим, зүй тогтлыг танин мэдэх, байгалийн нөөц, баялгийг үнэлж тодорхойлох, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээрх судалгааг өргөтгөж, мэдээллийн сан бүрдүүлэх;
байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдолыг хязгаарлан зогсоох, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах;
Баруун бүсийн байгалийн унаган төрх, үзэсгэлэнт тогтцуудыг түшиглэн бүсийн байгалийн хүрээлэн байгуулах ажилтай нягт уялдуулах;
биологийн төрөл, зүйлийн ач холбогдлын талаархи хүн амын мэдлэг, мэдээллийг сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөтгөх;
дархан цаазат, байгалийн цогцолбор газрын орчны бүсүүдэд байгаль орчинд хоргүй аж төрөх альтернатив хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлэх;
тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор ан амьтан, ургамлын судалгаа гаргаж, хэвийн өсч үржих нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг өргөтгөх.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ бүрэлдэн, ашиглалт, хамгаалал эрс сайжирна.
3.7. Байгалийн гамшгаас сэргийлэх, хохирлыг бууруулах талаар
Үндэслэл: Зуд, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, мөндөр, хүйтэн бороо орох, үер, ган, хүн, мал, ургамал, амьтны гоц халдварт өвчин, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн гэнэтийн үзэгдэл, гамшиг үе үе тохиолдож мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл болон эдийн засаг, байгаль орчинд багагүй хохирол учруулсаар байна.
Байгалийн гамшгийг судлах, урьдчилан сэргийлэх, нэгэнт тохиолдсон гамшигтай тэмцэх, учирсан хохирлыг нь багасгах чиглэлээр олон улсын байгууллагуудаас дэмжлэг туслалцаа үзүүлж, удирдлага зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авдаг боловч гамшгийн хохирлын хэмжээ тууштай буурахгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, шуурхай арилгах оновчтой тогтолцоог бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг 2004 оны түвшингээс 25 хувиар нэмэгдүүлэх;
цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдал, байгалийн гамшгийн мэдээллийн төвийг бүс нутагт байгуулан чадавхийг бэхжүүлэх;
аюулт үзэгдлийг урьдчилан тооцоолох, олон нийтэд мэдээлэх чиглэлээр аймаг, сумын түвшинд цаг уурын албадын чадавхийг дээшлүүлэхийн зэрэгцээ энэ чиглэлээр хашир туршлагатай малчдын зөвлөл байгуулж ажиллуулах;
ой, ургамлын хортон шавьжийн голомт, нүүдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хор уршгийг арилгах, ургамал, хорио цээр, хүн, мал эмнэлгийн албаны чадавхийг дээшлүүлэх;
газар хөдлөлийн станцын хяналтын тоног төхөөрөмжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчилж, хот, суурин бүрийг газар хөдлөлтийн хүчийг тооцон барилгажуулах;
мэргэжлийн хяналтын лабораториудыг орчин үеийн техник хэрэгслээр бэхжүүлж, мэргэжилтнүүдэд оношилгоо шинжилгээний орчин үеийн мэдлэг эзэмшүүлэх;
хот, суурины шаардлагатай цэгүүдэд голын эргийн хамгаалалт барих;
өвс, тэжээлийн 1 сар хүртэл хугацааны нөөц бий болгох;
байгалийн гамшиг тохиолдсон үед хохирлыг зохих хэмжээгээр нөхөх зорилгоор байгууллага, иргэдийг эд хөрөнгийн болон бусад, амь насны даатгалд хамруулах ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, шуурхай арилгах чадавхи дээшилнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Байгаль, цаг уурын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх оновчтой тогтолцоо бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг 2004 оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлэх;
гамшгаас сэргийлэх, хор хөнөөлийг бууруулах, гамшигтай тэмцэх талаархи менежментийг сайжруулах;
өвс, тэжээл, хүнс, эмнэлгийн анхны тусламжийн байнгын нөөцтэй болох;
байгалийн гамшгийн талаархи хүн амын мэдлэгийг байнга дээшлүүлэх зорилгоор жил бүр бүсчилсэн тусгай сургалт зохион байгуулах, эн түрүүнд шаардлагатай багаж хэрэгслээр хангах ажлыг тогтмолжуулах;
байгалийн гамшиг тохиолдсон үед хохирлыг бүрэн нөхөх зорилгоор байгууллага, иргэдийг эд хөрөнгийн болон амь насны даатгалд бүрэн хамруулах.
Гарах үр дүн: Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, шуурхай арилгах бүсийн хэмжээний оновчтой тогтолцоо бүрдсэн байна.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг
арга хэрэгсэл
Удирдлага, зохион байгуулалтын оновчтой тогтолцоо бий болгох, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, оновчтой ашиглах, олон нийтийн оролцоог хангах нь Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нэг нөхцөл мөн.
4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсэн чиглэл:
бүсийн зөвлөл, аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газруудын үйл ажиллагааг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оновчтой уялдуулах;
Засгийн газрын түвшинд яамд, агентлагуудын энэ талын ажиллагааг бүсийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй оновчтой уялдуулан зохицуулах;
хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар орон нутгийн удирдлага, бүсийн зөвлөл, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог оновчтой хөхиүлэн дэмжих механизмыг бий болгох;
жил жилийн улсын төсөв, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүд, төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийн салбар бүрээр боловсруулан хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг бүс нутгийн хөгжлийн энэхүү хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах;
хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр түүнд тусгагдсан болон бусад харьцангуй богино хугацааны төрөлжсөн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
дээд, дунд, доод шатны төлөвлөлтийн нэгжүүдийн үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оновчтой уялдуулах;
хувийн хэвшил дэх төлөвлөлтийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх зорилгоор эдийн засаг, эрх зүйн оновчтой механизм, хөшүүргүүдийг бий болгох;
үндэсний статистикийн бүх түвшний үзүүлэлт, бүртгэл, мэдээллийг хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгөхөд тохиромжтой байх чиглэлээр боловсронгуй болгох;
хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж, давуу талуудаа бататган, сул талуудаа саармагжуулан, алдаа дутагдлаа засч байх.
4.2. Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга, хэрэгсэл
экспортын чиглэлтэй үйлдвэрлэлд хөнгөлөлт үзүүлэх, зах зээлийн механизмуудыг зөв хэрэглэх, дэмжих;
өндөр хөгжсөн болон түргэн хурдацтай хөгжиж байгаа орнуудын туршлагыг бүтээлчээр хэрэглэх;
хүн ардынхаа оюуны чадавхид тулгуурлан хөгжих бодлогыг тууштай баримтлан, боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлийн боловсон хүчин, инженер-техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг олноор бэлтгэх;
эдийн засгийн өсөлтийг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтөөр хангах чиглэл баримтлах;
экспортыг нэмэгдүүлэх салбар, үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих зарчим баримтлах;
хил залгаа орнуудын бүс нутгуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
аж үйлдвэрийг татвар, гаалийн бодлогоор дэмжих;
тэргүүний технологи нутагшуулахыг бүх талаар дэмжих;
гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих;
малчин өрх, мал бүхий иргэдийн орлого, амьжиргааны түвшинтэй уялдуулан татварын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох;
дотоодын хуримтлалыг нэмэгдүүлж, оновчтой төвлөрүүлэн, ашиглах механизмыг бий болгох;
санхүү, үнэт цаас, хөдөлмөрийн зах зээлийг оновчтой хөгжүүлэх;
бүсийн банк байгуулах, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох;
ашигт малтмал олборлон ашигласнаас олсон орлогын тодорхой хувийг тухайн орон нутаг ба бүсийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутгийн хөгжилд зарцуулах зарчим баримтлах;
аж үйлдвэрийн парк, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүс байгуулж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах арга хэрэгсэл болгох;
эдийн засгийн өсөлтийг хангахад бүсийн тулгуур төвүүдийн оролцоог нэмэгдүүлэх;
бүсийн аймгуудын эдийн засаг, санхүүгийн чадавхийг сайжруулж, төсвийн орлогыг тууштай нэмэгдүүлж, зарлагын бүтцийг оновчтой болгох зарчмыг хэрэгжүүлэх.
4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр
дотоодын банк, санхүүгийн дотоод эх үүсвэрийг бүрэн ашиглах;
хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих;
хуримтлал бий болгох хүн амын сонирхлыг хөхиүлэн дэмжих, бэлэн мөнгийг төвлөрүүлэн ашиглах механизм, эдийн засгийн урамшууллын тогтолцоог бий болгох;
дотоодын хөрөнгө оруулалтыг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ашиглах оновчтой арга механизм, хөшүүргийг бий болгох;
үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах хөшүүргийг боловсронгуй болгох;
бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөө бүхий төслүүдийг санхүүжүүлэх зориулалттай "Бүс нутгийн хөгжлийн сан" байгуулж ажиллахыг идэвхтэй дэмжих;
гадаадын улс орон, олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах;
гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, хамтарсан үйлдвэрүүдийг байгуулан ажиллуулах.
4.4. Олон нийтийн оролцоо
шийдвэр гаргах бүх түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг сайжруулах;
орон нутгийн байгалийн нөөц, баялгийг зүй зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, уугуул иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг уялдуулах;
орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, уугуул иргэд, малчид, тариаланчдыг өөрсөдтэй нь холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд өргөнөөр оролцуулж, тэдгээрийн эрх ашгийг тууштай хамгаалах;
бүс нутгийн хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхи, хөгжилд оролцох хүсэл эрмэлзлийг идэвхтэй дэмжих;
бүс нутгийнхаа тулгамдсан асуудал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд залуучуудыг өргөн оролцуулах оновчтой хөшүүрэг бий болгох;
ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх;
төрийн байгууллагуудын хувьд төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж чадах олон чиг үүргийг тэдэнд шилжүүлэх замаар захиргааны нүсэр орон тоо, төсөв зардлыг тууштай бууруулах;
төрийн бус байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний үүрэг оролцоо, хариуцлагыг дээшлүүлэх.
ХАВСРАЛТ 1. ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүнд үнэлгээ өгч, хүндрэл, бэрхшээл, тасалдлыг арилгаж, хэрэгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хөтөлбөрийн бүлэг, дэд бүлэг бүрт багтсан тэргүүлэх зорилтуудын хүрээнд тусгасан үзүүлэлтүүдийг үндэслэн хийнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2011 онд, хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг 2016 онд тус тус гаргана.
Хөтөлбөрийн бүлгийн нэр
|
Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үзүүлэлтүүдийн нэр,тэдгээрийг хэмжих нэгж
|
I үе шатны үзүүлэлт (2006-2010 он)
|
П үе шатны үзүүлэлт (2011-2015 он)
|
0
|
1
|
2
|
3
|
Нэг. Эдийн засгийн хөгжил
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
23.2
|
9.7
|
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин (үе шатны эцэст), хувиар
|
54.2
|
55.6
|
|
Аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
28.9 дахин
|
11.7
|
|
Боловсруулах аж үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.4
|
6.8
|
|
Бүсийн уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, дахин, хувиар
|
253.0
|
12.2
|
|
Бүсийн эрчим хүчний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, дахин
|
16
|
9.9
|
|
Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
6.9
|
7.4
|
|
Бүсийн газар тариалангийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.3
|
6.8
|
|
Бүсийн мал аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
6.7
|
7.5
|
|
Бүсийн үйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.8
|
7.4
|
Хоёр. Нийгмийн хөгжил
|
Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт, хувиар
|
0.6
|
0.7
|
|
Хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлт, индекс
|
0.660-аас буурахгүй
|
0.670-аас буурахгүй
|
|
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хувийн жин, хувиар
|
70.0
|
80.0
|
|
Сургуулийн насны хүүхдийн хамран сургалт, хувиар
|
90.0
|
98.0
|
|
Эхийн эндэгдлийн бууралт, хувиар
|
Гуравны хоёроор
|
Гуравны нэгээр
|
|
Нялхсын эндэгдлийн бууралт, хувиар
|
Гуравны хоёроор
|
Гуравны нэгээр
|
|
Хүн амын дундаж наслалт, хувиар
|
64
|
65
|
|
Ажилгүйдлийн түвшин, хувиар
|
3.0
|
1.0
|
|
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо, дахин буурах
|
30.0
|
2
|
Гурав. Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалал
|
1 дүгээр бүсийн цэцэрлэгжүүлэх талбайн хэмжээ (2004 оны түвшингээс), хувиар
|
10.0
|
30.0
|
|
Элсний нүүдлээс хамгаалах зорилгоор байгуулсан ойн зурвасын талбайн өсөлт (2004 оны түвшингээс), хувиар
|
20
|
50
|
|
Бэлчээрийн талхагдлын бууралт (2004 оны түвшингээс), хувиар
|
30
|
40
|
|
Хөрсний эвдрэлийн бууралт (2004 оны түвшингээс), хувиар
|
10
|
15
|
|
Усны бохирдлын бууралт (2004 оны түвшингээс), хувиар
|
20
|
25
|
|
Хот, суурин газрын агаарын бохирдлын бууралт (2004 оны түвшингээс), хувиар
|
60
|
70
|
|
Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн өсөлт (2004 оны түвшингээс), хувиар
|
25
|
50
|
-----оОо-----
Текст томруулах
A
A
A