A

A

A

Бүлэг: 1979
 (2006-2015 он)
 
 
Улаанбаатар хот
2005 он.
 
ОРШИЛ
 
Хангайн бүсэд Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл, Орхон гэсэн 6 аймаг, тэдгээрийн 100 сум хамрагдаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 24.6 хувь, ойн нөөцийн 41.8 хувь, гадаргын усны 33.2 хувь, газрын доорхи ашиглах боломжит усны 50.5 хувь нь энэ бүсэд хамаарч байна. 2004 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувийг Хангайн бүсэд үйлдвэрлэсэн байна.
Хангайн бүс бусад бүсүүдийн нэгэн адил эдийн засгийн хөгжлийн түвшингээр доогуур, тухайлбал Орхон аймгаас бусад бүсийн аймгуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ улсын дунджаас 2.0-2.7 дахин бага байна.
Хангайн бүсийн хүн амын тоо 552.5 мянга буюу улсын нийт хүн амын 21.8 хувь нь энэ бүсэд амьдарч байна. Тус бүсэд хүн амын өсөлт бусад бүсүүдийн адил сүүлийн жилүүдэд буурч байгаа боловч улсын дундажтай ойролцоо байна. Хүний хөгжлийн индекс энэ бүсэд 0.638 байгаа нь улсын дундаж болон бусад бүсүүдээс бага байна.
Хангайн бүсэд ажилгүйдэл, ядуурал харьцангуй их байна. Тус бүсийн ажилгүйдлийн түвшин улсын дундаж (3.5)-аас 1.6 дахин өндөр байгаатай холбоотойгоор ядуурал ч бас харьцангуй их байгаа юм.
Хүн амын боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлууд олон байна. Тухайлбал, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж болон хүн амд үзүүлэх эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын хүнс тэжээлийн хангамжийг сайжруулах явдал энэ бүсэд чухал байна.
Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 27.8 хувийг хөдөө аж ахуй, 55.3 хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 16.9 хувийг үйлчилгээний салбар тус тус эзэлж байна. Гэвч Орхон аймгаас бусад аймгуудад хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг эзэлж байгаа юм. Иймд бүсийн эдийн засгийн хөгжлийн түвшинг дээшлүүлж, бүтцийг нь шинэчлэх шаардлагатай байна.
Тус бүсэд аж үйлдвэрийн салбар, түүний дотор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ харилцан адилгүй хөгжсөн байна. Энэ бүсэд уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрээс өөр улсын хэмжээний томоохон үйлдвэр байхгүй байна. Бүсийн аймгуудад урьд өмнө нь ажиллаж байсан үйлдвэрийн газрууд бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй, зарим нь татан буугдаж үйл ажиллагаагаа зогсоожээ.
Хангайн бүс нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх ихээхэн нөөц боломжтой бөгөөд улсын нийт мал сүргийн 32.3 хувь нь энэ бүсэд ногдож байна. Гэвч тус бүс энэхүү нөөцөө бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа юм. Иймд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортын чиглэлтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байрыг олноор бий болгох, хүн амын орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрийг түшиглэн зэс, молибдений үйлдвэр байгуулах, мөн Хөвсгөлийн фосфорит, Эрдэнэтийн зэсийг хими-технологийн аргаар хослон ашиглах нь тус бүсийн төдийгүй манай улсын эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх юм.
Хангайн бүсэд харьцангуй сайн судлагдсан байгалийн эрдэс түүхий эдийн нөөц цөөнгүй байна. Тухайлбал, нөөц нь тогтоогдсон Тавтын алтны орд, Сайхан голын төмөр-манганы орд, Бүрэнхааны фосфоритын орд, Дөшийн гол, Өвөр мараатын хөнгөн цагааны орд зэргийг дурдаж болох юм. Эдгээр орд газруудыг түшиглэсэн судалгаа, туршилтыг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад санал болгох, боловсруулах үйлдвэр байгуулах нь тус бүс нутаг эдийн засгийн хувьд бие даах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хангайн бүсэд төрөл бүрийн замын сүлжээг, түүний дотор сайн чанарын авто замын сүлжээг өргөтгөх явдал тулгамдсан асуудлын нэг болж байна.
Одоогийн байдлаар бүсийн аймгийн төвүүд эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон боловч сумдын 40 орчим хувь нь төвийн эрчим хүчний системд хамрагдаагүй байна. Иймд бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, ялангуяа бүсийн нийт өрхийн 51.9 хувийг эзэлдэг малчин өрхийг эрчим хүчний эх үүсвэртэй болгох шаардлагатай байна.
Тус бүсийн цахилгаан холбооны суурь сүлжээг иж бүрнээр нь тоон технологид шилжүүлж, орчин үеийн мэдээллийн сүлжээнд сумдын төвийг бүрэн холбох хэрэгцээ гарч байна.
Хангайн бүсийн эдийн засгийн гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага ч байна. Юуны өмнө хилийн гарц, боомтуудыг тохижуулах, худалдааны чөлөөт бүс байгуулахад анхаарах хэрэгтэй болов.
Сүүлийн жилүүдэд хүний сөрөг үйл ажиллагаа болон байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Хангайн бүсэд амьтан, ургамлын төрөл зүйл ховордох, бэлчээр талхлагдах, хөрсний элэгдэл эвдрэл нэмэгдэх, цөлжилтийн үйл явц эрчимжих, усны нөөц багасах, бохирдолт нь ихсэх зэрэг олон сөрөг нөлөөлөл бий болж байна. Иймээс байгалийн баялгийн нөөцийг судалж, эдийн засгийн нэгдсэн үнэлгээ тогтоох, тэдгээрийн экологийн аюулгүй байдлыг хангаж, зохистой ашиглах явдал чухал байна.
Хангайн бүсийн ой, ан амьтан, цэнгэг ус, эрдсийн нөөц баялаг, мал аж ахуйн түүхий эд, газар тариалан эрхлэх харьцангуй таатай нөхцөл боломж, рашаан сувилал, аялал жуулчлалын арвин нөөц, тэдгээрийг ашиглаж ирсэн туршлага, үйлдвэрлэлийн чадавхийг сэргээн ашиглах явдал цаашдын хөгжлийн гол гарц юм.
Бүсийн аймаг, сумдад ядуурал, ажилгүйдлийн түвшин төдийлэн дорвитой буурахгүй байгаа, дэд бүтцийн хөгжил сул, мэдээллийн технологи бүрэн нэвтрээгүй, зах зээлийн багтаамж бага, төсөв санхүүгийн чадавхи дорой байна.
Иймээс хөгжлийн үндэс болсон дэд бүтцийн асуудлыг бүс нутгийн хүрээнд зохистой шийдвэрлэх хэрэгтэй байна.
Хангайн бүсийн хувьд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, амралт сувилал, жижиг, дунд үйлдвэр, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх явдлыг тус бүсийн хөгжлийн ойрын зорилтууд гэж үзэж байна.
Хангайн бүсийн босоо тэнхлэгийн замыг барьж байгуулах, эхний шатанд Булган, Хархорины хооронд хатуу хучилттай замыг барих ажлыг ойрын хугацаанд шийдэх нь энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх, Эрдэнэтийн хөнгөн үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах, улмаар бүс дотроо аж ахуйн хэлхээ холбоо үүсэн бүрэлдэх, үйлдвэрлэл, худалдааны сүлжээ бий болоход чухал ач холбогдолтой.
Өнөөгийн байдлаар Хөвсгөл, Архангай, Булган аймгийн аж ахуйн нэгж, иргэдийн зах зээлд хандсан урсгал хөдөлгөөн Эрдэнэт рүү зохих хэмжээгээр чиглэж байна. Хархорин хотыг Хангайн бүсийн тулгуур төвийн нэг болгон хөгжүүлснээр Өвөрхангай, Баянхонгор аймаг, Архангай аймгийн урд сумдын худалдаа, бизнесийн төв болох юм. Эрдэнэт хот Хангайн бүсийн үйлдвэр, худалдааны гол төв, Мөрөн, Хатгал, Хархорин, Цэцэрлэг хотууд аялал жуулчлалын төв, Ханх нь хилийн худалдааны төв болон хөгжих боломжтой юм.
Бүсийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд тодорхой нөлөө үзүүлэх төслүүдийг хугацаа алдалгүй боловсруулан хэрэгжүүлж эхлэх, тухайлбал, бүсийн аймгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэх, Архангай аймагт сарлагийн хөөвөр, хялгас боловсруулах, барилгын модон болон хүрмэн чулуун материал үйлдвэрлэх, Баянхонгорт тэмээний ноос, ямааны ноолуур боловсруулах, рашаан сувилал хөгжүүлэх, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайд усалгаатай газар тариалан эрхлэх, төв, суурин газрын дэргэд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, бүсийн тулгуур төвүүдэд мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, хүчин чадлыг нь бүрэн ашиглах, бүсийн хэмжээгээр эрдэс баялгийн нөөцөд тулгуурласан олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх явдлыг дэмжсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Ингэснээр бүсийн хэмжээнд эдийн засгийг тэтгэх чадвартай түшиц аж ахуйн нэгжүүдийг бий болгох юм.
Энэ ажилд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг эрж хайх ажлыг эрчимжүүлэх, бүсийн хөгжлийг дэмжих санг байгуулах, донор орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэгийг авах хэрэгтэй байна.
Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөр нь 1) Эдийн засгийн хөгжил; 2) Нийгмийн хөгжил; 3) Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалал; 4) Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгсэл; 5) Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт- шинжилгээ, үнэлгээ гэсэн бүлгүүдээс бүрдэж байгаа юм. 
 
 
-----оОо-----
 
Нэг. Эдийн засгийн хөгжил
1.1. Бүсийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлж, салбарын зохистой бүтцийг бий болгох бодлого
Үндэслэл. Манай Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5 хувь нь Хангайн бүсэд ногдож байна. 2004 оны байдлаар Орхон аймгаас бусад бүсийн аймгуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 278.1-374.1 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 2.0-2.7 дахин бага байна.
Хангайн бүсийн Орхон аймгаас бусад аймгууд төсвийн зарлагынхаа 50 хүрэхгүй хувийг нь орлогоороо бүрдүүлж,   40-50 хувийг нь улсын төсвөөс олгосон татаасаар нөхөж байна. Энэ нь эдгээр аймгуудад татвар төлөх томоохон аж ахуйн нэгж байхгүй, жижиг, дунд үйлдвэрүүд хөгжөөгүйтэй холбоотой. Цаашид бүсийн аймгууд бие даан өөрөө өөрийгөө санхүүжүүлэх алхмыг шийдэх нь тус бүсийн нэн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Монгол Улсын бүс нутгуудын хөгжлийн түвшний болон хөгжлийн нөөцийн индексүүдийг Үндэсний хөгжлийн хүрээлэнд тооцоолсон дүнгээс үзэхэд Хангайн бүсийн хөгжлийн түвшний нэгдсэн индекс нь 0.251 байгаа нь Улаанбаатарын бүсээс 2.1 дахин бага, Төвийн бүсээс 18.2 хувиар  бага, улсын дунджаас 26.0 хувиар доогуур байна. Энэ нь Хангайн бүсийн аймгуудын хөгжлийн түвшин харьцангуй доогуур байгааг харуулж байна. Түүнчлэн Хангайн бүс дотроо аймгуудын хөгжлийн түвшний ялгаа их байна. Тухайлбал, 2004 оны байдлаар Баянхонгор аймгийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ Орхон аймгийнхаас 13.2 дахин, улсын дунджаас 2.7 дахин доогуур байна.
Хангайн бүсийн эдийн засгийн бүтэц оновчтой биш, үр ашиг багатай байна. Тухайлбал, улсын нийт боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний дөнгөж 10 орчим хувь нь л энэ бүсэд ногдож байна. Харин уул уурхай, олборлох үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 гаруй хувь, хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 30 гаруй хувь нь тус бүсэд ногдож байгаа юм.
Тус бүсийн Орхоноос бусад аймгийн эдийн засагт хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн салбар зонхилж байна. Тухайлбал, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Булган аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 68.6-78.3 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Мөн Орхон аймгаас бусад аймагт аж үйлдвэр, барилгын салбар бага хувийг эзэлж байна.
Иймд Хангайн бүсийн эдийн засгийг тогтвортой түргэн хөгжүүлэх, эдийн засгийн салбарын бүтцийг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 10 хувьд хүргэнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны зохистой сүлжээ бүрдүүлэх;
·        бизнес технологийн инкубаторыг Эрдэнэт, Хархорин хотод байгуулан бүсийн аймгуудыг хамарсан үйл ажиллагаа явуулах;
·        бүсийн давуу тал, нөөцөд тулгуурласан эдийн засгийн шинэ салбар, шинэ үйлдвэрлэлийг бий болгох бодлогыг хэрэгжүүлэх;
·        хөгжлийн нөөц бүхий зарим бичил бүсүүдийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
·        Эрдэнэт, Хархорины бүсийн тулгуур төв хотуудын эдийн засгийн чадавхи, дэд бүтцийн багтаамжийг нэмэгдүүлж, хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний зүй зохистой төвлөрлийг бий болгох;
·        бүсийн эдийн засгийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа компаниудыг өөр хоорондоо хоршин ажиллах, корпораци, групп байгуулах, хамтарсан хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгохыг дэмжих;
·        үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой чиглэлээр бүс дотроо дагнах, төрөлжих, хоршихыг бодлогоор дэмжих;
·        "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг сум бүрт өрнүүлж, чанар сайтай, өрсөлдөх чадвар бүхий "брэнд" бүтээгдэхүүнийг шинээр бий болгож дотоод, гадаадын зах зээлд гаргах;
·        баруун болон Төвийн бүстэй үйлдвэрлэл, үйлчилгээний хоршилтыг хөгжүүлж, харилцан нэгнээ нөхөн хангах тогтолцоо бүрэлдэх үндсийг тавих; 
·        бусад бүс, экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх;
·        экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд урт хугацааны зээл олгох, тодорхой хугацаанд татвараас хөнгөлөх, үнэ, тарифын бодлогоор дэмжих;
·        бүсийн эдийн засгийг түлхүү хөгжүүлэх салбарт оруулах хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх урамшуулал, хөнгөлөлтийн механизмыг бий болгох;
·        ОХУ, БНХАУ-ын хил залгаа бүс нутагтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
               Гарах үр дүн. Бүсийн эдийн засгийн өсөлтийн төвүүд бий болж, үйлдвэрлэл, үйлчилгээний дотоодын уялдаа холбоо, хамаарлыг сайжруулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлснээр бизнес эрхлэх таатай орчин бүрдэнэ.
      Тэргүүлэх зорилт 2. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        экспортын баримжаа бүхий боловсруулах аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэл давамгайлсан, эрчимжсэн хөдөө аж ахуй бүхий аялал жуулчлал, үйлчилгээний салбар хөгжсөн бүсийн эдийн засгийн зохистой бүтцийг бий болгох бодлогыг хэрэгжүүлэх;
·        Орхон аймгийн дэд бүтцийг түшиглэн экспортод чиглэсэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эхлүүлэх;
·        орон нутгийн хангалттай нөөц бүхий, нөхөн сэргээгдэх түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх, ялангуяа арьс шир, ноос ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, ургамал, амьтны гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийг эхний ээлжинд байгуулах;
·        нөөц нь тогтоогдсон, үр ашигтай болох нь тодорхой болсон орд газруудыг түшиглэн уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг шинээр байгуулах;
·        Орхон аймгаас бусад бүсийн аймгуудын дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, барилгын салбарын эзлэх хувийн жинг 10-аас доошгүй хувьд хүргэх;
·        газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэхтэй хослуулах замаар хөдөө аж ахуйн хоршилтыг бий болгож, улмаар хөнгөн, хүнсний үйлдвэрүүдтэй нягт уялдуулах үндсэн дээр хөдөө аж ахуй, үйлдвэрийн бүсийн цогцолбор аж ахуйг олноор байгуулах.
      Гарах үр дүн. Бүсийн эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, дэд бүтцийн хангамж, хүртээмж сайжирч, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээ өргөжинө.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт 1. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 6-8 хувьд тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад дэвшилтэт техник, технологи, менежментийг нэвтрүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвартай, оюуны өндөр багтаамжтай, дэвшилтэт техник, технологи дээр тулгуурласан боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх;
·        экспортын баримжаатай, хувийн хэвшилд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг түлхүү хөгжүүлэх замаар эдийн засгийн өндөр өсөлтийг хангах;
·        бүсийн эрдэс түүхий эдийн нөөцийг бүрэн ашиглахад чиглэсэн үйлдвэрлэлийг өргөтгөх;
·        бичил бүс, сумдын хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
·        оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх;
·        бүсийн хөгжлийн банк байгуулан ажиллуулах;
·        бүсийн тулгуур төвүүд, орон нутгийн хөгжлийн төвүүдийн хоорондын зохистой харьцаа, хоршилтыг тогтоож, тэдгээрт хөдөө орон нутгийг холбон хөгжүүлэх дэд бүтцийн үндсэн сүлжээг бүрдүүлэх;
·        нутгийн өөрөө удирдах байгууллагын эдийн засгийн зохицуулалтын эрх мэдлийг өргөтгөхөд анхаарч, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
·        орон нутгийн өмч, татвар, санхүү, зээлийн эрх мэдлийг өргөтгөх.
      Гарах үр дүн. Өөрийгөө тэтгэдэг, өрсөлдөх чадвар бүхий хөрөнгө хүчээ нэгтгэсэн бүсийн эдийн засгийн үндсийг бий болгож, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ.
               Тэргүүлэх зорилт 2. Бүсийн аж үйлдвэр, үйлчилгээний салбарын бүтээгдэхүүний хэмжээг тогтвортой нэмэгдүүлж, эдийн засгийн салбарын бүтцийг улам боловсронгуй болгоно.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        сумдыг бүсчилэн хөгжүүлж, бичил бүсүүдийг эдийн засгийн талаар төрөлжүүлэн хөгжүүлэх;
·        бүсийн аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, технологийн "холимог", "дагнасан", "тенант" хэлбэрийн паркийг байгуулах;
·        бүсийн аймгуудад уул уурхайн үйлдвэрлэл, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх;
·        хөдөө аж ахуйн экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн байгаль орчин, түүний нөөц, хөдөө аж ахуйд зохицсон, өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн зохистой бүтэц бүрдэнэ.
1.2. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжил
1.2.1. Хөдөө аж ахуйн хөгжил
Үндэслэл. Хангайн бүсийн аймгуудын эдийн засгийн үндсэн салбар нь хөдөө аж ахуй зонхилсон хэвээрээ байна. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт бий болгосон нэмэгдэл өртгийн 31.3 хувь нь Хангайн бүсэд ногдож байна.
      Цаашдаа Хангайн бүсийн хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх, эрчимжүүлэх, мал аж ахуйг хагас суурин хэлбэрт шилжүүлэх, төв, суурин газрын дэргэд эрчимжсэн фермерийн аж ахуй хөгжүүлэх, усалгаатай газар тариалангийн технологид нэн даруй шилжих, газар тариалангийн бүтээгдэхүүнээр бүсийнхээ хэрэгцээг бүрэн хангадаг болох, өрх бүрээр туслах аж ахуй эрхлүүлэх зэрэг тулгамдсан зорилтууд цөөнгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Хангайн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн одоогийн бүтэц, зохион байгуулалтыг зах зээлийн эрэлт шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, менежментийг сайжруулна.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        малчид, тариаланчдын бүлэг, хоршоо зэрэг хамтын ажиллагааны хэлбэрүүдийг дэмжиж, бололцоотой газарт мал аж ахуй, газар тариалан, туслах аж ахуйн чиглэлээр харьцангуй эрчимжсэн технологи бүхий хоршоо, фермерийн аж ахуйг олноор байгуулах;
·        бүс нутагт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, мөөг, эмийн болон цайны зэрэг ургаж болох бүх төрлийн ургамал тарьж ургуулах, газар тариалангийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, хорогдол багатайгаар хадгалах, савлах, цаа буга, гахай, туулай, шувуу, зөгий, загасны аж ахуйг хөгжүүлэхийг урамшуулан дэмжих; 
·        дэвшилтэт технологи бүхий услалтын систем импортлон нийлүүлэх, дотооддоо үйлдвэрлэх, барьж байгуулах, цас, борооны усыг нөөцлөх үйл ажиллагааг дэмжих;
·        таримал ургамал, үр, бордоо, өндөр ашиг шимт болон нутгийн шилмэл омгийн хээлтүүлэгч, өсвөр гахай, өндөглөгч бойжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийг хангах аж ахуйг бий болгох;
·        хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулах тогтолцоо бүрдүүлэх;
·        хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах тогтолцооны эхлэлийг тавих.
      Гарах үр дүн. Хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлж, бүсийн хүн ам, үйлдвэрийн хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний дутагдаж байгаа хэрэгцээг үндсэнд нь хангана.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжсэн хэлбэрээр хөтлөх үндсийг тавина.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        бүсийн тулгуур төв, аймгийн төв, томоохон суурин газрын орчимд эрчимжсэн бүтэц, технологиор хөдөө аж ахуйг эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх;
·        экологийн цэвэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, борлуулалтыг нэмэгдүүлэх;
·        Хангайн бүсийн аймгуудын хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг бэлтгэх, борлуулах биржүүдийг Эрдэнэт, Хархорин, Мөрөн хотод байгуулах;
·        бэлчээрийг усжуулах, тарималжуулах ажлыг нэмэгдүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүний хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж, бусад зах зээлд борлуулдаг болно.
1.2.1.1. Мал аж ахуй
Үндэслэл. 2004 оны байдлаар манай улсын нийт мал сүргийн 32.3 хувь, адууны 34.2 хувь, үхрийн 40.7 хувь, хонины 32.4 хувь, ямааны 31.0 хувь нь Хангайн бүсэд ногдож байна. Бүсийн дүнгээр 70388 малчин өрх байгаа бөгөөд нэг малчин өрхөд 116 мал ногдож байна.
Улсын хэмжээний цэвэр үүлдрийн болон эрлийз үхрийн дөнгөж 12.3 хувь, хонины 4.0 хувь, ямааны 8.6 хувь нь Хангайн бүсэд байна.
Сүүлийн жилүүдэд малын үүлдэр, удам угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх ажил бараг зогссон байна. Фермерийн аж ахуй эрхлэх ажил эхлэлийн төдий байна. Мал сүргийн усан хангамж хангалтгүй байна. Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч сүргийн бүтцэд ч зарим сөрөг өөрчлөлт гарсан байна. Энэ нь бэлчээр ашиглалтад зарим талаар сөргөөр нөлөөлж байна. Иймд цаашид малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж сүргийн бүтэц, чанарыг сайжруулах замаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, өндөр ашиг шим бүхий мах, сүүний чиглэлийн үхэр, нутгийн сарлаг, Тамир, Дархад, Байдраг хонь, Эрчмийн хар, Залаа, Жинстийн цагаан ямааны цөм сүргийг сайжруулагчаар ашиглах нөөц боломж энэ бүсэд байна.
Хангайн бүсээс зах зээлд жил бүр бэлтгэн борлуулах 1.2 сая толгой малын нөөц байна. Тухайлбал, Хангайн бүсээс экспортын зориулалтаар жил бүр 11.4-13.4 мян.тн мах бэлтгэх боломжтой. Мөн улсын нийт хонины ноосны 30.5 хувь, ямааны ноолуурын 30.4 хувь, тэмээний ноосны 17.0 хувь, адуу, үхрийн хөөврийн 40 орчим хувийг тус бүс бэлтгэх боломж, чадавхитай юм.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд эдийн засгийн бүсүүдийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлохдоо бүс тус бүрт мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр тусгасны дагуу түүхий эдийнхээ дээрх нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр мал аж ахуйгаа хөгжүүлэх, түүхий эдээ бүрэн бэлтгэх, боловсруулах, зах зээлийн менежментээ сайжруулах явдал нэн тулгамдсан зорилт болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Бэлчээрийн мал аж ахуйг зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүс нутгийнхаа онцлогт тохируулан үр ашигтай эрхлэн хөтлөх арга хэлбэрт шилжүүлж, төв суурин газрын ойролцоо эрчимжсэн мал аж ахуй эрхлэх ажлыг өргөжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        бэлчээрийн даац, усан хангамжийг харгалзан мал сүргийг зохистой тоо, бүтэцтэйгээр өсгөн үржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, ашиг шим бүхий тэмээ, үхрийн тоог олшруулахыг урамшуулах;
·        Эрдэнэт, Хархорины тулгуур төвүүдийн орчимд эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг хөгжүүлэх эхлэлийг тавих;
·        бүсийн нутгийн шилмэл омгийн малын удмын сан бүрдүүлэх;
·        өндөр ашиг шим бүхий мах, сүүний чиглэлийн үхэр, нутгийн сарлаг, Тамир, Дархад, Байдраг хонь, Эрчмийн хар ямаа, Залаа, Жинстийн цагаан ямааны цөм сүргийг бүрдүүлж, сайжруулагчаар ашиглан, тоо толгойг нь нэмэгдүүлэх;
·        мах, сүүний чиглэлийн Сэлэнгэ, семинталь, хар тарлан, Алатау үүлдрийн үхэр, баяд, дархад, илүү нугаламт хонь, Баяндэлгэр, Өлгийн улаан ямаа зэрэг өндөр ашиг шимтэй малаар нутгийн малын үүлдэр угсааг сайжруулах үржил селекцийн ажил явуулах;
·        малын генийн санг хамгаалах, мал аж ахуйд биотехнологи өргөн нэвтрүүлэх, үүлдэр угсааг сайжруулах замаар малын ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах;
·        эхний ээлжинд хүн амын нягтрал ихтэй, зах зээлд ойр орших сумдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг урьд нь  цэвэр үүлдрийн болон эрлийз үнээний аж ахуй эрхэлж байсан нутгийг түшиглэн хөгжүүлэх;
·        малын сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг уламжлалт аргыг дэлгэрүүлж, энэ чиглэлийн боловсруулах, савлах жижиг үйлдвэрийг олшруулан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх;
·        мал нядалж, мах бэлтгэх явуулын цех, хадгалах зоорийн асуудлыг бүрэн шийдвэрлэх;
·        мал эмнэлгийн үйлчилгээг зах зээлийн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх;
·        мал эмнэлгийн ариун цэвэр, магадлан шинжилгээний лабораторийг олшруулах, бүсийн төв лабораторитой болох;
·        мал сүргийн усан хангамжийг нэмэгдүүлэх, тэжээлийн үйлдвэрлэлийг урамшуулан хөгжүүлэх;
·        малчдыг зах зээлтэй холбох оновчтой арга зам, бүтцийг бий болгох;
·        малын тэжээлийн үйлдвэрлэл, усан хангамжийг нэмэгдүүлэх, фермерийн эрчимжсэн  аж ахуй эрхлэх, нутгийн шилмэл омгийн мал үржүүлэн борлуулж байгаа аж ахуйн нэгж, малчдыг зээл, татварын бодлогоор дэмжих.
      Гарах үр дүн. Бүсийн мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2005 онтой харьцуулахад жилд дунджаар 10 хувиар өснө.
               Нийт сүргийн дотор ашиг шим ихтэй малын эзлэх хувийн жин 20-иос доошгүй хувьд хүрч, малын өвчнөөр хорогдох тоо хэмжээ 2004 онтой харьцуулбал 50 хувиар буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Бэлчээрийн мал аж ахуйг материаллаг бааз талаас нь хагас суурин хэлбэрт шилжүүлэх, технологи талаас нь эрчимжиж байгаа аж ахуй болгон экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, мал сүргийг эрүүлжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн тулгуур төв, аймгийн төвийн ойролцоо байгуулсан мах, сүүний  эрчимжсэн аж ахуйг өргөжүүлж, улмаар орон нутгийн хөгжлийн бичил бүсийн төвүүдийг түшиглэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх;
·        үржлийн сайн чанарын өсвөр бух, гунж бойжуулан сүү, махны чиглэлийн үхэр үржүүлэх аж ахуйн нэгжүүдийг өргөтгөх;
·        цөм сүрэг бүрдүүлж хээлтүүлэгч бойжуулах ажлыг хуцаар Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Цагаан-Уул, Архангайн Хотонт, Цахир сумдад, ухнаар Хөвсгөлийн Төмөрбулаг, Баянхонгорын Шинэжинст, Бөмбөгөр, Баацагаан сумд, бухаар Хөвсгөлийн Цагаан-Уул, Булганы Сэлэнгэ, Архангайн Тариат, Өвөрхангайн Уянга сумдад зонхилон явуулах;
·        Сэлэнгэ үүлдрийн үхрийг бүсийн хэмжээнд үхэр сүргийн сайжруулагчаар ашиглаж Булган, Архангай аймагт үржлийн аж ахуй байгуулах;
·        өндөр ашиг шимт малын хээлтүүлэгч, түүний үр хөврөлийг үржилд өргөн ашиглах;
·        олон улсын чанар, стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох аж ахуйг Орхон, Булган, Өвөрхангай аймагт байгуулах;
·        ноолуурын ямааны шилмэл омгийн цөм сүрэг бүрдүүлж, өсгөн үржүүлэх ажлыг бүсийн аймгуудад хэрэгжүүлэх;
·        мал бордох, мал аж ахуй-үйлдвэрийн цогцолборыг байгуулах;
·        нарийн ноост хонин сүргийн фермийг Орхон суманд байгуулах;
·        мал эмнэлгийн техник, технологи, эм хангамжийг сайжруулж, малын халдварт паразитийн өвчнөөс урьдчилан сэргийлэх;
·        бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнг Архангай аймаг дахь өндөр уулын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний салбарыг түшиглэн байгуулах;
·        малын тэжээлийн үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
      Гарах үр дүн. Бүсийн мал сүргийн дотор өндөр ашиг шимтэй малын эзлэх хувийн жин 40 хувьд хүрнэ. Мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилд дунджаар 12 хувиар өснө.
1.2.1.2. Газар тариалан
      Үндэслэл. Улсын нийт тариалалт хийсэн талбайн 22.7 хувийг Хангайн бүсийн аймгуудад хийсэн тариалалт эзэлж байна. Бүсийн хэмжээнд тариалсан нийт талбайн 60 орчим хувийг Булган аймаг тариалж байна. Бүсийн хэмжээнд нийт тариалсан талбайн 90.1 хувийг үр тариа эзэлж байна.
      Өнөөгийн байдлаар Хангайн бүсэд 1 га-гаас авч байгаа ургацын хэмжээ бага, газар тариаланд ашигладаг техник, технологи хуучирч, бүтээмж нь эрс буурсны гадна газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи нэн хангалтгүй байна.
      Хангайн бүсийн Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх үндсэн дээр үр тариа, төмс, хүнсний ногоогоор бүсийн дотоод хэрэгцээг хангах, хүлэмжийн аж ахуй байгуулах, зарим нарийн ногоо тариалж байгаа иргэд, байгууллагын санаачилгыг дэмжин дэлгэрүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, усалгаатай газар тариалангийн эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        үр тариа, төмс, хүнсний ногоо, хүнс, тэжээлийн үет, буурцагт ургамал, жимс жимсгэнийг тариалж бүсийнхээ хэрэгцээг хангах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
·        үр тарианы үрийн аж ахуйг Булган, Өвөрхангай аймагт байгуулах;
·        гол усны эх булгийг хамгаалж хашаалан усалгаатай тариалан эрхэлж, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх;
·        услалтын системийг олшруулах, байгалийн тогтцыг ашиглаж усны нөөцийг бүрдүүлж газар тариаланд ашиглах;
·        орон нутгийн нөхцөлд тарьж болох жимс жимсгэний аж ахуй байгуулах;
·        газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр үйлчлэх, сэргээн засварлах, үр, бордоогоор хангах лизингийн үйлчилгээг хөгжүүлэх;
·        газар тариаланд хөрсний эвдрэлээс хамгаалах технологи нэвтрүүлж, технологийн шинэчлэл хийж эхлэх;
·        зоорь, агуулахын аж ахуйг хөгжүүлэх;
·        газар тариаланд тохиромжтой нутгийн өрх айлын 70 хувьд газар тариалангийн туслах аж ахуйг хөгжүүлэх;
·        жимс жимсгэний тарьц, суулгац үржүүлж бүсийн хэрэгцээг хангадаг аж ахуйг зарим аймагт байгуулах;
·        услалтын системийн барилга байгууламжийг шинэчлэх, засварлах, шинээр барьж байгуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, гадаад, дотоодын зээл, тусламжийн хөрөнгийн зохих хэсгийг түүнд чиглүүлэх;
·        усалгаатай тариалан эрхлэгчдэд газрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхийг дэмжих;
·        газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх төслийг гадаад орны болон олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бүсийн аймгуудад хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн хүн амын гурилын хэрэгцээний 70 хувь, төмс, хүнсний ногооны хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангана.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, 1 га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        ганд тэсвэртэй, богино хугацааны болцтой, 1 га-гаас авах ургацын хэмжээ их үрийн сантай болох;
·        аймгийн төвүүд, газар тариалан бүхий сумдад хүнсний ногоо даршлах, нөөшлөх үйлдвэр, цех байгуулах;
·        бүсийн хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон хүнс, техник, тэжээлийн таримлын нэр төрлийг олшруулж, тэдгээр ургамлын нутагшсан сортын үрээр хангах;
·        ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн салбарыг байгуулах;
·        төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн аж ахуйд нарийн ногоо ургуулах ажлыг дэмжих;
·        газар тариалангийн үйлдвэрлэлд даатгалын ба эрсдэлийн тогтолцоог боловсронгуй болгох.
      Гарах үр дүн. Газар тариалангийн бүтээгдэхүүнээр бүсийн хүн ам, үйлдвэрийн хэрэгцээг дотооддоо бүрэн хангана.
1.2.2. Аж үйлдвэрийн хөгжил
Үндэслэл. Тус бүсийн Орхон аймгаас бусад аймгуудад аж үйлдвэрийн салбарын хөгжил доогуур байна. Тухайлбал, 2004 оны байдлаар манай улсын боловсруулах аж үйлдвэрийн салбарт бий болгосон нэмэгдэл өртгийн дөнгөж 0.1-0.4 хувь нь Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймагт тус тус ногдож байна. Энэ салбарт эдийн засгийн хувьд үр ашиг багатай, зардал ихтэй, техник, технологийн хувьд хоцрогдсон хуучин үйлдвэрүүд зонхилж байна.
Хангайн бүсийн эдийн засагт аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, ялангуяа Орхон аймгаас бусад аймгуудад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
 
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, барилгын салбарын эзлэх хувийн жинг 40 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        ажиллаж байгаа үйлдвэрүүдэд техник, технологийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
·        Баянхонгор аймгийн хүрмэн гулдмайн үйлдвэр, Булган аймгийн Тэшигийн гэрийн модон эдлэлийн үйлдвэрийг сэргээх, Орхон аймагт оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэр, Өвөрхангайд тоосгоны үйлдвэр, Хөвсгөлд мод, модон эдлэлийн үйлдвэрийн хүчин чадал ашиглалтыг нэмэгдүүлэх, өргөтгөх, Архангайд сарлагийн хөөвөр боловсруулах үйлдвэр, Өвөрхангайд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, Хөвсгөлд загас боловсруулах үйлдвэр шинээр байгуулахыг бодлогоор дэмжих;
·        мах, ноос ноолуур, арьс ширийг стандартын дагуу бэлтгэх, боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг нь дотоод, гадаад зах зээлд борлуулах маркетингийн асуудлыг улсын томоохон үйлдвэрүүдийн эрэлт, хэрэгцээтэй холбон зохистой шийдвэрлэх;
·        Эрдэнэтийн үйлдвэрлэл, технологийн паркийн техник, эдийн засгийн үндэслэл, бусад баримт бичгийг боловсруулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад сурталчлах,  танилцуулах цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
 
      Гарах үр дүн. Бүсийн эдийн засгийн салбарт аж үйлдвэрийн эзлэх хувийн жин нэмэгдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Бүсийн дүнгээр дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, барилгын салбарын эзлэх хувийн жинг 50 хувьд хүргэнэ. 
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        бүсийн хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийг иж бүрдэл боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
·        Ханхын хилийн гарц орчимд худалдааны чөлөөт бүс байгуулах бэлтгэл ажлыг хангах;
·        Архангайд жимс жимсгэнэ боловсруулах, Баянхонгорт ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр, Орхонд мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэр шинээр байгуулахыг дэмжих.
      Гарах үр дүн. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл олширно.
1.2.2.1. Боловсруулах аж үйлдвэр
Үндэслэл. Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт, Хархоринд болон аймгийн төвүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, бүсийн эдийн засгийн өсөлтийг хурдасгах шаардлага тулгарч байна. Үүний тулд бүсийн материал, түүхий эдийн нөөцөд тулгуурласан боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх явдал чухал байна.
Бүсийн тулгуур төвүүдэд түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг байршуулах, зарим нутаг дэвсгэрт аж үйлдвэрийн парк байгуулах замаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ингэхдээ бүсийн аймгуудын хөгжилд нөлөө бүхий урьд өмнө ажиллаж байсан үйлдвэрүүдийг сэргээх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, өргөтгөх, шинээр үйлдвэр байгуулахад анхаарах шаардлагатай болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Боловсруулах аж үйлдвэрийг сэргээн, техник, технологийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь сайжруулах замаар дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн жилийн дундаж өсөлтийг 6-гаас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        Эрдэнэт үйлдвэрийн технологийн шинэчлэлтийг хийж зэс хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг эрс дээшлүүлэх;
·        катодын зэс үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, жилд   10-15 мян.тн зэс үйлдвэрлэх;
·        Баянхонгор аймгийн ханын материалын үйлдвэрийг засварлан ашиглалтад оруулах;
·        даацын хүрмэн блок үйлдвэрлэх цехийг Архангай, Баянхонгор аймагт байгуулж ханын материалын хэрэгцээг хангах;
·        Хөвсгөл, Өвөрхангай аймагт гантиг, боржин чулуу боловсруулах үйлдвэр байгуулах;
·        Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай аймагт модны нөөцийг түшиглэн мод боловсруулах (деспа, фанер, аргелит) үйлдвэр байгуулах, модны тарьц үржүүлэх аж ахуйн нэгж байгуулахыг дэмжих;
·        оёдол, нэхмэл, сүлжмэл эдлэлийн болон мах, хүнсний ногоо нөөшлөх, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж бүс нутгийн хэрэгцээг хангах;
·        ноос, ноолуур угаах, анхан шатны боловсруулалт хийх, улмаар нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийг Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон аймагт байгуулах;
·        арьс шир боловсруулах үйлдвэрийг Өвөрхангай, Хөвсгөл аймагт байгуулах;
·        цөцгийн тос, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудад байгуулах;
·        сүү, цагаан идээ боловсруулах орчин үеийн технологи бүхий үйлдвэрийг Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймагт байгуулах;
·        сарлагийн хөөвөр, хялгас боловсруулах үйлдвэрийг Архангай, Өвөрхангай аймагт байгуулах;
·        хиам, консервын жижиг үйлдвэрийг Баянхонгорт байгуулах;
·        махны үхрийн загвар аж ахуйг байгуулан мал бордох, мах боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудад байгуулах;
·        хог хаягдлыг ялгах, дахин боловсруулах үйлдвэрийг бүсийн аймгуудад байгуулах;
·        хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр жимс жимсгэнэ, хүнсний ногоог дахин боловсруулах үйлдвэр байгуулах;
·        орон нутагт гурилын жижиг үйлдвэрүүд байгуулах замаар дотоодын хэрэгцээг хангах;
·        ингэний ундаа, рашаан савлах сав суулганы жижиг үйлдвэрийг Өвөрхангай, Баянхонгор аймагт байгуулах;
·        эмийн ургамлыг боловсруулж эм үйлдвэрлэх үйлдвэрийг Баянхонгор аймагт байгуулах;
·        экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх;
·        боловсруулах аж үйлдвэрийн салбарт импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
Эрдэнэтэд бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах арьс шир боловсруулах үйлдвэр, хүүхдийн хувцасны үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр, зэс, зэсэн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг дэмжих;
·        Эрдэнэтэд генератор, цахилгаан цэнэглэгчийн үйлдвэр, зарим техник, тоног төхөөрөмжийн үйлдвэр, хүрэл эдлэлийн үйлдвэр, зэсийн хоёрдахь үйлдвэр байгуулахыг дэмжих;
·        Эрдэнэт хотод экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлтэй уялдуулан хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг уламжлалт болон тэргүүний технологиор иж бүрэн боловсруулж, экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарах;
·        бүсийн тулгуур төв Хархорин хотод мах боловсруулах үйлдвэр, цөцгийн тос, бяслагны үйлдвэр, хүүхдийн сүү, тэжээлийн үйлдвэр, оёдлын болон сүлжмэлийн үйлдвэр, ахуйн хэрэгцээний тоног төхөөрөмж угсрах, засварлах үйлдвэр, сав, баглаа боодлын үйлдвэр, саван, үнэртний үйлдвэр, хөөсөн бетон эдлэхүүний үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих;
·        Эрдэнэт хотод байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн техник, эдийн засгийн үндэслэл болон бусад холбогдох материалыг бэлтгэж гадаад орнуудад сурталчлах, хөрөнгө оруулагчдад танилцуулах цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Материал, түүхий эдэд гүн боловсруулалт хийж, зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг жилд дунджаар 8-10 хувиар нэмэгдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        катодын зэс үйлдвэрлэдэг Эрдмин үйлдвэрийг өргөтгөх;
·        уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдмин үйлдвэрүүдэд технологийн шинэчлэлт хийж эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
·        фосфоритын үйлдвэрийг ашиглалтад оруулж жилд 60.0 мян.тн бордоо үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх;
·        арьс шир, ноос ноолуур, хөөвөр, хялгас, мах, сүү зэрэг түүхий эдийг боловсруулах хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх;
·        тэмээний ноос боловсруулах үйлдвэрийг Баянхонгор аймагт байгуулах;
·        бүсийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, дотоод, гадаадын зах зээлд өргөн сурталчлах;
·        орон нутагт мах, сүү, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын жишигт нийцсэн технологиор боловсруулж экспортлох жижиг үйлдвэрүүдийг байгуулж, өргөтгөх;
·        үртэс, холтос, модны зах, тайрдсыг боловсруулж бүтээгдэхүүн хийх, цул модон хийцийн мебель, наамал, матмал модон эдлэл үйлдвэрлэх шинэ техник, технологи нэвтрүүлэх;
·        хус модыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, хусан зүймэл шал, барилгын модон хийц, эдлэлийг үйлдвэрлэх техник, технологийг үйлдвэрлэлийн хуучин бааз суурийг нь түшиглэн нэвтрүүлэх санаачилгыг дэмжих;
·        модны шилмүүснээс эфирийн тос, витаминт нунтаг, эмчилгээний ханд болон шинэс, нарс модноос давирхай олборлон канифол, скипидар, хус модноос нүүрс гарган авах үйлдвэрүүдийг байгуулж, бүтээгдэхүүнийг нь гадаад, дотоод зах зээлд нийлүүлэх арга хэмжээ авах;
·        говийн бүсийн аймгийн малчдын өргөн хэрэгцээнд зориулан малын хашаа, саравчны мод, араг, савар, эмээл, модон уур, аяга, таваг, сүхний иш, уурга, модон тэрэг, гэрийн мод, тавилга зэрэг бүтээгдэхүүнийг захиалга, гэрээний үндсэн дээр үйлдвэрлэж нийлүүлэх ажлыг зохион байгуулах.
      Гарах үр дүн. Орчин үеийн техник, технологид түшиглэсэн аж үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлж, нэмэгдүүлнэ.
1.2.2.2. Олборлох аж үйлдвэр
Үндэслэл. Хангайн бүсийн хэмжээнд нийт 15 төрлийн ашигт малтмалын 328 объект байгаагаас 89 нь 9 төрлийн ашигт малтмалын орд, бусад нь илрэлүүд байна. Үүнд алтны 46, алт-мөнгө-зэсийн 1, төмрийн 2, төмөр-манганы 1, хайлуур жоншны 1, фосфоритын 22, нүүрсний 15 орд тус тус судлагдсан байна. Эдгээр ордуудад 124 тонн алт (улсын нийт алтны нөөцийн 8.0%), 6174.5 мян.тн зэс (80.0%), 173.3 мян.тн молибден (44.5%), 69.3 сая тн нүүрс (1.0%), 258.9 сая.тн фосфорит (89.0%) агуулагдаж байна. Эрдэнэтийн овоо нь 6.2 сая.тн зэс, 173.3 мян.тн молибдений нөөцтэй. Тавтын алт-мөнгө-зэсийн ордын үйлдвэрлэлийн зэргээр бэлтгэгдсэн нөөц нь 11.9 тн юм. Баянхонгор аймгийн нутагт Хатан суудлын нурууны заараг алтны бүс, Баянговийн алтны хүдрийн зангилаа, Байдраг, Өлзийт, Гурванбулаг, Эрдэнэцогтын алтны дүүргүүд байна.
Хангайн бүсийн аймгуудад нийт 10.9 сая.га талбайг хайгуулын болон ашиглалтын лицензээр аж ахуйн нэгж, хүмүүст олгосон байна. Энэ нь улсын лицензээр олгосон нийт талбайн 21.5 хувь, олгосон нийт лицензийн 22.4 хувь нь Хангайн бүсийн аймгуудад ногдож байна.
Дээр дурдсан арвин их нөөцийг ашиглан Хангайн бүсийн эдийн засгийн хөгжлийг шинэ шатанд гаргах асуудал тулгамдсан зорилт болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Бүсийн эрдэс түүхий эдийн нөөц, баялгийг эдийн засгийн эргэлтэд шат дараалан оруулж, уул уурхайн салбарын бүсийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        Монгол-Японы Засгийн газар хоорондын техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт орчимд геологийн судалгааны ажлыг явуулах;
·        Архангай, Баянхонгор, Булган аймгийн нутагт нүүрсний орд, илэрцүүдийн нарийвчилсан судалгаа, хайгуул хийж, ашиглалт явуулж эхлэх;
·        Архангай аймгийн Хотонт, Цэнхэр, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан, Чулуут, Өлзийт сумын нутаг дэвсгэрийн 1:50000-ын зураглал хийлгэж, илэрцүүдэд нарийвчилсан хайгуул явуулах;
·        Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Цэцэрлэг, Тосонцэнгэл, Их-Уул, Эрдэнэбулган, Түнэл сумдын нутаг дэвсгэрийн 1:50000-ын зураглал, илэрцүүдэд нарийвчилсан хайгуул хийх;
·        эдийн засгийн үр ашигтай орд газруудад нарийвчилсан хайгуулын ажил хийх;
·        Хөвсгөл аймагт хөнгөн цагааны хүдэр, фосфоритын орд, бал чулуу, газрын ховор элемент, алт зэрэг ашигт малтмалыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэж, олборлох асуудлыг шийдвэрлэх;
·        Тэшиг сумын Азрага, Цагаанжалга голын сав газарт геологийн хайгуул хийх, Хөхчулуутын ордын эрэл, үнэлгээний ажлыг дуусгах;
·        алт олборлолтыг одоогийн хэмжээнээс 1.5 дахин өсгөх;
·        Тавтын алтны үндсэн ордыг ашиглах уул уурхайн үйлдвэрийг байгуулах;
·        ашигт малтмалын орд газрын ашиглалтын лицензийг олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн шийдвэрлэдэг тогтолцоог боловсронгуй болгох;
·        эрдэс баялгийг олборлох талаар хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах төслүүд хэрэгжүүлж нөөц өсгөлт, олборлолтыг нэмэгдүүлэх;
·        уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргийн биелэлтэд тавих хяналтыг сайжруулах;
·        ашигт малтмалын ордыг ашиглахдаа тухайн орон нутгийн хүн амын ахуй амьдралыг сайжруулах зорилттой уялдуулсан бодлого хэрэгжүүлэх;
·        эрдэс баялгийг ашиглаж байгаа бүсийн аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө хүчээ төвлөрүүлж үйл ажиллагаагаа хоршин явуулах нэгдэл, корпораци байгуулахыг бүх талаар дэмжих;
·        ашигт малтмалыг байгальд ээлтэй арга, технологиор ашиглахыг дэмжиж, ашигласан орд газрыг нөхөн сэргээх ажлын хяналт, урамшууллын арга, хэлбэрийг үр нөлөөтэй хослуулан хэвшүүлэх. Энэ чиглэлээр байгаль орчныг хамгаалах болон орон нутгийн байгууллагын эрх, үүргийг өндөржүүлэх.
      Гарах үр дүн. Уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний гаргалтыг нэмэгдүүлж, байршлыг оновчтой болгоно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Уул уурхайн олборлох үйлдвэрийн салбарт тэргүүний техник, технологийг нэвтрүүлж, бүтээгдэхүүний гаргалтыг нэмэгдүүлж, боловсруулалтын түвшинг дээшлүүлнэ.
 
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        хөнгөн цагааны ислийн бараг тэрбум тоннын таамагласан нөөц бүхий хэтийн төлөв сайтай нефелин сиенитийн бүлэг илрэлүүд (Дөшийн гол, Өвөр мараат, Дунд хэм гол, Бэлтэсийн гол зэрэг) байгааг түшиглэж судалгаа туршилтыг өргөжүүлэх;
·        цагаан алт, хромитын орд илрэлийн эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
·        Бүсийн эрдэс түүхий эдийн хайгуул, судалгааны төвийг Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран байгуулах;
·        уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарт бүтээгдэхүүний гаргалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ боловсруулалтын түвшинг дээшлүүлэх;
·        уул уурхайн олборлох аж үйлдвэрийн салбарт дэлхийн тэргүүний техник, технологийг нэвтрүүлж, үр ашгийг нь эрс өсгөж, эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх;
·        Бүрэнхааны фосфоритыг олборлож, гадаад зах зээлд борлуулах нөхцөлийг бүрдүүлэх. Энэ ордыг ашиглахдаа Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрт шаардлагатай хүхрийн хүчлийг хамтад нь гаргаж авах, фосфорын бордоо болон химийн бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах;
·        Сайхан голын төмөр-манганы орд зэрэг ирээдүйтэй объектуудыг цогцолбороор ашиглах бэлтгэлийг хангах, эхний ээлжинд алслагдсан орон нутагт бага оврын баяжуулах уул уурхайн үйлдвэр байгуулахад анхаарлаа хандуулж ажиллах;
·        Ихтамир сумын Мөнгөтийн мөнгөний ордод хайгуул хийж, ашиглалт явуулах техник, технологийн үндэслэлийг боловсруулах;
·        Тариат сумын Шаврын царамын гоёлын өнгөт чулууны ордыг ашиглаж гоёл, чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
·        Орхон сумын шохойн чулууны ордуудыг ашиглан шохойн үйлдвэр байгуулах;
·        Хангайн бүсэд алт, бал чулуу, шөрмөсөн чулуу, хөнгөн цагаан, фосфорит, газрын ховор элемент зэрэг газрын хэвлийн нөөцийг ашиглах дарааллыг тогтоон, хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх.
      Гарах үр дүн. Уул уурхайн олборлох салбарын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин дээшилнэ.
1.2.3. Аялал жуулчлалын хөгжил
Үндэслэл. Хангайн бүс нь түүх, соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газрууддаа түшиглэн дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх маш тохиромжтой нутаг юм.
Хөвсгөл аймагт байгалийн шинжлэл, амралт, шашин, соёл, спортын болон өвөрмөц сонирхлын, Орхон, Булган аймагт бизнес, амралт сувилал, спортын болон морин аяллын, Архангай, Өвөрхангай аймагт түүх, соёл иргэншил, байгаль судлал, амралт сувилал, морин аяллын, Баянхонгор аймагт рашаан, сувилал, спорт аяллыг түлхүү хөгжүүлэх боломжтой байна.
Мөн одоо бүрдээд байгаа материаллаг бааз дээрээ түшиглэн тэдгээрийг өргөтгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бүсийн аймгуудыг хамарсан аялал жуулчлалын сүлжээ байгуулах, уг сүлжээг ОХУ-ын Байгал нуур болон Өвөр Монголын аялал жуулчлалын сүлжээнд холбох, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх нь тулгамдсан асуудал болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Хангайн бүсэд аялал жуулчлалын салбарт оруулах дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, менежментийг нь сайжруулах замаар бүсийн аялал жуулчлалын сүлжээ байгуулж, стандартын шаардлагыг өндөржүүлж, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд холбоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Хангайн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, Хархорин, Тариат, Хөвсгөл нуур, Булган зэрэг аялал жуулчлалын бичил бүсүүдийг хамруулан, цогцолбороор хөгжүүлэхийг дэмжих;
Хархорины аялал жуулчлалын цогцолборын хүрээнд Эрдэнэ зуу хийдийг сэргээн засварлах, жуулчдыг хүлээн авах төвийг байгуулах, эртний нийслэл Хархорум хотын туурь дээр ил музей байгуулах, улсын төв музейн салбарыг байгуулах, Хөшөө цайдамд жуулчид хүлээн авах байр барих, Хужирт, Бат-Өлзий, Цэнхэр, Хотонт сумын халуун рашаанууд болон Улаан цутгалан, Үүртийн тохой, Өгийнуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглүүлэн гадаад, дотоодын жуулчид хүлээн авах үйлчилгээний газруудыг бий болгох, Шанхын баруун хүрээ, Төвхөн хийд, Цэнхэрийн цагаан сүм, Харбалгас зэрэг түүх, шашин, соёлын дурсгалт газруудыг жуулчдад үйлчлэх түвшинд хүргэн тохижуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;
Булган аймагт өвлийн амралтын аяллыг хөгжүүлэх, элсэн тасархай, Хөгнө хан уулын орчимд олон улсын аялал жуулчлалын хотхон байгуулах;
Хөвсгөл нуурын орчимд аялал жуулчлалын цогцолбор (аяллын чиглэл, замын тэмдэгжүүлэлт, амралтын түр буудал, үйлчилгээний цэгүүд бүхий) байгуулах үндэс суурийг тавих;
Улаанбаатар-Цогт хун тайжийн цагаан балгас-Хөгнө хан-Хар бухын балгас-Могодын халуун рашаан-Өгий нуур-Хархорин-УБ чиглэлийн аялал жуулчлалын маршрут гаргах;
Улаанбаатар-Булган-Баян-Агтын, Хануй-Шарга-Цэгээн нуур-Архангайн Тариат-Рашаант-УБ чиглэлээр аялал жуулчлалын маршрут гаргах;
Улаанбаатар-Булган-Эрдэнэт-Амарбаясгалант хийд-Булган-Архангай-Эрдэнэзуу-УБ чиглэлээр аялал жуулчлалын маршрут гаргах;
·        Хангайн бүс нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр, байгаль орчинд хоргүйгээр зохистой ашиглах, үйлчилгээний чанарыг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх;
·        аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбогдуулан авто замын сүлжээ, цахилгаан дамжуулах шугам, мэдээлэл, холбооны сүлжээ бий болгох, бага даацын онгоцны буудал барих, жуулчдыг хүлээн авах өндөр зэрэглэлийн зочид буудлуудын тоог нэмэгдүүэх, зэрэглэлийг нь дээшлүүлэх;
·        аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, сурвалжлан олох, сурталчилгаа, мэдээллийг өргөжүүлэх;
·        бүсийн аялал жуулчлалын менежментийн асуудал эрхэлсэн байгууллагыг байгуулах;
·        аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжих;
·        аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн татварын орлогыг тухайн орон нутагт оруулах, татвар төлөлтөд тавих хяналтыг сайжруулах;
·        жуулчны баазуудын материаллаг бааз, үйлчилгээг олон улсын түвшинд хүргэх, аяллын сүлжээний дагуу шинээр жуулчны бааз байгуулах, зочид буудлын сүлжээнд холбогдохыг зээлийн бодлогоор дэмжих;
·        жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын зах зээлийг холбосон сүлжээ бий болгох.
      Гарах үр дүн. Аялал жуулчлалын салбарын бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг 12 хувьд хүргэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Аялал жуулчлалын бүх төрлийг хөгжүүлж, бүсийн эдийн засагт салбарын эзлэх байр суурийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанар, менежментийг нь олон улсын стандартын түвшинд хүргэж сайжруулна.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
·        бүсийн аялал жуулчлалын сүлжээ бий болгох төслийг бүрэн хэрэгжүүлэх;
·        Улаанбаатар-Хархорин-Цэцэрлэг-Мөрөн-Хатгал-Дархадын хотгор гэсэн аялал жуулчлалын маршрутын үйл ажиллагааг жигдрүүлэх;
·        жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэгдүүлэх үүднээс төрөл бүрийн спортын үйл ажиллагааг (морь унах, автомашинаар аялах, уулын бартаат замаар дугуйгаар аялах, агаарын бөмбөрцгөөр нисэх, шүхрээр буух, агаарын чөлөөт уналт, дельтопланаар нисэх, завь, салаар аялах, загас барих г.м.) сонирхсон аялал жуулчлалын нэр төрлийг олшруулах;
·        байгалийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх;
·        бүсийн хэмжээнд байгаа халуун, хүйтэн рашааныг түшиглэн олон улсын эмчилгээ, сувиллын төвүүдийг байгуулах;
·        жуулчдыг жилийн 4 улиралд хүлээн авах боломжтой олон улсын жишиг, стандартад нийцсэн баазуудыг байгуулах;
·        аялал жуулчлалын сүлжээг өргөтгөж, төрлийг олшруулах;
·        аялал жуулчлалын бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг олшруулах;
·        дотоодын аялал жуулчлалын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх;
·        жуулчлалын мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх;
·        аялал жуулчлал, амралт, рашаан сувиллын газрыг олон улсын жишгийн дагуу зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн дотоодын иргэд, байгууллагыг "Аялал жуулчлалын сан"-гаас урамшуулах арга хэмжээ авах;
·        Хөвсгөлийн үндэсний паркийн менежментийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх.
      Гарах үр дүн. Аялал жуулчлалын салбарын бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жинг 20 хувьд хүргэнэ.
1.2.4. Дэд бүтцийн хөгжил
Үндэслэл. Хангайн бүсийн аймгуудын дэд бүтэц харилцан адилгүй байна. Ялангуяа Хөвсгөл, Баянхонгор аймагт дэд бүтэц сул хөгжсөн байна.
Бүсийн хэмжээнд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох, нэн ялангуяа төвлөрсөн шугам сүлжээнд хамрагдаагүй сумд болон хөдөөгийн малчин өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, эрчим хүчний салбарт шинэ, хэмнэлттэй техник, технологи нэвтрүүлэх шаардлагатай байна.
Эрдэнэт-Булган-Мөрөнгийн хатуу хучилттай замыг барьж дуусгах, Ханх-Хатгал-Мөрөн-Цэцэрлэгийн замыг сайжруулж Мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох, босоо тэнхлэгийг барих ажлыг эхлэх шаардлага бий болж байна.
Энэ бүс нутгийн холбооны суурь сүлжээг иж бүрнээр нь тоон технологид шилжүүлж, орчин үеийн мэдээллийн сүлжээнд аймаг, сумдын төвийг бүрэн холбох нь тулгамдсан асуудал болж байна.
 
1.2.4.1. Зам, тээврийн хөгжил
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Бүсийн авто замын сүлжээ, тээврийн цаашдын хөгжлийн үндсийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Мянганы зам барих ажлыг үргэлжлүүлж, түүний дагуухь гүүр барих, даваа засах ажлыг эрчимжүүлэх;
Эрдэнэт-Булган-Уньтын авто замыг барьж дуусгах;
Дашинчилэн-Өгийнуур-Батцэнгэл-Хануйн гүүр, Өвөрхангай-Баянхонгорын хөндлөн чиглэлийн, Хархорин-Цэцэрлэг-Тосонцэнгэлийн босоо чиглэлийн авто замыг хайрган хучилттай болгох;
Мөрөн-Цэцэрлэгийн 350 км замыг засварлаж хэвтээ тэнхлэгийн Мянганы замтай холбох;
Тэшиг-Закаменскийн чиглэлийн авто замыг засаж сайжруулах;
Хархорин-Хужирт-Улаан цутгалангийн 134 км авто зам барих;
Хархорин, Хөшөө цайдамын хооронд хатуу хучилттай зам тавих;
Ханх-Хатгал-Мөрөнгийн авто замыг сайжруулах;
Хануй, Хатгалын Эгийн голын хоолой, Сэлэнгэ голд төмөр бетон гүүр барих;
орон нутгийн замуудыг сайжруулж, зарим голд холимог хийцийн гүүр барих;
Хархоринд олон улсын нисэх онгоцны буудал барьж эхлэх;
Мөрөн хотын нисэх буудлыг олон улсын нислэгийн шаардлага хангасан нисэх буудал болгон тохижуулах;
Хөвсгөл нуурын усан замын тээврийг хөгжүүлэх;
Эрдэнэт-Мөрөнгийн чиглэлд төмөр зам тавих асуудлыг судлах;
·        зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх, эзэмших, ашиглах байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжих;
·        бүх төрлийн тээврийг салбаруудын эдийн засгийн өсөлт болон нийгмийн хөгжлийг хангах чиглэлд нийцүүлэн хөгжүүлэх;
·        аймаг, орон нутаг дахь улсын чанартай авто замуудын дагуу тээврийн системийн мэдээлэл дамжуулах сүлжээ байгуулж, мэдээллийн эх сурвалжуудыг уг сүлжээнд холбон тээврийн хэрэгслийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох системийг нэвтрүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн тээврийн сүлжээ сайжирч, "Мянганы зам" барих ажил эрчимжинэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээг улам сайжруулж, "Мянганы зам" барьж байгуулах ажлыг үндсэнд нь дуусгаж, босоо тэнхлэгийн замыг барих ажлыг эрчимжүүлнэ.
 
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүх төрлийн тээврийн бүсийн нэгдсэн сүлжээг өргөтгөж сайжруулах;
Мянганы замын хэвтээ чиглэлийн замуудыг үргэлжлүүлэн барих;
Бага-Илбэнхийн боомтоос Булган, Хархорин, Арвайхээрийг дамжин Баянхонгорыг хамран Шивээхүрэнгийн боомтоор гарах босоо тэнхлэгийн замуудыг барьж эхлэх, Булган-Хархорины 210 км, Хархорин-Арвайхээрийн 138 км замыг барих;
Өвөрхангай, Баянхонгорыг холбосон замыг хатуу хучилттай болгох;
Хархориноос Цэцэрлэг хүртэлх 130 км замыг хатуу хучилттай болгох;
ОХУ-ын Мондын гарцаас Говь-Алтайн Бургалтайн хилийн боомт хүртэл хатуу хучилттай зам тавих ажлыг эхлэх;
Мөрөн-Хатгалын 101 км хатуу хучилттай зам тавих;
Булганы Уньтаас Мөрөн хүртэлх 260 км замыг барьж дуусгах;
Эрдэнэт-Мөрөнгийн 420 км төмөр замыг барьж эхлэх;
Хархоринд олон улсын нисэх онгоцны буудал барьж дуусгах;
зам, гүүрийн барилгын техник, технологийг байгаль орчинд хоргүй, орчин үеийн машин техникээр шинэчлэх.
      Гарах үр дүн. Зам тээврийн сүлжээ сайжирч, бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжилд таатай нөлөө үзүүлнэ.
1.2.4.2. Эрчим хүчний салбарын хөгжил
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Бүсийн эрчим хүчний системийг зохистой өргөтгөж, эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэрүүдийг шинээр бий болгоно.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Баянтээгийн нүүрсний уурхайд дэвшилтэт технологи бүхий дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулан хэрэгжүүлж эхлэх арга хэмжээ авах;
Өвөрхангайн Баянтээг, Хөвсгөлийн Могойн гол, Булганы Сайхан-Овоо, Баянхонгорын Жинст, Өвөрчулуут зэрэг нүүрсний уурхайнуудыг жилдээ 90-ээс доошгүй мян.тн нүүрс олборлон бүс нутгийн нүүрсний хэрэгцээг найдвартай хангах нөхцөлийг бүрдүүлэх;
Сайхан-Овоогийн нүүрсний уурхайд технологийн шинэчлэл хийж, хүчин чадлыг нь бүрэн ашиглаж, нүүрс олборлолтыг нэмэгдүүлэн Архангай, Булган аймгийн хойд сумд, Орхон аймгийн дулааны цахилгаан станцыг нүүрсээр хангах;
Архангай аймгийн нутагт чулуун нүүрсний уурхайн орд газрын нарийвчилсан хайгуул судалгааг хийх;
Архангай аймгийн зарим суурин газрын дулаан хангамжийг газрын гүний дулаанаар хангах боломжийн талаар судалгаа хийх;
нүүрс, модыг орлох хий, шингэн түлш зэрэг түлшний эх үүсвэрийн судалгааг шинээр хийж, ашиглаж эхлэх;
нар, салхины эрчим хүч, био эрчим хүчийг ашиглах үйлдвэр байгуулах;
төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй Баянхонгор аймгийн Богд, Жинст, Жаргалант, Гурванбулаг, Бөмбөгөр, Заг, Галуут сум, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг,  Хатгал, Тосонцэнгэл, Арбулаг, Алаг-Эрдэнэ сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Гучин-Ус сумдыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох;
эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй сум, сууринг сэргээгдэх болон бусад эх үүсвэр ашиглан эрчим хүчээр хангах;
боломжтой зарим сумдад бага оврын усан цахилгаан станцыг барих;
Орхон гол дээр 100 мвт хүртэлх хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж  ашиглалтад оруулах;
Хатгал, Чаргайтын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх;
боломжтой газарт шахмал түлшний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
хөдөөгийн малчин өрх, фермерийн аж ахуй, суурингуудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах "Буман нарны гэр" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
Малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж малчин өрхийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
түлш, эрчим хүчний алдагдлыг багасгаж, хэмнэлттэй технологи нэвтрүүлэх;
бүсийн аймгуудын түлш, эрчим хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, урамшуулах арга хэмжээ авах.
      Гарах үр дүн. Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг жилд дунджаар 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Байгаль орчинд хоргүй, үр ашигтай эрчим хүчний техник, технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн орчин үеийн дулааны цахилгаан станц барих;
Баяндуурахын нүүрсний ордыг түшиглэн жилдээ 15-20 мян.тн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай байгуулж, Өвөрхангай, Архангай, Булган аймгийн зарим сумдын нүүрсний хэрэгцээг хангах;
төвийн эрчим хүчний системийн үйлчлэлийн хүрээнд нүүрс, усны эрчим хүчний нөөцийг хослон ашиглах үндсэн дээр Чаргайт, Эг, Орхон гол дээр усан цахилгаан станц байгуулж, 80 км-ийн радиусын үйлчлэх хүрээгээр сумдын дизель станцыг шинэчлэх, нар, салхины эрчим хүчийг хослон ашиглах замаар бүс нутгийн эрчим хүчний хангамжийн үндсэн сүлжээг бэхжүүлэх;
бүсийн эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;
цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг арилгах;
Мөрөн хотод дулааны станц барих;
сумдын төвийг цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгох;
усны болон газрын гүнийн дулааны нөөцийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэж эхлэх;
говийн болон тал хээрийн зарим сумдад том чадлын салхин станц барих асуудлыг судлан шийдвэрлэх;
шатдаг хийн сүлжээг аймгийн төвүүд, говийн сумдад байгуулах;
шингэрүүлсэн түлш, байгалийн хийг ахуйн болон үйлдвэрлэл, тээвэрт өргөн ашиглах;
малчин айл өрхийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах.
      Гарах үр дүн. Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг жилд дунджаар 8-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, улмаар Хангайн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бүрэлдэнэ.
1.2.4.3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Мэдээлэл, холбооны орчин үеийн үйлчилгээ, хэрэглээг эрчимтэй нэвтрүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
аймаг, томоохон сумын төвүүдэд мэдээллийн технологийн төвүүд байгуулах;
ихэнх сумдад бага оврын телефон станц болон хэрэглэгчийн нягтруулгын төхөөрөмж ашиглан автомат холболтын үйлчилгээг бий болгох;
сумдыг орчин үеийн АТС-ээр хангах;
2010 онд суурин телефон цэгийн нягтралыг 7.28-д хүргэх;
үүрэн телефон хэрэглэгчдийг бүсийн нийт хүн амын 30 хувьд хүргэх;
хөдөөгийн иргэд, малчдыг холбоо харилцааны хэрэгслээр хангах технологи нэвтрүүлэх;
Хөвсгөл-Булган-Архангай аймгийг өндөр хурдны шилэн кабелиар холбох;
Улаанбаатар-Дашинчилэн-Булган, Дашинчилэн-Арвайхээр чиглэлийн дамжуулах сүлжээг шилэн кабелиар шинэчлэх;
аймгийн төвүүдийн телевизийн дахин дамжуулах станцыг шинэчилж, кабелийн телевиз үзэх боломжтой болгох;
интернетийн үйлчилгээг сумдад нэвтрүүлж эхлэх;
эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, хүн ам төвлөрсөн газрын сургууль, айл өрхийг компьютержүүлэх;
хот, суурингийн гудамж, талбай, албан байгууллага, айл өрхийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх;
бүсийн мэдээлэл, холбооны сүлжээг шинэчлэн байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
мэдээллийн орчин үеийн техник, технологи нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих.
      Гарах үр дүн. Холбооны үйлчилгээнд тоон системийг бүрэн нэвтрүүлж, холбоо мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох үндэс суурийг тавина.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Мэдээлэл, холбооны хэрэглээ, үйлчилгээг бүсийн эдийн засаг, нийгмийн бүх нэгжүүдэд нэвтрүүлнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
сумын төвийн холбооны систем болон аймаг, сумын хооронд дамжуулах системүүдийг тоон сүлжээнд бүрэн шилжүүлэх;
цахилгаан холбооны суурь сүлжээг шинэчлэх, олон улсын өргөн зурвасын сүлжээнд нэгдэх арга хэмжээ авах;
холбооны үйлчилгээнд хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбоог нэвтрүүлэх;
2015 онд суурин телефон цэгийн нягтралыг 8.52-т хүргэх;
өндөр хурдны интернетийн үйлчилгээг сумдад нэвтрүүлэх;
малчдыг интернет ашиглах боломжтой болгох;
үүрэн телефон хэрэглэгчдийг бүсийн нийт хүн амын 40 хувьд хүргэх;
шууданд санхүүгийн болон электрон худалдааны үйлчилгээг нэвтрүүлэх;
хөдөөгийн хүн амыг мэдээлэл, түүний хэрэгслээр хангах асуудлыг шийдэж, малчдыг холбоожуулах боломжийг бүрдүүлж, олон нийтийн болон бусад телевизийн нэвтрүүлгүүд үздэг болгох;
холбоо, мэдээллийн улсын болон Зүүн хойд Ази, дэлхий нийтийн системд холбох.
      Гарах үр дүн. Мэдээлэл, холбооны техник, технологи байгууллага, хүн амын ахуйн хэрэглээнд нэвтрэнэ.
Хоёр. Нийгмийн хөгжил
2.1. Хүн амын өсөлт, хүний хөгжлийг хангах талаар
Үндэслэл. Хангайн бүсэд 552.5 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 21.8 хувь нь оршин сууж байна.
Тус бүсэд хүн амын жилийн дундаж өсөлтийн хурд бусад бүсүүдтэй харьцуулахад арай өндөр, улсын дундажтай ойролцоо байна. Тус бүсийн 1000 хүнд ногдох хүн амын төрөлтийг 1989 оныхтой харьцуулбал 2003 онд 2.1 дахин, 1000 хүнд ногдох хүн амын цэвэр өсөлт 1989 оныхтой харьцуулбал 2003 онд 2.7 дахин тус тус буурсан байна.
Нялхсын эндэгдэл 1990 онтой харьцуулахад бүсийн дүнгээр 2.5 дахин буурсан боловч улсын дунджаас 10 орчим хувиар өндөр байна.
      Бүсийн нийт хүн амын 38.2 хувийг 0-14 насны хүүхэд, 58.2 хувийг 15-65 насны хөдөлмөрийн насны хүн ам, 3.6 хувийг 65-аас дээш насныхан тус тус эзэлж байна.
Хангайн бүсэд манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 24.7 хувь, ажиллагчдын 24.3 хувь, бүртгэлтэй ажилгүйчүүдийн 38.2 хувь нь тус тус ногдож байна.
Бүс нутаг дотроо шилжих хөдөлгөөн хамгийн их явагдаж байгаа нь Хангайн бүс юм. Өөрөөр хэлбэл бүс дотроо шилжих хөдөлгөөнд орсон хүн амын дөрөвний гурав нь Орхон аймагт шилжин очсон байна. Харин бусад бүсүүдтэй харьцуулбал Хангайн бүсийн хүн амын бүс хооронд шилжих хөдөлгөөн харьцангуй бага байна.
Хангайн бүсийн аймгуудын хүний хөгжлийн индекс улсын дундаж (0.661)-аас 3.5 хувиар, Улаанбаатар хотынхоос 13.2 хувиар тус тус доогуур байна. Тухайлбал, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн хүний хөгжлийн индекс улсын дунджаас 3.5-9.8 хувиар доогуур байна. Харин Орхон аймаг энэ үзүүлэлтээр Улаанбаатар хотын дараа орж байгаа юм.
Иймд Хангайн бүсэд хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх, шилжих хөдөлгөөнийг бууруулах, улмаар хүний хөгжлийн түвшинг дээшлүүлэх шаардлагатай байна.
       Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын өсөлтийг дэмжиж, хүний хөгжлийн түвшинг дээшлүүлнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс, аймаг, сумдын түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг бий болгож нэвтрүүлэх;
хөдөөгийн хүн амын сурч боловсрох, орлого олох, жижиг бизнес эрхлэх, мэдээлэл, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх талаар хот суурин газрын иргэдээс доогуур байгаа ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлж эхлэх;
бүсийн эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 10 хувьд хүргэж ажлын байрны хангамжийг сайжруулах замаар хүн амын гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг сааруулах;
айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлэх, овог сэргээх ажлыг эрчимжүүлэх;
мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хүн амыг бэлтгэх ажлыг зохион байгуулах;
бүсийн бүх аймаг, сум, багийн түвшинд өрх айл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг тууштай дээшлүүлэх, бүх шатны сургалтын материаллаг бааз, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх;
хүний амьдралын нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлэх;
хүүхэд, залуучуудыг олноор нь үйлдвэрлэлийн сургалтад хамруулах, өндөр хөгжилтэй орнуудад явуулж сургах төсөл боловсруулан хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт  1.5-аас доошгүй хувьд, хүний хөгжлийн индекс бүсийн хэмжээнд 0.661-д, хүн амын дундаж наслалт 66-д хүрнэ.
 
 
       Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт 1. Хүн ажиллаж, амьдрах нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар хүний хөгжлийг бүх талаар хурдасгана.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг төгөлдөржүүлж улам боловсронгуй болгох;
бүсийн эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 10 хувьд хүргэж ажлын байрны хангамжийг улам сайжруулж, улмаар хүн амын гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг эрс бууруулах замаар хүн амын өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан оновчтой тэтгэлэг олгох зэрэг арга хэмжээ авах;
айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлж хэвшүүлэн, овог сэргээх ажлыг бүрэн хэрэгжүүлэх;
мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавьж, бүс, аймаг, сумдын түвшинд хүн амын боловсролын түвшин, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, орлогыг тууштай нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
хүн ажиллаж амьдрах нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
нийт малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой хэлбэрийг сонгон нэвтрүүлэх арга хэмжээ авах.
      Гарах үр дүн. Бүсийн хүн ам уугуул нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэнэ. Хүний хөгжлийн индексийг бүсийн хэмжээнд 0.705-д, хүн амын дундаж наслалтыг 69-д хүргэнэ.
2.2. Хүн амын ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар
2.2.1. Хүн амын ядуурал, ажилгүйдлийг бууруулах талаар
Үндэслэл. Тус бүсийн хүн амын бараг тавны хоёр нь ядуу амьдарч байна. Хангайн бүсийн 100 хүн тутмын 39 нь хүнсний болон хүнсний бус зайлшгүй шаардлагатай хэрэглээний зүйлсийг худалдан авах чадваргүй байна. Ядуурлын гүнзгийрэлт Хангайн бүсэд 12.3 хувь байна.
Сүүлийн жилүүдэд ган, зудын бэрхшээл жил дараалан тохиолдож мал сүрэг их хэмжээгээр хорогдсоны улмаас амьжиргааны эх үүсвэргүй болсон малчид аймаг, сумдын төв, хот, суурин газрыг олноороо бараадах болсон нь ядуучуудын тоог улам нэмэгдүүлэхэд хүргэж байна.
Хангайн бүсэд хийсэн өрхийн төсвийн судалгаагаар нийт өрхийн дөнгөж 13 хувь нь газрыг үр тариа, хүнсний ногооны тариаланд ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, газар тариалан эрхэлж амьжиргааныхаа түвшинг дээшлүүлэх боломжийг дийлэнхи өрх айл ашиглаж чадахгүй байна.
Ажилгүйдэл, ядуурал нь нийгмийн олон сөрөг үр дагавар бий болгож байна. Амьжиргааны түвшин доогуур өрхийн хүн ам өдөр тутмын хоол хүнсний болон бусад хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас гадна эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй байна.
      Ядуурлын нэг гол шалтгаан нь бүсийн эдийн засгийн хөгжлийн түвшин харьцангуй доогуур, бие даан ажиллах чадвар сул байгаатай холбоотой юм. Мөн иргэдэд бизнес эрхлэж бие даан амьдрах мэдлэг, дадлага, туршлага дутмаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс түргэн салж чадахгүй байгаа зэргээс хамаарч ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна.
       Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Ядуурлаас гарах оновчтой арга зам боловсруулж хэрэгжүүлнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн өрх, хүн амын амьжиргааны түвшин, орлого, зарлагын байдал, ядуурал үүсч байгаа шалтгааны талаар судалгаа явуулж дүгнэлт гаргах;
ядуурлаас ядуу хүн өөрөө тэмцэж байж гарах, түүнд нь төрийн болон төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрөөс үр дүнтэйгээр тусалдаг, улмаар ядуурлыг бууруулахын тулд жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын оновчтой тогтолцоог бий болгох зэргээр бүсийн хэмжээнд ядууралтай тэмцэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих үндэсний хөтөлбөр, Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад туслан ажиллах;
хүн ам олноор ядуурах, нэн ядууралд орохоос урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авах;
хөдөөд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан оновчтой зохион байгуулах;
ядуурал, ажилгүйдлийн талаар хийгдсэн судалгаанд үндэслэн түүнтэй тэмцэх бодлогыг хаягласан, үр дүнд тулгуурласан хэлбэрээр хэрэгжүүлж эхлэх.
      Гарах үр дүн. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоог 2 дахин бууруулна.
       Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Ядуурлыг арилгах арга механизмыг хэрэгжүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ядуурлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хангах, тэгш байдлыг дэмжих, ядуучуудыг ажлын байраар хангах бүсийн бодлогыг хэрэгжүүлж эхлэх;
ядуурлын эсрэг хэрэгжүүлж буй олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг бүсийн аймаг, сумдад идэвхжүүлж, уялдаа холбоог нь сайжруулах;
хот, суурин газрын гэр хороололд амьдарч байгаа ядуу иргэдийг нийгмийн тустай хөдөлмөр, үйл ажиллагаанд татан оролцуулах арга хэмжээ авах;
ядуурлыг бууруулах зорилгоор олгож байгаа жижиг зээлийг хэрэгжүүлэхдээ түүнд хамрагдагсдыг заавал үйлдвэрлэл, үйлчилгээний сургалтад хамруулах арга хэмжээ авах;
ядуурлын эсрэг ядуу хүн өөрөө тэмцдэг, түүнд нь төрийн болон төрийн бус байгууллагууд тусалдаг үзэл төлөвшлийг нийгэмд тогтоох сургалт, сурталчилгаа явуулах;
ажлын байрны тоог нэмэгдүүлэх, орон нутгийн зах зээлийг өргөтгөх, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх.
      Гарах үр дүн. Мянганы хөгжлийн зорилтын дагуу амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоог хүн амын 10 хүрэхгүй хувьд байлгана.
2.2.2. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар
Үндэслэл. Хангайн бүсэд манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын 24.7 хувь, хөдөлмөр эрхэлж буй хүн амын 24.2 хувь, ажилгүйчүүдийн 38.2 хувь нь тус тус ногдож байна.
Бүсийн хэмжээнд бүртгэлтэй ажилгүйчүүдийн 52.4 хувийг эмэгтэйчүүд, 74.1 хувийг мэргэжилгүй, 10.4 хувийг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв төгссөн, 9.3 хувийг тусгай дунд боловсролтой, 6.3 хувийг дээд боловсролтой хүмүүс эзэлж байна.
Мэргэжлийн сургалт хангалтгүй байгаа нь ажилгүйдлийн тоог өсгөх нэг шалтгаан болж байна. Ажилгүйчүүдийн 60 хувь нь огт мэргэжилгүй, 6 хувь нь бага боловсролтой байгааг харгалзан мэргэжлийн баримжаа олгох, шинэ мэргэжил эзэмшүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Мэргэжлийн сургалтын байгууллагын тогтолцоо шинэчлэгдээгүй, сургалтын хөтөлбөр, боловсролын уялдаа хангалтгүй, чанар сул хэвээр байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн захиалга, хэрэгцээнд тохирсон мэргэшилтэй, ур чадвартай ажиллах хүчин хомсдолтой байна.
Бүсийн аж ахуйн нэгжүүдэд ганц нэгээрээ буюу цөөн тооны хүмүүсээс бүрдсэн жижиг аж ахуйн нэгжүүд зонхилж байна. Тэдгээрийн 60 хувийг нь жижиглэнгийн худалдаа эрхлэгчид эзэлж байна. Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдсан, ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг шуурхай зохицуулахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй бодлого шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амыг тогтвортой ажлын байраар ханган орлогын байнгын эх үүсвэрийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг тогтвортой бууруулна.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой иргэдийг ажлын байртай болгохыг дэмжих;
сайн дурын үндсэн дээр хөдөлмөр, хөрөнгөө нэгтгэн хоршоо, фермерийн аж ахуй, нөхөрлөл байгуулах болон жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөтгөх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг өргөн хамруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх;
олборлох болон жижиг, дунд үйлдвэр, хүн амын ахуйн үйлчилгээг дэмжих, дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг түлхүү чиглүүлэх;
уул уурхайн салбарт албан бусаар ажил эрхэлж байгаа иргэдийг албан хэвшилд шилжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл холбооны технологийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр тогтвортой ажлын байр бий болгох үндсийг бүрдүүлж бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн онцлог, нөөц боломж, тухайн бүс нутгийн давуу тал зэргийг харгалзан жижиг, дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх;
дэд бүтэц, хот, нийтийн аж ахуй болон нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийн тохижилт, үйлчилгээний зарим хэсгийг гэрээгээр гүйцэтгүүлэх замаар нийтийг хамарсан түр байр бий болгох арга хэмжээ авах;
"Мянганы зам", "Ногоон хэрэм" төслүүдийн хүрээнд төв, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албаар зуучлуулан ажлын түр болон байнгын байраар хангах ажлыг зохион байгуулах;
мал аж ахуйн гаралтай түүхий эдэд анхан шатны болон хагас, гүн боловсруулалт хийх үйлдвэрлэл эрхлүүлэх замаар ажлын байрыг бий болгох;
улсын болон орон нутгийн зэрэглэлтэй зам, гүүр, давааг байнга засаж сайжруулах замаар ажлын байр бий болгох;
байгалийн баялаг ашиглах, байгаль хамгаалах чиглэлийн жижиг бизнесийн үйл ажиллагааг дэмжих;
эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан аж ахуйн нэгжийн оролцоотой бүсийн хэмжээнд мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг хэтийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;
иргэдэд мэргэжил эзэмшүүлэх, давтан сургах сургалтын төвүүдийг шинээр  байгуулж, өргөтгөх;
бүсийн аймгуудад хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан мэргэжлийн сургалтад хамруулах, нийтийг хамарсан хөдөлмөрт оролцуулах арга хэмжээг эрчимжүүлэх;
ажлын байр шинээр бий болгож байгаа аж ахуйн нэгж, иргэдэд татварын бодлогоор хөнгөлөлт үзүүлэх;
хөдөлмөр, нийгмийн хамгааллын ажилтнуудыг бүсчилсэн байдлаар давтан сургах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;
бүсийн төвүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээлэл, сургалтын төвийг байгуулж, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангадаг мэдээллийн сүлжээтэй болгох асуудлыг судлан шийдвэрлэх.
      Гарах үр дүн. Бүсийн хэмжээгээр жилд дунджаар 6 мянган ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 3.5 хувиас дээшгүй байлгана.
Тэргүүлэх зорилт 2. Хөдөөгийн хүн амыг орлогын найдвартай эх үүсвэртэй болгож ажлын байрны тоог нэмэгдүүлнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ядуу, бага орлоготой өрхийг уламжлалт мал маллагааны арга барилд сургах, малжуулах, тэднийг мал сүргээ тогтвортой өсгөж, биеэ даан ажиллаж амьдрах нөхцөл бололцоог өөрсдөө буй болгоход сургаж хэвшүүлэх;
мал аж ахуй, газар тариалан, хадлан, тэжээл бэлтгэл болон бусад чиглэлээр хоршоо, нөхөрлөл байгуулах замаар албан бус хэвшлийг хөгжүүлж, улмаар албан ёсны хэвшилд аажмаар хандуулах;
олон малтай, хүн хүчний дутагдалтай өрхөд гэрээт малчны хэлбэрээр ядуу өрхөөр туслалцуулан ажиллуулж фермерийн хэлбэрийн аж ахуй болгохыг дэмжих;
хоршоо байгуулах замаар ядуу өрхөөр тодорхой хэмжээний мал маллуулах, ногоо тарих, байгалийн дагалдах баялгийг ашиглах, гахай, шувуу, зөгий зэрэг туслах аж ахуй эрхлэхэд дэмжин туслах;
өрхүүдийг үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих, гахай, тахиа үржүүлэх зэргээр туслах аж ахуй эрхлэхэд хамруулах ажлыг сум бүрт тодорхой төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэх;
малчдыг орлогын өөр эх үүсвэртэй болох нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн гамшиг, эрсдэлийг даван туулах менежментийг бий болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
сум, багийн төвд халуун ус, үсчин, оёдол, гутал засвар зэрэг ахуйн үйлчилгээний цэг, салбар нээн ажиллуулах, явуулын үйлчилгээ бий болгоход туслах замаар хөдөө дэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
ойн нөөц, усны эх булаг, ховордсон ан амьтдыг хамгаалах, ойг нөхөн сэргээх, ой цэвэрлэх, худаг, булаг шандыг тохижуулах ажилд орон нутгийн иргэдийг өргөн хамруулж, түр болон байнгын ажлын байраар хангах, байгалийн баялгийг ашиглах чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэн зохион байгуулах;
байгаль орчныг хамгаалах, ялангуяа говь, хээр нутгийг цөлжилтөөс сэргийлэх, ойн зурвас байгуулах замаар газрын хөрс, бэлчээрийг хамгаалах ажилд хөдөлмөр эрхлээгүй иргэдийг оролцуулах ажлыг зохион байгуулах;
малын даатгалын системийг нэвтрүүлэх замаар уламжлалт мал аж ахуйн байгалийн эрсдэл даах чадавхийг бэхжүүлэх;
хоршоо, нөхөрлөл, фермерийн аж ахуй эрхлэх маркетинг, менежментийн талаар сургалтууд зохион байгуулах, хадгаламж, зээл, үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоод байгуулах санаачилгыг дэмжих.
      Гарах үр дүн. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжиж, орлого нэмэгдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Бүсийн хүн амыг ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан ажилгүй иргэн, ажил хайгчдыг сул чөлөөтэй ажлын байранд зуучлах үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан зохион байгуулах;
орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албадын чадавхийг бэхжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, судалгааны ажлыг өргөтгөн сайжруулах;
бичил аж ахуйн нэгжийн чадавхийг хөгжүүлэх зорилгоор бизнес-инкубаторын төвийг аймгийн төвүүдэд зохион байгуулах;
мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын материаллаг бааз, сурах орчин, хөтөлбөрийг шинэчлэн сайжруулж ерөнхий боловсролын бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, оюутныг хамруулах;
ажилгүйдлийн даатгалд хамрагдаагүй, удаан хугацаагаар ажилгүй байгаа, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэд болон тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн ажил, сургуульгүй үлдсэн хүүхдүүдийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжил олгох болон мэргэшлийн ур чадварын сургалтад бүрэн хамруулах арга хэмжээ авах;
хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авах;
хөдөлмөр эрхлээгүй иргэд болон албан бус хэвшилд ажиллагсдыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сүлжээнд бүрэн хамруулах;
албан хэвшилд ажиллагсдын мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжиж ажлын байрыг бий болгох тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
аймгийн төвүүдэд бүтэн өнчин, ядуу өрхийн хүүхдүүдийг байрлуулж хооллон, сургалт явуулдаг халамж үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах;
хоол хүнс, хувцас, орон байраар гачигдаж байгаа ядуу өрх, хүн амд туслах "Нийгмийн халамжийн сан"-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн хөдөлмөрийн зах зээлийн тогтолцоо бүрэлдэж, ажилгүйдлийн түвшинг 2 хувиас хэтрүүлэхгүй байлгана.
2.3. Хэрэглээний бүтцийг сайжруулах талаар
Үндэслэл. Хангайн бүсэд нэг хүнд сард ногдох хэрэглээ 34.4 мянган төгрөг байгаа нь улсын дундажтай (36.7 мян.төг) ойролцоо байна. Гэвч Хангайн бүсэд ядуу хүний хэрэглээ нь ядуу бус хүн амын дундаж хэрэглээнээс үнийн дүнгээр 2.7 дахин доогуур байна.
Мөн хүн амын хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.
 
Хооллолтын зөв зохистой дэглэм, зөв хооллолт, хөхөөр хооллохын ач холбогдлын талаар хөдөө орон нутагт сургалт явуулж тэжээллэг хоолны ач холбогдлыг ойлгуулж хүмүүсийн зан үйлийн хэв маягийг өөрчлөх шаардлагатай байна. Монгол хүний өдөрт хэрэглэх хоол тэжээлийн илчлэгийн зохистой нормыг 2900 ккал гэж тогтоосон байхад ядуу өрхийн гишүүд дунджаар 1784 ккал авч байна.
Өнөөгийн байдлаар зөвхөн Эрдэнэт, Мөрөн, Булган, Цэцэрлэг, Арвайхээр, Баянхонгор зэрэг хот, суурин газрууд цэвэр, бохир усны шугам, цэвэрлэх байгууламжтай байна.
Иймд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг зохисгүй хэрэглээ, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчлөх замаар хүн амын хэрэглээний түвшинг дээшлүүлэх ухаалаг, чанартай хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна.
       Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
               Тэргүүлэх зорилт. Бүсийн хүн амын хүнс, барааны хангамжийг нэмэгдүүлж, хүн амын дунд зохистой хэрэглээний мэдлэг олгох замаар хэрэглээний бүтцийг боловсронгуй болгож, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
"Ногоон хувьсгал", "Цагаан хувьсгал", "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба хоол тэжээл" үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг бүсийн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлж эрчимтэй ажиллах;
цус багадалт, Д аминдэмийн дутагдал болон бамбайн өвчлөлийг бууруулахын тулд төмөр, Д аминдэм бүхий бэлдмэл, иоджуулсан давсны хэрэглээг дэмжих;
бүсийн хүн амын хоол хүнсний физиологийн нормыг нас, хүйс, ажил мэргэжил, нутаг дэвсгэрийн онцлогтой уялдуулан тогтоож мөрдөх;
хүн амын хүнсний аюулгүй байдалд тавих эрүүл ахуй, халдвар судлалын хяналтыг тогтмолжуулах;
бүсийн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг 3.5 дахин, жимс жимсгэний үйлдвэрлэлийг 2 дахин, цөцгийн тосны үйлдвэрлэлийг 42 хувиар өсгөж, загас, загасан бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
хүн амын хүнсний гол нэр төрлийн хэрэглээний 80-аас доошгүй хувийг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангах;
өрхийн аж ахуйд гахай, тахиа, шувууны аж ахуйг хөгжүүлэх замаар мах, өндөгний хангамжийг сайжруулах;
хүн амын эмзэг хэсэгт хамрагдаж байгаа хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг бичил бодис, иоджуулсан давс, баяжуулсан гурилаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
      Гарах үр дүн. Хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэглээний бүтцийг сайжруулж, бүсийн дунджаар нэг хүний сарын дундаж хэрэглээний хэмжээг 2004 оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлнэ.
        Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
               Тэргүүлэх зорилт. Хүн амын хэрэглээний нэр төрлийг олшруулж, хангамжийг сайжруулж, калори, амин дэмээр баялаг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангана.
        Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
байгаль орчинд хоргүй, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 70 хүртэл хувийг, цөцгийн тосны 60 хувийг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангах арга хэмжээ авах;
хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний барааны чанар, стандарт, эрүүл ахуйн үзүүлэлтийг өндөр нарийвчлалтай баталгаажуулдаг оновчтой тогтолцоог бий болгох;
бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, ахмад настны болон тусгай хоол хэрэглэдэг хүн амын хоол тэжээлийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх үйлчилгээний сүлжээг бий болгох;
хүн амыг зөв хооллох, эрүүл хүнс хэрэглэж хэвших, хорт зуршлаас өөрийгөө хамгаалахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх;
бичил бүсийн болон сумдын төвүүдэд зохистой хэрэглээг төлөвшүүлэх сургалтуудыг чанаржуулан тогтмол зохион байгуулах;
үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой хэрэглээний бүсийн норм, стандартыг боловсруулж мөрдүүлэх;
хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах ажлыг сайжруулж, усны зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
түлшний мод хэрэглэхийг багасган байгалийн хий болон бусад түлш ашиглах, барилга, модон эдлэлийн үйлдвэрлэлд өөр төрлийн материал орлуулан ашиглах үйл ажиллагаа, энэ талын дэвшилтэт технологийг дэмжин урамшуулах.
      Гарах үр дүн. Хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний зохистой хэрэглээ бүрэлдэн тогтож, хүн амын хоол хүнсний хангамжийг физиологийн нормд хүргэнэ.
2.4. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх талаар
               Үндэслэл. Хангайн бүсийн хүн амын боловсролын түвшинг авч үзвэл 7 ба түүнээс дээш насны хүн амын 22.7 хувийг боловсролгүй, 25.7 хувийг бага, 25.4 хувийг бүрэн бус дунд, 14.1 хувийг бүрэн дунд, 2.8 хувийг техник мэргэжлийн, 5.7 хувийг тусгай мэргэжлийн дунд, бүрэн бус дээд, 3.5 хувийг дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна. Энэ нь тус бүсийн хүн амд бүрэн бус дунд, бага, боловсролгүй хүмүүсийн эзлэх хувийн жин улсын дунджаас 2.5-4.4 пунктээр өндөр, харин дээд, тусгай мэргэжлийн дунд, бүрэн бус дээд, техник мэргэжлийн болон бүрэн дунд боловсролтой хүн амын эзлэх хувийн жин улсын дунджаас 0.5-5.0 пунктээр доогуур байгааг харуулж байна. Иймд Хангайн бүсэд хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэх талаар ихээхэн анхаарах шаардлагатай байна.
Сургууль завсардсан хүүхдийн тоогоор Хангайн бүс бусад бүсүүдээс хамгийн их байгаа бөгөөд улсын нийт сургууль завсардалтын 31.9 хувь нь тус бүсэд ногдож байна. Сургууль завсардалтын ихэнх хувь нь ядуу амьдралтай өрхийн амьжиргааны түвшингээс шалтгаалж байна. Бүсийн хэмжээнд сургуулийн дотуур байранд суух шаардлагатай хүүхдийн 71.5 хувийг хамруулсан байна.
Цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хүрээг өргөжүүлэх, сургуулийн өмнөх боловсролыг гэрийн нөхцөлд олгох ажлыг нэгдсэн бодлоготойгоор зохион байгуулах шаардлагатай байна.
      Тус бүсийн боловсролын байгууллагуудад багшлах боловсон хүчний чанар, хангамж хангалтгүй байна.
Хэдийгээр боловсролын салбарын санхүүжилт өсч байгаа хэдий ч төсвийн санхүүжилт нь бүх түвшний сургууль, цэцэрлэгийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Боловсролын салбарын төсвийн ихэнх хэсэг нь шууд бус зардалд буюу тухайлбал цахилгаан, ус, дулаан зэрэгт зарцуулагдаж байна. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоо өсч байгаа хэдий ч зах зээлийн эрэлтийг хангахуйц боловсон хүчнийг бэлтгэж чадахгүй байна.
Соёлын төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Боловсролын бүх шатны байгууллагуудын үйл ажиллагааны шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын чанарыг сайжруулж, материаллаг баазыг нь бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, байршлыг оновчтой болгох;
ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөлийг сайжруулж, хичээлийн байр, танхимын хүрэлцээг нэмэгдүүлэх;
ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах арга хэмжээ авах;
ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулиудыг компьютержүүлэх, интернетэд холбох, теле номын сан байгуулах, зайны сургалт бий болгох, англи хэлний гүнзгийрүүлсэн эрчимтэй сургалт явуулах;
албан бус боловсрол олгох, зайны сургалт явуулах бүсийн сүлжээ бий болгох ажлыг хэрэгжүүлж эхлэх;
англи хэлийг хоёр дахь албан хэл болгох бэлтгэлийг хангаж, багш нарын тоог нэмэгдүүлж, зарим сургуулиудад англи хэлний кабинет байгуулах;
гадаад хэлний сургалтын чанарыг сайжруулж, орос, хятад хэлний сургалтыг нэмэгдүүлэх;
сургалтын агуулга, технологийг шавь төвтэй сургалтад чиглүүлэх;
сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чадвар, дадалтай болгох, хүн амын ерөнхий боловсролын түвшинг ахиулах сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж, бичиг үсэг үл мэдэх явдлыг 60 хувиар бууруулах;
төрийн бус хэвшлийн сургуулийг аймаг, сумдын төвд байгуулан ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
боловсролын удирдах ажилтан, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалтын менежментийг боловсронгуй болгох, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох;
сум бүрт сургуулийн өмнөх боловсролын ээлжийн бүлэг, зуны сургалт явуулах, гэр цэцэрлэг ажиллуулах ажлыг зохион байгуулж хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 50 хувьд хүргэх;
хөдөөгийн хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг дээшлүүлж, нийт барилгад их засвар хийх;
малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх арга хэлбэрийг бий болгож, богино хугацааны сургалтуудыг явуулах;
багийн бага сургуулиудыг тохижуулж, орой, эчнээ сургалтуудыг явуулах, эмзэг бүлгийн хүүхдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх;
сум бүрт сургуулийн дотуур байрыг хэвийн ажиллуулах боломжийг бүрдүүлж амьжиргааны түвшингээс доогуур, бага орлоготой иргэд, малчдын хүүхдүүдийн 70-аас доошгүй хувийг хамруулах хүчин чадалтай болгох;
хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрыг засварлаж, сургалтын тоног төхөөрөмж, материаллаг баазыг сайжруулах;
Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харъяа Техникийн дээд сургуулийг Монгол Улсын уул уурхайн салбарын шинжлэх ухааны төв болгон өргөтгөх;
Арвайхээр хотын Технологийн их сургуулийг бүс нутагт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр өргөтгөх;
бүсийн хэмжээнд шаардлагатай мэргэжилтэй ажилчид бэлтгэх сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийг аймгийн төвүүдэд байгуулах, үйл ажиллагааг нь бүсийн хэмжээнд үйлчлэх чиглэлээр өөрчлөн зохион байгуулах;
техник мэргэжлийн сургалтыг сэргээж, техник мэргэжлийн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх;
сургалтын төрөлжсөн төвүүдийг бүсийн тулгуур төв хотууд, аймгийн төвүүдэд байгуулан ажиллуулах;
хүн амд бизнес, зах зээлийн мэдлэг, хэрэглээний чадвар олгох түр сургалтуудыг зохион байгуулах;
өндөр мэргэшилтэй багш, ажилтнуудыг орон нутагт тогтвортой ажиллуулах эдийн засгийн урамшууллын шинэ хөшүүрэг бий болгох;
орон нутгийн мэргэжлийн сургуульд эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх зорилтыг бүс нутгийн онцлог, хөгжлийн чиг хандлага, хэрэгцээг судлан тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх;
эмзэг бүлгийн өрхийн сургуулийн насны оюуны хөгжил сул, тахир дутуу хүүхдүүдэд сурч хүмүүжих нөхцөл бололцоогоор хангахад дэмжлэг үзүүлэх;
сургууль, хүүхдийн цэцэрлэгийг туслах аж ахуйтай болгож туслах аж ахуйгаа хөгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх.
      Гарах үр дүн. Суурь боловсролд хамран сургалт нэмэгдэнэ.
               Тэргүүлэх зорилт 2. Соёл, урлагийн салбарын үйл ажиллагааг бүсийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
соёл, урлагийн байгууллагын бүсийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх чиглэлийг тогтоон хэрэгжүүлж эхлэх;
бүсийн төвүүдийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын материаллаг бааз, хүний нөөцийн чадавхийг сайжруулж, уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэн соёл, урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
номын санчдын бүсийн мэдээлэл, арга зүйн төв байгуулах;
сумдын соёлын төвүүдийн байрны хангамж, материаллаг баазыг бэхжүүлэх арга хэмжээ авах;
бүсийн түүх, соёлын дурсгалт зүйлсийн бүртгэлийг мэдээллийн тоон сүлжээнд хамруулж, "Ардын уламжлалт урлаг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
Хархоринд язгуур урлагийн мэргэжлийн байгууллага байгуулах.
      Гарах үр дүн. Бүсийн соёл, урлагийн салбарын үйл ажиллагаа тогтмолжино.
       Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
               Тэргүүлэх зорилт 1. Бүсийн боловсролын тогтолцоо, сургалтын хэв шинжийг олон улсын нийтлэг жишигт хүргэж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах; 
ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад бизнесийн мэдлэг олгож, хэрэглээний зохистой дадал чадварыг эзэмшүүлэх;
албан бус боловсрол олгох, зайны сургалт явуулах бүсийн сүлжээ бий болгох;
сургууль завсардалтыг үндсэнд нь зогсоож, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах;
хүүхдийн унаган авъяас, давуу талыг эртнээс нээн илрүүлж хөгжүүлэх арга хэмжээг өргөтгөх;
багшийн коллежийг түшиглүүлэн хөрвөх чадвартай багш бэлтгэх;
сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог жилд 3-аас доошгүй хувиар нэмэгдүүлж, 2015 онд 60 хувьд хүргэх;
сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дотоод тоног төхөөрөмж, үзүүлэн таниулах материал, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, сургалтын чанарыг дээшлүүлэх;
ердийн галлагаатай хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын халаалтын асуудлыг шийдвэрлэх;
ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, нар салхины эрчим хүчээр хангахад дэмжлэг үзүүлэх;
Монгол Улсын Их сургуулийн харьяа Орхон аймаг дахь салбар сургуулийг түшиглэн Хангайн бүсийн эрдэм шинжилгээний төв байгуулах;
Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбарыг эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор болгох;
Орхон аймгийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг Хангайн бүсийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх түшиц сургууль болгон өргөтгөх;
"Эдийн засгийн өсөлтийг хангахад шаардагдах мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх", "Залуучуудын мэргэжил сонгоход зөвлөгөө өгөх, ажиллах ур чадварт сургах" бүсийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Суурь боловсролд хамрагдагчдын тоог нэмэгдүүлнэ.
               Тэргүүлэх зорилт 2. Соёл, урлагийн байгууллагын бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
авьяастан, урчууд, уран бүтээлчдийг шинээр илрүүлж, бүсийн олон ястны дуу хуур, урлаг соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
соёл, урлагийн байгууллагуудыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх асуудлыг судлан, боломжтой арга замыг илрүүлэх; 
соёл, урлагийн салбарт үзүүлэх дэмжлэг, зохицуулалтыг оновчтой болгох.
      Гарах үр дүн. Соёлын өвийг хамгаалах, хадгалах, сурталчлах үйл ажиллагаа, урлагийн үйлчилгээний чанар сайжирна.
2.5. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар
               Үндэслэл. Хангайн бүсэд нэг их эмчид 628 хүн, нэг сувилагчид 402 хүн ногдож байгаа бөгөөд нэг их эмчид ногдох хүний тоогоор улсын дунджаас 1.7 дахин, нэг сувилагчид ногдох хүний тоо улсын дунджаас 25.0 хувиар тус тус илүү байна.
Гэвч тус бүсийн эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтэн дутагдалтай, боловсон хүчний хангалт, мэргэжлийн ур чадварын түвшин харилцан адилгүй, төсвийн болон  материаллаг баазын хүрэлцээнээс хамаарч эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
      Бүсийн хэмжээнд нялхсын эндэгдэл 25.4 хувь байгаа нь улсын дунджаас 10 гаруй хувиар өндөр байна.
      Хүн амын дунд цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл их байна. Үүний дараагаар вируст гепатитийн өвчлөл, элэгний хорт хавдрын өвчлөл, улаан хоолойн хорт хавдрын өвчлөл нэлээд олон тохиолдож байна.
      Сумдын эмнэлгийн барилга, түүний дулаан, цахилгаан, усан хангамж нь эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байна. Сумдын эмнэлгийн 83.6 хувь нь гар хийцийн нам даралтат зуухаар эмнэлгийн барилгаа халааж, 80 хувь нь сумын дизель цахилгаан станцаас хязгаартай гэрэлтүүлэг авч, нийт эмнэлэг үйлчилгээндээ зөөврийн ус хэрэглэж, цэвэр, бохир усны нэгдсэн системгүй ажиллаж байна. Сумын эмнэлэг зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслээр дутмаг байна. Сумын эмнэлгийн үйлчилгээнд 174 нэр төрлийн нэн шаардлагатай эм хэрэглэгддэг бөгөөд эдгээрийн хангамж    30-40 хувьтай байна. Эмийн сангийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэх тогтолцоо алдагдсанаас шалтгаалан хөдөөгийн иргэдийг чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хүртээмжтэй хангаж чадахгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн эрүүл мэндийн бодлогыг тодорхойлж, хүн амын эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, сум, өрхийн эмнэлгийг бэхжүүлнэ.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагын бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, бүсийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх чиглэлийг тогтоон хэрэгжүүлж эхлэх;
хүн эмнэлгийн болон эхчүүдийн амрах байруудыг шинээр барих, заримыг нь засварлан тохижуулах;
сум, баг, өрхийн эмнэлэг, эмчийг дуудлагын машин, унаагаар хангаж, эмийн нөөцийг нэмэгдүүлэх, зөөлөн эдлэл, хөдөлмөр хамгааллын хувцас, цахилгааны эх үүсвэрээр хангах зэргээр оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
өвчлөл, жирэмсний хүндрэлийг эрт илрүүлэх оношлуурын сүүлийн үеийн арга, технологийг аймаг, сумын түвшинд нэвтрүүлж, эмзэг бүлгийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эх, хүүхдийн зохистой хооллолтын талаар сургалт явуулах, 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн хангамж, бүтцийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
сумдын эмнэлгийн чадавхийг сайжруулах, боловсон хүчнийг сургах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
сумдын болон өрхийн эмнэлгийн материаллаг бааз, оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, мэс засал, шүд, хүүхэд зэрэг зарим нарийн мэргэжлийн үйлчилгээг өргөтгөх;
хүн амын эрүүл мэндийн анхан шатны тусламжийг нийтэд хөнгөн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд жил тутам эмнэлгийн нийт автомашины 25-аас доошгүй хувийг шинэчлэх арга хэмжээ авах;
Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөж бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах;
Хужиртын рашаан сувиллыг байгаль-эмчилгээний төв болгох;
бүсийн нутагт байгаа зарим рашааныг түшиглэн нөхөн сэргээх эмчилгээ, рашаан сувиллын газар байгуулах;
бүсийн бөөрний сувиллын газрыг Өвөрхангай аймагт байгуулах;
эрүүл мэндийн анхан шатны бүртгэл, мэдээллийн компьютержсэн сүлжээний үндэс суурийг тавих;
бүсийн эмчилгээ, оношилгооны төвүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж, мэргэжилтэй боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх замаар бүсийн хэмжээнд үйлчлэх чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
тахир дутуу иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, материаллаг баазыг нь бэхжүүлэх;
эмнэлгийн байрыг засварлах, шинээр барих ажлыг улам эрчимжүүлэх;
усны хатуулаг, эрдэсжилт ихтэй сумын төв, суурин газруудад ус зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах ажлыг үргэлжлүүлж, хүн амын ундны усны чанарыг сайжруулах.
               Гарах үр дүн. Бүсийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар дээшилнэ.
               Тэргүүлэх зорилт 2. Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар хүн амын өвчин, эндэгдлийг бууруулна.
 
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
эх, нялхсын эрүүл мэндэд онцгой анхаарч, "Мянганы тунхаглал"-д нийцүүлэн эх, нялхсын эндэгдлийг бууруулах арга хэмжээ авах;
дархлаажуулалтад хавсарсан вакцинуудыг нэвтрүүлэх;
нутагшмал өвчлөлийн судалгааг гаргах;
халдварт өвчинтэй тэмцэх явдлыг хүчтэй болгож, ялангуяа бүс нутгийн хэмжээнд буурахгүй байгаа сүрьеэ, хамуу, бэлгийн замын халдварт өвчинг одоогийн түвшингээс 30 хувиар бууруулах арга хэмжээ авах;
олон улсын хөл хориот өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүн амыг хамгаалахад чиглэсэн явуулын лаборатори, оношилгоо, эмчилгээний багуудын чадавхийг сайжруулах;
халдварт өвчнийг эсэргүүцэх эм тарилга, вакцины нөөцийг зохих түвшинд бүрдүүлж, хүн амд тараах хамгаалалтын тусгай хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх. Дархлаажуулалтад хавсарсан вакцин нэвтрүүлэх замаар эрүүл хүүхдэд хийх тарилгын тоог цөөрүүлэх;
зүрх судасны өвчин, хорт хавдар, ослоос шалтгаалсан нас баралтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчний оношилгоо эмчилгээг сайжруулан, хүүхдийн өвчлөлтийг багасгаж, нялхсын болон хүүхдийн эндэгдлийг 50 хүртэл хувиар бууруулах;
хүн амын вакцинжуулалтын түвшинг бүсийн тулгуур төвүүдэд 97 хувь, бичил бүсийн төв болон сумдад 96 хувьд хүргэх.
      Гарах үр дүн. Зонхилон тохиолдох өвчин эмгэгийг оношлох, эмчлэх нөхцөл бүрдэж, улмаар хүн амын өвчлөл, эндэгдэл буурна.
               Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
               Тэргүүлэх зорилт 1. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 66 хувиар бууруулах арга хэмжээ авах;
эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох сургалтыг хэвшүүлэх;
хувийн эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэх;
эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог боловсронгуй болгох. Хөдөөгийн түргэн тусламжийн үйлчилгээний шуурхай байдлыг хангах арга хэмжээ авах;
бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв хотууд, бичил бүсийн төвүүдийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадварыг цаашид нэмэгдүүлж, эмчлэн анагаах чадамжийг улсын дундаж түвшинд хүргэх арга хэмжээ авах;
бүсийн тулгуур төв, аймгийн төв, бичил бүсийн болон сумдын төвүүдэд биеийн тамир, спортын дээд сургууль буюу бялдаржуулах төвүүдийг байгуулан ажиллуулахыг дэмжих;
ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газруудыг байгуулах;
эмч, эмнэлгийн мэргэжилтэн дутагдалтай газар мэргэжилтэн суурьшин ажиллах эдийн засгийн хөшүүрэг бий болгох.
 
               Гарах үр дүн. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, амьдрах, ажиллах, суралцах эрүүл ахуйн таатай орчин бүрдэнэ.
               Тэргүүлэх зорилт 2. Өвчин эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар орчин үеийн дэвшилтэт арга ажиллагааг нэвтрүүлж өвчлөл, эндэгдлийг бууруулна.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1990 оныхоос         66 хувиар бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх;
бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг дээшлүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх;
бүсийн аймгуудын зарим сумдад оношилгоо, сувилгааны төв барьж байгуулан хөдөөгийн иргэдийн, ялангуяа малчдын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг  дээшлүүлэх; 
Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол өвчний тархалтыг зогсоож, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах;
эхийн эндэгдлийг бууруулах стратеги, Нөхөн үржихүйн үндэсний хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлснээр эхийн эндэгдлийг 1990 оныхоос дөрөвний гурваар бууруулах;
нийтийн биеийн тамирын төрөл, хэлбэрийг өргөтгөн, бие бялдрыг чийрэгжүүлэх төвүүдийг байгуулах.
               Гарах үр дүн. Өвчлөл, эндэгдэл буурч, хүн амын дундаж наслалт уртасна.
2.6. Хүн амын нутагшилт, хот байгуулалтын талаар
               Үндэслэл. Хангайн бүсэд орчин үеийн шаардлагад нийцсэн хот байгуулалтын цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна. Өнөөдөр мөрдөж байгаа ерөнхий төлөвлөгөөнүүдийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлэх нь чухал байна.
     
Хангайн бүсийн хүн амын 36.0 хувь нь хот, суурин газарт, 64.0 хувь нь хөдөөд амьдарч байна. Хангайн бүсийн нийт өрхийн 45 орчим хувь нь байшинд амьдарч байна. Иймд орон сууцны асуудлыг шийдвэрлэх явдал чухал ач    холбогдолтой юм.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хангайн бүсийн тулгуур төвүүд, хот, суурины хөгжлийн төлөвлөгөөг зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхлэнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн тулгуур төв Хархорин, Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлж эхлэх;
бүсийн тулгуур төвүүдийн хөгжлийг улсын хөрөнгө оруулалт болон төрийн зохицуулалтын бусад хөшүүргүүдийг хэрэглэн  бодлогоор дэмжих;
аймгийн төв, бичил бүсийн болон сум дундын төвүүдийн хөгжлийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах;
Эрдэнэт хотын ус цэвэрлэх байгууламжийн хүч чадлыг нэмэгдүүлж, цэвэрлэгээний чанарыг дээшлүүлэх;
Хархорин хотын ундны усны эх үүсвэрийг нарийвчлан тогтоох, бохир ус зайлуулах, цэвэр усан хангамжийн болон дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх;
Архангай, Булган аймгийн төвд нийтийн аж ахуйг хөгжүүлэх хоёрдугаар ээлжийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
Хархорин, Мөрөн, Цэцэрлэг, Хатгал зэрэг хот, сууринд хүн амын төвлөрлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
хөдөөгийн багийн төвүүдийг шинэчлэн тохижуулах.
      Гарах үр дүн. Бүсийн төв, хотуудын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан бүсийн орон сууцны хангамжийн  түвшинг сайжруулна.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
төрийн албан хаагчид, багш, эмч, мэргэжилтнүүдийг орон сууцаар хангах төсөл, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;
аймгийн төв бүрт орон сууцны хорооллыг барих;
аймгийн төвүүдийн хүн амын өсөлт, орон сууцны  хэрэгцээтэй уялдуулан сууцны хангамжийн түвшинг 80 хувьд хүргэх;
орон гэргүй байгаа ядуучуудыг орон байраар хангах цогц арга хэмжээ авах;
бүсийн бүх аймагт барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
хөдөөгийн малчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах.
      Гарах үр дүн. Хүн амын орон сууцны хангамжийн түвшинг 60 хувьд хүргэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт 1. Хангайн бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийг түргэсгэж, аймаг, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн тулгуур төв хотуудын хөгжлийг төрийн  зохицуулалтын хөшүүргүүдийг хэрэглэн дэмжиж, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон төвүүд болгох бодлогыг хэрэгжүүлэх;
Хархорин хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх;
Хангайн бүсийн хөгжлийн чадавхийг дэмжих төрийн зохицуулалт нь Мөрөн-Эрдэнэт-Арвайхээр-Хархорин-Цэцэрлэгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршилтыг гүнзгийрүүлэх зарчимд үндэслэн аймаг, сум, хот, тосгоны хооронд аж ахуйн хоршилт, холбоо, зах зээлийн харилцаа үүсэн хөгжих дэд бүтцийн орчныг сайжруулах;
бүсийн үйлдвэрлэл, хэрэглээ, хүн амын өсөлттэй уялдуулан цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, радио холбоо, зам, тээвэр зэрэг инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөн хөгжүүлэх тодорхой төслүүдийг боловсруулан хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн хөгжлийн тулгуур төв, хот, суурин газарт хүн амын тогтвортой суурьшин амьдрах орчин бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын ажиллаж, амьдрахад тохирсон орон сууцны нөхцөлийг бүрдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
аймгийн төвүүдийн хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хоёрдахь шатны төсөл боловсруулан хэрэгжүүлэх;
хөдөөгийн хүн амыг тохилог орон сууцтай болгох замаар сумдаас аймгийн төв, суурин руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах; 
гэрийн модны үйлдвэрүүдийг бичил бүсийн төвүүдэд хөгжүүлж гэрийн модны хэрэгцээг бүрэн хангах;
орон сууцыг зөвхөн банкны зээлээр барих боломж нөхцөлийг бүрдүүлэх;
амины орон сууц барих урт хугацаатай зээлийн тогтолцоог төлөвшүүлж, хүүг бууруулах.
      Гарах үр дүн. Хүн амын орон сууцны хангамжийн түвшинг 70 хувьд хүргэнэ.
Гурав. Байгалийн нөөцийн ашиглалт,
      байгаль орчны хамгаалал
3.1. Газрын нөөцийн ашиглалт, хамгаалал
      Үндэслэл. Монгол орны нутаг дэвсгэрийн 24.59 хувь буюу 38439.3 мян.га нь Хангайн бүсэд ногдож байна.
      Хангайн бүсийн хөдөө аж ахуйн эдэлбэр газар 29912 мян.га буюу бүсийнхээ нийт нутгийн 78 хувийг эзэлж байна.
Хангайн бүс 1990 онд нийт 251 мян.га эргэлтийн талбай, албан ёсоор зөвшөөрсөн 48 мян.га атаржсан газартай байсан боловч 2001 оны байдлаар 107.6 мян.га талбайтай, 153.3 мян.га атаржсан газартай болжээ. Хангайн бүсийн газрын нөөцийн 98 хувь нь бэлчээрийн талбай юм.
Улсын дунджаар 100 га бэлчээрт хонин толгойд   шилжүүлсэн 51 мал ногдож байхад Хангайн бүсийн дунджаар 78 мал, Булган, Архангай, Өвөрхангай зэрэг аймагт 100 га бэлчээрт 95-101 мал ногдож байна. Иймээс улсын дунджаар нэг хонин толгойд 1.9 га бэлчээр ногдож байхад дээрх     аймгуудад 1 га бэлчээр ногдож байна.
Жилийн турш бэлчээрт шүтсэн мал аж ахуй эрхэлж байгаа нь малын тарга тэвээрэг, дундаж жин, ашиг шимийн гарцад  муугаар нөлөөлөхөөс гадна бэлчээрийн талхагдлыг ихэсгэж  улмаар экологийн тэнцвэргүй байдалд хүргэж байна. Тухайлбал, Хангайн бүсийн бэлчээрийн 96.9 хувь нь их, бага ямар нэгэн хэмжээгээр талхлагдсан байна. Түүнчлэн мал сүргийн дотор ямааны эзлэх хувь хэмжээ нэмэгдсэн нь бэлчээрийг талхлах нэг үндэс болж байна.
Хангайн бүсэд уул уурхай, хот суурин газрын орчимд хөрсний бохирдол их байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хангайн бүсийн газрын нөөцөд экологи-эдийн засгийн үнэлгээ хийж, газрын ашиглалт, хамгааллыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Хангайн бүсийн экосистемийн байгаль хамгаалах болон  аялал жуулчлалын онцгой ач холбогдлыг харгалзсан байгаль орчны менежментийн хөтөлбөр боловсруулж, хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж эхлэх;
бүсийн газар ашиглалтын хөтөлбөр боловсруулж  хэрэгжүүлэх;
бэлчээрийн төлөв байдал, даацыг тодорхойлох, бэлчээрийн хянан баталгаа явуулах, бэлчээрийн зураг үйлдэх ажлыг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран зохион байгуулах;
бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох ажлыг өргөнөөр зохион байгуулах. Үүнд: Өвөл, хаврын улирлын бэлчээрийн зааг, байршлыг тогтоож, эзэмшилтийг  бэлчээрийн даац, малын төрөл зэргийг харгалзан тогтоох, зуслан, намаржааны болон ойрын бэлчээр, худаг, ус,  хужир, мараа бүхий газар, нийтийн эзэмшлийн газрын бүс нутгийг тогтоож, ашиглалтын хуваарийг мөрдөх; Уст цэг, суурин газрын орчим дахь малын төвлөрлийг багасгах, бэлчээрийг ээлжлэн сэлгэх аргыг өргөн нэвтрүүлэх;
атаршиж орхигдсон газар олон наст ургамлын үр цацах, услах зэрэг аргаар байгалийн нөхөн сэргэлтийг хурдасгаж бэлчээрийн зориулалтаар ашиглах;
Орхон аймагт атаршиж орхигдсон 2,2 мян.га, Өвөрхангай аймгийн Хархоринд 11.6 мян.га газрыг тус тус нөхөн сэргээх;
хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалж, цас тогтоох зорилгоор тариалангийн талбайг тойруулан ойн хамгаалах зурвас тарьж ургуулах;
тариалангийн эргэлтээс хасагдаж байгаа талбайн хөрсний эвдрэлийг зогсоох, олон наст ургамлын үр тарих, бэлчээрийг нөөцөд шилжүүлэх арга хэмжээ авах;
бэлчээрийн даацтай уялдуулан тооцох замаар малын тоо толгойг өсгөн үржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх;
газрын сангийн тооллого, бүртгэлийг орон нутгийн хэмжээнд чанарын өндөр түвшинд хийж, үнэлэлт өгч, чанарын баталгааг хангах, хяналт тавих мэргэжлийн албыг орон нутгийн засаг захиргааг түшиглэн байгуулах, газрын үнэлгээ, төлбөрийг гаргаж, ашиглалт, элэгдлийг хэрэглэгч нь хариуцдаг тогтолцоонд шилжүүлэх.
      Гарах үр дүн. Бэлчээрийн даац хэтрэлтийг 50 хувиар бууруулж, хөрсний эвдрэлд орсон тариалангийн талбайн хэмжээг 2 дахин багасгана.
Тэргүүлэх зорилт 2. Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
хот, суурин газрын хог хаягдлын цэгт үзлэг явуулах, зориулалтын бус газар хаясан хур хогийг арилгах, хог хаягдлыг хүний эрүүл мэнд, амьдралын нөхцөл, байгаль орчинд хоргүйгээр боловсруулан цэвэршүүлэх арга хэмжээ авах;
хог хаягдлын цэгийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засварлаж, хогийг ялзмагжуулан цэвэршүүлэх байгууламжид хийх, зөвхөн дахин ашиглах боломжгүй эцсийн үлдэгдлийг дарж булах арга хэмжээ авах;
хот, суурин газруудын хогийн цэгийн тоо, байрлалд хяналт тавьж, шаардлага хангахгүй байгаа хог хаягдлын нэгдсэн цэгийг хааж, цэвэршүүлэн байгалийн нөхөн сэргэлт хийж, уг газрыг бусад төрлийн аж ахуйд ашиглах;
сумдын төв, суурин газрын хог, хаягдлын цэг, түүний эзлэх талбайн дээд хэмжээг тогтоох;
нэгдсэн хогийн цэгийг байгуулахдаа байршилд /голлон салхины доор, хот суурингаас зайдуу, усан сангаас хол байгаа эсэхэд/ онцгой хяналт тавих;
хог хаягдлыг тээвэрлэх зориулалтын машин, механизм, технологи нэвтрүүлэх, арга зүйг шинэчлэн сайжруулах;
боловсруулж болохуйц хаягдал цаас, шил, яс, төмөр, бусад зүйлийг цуглуулах механизмыг бүрдүүлэх оновчтой арга, технологийг судлан нэвтрүүлэх;
хог хаягдлыг ялгаж, зайлуулах, дахин боловсруулах чиглэлээр ажлын байр бий болгох;
бүсийн зарим аймгуудад бохир ус цэвэрлэх байгууламжийг сэргээн засварлах;
уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хивс, Эрдмин зэрэг хортой бодис гаргадаг болон ашигладаг аж ахуйн нэгжийн хаягдал, сав, баглаа, боодлыг хоргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, дарж устгах ажилд тавих хяналтыг сайжруулах.
      Гарах үр дүн. Хог хаягдлын хяналтын тогтолцоог сайжруулж, тодорхой хэмжээнд дахин ашигладаг болж, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Бүсийн газрын мэдээллийн нэгдсэн санг бий болгож, газрын менежментийг дэмжих системийг бүрдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн байгаль орчны менежментийн хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын уялдааг хангаж, хэрэгжилтийн үр дүнг сайжруулах;
байгаль орчинд сөрөг нөлөөгүй бордоо хэрэглэж эхлэх;
ашигт малтмал олборлолттой холбоотой хөрсний эвдрэлийг арилгах арга хэмжээ авах;
бэлчээрийн хөрс, ургамлын өөрчлөгдөл, хувьслын мониторингийн судалгаанд үндэслэн бэлчээрийг улирлаар зохистой ашиглах;
хөрсийг ус, салхины элэгдлээс хамгаалах ойн зурвас байгуулах, бут сөөг тарих, тариалангийн талбайг сүрлээр хучих, хашаажуулах, өвөл цас тогтоох, бороо, цасны усыг нөөцлөн усалгаа хийх технологийг нэвтрүүлэх;
Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хот, түүний орчимд элэгдэж эвдэрсэн хөрс, талхлагдсан ургамлан нөмрөгийг сэргээн сайжруулах эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн төвийг байгуулж, газрын менежмент, мониторингийг сайжруулах;
газар ашиглалтыг эдийн засгийн хэмнэлттэй тогтолцоонд оруулж, экологийн даац, чадавхид нийцүүлэн урт хугацаанд оновчтой, үр дүнтэй, иж бүрэн ашиглах байгууллага, иргэдийн санал санаачилгыг дэмжих;
газрыг үр ашигтай бүрэн дүүрэн ашиглах, түүний үржил шимийг байнга дээшлүүлж, экологийн тэнцлийг хангах асуудлыг бүсийн нийгэм, эдийн засгийн үндсэн асуудлуудтай нягт уялдуулан шийдвэрлэх арга замыг тогтоон хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Бэлчээрийн даацын хэтрэлт, тариалангийн талбайн хөрсний эвдрэлийг зогсооно.
3.2. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
      Үндэслэл.    Монгол орны хуурай голдуу бүх нутгийн 100 гаруй төв, суурин газар хөрсний доройтол, элсний нүүлтэд өртөж байгаагаас Хангайн бүсэд Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Булганы Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур сумдын төв элсэнд дарагдан цөлжиж байна.
               Хангайн бүсэд хүний хүчин зүйлсээс үүдэлтэй бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах, сөөг, сөөгөнцөр ургамал, заг модыг түлшинд их хэмжээгээр ашиглах, ойг огтлох, ойн түймэр, олон салаа зам гаргах, уул уурхайн зориулалтаар газрыг сэглэж сэндийлэх, тариалангийн хөрсийг элэгдэл эвдрэлд оруулах зэргээс шалтгаалж цөлжилт явагдаж байна.
      Хангайн бүсэд нэг жилд шороон шуургатай өдрийн тоо 1960-1990 оны хооронд бараг 3-4 дахин нэмэгдсэн байна.
               Иймд энэ бүс нутагт цөлжилттэй тэмцэх талаархи арга хэмжээг Монгол орны цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд авч үзэж тухайн орон нутгийн онцлог, газар ашиглалтын байдалд нийцүүлэн оновчтой тогтоох шаардлагатай юм.
 
      Хангайн бүсийн Баянхонгор аймгийн Богд, Баацагаан, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд сум, Орхоны хөндий, Булган аймгийн Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдад цөлжилттэй тэмцэх олон улсын болон орон нутгийн төслийг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэр ч байтугай Хөвсгөл аймгийн Мөрөн, Их-Уул, Ренчинлхүмбэ  сумдад цөлжилттэй тэмцэх шаардлагатай болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөгөөр цөлжилт явагдаж байгаа шалтгаан, үр дагаврыг таслан зогсоож, цөлжилтөөс урьдчилан сэргийлнэ.
     
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
цөлжилттэй тэмцэх конвенци, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;
цөлжилттэй тэмцэх төслийг Хангайн бүсийн цөлжилтөд нэрвэгдэж байгаа нутгийг хамруулан боловсруулж, шат дараалан хэрэгжүүлэх;
Хангайн бүсийн цөлжилтийн шалтгаан, явц, цаашдын хандлагад үнэлгээ өгч, хүн ам, нийгэм-эдийн засаг, байгаль орчинд учрах сөрөг үр дагаврыг тогтоох судалгаа явуулах;
ган, цөлжилтийн явц, орчны өөрчлөлтийг хянах хяналт-шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх;
цөлжилтийн мэдээллийн сан бүрдүүлж, олон улсын сүлжээнд хамрагдах арга хэмжээ авах;
бүс, аймаг, сумын бэлчээрийн ургац, даац, багтаамжийг тодорхойлон, бэлчээр ашиглалтын зохистой системийг туршин нэвтрүүлэх;
бэлчээр ашиглалт, тариалангийн зохион байгуулалт болон газрын менежментийг боловсронгуй болгож, газар зохион байгуулалтыг сайжруулах;
гандуу бүс нутгийн түлшний асуудлыг шийдвэрлэх, хий болон сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах;
ургаа заг, бутны хэрэглээг хязгаарлах, байгалийн аясаар нөхөн ургах боломж, нөхцөлийг бүрдүүлэх;
говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах, цас, борооны усыг тогтоох байгууламж барих;
авто замыг журамлах, сайжруулсан, хатуу хучилттай замыг нэмэгдүүлэх;
газар тариаланд хөрс хамгаалах ойн зурвасыг байгуулах;
төв, суурин, түүний орчимд цөлжилтийн нөхцөл бий болохоос сэргийлж, хамгаалалтын болон ногоон бүс байгуулах;
геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
цөлжилттэй тэмцэх арга хэмжээг ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулан зохицуулах.
      Гарах үр дүн: Хүний үйл ажиллагааны улмаас цөлжиж байгаа үйл ажиллагааг зогсоосны дүнд цөлжилтийн хүрээ багасна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Цөлжсөн газрыг нөхөн сэргээх ажлыг далайцтай зохион байгуулна.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
цөлжсөн нутагт мод сөөгний байгалийн сэргэн ургалтыг тэтгэх, тарих ажлыг эрчимжүүлэх, мод үржүүлэх, ойжуулах ажлын цар хүрээг эрс нэмэгдүүлэх;
гандуу, хуурай нөхцөлд дасан зохицсон мод сөөгний тарьц, суулгацаар орон нутгийн хэрэгцээг хангах;
хөрсний элэгдэл эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээх эрчимтэй технологи боловсруулж хэрэгжүүлэх;
элсний нүүдэлтэй тэмцэх цогцолбор арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх;
сул элстэй газруудад элс тогтоогч ургамлуудыг тарьж ургуулан, ургамлан нөмрөг бий болгох;
говийн баян бүрдүүдийг хамгаалж, нөхөн сэргээх;
говийн бүсэд таримал заган ойг бий болгох;
жимсний цэцэрлэг, плантаци байгуулах;
гадаад улс орнууд, олон улсын байгууллагын туслалцаа, дэмжлэгээр хийгдэх шар шорооны нүүдэл, цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Цөлжилтийн үйл ажиллагааг зогсоож, цөлжсөн газрыг сэргээх үндсийг тавина.  
3.3. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг
      Үндэслэл. Хангайн бүсэд нийт 4778.2 мян.га газрыг эзэлсэн тусгай хамгаалалттай газар нутаг 11 байгаа нь Хангайн бүсийн нийт нутгийн 12.4 хувийг, улсын нийт тусгай хамгаалалттай газар нутгийн 23.3 хувийг эзэлж байна.
     
Тусгай хамгаалалттай нутгуудын хамгаалалтын горимыг сайжруулах шаардлагатай байна. Өндөр уул, уулын тайга, ойт хээрийн бүсэд орших тусгай хамгаалалттай газар нутгуудад манай орны багахан ойн нөөц байдаг ч байгаль хамгаалал  болон байгалийн нөөц ашиглалтын талаархи зөрчлийн 40 орчим хувь нь энд тохиолддог, хавар, намрын төдийгүй зуны хуурайшилттай үед түймэр их гардгаас тусгай хамгаалалттай газар нутгуудад ойн түймрээс хамгаалах менежментийг хэрэгжүүлэх нь чухал юм.
Хангайн бүсийн аймгууд нь байгалийн унаган төрхөө хадгалан үлдэж чадсан хэдий ч зарим нутагт малын бөөгнөрөл ихсэх, тариалангийн талбай их хэмжээгээр эвдрэн, хөрсний экологийн эмзэг орчин бий болсон энэ нөхцөлд нутаг дэвсгэрийн 25-30 хүртэл хувийг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Хангайн бүсэд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн, хамгаалалтыг сайжруулна.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
экологийн тэнцлийг хангахад чухал ач холбогдол бүхий биологийн төрөл зүйлтэй газар нутгийг улс, аймаг, сумын тусгай хамгаалалт, нөөцөд хамруулж, экологийн хувьд тогтвортой, эдийн засгийн хувьд ашигтай газар ашиглалтын бодлогыг нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэх;
Архангай аймгийн Тариат сумын Хөнжил, Алтаад, Цэцэрлэг сумын Дулаанхаан, Өндөр-Улаан сумын Бугатайн нуруу, Хөвсгөл аймгийн Шишгэдийн хотгор, Ганданнуур, Булган аймгийн Бугат сумын Уул алтай, Зад бартын нуруу, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Гурванбогд, Бат-Өлзий сумын Төвхөн уул зэрэг газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулах, хамгаалалтын зэрэглэлийг дээшлүүлэх; 
Хангайн нурууны унаган төрх, байгалийн үзэсгэлэнт тогтцуудыг түшиглэн бүсийн байгалийн хүрээлэн байгуулах бэлтгэлийг хангах;
тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн хөгжлийн горим, зүй тогтлыг танин мэдэх, байгалийн нөөц, баялгийг үнэлж тодорхойлох, зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх суурь хийгээд хавсарга судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх;
тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор ан амьтан, ургамлын судалгаа хийж хэвийн өсөлтийг хангах;
Хангайн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгаас өвөрмөц онцлог, ач холбогдлоороо онцгой ялгарах зарим хэсгийг нь олон улсын шим мандлын нөөц газрын болон дэлхийн өвийн сүлжээнд хамруулах.
 
      Гарах үр дүн. Хангайн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 20 хувьд хүргэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Хангайн бүсийн өвөрмөц нөхцөл, байгаль орчныг хамгаалах шаардлага, зах зээлийн эдийн засгийн онцлогт тохируулан Хангайн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн цогцолборыг бүрдүүлэн хөгжүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
тусгай хамгаалалттай газар нутгийг дэлхий нийтийн жишигт нийцүүлэн хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах;
экологийн давтагдашгүй онцлог, ач холбогдлоороо ялгарах зарим нутгийг олон улсын шим мандлын нөөц газар болгон дэлхийн өвийн сүлжээнд хамруулж дэлхийн шим мандлын хамгаалалттай бүс нутаг болгох үндэслэлийг боловсруулах;
тусгай хамгаалалттай газарт судалгааны төв, бааз, судлаачидтай болж, дэлхийн түвшинд хүрсэн судалгаа шинжилгээ явуулах;
тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн сургалт, сурталчилгаа явуулах, иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох төвүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах;
Хангайн нурууны үзэсгэлэнт байгаль, амьтан, ургамлын баазыг түшиглэн бүсийн байгалийн хүрээлэн байгуулах;
амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах менежментийг боловсронгуй болгох.
      Гарах үр дүн. Хангайн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэнэ.
3.4. Ойн нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл. Тус бүсийн ойн сан нь улсын нийт ойн сан бүхий газар нутгийн 41.8 хувийг эзэлдэг. Энэ бүсийн нутагт Монголын бүх ойн сангийн газрын 41 хувь, заг бүхий газрыг оруулахгүй бол ердийн ойн сангийн 47.4 хувь нь байрлаж байна. Энэ бүсийн ойн сангийн газрын 7.3 хувь буюу 550 мян.га талбайг Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутагт тархсан заган ой эзэлдэг.
Хангайн бүсийн ойг модны төрлөөр авч үзвэл нарс мод 0.9 хувь, шинэс 85.7 хувь, хуш 4.3 хувь, хус 4.9 хувь, заг 3.4 хувь, үлдсэн хувийг бусад мод, сөөг бүхий ойн талбай эзэлнэ. Архангай, Хөвсгөл, Булган аймгийн нутгаас жилд 5141 га ойгоос 166.4 мян.м3 шинэс, 238 га-аас 6.4 мян.м3 хус бэлтгэх нөөцтэй.
Хангайн бүсийн байгаль орчны тулгамдаж буй асуудлын нэг бол ойн сангийн хомсдол юм. Монгол улсын хэмжээнд 1974 онд ойгоор бүрхэгдсэн талбай нийт нутаг дэвсгэрийн 8.9 хувийг эзэлж байсан бол 2000 онд 8.2 хувь болж буурсан нь модыг эмх замбараагүй бэлтгэж байгаа болон түүнд тавих хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилт сул, ойн түймэрт автагдах, залуу модод малын хөлд өртөх, хөнөөлт шавьжинд идэгдэж байгаа зэрэг хүчин зүйлсээс болж байна.
Хангайн бүсийн ойн сангийн хомсдох гол шалтгааны нэг нь ойн түймэр юм. Эндэхийн ой бүхий талбайн 98.5 хувь нь түймрийн өндөр эрсдэлтэй нутагт хамрагддаг. Түймэр гарах магадлал 3-5, 9-11 дүгээр саруудад өндөр байдаг бөгөөд түймрийн 60 хувь нь 4-5 дугаар сард гардаг байна. Түймэр гарч байгаа тохиолдлын 95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж байна.
Сүүлийн үед ойн түймэр их гарч байгаагаас ой сийрэгжиж үүний нөлөөгөөр хур тунадас багасаж, жижиг гол горхи ширгэж, ингэснээр ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт гарч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Ойн нөөцийг хамгаалах цогцолбор арга хэмжээ авч нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, ашиглалтад тавих хяналтыг хүчтэй болгоно.
 
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ойн сангийн мэдээллийг сум, багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гаргасан нарийвчилсан сүлжээг бий болгох;
ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх мэргэжилтэй боловсон хүчин, тоног төхөөрөмжөөр хангах;
бүсийн ойн сангийн бүртгэл, тооллого явуулж, мэдээллийн сан, мониторингийн сүлжээ байгуулах;
ойн түймрээс урьдчилан сэргийлэх, сурталчилгаа, харуул хяналтыг тогтмол явуулах, сургалтын төвүүд байгуулах, түймэр унтраах ажилд мэргэжлийн хүмүүс бэлтгэх, багаж хэрэгслээр тасралтгүй хангах арга хэмжээ авах;
ойн түймрээс хамгаалах зурвасыг технологийн дагуу ойн нөөц ихтэй газарт хийх;
ойн хортон шавьжтай тэмцэх ажлыг технологийн горимын дагуу зохион байгуулах;
ой модны зонхилох хортон шавьжийн хөнөөлийн голомтуудыг илрүүлж, тархахаас нь өмнө устгах, ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажилд шаардлагатай бактерийн бэлдмэл үйлдвэрлэх цех байгуулах;
мод бэлтгэсэн болон ойн түймэр, хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн талбайд нарийвчилсан судалгаа явуулсны үндсэн дээр ой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг тухай бүрт нь шуурхай боловсруулж ажиллах;
мод сөөгний үр, боргоцой бэлтгэх, тарьц суулгац ургуулах цехийг Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгуудад байгуулах;
шилмүүст мод үржүүлгийн хүлэмж, ойн питомникийг голын хөндий, ойн сан бүхий газруудыг түшиглэн байгуулах. Үүнд мод их хэмжээгээр бэлтгэж буй сумдыг хамруулах;
заган ойжуулалт хийх, үр бэлтгэх, ойжуулсан талбайг хамгаалах ажлыг мэргэжлийн байгууллагын удирдлага, хяналтад нутгийн иргэдийн хүчээр хийж, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, элсний нүүлт, цөлжилтөөс хамгаалах арга хэмжээ авах;
говийн бүсэд заг, харгана, бутыг түлшинд хэрэглэхийг багасгах, ургаа, нойтон мод огтолж хэрэглэхийг бүрмөсөн зогсоох, ой бүхий аймгуудад арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоос гарсан модыг хямд үнээр олгож, орон нутгийн нүүрсний ордыг түлшний модтой зөв зохистой хослуулан ашиглах;
хүн амын ахуйн орчин нөхцөлийг сайжруулах, хүнсний хэрэгцээнд зориулан бургас, улиас, улиангар, чацаргана, үхрийн нүд зэрэг мод, сөөг, жимсний модыг үйлдвэрийн аргаар үржүүлэх;
ойн хортон шавьж, өвчинтэй биологийн болон байгальд хоргүй аргаар тэмцэх ажлыг өргөжүүлэх;
"Ногоон хэрэм" хөтөлбөрийг бүсийн хөгжлийн зорилт, арга хэмжээтэй холбон гадаадын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж эхлэх;
ургаа мод огтлохыг хязгаарлах хориг арга хэмжээ авах;
нутаг орноо ойжуулах, хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
хот, суурин газрын орчмыг ойжуулах, цэцэрлэгжүүлэх төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн: Ойн нөөцийн хамгаалалт сайжирч, зөвшөөрөлгүйгээр огтолж ашиглах явдлыг зогсоож, ойжуулалт, нөхөн сэргээлтийг ашигласан талбайн хэмжээнд хүргэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах зохистой бүтцийг бүрдүүлж, үйл ажиллагааны оновчтой, дэвшилтэт менежмент, технологид шилжүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
тарьц, үрээр хангадаг, мэргэжлийн удирдлагаар хангаж зөвлөгөө өгдөг мод үржүүлэг, ойн судалгааны төвийг Хархорин, Мөрөн, Булган, Цэцэрлэг хотод байгуулах;
хүн амын ахуйн орчны нөхцөлийг сайжруулах, хүнсний хэрэгцээнд зориулан бургас, улиас, улиангар, навчит мод, чацаргана, үхрийн нүд зэрэг мод, сөөг, жимсний модыг үйлдвэрийн аргаар үржүүлэх плантацуудыг байгуулах;
говийн нутагт тоорой, сухай зэрэг говийн ховордсон ургамлыг тарьж ургуулан, гол горхины сав газар болон булаг, шандны эхийг ойжуулж хамгаалах;
ойн хөнөөлт шавьжийн зүйлийн нарийвчилсан судалгааг тогтмол явуулсны үндсэн дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
ойн санг гэрээгээр эзэмшүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бий болгох;
мод боловсруулах үйлдвэрүүдэд хаягдалгүй технологи нэвтрүүлж, эцсийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилтай уялдуулан зохион байгуулах;
ойн дагалдах баялаг, хусны нүүрс ашиглах, ойн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, модны давирхайнаас канифол, скипидар ялган авах үйлдвэр байгуулах;
"Ногоон хэрэм" хөтөлбөрийг гадаадын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
бартаажилт ихтэй ой тайгаас байгаль хамгаалах шаардлагын дагуу мод бэлтгэж, бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл дээр борлуулж буй аж ахуйн нэгжид зохих хөнгөлөлт үзүүлэх;
үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэсэн байгууллага, иргэдээр огтолсон нэг модны оронд 3-5 мод тариулж хэвшүүлэх;
ойн нөөц ашигласан төлбөрийн 70 хүртэл хувийг ойг тарьж ургуулах, ойг хамгаалах арга хэмжээнд зориулдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх;
хамтын эзэмшлийн ой байгуулах, ойжуулах, ойн хортон шавьж устгах арга хэмжээнд олон нийтийг татан оролцуулж, гадаад, дотоодын жижиг зээлийн төслөөр дэмжин хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд дэвшилтэт менежмент, технологи нэвтэрч, ойтой талбайн хэмжээг жилд дунджаар 1 хувиар нэмэгдүүлнэ.
3.5. Усны нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл. Хангайн бүсэд манай орны гадаргын усны 35.2 хувь, ашиглаж болох гадаргын усны 31.7 хувь, газрын доорхи ул хөрсний усны 33.7 хувь, ашиглах боломжит газрын доорхи усны 50.5 хувь тус тус ногдож байна. Гэвч усны нөөц бүсийн аймгуудад жигд бус тархалттай. Хөвсгөл, Архангай аймгууд усны нөөцөөр баялаг бол Баянхонгор, Өвөрхангай аймгийн хувьд хомс юм.
 
      Хангайн бүсийн эдийн засгийн үндсэн салбар болох бэлчээрийн мал аж ахуйд усан хангамжийг сайжруулж, бэлчээрийг усжуулах явдал нэн чухал байна. Тус бүсэд нийт 5783 худаг ашиглагдаж байгаагаас инженерийн худаг 1462, энгийн уурхайн худаг 4351 байна. Гэвч нийт уст цэгийн 70 гаруй хувь нь эвдэж тоногдсон, усгүй болсон, усны түвшин буурсан, лайд дарагдсан, эзэнгүйдсэн байна.
Хангайн бүсийн төв, суурингийн усны хангамж хангалтгүй бөгөөд эрүүл ахуйн шаардлагыг тэр болгон хангахгүй байна. Архангай аймгийн төвийн иргэдийн 30-40 хувь, сумын төвийнхний 60-70 хувь нь эрүүл ахуйд тохирохгүй ус хэрэглэж байна. Өвөрхангайн Арвайхээр, Бүрд сумын төвийн ундны усны хангамж хүрэлцээгүй, Баян-Өндөр, Сант, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан сумын төвийнхөн ундны усанд тохиромжгүй хатуулаг ихтэй ус хэрэглэж байна. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Арбулаг, Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Гурванбулаг сумын төвүүдэд ундны усан хангамж дутагдалтай. Эдгээр сумдад гүний өрөмдмөл худаг гаргаж хүн амыг цэвэр усаар хангах зайлшгүй шаардлагатай.
Төв, суурин газарт цэвэршүүлэх байгууламж байхгүй, хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаагаас бүсийн хэмжээнд нийт хаягдал бохир усны 85.9 хувийг цэвэрлэж байна.
      Усны нөөцийг ашиглах, хамгаалах асуудал нь хот, суурин газрын бохир усыг зайлуулж байгаа техник, технологитой холбоотой учраас аймгийн төвийн бохир ус зайлуулах цэвэрлэх байгууламжуудын техник, технологийг шинэчлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Бүс нутгийн усны нөөцийг оновчтой ашиглаж, хамгаалалтыг нь сайжруулна.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүсийн усны бодлогын менежмент, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах;
газрын гадаргуугийн ус, уст цэгийн үзлэг тооллого явуулж, усны хангамжийн түвшинг шинэчлэн тогтоох;
усны хими, физик, биологийн судалгаа явуулж, геохими, гидрохимийн зураг зохиох, чанарын үнэлгээ өгөх, усны нөөц, чанарын шалгуур тогтоох;
төв, суурингийн усан хангамжийн системийн алдагдлыг багасгах, хүн ам болон үйлдвэрлэлийн усны хэрэглээний нормыг орон нутгийн онцлогт тохируулан шинэчлэн тогтоож, ус ашиглалтыг тоолууржуулж эхлэх;
төв, суурин газрын ундны усны эх үүсвэрийн ажиллагааг найдваржуулах, иоджуулах, цэнгэгжүүлэх, эрдэсжилтийг багасгах;
хүн ам олонтой хот, сууринд усыг цэвэршүүлэн, дахин ашиглах технологи нэвтрүүлэх;
хүн амын ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх бага оврын төхөөрөмжийг говийн сумдад нэвтрүүлж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усны хэрэглээг нэмэгдүүлэх;
бэлчээрийг усжуулах зорилгоор шинээр худаг барих, хуучин худаг цооног засаж сэлбэх ажлыг эрчимжүүлэх. Уст цэгийн техник, технологийг шинэчлэн хямд төсөр ус өргөгчийг үйлдвэрлэх, уламжлалт аргаар худаг гаргах, усыг хамгаалах, лайдах ажлыг зохион байгуулах;
эдэлгээний чанар сайтай насосыг гадаад орноос авах, худагт пластмассан болон зэвэрдэггүй материалаар хийсэн шүүр суулгах асуудлыг шийдвэрлэх;
бүсийн усны ашиглалт, хамгаалалтын нэгдсэн сүлжээтэй болгох;
бүс нутгийн халуун, хүйтэн рашааны нөөц, химийн найрлага, чанарыг тогтоох, түүний өөрчлөгдлийг илрүүлэх судалгааны ажлууд явуулах;
хүний бие организмд ашигтай, химийн ховор элемент бүхий рашаан болон цэнгэг усыг савлаж зах зээлд нийлүүлэх;
зарим голуудын урсацын зарим хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулж, ашиглах асуудлыг судлан шийдвэрлэх;
алт болон бусад ашигт малтмал олборлох явцад алдагдсан усыг нөхөн сэргээх үйл ажиллагааг эрчимжүүлэх, гольдирлыг нь өөрчилсөн гол, горхийг буцаан хуучин гольдиролд нь оруулах ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэх ажлыг эхлүүлэх;
гол мөрний сав газрыг хамгаалах, хэрэглээг зохистой болгох, гадаргын ус ашиглалтыг нэмэгдүүлэх, гүний хайгуулын ажлыг өргөтгөх төслүүдийг гадаадын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжүүлэх;
гол мөрний сав газрын усны нөөцийн ашиглалт, хамгаалалтыг зохицуулах олон нийтийн зөвлөлийг сум, баг бүрт байгуулж ажиллуулах;
үйлдвэр, уурхайд усыг эргүүлэн ашиглах, цэвэршүүлсний дараа урсгал усанд нийлүүлдэг болгоход тавих төр, олон нийтийн хяналтыг хүчтэй болгох;
усны эх үүсвэрийг хамгаалах уламжлалт арга, зан үйлийг сэргээн хөгжүүлэх.
      Гарах үр дүн. Бүсийн усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах боломж нөхцөл бүрдэж, хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангана.
 
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Бүс нутгийн усны зохистой хэрэглээг хангаж, усны нөөцийг нэмэгдүүлж, бохирдлыг багасгах үр дүнтэй хөшүүргүүдийг нэвтрүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
усны нөөцийг нэмэгдүүлэх судалгаа, туршилтын ажлыг эрчимжүүлэх;
усны нөөцийг оновчтой ашигладаг бүсийн нэгдсэн системд шилжих;
усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг байгалийн бусад нөөцийн менежментийн төлөвлөгөөтэй нягт уялдаатай боловсруулж, хэрэгжүүлэх;
усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг томоохон голуудын сав газраар боловсруулж хэрэгжүүлэх;
бүс нутгийн халуун, хүйтэн рашааны нөөц баялаг, химийн найрлага, чанарыг тогтоох, түүний өөрчлөгдлийг илрүүлэх судалгааны ажлууд явуулж, амралт сувиллын газруудыг шинээр байгуулах;
уст цэг, гадаргуугийн усанд ариун цэвэр, эрүүл ахуйн бүс тогтоох, усны чанар, бохирдолтод тогтмол шинжилгээ хийх журамд шилжих;
хот, суурин газрын ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж дуусгах;
хот, суурин газарт ус ашиглалтыг бүрэн тоолууржуулах;
Хөвсгөл нуур, Сэлэнгэ, Орхон голын ай сав газрын усны бохирдолтын байдалд үнэлгээ хийлгэж, цаашид энэ бүсийн усны бохирдлыг зогсоох арга хэмжээ авах;
Онги, Таац, Түй, Байдраг голын урсацыг нэмэгдүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
усны чанар, найрлагыг тодорхойлдог нүүдлийн лабораторитой болох;
Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын үйлдвэрийн орчин болон уул уурхайн ашиглалтаас эвдэрсэн газарт экологийн хиймэл нуур тогтоож загас үржүүлэх, хөрсжүүлэх, ойжуулах ажлыг хэрэгжүүлэх;
хүн амын ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлэх;
усны шинэ нөөцүүдийг илрүүлэн ашиглахад гадаадын хөрөнгө оруулалтыг өргөн ашиглах;
томоохон усан сан байгуулах, бороо, цасны усыг ашиглах төслүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттайгаар хэрэгжүүлэх;
зарим гол мөрний усыг хуримтлуулах цогцолборыг барьж байгуулах замаар гадаргын усны нөөц, усан хангамжийг нэмэгдүүлэх.
      Гарах үр дүн. Усны эх үүсвэрүүд, ай савыг бохирдлоос бүрэн хамгаалж, цэвэрлэх байгууламжид шинэ техник, технологи нэвтрүүлснээр усыг 100 хувь цэвэршүүлдэг болж, ундны усны чанар дээшилнэ. Усны нөөцийн шинэ эх үүсвэрүүд бий болж, ашиглалт сайжирна.
3.6. Агаар мандлын ашиглалт, хамгаалал
      Үндэслэл. Хангайн бүсийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын нэг бол  хот, суурин газруудад агаарын бохирдол бий болж, нэмэгдэх болсон явдал юм. 2000 оны байдлаар Эрдэнэт, Мөрөн хотуудад азотын давхар исэл (NO2), Арвайхээр, Мөрөн хотуудад хүхрийн давхар исэл (SO2)-ийн хэмжээ агаарт харьцангуй их байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Эрдэнэт хотын хувьд азотын давхар ислээс гадна агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл нь тоосжилт бөгөөд зөвшөөрөгдөх хэмжээнээс 2 дахин их байгаа юм. Энэ нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн далангаас цагаан тоос салхины дагуу тархдагтай холбоотой.
Сүүлийн үед аймгийн төвүүдэд хүн амын төвлөрөл ихсэж байгаатай холбоотой гэр хороолол нь хотын бохирдлын томоохон эх үүсвэрийн тоонд зүй ёсоор орж байна. Мөн автомашины тоо эрс нэмэгдэх болсон нь хот, суурингийн агаар дахь азотын давхар ислийн агууламжийг ихээр нэмэгдүүлж байна. 2001 оны байдлаар Хангайн бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо 111460 байгаагаас суурин 78043, хөдөлгөөнт 27053 байна. Мөн төв, суурин газруудад аж ахуйн нэгжүүд зардал хэмнэх зорилгоор халаалтаа нэгдсэн системээс салгаж, тус тусдаа уурын зуух барих, энгийн галлагаанд шилжих болсон нь бохирдуулагч эх үүсвэрийн тоог нэмэгдүүлжээ. Жишээлбэл, зөвхөн нэг аймагт гэхэд л технологийн хувьд хоцрогдсон 60 гаруй уурын зуух байгаа нь агаарыг үлэмж хэмжээгээр бохирдуулж байна.
Хот, суурин газруудад хөрсний элэгдэл эвдрэл их, цэцэрлэгжүүлэх ажил хангалтгүй байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт. Агаарын чанар, төлөв байдлын өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээ, мэдээллийн чанарын түвшинг дээшлүүлж агаарын бохирдлыг багасгана.
      Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Хангайн бүсийн томоохон хотуудад агаарын чанарын хяналт- шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагыг байгуулж, шаардлагатай багаж, техник хэрэгслээр хангах;
гэр, байшинд өргөн хэрэглэгдэж буй энгийн пийшин, зуухны бүтцийг боловсронгуй болгож, түлшний шаталтыг сайжруулах. Гэр хорооллын айл өрхийн 70 хүртэл хувийг бүрэн шаталттай зуух, түлшээр хангах;
нүүрсний чанарт тохирсон техник, технологийн шинэчлэлтийг шат дараалан хийсний үндсэн дээр халаалтын зуухнууд зэрэг суурин эх үүсвэрүүдийн агаарт гаргах бохирдлын хэмжээг бууруулах;
уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон бусад үйлдвэрүүдээс гарах агаар бохирдуулагчийн хэмжээ, бүтцийг тогтоож, техник, технологийг шинэчлэх замаар агаарт гарах хүчлийн хийг багасгах;
хот, суурингуудын доторхи авто замыг хатуу хучилттай болгох ажлыг ээлж дараатай хэрэгжүүлэх;
төв, суурин газрын хот байгуулалтын төлөвлөлтөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усан сан, усан оргилуур барьж байгуулах, агаар бохирдуулагч эх үүсвэр бүхий обьектын байршлыг салхи, уур амьсгалын нөхцөлтэй уялдуулан шийдвэрлэх;
аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэдийн дунд гудамж талбайг зүлэгжүүлэх, мод сөөг тарих ажлыг зохион байгуулах;
хог хаягдал, бохир усыг ил задгай хаях, шатаах явдлыг бүрэн зогсоох;
бохирдуулагч бодис ялгаруулж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний газрын техник, технологийн зарчмыг үндэслэн ажил, үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгодог журамд шилжих;
агаар бохирдуулагч эх үүсвэрийн үйл ажиллагаанд технологийн хяналт бий болгосноор байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт үүсгэсэн хохирлыг бохирдуулагч нь нөхөн төлөх, бохирдлыг багасгах зардлыг хариуцах эрх зүйн үндсийг бий болгон мөрдөж эхлэх;
уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах "Цагаан тоос" хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Агаарын чанар, төлөв байдлын өөрчлөлтөд тавих хяналт сайжирч, томоохон төв, суурин газруудын агаарын бохирдлын хэмжээ буурч, агаар бохирдуулагчидтай тэмцэх арга хэлбэр боловсронгуй болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Хот, суурин газрын агаарын бохирдлыг эрс бууруулж олон улсын стандартын түвшинд хүргэнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
сумын төвүүдийн ус, цаг уур, орчны шинжилгээний салбаруудыг агаарын бохирдлыг хэмжих багаж, тоног төхөөрөмжөөр хангах;
авто тээврийн хэрэгслийн агаар бохирдуулагч бодист хяналт тавих техник оношилгооны цэгүүдийг аймгийн төвүүдэд байгуулж, утаа тортог их хаядаг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулдаггүй болгох;
хөдөлгүүрийн ажиллагааны электрон хяналттай, овор хэмжээ багатай, нарны зай, цахилгаан хөдөлгүүр, шахсан хий ашигласан автомашины хэрэглээнд аажмаар шилжих;
гэр хорооллын айл өрхийг бүрэн шаталттай зуух, түлшээр хангах;
эрчим хүчний системийг байгаль орчинд хоргүй тоног төхөөрөмжөөр шинэчлэх, нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах арга хэмжээг төсөл шалгаруулах замаар хэрэгжүүлэх;
үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хаягдалгүй болон дахин боловсруулах техник, технологи нэвтрүүлэх;
газар ашиглалтыг сайжруулах, хөрсний элэгдэлтэй тэмцэх, атаржуулсан газрыг ашиглах, ээлжлэн тариалах системийг тууштай нэвтрүүлэх арга хэмжээ авах;
түлшний шинэ үүсгэвэр бий болгох, түүнийг тээвэрлэх, хадгалах, үр ашигтай хэрэглэх талаархи тэргүүний хөгжилтэй орнуудын туршлагыг судлан хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Агаарын чанар, төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт сайжирч, бүсийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болно.
3.7. Биологийн төрөл зүйлийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл. Хангайн бүсэд Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн 21 зүйл хөхтөн, 19 зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 2 зүйл хоёр нутагтан, 3 зүйл загас, 7 зүйл шавьж, 53 зүйл дээд ургамал, 2 зүйл хөвд, 8 зүйл хаг, 2 зүйл мөөг байдаг. Түүнчлэн тахь, хулан, хавтгай Дэлхийн Улаан номд оржээ.
Хангайн бүс загасны их нөөцтэй бөгөөд загасны аж ахуй хөгжүүлэх бүрэн боломжтой. Хөвсгөл нуур 3000 тн, Тэрхийн цагааннуур 100 тн, Өгийнуур 230 тн, Цагааннуур 500 тн загасны нөөцтэй. Бүсийн хэмжээнд жилд 790 тн загас олборлох нөөц байгаа нь зарим судалгаагаар тогтоогдсон байна.
Монгол орны нэн ховор ургамалд 133 зүйл, ховор ургамалд 317 зүйл, 11 зүйлийн хаг, 5 зүйлийн замаг, 4 зүйлийн хөвд, 6 зүйлийн мөөг багтдагийн ихэнх нь Хангайн бүсэд ургадаг.
Хангайн бүсийн биологийн төрөл зүйлийн бүх нөөц, баялгийг бүрэн хэмжээгээр судалж, хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх талаар мэргэжлийн байгууллагын судалгаа, шинжилгээ, дүгнэлт нэн чухал шаардлагатай байна. Орон нутгийн иргэдийн биологийн төрөл зүйлийн талаархи мэдлэгийг мөн сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Биологийн төрөл зүйлийн төлөв байдал, нөөц, хомсдолын шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх эрх зүйн орчин, нийгэм-эдийн засгийн механизмыг бүрдүүлэн, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Хангайн бүсийн биологийн төрөл зүйлийн өнөөгийн төлөв байдал, нөөц, ашиглах боломж, хамгаалах талын судалгааг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийж, экологи-эдийн засгийн үнэлгээ өгөх;
Хангайн бүсэд агнуурын үндсэн хөхтөн амьтдын тооллого хийх, тархалтыг тогтоож, томоохон нуур, гол мөрнүүдийн загасны нөөцийн судалгааг хийх;
Хангайн бүсийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой үүрэг бүхий амьтан, ургамлын зүйлийг судлах, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж эхлэх;
сум бүрийн газар ашиглалтын төлөвлөлтөд биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах асуудлыг тусган хэрэгжүүлэх;
устаж болзошгүй төрөл, зүйлийг хамгаалах арга хэмжээ авах. Тарвага агнахыг хоёр жил хориглох;
зарим газарт цагаан зээр, хар сүүлт, тарвага, заарт харх зэрэг амьтдыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн сэргээн нутагшуулах ажлыг хэрэгжүүлэх;
хөдөө аж ахуй, уул уурхай, ойн үйлдвэрлэлээс биологийн төрөл зүйлд үзүүлж байгаа нөлөөллийг тодорхойлж, хамгаалах журам боловсруулан мөрдөх;
 
доройтсон орчинг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлж, бэлчээрийн талхлагдлыг хязгаарлан, байгалийн аясаар нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх;
аж ахуйн гоц ашигт амьтныг өсгөн үржүүлэх, ургамлыг нутагшуулан тарималжуулах ажлын цар хүрээг өргөжүүлж, биологийн нөөцийн хомсдолыг хязгаарлах;
хөнөөлт шавьж, мэрэгчидтэй байгаль орчинд хоргүй аргаар тэмцэх;
байгаль хамгаалагчдын мэдлэгийг дээшлүүлж, техник хэрэгслээр хангах шат дараалсан арга хэмжээ авах;
Хангайн бүсийн биологийн баялгийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх удирдлага, зохион байгуулалт, эрх зүй, эдийн засгийн цогцолбор арга хэмжээ авах;
нэн ховор, устах аюул нүүрлэж буй амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч, агнах, ашиглахыг тодорхой хугацаагаар хориглох;  
ан амьтны нөөц ашигласнаас олсон орлого, ашгийг хамгаалагч, ашиглагч, нутгийн уугуул иргэдэд зүй зохистой хуваарилах бодлогыг хэрэгжүүлэх.
      Гарах үр дүн. Хангайн бүсийн биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлтийг хангах орчинг бүрдүүлж, хяналтын тогтолцоог сайжруулна.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
Хангайн бүсийн экосистемийн тэнцлийг хангах, байгалийн унаган төрхийг хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг улам боловсронгуй болгох;
Хангайн бүсийн амьтан, ургамлын хүрээлэн байгуулах;
бололцоотой бүх нуур, голд загас өсгөн үржүүлэх;
нэн ховор, ховор буюу устах аюулд орсон амьтан, ургамлыг зориудаар өсгөж үржүүлэн, тэдгээрийн амьдрах орчны доройтлыг хязгаарлан зогсоож, удмын санг хадгалах;
нөөц нь тогтоогдсон зарим төрлийн амьтныг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах аж ахуй байгуулах;
нөөц нь тогтоогдсон зарим зүйлийн амьтныг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахдаа уг төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд хамруулах талаар аж ахуйн арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх;
биотехнологийн аргыг өргөн хэрэглэх замаар эмийн болон онц ашигт ургамлын плантаци байгуулах;
Хангайн бүсийн амьтан, ургамал, бичил биетний мэдээллийн сан байгуулах;
ургамал, ан амьтны байршил, нөөцийг судалж ашиглах газар нутаг, тоо хэмжээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр уг газрыг ашиглагчаар нь хамгаалуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;
ангийн аж ахуй эрхлэх, эмчилгээ болон хүнсний зориулалтаар хэрэглэгддэг эмийн ховор ургамлыг таримал байдлаар үржүүлж орлого олох боломжийг иргэд, байгууллагад олгох.
      Гарах үр дүн. Хангайн бүсийн биологийн төрөл зүйлийн хэвийн өсөлтийг хангах таатай орчин бүрдэж, хамгаалах, оновчтой ашиглах менежмент сайжирна.
 
 
 
 
3.8. Байгалийн гамшгаас сэргийлэх, түүний аюулыг бууруулах
Үндэслэл. Байгалийн гамшгийн улмаас учирч байгаа хохирол буурахгүй, энэ чиглэлээр төрийн захиргаа болон шинжлэх ухааны байгууллагаас хийж буй ажлын далайц сул, хоорондын уялдаа, холбоо муу байгаа нь болж өнгөрсөн  гамшигт үзэгдлүүдийн дараа гарсан хохирлоос тодорхой харагдаж байна.
Байгалийн гамшгийн хяналт-шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгож, шинжлэх ухааны шинэ ололт,  технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Байгалийн гамшгийг хохирол багатай даван туулахын тулд урьдчилан бэлтгэх, байгалийн гамшиг үүсэх, эсвэл заналхийлэх үе шатанд нь прогнозлох чадавхийг сайжруулах, прогнозын үр дүнг хүн амд шуурхай хүргэх, ард нийтэд аюул гамшгийн үед ажиллах сургалт, дадлага олгох ажил чухлаар шаардагдаж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
      Тэргүүлэх зорилт. Байгалийн гамшгийн менежмент, хяналт-шинжилгээний тогтолцоог боловсронгуй болгож, прогнозын арга нэвтрүүлж, хүн амд шуурхай мэдээлэх арга хэмжээ авна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
 
байгалийн гамшгийн эрсдэл, нийгэм, эдийн засгийн үр дагаврын үнэлгээ, зураглал хийх, мэдээллийн сан байгуулах;
цаг уурын станцын тоог шаардлагатай хэмжээнд нэмэгдүүлэхийн зэрэгцээ сайн дурын ус, цаг уур, орчны хяналтын цэг нээн ажиллуулах, хур тунадасны хэмжлийг бүх багт хийх хэмжээнд нэмэгдүүлэх, аэрологийн станцын тоог нэмэгдүүлэх;
бэлчээрийн ургамал, цасан бүрхүүл, ойн нөөцийн  судалгаанд агаарын ажиглалт хийх онгоц-лаборатори ашиглах;
ган, зудыг 2 жил хүртэлх хугацааны өмнөөс тоймлон прогнозлох статистик арга нэвтрүүлэх;
ой, хээрийн түймрийг урьдчилан тооцоолох шинэ арга боловсруулж мөрдүүлэх;
цаг агаарын хүндрэлийг шинжлэх ухааны үндэстэйгээр  үнэлэн хэд хэдэн зэрэглэлээр тогтоох;
улсын болон орон нутгийн нөөцийн нэр төрөл, тоо хэмжээ, байршлыг оновчтой болгох;
иргэд, олон нийтэд тулгуурласан гамшгаас хамгаалах менежментийг хөгжүүлэх;
тусгай үүрэгтэй гамшгаас хамгаалах ангиудын техник хэрэгслийн хангалт, хүн хүчний бэлтгэл, хангамжид онцгой анхаарал хандуулах;
гамшиг нүүрлэх үед богино хугацаанд аврах, сэргээн босгох зохион байгуулалтын арга хэмжээ авах;
байгаль, цаг уурын гамшгийн аюулыг бууруулах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх хүч нөөц, техникийн хүч чадлыг бий болгох;
байгалийн гамшгийн прогнозыг цаг хугацаанд нь мэдээлэх, зөвлөмж хүргэх радиогийн суваг нээж, нийтэд зориулан бага оврын хүлээн авагч нийлүүлэх;
хөдөөгийн хөдөлмөрчдийг үүрэн телефоноор хангах;
олон улсын гамшгийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамрагдах.
 
      Гарах үр дүн: Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирол багатай даван туулах, учирсан хохирлыг арилгах арга ажиллагаа боловсронгуй болж, оновчтой тогтолцоо бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
      Тэргүүлэх зорилт. Байгалийн хүчтэй салхи, цасан шуурга, их цас, хүйтэн бороо, мөндөр, үер, цочир хүйтрэлт, газар хөдлөлт зэрэг байгалийн аюултай үзэгдлийг нийтэд урьдчилан мэдээлэх, даван туулах орчин үеийн тогтолцоог бүрдүүлнэ.
               Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
цаг агаарын прогнозчилолд радарын болон сансрын техник, технологи нэвтрүүлэх;
биологийн болон экологийн аюул гамшгийн хяналт-шинжилгээ, прогнозын арга зүй боловсруулж хэрэглэх;
газар хөдлөлийн хяналт-шинжилгээг сайжруулах зорилгоор сейсмологийн станц нэмж байгуулах;
ойн түймрийн байнгын хяналтын тогтолцоог газар, агаар-сансрын системд түшиглэн бий болгох, ойн шаталтыг зэрэглэх прогнозын арга технологи боловсруулж, түймэр унтраахад хур тунадас зориуд нэмэгдүүлэх онгоц-лаборатори ашиглах;
үерийн прогнозын тоон арга, автоматжуулсан технологи боловсруулж нэвтрүүлэх;
үүлэнд зориуд үйлчлэх аргаар өвлийн хур тунадасны хэмжээг багасгах арга технологийг боловсронгуй болгох, нэгэнт орсон цасны альбедог ихэсгэх замаар зурваслан хайлуулах арга хэрэглэх зэргээр зудын гамшгийг бууруулах;
агаар мандлын процессын прогнозод томоохон хот, тусгайлан сонгож авсан нутагт 10х10 км алхамтай бэсрэг масштабын тоон прогнозын схем нэвтрүүлэх;
экологийн прогнозын иж бүрэн математик загвар боловсруулан нэвтрүүлэх;
шороон болон цасан шуурга байнга шуурч, элсний нүүдэл гарч, цөлжилт явагдаж болзошгүй зарим нутагт ойн зурвас байгуулах;
хүн амын байгалийн гамшгийн талаархи мэдлэгийг дээшлүүлэх;
байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон үед хохирлыг арилгах зорилгоор даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох.
      Гарах үр дүн. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, аврах, хор хохирлыг арилгах, сэргээн босгох орчин үеийн шаардлагатай чадавхи бүрэлдэнэ.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг
арга хэрэгсэл
Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүх нийтийн оролцоог хөхиүлэн дэмжих зэргээр хөгжилд түлхэц өгөх нийтлэг арга хэрэгслүүдийг оновчтой зөв сонгон ашиглах явдал чухал юм.
4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсэн чиглэл
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон бүсийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх яам, агентлаг-бүс-аймаг-сумдын зохион байгуулалт, үйл ажиллагааны оновчтой хувилбарыг бий болгох;
хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар бүсийн зөвлөл, орон нутгийн удирдлага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих оновчтой арга хэрэгсэл, механизмыг бий болгох;
хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг үндэсний, бүсийн, аймгийн түвшинд уялдуулах механизмыг тогтоох;
жил жилийн улсын төсөв, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийн салбар бүрээр боловсруулан хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдэд энэхүү хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааг аль болохоор уялдуулах;
хөтөлбөрийн зарим тэргүүлэх зорилтуудыг урт, богино хугацааны тусгай хөтөлбөр, төслүүд болгон боловсруулж хэрэгжүүлэх;
хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг аймаг, сумдын Засаг дарга нар мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;
бэлчээрийн тухай хууль баталж, түүнд бэлчээрийн даацтай уялдуулах замаар малын бүтэц, тоо толгойг өсгөн үржүүлэх бодлогыг хуульчлан зааж өгөх;
газрын сангийн тооллого, бүртгэл хөтлөх, чанарын баталгааг хангах, хяналт тавих мэргэжлийн албыг аймагт байгуулах, газрын үнэлгээ, төлбөрийг гаргаж, ашиглалт, элэгдлийг хэрэглэгч нь хариуцдаг тогтолцоонд шилжүүлэх;
хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс газрыг хамгаалах талаар хууль эрх зүйн үндэслэлийг боловсронгуй болгох;
цөлжилттэй тэмцэх зардлыг улс, орон нутгийн жил бүрийн төсөв болон бусад эх үүсвэрт тусгах;
ус бохирдуулагчдад ногдуулах хариуцлагын тогтолцоог тогтоож мөрдөх;
үйлдвэр, уурхайд усыг эргүүлэн ашиглах, цэвэршүүлсний дараа урсгал усанд нийлүүлдэг болгоход тавих төр, олон нийтийн хяналтыг хүчтэй болгох;
агаар бохирдуулагч эх үүсвэрийн үйл ажиллагаанд технологийн хяналт бий болгосноор байгаль орчин, хүний эрүүл мэнд, эдийн засагт үүсгэсэн хохирлыг бохирдуулагч нь нөхөн төлөх, бохирдлыг багасгах зардлыг хариуцах эрх зүйн үндсийг бий болгож мөрдөх;
Хангайн бүсийн биологийн төрөл зүйлийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх удирдлага, зохион байгуулалт, эрх зүй, эдийн засгийн цогцолбор арга хэмжээ авах;
бүсийн хэмжээнд нэн ховор, устах аюул нүүрлэж буй амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч, агнах, ашиглахыг тодорхой хугацаагаар хориглох;
ургамал, ан амьтны байршил, нөөцийг судалж ашиглах газар нутаг, тоо хэмжээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр уг газрыг ашиглагчаар нь хамгаалуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;
байгаль орчинг бохирдуулагч нь илүү төлбөр төлдөг зарчмыг тууштай хэрэгжүүлэх.
4.2. Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга, хэрэгсэл
Эрдэнэт, Хархорины тулгуур төвүүд, тэдгээрийг орон нутгийн хөгжлийн төв хотууд болон бусад бүстэй холбосон дэд бүтцийн үндсэн сүлжээг бүрдүүлэхэд улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэгийг түлхүү чиглүүлэх;
экспортын зориулалттай болон импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих бүсийн эрх хэмжээний эдийн засгийн хөшүүргүүдийг бий болгох;
зарим нэр төрлийн татвар, тарифыг бүсийн хэмжээнд тогтоож зохицуулах эрхийг бий болгох;
орон нутгийн өмч, санхүү, зээлийн эрх мэдлийг өргөтгөх;
зарим татварыг бичил бүсээр ялгавартай тогтоох асуудлыг тавьж шийдвэрлүүлэх;
орон нутгийн төсвийг эдийн засгийн бодлоготой нягт уялдуулж, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний хэмжээгээр санхүүжилт олгодог журамд бүрэн шилжих;
бүсийн хөгжлийг дэмжих санд хөрөнгө төвлөрүүлж, бүсийн хэлэлцээрийн дагуу зарцуулдаг журмыг мөрдүүлж, зүгшрүүлэх;
жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэн бүсийн эдийн засгийн урамшууллын механизм бий болгох;
ажлын байр шинээр бий болгосон, техник, технологийн шинэчлэл хийсэн аж ахуйн нэгжид эдийн засгийн дэмжлэг үзүүлэх;
бүсийн хөгжлийн банк байгуулан ажиллуулах;
бүс дотроо аж ахуйн нэгж, иргэдийн хөрөнгө мөнгийг дайчлан ашиглаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх;
үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулсан урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохыг дэмжих;
бүсийн хэмжээнд гадаад хамтын ажиллагааг зохицуулах байгууллага байгуулах;
ОХУ, БНХАУ-ын хил залгаа бүс нутагтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх;
гадаадын хөрөнгө оруулалтыг татах бүсийн таатай орчинг бүрдүүлэх;
гадаадын дэвшилтэт технологийг эзэмших, нутагшуулахад урамшуулах арга хэмжээ авах; 
бүсийн хэмжээнд шинээр байгуулах үйлдвэр, үйлчилгээний газруудад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор тэдэнд зориулж тогтмол мэдээлэл гаргах;
ашигт малтмал ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлж, орон нутгийн мэдэлд үлдээх хувь хэмжээг өсгөх эрх зүйн зохицуулалтыг бий болгох;
малгүй, цөөн малтай өрхийг олон улсын байгууллагын төслөөр малжуулах арга хэмжээ авах;
бүсийн тулгуур төв, аймгийн төв, суурингийн дэргэд өндөр ашиг шимтэй цэвэр, эрлийз мал үржүүлэх эрчимжсэн аж ахуй байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү ашиглах;
газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх;
хатуу хучилттай болон сайжруулсан зам барьж байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулах эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэх;
цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллага, хандивлагч оронтой олон талын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
"Ногоон хэрэм" хөтөлбөрийн хүрээнд гадаадын байгууллагуудтай хамтран ажиллах;
Хангайн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгаас өвөрмөц онцлог, ач холбогдлоороо онцгой ялгарах зарим хэсгийг нь олон улсын шим мандлын нөөц газрын болон дэлхийн өвийн сүлжээнд хамруулах;
бүс нутгийн хөгжилд цалин хөлс, хадгаламж, зээл, даатгалын механизмын үүргийг өндөржүүлэх;
нутгийн шилмэл омгийн мал үржүүлэн борлуулж байгаа аж ахуйн нэгж, малчдыг зээлийн бодлогоор дэмжих;
гойд чанартай шилмэл үүлдэр, омгийн мал, амьтдын зорилтот зах зээлийг бий болгох санаачилгыг дэмжих;
төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн аж ахуйд нарийн ногоо ургуулах ажлыг дэмжих бүсийн зээлийн сан байгуулах;
мал, тариалангийн үйлдвэрлэлийг даатгалын ба эрсдэлийн тогтолцоонд бүрэн хамруулах;
аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн татварыг тухайн орон нутагт нь авах, хяналт тавих санхүүгийн механизмд шилжих;
гэр бүлд зориулсан үл хөдлөх хөрөнгө, ялангуяа орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх;
хүн амыг эдийн засаг, экологийн хосолмол боловсрол, хүмүүжилтэй болгох арга хэмжээ авах;
ядуу өрх айл, иргэдэд зориулсан бичил санхүүгийн үйлчилгээг бий болгох, ядуурлыг бууруулахад чиглэгдсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, тусламжийг зохицуулах, оновчтой зарцуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах.
4.3. Олон нийтийн оролцоо
нутгийн өөрөө удирдах байгууллагын зохицуулалтын эрх мэдлийг өргөтгөж, бүс нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх; 
эдийн засаг, нийгэм, байгаль орчны хөндлөнгийн хяналтыг олон нийтийн хяналтад шилжүүлэх;
хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нийцүүлэн залуучууд, ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд зориулсан мэргэжлийн болон ур чадварын сургалтыг зохион байгуулан явуулахад тусалж байгаа аж ахуйн байгууллага, иргэдийг урамшуулах механизмыг бий болгох;
өрхийн аж ахуй эрхлэхэд туслах сайн дурын байгууллага бий болгох;
малын хулгайтай тэмцэхэд иргэдийн оролцоог идэвхжүүлэх цогц арга хэмжээ авах;
бүсийн аж ахуйн нэгж, иргэд хөрөнгө хүчээ төвлөрүүлж үйл ажиллагаагаа хоршин явуулах, нэгдэл, корпораци байгуулахыг бүх талаар дэмжих;
бүсийн эдийн засагт дарамт учруулахгүйгээр урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн цөөн хүүхэдтэй залуу гэр бүлд хандсан төрөлтийг дэмжих тусгайлсан арга хэмжээ авах;
айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлэх;
соёл, урлагийг хөгжүүлэхтэй холбоотой иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих;
цөлжилттэй тэмцэх үйлсэд иргэд, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагыг татан оролцуулж, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх;
орон нутгийн иргэдэд экологийн боловсрол, хүмүүжил олгох сургалт явуулах;
хамтын эзэмшлийн ой байгуулах, ойжуулах, ойн хортон шавьж устгах арга хэмжээнд олон нийтийг татан оролцуулах;
гол мөрний усны нөөцийг ашиглах, хамгаалах асуудлыг зохицуулах олон нийтийн зөвлөлийг ажиллуулах;
булаг шандын эх ундаргыг хашиж хамгаалсан, гар худаг гаргаж бэлчээр ашиглалтыг сайжруулсан иргэд, аж ахуйн нэгжид олгох урамшууллын механизмыг бий болгож мөрдөх;
усны эх үүсвэрийг хамгаалах уламжлалт арга, зан үйлийг сэргээн хөгжүүлэх;
нутгийн уугуул иргэдэд биологийн төрөл зүйлийг хамтран хамгаалах, ашиглах, үржүүлэх асуудлыг хариуцуулах.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн  хяналт-шинжилгээ, үнэлгээ
      Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүнд үнэлгээ өгч, хүндрэл бэрхшээл, тасалдлыг арилгаж, хөтөлбөр хэрэгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
      Хөтөлбөрийн хяналт-шинжилгээг жил бүр хийж байхын зэрэгцээ үе шат бүрийн эцэст буюу 2010, 2015 онуудад дүгнэнэ.
 
Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үзүүлэлтүүд,тэдгээрийг хэмжих нэгж
Үзүүлэлтийн хүлээгдэж буй утга
 
2010 он
2015 он
Эдийн засгийн хөгжил
Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгохдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
9.9
6.9
Бүсийн аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
12.3
6.8
Бүсийн боловсруулах аж үйлдвэрийн салбарын  дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
11.9
6.7
Бүсийн уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
5.9
7.9
Бүсийн үйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
8.2
6.9
Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
6.9
6.8
Бүсийн газар тариалангийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний  жилийн дундаж өсөлт, хувиар
7.4
6.4
Бүсийн мал аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
6.8
6.9
Нийгмийн хөгжил
Хүн амын жилийн дундаж өсөлт,хувиар
1.5
1.8
Хүн амын дундаж наслалт
66
69
Ажилгүйдлийн түвшин
3.5 хувиас бага
2.0 хувиас бага
Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн эзлэх хувь
19 хувь
10 хүрэхгүй хувьд байлгана
Суурь боловсролын хамран сургалтын өсөлт, хувиар
95.0
100.0
Хүн амын орон сууцны хангамжийн түвшин, хувиар
60.0
70.0
Байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалал
Гандуу бүс нутгийн түлшний хэрэглээнд шингэрүүлсэн түлш, хийн эзлэх хувийн жин, хувиар
10.0
25.0
Бүсийн нийт газар нутагт тусгай хамгаалалттай газар  нутгийн эзлэх хувийн жин, хувиар
20.0
30.0
Сайжруулсан зуухаар хангагдсан өрхийн тоо, нийт өрхөд эзлэх хувийн жин, хувиар
25.0
50.0
Гэр хорооллын агаарын бохирдлын хэмжээний бууралтын хувь, хувиар
30.0
50.0
Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгийн өсөлт, хувиар
25.0
50.0
 
 
 
---оОо---