- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөр
(2006-2015 он)
Улаанбаатар хот
2005 он
ОРШИЛ
Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэйн зэрэгцээ хүн амын тодорхой хэсэг бэлчээрийн мал аж ахуй эрхлэн таруу байршин нутагладаг онцлогтой манай улсад бүс нутгуудын хэмжээнд өөрөөр хэлбэл, аймаг, сумдын оновчтой хамтын ажиллагаанд тулгуурлан хөгжлийн тэргүүлэх болон стратегийн зорилтуудыг дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлж байх шаардлага зайлшгүй байна. Ийм учраас Улсын Их Хурал 2001 онд "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-ыг, 2003 онд "Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл)", "Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль"-ийг тус тус батлан гаргаж хэрэгжүүлж байна. "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д манай улсыг Баруун, Хангайн, Төвийн, Зүүн, Улаанбаатарын гэсэн 5 бүсээр бүсчилэн хөгжүүлэхээр заасан.
Монгол Улсын Их Хурал Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги батлах тухай тогтоолдоо "Монгол Улсын бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегид үндэслэн бүс бүрийн хөгжлийн хөтөлбөрийг тухайн бүсэд багтах аймгуудын оролцоотой 2003 оноос эхлэн боловсруулж, холбогдох төсөл, арга хэмжээг жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган дэс дараатай хэрэгжүүлэхийг Засгийн газарт..." даалгасан байна. Мөн Улсын Их Хурлын 2004 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Бүс нутгийн онцлогт тохирсон бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ", "Бүс нутагт өндөр ач холбогдол бүхий хот, суурин газруудыг хөгжүүлэх замаар хот, хөдөөгийн ялгааг багасгах бодлогыг хэрэгжүүлнэ.", "Хөдөөгийн дэд бүтэц, харилцаа холбоог бүс нутгийн хэмжээнд хөгжүүлж, орон нутгийн онцлог, давуу талыг дэмжих замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нь бэхжүүлнэ." гэсэн олон томоохон зорилтууд тусгагдсан байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги (2010 он хүртэл), Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон шинэ тогтолцоонд шилжиж эхэлсэн үеэс өнөөг хүртэл хэрэгжүүлж ирсэн хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдийн гол санаа, хэрэгжилтийн явц, үр дүн, залгамж чанар нь Монгол Улсын Төвийн бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөрт тусгалаа олсон бөгөөд уг хөтөлбөрийг боловсруулах үзэл баримтлалын үндэс болсон юм.
Төвийн бүсэд өнөөгийн байдлаар 439.0 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 17.3 хувь оршин сууж байна. 2004 оны байдлаар 1989 онтой харьцуулбал 1000 хүнд ногдох төрөлт 48.3 хувиар, 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт 57 хувиар тус тус буурчээ. Үүний зэрэгцээ шилжин явагчийн тоогоороо Төвийн бүс улсын хэмжээнд Баруун бүсийн дараа, харин шилжин ирэгсдийн тоогоор Улаанбаатар хотын дараа орж байна. Төвийн бүсийн ажилгүйдлийн түвшин (2.7 хувь) улсын дундаж (3.6)-аас 25.0 хувиар бага байгаа боловч шилжин ирэгсдийн тоо өсч байгаагаас үүдэн цаашид ажлын байр бий болгох, ажилгүйдэл, ядуурлыг багасгах талаар их зүйл хийх шаардлагатай байна.
Төвийн бүс нутаг эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур үзүүлэлттэй байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2004 оны байдлаар 469.0 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 1.6 дахин, Улаанбаатарынхаас 2.3 дахин бага байна. Төвийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 46.9 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жингээс 2.2 дахин өндөр байна. Хөдөө аж ахуйд бэлчээрийн мал аж ахуй томоохон байр суурийг эзэлдэг бодит байдлыг тооцон үзэхэд энэ бүсийн эдийн засгийн салбарын бүтцийг боловсронгуй болгох шаардлага их байна.
Төвийн бүс нутагт байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын холбогдолтой цөөнгүй тулгамдсан асуудлууд байна. Гадаргын усны бохирдол их байгаагийн зэрэгцээ үйлдвэрлэлийн бохир усыг цэвэршүүлэхгүйгээр шууд голын усанд хаяж усыг бохирдуулах явдал түгээмэл байна. Ялангуяа Туул голын ай сав дахь алтны уурхайнууд, арьс шир боловсруулах үйлдвэрүүд нь голын усыг ихээр бохирдуулж байна. Түүнчлэн ховордсон ба ойрын үед хамгаалах арга хэмжээ эс авбаас устаж болзошгүй ан амьтан, ургамлыг хамгаалах талаар анхаарах шаардлага ч их байгаа юм. Ойг зөвшөөрөлгүйгээр огтолж ашигласнаас төв, суурин газрын ойролцоох ой мод, ургамлын нөмрөгийн нөөц эрс багасчээ. Үүнээс шалтгаалан цөлжих үйл явдал нэмэгдэж байна. Элсний нүүдлийг зогсоох, цөлжилтөөс хамгаалах явдал нь энэ бүс нутгийн өмнөд хэсгийн аймгуудын байгаль хамгааллын тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гарах үр дүнг тодорхойлохдоо бүсийн дотоод, гадаад нөхцөл байдалд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хөгжлийн давуу болон сул талуудыг тодруулан авч үзсэн.
Төвийн бүсийн хөгжлийн гол стратеги нь хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчныхоо онцлогт зохицсон, мэдлэг, мэдээллийн технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан, өндөр өсөлттэй, өөрийгөө тэтгэдэг, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай бүс болоход оршиж байна.
Төвийн бүсийн хөгжлийн хэтийн төлөвийг 2 үе шатаар, дундаж хувилбараар авч үзвэл дараахь дүр зураг харагдаж байна. Үүнд:
I үе шат (2006-2010 он)-ны эцэст бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжиж, эдийн засгийн бүтцэд аж үйлдвэрийн эзлэх байр суурь нэмэгдэж, үйлдвэрлэл, технологийн парк, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт 25-аас доошгүй хувь байх боломжтой байна. Ялангуяа Оюутолгой, Цагаансуваргын зэс, алт, мөнгөний, Сэлэнгийн Төмөртэйн төмрийн хүдрийн, Тавантолгойн нүүрсний орд газруудыг оновчтой эзэмшиж эхэлснээр аж үйлдвэр, түүний дотор уул уурхайн үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл өндөр байх болно. Энэ үе шатанд хүн амын ядуурал 1998 оны түвшингээс 30 хүртэл хувиар буурах боломжтой.
П үе шат (2011-2015 он)-ны эцэст эдийн засгийн бүтэц ихээхэн сайжирч, дэвшилтэт техник, технологи, менежмент бүхий үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэл, үйлчилгээ өсч, уул уурхайн болон боловсруулах салбарын зарим үйлдвэрүүд ашиглалтад орж, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндэс суурь тавигдан, дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 20 орчим хувиар өсч, ажилгүйдэл, ядуурал эрс буурна. Энэ үе шатанд ядуурал 1998 оны түвшингээс 2 дахин буурах боломжтой.
Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөр нь 1) Эдийн засгийн хөгжил; 2) Нийгмийн хөгжил; 3) Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалал; 4) Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг арга хэрэгсэл гэсэн 4 бүлгээс бүрдэж байгаа болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн талаар нарийвчлан тодорхойлох, мөн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээг тогтмол хийж байх зорилгоор "Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ" гэсэн хавсралтыг оруулав.
Нэг. Эдийн засгийн хөгжил
1.1. Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, салбарын зохистой бүтцийг бий болгох бодлого
Үндэслэл: 2004 оны байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10.8 хувь нь Төвийн бүсэд ногдож байгаа нь энэ үзүүлэлтээр Улаанбаатарын (53.6 хувь) болон Хангайн (23.5 хувь) бүсийн дараа орж байна.
Төвийн бүсийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2004 оны байдлаар 469.0 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь улсын дунджаас 1.6 дахин, Улаанбаатарынхаас 2.3 дахин бага байна. Хөгжлийн түвшний нэгдсэн индексийн үзүүлэлтээр улсын дунджаас доогуур байна.Төвийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 46.9 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаа нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жингээс 2.2 дахин өндөр байна. Тухайлбал, Дундговь, Төв, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 43.1-72.6 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Энэ байдал нь хөдөө аж ахуйн салбарт байгалиас шууд хараат бэлчээрийн мал аж ахуй голлох үүрэгтэй байгаа өнөөгийн нөхцөлд бүсийн эдийн засгийн бүтэц хоцрогдсоныг гэрчилж байна.
Бүсийн хөгжлийн түвшний нэгдсэн индекс 0.307 байгаа нь улсын дунджаас 9.4 хувиар, харин Улаанбаатар хотынхоос 41 хувиар тус тус бага байна.
Төвийн бүсийн говийн гурван аймгийн эдийн засгийн хөгжлийн түвшин Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түвшингээс доогуур байна. Гэтэл Оюутолгой, Цагаансуваргын зэс, алтны орд газруудыг эзэмших замаар Төвийн бүсийн, мөн говийн гурван аймгийн эдийн засгийн өсөлтийг хурдасгах, салбарын бүтцийг сайжруулах өргөн боломж байна.
Оюутолгойн ордыг өнөөдөр Монгол Улсад үйлчилж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашиглавал Төвийн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүн нэлээд огцом өсөх тооцоо гарч байна.
Төвийн бүс нь манай улсын бусад бүсүүдтэй харьцуулбал зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо илүү хөгжсөн бөгөөд Улаанбаатар, Дархан зэрэг томоохон хотуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чадавхийг ашиглах, улмаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өндөр технологийг нэвтрүүлэх боломж илүүтэй бүс юм. Иймд энэ бүс нутагт өндөр технологид тулгуурлан мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдийг бүрэн боловсруулж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж байгаа юм.
Төвийн бүсийн хөгжлийн нөөц боломжийг бүрэн ашиглаж эдийн засгийн өсөлтийг хурдасгах, улмаар экосистемийн тэнцвэрт байдалд зохицсон эдийн засгийн салбарын орчин үеийн оновчтой бүтцийг бий болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж, бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 25-аас доошгүй хувьд хүргэж, мэдлэг, мэдээлэлд суурилсан эдийн засгийн үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Засгийн газрын "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр"-ийг бүсийн хэмжээнд шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
§ бүсийн төвүүдэд Технологи дамжуулах төв байгуулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
§ жижиг, дунд үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжих;
§ эдийн засагт дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах замаар мэдлэг, мэдээлэлд суурилсан эдийн засгийн үндэс суурийг бий болгох;
§ экспортын баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих эдийн засгийн механизмыг нэвтрүүлэх замаар нийт үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээг өргөтгөх;
§ уул уурхайн салбарт онцгой анхаарч томоохон орд газруудыг оновчтой эзэмшиж эхлэх;
§ мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэх хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ эрчим хүч, авто зам, харилцаа холбоо, мэдээллийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
§ төсвийг төвийн бүсийн хөгжлийн энэхүү хөтөлбөртэй нягт уялдуулан боловсруулж, хэрэгжүүлдэг журамд бүрэн шилжих;
§ Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийг ажиллуулж эхлэх;
§ жуулчны бааз, амралт сувиллын газруудын материаллаг баазыг сайжруулж, аялал жуулчлалын үйлчилгээг өргөтгөх;
§ хөдөө аж ахуйд усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйд суурилсан фермерийн аж ахуйг хөгжүүлэх;
§ Төвийн бүсийн банк, санхүүгийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх арга хэмжээ авах;
§ бичил бүс, сумдын хөгжлийн хөтөлбөрүүд, хот, суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор татварын зарим орлогыг орон нутагт шилжүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
§ "Бүсийн хөгжлийн сан" байгуулж ажиллах.
Гарах үр дүн: Бизнес эрхлэх таатай орчин бүрдэж, бүсийн эдийн засагт аж үйлдвэр, үйлчилгээний салбар тэргүүлэх байр суурьтай болно.
Тэргүүлэх зорилт 2. Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд аж үйлдвэрийн салбарын хувийн жинг өсгөж, бүсийн эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Оюутолгойн зэс, алт, мөнгөний орд газрыг эзэмшиж эрдэс түүхий эдийн нөөцийг ашиглах шинэ хүчин чадлыг бий болгож, уул уурхайн салбарын үйлдвэрлэлийг өргөтгөх;
§ Цагаансуваргын зэс, Билүүтийн шохойн чулуу, Даланжаргалан, Иххэт сумын нутаг дахь хайлуур жонш, Өргөн, Сайхандулааны нутаг дахь цеолит, Лүнгийн газрын ховор элемент зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах;
§ бүсийн тулгуур төвүүдэд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж ажиллуулж эхлэх;
§ уул уурхайн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилгоор дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан эдийн засаг, эрх зүйн нэн таатай орчинг бий болгох тусгайлсан бодлогыг хэрэгжүүлэх;
§ мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт гадаадын зээл, тусламжийг түлхүү хуваарилуулан ашиглах;
§ төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
§ аймгуудад хүн амын хүнс, өргөн хэрэглээний бараа, түүхий эдийн бөөний худалдааны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засаг тогтвортой өсөх орчин нөхцөл бүрдэж, салбарын бүтэц сайжирсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 орчим хувиар өсгөж, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бизнесийн орчинг бүсийн өвөрмөц нөхцөлд нийцүүлэн сайжруулах;
§ уул уурхай, аялал жуулчлалын салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
§ мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбарт гадаадын зээл, тусламжийг ашиглах;
§ бүсийн хөгжлийн банк байгуулан ажиллуулж эхлэх.
Гарах үр дүн: Эдийн засаг тогтвортой өсч, мэдлэг, мэдээлэлд суурилсан эдийн засаг бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэр, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг өсгөж, эдийн засгийн салбарын бүтцийг улам боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн боловсруулах, олборлох үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарыг дэмжиж аймгууд санхүүгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх;
§ зэс, нүүрс, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг өсгөх;
§ хүн амын хүнс, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, бөөний худалдааны сүлжээг өргөтгөн хөгжүүлэх;
§ даатгалын үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөж, нэр төрлийг олшруулан ялангуяа байгаль, цаг уурын эрсдэл ихтэй мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд бүрэн хамруулах;
§ барилгын материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засгийн бүтэц сайжирч, аж үйлдвэр-үйлчилгээ-хөдөө аж ахуй гэсэн загварт бүрэн шилжсэн байна.
1.2. Аж үйлдвэрийн хөгжил
Үндэслэл: Төвийн бүсэд манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн борлуулалтын 8.9 хувь нь ногдож байна. Нэг хүнд ногдох аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 238.4 мян.төг байгаа нь улсын дунджаас 1.9 дахин, Улаанбаатарынхаас 2.7 дахин, Хангайн бүсийнхээс 3.4 дахин бага байна.
Төвийн бүс нутагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газруудын эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн чадавхид түшиглэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж харьцангуй илүү байна. Ялангуяа энэ бүс нутагт мэдлэг, мэдээлэлд суурилсан эдийн засгийн үндэс суурь болдог үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгон хөгжүүлэх боломж харьцангуй илүү байгаа юм.
Төвийн бүс нутагт өнөөгийн байдлаар аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх түүхий эдийн нөөц харьцангуй их байна.
Төвийн бүс нь ашигт малтмалын судлагдсан орд, илрэл олонтой, нөөц ихтэй, газар зүйн тааламжтай байршилтай учраас ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан хөгжүүлэх ихээхэн боломжтой. Тухайлбал, өнөөгийн байдлаар бүсийн хэмжээнд нийт 15 төрлийн ашигт малтмалын 645 орд, илэрц байгаагаас 229 нь 11 төрлийн ашигт малтмалын орд, бусад нь илрэлүүд байна. Эдгээр ордуудад 7031.0 тонн алт (улсын нийт судлагдсан алтны нөөцийн 86.0%), 1283.9 мян.тн зэс (80.0%), 12,2 тн мөнгө, 162.4 мян.тн холимог металл (4.0%), 420.3 сая тн төмөр (54.0%), 41.4 мян.тн цагаантугалга (87.0%), 17.9 мян.тн гянтболд (11.0%), 43.6 мян.тн молибден (11.2%), 7031 сая тн нүүрс (91.0%), 6.6 сая тн хайлуур жонш (36.0%) агуулагдаж байна. Эдгээрээс Оюутолгойн зэс, алт, мөнгөний орд, Тавантолгойн коксжих нүүрсний орд, Цагаансуваргын зэс-молибдений орд, Цагаан тугалганы Элстийн бүлэг, Жанчивлангийн бүлэг, Авдрантын бүлэг, Хар-Овоогийн бүлэг, цагаан тугалга-гянт болдын Хар морьтын бүлэг зэрэг шороон ордууд, Сэлэнгэ, Дарханы районд төвлөрч байгаа төмрийн хүдрийн ордууд, Улаан-Овоо, Нарийнсухайт, Гурвантэсийн зэрэг нүүрсний ордуудыг түшиглэн орчин үеийн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах бүрэн боломжтой.
Махны чиглэлийн жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулж хөгжүүлэх замаар махны экспортын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Экспортын зориулалтаар бэлтгэх боломжтой улсын нийт махны 21.8 хувь тус бүсэд ногдож байгаа бөгөөд энэхүү үзүүлэлтээр Хангайн (37.5%), Баруун бүсийн (23.3%) дараа орж байна. Төвийн бүс экспортын зориулалтаар жилд 7.2-8.5 мян. тн мах бэлтгэх боломжтой. Тухайлбал 2.4-2.8 мян.тн адууны мах, 1.8-2.2 мян. тн үхрийн мах, 1.8-2.1 мян.тн хонины мах, 1.0-1.2 мян.тн ямааны мах бэлтгэх нөөц чадавхи байна. Мөн улсын нийт хонины ноос бэлтгэлийн 23.5 хувь, ямааны ноолуурын 25.5 хувь, тэмээний ноосны 47.8 хувь, адууны хөөврийн 23.9 хувь, үхрийн хөөврийн 17.2 хувийг тус бүс бэлтгэх боломж, чадавхи байгаа юм.
Газар тариалангийн гаралтай түүхий эдэд түшиглэсэн жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нөөц боломж ч харьцангуй илүү байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг орчин үеийн өндөр технологи хэрэглэн боловсруулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж байх өргөн боломж байгаа юм.
Иймд Төвийн бүс нутагт Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгойн зэрэг ашигт малтмалын томоохон орд газруудыг түшиглэн уул уурхайн аж үйлдвэрийг, мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдэд түшиглэн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалт бүхий боловсруулах үйлдвэрийг тус тус түргэн хурдацтай хөгжүүлэх өргөн боломж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг хурдасгаж, боловсруулах аж үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 15-аас доошгүй хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай импортын техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх;
§ экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн импортолж байгаа үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх;
§ бүсийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих "Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан" байгуулж ажиллуулах;
§ Монгол банк, арилжааны банкуудтай хамтран ажиллаж жижиг, дунд үйлдвэрт зориулан бага хүүтэй, урт хугацааны арилжааны зээлийн эх үүсвэрийг бий болгох, нэмж олох арга хэмжээ авах;
§ гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх ажлыг өргөтгөж, төслийн хэрэгжилтэд мэргэжлийн холбоодын зүгээс хяналт тавих боломжийг бий болгох;
§ улсын болон орон нутгийн төсвийн захиалгаар санхүүжих төсөл, хөтөлбөрийн арга хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг түлхүү хамруулах бодлого баримтлах;
§ үйлдвэрлэл, технологийн "Дархан", "Сэлэнгэ", "Зуунмод", "Алтанговь" паркийг тус тус байгуулж ажиллуулж эхлэх;
§ Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүдийг ажиллуулж эхлэх;
§ Төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор эдийн засгийн чөлөөт бүс байгуулах;
§ говийн аймгуудад ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахыг дэмжих;
§ Сэлэнгэ аймгийн Сайхан суманд шохой олборлох, боловсруулах үйлдвэр, Дорноговь аймгийн Даланзадгад суманд цементийн үйлдвэр байгуулах;
§ аймгийн төвүүдэд шахмал түлшний жижиг үйлдвэрийг байгуулах;
§ аймгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж экспортын баримжаатай олборлох, боловсруулах үйлдвэрлэл байгуулахыг дэмжих;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд сүү, цөцгийн тос, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мах төрөлжүүлэн савлах, загас, хүнсний ногоо консервлох хүнсний үйлдвэрүүд байгуулахыг дэмжих;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэн өргөтгөх;
§ Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад хүнсний ногоо боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг байгуулах;
§ Өмнөговь аймагт ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх байр суурь өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 10 дахин нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт оршдог Оюутолгойн зэс, алт, мөнгөний холимог ордыг ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж, зэсийн хүдэр олборлож, цэвэр зэс гаргах үйлдвэрийг байгуулах;
§ Тавантолгойн коксжих нүүрсний орд, Цагаансуваргын зэс, молибдений ордуудыг түшиглэн олборлох, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж ажиллуулж эхлэх;
§ үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж экспортын баримжаатай уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх;
§ Хөтөлд гангийн үйлдвэр ашиглалтад оруулж, улмаар техникийн эд анги, хөдөө аж ахуйн машины сэлбэг хэрэгслийг дотоодын зах зээлд нийлүүлэх;
§ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Үнэгт, Хүрмэн сумын Эрдэнэбулагийн нүүрсний, Ханбогд сумын Цагаантолгойн төмрийн, Ноён сумын Билүүтийн хар тугалганы, Манлай сумын Шүтээний зэс-молебдений, Цогт-Овоо сумын Хар-Овооттолгойн алтны ордуудыг шинээр эзэмшиж эхлэх;
§ Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Хуст-Уулын төмрийн хүдрийн ордыг ашиглаж эхлэх;
§ ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмших, ашиглах журмыг боловсронгуй болгох;
§ шатдаг занар, нүүрснээс нефьт бүтээгдэхүүн гаргаж авах үйлдвэрлэлийг дэмжих;
§ Зүүнбаянгийн орд газрыг түшиглүүлэн газрын тос боловсруулах бага оврын үйлдвэрийг байгуулах асуудлыг бодлогоор дэмжих;
§ уул уурхайн газрын нөхөн сэргээлтийн ажлын үр ашгийг дээшлүүлэх, зардлыг нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлэн зарцуулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
§ орон нутгийн нүүрсний уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөдөө орон нутгийн түлшний хангамжийг сайжруулах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувийн жин 80-аас доошгүй хувьд хүрнэ.
Тэргүүлэх зорилт 3. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд төр засгийн байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ аливаа бүртгэл, лиценз, зөвшөөрлийг төрийн захиргааны бүх шатны байгууллагаас цахим сүлжээгээр олгодог тогтолцоог бүрдүүлэх;
§ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн нэгжийн тоог олшруулах, бүртгэлийг хөнгөвчлөх, хураамжийг үйлчилгээний өөрийн өртөгтэй нь нийцүүлэн тогтоож мөрдөх;
§ нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах объектод тогтоосон заавал мөрдөх стандартаас бусад стандартыг аль болох зөвлөмжийн шинж чанартай болгож цөөрүүлэх;
§ аймаг, сумдын хэмжээнд хяналт шалгалтын давхардлыг арилгах, хяналт шалгалтыг бизнес эрхлэгчдэд зөвлөлгөө өгөх, мэдээллээр хангахад чиглүүлэх;
§ нууцад хамааруулснаас бусад шийдвэртэй иргэд чөлөөтэй танилцах нөхцөлийг бүрдүүлэх;
§ бизнестэй холбоотой аливаа шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэхдээ олон нийтийн саналыг урьдчилан авдаг журмыг хэвшүүлэх;
§ мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл байгуулж ажиллуулахыг дэмжиж, энэ талын шийдвэр боловсруулах явцад оролцуулж байх;
§ төрийн үйлчилгээний талаархи санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авах шуурхай цэгүүдийг тогтмол ажиллуулах.
Гарах үр дүн: Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээ шуурхай, чирэгдэлгүй болж, бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жинг тогтвортой өсгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн "Дархан", "Сэлэнгэ" үйлдвэрлэл, технологийн парк, "Зуунмод" хөгжлийн парк, Чойр хотод "Алтанговь" хөгжлийн паркийг байгуулж дуусган тогтвортой ажиллуулах;
§ Дархан, Зуунмод хотуудад электроникийн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавихад түлхүү анхаарах;
§ Дарханд нэхий, гурил, тэжээл, мах, төмөрлөгийн төрөлжсөн үйлдвэрүүдийг хөгжүүлэх;
§ арьс ширийг стандартын дагуу ангилан бэлтгэх, арьс ширэн болон савхин эдлэл, гутал, хувцас, тоноглол хэрэглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
§ аймгийн төвүүдэд хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
§ аймгийн төвүүдэд малын болон ангийн үс ноос, ноолууранд анхан шатны болон гүнзгийрүүлсэн боловсруулалт хийж, дотоодын хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортод гаргах;
§ зарим аймгийн төвүүдэд өнгөлгөөний тоосго, өндөр хүчдэлийн шон, шил, галд тэсвэртэй тоосгоны үйлдвэр байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт боловсруулах аж үйлдвэрийн салбарын байр суурь эрс нэмэгдсэн байна.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувийн жинг оновчтой түвшинд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Оюутолгойн зэс, алт, мөнгөний, Тавантолгойн коксжих нүүрсний, Цагаансуваргын зэс, молибдений орд газруудыг түшиглэн байгуулсан уул уурхайн үйлдвэрүүдийн олборлолт, боловсруулалтын түвшинг дээшлүүлэх;
§ нүүрсний уурхайнуудын техник, технологийн түвшин, бүтээмжийг дээшлүүлж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх;
§ төмрийн хүдрийн олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх;
§ алт олборлолтыг нэмэгдүүлэх;
§ Говьсүмбэр, Дундговь аймгийн Хараатын ураны хүдрийг олборлох;
§ Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан суманд жоншны үйлдвэр байгуулах;
§ Дундговь аймгийн Эрээний төмрийн ордыг олборлох үйлдвэр байгуулж, төмөрлөгийн үйлдвэрт баяжмал нийлүүлэх;
Тавантолгойн нүүрсний уурхайг бүрэн хүчин чадлаар ашиглах, кокс, химийн цогцолбор барих ажлыг эхлүүлэх;
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нарийнсухайтын нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж 2.0 сая тн-д хүргэх;
Дорноговь аймгийн Элдэвийн нүүрсний уурхайн нүүрс олборлолтыг 1.0 сая тоннд, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн төслийн хүч чадлыг бүрэн эзэмшиж нүүрс олборлолтыг 2.0 сая тоннд хүргэх;
Улаан-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн жилдээ 0.5-1.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайг байгуулж Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутгийн нүүрсний хангамжийг сайжруулах;
Багануур, Шивээ-Овоогийн уурхайг түшиглүүлэн "Нүүрснээс шингэн түлш гарган авах" үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах;
Хөөтийн занар нүүрсний ордыг ашиглах ажлыг эхлүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувийн жин оновчтой түвшинд хүрсэн байна.
1.3. Хөдөө аж ахуйн хөгжил
Үндэслэл: Төвийн бүсэд 2004 оны байдлаар манай улсын нийт мал сүргийн 22.3 хувь нь ногдож байна.
Малын үүлдэр, удам угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлийн ажил шаардлагын түвшинд хүрэхгүй байна. Мал сүргийн усан хангамж дутагдалтай байна. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс хамаарч сүргийн бүтцэд ч зарим сөрөг өөрчлөлт гарсан байна. Энэ нь бэлчээр ашиглалтад сөргөөр нөлөөлж эхлэв. Иймд цаашид малын тоо толгойг зохистой хэмжээнд барьж сүргийн бүтэц, чанарыг сайжруулах замаар ашиг шимийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Бэлчээр талхлагдаж, ялангуяа аймгийн төвүүдийн ойролцоох бэлчээрийн даац хэтрэх боллоо. Малчдын хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой хэлбэр болох хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа ч түүний хэрэгжилтийн явц удаан, малчдын хөрөнгө хүч, хөдөлмөр тархай, аж ахуйг удирдах арга барил дутагдалтай хэвээр байна. Малын ашиг шимийг бүрэн ашиглаж, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, боловсруулалт хийх ажил удаан байна.
Хилийн чанадаас мал, амьтны гоц халдварт өвчин орж ирэх, тархах аюул хэвээр байна. Мөн байгаль цаг уурын таагүй нөлөөлөл, малын арчилгаа маллагаа, тэжээлийн болон эрдэс витамины дутагдал нь мал, амьтдын бие мах бодийн эсэргүүцлийг сулруулж, халдварт өвчинд өртөмтгий болов.
Төвийн бүс нь манай орны газар тариалангийн үндсэн бүс нутаг юм. 2004 оны байдлаар улсын нийт тариалалт хийсэн талбайн 63.5 хувь Төвийн бүсэд байна. Үйлдвэрлэлийн техник, технологийн хоцрогдол, сэлбэг хэрэгслийн дутагдал, хөрөнгө санхүүгийн хомсдол зэргээс шалтгаалан газар тариалангийн үйлдвэрлэл хүнд байдалд байна.
Мал аж ахуй, газар тариалангийн эрсдэлийг бууруулах, малчдын хоршин ажиллаж байгаа хэлбэрийг дэмжих, бэлчээрийн болон усан хангамжийн менежмент, тэжээл бэлтгэл, мал эмнэлгийн үйлчилгээ зэрэгт төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг идэвхижүүлж, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна. Говийн аймгуудын усан хангамжийн асуудлыг шийдэх нь хойшлуулшгүй зорилт болж байна.
Мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөрөнгө хүч, мөнгөний хуримтлал бий болгон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангаж, улмаар бүтээгдэхүүний чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнийг оновчтой өсгөж, малын ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн ашиглана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ хот суурины орчмын бүсэд эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хөдөлгөөнийг дэмжих;
§ зах зээлийн эрэлт хэрэгцээ, тэжээлийн хангамж, бэлчээр нутгийн онцлог, уламжлалт мал маллагааны арга ажиллагаа зэргийг тооцон малыг зохистой өсгөх эдийн засгийн хөшүүргүүдийг нэвтрүүлэх;
§ "Ханын Хэцийн хүрэн", "Галбын говийн улаан" зэрэг тэмээний омгийг "Үүлдрийн хэсэг"-ээр батлуулж нэвтрүүлэх;
§ гахай, шувуу, тахиаг үржлийн чиглэлээр өсгөж зах зээлд борлуулахыг дэмжих;
§ адууг уналга эдэлгээнд ашиглахын зэрэгцээ хурдлах чадвараар нь шилэн сонгож үржүүлэн зах зээлд борлуулахыг дэмжиж, малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх;
§ загас, гахай, шувуу, туулай, зөгийний аж ахуй, олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
§ "Орхон", "Хараа", "Ерөө" үүлдрийн хонь, "Сэлэнгэ", "Халимаг", "Симменталь" зэрэг үүлдрийн үхрийн цөм сүргийг бүрдүүлж, малын удмын санг сэргээх;
§ мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулж, фермерийн аж ахуйд өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийх ажлыг зохион байгуулж, "Шилмэл сүрэг" дэд хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх;
§ цөм, торгон сүргийн болон сайжруулсан малын тоог нэмэгдүүлэх зорилгоор сайн чанарын өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж борлуулах, аймаг, бүсийн үзэсгэлэн худалдаагаар сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах;
§ мах экспортлох үйл ажиллагааг бүх талаар өргөтгөх;
§ мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг стандартчилж, үйл ажиллагааг нь сайжруулах.
Гарах үр дүн: Малын ашиг шим, малчдын орлого нэмэгдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Мал аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг хөгжүүлж, хамтын хөдөлмөрийн хүрээг өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Нэг сум-нэг бүтээгдэхүүн, нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөдөлгөөнийг өрнүүлэх;
§ хөдөө аж ахуйн хоршоо, фермерийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн нэн таатай орчин бүрдүүлэх;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүд, томоохон уул уурхайн үйлдвэрүүдийг түшиглэн фермерийн загвар аж ахуйнуудыг байгуулах;
§ сүүн болон махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор эрчимжсэн фермерийн аж ахуйг сум бүрт байгуулах үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжиж тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;
§ бөөний худалдааны сүлжээнд түшиглэн түүхий эд бэлтгэн нийлүүлэх бүсийн тогтолцоог боловсронгуй болгох;
§ хот, суурингийн хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангах зорилгоор хоршоо, фермерийн аж ахуй байгуулж ажиллахыг татвар, зээл, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;
§ малчдын бүлэг, хоршоо, нөхөрлөл зэрэг албан бус хэлбэрүүдийг дэмжих;
§ аймаг сумдыг бэлчээр ашиглалтын зураглал хийх чадавхийг бий болгоход гадаадын хөтөлбөр, төслийг ашиглах;
§ эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэдэд бэлчээр болон эдэлбэр газрыг урт хугацаагаар эзэмшүүлэх эрх зүйн үндсийг оновчтой бүрдүүлэх.
Гарах үр дүн: Мал аж ахуй дахь хөдөлмөр зохион байгуулалт сайжирч, фермерийн загвар аж ахуйнууд бий болно.
Тэргүүлэх зорилт 3. Мал, амьтныг эрүүлжүүлэх ажлыг сайжруулж, гоц халдварт өвчинтэй тэмцэх арга механизмыг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ мал эмнэлгийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
§ малын эмч нарын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг бүсийн түвшинд тогтмол зохион байгуулах;
§ мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эмнэлэг, үржил селекцийн ажилд шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололт, биотехнологийг өргөн нэвтрүүлэх;
§ бүсийн тулгуур төв Дархан хотод нян судлал, ийлдэс судлал, ариун цэврийн магадлан шинжилгээний лабораторийг шинээр байгуулан шаардагдах багаж, тоног төхөөрөмж, эм урвалжаар хангах;
§ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор ариун цэврийн магадлан шинжилгээний ажлыг боловсронгуй болгож, мал эмнэлгийн лабораториудыг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулах;
§ улсын хилийн боомтуудад мал эмнэлгийн хорио цээрийн найдвартай хамгаалалт бий болгож, мал, амьтны халдварт өвчин, ялангуяа гоц халдварт өвчин улсын хилээр нэвтрэхээс сэргийлэх, нэвтрэн орж ирсэн нөхцөлд тэмцэх арга хэмжээг шуурхай авч, мал эмнэлгийн багаж хэрэгсэл, эм бэлдмэлийн хангамжийг сайжруулах;
§ бүсийн аймгуудын мал сүргийг им, тамгажуулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах;
§ мал сүргийг гэмт халдлага, чононоос хамгаалах зэрэг ажлыг үр дүнтэй арга, хэлбэрээр зохион байгуулах.
Гарах үр дүн: Мал эрүүлжиж, гоц халдварт өвчний гаралт, тархалт буурна.
Тэргүүлэх зорилт 4. Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангаж, 2010 оны түвшинд өөрийн үйлдвэрлэлээр бүсийн гурилын хэрэгцээний 80 хүртэл хувь, төмс, хүнсний ногооны 30 хүртэл хувийг хангана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулан нийт эргэлтийн талбайн хэмжээг 1990 оны түвшнгийн 85 хувьд хүргэж, ургацын хэмжээг нэмэгдүүлэх;
§ Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
§ "Газар тариаланг эрхлэх сан"-гийн үйл ажиллагааны журмыг боловсруулан мөрдөж түүнийг усалгаатай тариаланг нэмэгдүүлэх, тариалангийн техник, технологийг шинэчлэх, таримлын үрийн аж ахуйг хөгжүүлэхэд ашиглах;
§ усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжиж, техник, тоног төхөөрөмжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр олгох;
§ усан сан, хөв байгуулах зэргээр услалтын оновчтой системийг бий болгох;
§ тариалж буй ургамлын нэр төрлийг олшруулан, богино хугацаанд түргэн боловсордог чанартай үрийг хэрэглэх;
§ байгаль орчинд хоргүй шим бордоо хэрэглэж, нэг га-гийн ургацыг нэмэгдүүлэх;
§ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг айл өрх, албан байгууллагуудаар тариалуулж, амьдрал ахуйдаа хэрэглэхийг дэмжиж, сайн чанарын үр суулгацаар хангах арга хэмжээг дэс дараатай авч, "Хүлэмж", "Зоорь" хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх;
§ хадлангийн талбайг сайжруулахад хэрэглэх олон наст, үет, буурцагт ургамлын үр үйлдвэрлэх, борлуулах;
§ өрхийн аж ахуйн гар ажиллагааг хөнгөвчлөх бага оврын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг импортлох болон дотооддоо үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих;
§ жимс, жимсний мод үржүүлгийн газрыг бүсийн аймгуудад байгуулж, үхрийн нүд, чацаргана, давжаа алим зэрэг жимсний модны тариалалтыг өргөжүүлэх;
§ орон нутагт тариалангийн болон эрчимжсэн фермерийн аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах.
Гарах үр дүн: Газар тариалангийн үйлдвэрлэл жилд 7 хувиас доошгүй тогтвортой өсч, хүн амын хүнсний бүтээгдэхүүний хангамж сайжрана.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 7-гоос доошгүй хувьд хүргэж, тэжээлийн хангамжийг сайжруулан, ган, зудаас хамгаалах оновчтой тогтолцоо бий болгож, улмаар өвс, тэжээл экспортлох нөхцөлийг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ усалгаатай газар тариаланг эрчимтэй хөгжүүлэхэд онцгой анхаарах;
§ малчдын үйлдвэрлэл, борлуулалт, фермерийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
§ мал аж ахуйн үйлдвэрлэлд шаардагдах мэдээллийн тогтолцоог бий болгох;
§ мал сүргийг эрүүлжүүлж, үржлийн ажлыг ашиг шим, орлоготой уялдуулан зохион байгуулах;
§ төв, суурин газрын дэргэд тухайн төв, суурингийн мал аж ахуйн болон газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг хангах эрчимжсэн фермерийн болон хагас суурин аж ахуйг олноор байгуулж ажиллуулах;
§ малын тэжээл үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
§ байгалийн гэнэтийн аюулаас сэргийлэх, хохирлыг бууруулах зорилгоор малыг даатгалд бүрэн хамааруулах ажлыг зохион байгуулах;
§ малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд байгаль орчинд хоргүй, хаягдалгүй, шатахуун бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй техникийг ашиглахыг бүх талаар дэмжих;
§ өвс тэжээл экспортлох хил, гаалийн зохицуулалтын нэн таатай орчин бүрдүүлэх.
Гарах үр дүн: Малчдын 20-иос доошгүй хувь нь хагас суурин, суурин амьдралын хэв шинжид шилжиж, хот, суурин газрын орчим эрчимжсэн мал аж ахуйн тогтолцоо бий болж, малын тэжээлийн хангамж эрс сайжирч, өвс тэжээл экспортолж эхэлнэ.
Тэргүүлэх зорилт 2. Аймаг, сумдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүх төрлийн худаг засварлах, барих ажлыг гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих;
§ сум бүрт үерийн хөв, далан байгуулах ажлыг эрчимжүүлж, бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлэх;
§ бэлчээрт худаг гарган ашиглах үүсгэл санаачилгыг эдийн засгийн урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн тууштай дэмжих;
§ бэлчээр усжуулах ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах оновчтой арга механизмыг нэвтрүүлэх.
Гарах үр дүн: Бэлчээрийн усан хангамжийн түвшин дээшилж энэ талын бэрхшээл арилсан байна.
1.4. Дэд бүтцийн хөгжил
1.4.1. Зам тээврийн салбарын хөгжил
Үндэслэл: Төвийн бүсэд бусад бүсүүдтэй харьцуулахад зам тээврийн дэд бүтэц харьцангуй илүү хөгжсөн юм. Ази, Европыг холбосон Монголын төмөр зам энэ бүсийг дайран өнгөрдөг.
Төвийн бүс нь замын сүлжээний хангамжийн үзүүлэлтээр Баруун бүсээс 12.3 дахин, Зүүн бүсээс 2.5 дахин, Хангайн бүсээс 1.8 дахин илүү байна.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгууд замын сүлжээний хангамжаар улсын хэмжээнд тэргүүлдэг. Энэ нь манай улсын гол төмөр зам болон сайн чанарын авто замын босоо тэнхлэг эдгээр аймгуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөгтэй холбоотой. Төвийн бүсийн бусад аймгуудад төрөл бүрийн замын сүлжээг, түүний дотор сайн чанарын авто замын сүлжээг бий болгох явдал тулгамдсан асуудлын нэг мөн. Сайн чанарын замын сүлжээ дутагдаж байгаа нь аливаа бараа таваар, үйлдвэрлэл, үйлчилгээний үнэ, өртөг өндөр байх нөхцөлийг бий болгож байгаа юм. Мөн "Мянганы зам" тавихад Төвийн бүсийн аймгуудын оролцоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэх шаардлага их байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Мянганы замын Төвийн бүсийн нутаг дэвсгэр дэх хэвтээ, босоо тэнхлэгийг бүрэн ашиглалтад оруулж, уул замаас салаалсан замыг барьж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Мянганы замын Төвийн бүсийн нутаг дэвсгэр дэх хэвтээ, босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замыг тавьж дуусгах;
§ Зүүнбаян-Оюутолгой-Тавантолгой-Мандалговийн чиглэлээр төмөр замын сүлжээг өргөтгөж эхлэх;
§ тээх, нэвтрүүлэх чадавхийг сайжруулан төмөр замын гол шугамын дагуу хоёр дахь шугамыг барих ажлыг эхэлж, ОХУ, БНХАУ-ыг холбосон транзит тээврийг эрчимтэй хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
§ Мянганы замаас салаалсан орон нутгийн зарим авто замыг барих, сэргээн засварлах нэгдсэн зураглал хийж, хэрэгжүүлж эхлэх;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийн зам, талбай, гүүрийг шинэчлэн сайжруулах;
§ төрөл бүрийн зам тавихад төсвийн хөрөнгөөс гадна гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг бүх талаар урамшуулан ашиглах;
§ автомашины засвар, техникийн үйлчилгээний орчин үеийн шаардлага хангасан төвүүдийг бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд байгуулах;
§ Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлэх;
§ шаардлагатай хэсгүүдэд төмөр замын зөрлөг барьж галт тэрэгний хөдөлгөөний дамжин өнгөрөх хурдыг нэмэгдүүлэх;
§ Улаанбаатар-Эрдэнэсантын хатуу хучилттай авто замыг үргэлжлүүлэн шинэчлэх;
§ Төмөртэй-Улаан-Овоо (100 км), Мандалговь-Баянтээг (400 км), Мандалговь-Гашуунсухайт (531 км), Зүүнбаян-Ханги-Мандалын чиглэлээр төмөр зам тавих судалгаа хийх;
Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Асгатын болон бусад томоохон ордыг ашиглах зам тээврийн дэд бүтцийг байгуулах асуудлыг олон талын оролцоотойгоор шийдвэрлэх.
Гарах үр дүн: Бүсийн төрөл бүрийн замын сүлжээний хангамж эрс сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 2. Зам, гүүрийн барилгын техник, технологийг шинэчилнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ зам, гүүрийн барилгын техник хэрэгслийн хангамжийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр дэмжин сайжруулах;
§ экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөл багатай зам барилгын техник хэрэгслийн импортыг татварын бодлогоор дэмжин урамшуулах.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээний зам барилгын байгууллагуудын чадавхи, бүтээмж, ашигт ажиллагаа сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 3. Агаарын тээврийн үйлчилгээг өргөтгөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Даланзадгадын олон улсын нисэх онгоцны буудал, нислэгийн зурвасын иж бүрэн цогцолборыг барьж ашиглалтад оруулах;
§ агаарын тээврийн үйлчилгээний менежментийг сайжруулах арга хэмжээ авах;
§ агаарын тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог өргөтгөх арга хэмжээ авах;
§ зарим аймгийн төвүүдийн нисэх буудлын барилга байгууламж, нисэх, буух зурвасыг засаж сайжруулах;
§ орон нутгийн нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэлтийн эрх олгох, тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр эдийн засаг, эрх зүйн орчныг боловсронгуй болгож шудрага өрсөлдөх боломжийг бүрдүүлэх.
Гарах үр дүн: Агаарын тээврийн үйлчилгээний хамрах хүрээ, чанар сайжирсан байна.
Тэргүүлэх зорилт 4. Авто тээврийн үйлчилгээг бүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн оновчтой өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ нийслэл болон Зүүн, Хангайн бүсийн аймгуудтай ачаа, зорчигч тээврийн үйлчилгээг өргөтгөх;
§ бүс дотоодын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх;
§ бүсийн тулгуур төвүүд, аймгийн төвүүдэд зорчигч үйлчилгээний төвүүдийг шинэчилж эхлэх;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд ачааг хүлээн авах, сэлгэн ачих аж ахуйнуудыг байгуулах;
§ аймаг, орон нутаг дахь улсын чанартай авто замуудын дагуу тээврийн системийн мэдээлэл дамжуулах сүлжээ байгуулах, мэдээллийн эх сурвалжууд /шатахуун түгээх станц, техникийн засвар үйлчилгээний газар, жолооч, зорчигчийн амрах, хооллох, хоноглох буудал, ... гм/-ыг сүлжээнд холбож, тээврийн хэрэгслийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох системийг нэвтрүүлэх;
§ Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүс болон хилийн боомтуудад ачааг хүлээн авах, сэлгэн ачих аж ахуйнуудыг /терминал аж ахуй/ байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн авто тээврийн үйлчилгээний орчин үеийн нэгдсэн сүлжээний үндэс суурь тавигдсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Мянганы замаас салаалсан чиглэлүүдийн авто замын зарим хэсгийг барьж ашиглалтад оруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Мянганы замаас салбарласан зарим чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох;
§ Улаанбаатар-Зуунмод чиглэлд хурдны зам байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн авто замын орчин үеийн нэгдсэн сүлжээ бий болсон байна.
Тэргүүлэх зорилт 2. Бүсийн бүх төрлийн тээврийн үйлчилгээний оновчтой сүлжээг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн тулгуур төвүүд, аймгийн төвүүдэд зорчигч үйлчилгээний орчин үеийн шаардлагад нийцсэн төвүүдийг ажиллуулж эхлэх;
§ бүсийн тулгуур төвүүд, аймгийн төвүүдэд ачааг хүлээн авах, сэлгэн ачих төвүүд ажиллуулах;
§ Төвийн бүсийн нийт аймгуудын онгоцны буудлын нисэх, буух талбайг бетонон зурвастай болгож, сансрын дамжуулах станц суурилуулах;
§ Зуунмод хотын Хөшөгийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал байгуулах.
Гарах үр дүн: Бүсийн бүх төрлийн тээврийн орчин үеийн оновчтой сүлжээ бий болсон байна.
1.4.2. Эрчим хүчний салбарын хөгжил
Үндэслэл: Төвийн бүсэд нийт 4927.9 гаруй км урт цахилгаан дамжуулах шугам байгаа нь улсын нийт цахилгаан дамжуулах шугамын 44 хувь болж байна. Үүнээс улсын 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын 77 хувь, 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын 46 хувь, 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын 10 хувь орчим нь Төвийн бүсэд ногдож байна.
Өмнөговь аймаг бүхэлдээ, Дорноговь аймгийн сумдын 50 хувь төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байна. Төв аймгийн нэгээс бусад сум, бүсийн бусад аймгийн бүх сум төвийн эрчим хүчний системд холбогдсон байна.
Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй аймаг, сумын төвд дизель цахилгаан станц зонхилж байгаа бөгөөд түлш их хэрэглэдэг, нөгөө талаар түлш худалдан авах санхүүгийн чадавхи сул байдагтай холбоотойгоор тэдгээр сумдад эрчим хүчний хомсдол гарч байна. Ийм нөхцөлд техник, тоног төхөөрөмж ажиллуулж, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж бага байна. Үүний зэрэгцээ энэ бүс нутгийн нийт өрхийн ойролцоогоор 50 гаруй хувийг нь эзэлдэг малчдыг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах шаардлага тулгарч байна.
Иймд Төвийн бүсийн нийт аймаг, сумд, малчдыг эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгох явдал онцгой ач холбогдолтой юм.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Төвийн бүсийн эрчим хүчний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 8-аас доошгүй хувьд хүргэж, эрчим хүчний системийг оновчтой өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, малчдын суурийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
"Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг хэрэгжүүлж говийн аймгуудыг хийн түлшээр хангах ажлыг зохион байгуулах;
нүүрсний салбарын өмч хувьчлалыг үргэлжлүүлж, Шивээ-Овоогийн уурхайн төрийн мэдлийн хэсгийг хувьчлах ажлыг зохион байгуулах;
§ хөдөөгийн айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах "100000 нарны гэр" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
§ байгальд нөлөөлөх сөрөг үр дагаврыг нь судалсны үндсэн дээр говийн аймгуудад дунд чадлын салхин станцын парк байгуулах ажлыг эхлэх;
§ төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй зарим сумдыг холбох;
§ хот, суурин газруудын цахилгаан, дулааны хангамжийн сүлжээг өргөтгөн сайжруулах;
§ Дарханы дулааны цахилгаан станц, хотын ус сувгийн байгууламжид техникийн шинэчлэлт хийж эдийн засгийн хэмнэлттэй горимд оруулах;
§ Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 250 мегаваттын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах;
§ БНХАУ-аас Нарийнсухайт-Гурвантэс-Сэврэй-Баяндалай-Даланзадгадын чиглэлээр эрчим хүчний сүлжээг бий болгох;
§ Дундговь аймгийн Шивээговь-Баянжаргалан-Өндөршил, Хулд-Өлзийтийн чиглэлд цахилгаан дамжуулах шугам барих;
§ импортыг орлох чиглэлтэй автомашины аккумулятор, сэргээгдэх эрчим хүчний нарны батерей, хөдөө аж ахуйн жижиг оврын трактор, тоног төхөөрөмж угсрах үйлдвэрийг аймгийн төвүүдэд барих;
§ түлш, эрчим хүчний хэмнэлтийн эрх зүйн орчинг бий болгож, үр ашиггүй хэрэглээг багасгах, эрчим хүчний хэмнэлтийг урамшуулах эдийн засгийн механизм бий болгох;
§ алслагдсан сумын төвүүдийг хэрэглээний халуун усаар хангахад нарны илчээр ус халаах тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглах;
§ Төв аймгийн Салхит ууланд салхин станц байгуулах нарийвчилсан хэмжилт судалгаа хийж, улмаар дунд хүчин чадлын салхин станцын парк байгуулж ашиглалтад оруулах;
Оюутолгойн цогцолборыг барихтай холбогдуулан Тавантолгойн нүүрсний уурхайн эхний ээлжийг барих;
Шивээ-Овоогийн уурхайн одоогийн хүчин чадал, дэд бүтцэд тулгуурлан нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх судалгаа, хөрөнгө оруулалтын тооцоо, төслийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх;
Хөөтийн занарын ордыг ашиглах, нүүрс, нефтийн бүтээгдэхүүн олборлох ажилд бодлогын дэмжлэг үзүүлэх;
эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээнүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, эрчим хүчний алдагдлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үнэ тарифыг боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэх;
Оюутолгойн зэсийн орд газрыг түшиглэн байгуулагдах аж үйлдвэрийн цогцолбортой уялдуулан төвийн эрчим хүчний системээс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам татах;
Дорноговь аймгийн Цагаансуврагын зэсийн ордын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Говьсүмбэр аймгийн төв Чойроос 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татах замаар хангах;
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд баригдах цементийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн хэрэгцээг Бор-Өндөр-Айрагийн 110 кВт-ын шугамаас 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамаар хангах;
Дорноговь аймгийн Сайншанд-Сайхандулаан, Улаанбадрах, Эрдэнэ сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг тус тус барьж ашиглалтад оруулах;
Дорноговь аймгийн Мандах суманд нар, салхины хосолсон станц, Хөвсгөл суманд салхин цахилгаан станц барих;
малчин айл өрхийн 70-аас доошгүй хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах;
сумдын төвийн эрчим хүчний хангамжийг сэргээгдэх эрчим хүч болон бусад эрчим хүчний эх үүсвэр ашиглан сайжруулах;
§ төвлөрсөн цахилгаан хангамжийн эх үүсвэрт сумдын төвийг холбох ажлыг үргэлжлүүлж 50-иас доошгүй сумын төвийг нэмж холбох.
Гарах үр дүн: Төвийн бүсийн эрчим хүчний систем оновчтой өргөжиж, эрчим хүчний хангамж сайжирсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрчим хүчний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлтийг 10-аас доошгүй хувьд хүргэж, менежментийг боловсронгуй болгон, тэргүүний техник, технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн эрчим хүчний системд дэвшилтэт техник, технологийг эрчимтэй нэвтрүүлж, менежментийг нь боловсронгуй болгох;
§ Дарханы дулааны цахилгаан станцын хоёр дахь ээлжийг барих;
§ хот, суурин газруудад нар, салхи, устөрөгч, газрын гүний дулааныг ашиглах бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолборуудыг барьж байгуулах;
§ ашиглах нөөц нь тогтоогдсон газруудад дунд чадлын (30-50мВт) салхин паркууд байгуулан, эрчим хүчний төвлөрсөн системд холбон үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
§ говийн аймгуудад өндөр хүчин чадалтай нарны цахилгаан станц байгуулах, олон улсын хамтарсан судалгааны хүрээнд туршилтын нарны цахилгаан станц байгуулах төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
§ бүсийн эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэх;
§ сум, багийн төвүүдийн эрчим хүчний хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр сайжруулах;
§ цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бүрэн арилгах;
Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станц барих судалгаа хийх, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хэрэглээний өсөлттэй уялдуулан хөрөнгийн эх үүсвэрийг олон талын оролцоотойгоор шийдвэрлэх;
сумдын төвийн эрчим хүчний хангамжийн асуудлыг цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох, сэргээгдэх эрчим хүч болон бусад эх үүсвэр ашиглан хангах ажлыг өргөтгөх;
аймаг, сум, суурин газруудын нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхгүй байгаа дулааны болон цэвэр усны хуучирсан шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх;
малчин айл өрхийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах.
Гарах үр дүн: Эрчим хүчний салбарын менежмент боловсронгуй болж, дэвшилтэт техник, технологи нэвтэрч, хүртээмж, ашигт ажиллагааны түвшин дээшилсэн байна.
1.4.3. Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжил
Үндэслэл: Төвийн бүсийн мэдээлэл, харилцаа, холбооны өнөөгийн сүлжээ нь сум, багийн түвшинд орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна. Үүний зэрэгцээ мэдлэг, мэдээлэлд суурилсан эдийн засгийг бий болгоход энэ салбарын хөгжил тэргүүлэх ач холбогдолтой. Иймд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг иж бүрэн шинэчилж орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны нэгдсэн сүлжээг бий болгох шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Холбооны үйлчилгээнд өндөр хурдны сүлжээг нэвтрүүлж, хөдөлгөөнт холбоог ашиглан хот айл, малчдыг холбоожуулж, мэдээллийн технологийг айл өрхөд хүргэх, холбоо мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Цахим Монгол" хөтөлбөр, "Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө" (2002), "Хөдөөгийн цахилгаан холбоог 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө" (2003), "Шуудангийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-г (2003) эрчимтэй хэрэгжүүлэх;
§ бүсийн тулгуур төвүүд, аймаг, сумдын төвд мэдээлэл холбооны технологийн шинэ төрлийн үйлчилгээг, тухайлбал, алсын зайн сургалт, теле-эмчилгээний өндөр хурдны үйлчилгээг нэвтрүүлэх;
§ аймгийн төвүүдэд телевизийн дахин дамжуулах станцыг шинэчилж, нэвтрүүлгийн чанарыг сайжруулан, кабелийн телевиз үзэх боломжтой болгох;
§ үүрэн телефон хэрэглэх нөхцөл боломжийг сайжруулах;
§ интернет ашиглах нөхцөлийг бүрдүүлж, интернет хэрэглэгчдийн тоог өсгөх;
§ холбоо мэдээллийн шинэ техник, технологийг сумдад нэвтрүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан радио, телевизийн үндэсний нэвтрүүлгийн дамжуулах чанарыг сайжруулах.
Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн сүлжээний үндэс суурь тавигдсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хиймэл дагуулын болон бага багтаамжийн радио релейний шугам, хөдөлгөөнт холбоог ашиглан хот айл, малчдыг бүрэн холбоожуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Төвийн бүсийн алслагдсан бүс нутгуудад утасгүй холбооны технологийг нэвтрүүлэх;
§ бүсийн үүрэн телефоны хэрэгцээг хангах;
§ интернетийн сүлжээг сумын түвшинд өргөтгөж, компьютер, интернет хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангах.
Гарах үр дүн: Мэдээлэл, харилцаа холбооны орчин үеийн оновчтой сүлжээ бий болсон байна.
1.5. Аялал, жуулчлалын салбарын хөгжил
Үндэслэл: Төвийн бүсийн ойт хээр, тал хээр, говь хосолсон өвөрмөц экосистем, шашин, түүх, соёлын баялаг өв, тэдгээрийн аялал жуулчлалын үнэ цэнийг тодорхойлсны үндсэн дээр Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймагт түүх, соёл, хот, суурин, худалдаа-бизнесийн чиглэлийн, Төв, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт амралт сувилал, спорт аялал, ардын урлаг (уртын дуу), нүүдлийн соёл иргэншлийн чиглэлийн аялал жуулчлалын бүс нутгийг бий болгож, тэдгээрийг Улаанбаатарын болон Хангайн бүсийн аялал жуулчлалын төвүүдтэй зам, тээвэр, холбоо мэдээлэл, маршрутын нэгдсэн сүлжээгээр холбон хөгжүүлнэ. Мөн аялал жуулчлалын салбарын маркетингийн нэгдмэл бодлогыг тодорхойлж, материаллаг баазыг нь сайжруулан, Улаанбаатар хот орчим, Горхи-Тэрэлж, Өмнөговь аймаг зэрэг улсын хэмжээний тэргүүлэх чиглэлийн аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Дотоодын нийт бүтээгдэхүүнд аялал жуулчлалын салбарын эзлэх хувийн жинг тууштай өсгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Төвийн бүсэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
§ аялал жуулчлалын чиглэлээр гадаадын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг татан оруулахад онцгой анхаарч ажиллах;
§ аялал жуулчлалын маршрутын дагуухь авто замыг сайжруулах зорилтыг дэд бүтцийн салбаруудын хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
§ аймгийн төвүүдийн угсаатны зүйн музейг засварлаж, музейн сан хөмрөгийг арвижуулах;
§ аялал жуулчлалын лавлах, танилцуулга тогтмол гаргаж, интернетэд ВЭБ хуудас нээн ажиллуулах;
§ аялал жуулчлалын маршрутын дагуухь түүх, соёлын үнэт зүйлсийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх;
§ түүх, соёл, шашны зан үйлийн бүс нутагт аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх;
§ БНХАУ-ын Цагаандэл, Өмнөговь аймгийн Шатын амны чиглэлд хилийн боомт нээх;
§ өвлийн улиралд жуулчдыг татах зорилгоор тэмээний баяр, тэмээн поло тэмцээнийг зохион байгуулан тэмээн аяллыг өргөжүүлэх;
§ зам харилцааны давуу байдлыг ашиглан хот, суурин-түүх соёлын аялал жуулчлалыг Сэлэнгэ-Дархан-Уул-Алтанбулаг гэсэн маршрутаар хөгжүүлэх;
§ Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ, Орхон, Зэлтэр, Хүдэр зэрэг мөрөн, голуудын сав нутагт аялал жуулчлалын, эмчилгээ-сувиллын газар байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчдын тоог нэмэгдүүлэх нөхцөлийг хангах;
§ аялал жуулчлалын бүс нутагт зочид буудал, зоогийн газар зэрэг үйлчилгээний газрыг шинээр байгуулахыг дэмжих;
§ аялал жуулчлалын баазуудын менежментийг сайжруулах зорилгоор тэдгээрийн ажилтнуудыг төрөлжсөн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
§ Горхи - Тэрэлж - Налайх - Тоньюкукийн хөшөө - Зуунмод - Манзуширийн хийд - Хустайн нуруу гэсэн маршрутын дагуу байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалыг өргөтгөн хөгжүүлэх.
Гарах үр дүн: Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж, эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх байр суурь нэмэгдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Аялал жуулчлалын салбарыг Төвийн бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ аялал жуулчлалын бааз, төвүүдийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дэлхийн түвшинд хүргэх;
§ аялал жуулчлалын цөм бүс нутгуудад өндөр зэрэглэлийн тохилог зочид буудлуудыг барихыг эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэн дэмжих;
§ Ази, Европын орнуудад сурталчлах замаар энэ бүс нутгийг олон улсын аялал жуулчлалын сүлжээнд хамруулах;
§ Чингис хааны амьдралын түүхтэй холбоотой "Буур хээр"-т жуулчны хотхон байгуулах, Сэлэнгэ-Байгаль нуур чиглэлээр аялалын маршрут гаргах;
§ Төвийн бүсийн аймгуудын олон ястны соёл, урлаг, ардын өв уламжлалыг харгалзан бүсийн тулгуур төв Зуунмод, Дархан хотод Төвийн бүсийн соёл урлагийн болон спортын төв цогцолбор, байгууламжуудыг барих.
Гарах үр дүн: Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, бүсийн эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болно.
Хоёр. Нийгмийн хөгжил
2.1. Хүн амын өсөлт, хүний хөгжлийг хангах талаар
Үндэслэл: Төвийн бүсэд өнөөгийн байдлаар 439.0 мянган хүн буюу манай улсын нийт хүн амын 17.3 хувь оршин сууж байна. 1989 онтой харьцуулбал 2004 онд 1000 хүнд ногдох төрөлт 48.3 хувиар, ердийн цэвэр өсөлт 57 хувиар тус тус буурчээ. Төвийн бүсийн хүн амын жилийн дундаж өсөлтийн үзүүлэлтийг улсын дундажтай харьцуулбал даруй 3.5 дахин бага байна.
Үүний зэрэгцээ шилжин явагчийн тоогоороо Төвийн бүс улсын хэмжээнд Баруун бүсийн дараа, харин шилжин ирэгсдийн тоогоор Улаанбаатар хотын дараа орж байна. Төвийн бүсийн умард хэсэг (Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг) рүү шилжин ирж байгаа хүмүүс тэдний амьдралын чухал эх сурвалж болох малаа тууж ирэх нь түгээмэл үзэгдэл болжээ. Байдал ийм байгаа нь бүсийн умард хэсэгт бэлчээрийн даац хэтэрч, экологийн тэнцвэрт байдал алдагдах, алслагдсан зарим аймагт хүн ам хэт цөөрч, нутаг орон эзгүйрэх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм.
Хүний хөгжлийн индексийн хувьд 2002 оны байдлаар бүсийн аймгуудын дундаж 0.661 байгаа бөгөөд бүсдээ Дархан-Уул аймаг (0.677) өндөр үзүүлэлттэй буюу улсын дундаж (0.679)-тай ойролцоо байна. Харьцангуй доогуур үзүүлэлттэй нь Дорноговь аймаг (0.631) бөгөөд улсын дунджаас 7.1 хувиар бага байна. Цаашид энэ бүсэд хүний хөгжлийн түвшинг сайжруулах шаардлага ч байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлтийг 0.6 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс, аймаг, сумдын түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг бий болгож нэвтрүүлэх;
төрөлтийг дэмжих зорилгоор өрхийн орлогод ногдох албан татварт хөнгөлөлт үзүүлэх, өрхийн хүүхдийн тоо, насны ялгааг харгалзан тэтгэлэг олгох арга хэмжээ авах;
хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор "Ажлын байр" хөтөлбөр боловсруулан мөрдөж, ажлын байрны хангамжийг сайжруулах замаар хүн амын гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг сааруулах;
айл өрх бүрээр угийн бичиг хөтлүүлэх, овог сэргээх ажлыг эрчимжүүлэх;
орон нутгийн төсвийн 10 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэлгийг гэр бүл, хүүхдийн хөгжилд зориулах;
бүсийн эдийн засагт дарамт учруулахгүйгээр урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн цөөн хүүхэдтэй залуу гэр бүлд хандсан төрөлтийг дэмжих тусгайлсан арга хэмжээ авах;
хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн санг баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлд байгуулж, нэгдсэн сүлжээнд оруулах.
Гарах үр дүн: Бүсийн хүн ам өсч, том хотууд руу чиглэсэн шилжих хөдөлгөөн саарна.
Тэргүүлэх зорилт 2. Хүнийг бүх талаар хөгжүүлэн, бүсийн хэмжээнд хүний хөгжлийн индексийн дундаж үзүүлэлтийг 0.670-аас бууруулахгүй байна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
бүс, аймаг, сумдын түвшинд бүх шатны сургалтын материаллаг бааз, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийг тууштай дээшлүүлэх;
хүний амьдралын нийгэм, эдийн засаг, орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар хүн амын дундаж наслалтыг 65-д хүргэх;
хүүхэд, залуучуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах, ажиллуулах талаар тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх, төсөл, хөтөлбөрт хамруулах;
малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор нийт иргэдийг нийгмийн даатгалд хамруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах;
Гарах үр дүн: Хүн амын эрүүл мэнд, боловсрол, орлогын түвшин дээшилж хүний хөгжил түргэснэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын жилийн дундаж өсөлтийг 0.8 хувьд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүс, аймаг, сумдын түвшинд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд хүн амын хүчин зүйлсийг оновчтой тусган хэрэгжүүлэх арга механизмыг төгөлдөржүүлж улам боловсронгуй болгох;
§ бүсийн эдийн засгийн өсөлтийг түргэсгэж ажлын байрны хангамжийг сайжруулан гадагш чиглэсэн шилжих хөдөлгөөнийг эрс бууруулах замаар хүн амын жилийн дундаж өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх;
§ хүний амьдралын нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн орчин ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлж хүн амын дундаж наслалтыг 66-д хүргэх;
§ нийт малчдыг зайны сургалтад хамруулах оновчтой арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Хүний хөгжлийн түвшин дээшилж, нийгмийн халамж үйлчилгээ нэмэгдсэн байна.
2.2. Хэрэглээний бүтцийг сайжруулах талаар
Үндэслэл: Төвийн бүсэд хүн амын хэрэглээний бүтэц сүүлийн жилүүдэд өргөжин өөрчлөгдөж байгаа боловч хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.
Хот, суурин газрын хүн амын хүнсний хэрэглээнд будаа, саахар, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг зонхилж байхад хөдөөгийнхний хүнсний хэрэглээнд уламжлалт мах, сүү, гурилын хэрэглээ зонхилсон хэвээр байна.
Ялангуяа ядуу, нэн ядуу өрхийн хэрэглээний бүтэц доогуур байна.
Техник, технологийн хоцрогдлоос үүдэн үйлдвэрлэл, үйлчилгээнд ч үрэлгэн, зохисгүй хэрэглээ зонхилсоор байна.
Хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлдэг үйлдвэрлэл үйлчилгээний зохисгүй хэрэглээг өөрчлөн сайжруулж, хүн амын чинээлэг хэсгийн хэрэглээний түвшинд ядуу хэсгийн хэрэглээний түвшинг ойртуулж, чанартай хэрэглээг бий болгон төлөвшүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Төмс, хүнсний ногооны хангамжийг 2005 оны түвшинтэй харьцуулбал 20-30 хувиар, жимс жимсгэний хангамжийг 20 хувиар, цөцгийн тосны хангамжийг 60 хувиар, загас, загасан бүтээгдэхүүний хангамжийг 6 хувиар тус тус өсгөн хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтцийг өөрчлөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Ногоон хувьсгал", "Цагаан хувьсгал", "Хүнсний хангамж, аюулгүй байдал ба хоол тэжээл" үндэсний хөтөлбөрүүдийг бүсийн хэмжээнд эрчимтэй хэрэгжүүлэх;
§ бүсийн хүн амын хоол хүнсний физиологийн нормыг нас, хүйсний онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоож мөрдөх;
§ баяжуулсан болон зориулалтын хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг эрс нэмэгдүүлэх;
§ эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын хөшүүргүүдийг хэрэглэн аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар бүсийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийг өсгөж, загас, загасан бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
§ хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүн, цөцгийн тосны хэрэгцээг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангах ажлыг өргөтгөх;
§ өрхийн аж ахуйд тахиа, шувууны аж ахуйг хөгжүүлэх замаар өндөг тахиа шувууны махны хангамжийг сайжруулах;
§ хот, суурин газруудын дэргэд сүүний чиглэлийн үнээний фермүүдийг ажиллуулж сүүний хангамжийг сайжруулах;
§ хүн амын эмзэг хэсгийн хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдийг иоджуулсан давс, баяжуулсан гурилаар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч үйлдвэрлэл, зах зээлийн таатай орчин бий болгох.
Гарах үр дүн: Хүн амын хүнсний хэрэглээний бүтэц дээшилж, өөрийн оронд үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ өснө.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амд зохистой хэрэглээний мэдлэгийг олгож хэрэглээний бүтцийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
нийт хүн амд иоджуулсан давс, баяжуулсан хүнсийг хэрэглэж сургах, хүнсний хангамжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах зорилго бүхий төрөлжсөн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
эрүүл аж төрөх, зөв хооллох талаар сургалт, мэдээллийг эрчимжүүлж, хүн амын хоол хүнсний бүтцэд хүнсний ногоо, жимс, цагаан идээг түлхүү оруулах арга хэмжээ авах;
зохистой хэрэглээг бий болгох зорилгоор төрөлжсөн болон сэдэвчилсэн сургалтуудыг тогтмол зохион байгуулах;
хүн амын эрүүл мэндэд харш архи, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор сургалт, сурталчилгааг өргөтгөж, эдийн засаг, эрх зүйн зохицуулалтын хөшүүргүүдийг оновчтой хэрэглэх;
эрчим хүч, усны хэрэглээг тоолууржуулж, арвилан хэмнэлтийг урамшуулах эдийн засгийн хөшүүрэг бий болгох.
Гарах үр дүн: Хүн амд зохистой хэрэглээний мэдлэг төлөвшин тогтож, хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ бий болно.
Тэргүүлэх зорилт 3. Байгаль орчинд хоргүй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлд зохистой хэрэглээг бий болгох үндэс суурийг тавина.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
байгаль орчинд хоргүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дэвшилтэт техник, технологи бүхий жижиг, дунд үйлдвэрүүдийг бүсийн тулгуур төв, аймаг, сумдын төвд хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн зохистой хэрэглээний түвшинг дээшлүүлэх;
баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, хангамжийг сайжруулах зорилгоор ийм чиглэлийн үйлдвэрлэлийг эдийн засгийн зохицуулалтын хөшүүргүүдийг хэрэглэн дэмжих;
аймаг, сумын төвүүдийн үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг төрөлжүүлэн ангилж ялгах, ашиглах менежментийг бий болгох;
үйлдвэрлэлд зохистой хэрэглээг нэвтрүүлэх ажлыг төрийн зохицуулалтын хөшүүргүүдийг хэрэглэн дэмжих.
Гарах үр дүн: Үйлдвэрлэлд зохистой хэрэглээ бий болох үндэс суурь тавигдсан байна.
Тэргүүлэх зорилт 4. Төв суурин газрын гэр хорооллын усан хангамжийн түвшинг дээшлүүлж, усны зохистой хэрэглээг бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ төвлөрсөн усан хангамжийн сүлжээнд холбох ажлыг өргөтгөх;
§ эрдэсжилт өндөр болон хатуулаг ихтэй усны чанарт хяналт-шинжилгээ хийх, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах арга хэмжээ авах;
§ стандартын шаардлага хангадаггүй усны эх үүсвэртэй төв, суурин газар, цэргийн ангид ус сайжруулах техник, технологи өргөн нэвтрүүлэх;
§ хөдөө орон нутагт гүний худгийг сэргээн засварлаж, эзэнтэй болгон хүн амын цэвэр усны хүртээмжийг сайжруулах;
§ найрлагын хувьд стандартын шаардлага хангасан ус савлах жижиг, дунд үйлдвэр байгуулахыг бүх талаар дэмжих;
§ гэр хорооллын усан хангамжийг сайжруулах, усны зохистой хэрэглээг бий болгоход хувийн хэвшлийн оролцоог дэмжсэн эдийн засгийн хөшүүргүүдийг боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Төв, суурин газрын гэр хорооллын усан хангамжийн түвшин дээшилж, усны зохистой хэрэглээ бий болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. 2005 оны түвшинтэй харьцуулбал төмс, хүнсний ногооны хангамжийг 40 хувь, жимс жимсгэний хангамжийг 25 хувь, цөцгийн тосны хангамжийг 65 хувь, загас, загасан бүтээгдэхүүний хангамжийг 10 хувь өсгөж хүн амын хүнсний хангамж, хэрэглээний бүтцийг өөрчлөн сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж бүсийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цөцгийн тосны үйлдвэрлэлийг өсгөн, загас, загасан бүтээгдэхүүний дотоодын зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх;
§ жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийг урт хугацааны бага хүүтэй зээл (лизинг)-ээр урамшуулах;
§ хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 70 хүртэл хувийг, цөцгийн тосны 65 хувийг бүсийн дотоодын үйлдвэрлэлээр хангах;
§ ингэний сүүний эмчилгээний чанарыг таниулж, ингэний цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих.
Гарах үр дүн: Хүн амын хүнсний хэрэглээний бүтэц сайжирч, өөрийн оронд үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүний хэрэглээ өссөн байна.
Тэргүүлэх зорилт 2. Байгаль орчинд хоргүй, дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд тууштай нэвтрүүлэх замаар үйлдвэрлэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ байгаль орчинд хоргүй, хаягдалгүй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг дэмжиж, энэ талын хяналтыг хүчтэй болгох арга хэмжээ авах;
§ аймгуудад үйлдвэрлэлийн болон хэрэглээний явцад гарсан хог хаягдлыг төрөлжүүлэн дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах;
§ түлшний мод хэрэглэхийг багасган байгалийн хий болон бусад түлш ашиглах, барилга, модон эдлэлийн үйлдвэрлэлд өөр төрлийн материал орлуулан ашиглах үйл ажиллагаа, энэ талын дэвшилтэт технологийг дэмжин урамшуулах;
§ шахмал түлшний үйлдвэрийг аймгийн төв, нүүрсний уурхайнуудыг түшиглэн байгуулж, ажиллуулах;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулж, ажиллуулах.
Гарах үр дүн: Үйлдвэрлэлийн зохистой хэрэглээ бий болж, төлөвшинө.
Тэргүүлэх зорилт 3. Төв суурин газрын хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангах ажлыг сайжруулж, усан хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ төв, суурин газрын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрт ариун цэвэр, эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, тохижуулах ажлыг сайжруулах;
§ аймгуудад ундны усны зарим эх үүсвэрийг шинээр судлан тогтоож, зарим сумын ундны усны худгуудад цэнгэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулан усны чанар, хангамжийг сайжруулах;
§ ус цэнгэгжүүлэх орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг эхний ээлжинд Өмнөговь аймгийн Ноён, Цогт-Овоо, Хүрмэн, Даланзадгад суманд, цаашдаа говийн бүсийн бүх сумдад суурилуулан ашиглах ажлыг хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Хүн амыг ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан цэвэр усаар хангах боломж, нөхцөл бүрдэнэ.
2.3. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар
Үндэслэл: Төвийн бүсийн ажилгүйдлийн түвшин 2004 онд (2.7 хувь) улсын дундаж (3.6)-аас 25.0 хувиар бага байгаа боловч шилжин ирэгсдийн тоо өсч байгаагаас үүдэн цаашид ажилгүйдэл, ядуурлыг багасгах талаар их зүйл хийх шаардлагатай байна.
Ядуу өрхийн дийлэнх хэсэг төвлөрсөн суурин газар буюу аймаг, сумдын төвүүдэд амьдарч байна. Ядуурлын гол шалтгаан нь эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур байгаатай холбоотой юм. Нөгөө талаар манай иргэдэд бизнес эрхлэж бие даан амьдрах мэдлэг, дадлага туршлага дутмаг, бэлэнчлэх сэтгэлгээнээс түргэн салж чадахгүй байгаа зэргээс хамаарч ажилгүйдэл, ядуурал тууштай буурахгүй байна.
Төвийн бүс нутагт ашигт малтмалын томоохон орд газруудыг эзэмших, мал аж ахуй, газар тариалангийн түүхий эдийг боловсруулж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж ажлын байрыг олноор бий болгох боломж харьцангуй илүү байна.
Иймд ядуурлын үндсийг арилгах, ядуурлаас гарах оновчтой арга зам, механизмыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага их байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулж, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн нийгмийн хамгаалал, халамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгж, компаниудад урамшуулал олгож байх арга хэмжээ авах;
хөдөлмөрийн хөлсний болон амьжиргааны баталгаажих доод түвшинг дээшлүүлэх;
§ нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмэгдүүлж, тэтгэврийн суурь даатгалын тогтолцоонд бүсийн хүн амыг бүрэн хамруулах;
нийтийг хамарсан ажилд хөдөлмөр эрхлээгүй залуучууд, нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хамруулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх;
залуучуудад зориулж ажлын байр бий болгож буй аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэлийг түлхүү дэмжих;
хөдөөд өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэс дараатай арга хэмжээ авах;
сайн дурын үндсэн дээр хөдөлмөр, хөрөнгөө нэгтгэн хоршоо, фермерийн аж ахуй, нөхөрлөл байгуулахыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийг өргөтгөх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
малгүй болсон иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэх санал санаачилгыг дэмжиж, гэрээ түрээсээр мал маллуулах, төсөл хөтөлбөрт хамруулах, газар тариалан эрхлэх, зам барилгын энгийн ажил гүйцэтгүүлэх;
мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах;
бүсийн аймгуудад хөдөлмөр эрхлэлтийн албаар дамжуулан иргэдийг ажлын байртай болгох ажлыг сайжруулах;
"Хүүхдийн төлөө сан" ажиллуулахыг дэмжих;
"Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
ядуурал, ажилгүйдлийг бууруулахад орон нутгийн удирдлагын эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
хүн амд үзүүлэх халамж, хөдөлмөр эрхлэлт, даатгалын үйлчилгээг засаг захиргааны нэгжид чиглүүлэх, "нэг цэгийн үйлчилгээ"-г бий болгох;
татварын шинэчлэлийн хүрээнд бага орлоготой иргэдэд үзүүлэх татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх;
хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн бүтцийг орон нутгийн түвшинд бий болгох асуудлыг судлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
хөдөлмөр, нийгмийн хамгааллын ажилтнуудыг бүсчилсэн байдлаар мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн тоо 2005 оны түвшингээс 30 хувиар, ажилгүйдлийн түвшин 2 дахин тус тус буурна.
Тэргүүлэх зорилт 2. Нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн халамж, үйлчилгээг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ хөдөлмөр зуучлалын болон сургалтын төвүүдийг бичил бүс, аймгийн төвүүдэд байгуулж ажиллуулах;
§ "Тогтвортой амьжиргааг дэмжих" төслийн хүрээнд шинэ хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуу эмзэг хэсэгт туслах санхүүгийн үйлчилгээг сайжруулах;
§ бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдүүдийг байрлуулан хооллож, сургах халамжийн төвүүдийн үйлчилгээг нэмэгдүүлэн, амьдралын арга ухааныг зааж сургах ажлыг өргөжүүлэх;
§ орон гэргүй хүмүүсийг орон гэр, нийтийн орон сууцаар хангах арга хэмжээг дэс дараатай авах;
§ ядуу иргэдэд гэр, хашаа, орон сууц худалдан авах, барих, орон байраа засварлах боломж олгох зорилгоор орон сууцны зээлийн үйлчилгээг сайжруулах;
§ хоол тэжээлийн дутагдалд орж буй ядуу иргэдийн хоол хүнсний хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
§ нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн халамж, тусламж, үйлчилгээний үр дүнг үнэлэх, хяналт тавихад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх;
§ тахир дутуу иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
§ ахмад настанд үзүүлж байгаа тусламж, хөнгөлөлтийг боловсронгуй болгох;
§ нийгмийн халамжийн тэтгэмж олгох шалгуурыг оновчтой болгож, хамрах хүрээг оролцооны аргаар тогтоох арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Эмзэг бүлгийн хүмүүст үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоо боловсронгуй болж, иргэдэд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмж сайжирна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийг амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болгож, нийгмийн хамгааллын хүртээмж, үйлчилгээг шинэ түвшинд гаргана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг бүх талаар дэмжиж ажлын байрыг олноор бий болгох цогцолбор хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ бүсийн төвүүдийн асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, бүтэн өнчин, тэнэмэл, нэн ядуу өрхийн хүүхдийг байрлуулж хооллон, сургалт явуулдаг халамж үйлчилгээний шаардлагатай төвүүдийг шинээр байгуулж, ажиллуулах;
§ хоол хүнс, хувцас, орон байраар гачигдаж буй, нэн ядуу айл өрх, хувь хүнд туслах чиглэлээр "Нийгмийн халамжийн сан"-гийн үйл ажиллагааг өргөжүүлэх;
§ хөдөө сумдад ахуй үйлчилгээгээр дагнасан явуулын үйлчилгээг өргөтгөх;
§ орон гэргүй иргэдийг орон байраар хангах ажлыг оновчтой зохион байгуулах;
§ малчид мал аж ахуйн бус орлогын эх үүсвэртэй болох нөхцөлийг бүрдүүлэх.
Гарах үр дүн: Ажилгүйдлийн түвшин буурч, ядуурал 2 дахин буурсан байна.
2.4. Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшүүлэх талаар
Үндэслэл: Олон жилийн өмнө ашиглалтад орсон дунд сургуулиудын хичээлийн байр, сургалтын материаллаг бааз хуучирсан байна. Мөн цахилгаан, дулааны хомсдол нь хичээл тасалдахад хүргэж байна. Багшлах боловсон хүчний чанар, хангамж шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. Багш нарын цалин хөлс ч бага байна.
Халаалтын систем муудсан буюу хэт их зардалтайгаас үүдэн зарим сумын дунд сургууль өвлийн саруудад ажиллах боломжгүй болох тохиолдол ч гарч байна. Соёлын байгууллагын материаллаг бааз дутагдалтай хэвээр байна.
Боловсролын болон соёлын байгууллагуудын материаллаг баазыг сайжруулах, сурах бичиг, материалаар хангах, багш, соёлын ажилтан бэлтгэх, давтан сургах ажлыг сайжруулах удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Харьцангуй сул хөгжсөн аймаг, сумдад ажиллаж амьдарч байгаа соёлын болон боловсролын байгууллагуудын ажилтнуудын цалин хөлс томоохон хот, суурингийнхтай ижил байгаа нь мэдлэг чадвартай ажилтнуудын тогтвор суурьшилд муугаар нөлөөлж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн сургалтын тогтолцоонд бүрэн шилжүүлж, 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангаж, шилжиж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
ерөнхий боловсролын сургуулийн 9, 11 дүгээр анги төгсөгчдийн 20 хувийг Хөдөлмөр зохицуулалтын албаны 1-3 сарын богино хугацааны сургалт, дамжаанд хамруулах;
эмзэг бүлгийн, бага орлоготой өрхийн болон 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг сурдаг өрхийн 1 хүүхдэд нь хичээлийн хэрэгсэл үнэ төлбөргүй олгох;
англи хэлний сургалтыг сайжруулж, мэдээлэл холбооны технологи, интернет ашиглах бэлтгэлийг хангаж багш нарыг "Модуль" сургалтад хамруулах;
бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын агуулгыг орон нутгийн онцлог, суралцагсдын хэрэгцээ, нас, сэтгэхүйн онцлогт нь нийцүүлж уян хатан олон хувилбартай байхаар хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
сумдын соёлын төвүүдийн байрны хангамж, материаллаг баазыг шат дараатай бэхжүүлэх;
сургалтын төрөлжсөн төвүүдийг бүсийн тулгуур төв хотууд, аймгийн төвүүдэд байгуулах;
хувийн хэвшлийн сургуулийг аймаг, сумдын төвд байгуулан ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зарим ажил, үйлчилгээг гэрээ, түрээсийн хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авах;
сургууль завсардах явдлыг багасган, суурь боловсролын хамран сургалт /бохир жин/-ыг нэмэгдүүлэх;
зах хязгаар нутгийн болон малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хувьсах зардлыг шийдвэрлэх арга хэмжээ авах;
бүсийн эрдэмтдийн зөвлөлийг байгуулж орон нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах, төлөвлөх ажилд өргөнөөр оролцуулах;
хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, мэргэжлийн боловсон хүчнийг орон нутагт бэлтгэх үүднээс одоо байгаа төрийн өмчийн их, дээд сургуулиудад түшиглэн Төвийн бүсийн их сургуулийг байгуулах;
ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангид суралцагчдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах;
өндөр мэргэшилтэй багш нар, соёлын төвийн ажилтнуудыг орон нутагт ажиллуулах эдийн засгийн урамшууллын хөшүүрэг бий болгох;
иргэд, төрийн бус байгууллагаас бичиг үсэг сургах, боловсрол нөхөн олгох сургалт явуулахад дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
теле-сургалт, электрон сургалт, зайны сургалтын үр ашгийг нэмэгдүүлж үйл ажиллагааг нь тогтворжуулах;
ерөнхий боловсролын сургуульд гадаадын болон хувийн хөрөнгө оруулалт оруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх санаачилгыг дэмжих;
албан бус боловсрол, зайны сургалтын орон нутгийн сүлжээг бий болгох;
· "Боловсрол, соёлын иж бүрэн үйлчилгээг малчдад хүргэх нь" төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Боловсрол, соёл урлагийн салбарын шинэчлэл улам гүнзгийрч, бүх шатны сургуулийн сургалтын чанар дээшилнэ.
Тэргүүлэх зорилт 2. Соёл урлагийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ ардын уламжлалт урлагийг дэмжин дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэх зорилгоор орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон томоохон хэмжээний Соёлын ордонг бүсийн болон аймгийн төвүүдэд ажиллуулах;
§ үндэсний соёл урлаг, хүүхдийн танин мэдэхүй, мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа соёл, урлагийн байгууллагуудыг дэмжих;
§ соёлын салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж, чадвартай бие даасан уран бүтээлчдийг төрүүлэх;
§ морин хуураа дээдлэн уртын дуугаа өвлүүлэн хөгжүүлэх, үндэсний ардын урлагийг дэмжих үүднээс ардын урлагийн наадмыг тогтмол зохион байгуулах;
§ аймаг, сумдын төвийн номын санг мэдээлэл, олон нийтийн нээлттэй төв болгон хөгжүүлж, хөдөөгийнхөнд хүрч үйлчлэх нөхцөлийг сайжруулах;
§ соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, соёлын дурсгалт зүйлсийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх;
§ музейг мэдээлэл, мэдлэгийн эх сурвалж болгоод зогсохгүй аялал жуулчлалд өргөнөөр ашиглахыг дэмжиж музейн сан хөмрөгийн баяжилтыг жилдээ нийт үзмэрийнхээ 10 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр тогтмол нэмэгдүүлэх;
§ аймгийн театр, чуулга, сумдын соёлын төвийг хөгжмийн зэмсгээр хангах ажлыг ээлж дараатай хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Хүн амд үзүүлэх соёл урлагийн үйлчилгээний чанар, хүрээ өргөжиж, зах зээлийн нөхцөлд нийцсэн шинэ зохион байгуулалтад шилжсэн байна.
Тэргүүлэх зорилт 3. Боловсролын байгууллагуудын материаллаг баазыг тууштай бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн аймгуудын цэцэрлэгүүдийн тоглоом наадгай, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын техник хэрэгсэл, компьютерийн хангамжийг сайжруулж, номын сангийн фондыг нэмэгдүүлэх;
§ аймгуудын зарим номын санг "Номын өргөө" болгон зохион байгуулах;
§ хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрыг засварлах ажлыг дэс дараатай хийж, зарим сумдад ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өргөтгөх;
§ бүсийн хэмжээнд шаардлагатай мэргэжилтэй ажилчид бэлтгэх бүсийн сургалт, үйдвэрлэлийн төвүүдийг байгуулж, ажиллуулах;
§ боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжин урамшуулах;
§ гадаад орны мэргэжлийн төрөлжсөн байгууллагууд, хандивлагчдаас боловсролын салбарын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг бүх талаар дэмжих;
§ зайны сургалтын мэдээлэл, техникийн зохистой сүлжээ бүрдүүлэх.
Гарах үр дүн: Бүх шатны боловсролын сургуулиудын материаллаг бааз бэхжин, сургалтын чанар сайжирсан байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Албан бус боловсрол, зайны сургалтын орон нутгийн сүлжээг бий болгож, сургууль завсардалтыг тодорхой үе шатаар бууруулж, улмаар арилган, соёл урлагийн байгууллагуудыг бэхжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ боловсролын салбар дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжиж урамшуулах;
§ бүс нутгийн онцлог, хөгжлийн чиг хандлага, хэрэгцээнд нийцүүлэн орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх ажлыг сайжруулж, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд оновчтой хэлбэрээр зохион байгуулах;
§ сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийн тоог нэмэгдүүлэх;
§ сургууль завсардсан хүүхэд, залуучуудад боловсрол нөхөн эзэмшүүлэх, ажил мэргэжлийн ур чадвартай болгох, хүн амын ерөнхий боловсролын түвшинг ахиулах сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж, бичиг үсэг үл мэдэх явдлыг бууруулах;
§ бүх нийтэд бага боловсрол эзэмшүүлж, Мянганы хөгжлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх;
§ бүх шатны сургууль, соёл урлагийн байгууллагын удирдлагын чадавхийг дээшлүүлэх;
§ хөдөөгийн сургууль, цэцэрлэгийг цахилгааны эх үүсвэртэй болгох.
Гарах үр дүн: Сургууль завсардалт арилан, соёл урлагийн байгууллагууд хөгжинө.
Тэргүүлэх зорилт 2. Аймгуудын бүх шатны сургуулиудын сургалтын орчинг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг тус бүрт гурваас доошгүй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрыг барих, дотуур байрны 60 хувийг засварлах;
§ сум бүрт сургуулийн дотуур байрыг хэвийн ажиллуулах боломжийг бүрдүүлж малчдын хүүхдүүдийн 75-аас доошгүй хувийг хамруулах хүчин чадалтай болгох;
§ хөрвөх чадвартай багш бэлтгэж, багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх.
Гарах үр дүн: Сургуулиудын сургалтын орчин сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Соёл урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ соёл урлагийн байгууллагуудыг менежментийн хувьчлалд өргөн хамруулах арга хэмжээ авах;
§ сум дундын соёлын байгууллага байгуулж ажиллуулах;
§ урлагийн авьяастан, урчууд, уран бүтээлчдийг тодруулж дэмжих нэгдсэн төсөл хэрэгжүүлэх;
§ олон ястан, үндэстний түүх, урлаг, соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчлах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
§ номын сан, архивийн үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах.
Гарах үр дүн: Соёл урлагийн байгууллагуудын бие даан ажиллах оновчтой тогтолцоо бүрдсэн байна.
2.5. Хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар
Үндэслэл: Төвийн бүс нутагт эрүүл мэндийн салбарын санхүүгийн чадавхи хязгаарлагдмал, материаллаг баазын хангамж, хүрэлцээ дутмаг, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний чанар, хүртээмж шаардлагын түвшинд хүрэхгүй байна.
Амьсгалын замын, зүрх судасны, хоол боловсруулах эрхтний, арьс өнгөний болон халдварт өвчний тархалтын байдал өндөр байна. Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн байдалд тавих хяналт сул байгаагаас үүдэн хоол хүнсний гаралтай өвчлөл, хордлого өсөх хандлага хэвээр байна.
Сум, багийн түвшинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээний анхан шатны тусламж, үйлчилгээ эмзэг бүлгийнхэнд төдийлэн хүрч чадахгүй байна. Амьдралын түвшин доогуур өрхийн хүүхэд 2.5 дахин илүү өвчилж, 3 дахин илүү эмнэлэгт хэвтэж, мөн тэр хэмжээгээр эндэж байна. Эмзэг бүлгийн эхчүүд эндэгдэлд илүү өртөж байна. Хоол тэжээл дутагдсаны улмаас жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдэд тураал болон цус багадах өвчин түгээмэл тохиолдож байна.
Сумдын эмнэлгүүдийн байр хэт хуучирсан, дийлэнхийг нь ердийн нам даралтат зуухаар халааж, хязгаартай цахилгаан өгч, гол төлөв зөөврийн ус хэрэглэх нь түгээмэл байна. Сумдын эмнэлэг зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, эм хэрэгслээр байнга дутагдсаар байна. Зарим оношилгооны нарийн техник, тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд ашиглаж чадахгүй байна.
Хөдөө орон нутагт эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн түвшин харьцангуй доогуур, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх нөхцөл, боломж хомс байна.
Иймд Төвийн бүсэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай, найдвартай хүргэх, эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгох, эрүүл мэндийн боловсролыг ахиулах шаардлага тулгамдсан асуудлын нэг болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдүүлж, материаллаг бааз, боловсон хүчний хангамжийг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ эрүүл мэндийн анхан шатны тусламжийг нийтэд хөнгөн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэхийн тулд жил тутам эмнэлгийн нийт автомашины 25-аас доошгүй хувийг шинэчлэх;
§ аймаг, сумын эмнэлгийн 1000 хүнд ногдох эмч, ажилтнуудын тоог бүтэц үйл ажиллагааны стандартад заасан хэмжээнд хүргэх;
§ бүсийн аймгуудын зарим сумдад эрүүл мэндийн төв байгуулж, орчин үеийн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах;
§ Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийг говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болгон хөгжүүлж, теле-анагаах сүлжээнд холбох;
§ Дархан-Уул аймагт эрүүл мэндийн сургалт, мэдээллийн төвийг байгуулах;
§ нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн механизмыг сумын эмнэлэгт нэвтрүүлэн, боловсронгуй болгож, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг магадлан итгэмжлэлд бүрэн хамруулах;
§ хөдөөгийн хүн амыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах;
§ хөдөөгийн явуулын эмнэлгийн тогтолцоог бий болгох;
§ эрүүл мэндээ хамгаалах болон анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх мэдлэг олгох сургалтыг тогтмол зохион байгуулж, хамрах хүрээг нь өргөжүүлэх;
§ сумын эмч, өрхийн эмч нарыг давтан сургалтад хамруулах;
§ сум, багт ажиллах эмч нарын ажлын нөхцөлийг сайжруулж, цалин хөлсийг нэмэгдүүлэх;
§ монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх;
§ аймгийн төвүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг баазыг сайжруулж, нэн шаардлагатай эм, тарианы найдвартай нөөцтэй болгох;
§ эрүүл мэндийн анхан шатны бүртгэл, мэдээллийн компьютержсэн сүлжээ бий болгох эхлэлийг тавих;
§ бүсийн тулгуур төв, зарим аймгийн төвүүдэд биеийн тамирын дээд сургууль болон бялдаржуулах төвүүдийг байгуулан ажиллуулах;
сумдын эмнэлгийн барилгын 70 хувийг засварлаж тохижуулах;
дархлалын олдмол хамшинж, халдварт өвчинтэй тэмцэх явдлыг хүчтэй болгож, ялангуяа сүрьеэгийн өвчлөлийг одоогийн түвшингээс 50 хувиар бууруулах, бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах;
хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаа өвчний оношилгоо, эмчилгээг сайжруулан, хүүхдийн өвчлөлтийг багасгаж, нялхсын болон хүүхдийн эндэгдлийг 50 хүртэл хувиар бууруулах;
§ хүн амын вакцинжуулалтын түвшинг 95 хувиас бууруулахгүй байх;
§ халдварт өвчнийг эсэргүүцэх эм, тарилга, вакциныг жил бүр 20 хувийн нөөцтэй байхаар тооцож, төсвийн болон олон улсын байгууллагуудын санхүүжилтээр хангах арга хэмжээ авах;
§ дархлаажуулалтад тавт вакциныг шинээр нэвтрүүлж эрүүл хүүхдэд хийх тарилгын хатгалтыг цөөрүүлж, дархлаажуулалт бүхий халдварт өвчний гаралтыг эрс бууруулах;
§ аймгуудын нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах зорилгоор хорт хавдар, сүрьеэ, дотор эрхтний өвчлөлийг эрт илрүүлэхэд шаардлагатай флюрографийн аппарат, орчин үеийн суурин ЭХО, рентгений аппараттай болгох;
§ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажлын байр, ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
Гарах үр дүн: Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний оновчтой тогтолцоо бүрдэж, үйлчилгээний хүртээмж, чанар сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Хүрээлэн буй орчны бохирдолтоос хамаарах хүн амын өвчлөлийг бууруулж, эрүүл мэндийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ гэр хорооллуудыг цэвэр усны төвлөрсөн системд холбох ажлыг эхлэх, байгууллага, айл өрхийг халуун устай болгох;
§ хүрээлэн буй орчны бохирдлоос хамаарах хүн амын өвчлөлийн байдлыг хянан тогтоож нийтэд мэдээлж байх;
§ үйлдвэрийн хог хаягдлыг хоргүйжүүлэх, хор хөнөөлтэй хаягдлыг устгах зориулалт бүхий үйлдвэрийг шинээр байгуулах;
§ орчны эрүүл ахуйг сайжруулах бүсийн хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
§ бүсийн төвүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээлэл, сургалтын төв байгуулж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон нийтийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн мэдээллээр хангах боломж бүхий мэдээллийн сүлжээтэй болох асуудлыг боловсруулж, шийдвэрлүүлэх.
Гарах үр дүн: Эрүүл мэндэд ээлтэй орчин нөхцөл бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Эрүүл мэндийн бүх шатны тусламж, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, оношилгоо, эмчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн тулгуур төвүүд болон аймаг, сумын төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж теле-оношилгоо, эмчилгээний үндэс суурийг бий болгох;
§ бүсийн тулгуур төв, аймаг, сумын төвийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын тоог нэмэгдүүлэх;
§ тахир дутуу иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, материаллаг баазыг нэмэгдүүлэх;
халдварт өвчинтэй тэмцэх, ялангуяа сүрьеэг 2010 оны түвшингээс 60 хувиар бууруулах, бэлгийн замын халдварт өвчинг одоогийн түвшингээс 30 хувиар бууруулах;
§ эмнэлгийн тусламж үйлчилгээнд теле-анагаахын сүлжээний дэвшилтэт хэлбэрийг нэмэгдүүлэх;
§ эмнэлгийн байгууллагуудыг дэмжин хөгжүүлэх.
Гарах үр дүн: Эрүүл мэндийн бүх шатны тусламж, үйлчилгээний орчин үеийн тогтолцоо бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн ам эрүүл мэндээ хамгаалах, эрүүл саруул ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ зарим аймгийн төвд Биеийн тамирын дээд сургууль, зарим сумдын төвд бялдаржуулах төв байгуулан ажиллуулах;
§ аймгийн болон бүсийн тулгуур төвүүдэд ахмад настанд зориулсан нөхөн сэргээх, асран сувилах газруудыг байгуулж ажиллуулах;
§ тахир дутуу иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, материаллаг баазыг нь бэхжүүлэх;
§ эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр санхүүгийн нөөцийг зөв зохистой ашиглах, ялангуяа хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг бүрэн дайчлах, оновчтой ашиглах, дэмжлэг авах хөшүүрэг бий болгох;
§ аймгуудын хооронд болон алслагдсан сумдад нисдэг тэрэг ашиглан явуулын үйлчилгээ, яаралтай тусламж үзүүлж, теле-оношилгооны аргыг нэвтрүүлэх боломжийг бий болгох.
Гарах үр дүн: Хүн амын эрүүл мэндийг хамгаалах орчин үеийн оновчтой тогтолцоо бий болно.
2.6. Хүн амын нутагшилт, хот байгуулалтын талаар
Үндэслэл: Төвийн бүсэд өнөөгийн байдлаар 439.0 мянган хүн оршин сууж байгаагийн 40.5 орчим хувь нь хот, суурин газруудад байна. Тулгуур төвүүдийн хөгжлийг түргэсгэж, тэдгээрийг бүсийн эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, технологийн төв болгон хөгжүүлэх шаардлагатай байна.
Төвийн бүсийн нийт өрхийн дийлэнх хэсэг нь эсгий гэрт, үлэмж бага хэсэг нь байшинд амьдарч байна. Иймд цаашид орон сууцны асуудлыг шийдвэрлэх явдал чухал ач холбогдолтой юм.
Төвийн бүсийн хот, суурин газруудын дотоод бүтэц, орон зайн зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлага ч их байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн хот байгуулалтын цэгцтэй бодлого ихээхэн үгүйлэгдэж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Төвийн бүсийн хот суурин газруудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг зах зээлийн тогтолцооны нөхцөлд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн тулгуур төв Дархан, Зуунмод хотуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх;
§ аймгийн төвүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол өөрчлөлт хийж, сум суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
§ тулгуур төвүүдийн хөгжлийг төсвийн хөрөнгө оруулалт болон төрийн зохицуулалтын бусад хөшүүргүүдийг хэрэглэн бодлогоор дэмжих;
§ "Орон сууц" сан бий болгож, орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх;
§ хил орчмын бүс нутагт хүн ам суурьшуулах зорилго бүхий урамшууллын бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Бүсийн төв, хот, суурингуудад хүн амын тогтвор суурьшил сайжирна.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан бүсийн орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ аймгийн төвүүдийн хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлэх;
§ аймгийн төвүүд, томоохон суурин газруудад "40000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд орон сууц барих ажлыг эхлүүлэх;
§ төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх;
§ түгээмэл тархацтай барилгын материалын шинэ нөөцийг илрүүлэхэд чиглэсэн геологи хайгуулын ажлыг өргөтгөх;
§ орон сууцны барилгын материал үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжийг урамшууллын хөшүүргүүдийг хэрэглэн дэмжих;
§ амины орон сууц барьж буй өрхийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих;
§ залуу гэр бүл, оюутнуудад зориулсан орон сууцны цогцолбор, нийтийн байр барих талаар аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санаачилгыг хөрөнгө оруулалтын зээлийн бодлогоор дэмжих.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын орон сууцны хангамж сайжирна.
Тэргүүлэх зорилт 3. Бүсийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж бичил бүсүүдийг тогтоож эрчимтэй хөгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бичил бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх;
§ бичил бүсүүдийг хөгжүүлэх хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөнүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлэх.
Гарах үр дүн: Бүсийн хэмжээнд бичил бүсүүдээр хөгжих үндэс суурь тавигдана.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Тулгуур төвүүдийн хөгжлийг түргэсгэж, аймаг, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эрчимтэй хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ тулгуур төвүүдийг бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон төв болгох;
§ аймаг, бичил бүс, сумын төвийн үйлдвэрлэл, хэрэглээ, хүн амын өсөлттэй уялдуулан цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо, зам, тээвэр зэрэг инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх;
§ төрийн албан хаагчдад зориулсан орон сууцны хоёр дахь шатны төсөл боловсруулан хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Аймаг, сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө эрчимтэй хэрэгжиж, хүн ам тухайн нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
Тэргүүлэх зорилт 2. Хүн амын орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ аймгийн төвүүдийн хүн амын өсөлт, орон сууцны хэрэгцээтэй уялдуулан орон сууцны хангамжийн түвшинг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
§ хөдөөгийн хүн амыг тохилог орон сууцтай болгох замаар сум, суурин газраас аймгийн төв рүү чиглэсэн шилжих хөдөлгөөнийг багасгах;
§ гэрийн модны үйлдвэрүүдийг бичил бүсийн төвүүдэд хөгжүүлж гэрийн мод, модон эдлэлийн хэрэгцээг бүрэн хангах.
Гарах үр дүн: Бүсийн хүн амын орон сууцны хангамж сайжирна.
Гурав. Байгалийн нөөцийн ашиглалт,
байгаль орчны хамгаалал
3.1. Агаар мандлын хамгаалал
Үндэслэл: Төвийн бүс нутагт агаарын бохирдлыг бууруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль орчинд хоргүй, өндөр үр ашигтай, дэвшилтэт техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бохирдуулагч эх үүсвэрүүдийг шүүлтүүрийн төхөөрөмжтэй болгох, шаталт сайтай зуух, түлшийг өргөн хэрэглэх, хог хаягдлыг дахин ашиглах, хот, суурин газрын хөрсний элэгдэл, эвдрэлийг бууруулж зүлэгжүүлэх зэрэг ажлыг дэс дараатай хийж хэвшүүлэх шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаарын чанар, төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээ, мэдээллийн түвшинг дээшлүүлж, агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, агаар бохирдуулагчидтай хийх тэмцлийн арга хэлбэрийг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ агаарын бохирдлын түвшин болон бохирдуулагч эх үүсвэрт байнгын ажиглалт хяналт хийж, Дундговь, Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгийн цаг уур, орчны шинжилгээний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх;
§ авто тээврийн хэрэгслээс гарч буй хорт бодис, угаарын хийн зөвшөөрөгдөх хэмжээ, стандарт мөрдөлтөд тавих хяналтын албадын үйл ажиллагааг сайжруулах;
§ агаар бохирдуулагчдад олон нийтийн зүгээс тавих хяналтыг хүчтэй болгох зорилгоор агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээний талаархи мэдээллийг сайжруулж, мэдээлэл ашиглах боломжийг нэмэгдүүлэх;
§ төв, суурин газарт агаарын бохирдлын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандарт тогтоож, агаар бохирдуулсны төлбөр, агаарын бохирдлыг бууруулсны урамшил олгох эрх зүйн үндэс, хяналт хариуцлагын механизм бий болгож мөрдөнө;
§ зарим аймгийн төвүүдийн дизель цахилгаан станц, сумын төвүүдийн уурын зуухуудын тоног төхөөрөмжийг шинэчилж агаарын бохирдлыг бууруулах;
§ гэр хороололд байршилтай ердийн галлагаатай орон сууцуудыг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг эхлүүлэх;
§ нам даралтын халаалтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд бүрэн хамруулж, стандартын бус үйлчилгээг зогсоож, аймгийн төвүүдийн 1 дүгээр бүсийн хэрэглэгчдийг төвлөрсөн халаалтын сүлжээнд хамруулах;
§ төв, суурин газрын уур амьсгалыг зөөлрүүлэх зорилгоор Төвийн бүсийн аймгийн төвүүдийн 1 дүгээр бүсийн цэцэрлэгжүүлэх талбайн хэмжээг 10 хувьд хүргэхийн тулд жил бүр 10000-аас доошгүй мод тарьж суулгах;
§ шахмал түлш үйлдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог бүх талаар дэмжиж хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
§ утаа багатай шахмал хорголжин түлш, гал түргэн ноцоогчийг зохион бүтээх, үйлдвэрлэх замаар түлшний чанарыг сайжруулан шаталтаас гарах бохирдлыг багасгах арга хэмжээ авах;
§ Зуунмод, Дархан хотод хог хаягдал ялган боловсруулах бүсийн чанартай үйлдвэрийг байгуулах.
Гарах үр дүн: Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналт-шинжилгээ, мэдээллийн чанарын түвшин дээшлэн агаарын бохирдол буурч, агаар бохирдуулагчидтай тэмцэх арга, хэлбэр боловсронгуй болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Агаарын төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тавих хяналтын хүрээг өргөтгөж, бүсийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ агаарын бохирдол, агаарын төлөв байдалд тавих хяналтыг тогтмолжуулж, нарны хэт ягаан туяаны хэмжилт хийх багаж, тоног төхөөрөмжийг аймгийн төвүүдэд суурилуулах;
§ сумын төвүүдийн ус, цаг уур, орчны шинжилгээний салбаруудын 70 хувийг агаарын бохирдлын түвшинг хэмжих багаж, тоног төхөөрөмжөөр хангах;
§ агаар бохирдуулагчтай хийх тэмцлийн хүрээг нэмэгдүүлж, энэ чиглэлээр төрийн бус байгууллагуудын оролцоог өргөтгөх.
Гарах үр дүн: Агаарын төлөв байдал, уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Төвлөрсөн суурин газар, гэр хорооллын агаарын бохирдлыг 2010 оны түвшингээс 60 хувиар бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ төв, суурин газрын айл өрхийг бүрэн шаталттай зуух, түлшээр хангах ажлыг өргөтгөх;
§ гэр хороололд байршилтай ердийн галлагаатай орон сууцуудын байршлыг харгалзан, төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг үргэлжлүүлэх;
§ тээврийн хэрэгслээс агаарт гаргах төрөл бүрийн хорт хийн угаарыг бууруулах зорилгоор "Техник оношилгооны төв"-үүдийг аймгийн төвүүдэд ажиллуулах;
§ аймгийн төвүүдийн П бүсэд хамаарах нам даралтын зуух бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний цэгүүдийг үнэлгээнд хамруулж, боломжтой цэгүүдийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг дэс дараатай гүйцэтгэх;
§ төв, суурин газрын уур амьсгалыг зөөлрүүлэх зорилгоор аймаг, сумын төвүүдийн 1 дүгээр бүсийн цэцэрлэгжүүлсэн талбайн хэмжээг 30 хувьд хүргэж, жил бүр 10000-аас доошгүй мод тарьж ургуулах;
§ шахмал түлш үйлдвэрлэх хувийн хэвшлийн хүрээг улам өргөтгөх;
§ бүсийн аймгийн төвүүдэд хог хаягдал ялган боловсруулах жижиг үйлдвэрийг байгуулах.
Гарах үр дүн: Төв, суурин газрын агаарын бохирдол эрс буурна.
3.2. Газрын нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Төвийн бүсийн нутаг дэвсгэрийн 80.3 хувийг хөдөө аж ахуйн газар, 11.1 хувийг ойн сангийн газар, 0.2 хувийг усан сан бүхий газар, 0.2 хувийг хот, суурин, үйлдвэр уурхайн газар, 0.2 хувийг зам, шугам сүлжээний газар, 8.0 хувийг нөөц болон ашиглах боломжгүй газар тус тус эзэлж байна.
Энэ бүсэд нийт 27 орчим сумыг хамарсан 6671.9 мян. га газрыг эзэлсэн тусгай хамгаалалттай газар нутаг 12 байгаа нь улсын нийт тусгай хамгаалалттай газар нутгийн 31.8 хувийг эзэлж байна.
Өнөөгийн байдлаар бэлчээрийн даац хэтрэлт бусад бүсүүдээс харьцангуй их байгаа бөгөөд сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр бэлчээрийн усны хангамж эрс багассан байна.
Геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэрч элэгдсэн, бохирдож, доройтсон газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах ажил хангалтгүй явж ирэв. Газрын хэвлийн баялгийг байгаль орчинд хоргүй, хаягдалгүй тэргүүний технологиор иж бүрэн ашиглаж, эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, экспортлох талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Газрын нөөцөд экологи-эдийн засгийн үнэлгээ хийж, газрын ашиглалт, хамгаалал, энэ талын мэдээллийн үйл ажиллагааг сайжруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүсийн аймаг, сум бүрийн нутаг дэвсгэрийн газрын төлөв, чанар, байдлын талаархи дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулах;
§ газар ашиглалтын төлөв байдал, үржил шимийг дээшлүүлэх, түүнчлэн стандартын холбогдолтой мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэх оновчтой тогтолцоог бий болгох;
§ аймгийн болон сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх;
§ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын газрын өмчлөл, эзэмшилт, ашиглалт, хамгааллын талаархи мэдээллийн зурган сан бүрдүүлж, компьютерийн сүлжээгээр мэдээлэл солилцох нөхцөлийг бий болгох;
§ ашигт малтмалыг ашиглахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагуудаар хийлгүүлж, экологийн хувьд эмзэг газрын нөөцийн ашиглалтыг хязгаарлах;
§ ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулах.
Гарах үр дүн: Газрын нөөцийн ашиглалт, хамгааллын мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Бэлчээрийн талхагдал, тариалангийн хөрсний эвдрэлийг 2004 оны түвшингээс 10 хувиар бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ малыг өсгөх, үүлдэр угсааг сайжруулах зорилтуудыг бэлчээрийн даац, ус, тэжээлийн хангамж зэрэгтэй уялдуулан оновчтой төлөвлөн өсгөх арга механизмыг боловсронгуй болгох;
§ инженерийн хийцтэй уст цэгийг засварлах, шинээр гаргах ажлыг жил бүрийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, бэлчээр усжуулалтын түвшинг дээшлүүлэх;
§ үлийн цагаан оготны тархалт, царцааны нүүдлийг зогсоох, хор хөнөөлийг багасгах төрөл бүрийн дэвшилтэт арга хэлбэрүүдээс орон нутагт туршиж, сонгож нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх;
§ газар тариалан эрхлэгчдэд газрыг өмчлүүлж, түрээслүүлэн, тариалангийн талбайн 60 хувийг хамгаалалтын ойн зурвастай болгох замаар газрын хөрсний эвдрэлийг бууруулах;
§ байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөө үзүүлэх зарим газар нутгийг улсын болон орон нутгийн хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах.
Гарах үр дүн: Бэлчээрийн даац нэмэгдэж, хөрсний эвдрэл буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Бэлчээрийн талхагдал, хөрсний эвдрэлийг зогсооно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ хөрс хамгаалах дэвшилтэт арга технологи нэвтрүүлж, байгаль орчинд хоргүй бордоог хэрэглэж эхлэх;
§ худаг ус гаргах ажлыг сайжруулах замаар бэлчээрийг усжуулж, бэлчээр ашиглалтад эдийн засгийн оновчтой хөшүүргүүдийг хэрэглэх;
§ тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас байгуулах, атаржуулсан талбайг сэргээн ашиглах агротехникийн горимыг мөрдөж, техник, технологийг шинэчлэх, эрдэс болон шим бордоогоор бордож, хөрсний үржил шимийг сайжруулан га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх;
§ тариалан эрхлэгчдэд газрыг өмчлүүлэх, түрээслүүлэх зэрэг аргаар тариалангийн хөрсний ашиглалтыг сайжруулж, эвдрэлийг зогсоох;
§ ашигт малтмал олборлолттой холбоотой хөрсний эвдрэлийг арилгах;
§ авто замын тогтсон сүлжээг бий болгон цардмал зам, сайжруулсан зам тавьж олон салаа замыг багасгах.
Гарах үр дүн: Бэлчээрийн даац хэтрэлт, тариалангийн хөрсний эвдрэл зогсоно.
3.3. Ойн нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Төвийн бүсэд манай орны ойн сангийн газрын 30-аад хувь нь ногдож байна. Ой модны дийлэнхи нөөц Сэлэнгэ, Төв аймгийн нутагт оршдог.
Уур амьсгалын өөрчлөлт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас ой хээрийн түймэр ихсэж, хохирол улам бүр нэмэгдэх болов.
Ойн болон ургамлын нөөц багасахад хөнөөлт мэрэгч, шавьж багагүй нөлөөлж байна. Хөнөөлт мэрэгчид голомтлон тархсан газар ургамлын ургац 90 хувиар, ургамлын зүйлийн тоо 6 дахин буурдаг байна. Үүний улмаас газар нутаг ургамалгүйжих явдал нэмэгдэж, чийгний ууршилт нэмэгдэн, цас хунгарлалт багасч, газар нутаг цөлжилтөд нэрвэгдэх аюул нүүрлэж эхлэв.
Иймд ойг хамгаалах, нөхөн сэргээх зохистой хэрэглээг төлөвшүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Ойг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажлыг сэргээн сайжруулж, ашиглалтад нь тавих хяналтыг хүчтэй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ "Ногоон хэрэм" төслийг ойн нөөцийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажилтай оновчтой уялдуулан хэрэгжүүлэх;
§ бүс, аймгийн ойн нөөцийг шинэчлэн тогтоож, экологи-эдийн засгийн үнэлгээ хийлгэх, нөхөн сэргээх, ашиглах, хамгаалах, ойжуулалтыг нэмэгдүүлэх;
§ хөрш зэргэлдээ улс, аймгуудын хооронд ойн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх мэдээлэл, техникийн баазыг бий болгох;
§ мод үржүүлэх, ойжуулах ажилд нутгийн иргэдийг сургах, экологийн зохих түвшний боловсрол олгох;
§ жил бүр нийтээр мод тарих өдрийг бий болгож хот, суурин газрыг цэцэрлэгжүүлж, гол усны эх, тариалангийн талбай, авто болон төмөр замын дагуу ойн зурвас байгуулах;
§ аймгуудад тухайн орчинд зохицсон хайлаас, сухай, улиас, бургас зэрэг мод, сөөгийг үржүүлэх аж ахуй байгуулж, жилдээ аймаг тус бүр 50-иас доошгүй га талбайд таримал ойн зурвас, төгөл байгуулах;
§ загийг түлшинд хэрэглэх явдлыг таслан зогсоох зорилгоор түүнийг орлох шахмал, хийн түлшний үйлдвэрлэл, бүрэн шаталттай зуухны үйлдвэрлэлийг дэмжих;
§ нарсан ойг нөхөн сэргээх, хашиж хамгаалах ажлыг нэмэгдүүлэх;
§ хулгайгаар мод огтлох явдлыг жил бүр тодорхой хувиар бууруулах.
Гарах үр дүн: Ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх ажил сайжирч, ашиглалтад тавих хяналт хүчтэй болно.
Тэргүүлэх зорилт 2. Ойг түймэр, хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах, хохирлыг арилгах, эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ ойн хортон шавьж, өвчинтэй биологийн болон байгальд хоргүй бусад аргаар тэмцэх ажлыг өргөжүүлэх;
§ байгалийн нөөц ашигласны болон орчныг бохирдуулсны төлбөрийн орлогын тодорхой хувийг ойг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах эрх зүйн оновчтой зохицуулалтыг бий болгох;
§ ойн нөхөн сэргээлтийн ажлыг эдийн засгийн хөшүүрэг хэрэглэн урамшуулах, сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Ойн түймэр, хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах, хохирлыг арилгах эрх зүй, эдийн засгийн нөхцөл боломж бүрдэнэ.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Ойн нөөцийн ашиглалт, хамгааллыг өндөр хөгжсөн орнуудын түвшинд хүргэнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ ойн экологийн тэнцвэрт байдал, нөхөн ургах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр мод бэлтгэлийн шинэ технологийг ой, ургамалжилтын онцлогт тохируулан нэвтрүүлэх;
§ мод боловсруулах үйлдвэрүүдэд хаягдалгүй технологи бүрэн нэвтрүүлэх;
§ модны үйлдвэрүүдэд орон нутгийн хэрэгцээт гэр, гэр ахуйн модон эдлэл, морин тэрэг зэрэг модон эдлэл үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлэх;
§ үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр огтолсон нэг модны оронд 3-5 мод тариулж хэвшүүлэх.
Гарах үр дүн: Ойн нөөцийн ашиглалт, хамгааллын оновчтой тогтолцоо бүрдэнэ.
3.4. Цөлжилт, гантай хийх тэмцэл
Үндэслэл: Төвийн бүс нутаг нь ялангуяа өмнөд хэсгээрээ хуурай, хуурайвтар, чийг дутмаг бүс нутагт хамрагддаг. Нөгөө талаар төвийн бүсэд бэлчээрийг буруу ашиглах, сөөг, сөөгөнцөр, заг модыг түлшинд их хэмжээгээр хэрэглэх, уул уурхайн зориулалтаар газрыг эвдрэлд оруулах, олон салаа зам гаргах, тариалангийн хөрсийг технологийн горимоор ашиглаагүйгээс элэгдэл, эвдрэлд оруулах зэрэг зохисгүй үйл ажиллагаанаас цөлжилт ихсэх хандлагатай байна.
Замын-Үүд сумын төв нь цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд багтах цөөн тооны газрын нэг боловч манай улсын эдийн засгийн харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэдэг томоохон газар билээ. Иймд төвийн бүсийн хувьд цөлжилттэй тэмцэх нь экологийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах чухал асуудлын нэг болоод байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Элсний нүүдлийг сааруулж, газрын доройтлыг бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ цөлжилтийг хянах, мэдээлэх хяналтын сүлжээ бий болгож, гангийн аюулын мэдээллийн санг аймгийн төвүүдэд байгуулах;
§ цөлжилт, газрын доройтолд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлан тогтоож, тэдгээрээс сэргийлэх арга замыг тодорхойлон, цөлжилт, элсний нүүлтийн мониторингийн станц суурилуулах, зүүн хойд Азийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах сүлжээнд нэгдэн орох ажлыг зохион байгуулах;
§ говь, тал хээрийн бүсийн ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлж, "Ногоон хэрэм" төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
§ хот, суурин газрын орчим мал ихээр бөөгнөрч бэлчээр талхлагдахаас урьдчилан сэргийлэх газар зохион байгуулалт, ашиглалтын оновчтой бодлого явуулах;
§ булаг, шандны эхийг хамгаалах, усны ундаргыг нэмэгдүүлэх зорилгоор мод, бут тарих төслийг сонгон шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
§ говийн баян бүрдийн тооллого явуулж, экологийн дүгнэлт гарган, хамгаалах арга хэмжээ авах.
Гарах үр дүн: Элсний нүүдэл саарч, газрын доройтол буурна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй цөлжилтийг зогсоож, тэмцэх арга, ажиллагааг боловсронгуй болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ газрын элэгдэл, эвдрэл, бэлчээрийн хомсдол, хөрсний үржил шимийн доройтол, элсний нүүдэл, хуурайшилт, гангийн нөлөө, цөлжилтийн явцын мэдээллийн нэгдсэн санг байгуулж ашиглах;
§ цөлжилтийн талаархи мэдээллийн нэгдсэн сүлжээнд сумдыг бүрэн хамруулж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
Гарах үр дүн: Цөлжилттэй тэмцэх арга ажиллагаа улам боловсронгуй болж, хүний үйл ажиллагаанаас хамаарсан цөлжилт зогсоно.
3.5. Биологийн төрөл зүйлийн хамгаалал
Үндэслэл: Төвийн бүсийн биологийн төрөл зүйлийг хамгаалах, зохистой ашиглах нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн тогтвортой хөгжилд ихээхэн ач холбогдолтой.
Төвийн бүсийн хэмжээнд хүний үйл ажиллагааны зохисгүй нөлөөлөл, байгаль цаг уурын өөрчлөлтөөс амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, нөөц нь хомсдож, олон зүйл амьтан, ургамал устаж үгүй болж байна. Энэ нь байгалийн нөөцийн хомсдолыг бий болгож байна.
Эвэр, чив, засаа, заар, арьс, үс, махны гадаад, дотоод зах зээлийн эрэлт өссөн зэргээс болж буга, хүдэр, тарвага, үнэг, хярс, ондатр, цагаан зээрийг хулгайгаар агнах явдал ихсэж байна.
Иймд бүсийн хэмжээний биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, хомсдолын шалтгаан, үр дагаврыг судлан тогтоох, биологийн баялгийг зохистой ашиглах дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх шаардлагатай болж байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Төвийн бүсийн биологийн төрөл зүйлийг оновчтой хамгаалж, зүй зохистой ашиглана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ биологийн төрөл зүйлийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх;
§ сум бүрийн газар ашиглалтын төлөвлөлтөд биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг хамгаалах асуудлыг тусгаж хэвшүүлэх;
§ нэн ховор, устах аюул нүүрлэж буй амьтан, ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ авч, агнах, ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох хүртэл арга хэмжээ авах;
§ биологийн төрөл зүйлийн хамгааллын эрх зүйн үндсийг сайжруулах;
§ төвийн бүсийн амьтан, ургамал, ой, бичил биетний мэдээллийн санг бүрдүүлэх;
§ мазаалай, хандгай, буга, тарвага, аргаль, угалз, янгир, ирвэс, минж, булга, хар сүүлт, гахай, зээр зэрэг ан амьтныг хууль бусаар агнах, зөвшөөрөлгүй загас барих, эмийн ургамлыг ашиглах явдалтай хийх тэмцлийг эрчимжүүлэх.
Гарах үр дүн: Төвийн бүсийн биологийн төрөл, зүйлийг хамгаалах, зохистой ашиглах таатай орчин бүрдэн бий болно.
Тэргүүлэх зорилт 2. Биологийн зарим төрөл, зүйлийг оновчтой ашиглана.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ биологийн зарим төрөл, зүйлийг тоо хэмжээ, нас, хүйсний бүтэц зэргийг оновчтой тооцон зүй зохистой ашиглах;
§ биологийн төрөл, зүйлийг ашигласны төлбөрийн тодорхой хувийг тэдгээрийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах;
§ нэн ховор, ховор ан амьтан үржиж төллөдөг, нүүдлийн болон бусад ховор шувууд өндөглөдөг, ховор ургамал бүхий газар нутгийг ашиглаж эзэмшихгүй нөөц болгон үлдээж байх.
Гарах үр дүн: Биологийн төрөл, зүйлийг экологид нөлөөлөхгүйгээр зүй зохистой ашигладаг болно.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Төвийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг цаашид өргөтгөнө.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ байгаль орчны доройтлоос сэргийлэх, ховор болон нэн ховор биологийн төрөл, зүйлийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулах;
§ биологийн төрөл, зүйлийн ач холбогдлын талаархи мэдээлэл, хүн амын мэдлэгийг сайжруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааг өргөжүүлэх;
§ дархан цаазат газар ба байгалийн цогцолбор газрын орчны бүсүүдэд байгаль орчинд хоргүй аж төрөх альтернатив хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Төвийн бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.
3.6. Усны нөөцийн ашиглалт, хамгаалал
Үндэслэл: Төвийн бүс нь Монгол орны байгалийн ил задгай усны нөөц харьцангуй ихтэй нутаг юм. Бүсийн усны сангийн газар Монголын бүх усны сангийн газрын 29 хувийг эзэлдэг бөгөөд нутгийн 1.2 хувь нь гол мөрөн, нуур тойром, горхи булгийн ус байна. Монголын 3800 гаруй гол горхины 65.6 хувь нь, 1200-аад томхон нуур тойрмын 42.6 хувь нь, 6900-гаад булаг шандын 38 хувь нь энэ бүсэд байна.
Гэвч төвийн бүсэд хүн ам, мал сүргийн усан хангамж хүрэлцэхгүй, олон сумын төв ундны болон ахуйн хэрэглээний усаар гачигдаж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн бэлчээрийн мал усаар гачигдсаны улмаас тарга хүчээ алдаж, малын ашиг шим буурах, хорогдох шалтгаан болж байна.
Төвийн бүсийн говийн аймгууд эх газрын давсжилтын бүсэд оршдогоос ус нь эрдэсжилт, хатуулаг ихтэй, ашиглахад тохиромжгүй байна. Иймд говийн бүсийн усны нөөцийг нарийвчлан тогтоож, чанарыг нь сайжруулах арга технологи боловсруулан улмаар нэвтрүүлж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Төвийн бүсийн умард хэсгийн усны нөөцийн үлэмж хэсэг нь хилийн чанадад урсан гардаг сөрөг талтай. Мөн говь хээрийн бүсийн газрын доорхи усны нөөцийн нөхөн сэргээгдэх хэмжээ орон зай, хугацааны хувьд ялгаатай байна. Иймд Төвийн бүсийн усны нөөцийг хүн амын нутагшилт суурьшил, байгаль орчных нь даацтай уялдуулан судалж нөөцийг нь зөв тогтоох, ашиглалтыг нь оновчтой болгон эрс сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Бүс нутгийн усны нөөцийг оновчтой ашиглаж, ашиглалт, хамгаалалтыг нь сайжруулж, усны бохирдлыг бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бэлчээрийг усжуулж экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөгүй услалтын системүүдийг газар тариаланд өргөн ашиглаж хэвшүүлэх;
§ бэлчээрийн даац сайтай нутгуудад уст цэгийн хайгуул хийлгүүлж, усжуулах;
§ инженерийн хийцтэй худгийг сэргээн засварлах болон шинээр барих, өргөтгөх;
§ ундны усны эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоох;
§ гүний худгийн уст цэг тогтоох эрэл хайгуулыг идэвхжүүлж уст цэгийн тоог нэмэгдүүлэх;
§ үерийн хөв, далан байгуулах үүсгэл санаачилгыг дэмжиж, сум бүрт 1-ээс доошгүйг байгуулах замаар байгалийн хур тунадасыг оновчтой ашиглан газар тариалан, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх;
§ Сэлэнгэ, Орхон, Хараа, Туул, Хэрлэн голын хамгаалалтыг сайжруулж усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
§ булаг шанд, гол горхины эхийг хамгаалж усны нөөцийг нэмэгдүүлэх;
§ "Хэрлэн гол" төслийн хүрээнд Төвийн бүсийн зарим аймаг, сумдын бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг сайжруулах;
§ зарим нуурын усны түвшин буурч ширгэж буй шалтгааныг илрүүлж, засах арга хэмжээ авах;
§ бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийн усан хангамжийг сайжруулж, ус хэмнэлтийн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх.
Гарах үр дүн: Усны нөөцийг зохистой ашиглах нөхцөл боломж бүрдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Усны бохирдлыг 2010 оны түвшингээс эрс бууруулна.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ бүс нутгийн усны нөөцийг оновчтой ашиглах, хамгаалах хяналтын бүтэц бий болгож ажиллуулах;
§ гол горхи, булаг шанд, рашааны эхийг тохижуулах, усны нөөцийг нөхөн сэргээх чадварыг сайжруулах;
§ хүн амын ундны усыг зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмжийг төв, суурин газарт тавьж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар аймгийн төвүүдийг бүрэн хангах;
§ аймгийн төвүүдийн цэвэр усны шугам сүлжээг сольж, гэр хорооллын айлуудын ундны усны хангамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах;
§ гол, горхи, булаг шандны гольдирлыг эвдрэлээс хамгаалах;
§ усны нөөцийг зөв тогтоон арвижуулж, орчныг нь бохирдлоос хамгаалах;
§ зарим гол мөрний усыг ашиглан усан сан барьж байгуулах замаар гадаргын усны нөөц, усан хангамжийг нэмэгдүүлэх.
Гарах үр дүн: Ундны усны чанар дээшилж, нөөц нь нэмэгдэнэ.
3.7. Байгалийн гамшгаас сэргийлэх, хохирлыг бууруулах талаар
Үндэслэл: Зуд, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, мөндөр, хүйтэн бороо орох, үер, ган, хүн, мал, ургамал, амьтны гоц халдварт өвчин, ой хээрийн түймэр зэрэг байгалийн гэнэтийн үзэгдэл, гамшиг үе үе тохиолдож Төвийн бүсийн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл, эдийн засаг, байгаль орчинд багагүй сөрөг нөлөө үзүүлж байна.
Байгалийн гамшгийг судлах, урьдчилан сэргийлэх, нэгэнт тохиолдсон гамшигтай тэмцэх, учирсан хохирлыг багасгах чиглэлээр олон улсын байгууллагуудаас дэмжлэг туслалцаа үзүүлж, удирдлага, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авдаг боловч гамшгийн хохирлын хэмжээ тууштай буурахгүй байна. Иймд байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх оновчтой тогтолцоог бүрдүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүлэн сайжруулах шаардлагатай байна.
Нэгдүгээр үе шат (2006-2010 он):
Тэргүүлэх зорилт 1. Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх оновчтой тогтолцоог бий болгоно.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ гамшгаас хамгаалах тухай болон холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан гамшгаас хамгаалах бүтцийг боловсронгуй болгож, үйл ажиллагааны эрх зүйн таатай орчин бий болгох;
§ гамшгийн мэдээлэл, харилцаа холбооны сүлжээг боловсронгуй болгож мэдээллийн нэгдсэн сан байгуулах;
§ олон нийтэд тулгуурласан гамшгийн менежментийг хөгжүүлэх;
§ бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах;
§ гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгийг нэмэгдүүлэх;
§ байгаль, цаг уурын онц аюултай үзэгдлийг урьдчилан тооцоолох, олон нийтэд мэдээлэх чиглэлээр аймаг, сумдын цаг уурын албаны чадавхийг дээшлүүлэх;
§ хүн, мал, амьтны гоц халдварт өвчний аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээр, хүн, мал эмнэлгийн албаны чадавхийг бэхжүүлэх;
§ ой, ургамлын хортон шавьжийн голомт, нүүдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчний аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хор уршгийг арилгах чадавхийг дээшлүүлэх;
§ байгалийн гамшиг тохиолдсон үед хохирлыг зохих хэмжээгээр арилгах зорилгоор байгууллага, иргэдийг эд хөрөнгө, амь насны даатгалд хамруулах ажлыг сайжруулах.
Гарах үр дүн: Байгалийн гамшигтай тэмцэх, урдчилан сэргийлэх оновчтой тогтолцоо бүрдсэн байна.
Хоёрдугаар үе шат (2011-2015 он):
Тэргүүлэх зорилт 1. Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулж буй хөрөнгийг 2010 оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлж, хүн амын байгалийн гамшгийн талаархи мэдлэгийг дээшлүүлнэ.
Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
§ сум бүрт ой, хээрийн түймэртэй тэмцэх сан байгуулж, хүнс, шатахуун болон эмнэлгийн анхны тусламжийн хэрэгцээнд шаардагдах зүйлсийн байнгын нөөцтэй болгох;
§ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авах, хэрэглэх, гамшгаас сэргийлэн хамгаалах бэлтгэлийг урьдчилан хангах арга ажиллагаанд нийт хүн ам, ялангуяа хөдөөгийн иргэдийг сургах, багаж хэрэгслээр хангах ажлыг сайжруулах;
§ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонор сэрэмж, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор жил бүр бүсчилсэн тусгай сургалт зохион байгуулах;
§ сум бүрт ой, хээрийн түймэр унтраах иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлтгэлтэй орон тооны бус мэргэшсэн анги бий болгож, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган сургалт, дадлагажуулалтыг байнга зохион байгуулах.
Гарах үр дүн: Хүн амын байгалийн гамшгийн талаархи мэдлэг дээшилж, хохирлын хэмжээ багассан байна.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг
арга хэрэгсэл
Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг оновчтой болгох, түүнийг хэрэгжүүлэх дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө санхүүгийн шаардагдах эх үүсвэрийг олж ашиглах, олон нийтийн оролцоог хангах нь Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл мөн.
4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтын үндсэн чиглэл
§ бүсийн зөвлөл, аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газруудын үйл ажиллагааг уялдуулах;
§ Засгийн газрын түвшинд яамд, агентлагуудын хамтын ажиллагааг оновчтой уялдуулан зохицуулах;
§ хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар орон нутгийн удирдлага, бүсийн зөвлөл, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог хөхиүлэн дэмжих оновчтой арга хэрэгсэл, механизмыг бий болгох;
§ жил бүрийн улсын төсөв, дунд хугацааны төлөвлөлтийн бусад баримт бичгүүд, төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийн салбар бүрээр боловсруулан хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг бүс нутгийн хөгжлийн энэхүү хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаатай нягт уялдуулах;
§ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр богино хугацааны төрөлжсөн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх;
§ төрийн бүх шатны төлөвлөлтийн нэгжүүдийн үйл ажиллагааг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр оновчтой уялдуулах;
§ хувийн хэвшил дэх төлөвлөлтийг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх зорилгоор эдийн засаг, эрх зүйн оновчтой механизм, хөшүүргүүдийг бий болгох;
§ үндэсний статистикийн бүх түвшний үзүүлэлт, бүртгэл, мэдээллийг хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтууд, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөхөд тохиромжтой байх чиглэлээр боловсронгуй болгох;
§ хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмол хийж байх.
4.2. Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга, хэрэгсэл
§ өндөр хөгжсөн болон түргэн хурдацтай хөгжиж байгаа орнуудын туршлагыг хэрэглэн экспортын чиглэлтэй үйлдвэрлэлийг дэмжих;
§ хүн ардынхаа оюуны чадавхид тулгуурлан хөгжих бодлогыг тууштай баримталж, боловсролын салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжлийн боловсон хүчин, инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх;
§ эдийн засгийн өсөлтийг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтөөр хангах чиглэл баримтлах;
§ экспортыг нэмэгдүүлэх салбар, үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалтаар дэмжих зарчим баримтлах;
§ аж үйлдвэрийг татвар, гаалийн бодлогоор дэмжих;
§ тэргүүний технологи нутагшуулахыг бүх талаар дэмжих;
§ гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих;
§ дотоодын хуримтлалыг нэмэгдүүлж, оновчтой төвлөрүүлэн, ашиглах механизмыг бий болгох;
§ санхүү, үнэт цаас, хөдөлмөрийн зах зээлийг оновчтой хөгжүүлэх;
§ бүсийн банк байгуулж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох;
§ аж үйлдвэрийн парк, эдийн засгийн болон худалдааны чөлөөт бүсийг эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах арга хэрэгсэл болгох;
§ эдийн засгийн өсөлтийг хангахад бүсийн тулгуур төвүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх.
4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр
§ дотоодын банк, санхүүгийн эх үүсвэрийг бүрэн ашиглах;
§ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих;
§ хүн амын хуримтлал бий болгох сонирхлыг хөхиүлэн дэмжих, бэлэн мөнгийг төвлөрүүлэн ашиглах механизм, эдийн засгийн урамшууллын тогтолцоог бий болгох;
§ дотоодын хөрөнгө оруулалтыг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн ашиглах оновчтой арга механизм, хөшүүргийг бий болгох;
§ үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах оновчтой механизм, хөшүүргийг бий болгох;
§ бага хүүтэй, урт хугацаатай зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх;
§ хувийн хэвшил, Засгийн газрын оролцоотой хамтарсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх;
§ гадаадын улс орон, олон улсын байгууллагаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах;
§ гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлж, хамтарсан үйлдвэрүүдийг олноор байгуулан ажиллуулах.
4.4. Олон нийтийн оролцоо
§ шийдвэр гаргах бүх түвшинд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хэвшүүлэн төрийн үйлчилгээг сайжруулах;
§ орон нутгийн байгалийн нөөц, баялгийг зүй зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхижүүлэх;
§ орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэд, малчид, тариаланчдыг өөрсөдтэй нь холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд өргөнөөр оролцуулж тэдгээрийн эрх ашгийг тусгах;
§ бүс нутгийнхаа тулгамдсан асуудал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд залуучуудыг оролцуулах хөшүүрэг бий болгох;
§ ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар бодлого боловсруулах, шийдвэр гаргахад бизнес эрхлэгчдийг оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх;
§ төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх замаар орон тоо, төсөв зардлыг бууруулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын түншлэл хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг болно.
ХАВСРАЛТ. ТӨВИЙН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН
ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудын хэрэгжилт, гарч буй үр дүнд үнэлгээ өгч, хүндрэл, бэрхшээл, тасалдлыг арилгаж, хэрэгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Хяналт-шинжилгээ, үнэлгээг хөтөлбөрийн тэргүүлэх зорилтуудын хүрээнд тусгасан үзүүлэлтүүдийг үндэслэн хийнэ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2011 онд хийж, хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг 2016 онд гаргана.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээг дараахь үзүүлэлтүүдээр хийнэ. Үүнд:
Хөтөлбөрийн бүлгийн нэр
|
Хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгөх үзүүлэлтүүдийн нэр, тэдгээрийг хэмжих нэгж
|
I үе шатны үзүүлэлт (2006-2010 он)
|
П үе шатны үзүүлэлт (2011-2015 он)
|
|
|||||||||
Нэг.Эдийн засгийн хөгжил
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
29.7
|
19.5
|
|
|||||||||
|
|
Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин (үе шатны эцэст), хувиар
|
72.1
|
82.2
|
|
||||||||
|
|
Аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
5.9 дахин
|
22.5
|
|||||||||
|
|
Боловсруулах аж үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
17.1
|
7.3
|
|||||||||
|
|
Бүсийн уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
10.5 дахин
|
25.2
|
|||||||||
|
|
Бүсийн эрчим хүчний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
8.1
|
10.6
|
|||||||||
|
|
Бүсийн хөдөө аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
6.7
|
7.1
|
|||||||||
|
|
Бүсийн газар тариалангийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
7.3
|
6.7
|
|||||||||
|
|
Бүсийн мал аж ахуйн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
6.6
|
7.2
|
|||||||||
|
|
Бүсийн үйлчилгээний салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дундаж өсөлт, хувиар
|
18.7
|
6.8
|
|||||||||
Хоёр. Нийгмийн хөгжил
|
Бүсийн хүн амын жилийн дундаж өсөлт, хувиар
|
0.6
|
0.8
|
|
|||||||||
|
|
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хувийн жин, хувиар
|
70
|
80
|
|
||||||||
|
|
Сургуулийн насны хүүхдийн хамран сургалт, хувиар
|
95
|
99
|
|||||||||
|
|
Нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд
|
8.7
|
5.0
|
|||||||||
|
|
Хүн амын дундаж наслалт
|
65
|
66
|
|||||||||
|
|
Ажилгүйдлийн түвшин, хувиар
|
1.7
|
1.0
|
|||||||||
|
|
Ядуурлын бууралт (1998 оны түвшингээс), хувиар
|
30
|
2 дахин
|
|||||||||
Гурав. Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль
|
Элсний нүүлтээс хамгаалах зорилгоор байгуулсан ойн зурвасын талбайн өсөлт (2004 оны түвшингээс), хувиар
|
20
|
50
|
|
|||||||||
|
орчны хамгаалал
|
Бэлчээрийн талхагдлын бууралт (2004 оны түвшингээс) хувиар
|
10
|
15
|
|
||||||||
|
|
Хөрсний эвдрэлийн бууралт (2004 оны түвшингээс), хувиар
|
10
|
20
|
|||||||||
|
|
Усны бохирдлын бууралт (2004 оны түвшингээс), хувиар
|
20
|
25
|
|||||||||
|
|
Хот, суурин газар, гэр хорооллын агаарын бохирдлын бууралтын хувь (2004 оны түвшингээс), хувиар
|
40
|
60
|
|||||||||
|
|
Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн өсөлт (2004 оны түвшингээс), хувиар
|
25
|
50
|
|||||||||
-----оОо-----
Текст томруулах
A
A
A