A

A

A

Бүлэг: 1979
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ 
 
1. Засгийн газраас олгох мөнгөн шагнал (цаашид "мөнгөн шагнал" гэх)-ын зорилго нь Олимпийн наадмын тоглолтод багтдаг спортын төрлөөр Олимп, тивийн наадам, дэлхий, тивийн аварга, дэлхийн цомын аварга, оюутны универсиад, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон параолимпийн наадам (цаашид "тэмцээн" гэх)-д медальт байранд шалгарсан тамирчид, түүний бүрэлдэхүүн (дасгалжуулагч, эмч, массажист, бэлтгэл хангагч, ивээн тэтгэгч, холбогдох холбоо/клуб)-ийг урамшуулах замаар Олимпийн наадамд өндөр амжилт гаргахад дэмжлэг үзүүлэхэд оршино
 
2. Мөнгөн шагналыг олимпийн наадмын тоглолтод багтдаг спортын төрлийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн сонирхогчдын тэмцээн болон параолимпийн наадамд олгоно. Олимпийн бус спортын төрлийн тэмцээнд медальт байранд шалгарсан тамирчдад энэхүү журам хамаарахгүй
 
З. Тэмцээнд оролцож медальт байранд шалгарсан тамирчин, дасгалжуулагч тухайн тэмцээн дууссанаас хойш 1 сарын дотор дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэмцээний албан ёсны протокол, тэмцээнд оролцуулахыг зөвшөөрсөн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр, тэмцээнд оролцох тамирчин болон түүний бүрэлдэхүүний хооронд байгуулсан нотариатаар баталгаажуулсан гэрээний хувийг шагнуулах хүсэлтийн хамт биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
 
4. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын З-т заасан материалыг хянан үзэж, шагнал олгуулах тухай шийдвэр гаргуулахаар холбогдох материалыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
 
5. Шагнал олгох шийдвэрийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар гаргана.
 
6. Зөвхөн олимпийн наадамд медаль авсан тамирчны авсан мөнгөн шагналын 60 хувьтай тэнцэх мөнгөн шагналыг тухайн тамирчны дасгалжуулагчид олгоно.
 
7. Олимп, тивийн наадмаас бусад тэмцээний бэлтгэл сургуулилт болон тэмцээнд оролцох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлсэн тохиолдолд мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх шагналыг олгоно.
 
8. Тэмцээнд оролцох тамирчин болон түүний бүрэлдэхүүний хооронд байгуулсан нотариатаар баталгаажуулсан гэрээний хувийг тэмцээн болохоос З-аас доошгүй сарын өмнө биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн байна.
 
9. Тамирчин, түүний бүрэлдэхүүний хооронд байгуулсан шагналыг хуваарилах талаар тусгасан байх бөгөөд мөнгөн шагналын 60-аас доошгүй хувийг тамирчин авахаар заасан байна.
 
10. Тэмцээнд тухайн спортын төрлийн зай, жинд 10-аас доош тамирчин оролцсон тохиолдолд шагналын 50 хувийг олгоно.
 
11. Тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10-аас доош, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 25-аас доош орон оролцсон тохиолдолд мөнгөн шагналын 50 хувийг олгоно.
 
12. Цувралаар явагддаг тэмцээний шагналыг тамирчны үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар тухайн жилд 1 удаа олгоно.
 
13. Багийн спортын төрлийн тэмцээнээс медаль хүртсэн багийн гишүүн тус бүрт мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх шагналыг олгоно.
 
14. Хэмжигдэхүүнтэй спортын төрөлд олимп, тив, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тохиолдолд тивийн наадмын алтан медальтай дүйцэх шагналын 50 хувийг 1 удаа олгоно.
 
-----оОо-----