- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЕРОНТОЛОГИЙН ТӨВИЙН ДҮРЭМ
ГЕРОНТОЛОГИЙН ТӨВИЙН ДҮРЭМ
Нэг. Eрөнхий зүйл
1.1. Геронтологийн төв нь /цаашид "төв" гэнэ/ монгол хүний хөгшрөлтийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засалтын тусламж, үйлчилгээг ахмад настанд үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сургалт, судалгаа явуулах үүрэг бүхий байгууллага мөн.
1.2. Төвийн зорилго нь ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад оршино.
1.3. Төв нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтална.
1.4. Төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.5. Төвийг өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
1.6. Төв нь Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж улсын төсөв, эрүүл мэндийн даатгал, хандив, тусламж, бусад орлогын эх үүсвэрээр санхүүжинэ.
Хоёр. Удирдлага зохион байгуулалт
2.1. Төвийн даргыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
2.2. Дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж, төвийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө бүрэн хариуцаж тайлагнана.
2.3. Төв нь захиргаа, сургалт судалгааны арга зүйн зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг төвийн дарга баталж, зөвлөлийг удирдаж ажиллана.
2.4. Төв нь өөрийн бүтэц, үйлчилгээний онцлог байдлыг тусгасан хөдөлмөрийн дотоод журамтай байна.
Гурав. Төвийн бүрэн эрх
Төв нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
3.1. эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, ахмад настны өвчлөлийн талаар судалгаа явуулах, хүн амын эрт өтлөхөд нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлах;
3.2. нийгэм, хамт олонд тулгуурлан сэргээн засах тусламж, үйлчилгээг ахмад настанд үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
3.3. ахмад настанд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний стандарт боловсруулах;
3.4. эрүүл, урт наслахад нөлөөлөх эм, биобэлдмэл, хүнсний нэмэлт бүтээдэхүүний талаар судалгаа явуулж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх;
3.5. иргэд, байгууллага, хамт олонд эрүүл аж төрөх ёс, уламжлалт зан заншлыг хэвшүүлэх, эрт өтлөлтөөс урьдчилан сэргийлэх, эрүүл, урт наслах талаар зөвлөмжөөр хангах;
3.6. сэргээн засах тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, насжилтын асуудлаар судалгаа явуулж мэдээллийн сантай болох;
3.7. ахмадын эмч, мэргэжилтэнг бэлтгэх, давтан сургах, тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх сургалт явуулах;
3.8. аймаг, нийслэл, дүүргийн ахмадын байгууллагатай хамтран ажиллах.
Төв нь дор дурдсан эрх эдэлнэ:
3.9. ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээг чанаржуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн заавар, журам, удирдамж гаргах;
3.10. ахмад настны эрүүл мэндийн асуудлаар ижил төрлийн гадаадын байгууллагуудтай түншлэл тогтоон, хамтран ажиллах;
3.11. гериатрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах, шинжилгээ хийж үнэлэх;
3.12 ахмад настны эрүүл мэндийн талаар сургалт явуулах, зөвлөлгөө өгөх мэргэжилтэнг гэрээний үндсэн дээр авч ажиллуулах;
3.13. ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлаар холбогдох дээд шатны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A