A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХҮН ХУДАЛДАХ ЯЛАНГУЯА ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Бүлэг: 1979
ХҮН ХУДАЛДАХ ЯЛАНГУЯА ХҮҮХЭД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ЗОРИЛГООР АШИГЛАХААС ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
 
Нэг. Үндэслэл
Дэлхий дахинд, ялангуяа Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, биеийг нь үнэлүүлэн орлого олохоор нэг улсын дотор болон хил дамжуулан худалдах асуудал сүүлийн үед их хэмжээгээр өргөжиж, зэвсэг, хар тамхины наймааны дараа орох болсон байна.
Судалгаанаас үзэхэд хүнийг үйлдвэр, тариалангийн талбайд ажиллуулах, гэрийн ажилд зарцлах, тахир дутуу болгон гуйланчлуулах, эрхтэнг нь авч худалдах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, биеийг нь үнэлүүлэх, садар самууны сурталчилгаа болон үзүүлбэр, интернэтийн буюу cybex sex-ийн сурталчилгаанд ашиглах зорилгоор худалддаг байна. Хүн худалдах гэмт хэргийн 75 орчим хувийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах хэлбэр эзэлдэг ажээ.
Зарим эх сурвалжаас үзэхэд дэлхийн хэмжээнд  нэг жилийн дотор 0.7-2 сая хүн, Европын Холбооноос тогтоосноор зөвхөн баруун европын орнуудад жилд 120000 хүн худалдагдаж байгаагийн нэлээд хэсгийг өсвөр насны охид, хөвгүүд эзэлдэг байна.
Хөгжиж байгаа орны хүүхэд, эмэгтэйчүүдийг улсын дотор, хөрш зэргэлдээ улс руу болон Ази, Европын хөгжингүй орнууд руу өндөр цалинтай ажилд зуучлах, гэрлүүлэх зэрэг хуурамч зарыг ашиглан мэхэлж аваачдаг бөгөөд улмаар хууль бус орогнол, бичиг баримтын зөрчил, мөнгөгүй, хэл мэдэхгүйн улмаас тусламж авах бололцоогүй байдлыг нь ашиглан эрхшээлдээ оруулж биеийг нь үнэлүүлэн орлого олдог байна.
Сүүлийн жилүүдэд монгол охид, эмэгтэйчүүд төрөл бүрийн зар, зуучлалд хууртагдан Макао, Хонконг, Хятад, Европын зарим оронд очих болсон бөгөөд дээр дурдсан эмзэг байдлаас шалтгаалан хүчирхийлэл, дарангуйлалд автах, бие махбодь сэтгэл зүйн хохирол үзэх зэргээр эрх нь зөрчигдөх болсон байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогчдын дотор бие бялдар, оюун ухааны хувьд ч төгс төлөвшөөгүй байдгийн хувьд хүүхдийг онцгойлон анхаарч тэдний эрхийг хамгаалах, ялангуяа эрсдлээс хамгаалах эрх зүйн зохих хамгаалал бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байна.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 34, 35 дугаар зүйлд Конвенцид нэгдэн орсон орны Засгийн газар хүүхдийг мөлжлөгийн зорилгоор бэлэгсийн харьцаа, садар самууныг дүрсэлсэн арга хэмжээнд ашиглах, хүүхдийг аливаа зорилго, хэлбэрээр хулгайлах, худалдах, хууль бусаар хил нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж заасан.
Мөн 2001 онд батлагдсан Хүүхдийг худалдах, биеэ үнэлж, садар самуунд татагдахаас хамгаалах тухай Хүүхдийн эрхийн тухай Конвенцид оруулсан Нэмэлт Протокол, Олон улсын хүүхдийн байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, нэн даруй устгах тухай 182 дугаар Конвенцид Монгол Улс тус тус нэгдэн орсноор хүүхдийн хамгааллыг сайжруулах үүргийг хүлээсэн юм.
Монгол Улс эдгээр Конвенц, Протоколд нэгдэж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээний хурал, зөвлөлгөөний тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх үүргийг хүлээж ирсэн боловч хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, хил дамжуулан худалдахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр боловсруулж байгаагүй нь өнгөрсөн хугацаанд энэ асуудал төдийлөн хурцаар тавигдаж байгаагүйтэй холбоотой юм. Харин 2004 онд Улсын Их Хурлаас батлагдсан Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, 2002 онд батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах Үндэсний хөтөлбөрт хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, хил дамжуулан худалдахаас хамгаалах асуудал тусгагдсан юм.
Иймд нийгмийн хүрээнд гарч байгаа өөрчлөлт, даяарчлал, ядуурал, иргэдийн ёс суртахууны өөрчлөлттэй холбоотойгоор хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хэрэгжүүлэх асуудлыг онцгойлон үзэж "Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний  хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
Хүний эрхийн асуудал нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбар, иргэний нийгмийн хамтын ажиллагааг шаардсан асуудал бөгөөд Засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, үүний дотор аялал жуулчлал, үйлчилгээ, хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулснаар үр дүнтэй хэрэгжих билээ.
 
Хоёр. Хөтөлбөрийн эрхэм зорилго
2.1. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалахад энэхүү хөтөлбөрийн эрхэм зорилго оршино.
 
Гурав. Хөтөлбөрийн зорилт
3.1. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахын эсрэг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүрэг, бусад баримт бичигт туссан үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэх.
3.2. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тэмцэхтэй холбогдсон эрх зүйн  орчинг боловсронгуй болгох.
3.3. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах, тэднийг садар самуунд уруу татах, дотооддоо болон хил дамжуулан худалдах гэмт хэрэг, түүний улмаас хүүхэд, эмэгтэйчүүдэд учирч болох хохирол, гарах үр дагаврын талаархи иргэний нийгэм, эцэг эх, хүүхэд, залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх.
3.4. Нийгмийн ажилтан болон боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ, хууль хяналтын байгууллагын ажилтны чадавхийг бэхжүүлж, хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллах мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх.
3.5. Хүн худалдах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, дотооддоо болон хил дамжуулан худалдагдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогчийг нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд төрийн, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах.
3.6. Хүн худалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж тэдний зүгээс гарсан санал санаачилгыг дэмжих.
 
Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт, хугацаа
4.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
      4.1.1. улс, орон нутгийн төсвөөс хуваарилах хөрөнгө;
      4.1.2. хандивлагч орон болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, тусламж, хандивын хөрөнгө;
      4.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;
      4.1.4. хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
      4.1.5. бусад эх үүсвэр.
4.2. Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас хамгаалах Үндэсний хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагааг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хөрөнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлнэ.
4.3. Хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах, хил дамжуулан худалдахаас урьдчилан сэргийлэх эдгээр гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хохирсон хүүхэд, эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх ажилд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг тухайн жилийн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх асуудлыг Сангийн яам, бүх шатны Засаг дарга хариуцна.
4.4. Хөтөлбөрийг 2015 он хүртэл дараахь үе шаттайгаар  хэрэгжүүлнэ:
 
      Нэгдүгээр үе шат:                      2006-2008
      Хоёрдугаар үе шат:                   2008-2011
      Гуравдугаар үе шат:   2011-2014
 
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
      5.1.1. хүний эрхийг дээдэлсэн, эрсдлээс хамгаалах ээлтэй орчин бүрдүүлэх;
      Хүний эрхийн түгээмэл тунхаглал, хүүхэд болон эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаархи олон улсын баримт бичиг, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрхийг дээдэлж, хүүхэд бүрийг өөрийн гэр бүлд, эцэг эхийн хайр халамжинд эрүүл энх өсч хөгжих, сурч боловсрох, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
      5.1.2. иргэдэд ялгаварлалгүй хандаж, нэр төрийг нь эрхэмлэн хамгаалах;
      Бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглагдсан, худалдагдсан, эрсдэлд өртсөн, хохирсон эмэгтэйчүүд, хүүхэд бүрт амьдралын байдал, яс үндэс, хэл соёл, хүмүүжлийн байдлаас үл хамааран ялгаварлалгүй хандаж нэр төрийг нь хамгаалах асуудлыг онцгойлон анхаарна.
      5.1.3. хүн худалдахаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог хангах;
      Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, өсвөр үе, залуучууд, олон нийтийн оролцоог дэмжинэ.
      5.1.4. хүүхэд, эмэгтэйчүүдийг эрсдлээс хамгаалах, нөхөн сэргээж нийгэмшүүлэхэд үзүүлэх үйлчилгээ мэргэшсэн байх;
Хохирогчид болон эрсдэлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажиллах нийгмийн ажилтан, хууль хяналтын болон үйлчилгээний бусад байгууллагын ажилтны мэргэшсэн үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлнэ.
 
5.1.5. хөтөлбөрийг Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, үндэсний бусад хөтөлбөр, төсөлтэй уялдуулах.
 
Зургаа. Хэрэгжүүлэх арга хэмжээ
6.1. Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх ажлын талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
      6.1.1. хүн худалдах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, садар самуунд уруу татах, үүнээс гарах сөрөг үр дагавар, хохирлоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг зохион байгуулах;
      6.1.2. аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах, хил дамжуулан худалдахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хохирогчийг нөхөн сэргээх чиглэлийн чадавхи нэмэгдүүлэх сургалтад хамруулах;
      6.1.3. хууль хяналтын байгууллагын ажилтны энэ төрлийн гэмт хэргийн талаархи ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, илрүүлэх, тэмцэх арга барил, ур чадварыг нэмэгдүүлж, техникийн дэвшлийг өргөн ашиглах;
      6.1.4. хүүхдийг бэлгийн мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвартай болгоход чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг хүртээмжтэй, үр өгөөжтэй зохион байгуулах;
      6.1.5. бэлгийн мөлжлөгт өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн гэр бүлд чиглэгдсэн сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулахад иргэний нийгмийн оролцоог хангах;
      6.1.6. гадаадад зорчигч болон гадаадаас ирж байгаа зорчигчдын бүртгэл, хяналтын системийг боловсронгуй болгож, хүүхэд, эмэгтэйчүүд гадаадад хууль бусаар гарахаас урьдчилан сэргийлэх;
      6.1.7. хэвлэл мэдээлэл, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад зориулсан хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглагдахаас хамгаалах сургалтыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулах, тэдний чадавхийг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх;
      6.1.8. хүүхэд хамгаалал, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн нийгмийн ажилтныг бэлтгэх, тэднийг чадваржуулах, тэдгээрт зориулж гарын авлага, сурталчилгааны материал боловсруулах арга хэмжээг дэмжих;
      6.1.9. хүүхэд, эмэгтэйчүүдийг интернэтийн секс сурталчилгаанд ашиглагдахаас хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх.
6.2. Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
      6.2.1. хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах бүх хэлбэрийг таслан зогсоох асуудлаар садар самуунтай тэмцэх талаархи болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
      6.2.2. үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын Конвенц болон түүний "Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдийг хил дамжуулан худалдаалахын эсрэг" Нэмэлт Протоколд нэгдэн орох асуудлыг судлан зохих бэлтгэл хангах;
      6.2.3. хүүхэд хамгааллын чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид харьцуулсан судалгаа хийж, олон улсын гэрээ, Конвенцийн шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх;
      6.2.4. хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах гэмт хэрэгтэй тэмцэх хүчний болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
      6.2.5. иргэний бүртгэл мэдээлэл, хилийн шалган нэвтрүүлэх, хууль сахиулах болон холбогдох байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгож ажилтныг нь чадавхижуулах;
      6.2.6. энэ төрлийн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд, эмэгтэйчүүдийн нас, бие махбодь, сэтгэл санааны болон бусад хохирлыг тогтоох шинжээчдийн багуудыг байгуулан ажиллуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр  хангах;
      6.2.7. хүлээн авагч улсад нь хохирогчийг аврах, хамгаалах, эрх зүйн туслалцаа болон бусад үйлчилгээ үзүүлэхэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газруудын энэ чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх.
6.3. Хохирогчдыг хэвийн амьдралд нь буцаан нийгэмшүүлэх, нөхөн сэргээх чиглэлээр дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
      6.3.1. садар самуун,  бэлгийн хүчирхийлэл, арилжаанд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн талаархи мэдээллийн сүлжээг бий болгох;
      6.3.2. хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг нөхөн сэргээх, тэдний хувийн нууцыг хадгалах, нэр төрийг нь хамгаалах чиглэлээр хууль хяналт, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилтны мэргэжлийн ур чадвар, эрх зүйн мэдлэгийг системтэй нэмэгдүүлэх;
      6.3.3. хохирогч болон эрсдэлд байгаа хүүхдийн боловсролыг нөхөн олгох, нийгэмшүүлэхэд бүх талын дэмжлэгийг үзүүлэх;
      6.3.4. бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглагдаж эрсдэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, тэднийг нөхөн сэргээх үйлчилгээг бий болгох;
      6.3.5. хохирогч болон эрсдэлд байгаа хүүхдийг эрхээ хамгаалах, нийгэмшин төлөвших, нийгмийн амьдралд оролцох чадварт сургах үйл ажиллагааг дэмжих;
      6.3.6. хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх "итгэлтэй утас", хамгаалах байрны үйлчилгээг хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй, тохиромжтой хэлбэрээр хөгжүүлэх арга хэмжээ авах;
      6.3.7. хууль, эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх нэгжийг хохирогчдын амьдрах орчны ойролцоо ажиллуулах, сэтгэл зүйн сэргээн засах үйлчилгээг бий болгох чиглэлээр төрийн бус байгууллагын гаргасан санал, санаачилгыг дэмжих;
      6.3.8. хүүхэд, эмэгтэйчүүдэд учирсан хохирлыг барагдуулах эрх зүйн орчинг бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
      6.3.9. садар самуун явдал, бэлгийн хүчирхийллийн золиос болсон хүүхэд, эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэдийн үйл ажиллагааг урамшуулан дэмжих;
      6.3.10. хүүхэд, эцэг эх, тэдний гэр бүлийн гишүүд, багш, нийгмийн ажилтнуудад хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаархи ойлголт хандлагыг төлөвшүүлэх сурталчилгааг өргөжүүлэх;
      6.3.11. энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүд эх орон, орон нутагтаа эргэн ирэх, нийгэмших эрх зүй, нийгмийн таатай нөхцөлийг бүрдүүлэх.
 
Долоо. Хөтөлбөрийн үр дүн
7.1. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас хамгаалах эрх зүйн орчин боловсронгуй болно.
7.2. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдахаас сэргийлэх асуудлаар нийгмийн бүх давхаргын ойлголт нэмэгдэж, зөв хандлага төлөвшинө.
7.3. Суурь боловсролоор олгогдож байгаа эрх зүй, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудал тусгагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг дээшилнэ.
7.4. Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын чадавхи бэхжин тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна.
7.5. Садар самуун явдал, бэлгийн хүчирхийлэл, арилжаанд өртсөн болон өртөж болзошгүй эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн тоог бууруулж, тэдэнд үзүүлэх боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ бий болно.
7.6. Хил дамжин худалдагдсан хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаа сайжирна.
7.7. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах, худалдах боломж нөхцөлийг сааруулж түүнд тавих хяналт сайжирна.
 
 
 
 
----оОо----