A

A

A

Бүлэг: 1979
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ ЖУРАМ 
 
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Засгийн газрын гишүүн ажил хүлээлцэхэд тавих нөхцөл, шаардлага, эрх, үүргийг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Улсын Их Хурлаас дараахь асуудлаар шийдвэр гаргасан нөхцөлд Засгийн газрын гишүүн энэ журмын дагуу ажил хүлээлцэнэ:
      1.2.1. Улсын Их хурлаас Засгийн газрыг эмхлэн байгуулсан;
      1.2.2. Үндсэн хуулийн Дөчин гурав, Дөчин дөрөвдүгээр зүйлд зааснаар Засгийн газрыг огцруулж, шинээр байгуулсан;
      1.2.3. огцорсон, чөлөөлөгдсөн, эсхүл нас нөхчсөн Засгийн газрын гишүүнийг нөхөн томилсон.
1.3. Засгийн газрын гишүүний ажил хүлээлцэх ажлыг зохион байгуулах комисс (цаашид "Комисс" гэх)-ыг Ерөнхий сайд томилно.
1.4. Засгийн газрын гишүүний ажлыг Улсын Их Хурлаас зохих шийдвэр гарсан даруй хүлээлцэнэ. Ажил хүлээн авч байгаа болон хүлээлгэн өгч байгаа сайд биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд Ерөнхий сайдын шийдвэрээр ажил хүлээлцэхийг тухайн шалтгааныг арилтал түр хугацаагаар хойшлуулж болно.
 
Хоёр. Засгийн газрыг эмхлэн байгуулсан үед ажил хүлээлцэх
2.1. Энэ журмын 1.2.1-д заасны дагуу Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан үед бүрэн эрхийн нь хугацаа дуусгавар болсон сайд шинээр томилогдсон сайдад ажлаа биечлэн хүлээлгэж өгнө.
2.2. Засгийн газрыг огцруулж, шинээр байгуулсан үед энэ журмын 2.1, 2.2-т заасантай нэгэн адил ажил хүлээлцэнэ.
 
Гурав. Огцорсон,  чөлөөлөгдсөн, нас нөхчсөн сайдыг нөхөн томилоход ажил хүлээлцэх
3.1. Сайд огцорсон, чөлөөлөгдсөн, нас нөхчсөн тохиолдолд түүний үүргийг хариуцан гүйцэтгэж байгаа Монгол Улсын сайд нөхөн томилогдсон сайдад ажлыг нь хүлээлгэж өгнө.
3.2. Ажил хүлээлцэх үед огцорсон, чөлөөлөгдсөн сайдыг байлцуулж болно.
 
Дөрөв. Ажил хүлээлцэх журам
4.1. Ажлаа хүлээлгэн өгч байгаа сайд өөрийн тэргүүлсэн яам болон эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаа явуулж байгаа агентлаг, бусад байгууллагын удирдлагын хамт шинээр буюу нөхөн томилогдсон сайдыг хүлээн авч, яамны тамгыг түүнд хүлээлгэж өгнө.
4.2. Яамны тамгыг хүлээлгэж өгсний дараа шинээр буюу нөхөн томилогдсон сайдад түүний эрхлэх асуудлын хүрээ, холбогдох байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааг танилцуулах бөгөөд дараахь асуудлыг заавал танилцуулна:
      4.2.1. яамны бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг;
      4.2.2. "Яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратегийн хөтөлбөр" болон "Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө"-нд туссан эрхэм зорилго, хэтийн зорилт, тэдгээрийн биелэлт, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилт;
      4.2.3. Төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, түүний биелэлт;
      4.2.4. эрхлэх асуудлын хүрээний төсөв, санхүүжилт болон гадаадын зээл, тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн явц;
      4.2.5. яамны сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан тэнцэл, яамны мэдэлд байгаа эд хөрөнгийн жагсаалт, үнэлгээ;
      4.2.6. тухайн сайд албан тушаалынхаа дагуу Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулсан хороо, комисс, зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилладаг бол тэдгээрийн тухай танилцуулна;
      4.2.7. шинээр буюу нөхөн томилогдсон сайдын үзэж, танилцахыг хүссэн бусад асуудал.
4.3. Энэ журмын 4.2.3-4.2.7-д заасан асуудал бүрийг танилцуулахдаа холбогдох баримт бичиг, тайлан тэнцэл, материалыг шинээр буюу нөхөн томилогдсон сайдад хүлээлгэж өгсөн байвал зохино.
4.4. Ерөнхий сайдын томилсон комисс ажил хүлээлцсэн явцын тухай тэмдэглэл хөтлөх, ажил хүлээлцсэн акт үйлдэх ажлыг хариуцан зохион байгуулна.
4.5. Ажил хүлээлцсэн актад дараахь зүйлийг тусгана:
 
      4.5.1. ажил хүлээлцсэн газар, хугацаа, он, сар, өдөр, ажил хүлээлцэхэд оролцсон албан тушаалтан;
      4.5.2. энэ журмын 4.2-т заасан асуудал бүрийг танилцуулсан байдал, ажил хүлээлцэх хүрээнд явагдсан бусад ажиллагаа, арга хэмжээ;
      4.5.3. хүлээлгэж өгсөн материал, баримт бичгийн жагсаалт, тоо хэмжээ;
      4.5.4. сайд нарын актад тусгуулахыг хүссэн бусад асуудал.
4.6. Ажил хүлээлцсэн тухай актыг гурван хувь үйлдэх бөгөөд ажил хүлээлгэн өгсөн сайд болон хүлээн авсан сайд танилцаж гарын үсэг зурсан байна.
4.7. Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлийг тухайн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга хөтөлнө. Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэлд тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан болон комиссын гишүүд гарын үсэг зурна.
4.8. Яамыг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан нэг сайд хэд хэдэн шинэ сайдад, эсхүл хэд хэдэн сайд нэг сайдад ажлаа хүлээлгэж өгөх тохиолдолд сайд тус бүртэй ажил хүлээлцсэн акт үйлдэнэ.
 
Тав. Ажил хүлээлцэх сайд нарын эрх, үүрэг
5.1. Ажил хүлээлгэн өгч байгаа сайд дараахь үүрэг хүлээнэ:
      5.1.1. шинээр буюу нөхөн томилогдсон сайдад түүний эрхлэх асуудлын хүрээ, чиг үүрэг бүрийн талаар мэдээлэл өгөх;
      5.1.2. яам, агентлаг, бусад байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, удирдлага, төсөв, санхүүгийн талаар тодорхой танилцуулах;
      5.1.3. ажил хүлээлцэхэд ач холбогдол бүхий баримт бичиг, материалыг бүрэн хэмжээгээр хүлээлгэн өгөх;
      5.1.4. албан ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан эд хөрөнгө, техник хэрэгслийг хүлээлгэн өгч цалин хөлс, бусад тооцоог хийж дуусгах;
      5.1.5. ажил хүлээлцсэн актыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл бичгээр тайлбар гарган актад хавсаргах.
5.2. Шинээр буюу нөхөн томилогдсон сайд дараахь эрхтэй:
      5.2.1. ач холбогдолтой гэж үзсэн тодорхой асуудлыг тусгайлан хүлээлгэн өгөхийг шаардах;
      5.2.2. шаардлагатай гэж үзвэл яам, агентлагийн удирдлагыг нэг бүрчлэн хүлээн авч уулзах, нэмэлт материал, баримт бичиг гаргуулах;
      5.2.3. ажил хүлээлцсэн актыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл бичгээр тайлбар гарган актад хавсаргах.
 
Зургаа. Ажил  хүлээлцэх үед яам, агентлаг, бусад байгууллагуудын хүлээх үүрэг
6.1. Ажил хүлээлцэх үед холбогдох яам, агентлаг, бусад байгууллагын удирдлага дараахь үүрэг хүлээнэ:
      6.1.1. холбогдох материал, баримт бичиг, тайлан тэнцлийг шинээр буюу нөхөн томилогдсон сайдад танилцуулахад бэлэн болгох, түүний шаардсан нэмэлт материал, баримт бичгийг гаргаж өгөх;
      6.1.2. Ажил хүлээлцэх үед яам, агентлаг, бусад байгууллагын холбогдох ажилтнуудыг бэлэн байлгах.
 
 
 
 
-----оОо-----