A

A

A

Бүлэг: 1979
ХҮҮХДИЙН УРАН БҮТЭЭЛ ТУУРВИХАД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Мэргэжлийн урлагийн байгууллагууд, уран бүтээлчид хүүхдэд зориулсан уран бүтээл хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.2. Хүүхдэд зориулсан уран бүтээл хийх, уран сайхны кино бүтээх болон уран зохиол, танин мэдэхүйн ном хэвлэхэд санхүүгийн дэмжлэг авахаар ирүүлсэн төслийг хэлэлцэн шийдвэр гаргахад дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх) Соёл, урлагийн сангийн дэргэд ажиллана.
1.3. Мэргэжлийн зөвлөл нь тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, кино, драм, хөгжим, утга зохиол, ном хэвлэл, урлаг судлаачийн төлөөлөл бүхий 11 гишүүнтэй байна.
1.4. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
Хоёр. Төслийн санхүүжилтийн зориулалт
2.1. Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих хөрөнгийг дор дурдсан төсөлд зарцуулна:
      2.1.1. уран сайхын болон баримтат кино бүтээх;
      2.1.2. сонгодог, үндэсний дуурь, бүжгийн жүжиг бүтээх;
      2.1.3. өөрийн орны болон гадаадын зохиолчдын жүжгийг тавих;
      2.1.4. хүүхэлдэйн жүжиг, концертын хөтөлбөр бэлтгэх;
      2.1.5. хүүхдийн сэдэвтэй дуу, найрал дуу, хөгжим болон концертын бүтээл туурвих;
      2.1.6. циркийн хөтөлбөр хийх;
      2.1.7. хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн ном хэвлүүлэх;
      2.1.8. симфони концерт хийх;
      2.1.9. хүүхдийн урлагийн наадамд дэмжлэг үзүүлэх;
      2.1.10. хүүхдийн сэдэвтэй зургийн үзэсгэлэн, уралдааныг дэмжих;
      2.1.11. хүүхдийн дунд үндэсний уламжлалт урлалын уралдаан, үзэсгэлэнг зохион байгуулах.
 
Гурав. Төсөлд тавигдах шаардлага
3.1. Санхүүгийн дэмжлэг хүссэн төсөл нь дараахь шаардлагыг хангасан байна:
      3.1.1. монголын үндэсний уламжлал, түүх, соёл, ёс заншлыг урлаг, уран сайхны өндөр түвшинд харуулсан;
      3.1.2. хүүхдийн сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн ололтыг ойлгомжтой байдлаар харуулсан;
      3.1.3. садар самуун, хүчирхийлэл болон мансууруулах бодис, алан хядлага зэрэг хуулиар хориглосон сөрөг үзэгдэл сурталчилаагүй байх.
 
Дөрөв. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа
4.1. Мэргэжлийн зөвлөлийн хуралд ирүүлсэн төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон зохиогчийн үнэлгээг үндэслэн уг төсөлд үзүүлэх хөрөнгийн хэмжээг тогтооно.
4.2. Хурлыг Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсоноор хүчинтэйд тооцно.
4.3. Мэргэжлийн зөвлөл нь ирүүлсэн төсөлд санхүүгийн дэмжлэг өгөх шаардлагыг хангаж байгаа эсэхэд тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргана.
4.4. Мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргана.
4.5. Мэргэжлийн зөвлөлийн гишүүний төсөл нь хурлын хэлэлцүүлэгт орж байгаа бол түүнийг хуралд оролцуулахгүй.
 
Тав. Төслийн шалгаруулалт ба санхүүжилт
5.1. Төслийн шалгаруулалтыг тухайн жилийн 1, 6 дугаар саруудад зохион байгуулна.
5.2. Төслийг Мэргэжлийн зөвлөл хэлэлцэхээс 1 сарын өмнө соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
5.3. Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
 
-----оОо-----