A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫГ ГАДААДАД ТАНИУЛАН СУРТАЛЧЛАХ ЕРӨНХИЙ ЧИГЛЭЛ
 
 
Нэг. Нийтлэг зүйл
1. Монгол Улсын шинэ дүр төрх өнөөгийн байдал, үндэсний онцлог, ардчилсан хөгжлийн ололт амжилтыг гадаад ертөнцөд таниулах нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, хөгжлийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
2. Монгол Улсыг гадаадад таниулан сурталчлах нь гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улмаар дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс бүх талын дэмжлэг хүлээх, олон улсын байр суурийг бэхжүүлэхэд таатай нөхцөл бүрдэнэ.
3. Олон улсын харилцаа эрчимтэй өөрчлөгдөж, мэдээллийн технологи улам бүр өргөн нэвтэрч, даяаршлын үйл явц гүнзгийрч байгаатай уялдан улс орноо гадаадад таниулан сурталчлах ажлын агуулга, хэлбэр, чиглэлийг тухай бүр тодруулан баяжуулж, арга барилыг сайжруулах, хамрах хүрээг нь өргөжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд байнга анхаарах шаардлагатай байна.
4. Гадаад сурталчилгаа, мэдээллийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, чиглэлтэйгээр тогтмол явуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлон байгуулж, зах зээлийн эдийн засгийн зарчмыг бодитойгоор нэвтрүүлж, гадаад ертөнцөд нээлттэй, идэвхтэй бодлого явуулж, үндэсний соёл, ёс заншлын уламжлалыг шинэчлэлтэй хослуулж, хүн төрөлхтөний түүхэнд оруулсан хувь нэмрээрээ бахархаж, даяаршлын үйл явцад идэвхтэй оролцож байгаа монгол орныг тал бүрээр нээн үзүүлэхэд гадаад сурталчилгаа чиглэгдэнэ.
 
Хоёр. Гадаад сурталчилгааны тогтолцоо
 
1. Монгол Улсыг гадаад ертөнцөд таниулан сурталчлах ажилд тус улсын төр, засгийн бүх байгууллага, төрийн бус байгууллагууд, эрдэмтэд судлаачид, бизнесийн хүрээнийхэн, иргэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд идэвхтэй оролцоно.
2. Сурталчлан таниулах ажилд гадаадад сурч байгаа оюутнууд болон ажиллаж, амьдарч байгаа Монголын харьяат болон монгол гаралтай иргэдийг өргөнөөр оролцуулна.
3. Сурталчлан таниулах ажилд оролцогсдын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого, чиглэлээр хангах, уялдуулан зохицуулах, зохион байгуулах ажлыг "Монгол Улсын гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах үндэсний зөвлөл" гүйцэтгэнэ.
 
Гурав. Гадаад сурталчилгааны үндсэн чиглэл, хэрэгжүүлэх хэлбэрүүд
 
1. Монгол Улсын түүх, өнөөгийн байдал, зан заншил, соёл, урлагийн тухай гадаад ертөнцөд үнэн бодитой, цэгцтэй мэдээлэл өгч, сурталчилгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллагууд, соёл, урлаг, шинжлэх ухаан, спорт, хэвлэл мэдээлэл, бизнесийн хүрээнийхэн тус тусын үйл ажиллагааны хүрээнд дараахь чиглэлүүдээр идэвх, санаачилгатай ажиллана:
      1.1. Хэвлэл мэдээллийн чиглэлээр:
               1.1.1. Монгол Улсыг сурталчлан таниулах ажилд ном, товхимол, танилцуулга, зурагт хуудас гэх мэт нийтэд хүртээмжтэй хэлбэрийг орчин үеийн бусад хэлбэрүүдтэй хослуулан өргөнөөр ашиглана. Нийтлэгдсэн мэдээ, тоо баримт үнэн зөв эсэхэд холбогдох яамд хяналт тавина;
               1.1.2. хэвлэл мэдээллийн "МОНЦАМЭ" агентлаг гадаад сурталчилгаанд зориулсан мэдээллийг дэлхийн түгээмэл хэл болон Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой улсуудын хэлээр шуурхай түгээхдээ дэлхийн хэмжээний болон гадаадын аль нэг орны нэр хүнд бүхий мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн агентлагтай хамтран ажиллах буюу мэдээллийн боловсронгуй техник хэрэгсэл-интернетийг ашиглана;
               1.1.3. "МОНЦАМЭ" агентлаг нь "Монгол Улс" сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргана;
               1.1.4. гадаадын монголч эрдэмтэд, сэтгүүлч, нэр хүнд бүхий хүмүүсийг урьж Монгол Улсын тухай нийтлэл, нэвтрүүлэг, ном, зохиол бичихийг хөхиүлэн дэмжинэ;
               1.1.5. төрийн захиргааны төв байгууллага, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд, гадаадад суугаа бүх Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консулуудыг байнгын ажиллагаатай, өнгө үзэмж сайтай, боловсронгуй Вэб хуудастай болгож, тогтмол шинэчлэн баяжуулах, хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана.
1.2. Соёл, урлагийн чиглэлээр:
               1.2.1. монголын соёл, урлагийн өдрүүд, наадмыг цогц байдлаар төлөвлөж бэлтгэх, гадаад улсуудад худалдааны болон худалдааны бус хэлбэрээр зохион байгуулахад анхаарна;
 
               1.2.2. монголд элэгтэй, соёлын харилцааг хөгжүүлэх эрмэлзэлтэй, нэр хүнд бүхий гадаадын зарим иргэнийг Соёлын өргөмжит элчээр томилон ажиллуулах боломжийг судлах, холбогдох журмыг боловсруулан хэрэгжүүлнэ;
               1.2.3. зураач, уран бүтээлчдийн ганцаарчилсан болон хамтарсан үзэсгэлэн, тоглолтыг гадаадад зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ;
               1.2.4. цирк, кино, театр зэрэг тайз, дэлгэцийн уран сайхны бүтээлийг гадаадын үзэгчдийн хүртээл болгох арга хэмжээ авна;
               1.2.5. гадаад улсуудад зохион байгуулагдах олон улсын чанартай соёл, урлагийн их наадам, тэмцээн, семинар, симпозиум зэрэг арга хэмжээнд өөрийн улсын уран бүтээлчид, хамтлаг, судлаачдыг оролцуулах боломжийг нэмэгдүүлнэ;
               1.2.6. төр, засгийн удирдагчдаас гадаад улсуудад хийх дээд, өндөр хэмжээний айлчлалын үеэр Монголын түүх, өнөөгийн амьдралыг харуулсан гэрэл зураг, уран зураг, угсаатны зүй, археолог, палеонтолог гэх мэт сэдэвчилсэн  үзэсгэлэнг гаргах, үндэсний болон орчин үеийн дуу, хөгжим, бүжгийн чуулга, хамтлаг, дуучдыг оролцуулах ажлыг төлөвлөж хэрэгжүүлнэ.
      1.3. Монгол судлалын чиглэлээр:
               1.3.1. олон улсын монгол судлалыг урамшуулан хөгжүүлэх зорилгоор Олон улсын монгол судлалын Улаанбаатар дахь төвийн үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, судалгааны үр дүнг нь олон нийтэд сурталчилна;
               1.3.2. монгол судлал хөгжиж байсан ОХУ, Дорнод Европын орнууд, Энэтхэгт монгол судлалыг сэргээн идэвхжүүлэх талаар тодорхой ажил зохионо;
               1.3.3. монгол судлал байнга тогтвортой хөгжиж байгаа Япон, Хятад, БНСУ, Турк зэрэг орны монголч эрдэмтэд, монголыг сонирхдог сэтгүүлчид, бизнесийн хүрээнийхэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, багш, судлаач солилцоно;
               1.3.4. монгол судлал шинээр хөгжиж байгаа АНУ, Баруун Европт Монгол ба Төв Ази, Хятад судлалыг хослуулан судлахыг дэмжиж, багш, судлаачдыг солилцоно. Тэдгээр улсын Төв Ази, Хятад, Хүйтэн дайн, Коммунизм судлалын төв, хүрээлэнгүүдэд Монголын соёл, иргэншил, геополитик, түүх судлалыг хөгжүүлэх асуудлаар санал солилцож ажиллана;
               1.3.5. монгол судлал хөгжөөгүй орнуудын олон улсад нэр хүнд бүхий сургууль, судалгааны байгууллагын дэргэд монгол судлалыг бий болгох үүсгэл санаачилгыг дэмжиж ажиллана;
               1.3.6. гадаадын монголч эрдэмтэд, энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудын Монголд ирэх сонирхлыг аль болох хөхиүлэн дэмжиж, тэднийг эрдэм шинжилгээний хурал, зуны сургалт, дадлага хийх, оюутны солилцоогоор ирэхэд визийн хураамжаас чөлөөлөх зэргээр дэмжлэг үзүүлнэ;
               1.3.7. гадаадын иргэд монгол судлалын чиглэлээр манай улсад суралцах, эрдмийн зэрэг хамгаалах бололцоог нэмэгдүүлнэ;
               1.3.8. монголын тухай ном, зохиол туурвигчдын бүтээлийг таниулан сурталчилж, монголын зохиолч, эрдэмтдийн бүтээлийг гадаад хэлнээ хөрвүүлэх ажилд дэмжлэг үзүүлнэ;
               1.3.9. гадаадын залуу монгол судлаачдын бүтээлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал олгоно. Залуу монгол судлаачдад зориулсан зуны сургалтыг Улаанбаатар хотноо жил бүр зохион байгуулна;
               1.3.10. хилийн чанадад байгаа монгол угсаатнууд монгол хэл, соёлоо сэргээх, хадгалан өвлөхөд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
      1.4. Аялал жуулчлалын чиглэлээр:
               1.4.1. Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, энэ чиглэлээр хийж байгаа ажил, ирээдүйн төлөвийн талаар танилцуулга, лавлах, эвхмэл хуудас хэвлүүлж, гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол Улсын Өргөмжит консул, жуулчны байгууллага, өөрийн орны иргэдээр дамжуулан түгээх ажил зохионо;
               1.4.2. спорт аялал, экотуризм, ан агнуур, судалгааны аялал, ердийн хөсгөөр хийх аялал, ганцаарчилсан явган аялал зэргээр сурталчилгааны сэдэвчилсэн дүрс бичлэг хийж тараана;
               1.4.3. жуулчлал өндөр хөгжсөн гадаад улсуудын ижил төрлийн байгууллагуудтай хамтын ажиллагааны холбоо тогтоож, энэ салбарт ажиллах боловсон хүчин бэлтгэхэд тэдний туслалцааг авна;
               1.4.4. аялал жуулчлалын маршрут бүхий төвлөрсөн газруудад болон аялал жуулчлалын голлох зах зээл болох орнуудад жуулчдад мэдээлэл өгөх төвүүдийг байгуулж ажиллуулна;
               1.4.5. олон улсын болон хоёр талын хилийн боомтууд дээр жуулчдад зуучлах төвүүдийг ажиллуулна.
      1.5. Бизнесийн чиглэлээр:
               1.5.1. экспортын бүтээгдэхүүн, зах зээлийн шинэ нөхцөл боломж, шинэ бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах;
               1.5.2. гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах орчин, хууль тогтоомжийг сурталчлах, дэлхийд нэртэй компаниудын сонирхлыг Монголд хандуулах чиглэлээр ажиллах;
               1.5.3. гадаадын зээл, тусламжийг үр өгөөжтэй ашиглаж байгаа тухай мэдээлж, хандивлагчдын хүрээг өргөтгөхөд чиглэсэн ажил зохионо;
               1.5.4. олон улсын болон хоёр талын бизнес эрхлэгчдийн чуулган, уулзалтыг Монголд болон гадаад орнуудад тогтмол зохион байгуулна;
               1.5.5. монголын бизнес эрхлэгчид гадаад орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлж тэдгээрээр дамжуулан улс орноо сурталчлах ажлуудыг зохион байгуулна.
 
 
------оОо-----