- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА, СОЁЛЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
МОНГОЛ УЛСЫН ГАДААД СУРТАЛЧИЛГАА, СОЁЛЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Монгол Улсын гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах үндэсний зөвлөл (цаашид "Зөвлөл" гэнэ)-ийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь "Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал", Монголын түүх, соёл, өнөөгийн байдлыг гадаад ертөнцөд сурталчлах, Монголын тухай эерэг ойлголтыг бэхжүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон заалтуудыг хэрэгжүүлэх ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагууд, соёл, урлаг, хэвлэл мэдээлэл, бизнесийн хүрээнийхэн, иргэдийг түүнд татан оролцуулах, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй чиглэл заавраар хангах, гадаад сурталчилгааны ажлын явц, үр өгөөжийн талаар судалгаа дүгнэлт хийх, шаардлагатай арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад оршино.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
Хоёр. Бүтэц, бүрэлдэхүүн
2.1. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, соёл, урлаг, шинжлэх ухаан, спорт, бизнесийн хүрээний төлөөллийг оролцуулна. Зөвлөлийг Гадаад хэргийн дэд сайд тэргүүлнэ. Зөвлөл нь даргаас гадна 18 гишүүнтэй байна.
2.2. Зөвлөл ажлын албатай байх бөгөөд Гадаад хэргийн яамыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулна.
2.3. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Гадаад хэргийн яамны хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга байна.
Гурав. Зөвлөлийн эрх, үүрэг
3.1. Зөвлөл дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
3.1.1. Монгол Улсын ардчилсан хөгжлийн явц, бодит амьдралын тухай мэдээллийг гадаадын улс орнууд, тэдгээрийн иргэдэд үнэн зөв, шуурхай хүргэх зорилготой түгээмэл гадаад хэлээр хэвлэгддэг сонин, сэтгүүл, ном, товхимлын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, нийтлэлийн чанар, агуулга, өнгө үзэмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах;
3.1.2. Монгол Улсын гадаад сурталчилгаанд зориулагдсан сонин, сэтгүүл, ном, товхимол, гэрэл зургийн цомог, танилцуулга зэргийг чанарын өндөр түвшинд хэвлэн бэлтгэхэд шаардагдах техник хангамж, хөрөнгийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;
3.1.3. Монгол Улс, монголын ард түмний өнөөгийн аж амьдрал, түүх, соёлын уламжлал, шинэчлэл, эдийн засаг, нийгмийн амьдралын ололт амжилтыг тус улсын гадаад бодлогын үзэл баримтлалын үндсэн зарчимд нийцүүлэн гадаадын улс орнуудад төрөл бүрийн арга, хэлбэрээр төлөвлөгөөтэйгээр сурталчлах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
3.1.4. монголын талаар хилийн чанадад болон дотоодод гарч байгаа мэдээ, мэдээллүүд, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн оронд татан оруулах чиглэлээр бий болгосон мэдээллийн сүлжээ, баазад түшиглэн нэгдсэн "мэдээллийн сан" байгуулж, судалгаа, сурталчилгааны эргэлтэд оруулах.
З.2. Зөвлөл дор дурдсан эрх эдэлнэ:
3.2.1. Монгол Улсын гадаад сурталчилгаа явуулдаг байгууллагууд Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, шаардлагатай асуудлаар чиглэл, зөвлөмж өгөх, захиалга гүйцэтгүүлэх;
3.2.2. гадаад сурталчилгаанд оролцдог байгууллага, албан тушаалтнаар гадаад сурталчилгааны ажлын явц байдлын талаар мэдээ, судалгаа, дүгнэлт, баримт материалыг гаргуулах;
3.2.3. Монгол Улсын гадаад сурталчилгааг сайжруулах асуудлаар шийдвэр, зөвлөмж боловсруулахад холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж, эцэслэн шийдвэрлэх асуудлыг зохих дээд байгууллагад тавих;
3.2.4. Монгол Улсыг гадаадад таниулан сурталчлах үйлст онцгой зүтгэл гаргасан дотоод, гадаадын байгууллага, хувь хүнийг шагнаж урамшуулах талаар холбогдох дээд байгууллагад оруулах.
Дөрөв. Ажиллах журам
4.1. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн дарга хурлыг удирдана. Хуралд Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь оролцсоноор хүчинтэйд тооцогдоно.
4.2. Зөвлөл нь хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргаж болно.
4.3. Зөвлөл нь хурлын явц, гаргасан санал, зөвлөмжийн талаар тэмдэглэл хөтөлнө. Энэхүү тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурна.
4.4. Зөвлөл нь ажлынхаа талаар Улсын Их Хуралд мэдээлэл өгч болох бөгөөд Засгийн газарт тайлагнана.
Тав. Санхүүжилт
5.1. Зөвлөл нь дотоод, гадаадын байгууллага, хүмүүсээс хандив, тусламжийг зохих журмын дагуу авч зарцуулж болно.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A