- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2006 оны 93 дугаар
тогтоолын хавсралт
МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Мал үржлийн ажил, үйлчилгээний өнөөгийн байдал
Засгийн газраас 1997 онд "Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах" үндэсний хөтөлбөр, 2002 онд "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсний үр дүнд малын чанар, ашиг шимийг дээшлүүлэх ажилд ахиц дэвшил гарсаар байна. Цөм сүргийн мал 912.0 мянгад хүрч, жил бүр 14.0-15.7 мянган өсвөр хээлтүүлэгч бойжуулж сүрэг сэлбэснээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо сайжирч, малын сувайралт 8.7 пунктээр буурч, 100 эхээс бойжуулах төлийн тоо 15-24–өөр нэмэгдэв. Манай улс малын төрөл, ашиг шимийн чиглэлээр өөр хоорондоо ялгаатай 50 шахам үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малыг үржүүлж байна. Статистикийн мэдээгээр 2005 оны эцсийн байдлаар нийт малын 1.01 хувь буюу 309.2 мянган хээлтүүлэгч байна.
Гэвч нийт хээлтүүлэгчийн 19.8 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна. Мал үржлийн ажилд дэвшилт арга, технологи нэвтрүүлэх, хээлтүүлэгчийг баталгаажсан цөм сүргээс бойжуулж үржилд ашиглах,үржил селекцийн мэдээллээр малчид, мал аж ахуй эрхлэгчдийг үйлчлэх тогтолцоо бүрдүүлэх, үржилд ашиглагдах багаж хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, үржлийн ажил, үйлчилгээний зохион байгуулалтыг сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн идэвхтэй оролцоог дээшлүүлэх нь онцгой ач холбогдолтой юм.
2. Хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл
Улсын Их Хурлын 2003 оны 29 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын баримт бичигт "монгол малын тэсвэрт чанарыг бататган биологийн боломжийг нь бүрэн ашиглах, зүй бус хорогдол, хээл хаялт, сувайралтыг багасгах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх" болон "нутгийн шилдэг омгийн цөм сүрэг, арвин ашиг шимт мал, амьтны шалгарсан удмыг сайжруулагчаар ашиглах, биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилт аргыг нэвтрүүлж малын үүлдэрлэг байдлыг сайжруулах" зорилтуудыг дэвшүүлсэн.
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасан "малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх цогцолбор арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх" нь Засгийн газрын үүрэг юм.
Засгийн газрын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "... эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх болон мал үржлийн ажлын чанар, хүртээмжийг сайжруулах", "гойд чанартай шилмэл үүлдэр, омгийн мал, амьтны зорилтот зах зээлийг бий болгох санал, санаачилгыг дэмжих"-ээр тусгагдсан болно.
3. Малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах чиглэлээр олсон ололт амжилт, туршлага, сургамж:
Аймаг, суманд бүх мал сүрэгт арвин ашиг шимт малыг сайжруулагчаар ашиглаж олон арван шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгийн мал, амьтдыг шинээр бий болгон баталгаажуулж өөрийн орны төдийгүй дэлхийн мал сүргийн удмын санг баяжуулж байна. Гэвч сүүлийн жилүүдэд мал сүргийг сонгон үржүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоо алдагдаж, малын чанар сайжруулахад хөрөнгө санхүү хомсдож, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагаа дутмаг байгаа нь цаашид анхаарах чухал сургамж болж байна.
Хоёр. Хөтөлбөрийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэл, зарчим, үржлийн чиглэл
4. Хөтөлбөрийн эрхэм зорилго нь мэргэжлийн албадын чадавхийг бэхжүүлэх замаар малын чанарыг сайжруулах, удмын санг хамгаалах, мал үржлийн ажилд дэвшилт арга, технологи нэвтрүүлэхэд оршино.
5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь тэргүүлэх чиглэлийг баримтална:
5.1. Үндэсний хэмжээнд мал үржлийн албаны чадавхийг бэхжүүлэх;
5.2. Цөм сүрэг, гойд ашиг шимт малыг өсгөж, удамшлын чадавхийг дээшлүүлэх;
5.3. Малчин өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах;
5.4. Мал сүргийг эрсдэлээс хамгаалах тогтолцоог сайжруулах.
6. Хөтөлбөрийн үйл ажиллагааг дор дурдсан үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ:
6.1. Мал аж ахуйн хөгжлийн бодлогыг төрийн бодлоготой уялдуулах зарчим: Үржлийн бодлого, үйл ажиллагааг мал аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, байгаль цаг уурын онцлогт нийцүүлэх;
6.2. Төр засгийн дэмжлэгийн зарчим: Мал аж ахуй эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг хангах эдийн засаг, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх;
6.3. Малын чанар, сүргийн бүтцийг оновчтой болгож, тогтвортой хадгалах зарчим: Бүс нутгийн онцлог, бэлчээрийн даац багтаамжид тохируулан малын төрөл хоорондын зохистой харьцаа болон сүргийн оновчтой бүтцийг бий болгож, стандартын шаардлага хангасан хээлтүүлэгчийг үржилд ашиглах;
6.4. Мэдээлэл хүртээмжтэй байх зарчим: Сум, аймаг, улсын хэмжээнд мал сүргийн үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарын талаархи бүртгэл, мэдээллийн сүлжээг бий болгож, мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй байлгах;
6.5. Мэргэшилд түшиглэх зарчим: Малын чанар сайжруулах ажил, үйлчилгээг мэргэжлийн байгууллага, мэргэшсэн ажилтны удирдлага, шинэ технологид түшиглэн явуулах.
7. Мал сүргийг доорхи чиглэлээр сонгон үржүүлнэ:
7.1. Монгол адууг уналга эдэлгээний болон хурдлах чадварыг нь дээшлүүлэх, мах, сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр үржүүлэхийн зэрэгцээ гадаадын төрөлжсөн үүлдрийн адууг хязгаарлагдмал хүрээнд сайжруулагчаар ашиглах;
7.2. Тэмээг ноос, сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх, уналга эдэлгээ, хязгаарлагдмал хүрээнд хурдлах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр сонгон үржүүлэх;
7.3. Монгол үхэр, сарлагийг мах, сүүний чиглэлээр сонгон үржүүлэхийн зэрэгцээ ойт хээр болон хээрийн бүсэд хурдан өсөлттэй, махны чиглэлийн үүлдэр, төвлөрсөн хот суурингийн ойролцоох эрчимжсэн аж ахуйд сүүний чиглэлийн арвин ашиг шимт үхэр үржүүлэх;
7.4. Нутгийн үүлдэр, омгийн хонийг махны болон хивсний ноосны чиглэлээр үржүүлэх, бэлчээр, тэжээлийн бололцоотой бүс нутагт арвин ашиг шимт нарийн, нарийвтар ноост, махны чиглэлийн төрөлжсөн үүлдрийн хонь үржүүлэх;
7.5. Ямааг ноолуур, мах, сүү, ноосны ашиг шимийн чиглэлээр бүс нутгаар төрөлжүүлэн үржүүлэх;
7.6. Бүсийн тулгуур төв болон нийслэл, томоохон хот суурингийн ойролцоо гахайг мах-өөх, махны чиглэлээр, шувууг өндөг, үржлийн дэгдээхэй бойжуулах чиглэлээр эрчимжсэн технологиор үржүүлэх.
8. Зорилт 1. Цөм сүргийг баталгаажуулан бүртгэлжүүлж, үржил, ашиг шимийн мэдээллийн сан, тогтолцоо бий болгоно.
8.1. Хүрэх үр дүн
8.1.1. шинжлэх ухааны үндэслэлтэй үржлийн ажил, үйлчилгээ явуулах нөхцөл сайжирч, улсын бүртгэл, мэдээллийн сан бүрдэж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэгдсэн сүлжээнд хамрагдах боломжтой болно.
8.2. Үйл ажиллагаа
8.2.1. Монгол Улсад үржүүлж байгаа баталгаажсан үүлдэр, омгийн малыг нэгдсэн бүртгэлтэй болгож, ашиглах бүс, нутгийг тогтоох;
8.2.2. нийт хээлтүүлэгч, цөм сүргийн хээлтэгч малын үржил, ашиг шимийн чанарт үнэлгээ хийж бүртгэлжүүлэн хувийн дугаар, гэрчилгээтэй болгох;
8.2.3. баталгаажсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах, худалдан борлуулах сүлжээ бий болгох;
8.2.4. малын чанар үнэлэх болон бүртгэл, мэдээлэл нэвтрүүлэхэд шаардлагатай техник хэрэгсэл, программ хангамж, компьютерийн сүлжээ, өгөгдлийн хүрэлцээг нэмэгдүүлэх;
8.2.5. баталгаажсан цөм сүрэг, жишигт тэнцсэн хээлтүүлэгчийн үржил, ашиг шимийн үзүүлэлтээр аймаг, улсын түвшинд мэдээллийн сан бүрдүүлж, үндэсний нэгдсэн сүлжээнд хамруулан хэрэглэгчдийг мэдээллээр хангах боломж бүрдүүлэх;
8.2.6. үржлийн малыг ашиг шимийн чанараар баталгаажуулах, бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгон нэвтрүүлэхэд мэргэжлийн чиглэлийн төрийн бус байгууллагын оролцоог дэмжих.
9. Зорилт 2. Малын удмын сангийн нөөцийг баяжуулна.
9.1. Хүрэх үр дүн
9.1.1. цөм сүргийн малын үржлийн төвүүд бий болж, стандартын шаардлага хангасан хээлтэгч, хээлтүүлэгч үржүүлж үр, хөврөл үр зэрэг үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
9.2. Үйл ажиллагаа
9.2.1. малын удамшлын нөөц, чадавхийг зохистой ашиглах үржлийн ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
9.2.2. цөм сүргийн малыг сонгон үржүүлэх үржлийн төвүүд бий болгож, үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийлүүлэх;
9.2.3. гадаадаас үржлийн мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр импортлоход тавих шаардлагыг тогтоож мөрдүүлэх;
9.2.4. малын чанар сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр шалгаруулан урамшуулах, арга туршлагыг нь дэлгэрүүлэх;
9.2.5. тоо нь цөөрч байгаа үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг сэргээх, тэдгээрийн үр, хөврөл үрийг генийн санд хадгалах, шинэчлэх, зохистой ашиглах ажлыг зохион байгуулах;
9.2.6. хөврөл үр үйлдвэрлэх, хүйс жолоодох чиглэлээр шинжлэх ухаан, технологийн дунд болон урт хугацааны төсөл хэрэгжүүлэх;
9.2.7. шилмэл хээлтүүлэгчийг чиглэлтэй бойжуулах, үр төлийнх нь чанараар үнэлж шалгах, иммунногенетикийн аргаар удам гарвалыг нь тодорхойлоход шаардагдах багаж, тоног төхөөрөмжөөр үржлийн төвийг хангах чиглэлээр дэмжлэг үзүүлэх;
9.2.8. малын зохиомол хээлтүүлгийн орчин үеийн дэвшилт технологийг эрчимжсэн аж ахуйд өргөн хэрэглэж, хээлтүүлэгчийг ашиглах.
10. Зорилт 3. Малын чанар, ашиг шимийг дээшлүүлэх, малчин өрхийн аж ахуйг эрсдэлээс хамгаалах эдийн засаг, эрх зүйн таатай орчинг бүрдүүлнэ.
10.1. Хүрэх үр дүн
10.1.1. мал үржлийн ажил, үйлчилгээ сайжирч, үр дүн нь дээшилж мал аж ахуй эрхлэж буй өрхийн орлого нэмэгдэж эрсдэл даах чадавхитай болсон байна.
10.2. Үйл ажиллагаа
10.2.1. малын удмын санг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
10.2.2. мал үржлийн ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд эрхлэх нэгжийн үйл ажиллагааны стандарт бий болгох;
10.2.3. үржлийн өсвөр мал бойжуулах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх зохистой тогтолцоо бүрдүүлэх;
10.2.4. үржлийн хээлтүүлэгч бойжуулах чиглэлтэй цөм сүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага, малчдыг сонгон шалгаруулж, тэдгээрийг дэмжих, урамшуулах хөшүүрэг бий болгох;
10.2.5. цөм сүрэг бүрдүүлэх, үржлийн хээлтүүлэгч бойжуулах, импорт орлох үржлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулж дэмжлэг үзүүлэх, гадаад, дотоодын хөтөлбөр, төсөлд хамруулах арга хэмжээ авах;
10.2.6. хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог малын төрөл, ашиг шимийн чиглэл, хээлтүүлгийн аргатай уялдуулан бүсчлэн шинэчлэн тогтоож, мөрдөх;
10.2.7. хадлан, тэжээлийн ургамлыг усалгаатай нөхцөлд тариалах сонирхлыг урамшуулах замаар тэжээлийн хангамжийг сайжруулах;
10.2.8. тэжээлийн болон бэлчээрийн олон наст ургамлын үр үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх;
10.2.9. уураг, энергийн агууламж өндөртэй тэжээл үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх санаачилгыг хөхиүлэн дэмжих;
10.2.10. бэлчээрийг зохистой ашиглах талаар малчид, мал бүхий иргэдээс гарсан үүсгэл санаачилгыг дэмжих;
10.2.11. бэлчээрийн шинэ удирдлагыг хэрэгжүүлж байгаа малчдын бүлэг, хоршооны санаачилгыг дэмжиж мал маллагааны уламжлалт технологитой хослуулан хэрэглэх;
10.2.12. үржлийн цөм сүрэг, хээлтүүлэгчийг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулж малыг эрүүлжүүлэх арга хэмжээг авах.
11. Зорилт 4. Мал үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн чадавхийг дээшлүүлж, үр дүнг сайжруулна.
11.1. Хүрэх үр дүн
11.1.1. мал үржлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын мэргэшлийн чадавхи, ажлын үр өгөөж сайжирч, бүтээмж дээшлэн мал бүхий иргэдийн орлого нэмэгдэнэ.
11.2. Үйл ажиллагаа
11.2.1. малыг шилэх, тохируулан сонгох, үр төлийн чанараар нь үнэлэх чадавхитай мэргэшсэн шинжээч, зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах;
11.2.2. малын чанар, үржлийн ажилд үнэлгээ өгч, үржлийн ажлын хөтөлбөр, зөвлөмж, аргачлал, технологи боловсруулж мал үржүүлэгчдэд мэдлэг түгээх сургалт, сурталчилгаа явуулах;
11.2.3. бог малын хээлтүүлэгчийг тусгайлан суурилж малчдад гэрээгээр үйлчилгээ үзүүлэхийг дэмжих;
11.2.4. малын үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах орчин үеийн лабораторийг шинээр байгуулж, явуулын лабораторийн үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх;
11.2.5. хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан зохион байгуулах;
11.2.6. малын үзэсгэлэн худалдааг сум, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох;
11.2.7. малын удмын сангийн үндэсний төв, аймгийн малын үржлийн алба, цөм сүргийн үржлийн төвийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх;
11.2.8. малын үржлийн ажил, үйлчилгээг сумын түвшинд эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих;
11.2.9. мал үржлийн чиглэлээр ажил, үйлчилгээ эрхэлдэг байгууллага болон төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх;
11.2.10. мал үржлийн ажил, үйлчилгээний зориулалттай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг дээшлүүлж, анхан шатны нэгжид ажилладаг мэргэжилтнүүдийн мэргэшил, ур чадварыг сайжруулах.
Дөрөв. Хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат, удирдлага, зохион байгуулалт
12. Хөтөлбөр хэрэгжүүлэх үе шат, хугацаа
12.1. Хөтөлбөрийг 2006-2015 онд дараахь гурван үе шатаар хэрэгжүүлнэ:
12.1.1. Эхний үе шат 2006-2008 он;
12.1.2. Хоёр дахь үе шат 2008-2012 он;
12.1.3. Гуравдахь үе шат 2012-2015 онд хэрэгжинэ.
13. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
13.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах үүргийг хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ.
13.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн шатны Засаг дарга хариуцна.
13.3. Хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөг улсын хэмжээнд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн шатны Засаг дарга боловсруулж хэрэгжүүлнэ.
13.4. Хөтөлбөрт тусгагдсан үржлийн чиглэл, үйл ажиллагааг малчид, мал бүхий иргэд, мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгж, судлаач, мэргэжилтэн нар хариуцан энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлнэ.
13.5. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг Малын эрүүл мэнд, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих, Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл, Экологийн цэвэр бүтээгдэхүүн зэрэг хөтөлбөрүүд болон бусад салбарт хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөр, төслүүдтэй уялдуулан зохицуулна.
13.6. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн талаар олон улсын болон гадаадын байгууллага, сонирхогч талуудад мэдээлж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрт тусган ажиллана.
14. Үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц, үр дүн болон мал сүргийн чанар сайжруулах чиглэлээр амжилт олж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг хөтөлбөрт хамрагдаж байгаа байгууллага хариуцан зохион байгуулна.
15. Малын чанарыг сайжруулах чиглэлээр дараахь төслүүдэд тэргүүлэх ач холбогдол өгч дэмжинэ:
15.1. Малын нөхөн үржихүйн биотехнологи;
15.2. Малын генийн сан;
15.3. Бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ;
15.4. Үржлийн төв, үйлчилгээний нэгжийн чадавхийг дээшлүүлэх;
15.5. Малын тэжээлийн хангамжийг сайжруулах;
15.6. Үхэр, хонины мах үйлдвэрлэлийг эрчимжсэн аргаар нэмэгдүүлэх;
15.7. Тэмээ, сарлаг, цаа бугын удмын санг хамгаалах;
15.8. Цөм сүргийг эрсдэлээс хамгаалах.
16.1. Хөтөлбөрийг дараахь эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
16.1.1. мал бүхий иргэдийн хөрөнгө;
16.1.2. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
16.1.3. улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
16.1.4. хандивлагч орон болон олон улсын байгууллагын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
16.1.5. хөдөө аж ахуйн тусгай зориулалтын сангийн хөрөнгө;
16.1.6. бусад эх үүсвэр.
16.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатанд шаардагдах зардлын тооцоог хавсаргав.
17. Хөтөлбөрийн санхүүжилтийн тайлан, мэдээлэл
17.1. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр, түүний хуваарилалт, зарцуулалтад тавих хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
17.2. Хөтөлбөрийн санхүүжилтийн мэдээ, тайланг холбогдох байгууллага болон хандивлагч, ивээн тэтгэгчид мэдээлж байна.
Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлт
18. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын зохион байгуулалт
18.1. Хяналт-шинжилгээ, үнэлгээний гол зорилго нь хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг үр дүн, үр нөлөөтэй нь холбон дүгнэж, арга туршлага, сургамжийг нэгтгэхэд оршино.
18.2. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөгөөний дагуу аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгж хэрэгжүүлнэ.
19. Хөтөлбөрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд дараахь шалгуур үзүүлэлтийг ашиглана:
Шалгуур үзүүлэлтүүд
|
Суурь үзүүлэлт (2005 он)
|
Завсрын үзүүлэлт
(2008 он)
|
Эцсийн үзүүлэлт
(2015 он
|
||||
А
|
1
|
2
|
3
|
||||
Нэгдүгээр зорилтын хүрээнд:
|
|||||||
1.Бүртгэлд авсан үүлдэр, цөм сүргийн тоо (мян.тол)
|
917.0
|
1000.0
|
1500.0
|
||||
2.Баталгаажсан хээлтүүлэгч (хувиар)
|
80.2
|
90.0
|
100.0
|
||||
3. Бүртгэл мэдээллийн сан, сүлжээнд хамрагдсан нэгжийн тоо
|
0
|
22
|
38
|
||||
4. Хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо
|
|
|
|
||||
Үүнээс
|
Буур
|
22
|
21
|
21
|
|||
Азарга
|
7
|
8
|
9
|
||||
Бух
|
28
|
26
|
20
|
||||
Хуц
|
53
|
45
|
35
|
||||
Ухна
|
51
|
45
|
35
|
||||
Хоёрдугаар зорилтын хүрээнд:
|
|||||||
5.Мал үржлийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа эрх бүхий
|
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн
|
50
|
100
|
250
|
|||
Үржлийн төв
|
1
|
6
|
22
|
||||
6. Үржилд бойжуулсан малын тоо (мян.тол)
|
Хээлтүүлэгч
|
146.0
|
175.2
|
227.7
|
|||
Хээлтэгч
|
255.3
|
306.3
|
398.3
|
||||
7.Үйлдвэрлэсэн үржлийн бүтээгдэхүүний тоо
|
Үр
|
9700
|
20000
|
160000
|
|||
Хөврөл үр
|
0
|
200
|
1500
|
||||
8. Гадаадаас авсан (тоо)
|
Мал
|
100
|
3000
|
700
|
|||
Үр, хөврөл үр
|
17400
|
20000
|
30000
|
||||
9.Нийт малд цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн малын эзлэх хувь
|
8.4
|
9.0
|
11.3
|
||||
Гуравдугаар зорилтын хүрээнд:
|
|||||||
10. Шинээр боловсруулсан болон нэмэлт өөрчлөлт оруулсан эрх зүйн баримт бичгийн тоо
|
4
|
3
|
8
|
||||
11. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ (сая.төг)
|
140.0
|
1995.5
|
3850.0
|
||||
12. Гадаадын болон Олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдсан байдал, санхүүжилт
|
Тоо
|
3
|
4
|
6
|
|||
(ам.доллар,мян)
|
200.0
|
300.0
|
800.0
|
||||
13. Тэжээлийн жижиг, дунд үйлдвэр
|
0
|
2
|
5
|
||||
14. Тэжээлийн болон олон наст ургамлын үр үржүүлэх аж ахуй
|
0
|
2
|
4
|
||||
Дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
|
|||||||
15.Мэргэжилтний хангамж, чадамж
|
Мал үржлийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжилтний тоо
|
98
|
150
|
250
|
|||
Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан (тоо)
|
50
|
200
|
450
|
||||
Давтан сургалтад хамрагдсан (тоо)
|
120
|
400
|
950
|
||||
16. Үйлчилгээний нэгжийн чадамж
|
Үржлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон малын ашиг шимийн гарц чанар тодорхойлох лаборатори
|
1
|
5
|
22
|
|||
Зохиомол хээлтүүлгийн салбарын тоо
|
30
|
45
|
60
|
||||
Тоног төхөөрөмжөөр хангагдсан хувь
|
10.0
|
30.0
|
100.0
|
||||
Сүлжээнд холбогдсон үржлийн алба, үржил-селекцийн төв
|
1
|
5
|
22
|
||||
20. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээний арга
20.1. Ажлын тайлан:-зорилтын хэрэгжилт, ололт амжилт, алдаа доголдол, түүний шалтгаан, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг тусгасан жилийн болон тухайн хугацааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
20.2. Тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил: хөндлөнгийн шинжээчдээр бодит баримт, тэдгээрийн шалтгааныг хамтад нь тусгасан дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл, дүгнэлтийг хөтөлбөрийн үр дүнтэй шууд холбон судалж харьцуулан дүгнэнэ.
20.3. Нөхцөл байдлын шинжилгээ: нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлнэ.
20.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэх семинар, уулзалт: гүйцэтгэлийн үр дүнд тулгуурлан хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэж арга туршлага, сургамжаа нэгтгэн дүгнэнэ.
20.5. Зөвлөмж: Үе шат бүрийн зорилтын хэрэгжилтэд холбогдох санхүүгийн мэдээллийг ашиглан шинжилгээ хийж, хандивлагч, санхүүжүүлэгчдийг мэдээллээр хангана.
20.6. Шалгалт: хөтөлбөрийн зорилтыг биелүүлэх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомж, төлөвлөгөөний дагуу үр дүнтэй явагдаж байгаа эсэхийг ажлын хэсэг газар дээр нь шалгана.
21. Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан
21.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар жил бүрийн 1 дүгээр сард аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2 дугаар сарын 15-ны дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус тайлагнана. Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тайланг нэгтгэж жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
_____оОо_____
Текст томруулах
A
A
A