A

A

A

Бүлэг: 1979
 Засгийн газрын 2006 оны 99 дүгээр
 тогтоолын 1 дүгээр хавсралт      
 
 
УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР 
 
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
 
Монгол Улс химийн бодисын аюулгүй байдлын олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орж, тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид  2004 онд нэгдэн орсон явдал юм.
 
Байгалийн гаралтай эсхүл хүний үйл ажиллагаагаар үүссэн,  онцгой хортой шинж чанар бүхий байгаль дээр задралгүйгээр удаанаар хадгалагддаг онцлогтой органик бодисуудыг удаан задардаг органик бохирдуулагч гэж нэрлэдэг. Эдгээр бодис нь агаар, усаар дамжин үүссэн газраасаа хол тархаж, хөрс, усыг бохирдуулан улмаар ургамал, амьтдыг хордуулах, уг ургамал, амьтдаар хооллосон хүн, амьтан хордох замаар байгаль дээр бохирдлын битүү хэлхээг үүсгэдэг болно. 
 
Эдгээр бодис хүний биед орж биохуримтлал үүсгэх бөгөөд дотоод шүүрэл, дархлаа, дээд мэдрэл, үржлийн системд нөлөөлөн хорт хавдар, чихрийн шижин, үргүйдэл, дархлаа хомсдол, дотоод шүүрлийн системийн хямрал, арьсны өвчлөл, мэдрэлийн согог зэрэг өвчнүүдийг үүсгэнэ. Үүгээр ч зогсохгүй  эхийн хэвлий дэх урагт нөлөөлж, эхийн сүүгээр дамжин үр удмыг  хордуулдаг. Сүүлийн 50 жилд  хөхний хорт хавдар 26 хувь, чөмөгний хорт хавдар 3 дахин, тунгалагийн зангилгааны Хожкины бус хорт хавдар 3 дахин, хүүхдийн хорт хавдар 13 хувиар өссөнийг эрдэмтэд удаан задардаг органик бохирдуулагчтай холбон тайлбарлаж байна.
 
Стокгольмын конвенцийн дагуу удаан задардаг органик бохирдуулагчид доорхи 3 төрлийн бодисууд орно. Үүнд:
 
1. Хөдөө аж ахуйд хортон шавьж устгах зорилгоор хэрэглэдэг 9 төрлийн пестицид (альдрин, дильдрин, хлордан, гексахлорбензол, гептахлор, ДДТ (1.1.1-трихлор –2.2-бис (4-хлорфенил) этан), эндрин, мирекс, токсафен);
 
2. Цахилгаан тоног төхөөрөмжийн тос, будаг, лак, хуванцар болон полимер гэх мэт материалуудад нэмэлт болгон хэрэглэдэг полихлорт бифенилүүд (ПХБ);
 
3. Төрөл бүрийн шаталтын процесс болон зарим үйлдвэрлэлийн үед завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр үүсдэг  полихлорт дибензо-п-диоксинууд (диоксин) ба полихлорт дибензофуранууд (фуран).
 
Удаан задардаг органик бохирдуулагчийн хор нөлөөллөөс хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор конвенцид доорхи зорилтуудыг дэвшүүлсэн:
 
-Удаан задардаг органик бохирдуулагчийн пестицидүүдийн (ДДТ-ээс бусад) үйлдвэрлэл, хэрэглээг зогсоож, нөөц хаягдлыг устгах; 
 
-ДДТ-ийн хэрэглээг хязгаарлан зөвхөн зөвшөөрөгдсөн зорилгоор хэрэглэх;
 
-Полихлорт бифенилийн хувьд хэрэглээг 2025 он гэхэд зогсоож, 2028 он гэхэд устгах;
 
Зориудын бус үйлдвэрлэлээс үүсэх диоксин ба фураны үүсэлтийг бууруулах, үүний тулд эх үүсвэрүүдэд тэргүүний технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх.
 
Монгол Улс 1950-иад оны сүүлчээс  мал аж ахуйд малын гадаад, дотоод  шимэгч хорхой,  өвчлөлтэй тэмцэх болон ургамал хамгаалал, ариутгал, устгалын чиглэлээр пестицидүүдийг хэрэглэж эхэлсэн бөгөөд удаан задардаг органик бохирдуулагч пестицидүүдээс гексахлорбензол, хлордан, альдрин, дильдрин, гептахлорийг бага хэмжээгээр, харин гексахлор циклогексан буюу линданыг их хэмжээгээр хэрэглэж байсан. Эдгээрийг нийтэд нь  "дуст" гэж нэрлэж байжээ. Хэдийгээр эдгээр пестицидүүдийн нөөц, хаягдал Монгол Улсад байхгүй ч эдгээрээр бохирдсон газрууд нэлээд байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон юм.
 
Дэлхийн олон оронд 1990-ээд оны эхэн хүртэл ПХБ-ийг үйлдвэрлэн өргөнөөр хэрэглэж ирсэн бөгөөд Монгол Улсад 2005 оны байдлаар 5 500 тонн тос агуулсан 13 мянга гаруй тоног төхөөрөмж ашиглагдаж байгаагийн  90 гаруй хувь нь  ОХУ-д 1990 оноос өмнө үйлдвэрлэгджээ. 2004-2005 онд явуулсан удаан задардаг органик бохирдуулагчийн урьдчилсан тооллогоор 500 гаруй тоног төхөөрөмжийг  шинжилгээнд хамруулсны 10 гаруй хувь нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их полихлорт бифенил агуулж байлаа.
 
Диоксин, фуран нь хий байдлаар ялгарч агаар орчныг бохирдуулахаас гадна үнс, тортог, фильтрийн тоос, лаг зэрэгт агуулагддаг. Монголд   цахилгаан, дулааны станц, уурын зуух, гэрийн зуух, хог хаягдлын хяналтгүй шаталт, эмнэлгийн хог хаягдал шатаах зуух, ахуйн болон үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг, автомашин, бүх төрлийн түймэр, хаягдал төмөр боловсруулах үйлдвэр, тоосго, цемент, шохойн үйлдвэр, арьс шир, ноос ноолуур  боловсруулах үйлдвэр зэрэг эх үүсвэрүүдээс диоксин, фуран үүсч байна.
 
Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн байгаль орчин болон ард иргэдийнхээ эрүүл мэндийг удаан задардаг органик бохирдуулагчийн хор нөлөөллөөс хамгаалах, конвенцийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу тэдгээрийн нөөц хаягдлыг байгаль орчинд халгүй арга, технологиор устгах, тэдгээрийн үүсэлтийг бууруулах, бохирдсон газрыг хоргүйжүүлэх, хяналт шинжилгээ, судалгаа явуулах чадавхийг бүрдүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг үндэсний хөтөлбөрийн хэмжээнд авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарсан болно.
 
Хоёр. ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
 
ЗОРИЛГО
 
Удаан задардаг органик бохирдуулагчийн хор нөлөөллөөс байгаль орчин, хүний эрүүл мэндийг хамгаалах.
 
Зорилтууд:
 
1. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийг хэрэгжүүлэх механизм, эрх зүйн орчныг бүрдүүлэх;
 
2. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг зогсоож, нөөц хаягдлыг 2020 он гэхэд устгаж дуусгах;
 
3. Зориудын бус үйлдвэрлэлээс үүсэх диоксин болон фураны хэмжээг бууруулах;
 
4. Удаан задардаг органик бохирдуулагч агуулсан пестицидүүдээр бохирдсон газруудыг олж тогтоон,  хоргүйжүүлэх;
 
5. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай сургалт, сурталчилгаа явуулах, энэ талаархи мэдээллийг нийтийн хүртээл болгох;
 
6. Удаан задардаг органик бохирдуулагчийн хяналт-шинжилгээ болон судалгаа шинжилгээний чадавхийг бүрдүүлэх.
 
Гурав. ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН ЗАРЧИМ, ЧИГЛЭЛ
 
1. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийн үндсэн зарчим, чиглэлийг баримтална.
 
2. Монгол Улсын хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлоготой уялдсан байна.
 
 
                     Дөрөв. ХЭРЭГЖҮҮЛЭХ Үе ШАТ
                                               
Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
I үе шат /2007-2010 он/-д хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, удаан задардаг органик бохирдуулагчийн хэмжээ, эх үүсвэр, хаягдлын хэмжээ, бохирдсон газруудыг нарийвчлан тогтоож, түүнийг устгах, үүсэлтийг бууруулах, хоргүйжүүлэх үйл ажиллагааны  бэлтгэлийг ханган, үндэсний чадавхийг бий болгоно.
 
II үе шат /2011-2020 он/-д удаан задардаг органик бохирдуулагч агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг зогсоох, нөөц хаягдлыг устгах, бохирдсон газруудыг хоргүйжүүлэх, үүсэлтийг бууруулах арга  хэмжээг авч хэрэгжүүлэх.
 
 
Тав. ХӨТӨЛБӨРИЙг хэрэгжҮҮлэх Үйл ажиллагаа
 
Нэгдүгээр зорилт. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцийг хэрэгжүүлэх механизм, эрх зүйн орчныг бүрдүүлэх
 
 
1.1. Монгол Улсад хэрэглэхийг хориглосон буюу хязгаарласан химийн бодисын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах;
 
1.2. Удаан задардаг органик бохирдуулагчийн талаар мэдээлэл цуглуулах журам боловсруулах;
 
1.3. Мэдээллийн сан, сүлжээг хөгжүүлэх заавар, журам боловсруулах;
 
1.4. "Удаан задардаг органик бохирдуулагчийн эх үүсвэрээс үүсэх хэмжээнд тавих шаардлага" стандартыг боловсруулах;
 
1.5. Удаан задардаг органик бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг боловсруулах;
 
1.6. Удаан задардаг органик бохирдуулагчтай шууд харьцаж ажилладаг эрсдэлтэй бүлгийн ажиллагсдыг хөдөлмөрийн нөхцөлийн ангиллын стандартад нэмж оруулах;
 
1.7. Удаан задардаг органик бохирдуулагч агуулсан хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах, хоргүйжүүлэх журам боловсруулж хэрэгжүүлэх;
 
1.8. Эмнэлгийн хог хаягдлыг устгах тухай журмыг шинэчлэх;
 
1.9. Удаан задардаг органик бохирдуулагч агуулсан үйлдвэрийн хог хаягдлыг булах цэгт тавигдах шаардлага болон хяналт-шинжилгээ хийх аргачилсан заавар боловсруулах;
 
1.10. Тэргүүний технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авах. 
 
Хоёрдугаар зорилт. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг зогсоож, нөөц хаягдлыг 2020 он гэхэд устгаж дуусгах
 
2.1. ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хаягдал, бохирдсон газрын тооллого явуулж, улсын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэн, тоног төхөөрөмжийг хаягжуулах;
 
2.2. ПХБ-ийн талаар мэдээлэл цуглуулах, солилцох сүлжээг бий болгож, мэдээллийн санг шинэчилж байх;
 
2.3. ПХБ агуулсан тоног төхөөрөмж, хаягдлыг цуглуулах,  хадгалах, тээвэрлэх  механизмыг бүрдүүлэх;
 
2.4. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг доорхи хуваарийн дагуу зогсоож, бохирдсон тоног төхөөрөмжийг цэвэрлэх:
 
2012 он       20 хувь
2014 он       40 хувь
2016 он       60 хувь
2018 он       80 хувь
2020 он      100 хувь
 
2.5. 2.4-т заасан хуваарийн дагуу хэрэглээг нь зогсоосон тоног төхөөрөмжийг устгах.
 
Гуравдугаар зорилт. Зориудын бус үйлдвэрлэлээс үүсэх диоксин болон фураны хэмжээг бууруулах
 
3.1. Диоксин болон фуран үүсгэгч эх үүсвэрүүдийн зэрэглэлийг шинэчлэн тогтоож байх;
 
3.2. Диоксин болон фураны гол эх үүсвэрүүд дээр хаягдлын коэффициентыг тогтоох, түүнийг техник, технологийн өөрчлөлт бүрийн дараа шинэчлэн тогтоож байх;
 
3.3. Зориудын бус үйлдвэрлэлээс үүсэх удаан задардаг органик бохирдуулагчийн мэдээллийн сан бий болгох;
 
3.4. Диоксин болон фураны эх үүсвэрүүд дээр хэмжилт хийх;
 
3.5. Диоксин болон фураны эх үүсвэрүүдээс байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн үнэлгээ хийх;
 
3.6. Диоксин болон фуран агуулсан хаягдал үүсдэг технологи үйл ажиллагаануудыг нарийвчлан тогтоох;
 
3.7. Диоксин болон фуран үүсгэгч эх үүсвэрүүдэд тэргүүний технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх боломжийн үнэлгээ хийх;
 
3.8. Диоксин болон фуран үүсгэгч эх үүсвэрүүдэд тэргүүний технологи/байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх;
 
3.9. Диоксин болон фуран агуулсан хаягдлын менежментийг боловсронгуй болгох зааварчилгааг боловсруулах;
 
3.10.     Удаан задардаг органик бохирдуулагч  агуулсан үйлдвэрийн хог хаягдлыг булах цэгүүдэд үнэлгээ хийх.
          
Дөрөвдүгээр зорилт. Удаан задардаг органик бохирдуулагч агуулсан пестицидүүдээр бохирдсон газруудыг олж тогтоон, хоргүйжүүлэх
 
4.1. Удаан задардаг органик бохирдуулагчийн пестицидүүдээр бохирдсон газруудыг олж тогтоон хоргүйжүүлэх, нөхөн сэргээх;
 
4.2. Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидүүдийн үлдэгдэл болон пестицидийн импортод тавих хяналтыг сайжруулах  механизмыг бүрдүүлэх;
 
4.3. Удаан задардаг органик бохирдуулагчаар бохирдсон газрын байршил, үүнийг хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар, уг бодисоос цэвэрлэгдсэн газруудыг кадастрын зурагт оруулж, 1-3 жилд газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд оруулж байх.
 
Тавдугаар зорилт. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай сургалт, сурталчилгаа явуулах, энэ талаархи мэдээллийг нийтийн хүртээл болгох
 
5.1. Оюутан, сурагчдад зориулсан удаан задардаг органик бохирдуулагчийн тухай агуулгыг боловсруулж, албан ба албан бус сургалтын хөтөлбөрт оруулах;
 
5.2. Удаан задардаг органик бохирдуулагч бодистой шууд харьцаж ажилладаг эрсдэлтэй бүлгийн болон хяналт шалгалтын байгууллагын ажиллагсдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтад хамруулах; 
 
5.3. Диоксин болон фураны үүсэлт, байгаль орчин хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, диоксин болон фураны үүсэлтийг бууруулах арга замын талаар сурталчилгааны материал бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол сурталчлах;
 
5.4. Удаан задардаг органик бохирдуулагчийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нарыг өндөр хөгжилтэй оронд урт, богино хугацааны сургалтад хамруулах.
 
Зургадугаар зорилт. Удаан задардаг органик бохирдуулагчийн хяналт-шинжилгээ болон судалгаа шинжилгээний чадавхийг бүрдүүлэх
 
6.1. Удаан задардаг органик бохирдуулагчийн хяналт-шинжилгээ болон судалгаа шинжилгээг гүйцэтгэх чадавхи бүхий лабораторийг байгуулах;
 
6.2. Удаан задардаг органик бохирдуулагчийн эх үүсвэрүүд төвлөрсөн болон бохирдолтой газруудад тэдгээрийн бохирдлын болон үүсэлтийн зэрэглэлийг ус, агаар, хөрс, хурдаст тогтоож, тэдгээрээс байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөллийн үнэлгээ хийх;
 
6.3. Удаан задардаг органик бохирдуулагчийн эх үүсвэрт болон тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнтэй шууд харьцаж ажилладаг эрсдэлтэй бүлгийнхнийг хамруулан судалгаа хийж, өвчлөлийн нийтлэг хандлага, илрэлийг тогтоон, эрсдэлийн үнэлгээ хийх;
 
6.4. Нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц, уурын зуух, гэр хорооллын айл өрхийн зуухнаас үүсэх диоксин болон фураны үүсэлтийн зэрэглэл, түүнийг бууруулах боломжид үнэлгээ хийх;
 
6.5. Удаан задардаг органик бохирдуулагчийн хяналт-шинжилгээг агаар, ус, хөрс, хурдас, хүнсний бүтээгдэхүүнд хийх аргачлалыг боловсруулж, хяналт-шинжилгээний цэгүүд,  хэмжилт хийх хугацааг тогтоон, байнгын хяналт-шинжилгээний системийг бий болгох.
 
Зургаа. ХӨтӨлбӨрийн удирдлага, зохион
        байгуулалт, санхҮҮжилт
 
Удирдлага, зохион байгуулалт 
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Удаан задардаг органик бохирдуулагчийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөл хэрэгжүүлнэ. Уг зөвлөл нь холбогдох яам, газар, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
 
     Зөвлөл нь  орон тооны нарийн бичгийн даргатай байж болно.
 
Хөтөлбөрийн санхүүжилт
 
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
 
1. Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (ДДБОС)-гийн санхүүгийн туслалцаа;
 
2. Олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;
 
3. Байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгө;
 
4. Улсын болон орон нутгийн төсөв;
 
5. Байгалийн нөөцийг хамгаалах зориулалтын сан;
 
     6. Бусад.
 
Долоо. Гарах Үр дҮн, тҮҮнийг тайлагнах
 
Гарах үр дүн
  
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрэх болно:
 
1. Удаан задардаг органик бохирдуулагчтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ;
 
2. Удаан задардаг органик бохирдуулагчийн эх үүсвэрийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан, хяналт тавих хяналт-шинжилгээний  систем бий болно;
 
3. ПХБ агуулсан тоног төхөөрөмжийн хэрэглээг зогсоож, нөөц хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар устгаж дуусна;
 
4. Дэвшилтэт технологи, байгаль орчинд ээлтэй арга ажиллагааг нэвтрүүлэх замаар эх үүсвэрүүдээс үүсэх диоксин ба фураны үүсэлтийг бууруулна;
 
5. Удаан задардаг органик бохирдуулагчаар бохирдсон газруудыг хоргүйжүүлнэ;
 
6. Удаан задардаг органик бохирдуулагч бодисын судалгаа, шинжилгээ, хяналт тавих лабораторийн чадавхи бүрдэнэ;
 
7. Аюултай хог хаягдлыг зайлуулах менежмент боловсронгуй болно;
 
8. Хүн амын эрүүл мэндэд онцгой аюултай эрсдэлийг бууруулна.
 
Хөтөлбөрийн үр дүнг тайлагнах
 
Хөтөлбөрийн хэрэгжилтийг гаргаж түүний үр дүнг дараах байгууллагад танилцуулна:
 
1. Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт:
 
-Үнэлгээний аргачлалын системийг бий болгож, 4 жил тутамд хөтөлбөрийн үр дүнг үнэлэн хүргүүлнэ;
 
-ПХБ устгах үйл явцын талаар 5 жил тутамд тайлан гаргана;
 
-Удаан задардаг органик бохирдуулагчийн бодисын хүрээлэн буй орчинд ялгарах болон хадгалагдаж байгаа хэмжээний өөрчлөлтийн талаархи тайланг хяналт-шинжилгээний дүнд үндэслэн  4 жил тутамд тайлагнана.
 
2. Монгол Улсын Засгийн газарт:
 
-Хөтөлбөрийн үйл ажиллагааны биелэлтийн явцын тайланг жил бүр гаргана;
 
-Хөтөлбөрийн үр дүнгийн тайланг үе шат бүрээр гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
           
 
 
 
 
 
 
 
 
----------оОо---------