- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2006 оны 105
дугаар тогтоолын хавсралт
ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гамшгаас хамгаалах улсын хяналтын зорилго нь гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, холбогдох стандарт, техникийн норматив, дүрэм, журам, заавар, дэглэмийн биелэлтийг хангуулахад оршино.
1.2. Гамшгаас хамгаалах улсын хяналтыг улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
1.3. Улсын ерөнхий байцаагчийн эрхийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч тус тус олгоно.
1.4. Улсын байцаагчийн эрх олгох журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд батална.
1.5. Улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Гамшгаас хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд болон энэ дүрэм, холбогдох бусад заавар, журмыг мөрдлөг болгоно.
1.6. Улсын байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтэст ажиллах бөгөөд улсын байцаагч нь ахлах байцаагчид, ахлах байцаагч нь ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.
1.7. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын байцаагчийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
1.8. Улсын байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаас загварыг нь баталсан үнэмлэх, тэмдэг, албан шаардлага, мэдэгдэл, танилцуулга, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.9.Гал түймрийн улсын хяналтын байцаагч нь Засгийн газрын 1999 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан "Гал түймрийн улсын хяналтын дүрэм"-ийг мөрдлөг болгон ажиллана.
Хоёр. Гамшгаас хамгаалах улсын хяналт явуулах чиглэл
Гамшгаас хамгаалах улсын хяналтыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилт;
2.2. Гамшгаас хамгаалах шаардлагыг тодорхойлсон стандарт, норм, техникийн норматив, дүрэм, заавар, журам, дэглэмийн биелэлт;
2.3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт, хэрэгжилт;
2.4. Гамшгаас хамгаалах алба, штаб, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал;
2.5. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио, сэрэмжлүүлэх мэдээллийг харилцаа холбоо, мэдээллийн байгууллага өмчийн төрөл хэлбэрээс үл хамааран үнэ төлбөргүй, саадгүй дамжуулах бэлтгэл;
2.6. Улсын болон гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэлт, нөхөн сэлбэлт, хадгалалт, хамгаалалтын чанар, байдал;
2.7. Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны ажлын зохион байгуулалт, хамралт, чанар, үр дүн;
2.8. Аврах ажиллагаа явуулахад дайчлах хүч хэрэгсэл болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг татан оролцуулах ажлын бэлтгэл, хэрэгжилт;
2.9. Аюулт үзэгдлийг мэдээлэх, цацраг идэвхт болон химийн хорт бодисыг хянах, хэмжих автомат тоног төхөөрөмж, аврах ажлын техник, багаж хэрэгслийн нөхөн хангалт, ашиглалт, хадгалалтын байдал.
Гурав. Гамшгаас хамгаалах улсын хяналтын
байцаагчийн эрх, үүрэг
3.1. Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
3.1.1. гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл шалтгаан, гэм буруутай этгээдийг тогтоох зорилгоор албан тушаалтан, иргэдээс тайлбар, тодорхойлолт гаргуулан авах;
3.1.2. гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед мэдээллийн болон тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр, дараалал харгалзахгүй /нөхөн төлбөртэй/-гээр ашиглах.
3.2. Улсын байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
3.2.1. гамшгаас хамгаалах улсын хяналтыг энэ дүрмийн 2 дугаар зүйлд заасан чиглэлийг баримтлан хэрэгжүүлэх;
3.2.2. илэрсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авах явцад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, хөндлөнгийн нөлөөнд үл автан, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх;
3.2.3. хяналт шалгалт хийж гаргасан дүгнэлт, акт, үйлдсэн нотломж, албан шаардлага, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Улсын байцаагчийн хууль ёсны шийдвэрийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
4.2. Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд улсын төсвийн орлогод оруулна.
4.3. Улсын байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл аж ахуйн нэгж, байгууллага, иргэн улсын ахлах болон ерөнхий байцаагчид гомдол гаргана. Улсын ахлах болон ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
4.4. Улсын байцаагч нь үүргээ биелүүлээгүй болон хууль зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оо0оо---
Текст томруулах
A
A
A