- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШУВУУНЫ ТОМУУНЫ ЦАРТАХЛААС СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Засгийн газрын 2006 оны 110 дугаар
тогтоолын хавсралт
ШУВУУНЫ ТОМУУНЫ ЦАРТАХЛААС СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нэг. Удиртгал
Шувууны томуу өвчин 2003 оны сүүлчээр Зүүн Азийн бүс нутагт дэгдэж, улмаар нүүдлийн шувуудаар дамжин Европ, Ойрхи дорнодын орнуудад тархаж, шувуунаас хүнд халдварлаж дэлхий нийтийг түгшээсэн халдварт өвчний нэг болоод байна.
2005 онд Хөвсгөл, Булган аймгийн зарим сумдын нутагт үхсэн нүүдлийн шувуудаас шувууны томууны вирус илэрсэн. Шувуудаас авсан дээж материалыг Япон улсын Хоккайдогийн их сургууль дахь шувууны томууны Олон улсын лавлагаа лабораторид хүргүүлэн шинжлэхэд шувууны томууны "А" хэвшлийн H5N1 вирус илэрч анхны оношийг баталгаажуулсан юм.
Мал эмнэлгийн байгууллагууд хамтран Хөвсгөл аймгийн нутаг дахь нууруудаас 600 гаруй нүүдлийн шувууны сангас болон зарим үхсэн шувуунаас дээж авч шинжилгээ хийлгэхэд 4 дээжинд H5N1 вирус илэрсэн байгаа.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий нийтэд шувууны томуугаас үүдэлтэй хүний томуугийн цартахал дэлгэрэх аюул нүүрлэж байгааг анхааруулж, улс орон бүр энэхүү халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, устгах талаар өөрийн үндсэн чиглэлийг боловсруулан хэрэгжүүлж, бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтран ажиллахыг зөвлөсөн байна.
Хүн амын дунд томуугийн вирусийн шинэ омог буй болон хүнээс хүнд амархан тархаж, бүх насны хүн өртөн нийгмийн бүх салбарын үйл ажиллагааг хямралд хүргэхийг "цартахал" гэж нэрлэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шувууны томуу өвчний үеийг доорхи байдлаар хувааж үзсэн байна:
Нэгдүгээр үе /Цартахлын өмнөх үе/
I шат: Томууны "А" хүрээний вирусийн шинэ дэд хэвшинж хүнд тодорхойлогдоогүй. Томууны "А" хүрээний вирусийн дэд хэвшинж хүний халдварын шалтгаан болох тохиолдолд амьтдын дунд эргэлтэд байх боломжтой. Амьтдын дунд эргэлтэд байх нь хүн халдварлах, өвчлөх эрсдэл бага байх үе хамаарна.
П шат: Томууны "А" хүрээний вирусийн шинэ дэд хэвшинж хүнд тодорхойлогдоогүй. Гэвч эргэлтэд байгаа амьтдын томууны "А" хүрээний вирусийн дэд хэвшинж хүнд өвчин үүсгэх эрсдэлтэй үе.
Хоёрдугаар үе /Цартахлын түгшүүр үе/
Ш шат: Томууны вирусийн шинэ дэд хэв шинжээр хүн халдварласан хэдий ч хүнээс хүнд тархахгүй, маш ойрын хавьталд байсан хүмүүс өвдөх цөөн тохиолдол ажиглагдах магадлалтай үе хамаарна.
IҮ шат: Хүнээс хүнд дамжин халдварласан цөөн тохиолдол бүртгэгдэж, тархалт нь тухайн газар нутгаар хязгаарлагдаж, томууны вирус хүнд дасан зохицох чадвар бага байх үе хамаарна.
Ү шат: Хүнээс хүнд дамжсан нэлээд тохиолдлууд бүртгэгдсэн ч тархалт нь тухайн газар нутгаар хязгаарлагдсан хэвээр, харин вирус хүнд илүү дассан ч цартахлыг үүсгэх аюулд хүрээгүй байх үе хамаарна.
Гуравдугаар үе /Цартахлын үе/
ҮI шат: Хүн амын дунд халдварын тархалт нэмэгдэх үе.
Дөрөвдүгээр үе /Цартахлын дараахь үе/
Цартахлын өмнөх үеийн нөхцөл байдал руу эргэн орох үе хамаарна.
Хоёр. Шувууны томууны цартахлаас сэргийлэх,
Тэмцэх үндсэн чиглэлийг боловсруулах
шаардлага, үндэслэл
Манай оронд нүүдлийн шувууд 3 дугаар сарын дундаас 5 дугаар сарын сүүл хүртэлх хугацаанд Ази-Номхон далайн чиглэлээс Монгол орны зүүн зүг, Зүүн Ази, Австралийн чиглэлээс бүх нутаг, Төв Ази Энэтхэгийн чиглэлээс баруун зүгийн нутгаар тус тус дайран өнгөрч зарим нь өндөглөн зусаад буцдаг.
Увс, Айраг, Хар-Ус, Хар, Бөөнцагаан, Орог, Тэрхийн цагаан, Хөвсгөл, Өгий, Хурх-Хүйтний хөндийн нуурууд, Хөх, Тарь, Буйр, Ташгайн таван нуур зэрэг 40 гаруй томоохон нуур, гол мөрөнд нүүдлийн шувууд 20 гаруй мянган толгойгоор цуглардаг байна.
Манай улсын хэмжээнд 10 аж ахуйн нэгж, 2000 гаруй айл өрх 400 мянга орчим шувууг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар нэлээд өргөн газар нутагт задгай тэжээдэг. Энэ нь тэжээвэр шувууд, мал, амьтан зэрлэг шувуудтай тэжээл, ус, бэлчээрээр шууд харьцаж уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Монгол орны нутаг дэвсгэрээр нүүдлийн шувууд олноор дайран өнгөрч байгаа, жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан шувууны томуу өвчин гарах магадлал өндөр байгаа зэрэг нь Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл /цаашид "үндсэн чиглэл" гэх/ боловсруулахыг шаардаж байна.
Гурав. Шувууны томууны цартахлаас сэргийлэх,
тэмцэх үндсэн чиглэлийн зорилго, зорилт
Зорилго:
Үндсэн чиглэлийн зорилго нь олон улсын болон салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах замаар шувууны томуу өвчний дэгдэлт, тархалтыг хязгаарлах, өндөр хоруу чанартай томууны вирус хүнд халдварлахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг аюулгүй түвшинд байлгах, түүнээс үүдэн гарах эрүүл мэндийн болон эдийн засгийн хор хохирлыг багасгахад оршино.
Зорилтууд:
Нэгдүгээр үеийн зорилт:
а/халдвар тархахаас эрт сэрэмжлүүлэх, халдварыг хүн, тэжээвэр шувуу, мал, амьтанд халдахаас сэргийлэх, халдварын голомтыг устгах, хязгаарлах, халдварыг шуурхай оношлох, оношийг баталгаажуулах;
б/хор уршгийг арилгах арга хэмжээний бэлэн байдлыг хангах.
Хоёрдугаар үеийн зорилт:
а/хор уршгийг арилгах арга хэмжээний бэлэн байдлыг үнэлэх;
б/хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулах.
Гуравдугаар үеийн зорилт:
а/онцгой байдлын оператив төлөвлөгөөг бүх шатанд хэрэгжүүлэх;
б/шувууны томуу өвчний хүндрэл, нас баралтыг багасган тархалтыг зогсоох.
Дөрөв. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээ
Нэгдүгээр үеийн зорилтын хүрээнд:
1.1. Зохицуулах хороо байгуулах
1.2. Нэгдсэн мэдээллийн сүлжээг байгуулах, бэлэн байдалд оруулах
1.3. Сургалт, сурталчилгаа, үзүүлэх сургууль явуулах
1.4. Томууны идэвхтэй тандалтыг өргөжүүлэх
1.5. Өвчин үүсгэгчийг илрүүлэх
1.6. Шувууны томууны өвчлөл гарсан үед шаардагдах нөөц бэлтгэх
1.7. Эрсдэлт үед хүн, тэжээвэр шувуу, мал, амьтныг вакцинжуулах
1.8. Тэжээвэр шувуу, мал, амьтныг халдвар авахаас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
1.9. Халдварын голомтыг устгах, хязгаарлах, халдвар цаашид тархахаас сэргийлэх
1.10. Халдварыг оношлох хүн, мал эмнэлгийн био аюулгүй байдлыг хангасан З дугаар зэрэглэлийн лабораторийг байгуулах
1.11. Халдвар авсныг шуурхай оношлох, оношийг баталгаажуулах
1.12. Мэргэжлийн байгууллагуудад бэлэн байдлыг хангуулах
1.13. Хууль тогтоомжийн биелэлтийг хангах арга хэмжээг зохион байгуулах
Хоёрдугаар үеийн зорилтын хүрээнд:
2.1. Мэдээллийг нэгтгэх, салбар хоорондын зохицуулалт хийх
2.2. Өвчлөлийн шинээр илэрсэн болон онцгой тохиолдлыг мэдээлэх, баталгаажуулах
2.3. Хорио цээр тогтоож, сэжигтэй бүсийн хүн амыг вакцинжуулах
2.4. Эмнэлэг, эмийн сангуудын бэлэн байдлыг хангах
2.5. Эрүүл мэнд, халамжийн үйл ажиллагааг цагийн байдалд тохируулан хүн амд илүү хүртээмжтэй байдлаар өөрчлөн зохион байгуулах
2.6. Өвчилсөн мал, амьтныг устгаж зохих журмын дагуу нөхөн төлбөр олгох
2.7. Өвчний голомт бүхий газраас айл, эрүүл мал, амьтныг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх
2.8. Улсын нөөцийг нэмэгдүүлэх
Гуравдугаар үеийн зорилтын хүрээнд:
3.1. Онцгой байдлын оператив төлөвлөгөөг бүх түвшинд хэрэгжүүлэх
3.2. Хорио цээр тогтоох
3.3. Хүн, мал эмнэлгийн тусламж, үйлчилгээг тухайн нөхцөл байдалд тохируулан өөрчлөх, нэмэлт эмнэлэг ажиллуулах
3.4. 24 цагаар ажиллах эмийн сангийн тоог нэмэгдүүлэх
3.5. Эрүүл мэнд, халамжийн тохирсон үйлчилгээг хүн амд хүргэх
3.6. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон бусад орнуудын томуугийн төвүүдтэй хамтран ажиллах, шинэлэг арга хэмжээг шуурхай нэвтрүүлэх
3.7. Өвчлөлийн байдалд үнэлгээ хийх, хүндрэл, нас баралтыг багасгах арга хэмжээ авах.
Тав. Удирдлага, зохион байгуулалт
Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулах хороог дор дурдсанаар зохион байгуулна:
1. Цартахлын өмнөх үед Онцгой байдлын ерөнхий газар, орон нутагт аймаг, нийслэлийн онцгой байдлын хэлтэс холбогдох мэргэжлийн комиссыг оролцуулж байгуулна.
2. Цартахлын түгшүүрийн үед Улсын онцгой комисс, аймаг, нийслэлийн Онцгой комиссын хүрээнд зохицуулах хороог байгуулна.
3. Цартахлын үед Ерөнхий сайдаар ахлуулсан зохицуулах хороог үндэсний хэмжээнд зохион байгуулна.
Зургаа. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хугацаа
Үндсэн чиглэлийг 2006-2010 онд цартахлын үеийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ.
Долоо. Үндсэн чиглэлийн санхүүжилт
Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
1. Улсын болон орон нутгийн төсөв
2. НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа төслийн санхүүжилт
3. Олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж
4. Бусад
Найм. Хүрэх үр дүн
Үндсэн чиглэлийн үе шат бүрийн зорилтыг цаг алдалгүй хэрэгжүүлснээр шувууны томуу, томууны цартахлыг хүн, мал, амьтны эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багатай даван туулна.
Ес. Үнэлгээ
1. Шувууны томууны цартахлаас сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулах хороо үндсэн чиглэлийн биелэлт, явцын тайланг хагас жил тутам гаргана.
2. Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн IҮ улиралд багтаан онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд Засгийн газарт танилцуулна.
-----о0о----
Текст томруулах
A
A
A