A

A

A

Бүлэг: 1979
                                Засгийн газрын 2006 оны 115 дугаар                         
                                тогтоолын 2 дугаар хавсралт
 
ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээл (уран зураг, баримал, зураасан зураг, чимэг, чимэглэх урлаг, дизайн болон орчин үеийн урлагийн төрөл зүйл)-ийг сонгон шалгаруулах, үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
          1.2. Худалдан авсан дүрслэх урлагийн шилдэг бүтээл (цаашид "бүтээл" гэнэ)-ийг Уран зургийн галерейн сан хөмрөгт  бүртгэн хадгална.
 
Хоёр. Бүтээлд тавигдах шаардлага
 
2.1. Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн шилдэг бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.
 
2.2. Бүтээл нь нийтийн хүртээл болсон, орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлсэн, ур чадварын өндөр түвшинд болон материал,технологийн хувьд чанартай хийгдсэн, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байвал зохино.
 
2.3. Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.
 
Гурав. Бүтээлийг худалдан авах
 
3.1. Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчтой нь тохиролцсоны үндсэн дээр дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна.
 
3.2. Бүтээлийг шинжлэн үзэж, зохиогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан зөвшилцөх замаар улсын санд худалдан авах эсэх дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ)-ийг тухай бүр соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр томилон ажиллуулна. Зөвлөл нь бүтээлийг сонгон шалгаруулахдаа төрөөс дүрслэх урлагийг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг дэмжих зарчим баримтална.
 
3.3. Зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй байх бөгөөд мэргэжлийн уран бүтээлчид, урлаг судлаач, шүүмжлэгч, соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон  Монголын урчуудын эвлэлийн хороо, Уран зургийн галерейн төлөөлөлтэй  байна.
 
3.4.  Зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулна. 
 
3.5. Зөвлөл нь 85-аас доошгүй хувийн ирцтэй хуралдаж, бүтээлийг улсын санд худалдан авах эсэх шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар гаргана.
 
3.6. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарах бөгөөд хурлын тэмдэглэлд зөвлөлийн гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Хурлын тэмдэглэлийг үндэслэж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэр гаргана.
 
3.7. Зөвлөлийн гишүүний бүтээлийг худалдаж авах тохиолдолд тухайн асуудлыг хэлэлцэх, санал хураахад уг гишүүн нь оролцохгүй.
 
3.8.  Бүтээлийг мэргэжлийн урлагийн байгууллагаас зохион байгуулсан үзэсгэлэн, олон улсын шилмэл бүтээлийн үзэсгэлэн болон уран бүтээлчдийн бие даасан үзэсгэлэнгээс сонгон шалгаруулна.
 
Дөрөв. Бүтээлийг худалдан авах хөрөнгө,
түүний зарцуулалт
 
4.1. Улсын санд худалдан авахаар сонгосон бүтээлийг тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан улсын төсвөөс санхүүжүүлнэ.
 
4.2. Төсвөөс олгосон хөрөнгийн 15 хувийг дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг сурталчлах, зөвлөлийн гишүүдийг урамшуулахад зарцуулна.
 
          4.3. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах тухай соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно.
 
4.4. Дуудлагын худалдаагаар худалдаж байгаа дүрслэх урлагийн бүтээлийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахыг хориглоно.
 
4.5. Энэхүү журмын биелэлтэд санхүүгийн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.
 
Тав. Бүтээлийн зохиогчийн эрх
 
          5.1. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүтээлээ худалдсан иргэнтэй бүтээлийг ашиглах онцгой эрх шилжүүлэх тухай гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна.
 
----оОо----