- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2006 оны 118 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САНГИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн халамжийн сан (цаашид "сан" гэнэ)-г бүрдүүлэх, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавих үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө нь Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд зориулагдана.
1.3. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Төрийн сангийн газартай хамтран гүйцэтгэнэ.
1.4. Нийгмийн халамжийн сангийн төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалтад хяналт тавих асуудлыг нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
Хоёр. Сангийн бүрдүүлэлт
2.1. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. тухайн жилд нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулахаар улсын төсвөөс олгосон хөрөнгө;
2.1.2. тухайн жилд нийгмийн халамжийн арга хэмжэээнд зарцуулахаар орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
2.1.3. сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг банкинд зохих гэрээний дагуу хадгалуулсны хүүгийн орлого;
2.1.4. олон улсын байгууллага, гадаад орнуудаас өгсөн хандив, тусламж;
2.1.5. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нийгмийн халамжийн зориулалтаар олгосон хандив, тусламж;
2.1.6. бусад эх үүсвэр.
Гурав. Сангийн хөрөнгийн төлөвлөлт, санхүүжилт
3.1. Нийгмийн халамжийн сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд улсын хэмжээний төвлөрсөн сан, орон нутгийн дэд сантай байна.
3.2. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулиудад заасны дагуу улсын төсвөөс нийгмийн хамгааллын арга хэмжээнд зориулан хуваарилсан хөрөнгө нь нийгмийн халамжийн санд тусгай зүйл ангиар зохицуулагдана.
3.3. Нийгмийн халамжийн төвлөрсөн сангийн орлого, зарлагыг дараахь байдлаар төлөвлөнө:
3.3.1. аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага нь дараагийн санхүүгийн жилд шаардагдах хөрөнгийн хэмжээг нийгмийн халамжийн арга хэмжээнд хамрагдах хүний тоо, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний төрлөөр нь ангилан дэд сангийн орлого, зарлагын хамт төлөвлөж жил бүрийн 3 дугаар сарын 5-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;
3.3.2. нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэг хүнд ногдох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, үйлчилгээний зардлын норм, норматив, стандартыг үндэслэн нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагыг улсын хэмжээгээр нэгтгэн төлөвлөж, 3 дугаар сарын 20-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ;
3.3.3. нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн орлого, зарлагын төлөвлөгөөг төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгах саналыг 4 дүгээр сарын 5-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;
3.3.4. санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөөг хянан үзэж төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсвийн төсөлд тусгана.
3.4. Орон нутгийн төсвөөс халамжийн дэд санд олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулна.
3.5. Нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэх тусгай зориулалтын хэрэгслээр хангах үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэнэ.
Дөрөв. Сангийн зарцуулалт
4.1. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нийгмийн халамжийн төвлөрсөн сангаас аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад олгох санхүүжилтийн хуваарийг улирал, сараар гаргаж нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн баталж Төрийн сангийн газарт хүргүүлнэ.
4.2. Төрийн сангийн газар нь төвлөрсөн төсвөөс олгох хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу орон нутгийн төрийн сангийн тасаг дахь аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагын дансанд улирал, сараар хуваарилан олгоно.
4.3. Орон нутгийн төрийн сангийн тасаг нь нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагаас гаргасан хуваарийн дагуу арилжааны банкинд сар бүр хуваарилна.
4.4. Энэ дүрмийн 4.1-д заасан хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн дагуу шийдвэрлэнэ.
4.5. Нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд зориулан орон нутгийн төсвөөс нийгмийн халамжийн дэд санд олгох хөрөнгийг орон нутгийн төрийн сангийн тасаг улирал, сараар хуваарилж олгоно.
4.6. Нийгмийн халамжийн төвлөрсөн сангийн хөрөнгийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу тэтгэврийн болон Амьжиргааг дэмжих санд хуваарилан хууль, журамд заасан зориулалтын дагуу зарцуулна.
4.7. Сангийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд ашиглах, зарцуулахыг хориглоно.
Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад
тавих хяналт, тайлан
5.1. Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг тогтоосон хугацаанд олгох, хяналт тавих үүргийг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага гүйцэтгэнэ.
5.2. Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн хэмжээг тодорхойлох, хуваарилах, дотоод хяналт тавих үүргийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
5.3. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь сангийн төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр сангийн жилийн төсвийн гүйцэтгэлийг батална.
5.4. Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад Улсын мэргэжлийн хяналтын газар, Үндэсний аудитын газар эрх хэмжээний дотор тус тусын хяналт тавина.
5.5. Нийгмийн халамжийн сангийн орлого, зарлагын улирлын тайланг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагын дарга тухайн улирлын дараа сарын 25-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус гаргаж ирүүлнэ.
5.6. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сангийн улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 20-ны дотор, жилийн эцсийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 1-ний дотор тус тус гаргаж, санал дүгнэлтийн хамт нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.7. Сангийн анхан шатны бүртгэл, тайлан тэнцэл, мэдээний маягтын загвар, заавар, журмыг нийгмийн халамжийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A