A

A

A

Бүлэг: 1979
 
 
      Засгийн газрын 2006 оны 118 дугаар
      тогтоолын 2 дугаар хавсралт
 
ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, НӨХЦӨЛТ  МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.  Нийгмийн халамжийн тухай хуульд заасан халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийг (цаашид "тэтгэвэр", "тэтгэмж" гэх) тогтоох, олгох, түүнийг зогсоохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
 
1.2. Тэтгэвэр, тэтгэмжид хамрагдахыг хүссэн иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан тушаалаар баталсан "Өрхийн амьжиргааны түвшинг үнэлэх аргачлал"-ын дагуу сум, хорооны нийгмийн ажилтан үнэлж, Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Амьжиргааг дэмжих зөвлөлийн тодорхойлолтыг үндэслэн тэтгэвэр, тэтгэмж авах иргэдийн жагсаалтыг Засаг дарга батална.
 
1.3. Тэтгэвэр, тэтгэмжийг "нэн ядуу", "ядуу" гэсэн ангилалд багтсан өрхөд амьдарч байгаа иргэнд олгоно. Халамжийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд энэ журмын 1.2-т заасан амьжиргааны түвшингийн үнэлгээ хийгдэхгүй бөгөөд харин тухайн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоосон тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан байна.
 
Хоёр. Тэтгэвэр,  тэтгэмжид  хамрагдах
       хүсэлтийг хянан шийдвэрлэх явц
 
2.1. Халамжийн тэтгэвэр, тэтгэмж авахыг хүссэн иргэн энэхүү журмын 6-д заасан материалыг бүрдүүлж сум, хорооны  нийгмийн ажилтанд өгнө.
 
2.2. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гарган саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ.
 
2.3. Сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, тэтгэвэр, тэтгэмжид хамруулах эсэх тухай саналаа гаргаж сум, хорооны Засаг даргад уламжилна.
 
2.4. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг  батална.
 
2.5. Аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ сум, хорооны Засаг даргын захирамжийг холбогдох материалын хамт хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийг нээж өгнө.
 
2.6. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах иргэнд олгох тэтгэмжийг асруулагчийн оршин суугаа аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага олгоно.
 
2.7. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах иргэнд тэтгэмж олгохдоо тэтгэмж авах тухайн иргэн, асруулагч болон сум, хорооны нийгмийн ажилтны хооронд асрах талаар гурвалсан гэрээ байгуулсан байна.
 
Гурав. Тэтгэвэр, тэтгэмж олгох, үргэлжлэх хугацаа
 
          3.1. Тэтгэвэрт хамрагдах хугацаа нь шийдвэр гарсан өдрөөс эхэлж хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, нас барах, амьжиргааны түвшин нь дээшлэх болон хуулиар тогтоосон бусад эрх нь дуусгавар болох хүртэлх хугацаанд үргэлжилнэ.
 
          3.2. Энэ журмын 3.1-д заасан хугацаа нь 2006 оны        7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувьд нэгэн адил үйлчилнэ.
 
3.3. 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны, хүүхэд асарсны, нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдийн тэтгэмжийг анх хуулиар үүссэн эрх нь дуусах хүртэл хугацаанд үргэлжлүүлэн олгоно.
 
3.4. 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Нийгмийн халамжийн тухай хуулиар жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд хүүхэд асарсны тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрх нь нээлттэй байна.
 
3.5. Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эхэд тэтгэмжийг жирэмслэлтийг зогсоох хүртэл хугацаанд олгоно.
 
          3.6. Ихэр хүүхэд төрсөн тохиолдолд тэтгэмжийн хэмжээг хүүхэд төрсөн сараас нь эхлэн 2 дахин нэмэгдүүлэн олгоно. Нэмэгдэл тэтгэмжийг хүүхдийг 1 нас хүртэлх хугацаанд олгоно.
 
          3.7. Хэрэв гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эх хүүхдүүдээ өөрөө асрах хүсэлтэй бол тэтгэмж олгох хугацааг 10 хүртэл сараар нэг удаа сунгана.
         
 
3.8. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах иргэнд олгох тэтгэмжийн хугацааг хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тооцож эхний удаа 12 хүртэлх сараар тогтооно. Аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагаас үнэлгээ хийсний үндсэн дээр Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналын дагуу уг тэтгэмжийг олгох хугацааг 10 хүртэл сараар нэг удаа сунгаж болно.      
 
3.9. Сум, хорооны Засаг дарга халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэдийн нэрсийн жагсаалтыг сум, хорооны нийт иргэдэд нээлттэй, ил тод мэдээлж байна.  
 
 
Дөрөв. Тэтгэвэр, тэтгэмж олгох
 
4.1. Аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг  банкаар дамжуулан сар бүр олгоно.
 
4.2. Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд бүрмөсөн шилжин суурьшсанаас хойш 30 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаанд бүртгүүлээгүй  бол  бүртгэлгүй байсан хугацааны тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгохгүй. 
 
4.3. Сарын дундуур тэтгэвэр, тэтгэмж шинээр тогтоолгох буюу хасагдах иргэний тэтгэвэр, тэтгэмжийг хуанлийн өдрөөр тооцож олгоно.
 
4.4. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн хүнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.
 
4.5. Арван зургаагаас доош насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэврийг эцэг, эх, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тухайн орон нутгийн шүүхээс тогтоосон байна.
 
4.6. Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.
 
4.7.  Тухайн иргэн нь нийгмийн халамжийн сангаас олгох  тэтгэмжийн зөвхөн  нэг  төрөлд хамрагдана. Хэрэв давхардахаар бол аль нэгийг нь иргэн өөрөө сонгон авах эрхтэй.
 
Тав.  Тэтгэвэр,  тэтгэмжийг       зогсоох, суутгал хийх
 
5.1. Дараахь тохиолдолд халамж, үйлчилгээний байгууллага /сумын Засаг дарга/ иргэний тэтгэврийг зогсоох шийдвэр гаргана:
 
5.1.1. тухайн иргэний амьжиргааны түвшин дээшилсэн;
 
5.1.2.  хууль ёсоор тэжээн тэтгүүлэх үндэс бүрдсэн;
 
5.1.3. хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтой болсон;
 
5.1.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиас бага болсон нь эмнэлэг,  хөдөлмөрийн   магадлах комиссоор тогтоогдсон;
 
5.1.5. өрх толгойлсон эх /эцэг/ бүхий өрхөд амьдарч байгаа хүүхэд 16 насанд хүрсэн;
 
5.1.6.  тэтгэвэр авагч нь нас барсан;
 
5.1.7. тэтгэвэр авагч иргэн өөрийн хүсэлтээр тэтгэврээ зогсоож, амьжиргааг дэмжих тусламж авах хүсэлтээ гаргасан;
 
5.1.8. хуулиар тэтгэвэр авах хугацаа нь дуусгавар болсон.
 
5.2. Дараахь тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхэд олгох тэтгэмжийг зогсоох тухай саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ:
 
5.2.1.  өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн;
 
5.2.2. нийгмийн даатгалын сангаас олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн;
                   
                    5.2.3.   хүүхэд нь нас барсан;
 
                    5.2.4.   хугацаа нь дуусгавар болсон.
 
5.3. Дараахь тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг зогсоох тухай саналаа сум, хорооны  Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ:
 
5.3.1. ахмад настны биеийн эрүүл мэндийн байдал сайжирч эмч, эмнэлгийн байнгын хяналтаас гарсан;
 
5.3.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн эрүүл мэндийн байдал сайжирч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь буурсан тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарч, эмчийн байнгын хяналт, байнгын асрамж шаардлагагүй болсон;
 
5.3.3. өрхийн амьжиргааны түвшин дээшилсэн;
 
5.3.4.  асруулагч нас барсан.
 
5.4. Хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж авсан нь тогтоогдвол тэтгэвэр, тэтгэмжийг  зогсоож  буруутай хуулийн этгээд, албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.
 
5.5. Илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх талаар шүүхийн, эсхүл улсын байцаагчийн шийдвэр гарсан бол тухайн иргэний сарын тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн    50-иас хэтрэхгүй хувиар суутгал хийж хохирлыг барагдуулна.
 
5.6 Энэ журмын 5.5-д зааснаас бусад тохиолдолд тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжээс суутгал хийхийг хориглоно.
 
Зургаа. Тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах иргэний
 бүрдүүлэх бичиг баримт.
 
6.1. Ахмад настан болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эх /эцэг/-д олгох тэтгэвэрт хамрагдахыг хүссэн иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
 
6.1.1. тэтгэвэр тогтоолгохыг хүссэн  өргөдөл;
 
6.1.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
6.1.3. нийгмийн датгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй болохыг гэрчилсэн тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /сумын нийгмийн даатгалын байцаагч/-ийн  тодорхойлолт;
 
6.1.4. 0-16 хүртэл насны хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
 
6.1.5. өрхийн амьжиргааны мэдүүлэг /маягтаар/ .
 
6.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэвэрт хамрагдахыг хүссэн иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлж  сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
 
6.2.1. тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
 
6.2.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт;
 
6.2.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар.
 
6.3. Жирэмсэн эмэгтэй болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй эх дараахь бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
 
6.3.1. тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн өргөдөл;
 
6.3.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
6.3.3. жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай сум, дүүргийн өрхийн эмнэлгийн тодорхойлолт;
 
6.3.4. нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын /сумын нийгмийн даатгалын байцаагч/ байгууллагын тодорхойлолт;
 
6.3.5. өрхийн амьжиргааны мэдүүлэг /маягтаар/.
 
6.4. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтэй иргэн дараахь  бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд  өгнө:
 
6.4.1. тэтгэмж авахыг хүссэн  өргөдөл;
 
6.4.2. асруулагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
 
6.4.3. асрамжинд байх  хүний талаархи эмнэлгийн байгууллагын дүгнэлт;
 
6.1.4. асруулагчийн өрхийн амьжиргааны мэдүүлэг /маягтаар/.
 
Долоо. Бусад
 
7.1. Тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон олгож байгаа байдал, тухайн жилд өрхийн амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтөд аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага сум, хорооны засаг захиргааны нэгжтэй хамтран жил бүр үнэлгээ хийнэ.
 
7.2. Иргэн шилжин суурьшсан тохиолдолд шилжин очсон нутаг дэвсгэрийнхээ захиргаа, иргэний бүртгэл, халамж, үйлчилгээний байгууллагад 30 хоногийн дотор бүртгүүлснээр тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах эрх үүснэ.
 
7.3. Сум, хорооны нийгмийн ажилтан нь орон нутгийн шилжилт хөдөлгөөнд хамрагдсан өрхийн мэдээ, тайланг сар бүр гарган аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлж байна.
 
7.4. Хуурамч  бичиг баримт бүрдүүлж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон иргэн болон хуурамч баримт үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, олгогдсон тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
 
7.5. Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын алба хяналт тавьж  ажиллана.
 
 
 
 
-----оОо-----