- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГТ ХАМРАГДСАН ӨРХ, ИРГЭНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 118 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
НИЙГМИЙН ЭМЗЭГ БҮЛЭГТ ХАМРАГДСАН ӨРХ, ИРГЭНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
1.1. Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хөнгөлөлт, тусламж олгох, халамжийн үйлчилгээг үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2. Нийгмийн халамжийн тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний зардлыг Амьжиргааг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
Хоёр. Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан өрх,
иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж,
үйлчилгээний төрөл
2.1. Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан өрх, иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж дор дурдсан төрөлтэй байна:
2.1.1. амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж;
2.1.2. халамжийн цэцэрлэгийн үнийн хөнгөлөлт;
2.1.3. сэргээн засах үйлчилгээний зардлын хөнгөлөлт.
2.2. Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан өрх, иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:
2.2.1. амьдралын итгэл үнэмшил, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг нь дэмжих зорилгоор зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
2.2.2. зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох зэргээр ядуурлаас гарахад нь туслах, энэ чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрт зуучлан хамруулах;
2.2.3. сэргээн засах үйлчилгээнд хамруулах;
2.2.4. түр байрлуулан асрамжлах;
2.2.5. гэрийн асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах.
Гурав. Нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан өрх,
иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламжийн
хамрах хүрээ, хэмжээ, зохицуулалт
3.1. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжид дор дурдсан иргэн хамрагдана:
3.1.1. 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтоогдсон нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх нь дуусгавар болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн /хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиас доогуур тогтоогдсон/;
3.1.2. нийгмийн халамжийн тэтгэврийг 1-ээс дээш жил авах эрхтэй боловч сайн дураараа энэ журамд заасан тусламжид хамрагдах зорилгоор нийгмийн халамжийн тэтгэврээ зогсоолгох хүсэлт гаргасан иргэн.
3.2. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийг олгоход:
3.2.1. иргэн халамжийн тэтгэврээ зогсоолгох, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдах тухай хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана;
3.2.2. сум, хорооны нийгмийн ажилтан мөнгөн тусламжид хамрагдах хүсэлтээ гаргасан иргэнтэй хамтран өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулна. Өрхийн хөгжлийн төлөвлөгөөнд тухайн иргэн, түүний амьдарч байгаа өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломж, чиглэл, үйл ажиллагаа, хүрэх үр дүн, хугацааг нарийвчлан тодорхойлсон байна;
3.2.3. сум, хорооны нийгмийн ажилтан нь өрхийн хөгжлийн төлөвлөгөөг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ;
3.2.4 сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл мөнгөн тусламжид хамруулах эсэх тухай саналаа сум, хорооны Засаг даргад уламжилна;
3.2.5. мөнгөн тусламжид хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн саналыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, тусламжид хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
3.2.6. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ сум, хорооны Засаг даргын захирамжийг үндэслэн өрхийн хөгжлийн төлөвлөгөөг хянан үзэж, тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ;
3.2.7. аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагын шийдвэрт үндэслэн тухайн иргэний оршин суугаа сум, хорооны Засаг дарга, амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийг авах эрх бүхий иргэнтэй гэрээ байгуулж аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагаар батлуулна;
3.2.8. аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага гэрээнд заасан нөхцөлийн дагуу мөнгөн тэтгэмжийг тухайн иргэнд банкаар дамжуулан олгоно;
3.2.9. энэ журмын 3.2.7-д заасан мөнгөн тусламжийг олгох гэрээний үлгэрчилсэн загварыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
3.3. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэднийг мэргэжил олгох сургалтад хамруулах, ажлын байр болон жижиг зээлд зуучлах ажлыг сум, хорооны нийгмийн ажилтан өрхийн хөгжлийн төлөвлөгөөний дагуу аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
3.4. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжийн хэмжээ нь тухайн иргэний нэг жилд авах нийгмийн халамжийн тэтгэврийн нийт дүнгээс илүүгүй байна.
3.5. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсанаар тухайн иргэний нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдах эрх нь дуусгавар болно.
3.6. Халамжийн цэцэрлэгийн хоолны үнийн хөнгөлөлтөд 6 хүртэлх насны дор дурдсан хүүхэд хамрагдана:
3.6.1. хөгжлийн бэрхшээлтэй иргэний;
3.6.2. ядуу амьдралтай бүтэн болон хагас өнчин;
3.6.3. хөгжлийн бэрхшээлтэй;
3.6.4. нэн ядуу амьдралтай өрхийн.
3.7. Халамжийн цэцэрлэгийн үнийн хөнгөлөлт олгоход:
3.7.1. хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
-өргөдөл;
-эцэг, эх /эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-ийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
-өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээ /маягтаар/;
-хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
-цэцэрлэгт хүмүүждэг тухай тодорхойлолт.
3.7.2. сум, хорооны нийгмийн ажилтан хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гарган саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ;
3.7.3. сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, хөнгөлөлтөд хамруулах эсэх тухай саналаа сум, хорооны Засаг даргад уламжилна;
3.7.4. хөнгөлөлтөд хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, мөнгөн тусламжид хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
3.7.5. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ цэцэрлэгийн үнийн хөнгөлөлтийг банкаар дамжуулан сургуулийн өмнөх байгууллагад улирал бүр шилжүүлнэ.
Дөрөв. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн
үйлчилгээний хамрах хүрээ, зохицуулалт
4.1. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд нэн ядуу амьдралтай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хүчирхийлэлд өртсөн иргэн, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж нь зогсоогдсон эмзэг бүлгийн иргэн хамрагдана.
4.2. Энэ журмын 4.1-д заасан иргэнд дараахь үйлчилгээг үзүүлнэ:
4.2.1. зөвлөгөө өгөх;
4.2.2. мэргэжлийн сургалтад хамруулах;
4.2.3. орлого нэмэгдүүлэх төсөл, зээл, ажлын байранд зуучлах;
4.2.4. сэргээн засах;
4.2.5. түр байранд байрлуулах;
4.2.6. гэрийн нөхцөлд асрамжлах.
4.3. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэхэд:
4.3.1. энэ журмын 4.1-д заасан иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана;
4.3.2. сум, хорооны нийгмийн ажилтан нь үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан эмзэг бүлгийн өрх, иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гаргаж нэн тэргүүний хэрэгцээ бүхий 3-аас дээшгүй үйлчилгээний төрлийг сонгож, саналын хамт сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ.
4.3.3. сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл нийгмийн ажилтны саналыг хянан хэлэлцэж, өрхийн амьжиргааны түвшин, үйлчилгээнд хамруулах эсэх тухай тодорхойлолт гаргаж сум, хорооны Засаг даргад уламжилна.
4.3.4. үйлчилгээнд хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, үйлчилгээнд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
4.3.5. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага нэн тэргүүний хэрэгцээт үйлчилгээний төрөл, хамрагдах өрх, иргэдийн тоо, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлж, үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлнэ.
4.4. Ижил төрлийн хэрэгцээ бүхий эмзэг бүлгийн иргэдийг өөрсдийн санаачилгаар нь бүлгийн зохион байгуулалтад оруулах, сургалтад хамруулах ажлыг үйлчилгээ үзүүлэгч мэргэжлийн байгууллага, тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хамтран гүйцэтгэнэ.
Тав. Бусад
5.1. Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жил тутам үнэлгээ өгнө.
5.2. Амьжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэнд хувийн хэрэг нээн /суманд нийгмийн ажилтан, дүүрэгт нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага/ тухай бүр бичилт хийж хяналт тавина.
5.3. Сум, хороодын Амьжиргааг дэмжих зөвлөл, нийгмийн ажилтан энэ журамд заасан үйлчилгээнд хамрагдах өрх, иргэдийн ядуу, нэн ядуу болохыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.3-т заасан аргачлалын дагуу үнэн зөв тодорхойлж гаргах үүрэгтэй.
5.4. Энэ журамд заасан бичиг, баримтыг хуурамчаар үйлдсэн иргэн болон халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүй буюу хуурамчаар үйлдсэн, амьжиргааг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, эсхүл хувийн зорилгод ашиглах зэргээр хууль зөрчсөн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, үйлчилгээний зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
5.5. Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A