- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 118 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
АХМАД НАСТАНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ахмад настанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан тусламж, хөнгөлөлтийг олгоход энэхүү журмыг баримтална.
Хоёр. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт
2.1. Ахмад настанд дотоодод хийлгэсэн /сүүж, түнх, дунд чөмөг, шилбэ, өвдөг, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, шуу, сарвуу, буйл, шүд, эрүү, шилэн болон хуванцар нүд, нүдний болор/ протезийн үнийг нэг удаа нөхөн олгоно.
2.2. Ахмад настанд харах болон сонсох эрхтэний ортопедийн хэрэгсэл /сонсголын аппарат, харааны шил/-ийг нэг удаа үнэ төлбөргүй олгоно.
2.3. Дотоодод хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн зардлыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг үнээр тооцож Амьжиргааг дэмжих сангаас энэ журмын 5.1-д заасан бичиг баримтыг үндэслэн банкны байгууллагаар дамжуулан нэг удаа нөхөн олгоно.
2.4. Ахмадын зориулалттай амралт, рашаан сувиллын эрхийн бичгийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан хөнгөлөлттэй үнээр олгоно.
2.5. Авто тээврийн тухай хуулийн 12.2-т заасан нөхөн олговор олгох журмыг тухайн аймаг болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэсэн тохиолдолд ахмад настан нь нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр үнэ төлбөргүй буюу хөнгөлөлттэй үнээр зорчино.
Гурав. Нэн ядуу амьдралтай ахмад настанд
үзүүлэх тусламж, хөнгөлөлт
3.1. Нэн ядуу амьдралтай ахмад настны амьдарч байгаа орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх; түлээ, нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно. Энэхүү мөнгөн тусламжийг олгоход:
3.1.1. мөнгөн тусламжид хамрагдахыг хүссэн ахмад настан хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд энэ журмын 5.2-т заасан бичиг баримтын хамт бүрдүүлэн өгнө;
3.1.2. сум, хорооны нийгмийн ажилтан мөнгөн тусламжид хамрагдах хүсэлт гаргасан иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гарган саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ;
3.1.3. сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, мөнгөн тусламжид хамруулах эсэх тухай саналаа сум, хорооны Засаг даргад уламжилна;
3.1.4. мөнгөн тусламжид хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, мөнгөн тусламжид хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
3.1.5. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ сум, хорооны Засаг даргын захирамж, холбогдох материалыг үндэслэн мөнгөн тусламжийг тухайн ахмад настанд банкаар дамжуулан олгоно.
3.2. Нэн ядуу амьдралтай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд сувилуулахыг хүсвэл тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно. Энэхүү хөнгөлөлтийг олгоход:
3.2.1. дотоодын рашаан сувилалд сувилуулахыг хүссэн нэн ядуу амьдралтай ахмад настан хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд энэ журмын 5.3-т заасан бичиг баримтын хамт бүрдүүлэн өгнө;
3.2.2. сум, хорооны нийгмийн ажилтан хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гарган саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ;
3.2.3. сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж хөнгөлөлтөд хамруулах эсэх тухай саналаа сум, хорооны Засаг даргад уламжилна;
3.2.4. хөнгөлөлтөд хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
3.2.5. хөнгөлөлтийг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ сум, хорооны Засаг даргын захирамж, холбогдох материалыг үндэслэн тухайн ахмад настанд банкаар дамжуулан нөхөн олгоно.
3.3. Дотоодын рашаан, сувилалд амрахыг хүссэн хүндэт донор ахмад настан хүсэлтээ Монголын донорын холбоо /аймагт Улаан загалмайн хороо/-нд энэ журмын 5.4-т заасан бичиг баримтын хамт бүрдүүлж өгнө. Энэхүү хөнгөлөлтийг олгоход:
3.3.1. Монголын донорын холбоо /аймагт Улаан загалмайн хороо/ рашаан, сувилалд амрах ахмад настан хүндэт донорын нэрсийн жагсаалтыг холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлнэ;
3.3.2. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага тухайн ахмад настан хүндэт донорт рашаан, сувиллын зардлын хөнгөлөлтийг банкаар дамжуулан нөхөн олгоно.
3.4. Нийгмийн даатгалын талаархи хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, нэн ядуу амьдралтай, ганц бие ахмад настны оршуулгад зориулан нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламжийг энэ журмын 5.5-д заасан бичиг баримтыг үндэслэн сум, хорооны Засаг даргын томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид банкны байгууллагаар дамжуулан олгоно.
Дөрөв. Алдар цолтой ахмад настанд үзүүлэх
тусламж, хөнгөлөлт
4.1. Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр 1940–1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т дараахь тусламж, хөнгөлөлтийг энэ журмын 5.6-5.9-д заасан бичиг баримтыг үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага банкаар дамжуулан олгоно:
4.1.1. Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг улирал бүр;
4.1.2. нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа;
4.1.3. магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох;
4.1.4. орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх болон түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно. Тусламжийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон нийтлэг жишгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ.
4.2. Монгол Улсын гавьяат, Төрийн соёрхолт, Улсын ударник цолтон, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд дараахь тусламж, хөнгөлөлтийг энэ журмын 5.6-5.9-д заасан бичиг баримтыг үндэслэн аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага банкаар дамжуулан олгоно:
4.2.1. Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа;
4.2.2. нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа;
4.2.3. магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох;
4.2.4. орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх; түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.
4.3. "Алдарт эх" I, П одонтой ахмад настанд Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг энэ журмын 5.6.1, 5.6.2-т заасан бичиг баримтыг үндэслэн аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага жилд нэг удаа олгоно.
4.4. Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн дагуу 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хөнгөлөлт эдлэх эрх үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настанд орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх, түлээ, нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг энэ журмын 5.10-т заасан бичиг баримтыг үндэслэн аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага жилд нэг удаа олгоно.
Тав. Бүрдүүлэх бичиг баримт
5.1. Дотоодод хийлгэсэн протез, ортопедийн хэрэгслийн зардлыг нөхөн авахад бүрдүүлэх бичиг баримт:
5.1.1. өргөдөл;
5.1.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.1.3. сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
5.1.4. протез, ортопедийн хэрэгсэл хийлгэсэн тухай баримт.
5.2. Нэн ядуу амьдралтай ахмад настны орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх; түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэх мөнгөн тусламж авахад бүрдүүлэх бичиг баримт:
5.2.1. өргөдөл;
5.2.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.2.3. өрхийн амьжиргааны мэдүүлэг/ маягтаар/.
5.3. Дотоодын рашаан сувиллын зардлын хөнгөлөлт эдлэх нэн ядуу ахмад настны бүрдүүлэх бичиг баримт:
5.3.1. өргөдөл;
5.3.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.3.3. унааны хөлс төлсөн баримт;
5.3.4. эрхийн бичиг;
5.3.5. эмнэлгийн байгууллагын дүгнэлт;
5.3.6. өрхийн амьжиргааны мэдүүлэг.
5.4. Дотоодын рашаан сувиллын зардлын хөнгөлөлт эдлэх хүндэт донор ахмад настны бүрдүүлэх бичиг баримт:
5.4.1. өргөдөл;
5.4.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.4.3. унааны хөлс төлсөн баримт;
5.4.4. эрхийн бичиг;
5.4.5. Монголын донорын холбооны үнэмлэх, хуулбарын хамт /нийслэлд/;
5.4.6. Улаан загалмайн хорооны үнэмлэх, хуулбарын хамт /аймагт/.
5.5. Нэн ядуу, ганц бие ахмад настны оршуулгад зориулж зардал олгоход бүрдүүлэх бичиг баримт:
5.5.1. нас барсны гэрчилгээ;
5.5.2. оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын /суманд нийгмийн даатгалын байцаагч/ байгууллагын тодорхойлолт;
5.5.3. нэн ядуу, ганц бие болохыг нотолсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
5.5.4. итгэмжлэгчийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
5.5.5. итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
5.6. Энэхүү журмын 4.1, 4.2, 4.3-т заасан ахмад настанд Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг олгоход бүрдүүлэх бичиг баримт:
5.6.1. өргөдөл;
5.6.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.6.3. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
5.6.4. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт.
5.7. Энэхүү журмын 4.1, 4.2-т заасан ахмад настанд нийслэлээс аймаг, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардал олгоход бүрдүүлэх бичиг баримт:
5.7.1. өргөдөл;
5.7.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.7.3. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
5.7.4. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;
5.7.5. унааны хөлс төлсөн баримт.
5.8. Энэхүү журмын 4.1, 4.2-т заасан ахмад настанд дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг нөхөн олгоход бүрдүүлэх бичиг баримт:
5.8.1. өргөдөл;
5.8.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.8.3. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
5.8.4. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт
5.8.5. унааны хөлс төлсөн баримт;
5.8.6. эрхийн бичиг.
5.9. Энэхүү журмын 4.1, 4.2 -т заасан ахмад настанд орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх; түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэх тусламж олгоход бүрдүүлэх бичиг баримт:
5.9.1. өргөдөл;
5.9.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.9.3. алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт;
5.9.4. ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт.
5.10. 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эрх нь үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настны орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх; түлээ, нүүрс худалдан авахад дэмжлэг үзүүлэх тусламжид хамруулахад бүрдүүлэх бичиг баримт:
5.10.1. өргөдөл;
5.10.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.10.3. төрийн өндөр албан тушаал хашиж байсныг гэрчлэх бичиг баримт, хуулбарын хамт.
Зургаа. Бусад
6.1. Ахмад настанд тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагааг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
6.2. Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ахмад настны нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
6.3. Ахмад настанд тусламж, хөнгөлөлтийн зардлыг урьдчилан олгохгүй.
6.4. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан хоёр буюу түүнээс дээш төрлийн алдар цолтой ахмад настан зөвхөн нэг төрлийн алдар цолныхоо дагуу тусламж, хөнгөлөлтөд хамрагдана.
6.5. Аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага холбогдох шийдвэр, бичиг баримтыг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор тусламж, хөнгөлөлт олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ.
6.6. Аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан ахмад настанд хувийн хэрэг нээж тухай бүр бичилт хийж, хяналт тавина.
6.7. Энэхүү журамд заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн иргэн, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүй буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, хөнгөлөлтийн зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
6.8. Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A