- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2006 оны 118 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 25 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1-д заасан тусламж, хөнгөлөлтийг үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
Хоёр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох
протез, ортопедийн төрөл
2.1. Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэлд дараахь зүйлсийг хамруулна:
2.1.1. протез: нүдний болор, шилэн болон хуванцар нүд, эрүү, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, гарын хуруу, сүүж, түнх, дунд чөмөг, өвдөг, шилбэ, тавхай, тавхайн урд хэсэг;
2.1.2. ортопедийн хэрэгсэл: согог засах бүх төрлийн гутал, нурууны хамгаалалт, төрөл бүрийн чиг, хараагүй хүний таяг болон бусад төрөл бүрийн таяг, хүзүүвч, павликийн дөрөөвч, алхуулагч, төрөл бүрийн улавч;
2.1.3. тусгай хэрэгсэл: тэргэнцэр, сонсголын аппарат, хараагүй хүний брайлийн хэрэгсэл, бичиг томруулагч линзэн шил, магнитофон, радио хүлээн авагч, (+5, -5) ба түүнээс дээш нэмэх, хасах хараатай нүдний шил.
Гурав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох протез,
ортопедийн болон тусгай хэрэгслийн
үнийн хөнгөлөлт, зохицуулалт
3.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дор дурдсан хөнгөлөлт үзүүлнэ:
3.1.1. хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхдийн дотоодод хийлгэсэн протезийн үнийг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ банкаар дамжуулан 100 хувь нөхөн олгоно.
3.1.2. энэ журмын 3.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эхний удаа хийлгэсэн протез нь хугацаа, эдэлгээний хүчин зүйлийн улмаас шаардлага хангахгүй болсон тохиолдолд протезийн үнийг хоёр дахь удаа 100 хувь нөхөн олгоно.
3.1.3. нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ банкаар дамжуулан 100 хувь нөхөн олгоно.
3.1.4. Энэ журмын 3.1.3-т заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эхний удаа хийлгэсэн протез нь хугацаа, эдэлгээний хүчин зүйлийн улмаас шаардлага хангахгүй болсон тохиолдолд протезийн үнийг хоёр дахь удаа 50 хувь нөхөн олгоно.
3.2. Ядуу амьдралтай өрхийн хөгжлийн бэрхшээлтэй 18 хүртэлх насны хүүхэд, түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсээгүй, ядуу амьдралтай өрхийн хөгжлийн бэрхшээлтэй гишүүний дотоодод хийлгэсэн ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ банкаар дамжуулан нэг удаа 100 хувь нөхөн олгоно. Энэхүү хөнгөлөлтийг олгоход:
3.2.1. хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэн хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд энэ журамд заасан бичиг баримтын хамт бүрдүүлэн өгнө;
3.2.2. сум, хорооны нийгмийн ажилтан хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гарган саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ;
3.2.3. сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, хөнгөлөлтөд хамруулах эсэх тухай саналаа сум, хорооны Засаг даргад уламжилна;
3.2.4. хөнгөлөлтөд хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
3.2.5. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ сум, хорооны Засаг даргын захирамж, холбогдох материалыг үндэслэн хөнгөлөлтийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд банкаар дамжуулан олгоно.
3.3. Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.4. Протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг гадаадад хийлгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно.
Дөрөв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний амьжиргаанд
дэмжлэг үзүүлэх тусламж, хөнгөлөлт,
зохицуулалт
4.1. Харах, сонсох, ярих боломж нь хязгаарлагдмал сурагч болон түүний асран хамгаалагч эсхүл харгалзан дэмжигч нэг хүний хамт тусгай сургуульд суралцахаар ирсэн тохиолдолд ирэх болон буцах унааны зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ жилд нэг удаа банкаар дамжуулан нөхөн олгоно.
4.2. Нэн ядуу амьдралтай өрхийн хараагүй, хэлгүй, дүлий, одой болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний 4 хүртэлх насны нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны төлбөрийн 50 хувийг олгоно.
4.3. Ядуу амьдралтай, хөдөлмөрийн чадвартай гишүүнгүй, насанд хүрсэн бүрэн хараагүй иргэнтэй өрхийн суурин телефон утас ашигласны төлбөрт зориулж Засгийн газраас тогтоосон хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ.
4.4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, нэн ядуу амьдралтай өрхөд эзэмшиж байгаа орон сууцны халаалт, ус ашигласны төлбөр төлөх, түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.
4.5. Хэрэв нэн ядуу өрхөд хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хоёр болон түүнээс дээш тооны иргэн амьдарч байгаа бол энэ журмын 4.4-т заасан мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн олгоно.
4.6. Нэн ядуу амьдралтай өрхөд амьдарч байгаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүн эх орны рашаан сувилалд сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнийн 50 хувийг нөхөн олгоно.
4.7. Энэ журмын 4.2, 4.3, 4.4, 4.6-д заасан тусламж, хөнгөлөлтийг олгоход:
4.7.1. тусламж, хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэн хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд энэ журамд заасан холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэн өгнө;
4.7.2. сум, хорооны нийгмийн ажилтан тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргасан иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшингийн үнэлгээг гарган саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлнэ;
4.7.3. сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөл иргэний амьдарч байгаа өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлж, тусламж, хөнгөлөлтөд хамруулах эсэх тухай саналаа сум, хорооны Засаг даргад уламжилна;
4.7.4. хөнгөлөлт, тусламжид хамруулах асуудлыг сум, хорооны Засаг дарга Амьжиргааг дэмжих зөвлөлийн санал, тодорхойлолтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан хянан шийдвэрлэж, тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг батална;
4.7.5. аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ сум, хорооны Засаг даргын захирамж, холбогдох материалыг үндэслэн тусламж, хөнгөлөлтийг тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд банкаар дамжуулан олгоно.
5.1. Энэ журмын 3.1.1-д заасан протезийн үнийн хөнгөлөлтийг дор дурдсан бичиг баримтыг үндэслэн олгоно:
5.1.1. протезийн үнийг нөхөн авахыг хүссэн тухай өргөдөл;
5.1.2. төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх/, хуулбарын хамт;
5.1.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.1.4. протезийн үнийн нэхэмжлэл, эсхүл мөнгө төлсөн тухай санхүүгийн баримт.
5.2. Энэ журмын 3.1.3-т заасан протезийн үнийн хөнгөлөлтийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн олгоно:
5.2.1. протезийн үнийг нөхөн авахыг хүссэн тухай өргөдөл;
5.2.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.2.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.2.4. протезийн үнийн нэхэмжлэл, эсхүл мөнгө төлсөн тухай санхүүгийн баримт;
5.2.5. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, ортопедийн хэрэгслийн төлбөр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын /сумын нийгмийн даатгалын байцаагч/ байгууллагын тодорхойлолт.
5.3. Энэ журмын 3.2-т заасан ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг дор дурдсан бичиг баримтыг үндэслэн олгоно:
5.3.1. ортопед, тусгай хэрэгслийн үнийг нөхөн авахыг хүссэн тухай өргөдөл;
5.3.2. төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх/, хуулбарын хамт;
5.3.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.3.4. ортопед, тусгай хэрэгслийн үнийн нэхэмжлэл, эсхүл мөнгө төлсөн тухай санхүүгийн баримт;
5.3.5. өрхийн амьжиргааны мэдүүлэг /маягтаар/;
5.3.6. 18 наснаас дээш настай тохиолдолд үйлдвэрлэлийн осол8 мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлбөр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын /суманд нийгмийн даатгалын байцаагч/ байгууллагын тодорхойлолт.
5.4. Энэ журмын 4.1-д заасан тусламжийг авах иргэн дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагад өгнө:
5.4.1. сум, хорооны Засаг даргаар баталгаажуулсан өргөдөл;
5.4.2. төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх/, хуулбарын хамт;
5.4.3. асран хамгаалагч буюу харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.4.4. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.4.5. тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл;
5.4.6. сургуулийн тодорхойлолт.
5.5. Энэ журмын 4.2-т заасан хөнгөлөлтийг авахыг хүссэн иргэн дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө:
5.5.1. өргөдөл;
5.5.2. аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
5.5.3. хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
5.5.4. хүүхэд нь цэцэрлэгт хүмүүждэг тухай тодорхойлолт.
5.6. Энэ журмын 4.3, 4.4-т заасан тусламжийг дор дурдсан бичиг баримтыг үндэслэн олгоно:
5.6.1. өргөдөл;
5.6.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
5.6.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
5.6.4. аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
5.7. Энэ журмын 4.6-д заасан хөнгөлөлтийг дор дурдсан бичиг баримтыг үндэслэн олгоно:
5.7.1. өргөдөл;
5.7.2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт.
5.7.3. аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
5.7.4. эрхийн бичгийн үнэ төлсөн тухай санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэл;
6.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт олгох ажлыг аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ эрхлэн гүйцэтгэнэ.
6.2. Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага /суманд нийгмийн ажилтан/ холбогдох баримт, материалыг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор тусламж, хөнгөлөлт олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
6.3. Аймаг, дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хувийн хэрэг нээн тухай бүр бичилт хийж, хяналт тавина.
6.4. Энэхүү журамд заасан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн иргэн болон тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэнийг буруу тогтоосон, тодорхойлолтыг үндэслэлгүй буюу хуурамчаар үйлдсэн албан тушаалтан, нийгмийн ажилтанд Нийгмийн халамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж олгогдсон тусламж, үйлчилгээний зардлыг хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлнэ.
6.5. Энэхүү журмын хэрэгжилтэд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A