A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 118 дугаар
                                тогтоолын 6 дугаар хавсралт
 
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛТАНД НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
          1.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу  тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын инженер-техникийн болон үйлчилгээний ажилтан, арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгчид нэмэгдэл хөлс олгоход энэхүү журмыг баримтална.
                                                                                                                 
Хоёр. Нэмэгдэл хөлсний хэмжээ
 
          2.1. Энэ журмын 1.1-д заасан албан хаагчийн албан тушаалын үндсэн цалинг төрийн үйлчилгээний ижил төрлийн албан тушаалын албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан тогтооно.
 
          2.2. Тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын албан хаагчдад ажлын нөхцөлийг нь харгалзан албан тушаалын цалингаас дор дурдсан хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно:
 
2.2.1. арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, дотуур байрны хүмүүжүүлэгчид албан тушаалын цалингийн 30 хүртэл хувиар;
 
2.2.2. сургалтын үйл ажиллагааг шууд гардан хариуцаж зохион байгуулдаг инженер-техникийн болон үйлчилгээний албан хаагчдад албан тушаалын цалингийн 20 хүртэл хувиар;
 
2.2.3. захиргааны гүйцэтгэх болон үйлчилгээний албан хаагчдад албан тушаалын цалингийн 10 хүртэл хувиар.
 
Гурав. Бусад
 
          3.1. Нэмэгдэл хөлсний хэмжээг тусгай хэрэгцээт боловсрол  олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр дүн, тухайн сургалтын байгууллагад ажилласан хугацааг харгалзан тухайн ажилтан, албан хаагчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн тушаалаар тус тус олгоно. Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр дүнг тооцох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
          3.2. Нэмэгдэл хөлсийг зөвхөн тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад тухайн албан тушаалыг эрхэлж байгаа хугацаанд нь албан тушаалын цалингаас тооцож сар бүр олгоно.
 
3.3. Нэмэгдэл хөлсөнд шаардагдах хөрөнгийг тусгай хэрэгцээт боловсрол олгох төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан сургалтын байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.
 
 
 
 
 
-----оОо-----