- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2006 оны 140 дүгээр
тогтоолын 1 дүгээр хавсралт
ШИНГЭРҮҮЛСЭН ШАТДАГ ХИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Төр, засгаас хийн түлшний салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч 2000-2005 онд хэрэгжүүлэх шингэрүүлсэн шатдаг хийн хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг дэмжих томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дотор орлогын албан татварыг тодорхой хувиар хөнгөлөн, хийн түлш, хийн түлшний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж энэ салбарыг хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Үүний үр дүнд манай улсад шингэрүүлсэн шатдаг хийг төмөрлөг, гэрлэн чимэглэлийн үйлдвэр, эрчим хүч, зам, тээвэр, аялал жуулчлал, барилгын салбар болон ахуйн хэрэглээ, зоогийн газарт өргөнөөр ашиглах болж 2005 оны байдлаар аймаг, орон нутагт 18.0 мянга, Улаанбаатар хотод 7.0 мянга гаруй хэрэглэгчтэй болоод байна.
Хөдөө орон нутагт иргэд болон аж ахуйн нэгжүүд шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг автомашинаар тээвэрлэн орон нутгийнхаа хэрэгцээг хангаж, ялангуяа Дундговь, Хэнтий, Дорноговь, Төв, Булган, Орхон, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Өмнөговь зэрэг аймагт хийг ахуйн хэрэглээнд өргөн ашиглах болсон байна.
Шингэрүүлсэн шатдаг хийг ОХУ, БНХАУ-аас байнгын болон улирлын чанартай боомтуудаар автоцистерн, вагоноор, баллоныг автомашинаар тус тус тээвэрлэн импортолж байна. Одоогийн байдлаар хийн ажил, үйлчилгээ эрхэлдэг тусгай зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгж, байгууллага байна. Манай улсад шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх нь ач холбогдол ихтэй ч өндөр даралтын хий тул аюулгүй ажиллагааг хангахад зардал, хөрөнгө оруулалт их шаардагддаг, нөгөө талаас 100 хувь импортын хамааралтай байна. Мөн хөдөө орон нутагт хийн барилга байгууламж баригдаагүй, хэрэглэгчийн зүгээс хийн хэрэглээ, ашиглалт, аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй байна.
Иймд шингэрүүлсэн шатдаг хийгээр хангах улсын хэмжээний сүлжээ бий болгох, хийн нөөцийг бүрдүүлэх, хийн салбарын ажил, үйлчилгээ явуулахад шаардлагатай зарим барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг зээл, тусламжид хамруулах, төсвийн хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.
Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ болж, ажил, үйлчилгээний төрөл, цар хүрээ нь нэмэгдэж байгаа тул хийн хангамжийн ажил, үйлчилгээг орчин үеийн технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн явуулах асуудал чухал юм.
Төв, суурин газар, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газарт шингэрүүлсэн шатдаг хийг баллоноор түгээх нь аюулгүй ажиллагааны шаардлагад төдийлэн нийцэхгүй байгаа тул барилга байгууламжид хийг шугам хоолойгоор дамжуулан түгээх, хилийн болон түлшний хомсдолтой говийн бүсийн аймгуудад хийн аж ахуйн барилга байгууламжийг барьж хэрэглэгчдийг хийгээр тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Ийнхүү Монгол Улсад экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлж хийн салбарыг хөгжүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах дэлхийн чиг хандлага, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон үндсэн чиглэлд туссан зорилтуудтай уялдуулан "Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг 2006-2010 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шинэчлэн боловсрулах шаардлагатай болсон юм.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
Экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэн ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ болон авто тээврийн хэрэгсэлд өргөнөөр ашиглах боломж бүрдүүлэх замаар Улаанбаатар хот болон төв, суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, улсын хэмжээний шингэрүүлсэн шатдаг хийн ажил, үйлчилгээний сүлжээг бий болгон хийн салбарыг хөгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт,
үйл ажиллагааны үндсэн чиглэл
3.1. Нэгдүгээр зорилт: Энэ зорилтын хүрээнд шингэрүүлсэн шатдаг хийн улсын хэмжээний ажил, үйлчилгээний сүлжээг байгуулж хийн нөөцийг бүрдүүлнэ. Хэрэглэгчдийг хийгээр тогтмол хангах зорилгоор нийслэл, аймаг, орон нутагт шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуйн барилга байгууламжуудыг (хийн бөөний агуулах бүхий хий цэнэглэх станц, хий цэнэглэх цэг, хий түгээх цэг, автомашиныг хийгээр цэнэглэх станц, баллонт хий хадгалах агуулах) барьж, улсын хэмжээний хийн хангамжийн бүсчилсэн сүлжээг байгуулна. Үүнд:
3.1.1. баруун бүсэд: Говь-Алтай, Ховд аймгуудад хий цэнэглэх станц, Увс, Завхан, Баян-Өлгий аймагт хий цэнэглэх цэгүүд байгуулах;
3.1.2. говийн бүсэд: Дорноговь аймагт хий цэнэглэх станц, Дундговь, Өмнөговь аймагт хий цэнэглэх цэг, Говьсүмбэр аймагт баллонт хийн агуулах байгуулах;
3.1.3. зүүн бүсэд: Дорнод аймагт хий цэнэглэх станц, Сүхбаатар, Хэнтий аймагт хий цэнэглэх цэгийг байгуулах;
3.1.4. төвийн бүсэд: Орхон, Сэлэнгэ аймагт хий цэнэглэх станц, Дархан-Уул, Булган, Баянхонгор аймаг, Хархорин хотод хий цэнэглэх цэг, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймагт баллонт хийн агуулахыг байгуулах;
3.1.5. Улаанбаатар хотод: Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн цаашдын бодлого, чиглэлтэй уялдуулан хий цэнэглэх станц, хий цэнэглэх болон түгээх цэгүүдийг байгуулах.
3.2. Хоёрдугаар зорилт: Энэ зорилтын хүрээнд орон сууц, барилга байгууламжид хийн хангамжийн систем бий болгоно. Үүнд:
3.2.1. шинээр баригдах орон сууц, барилга байгууламжид хийн хангамжийн төвлөрсөн шугам сүлжээ байгуулах талаар судалгаа хийж, мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
3.2.2. хувийн орон сууц, гэр, бичил хорооллын барилгад хийн бүлэг баллоны байгууламжаас хэсэгчилсэн хийн сүлжээгээр шингэрүүлсэн шатдаг хийг халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэх нөхцөл бүрдүүлэх;
3.2.3. хийн хангамжийн шугам хоолой барих асуудлаар үүсэх барилгын болон хийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын харилцааг зохицуулах, орон сууцанд хийн хангамжийн шугам хоолой тавихад шаардагдах ашиглалт, аюулгүй ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэх;
3.2.4. үйлдвэрийн барилга, түүнчлэн халаалтын зуух, нийтийн үйлчилгээний газруудын барилгад (саун, угаалгын газар, хими цэвэрлэгээ г.м.) хийн халаагуур, хийн хэсэгчилсэн шугам сүлжээ ашиглах;
3.2.5. гэр хорооллын өрхийн ердийн халаалттай зуухыг бүрэн шаталттай хийн түлш, хатуу болон хийн түлшний хосолмол зууханд шилжүүлэх.
3.3. Гуравдугаар зорилт: Энэ зорилтын хүрээнд шингэрүүлсэн шатдаг хийг хадгалах, тээвэрлэх, түгээх, ашиглах үеийн аюулгүй ажиллагааг хангах удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээ авна. Үүнд:
3.3.1. шингэрүүлсэн шатдаг хийн тээвэрлэлт, хадгалалт, ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд тавих улсын хяналтыг эрчимжүүлэн хийтэй харьцах үед гарч болох ослоос урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжийг засварлах чиглэлээр хийн аваарь устгах алба байгуулах;
3.3.2. Улаанбаатар хотод хэрэглэгчдийг чанартай, стандартын шаардлагад нийцсэн хийгээр хангахад чиглэсэн хийн шинжилгээ хийх, чанарын сертификат олгох лаборатори болон хийн тоног төхөөрөмжүүдийг шалгах, баталгаажуулах, туршилт тохируулгын төв байгуулах;
3.3.3. Ховд, Дорноговь, Орхон аймагт хийн баллон баталгаажуулах төвийг байгуулах;
3.3.4. Хийн хангамж, аюулгүй ажиллагааны тухай хуулийн төслийг зохих журмын дагуу боловсруулж батлуулах, бусад хууль тогтоомжийн уялдааг сайжруулж мөрдүүлэх;
3.3.5. хэрэглэгчдэд шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тоног төхөөрөмжтэй харьцах, тэдгээрийг ашиглах аюулгүй ажиллагааны сургалт, сурталчилгаа явуулах, холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, заавруудыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;
3.3.6. шингэрүүлсэн шатдаг хийг хадгалах, тээвэрлэх, түгээх, ашиглах үед мөрдөх улсын стандарт, техник ашиглалт, аюулгүй ажиллагааны нийтлэг дүрэм, журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, нэмэлт оруулах, зохих журмын дагуу батлуулж мөрдүүлэх.
3.4. Дөрөвдүгээр зорилт: Энэ зорилтын хүрээнд авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг багасгах зорилгоор шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлнэ. Үүнд:
3.4.1. Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийг хийгээр цэнэглэх станцуудыг шинээр барьж байгуулах;
3.4.2. бензин хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгслийг хийн хосолмол хөдөлгүүртэй болгох ажлыг зохион байгуулах;
3.4.3. дан хийгээр ажилладаг авто тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх;
3.4.4. Монгол Улсын нутаг дэвсгэрийн босоо, хэвтээ тэнхлэгүүд дэх олон улсын болон улсын чанартай авто замын дагуу автомашиныг хийгээр цэнэглэх станцууд барьж байгуулах.
Дөрөв. Хөтөлбөрийг дэмжих бодлого, арга хэмжээ
4.1. Шингэрүүлсэн шатдаг хийгээр хангах улсын хэмжээний сүлжээ бий болгох, хийн нөөцийг бүрдүүлэх, хийн салбарын ажил, үйлчилгээ явуулахад шаардлагатай зарим барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг зээл, тусламжид хамруулах, төсвийн хөрөнгө оруулалт хийх зэргээр дэмжлэг үзүүлнэ.
4.2. Шингэрүүлсэн шатдаг хийн импорт, нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авна.
4.3. Улаанбаатар хотын болон аймаг, орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийн байгууламжуудын байршлыг оновчтой сонгох зорилгоор энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад газар олголтын асуудалд зохих хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлнэ.
4.4. Хийн салбарын мэргэжлийн боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг дотоод, гадаадын их, дээд сургуулиудад системтэйгээр бэлтгэнэ. Хийн салбарын чиглэлээр сургалт явуулж байгаа байгууллагуудын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын баазыг бэхжүүлэхэд төрөөс зохих дэмжлэг үзүүлнэ.
4.5. Газрын тос болон нүүрс боловсруулах замаар дотооддоо хий гаргаж авах боломжийг судлах, бусад төрлийн хийг ашиглах, орчин үеийн тэргүүний техник, технологийг судлах, нэвтрүүлэх зорилгоор судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг гүйцэтгэх зэрэг арга хэмжээнд шаардагдах зардлын зохих хэсгийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
5.1. Хөтөлбөрийг 2006-2010 онд хэрэгжүүлнэ.
5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:
5.2.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт;
5.2.2. дотоод, гадаадын хувийн хөрөнгө оруулалт;
5.2.3. жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл;
5.2.4. олон улсын сан, банк санхүүгийн байгууллагын
хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж;
5.2.5. бусад эх үүсвэр.
Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
6.1. Монгол Улсын Засгийн газар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчид, гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахад дэмжлэг үзүүлж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина.
6.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах арга хэмжээг түлш, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар жилийн эцэст Засгийн газарт танилцуулж байна.
6.3. Түлшний хомсдолтой бүс нутагт хийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал" болон "Бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратеги"-тай уялдуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад бүх шатны Засаг дарга нар тухайн орон нутгийн хэмжээнд оролцож хяналт тавина.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
7.1. Шингэрүүлсэн шатдаг хийгээр хэрэглэгчдийг тогтмол хангах ажил, үйлчилгээний улсын хэмжээний сүлжээ бий болно.
7.2. Эрчим хүчний уламжлалт түлш болох нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний оронд шингэрүүлсэн шатдаг хийг өргөнөөр хэрэглэснээр агаарын бохирдол буурна.
7.3. Орон нутагт, ялангуяа түлшээр хомс говийн бүсийн аймгийн хэрэглэгчид экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийгээр хангагдана.
7.4. Шингэрүүлсэн шатдаг хийг тээвэрлэх, хадгалах, түгээх, ашиглахад хууль, эрх зүйн таатай орчинг бүрдүүлснээр дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад хийн салбарт үйл ажиллагаа явуулах өргөн боломжийг олгоно.
7.5. Хийн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн ажлын байр шинээр бий болно.
7.6. Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээ нь үйчилгээний таксины 90 хувь, нийтийн хоолны үйлчилгээний газрын 80 хувь, аялал жуулчлалын 70 хувь, ахуйн хэрэглээний 40 хувь, халаалтын 20 хувь, хувийн автомашины 20 хувь, үйлдвэрлэлийн 70 хувийг эзлэх хэмжээнд хүрнэ.
------оОо-----
Текст томруулах
A
A
A