- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Засгийн газрын 2006 оны 142 дугаар
тогтоолын хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЛИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү үлгэрчилсэн дүрмээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл (цаашид "нэгдэл" гэх)-ийг байгуулах, түүний эрх, үүрэг, удирдлага, санхүүжилттэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулна.
2. Нэгдэл нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрдэм шинжилгээний байгууллага мөн.
3. Нэгдлийг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу байгуулна.
4. Нэгдэл нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Технологи дамжуулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актыг удирдлага болгоно.
5. Нэгдэл нь энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн өөрийн үйл ажиллагааны онцлогийг тусгасан дүрмийг боловсруулан удирдах зөвлөлөөрөө батлуулж мөрдөнө.
6. Нэгдэл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7. Нэгдлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.
8. Нэгдлийн бүрэлдэхүүнд байгаа аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг нэгж нь улсын татварын албанд бүртгүүлнэ.
Хоёр. Нэгдлийн эрх, үүрэг
9. Нэгдэл нь дараахь эрх эдэлнэ:
а/ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг ашиглах, технологи дамжуулах үйл ажиллагаа явуулах;
б/ дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай шинжлэх ухаан, технологийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд хамтран ажиллах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, зуучлах;
в/ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд мэдээлэх, сурталчлах, худалдан борлуулах;
г/ туршилтын бүтээгдэхүүн борлуулсан орлогоо Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан зориулалтаар зарцуулах;
д/ нэгдлийн эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, зохих журмын дагуу үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах;
е/ дотоод, гадаадын болон олон улсын шинжлэх ухааны байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох, удирдлагад сонгогдох;
ж/ үйл ажиллагааныхаа чиглэлээр салбарын мэргэжлийн боловсон хүчинг давтан сургах болон мэргэшүүлэх сургалт явуулах;
з/ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гадаад, дотоодын байгууллага, иргэдтэй хамтран нэгдлийн дэргэд аж ахуйн нэгж байгуулах;
и/ хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
10. Нэгдэл нь дор дурдсан үүрэгтэй байна:
а/ холбогдох салбарын шинжлэх ухаан, технологийн бодлогыг тодорхойлоход туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
б/ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шинжлэх ухааны өндөр түвшинд гүйцэтгэх;
в/ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг туршин үйлдвэрлэлд нэвтрүүлэх арга хэмжээ авах;
г/ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх талаар захиалагчтай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл чанаргүй буюу дутуу биелүүлсэн тохиолдолд уг ажлыг чанарын зохих түвшинд хүргэх, хохирлыг арилгах үйл ажиллагааг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх буюу олгосон хөрөнгийг нөхөн төлөх;
д/ туршилтын бус аж ахуйн үйл ажиллагааг татварын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах.
Гурав. Нэгдлийн бүтэц, удирдлага
11. Нэгдэл нь бүрэлдэхүүндээ эрдэм шинжилгээний төв, салбар, лаборатори, туршилт, сорилтын цех болон аж ахуйн үйл ажиллагаа явуулах нэгжтэй байж болно.
12. Нэгдэл нь удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлтэй байна.
13. Төрийн өмчит нэгдлийн удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийг дараахь зарчмаар байгуулна:
а/ удирдах зөвлөл нь холбогдох чиглэлийн яамнаас 2, шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухааны академиас тус бүр 1 төлөөлөл бүхий 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна;
б/ удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна;
в/ удирдах зөвлөлийн даргыг Шинжлэх ухааны академи, Төрийн өмчийн хороо болон холбогдох чиглэлийн яамтай зөвшилцөн шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно;
Удирдах зөвлөлийн дарга нь хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, эсхүл огцрох хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно. Нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй тохиолдолд дахин нэр дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэнэ.
г/ удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Удирдах зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулна;
д/ удирдах зөвлөлийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргана:
-нэгдлийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх тухай саналыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн сайдад тавих;
-нэгдлийн дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
-нэгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, тухайн жилийн төсвийг хуваарилах;
-нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, цалингийн сан, хэмжээ болон урамшууллын журмыг тогтоох;
-нэгдлийн үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
-нэгдлийг хөгжүүлэх бодлого, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж мөрдүүлэх.
14. Эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд тус зөвлөл нь нэгдлийн судалгаа шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлж, түүний явц, үр дүн болон эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй байна.
15. Эрдмийн зөвлөлийг нэгдлийн гүйцэтгэх захирал даргалах бөгөөд түүний бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирлын саналыг үндэслэн удирдах зөвлөл батална.
16. Нэгдлийн эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Хуралдаанаар дор дурдсан асуудлыг хэлэлцэнэ:
а/ эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинжлэх ухааны түвшин, үр дүнгийн чанар;
б/ эрдэм шинжилгээний ажилтны үйл ажиллагаа, ур чадварын өсөлт, түвшинг тогтоох, тэдний мэргэшлийг нь дээшлүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох асуудал.
17. Төрийн өмчит нэгдлийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэх захирал удирдах бөгөөд гүйцэтгэх захирлыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн саналыг харгалзан томилно.
18. Гүйцэтгэх захирлыг томилохдоо түүний эрдэм шинжилгээний ажлын дадлага, туршлага, эрдмийн зэрэг, цолын байдал, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, чадвар зэрэг шалгуураас гадна түүний харьяалагдах орон нутгийн татвар, цагдаа, шүүхийн байгууллагын тодорхойлолтыг харгалзан үзнэ.
19. Төрийн өмчит нэгдлийн гүйцэтгэх захирал нь эрдэм шинжилгээний ажил, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны талаар Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана.
20. Үр дүнгийн гэрээг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд заасан хугацаанд дүгнэнэ.
21. Гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдах зөвлөлийн саналыг үндэслэн чөлөөлнө.
22. Төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит бус нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийг хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагч байгуулна.
23. Төрийн өмчит бус нэгдэл нь улсын захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх нөхцөлд төслийн хэрэгжилт, түүний үр дүнг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна. Шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар гэрээ байгуулж тайлагнана.
24. Төрийн өмчит нэгдлийн гүйцэтгэх захирал нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх, үүргийг тодорхойлсон гэрээг Төрийн өмчийн хороотой байгуулж ажиллана. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгасан байна:
а/ нэгдлийн эзэмшил газрыг эзэмших, ашиглах, хамгаалах;
б/ нэгдлийн үндсэн хөрөнгөд хамаарах үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгийг данснаас хасах (актлах, шилжүүлэх гэх мэт), шинээр авахдаа зөвшөөрөл авах;
в/ нэгдлийн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн зохих хувийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу төвлөрүүлэх.
25. Төрийн өмчит нэгдлийг хувьчилсан тохиолдолд Төрийн өмчийн хороо хувьчилж авсан өмчлөгчтэй гэрээ байгуулна. Гэрээнд дор дурдсан нөхцөлийг заавал тусгана:
а/ эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн чиглэлийг өөрчлөхгүй байх;
б/ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчмыг мөрдөж ажиллах.
Дөрөв. Нэгдлийн үйл ажиллагааны санхүүжилт
26. Нэгдлийн гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасны дагуу санхүүжүүлнэ.
Тав. Нэгдлийг татан буулгах, өөрчлөн байгуулах
27. Төрийн өмчит нэгдлийг татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.
28. Төрийн өмч давамгайлсан нэгдлийг өөрчлөх, татан буулгах асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсгэн байгуулагч нартай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
-------оОо------
Текст томруулах
A
A
A