A

A

A

Бүлэг: 1979
   Засгийн газрын 2006 оны 165 дугаар
   тогтоолын 1 дүгээр хавсралт
 
"ХАДГАЛАМЖИЙН БАНК" ХЯЗГААРЛАГДМАЛ ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИЙН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1 дүгээр зүйл
 
Банкны тухай хуулийн 4 дүгээр зүйл, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн, Улсын Их Хурлын 2005 оны 48 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2005-2008 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл", Засгийн газрын 2006 оны 77 дугаар тогтоолд заасны дагуу Хадгаламжийн банкийг хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр өөрчлөн байгуулав.
 
2 дугаар зүйл
 
"Хадгаламжийн банк" ХХК нь Банкны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу мөнгөн хөрөнгө хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс бусдад зээлдүүлэх, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, мөнгөн гүйлгээ, гадаад, дотоод зээл тооцооны нийтлэг ажил, үйлчилгээг эрхлэх чиг үүрэгтэй, Монгол Улсын төрийн өмч дагнасан, хязгаарлагдмал хариуцлагатай буюу хаалттай компанийн хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд хувь нийлүүлэгчээс тусгайлан өмчилсөн эд хөрөнгөтэй, өөрийн үйл ажиллагаагаар эрх олж, үүрэг хүлээх, үйл ажиллагаанаасаа үүсэн гарах үүргийг эд хөрөнгөөрөө хариуцах, шүүх, арбитрт өөрийн нэрийн өмнөөс оролцох эрхийн чадвартай, Төв банкинд өөрийн данстай, энэ дүрэмд заасан үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилготой Монгол Улсын хуулийн этгээд мөн.
 
3 дугаар зүйл
 
Монгол банк болон төрийн захиргааны бүх шатны байгууллага нь "Хадгаламжийн банк" ХХК /цаашид "Банк" гэх/-ийн хуулийн дагуу явуулж буй үйл ажиллагаа, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй.
 
4 дүгээр зүйл
 
Банк нь Монгол Улсын хуулиар хориглоогүй бөгөөд Монгол банкнаас зөвшөөрсөн санхүүгийн ажил, үйлчилгээг эрхлэж болно.
 
5 дугаар зүйл
 
Банкны оноосон нэрийг монголоор "Хадгаламжийн банк" ХХК, англиар "Savings Bank of Mongolia" LLC гэнэ.
 
6 дугаар зүйл
 
Банкны хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 9, Жуулчны гудамж 6, Утас: (976-11)     31-08-35, Факс: (976-11) 31-20-49, Электрон шуудангийн хаяг: savbank@magicnet.mn
 
7 дугаар зүйл
 
Банк нь өөрийн нэгжийг байгуулан ажиллаж болно. Банкны нэгжид Монгол банкны журамд заасны дагуу салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, хадгаламжийн касс, валютын цэг хамаарч болох бөгөөд салбар, төлөөлөгчийн газар, валютын цэг байгуулах хүсэлтийг Монгол банкинд гаргаж, зөвшөөрөл авсан байна. Салбар, төлөөлөгчийн газар болон бусад нэгж нь банкны нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулна.
 
7.1. "Салбар" гэж банкны оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг хэлнэ.
 
7.2. "Төлөөлөгчийн газар" гэж банкны оршин байгаа газраас өөр газар байрладаг бөгөөд банкны аливаа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн банкны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, банкны нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйлдэл хийдэг нэгжийг хэлнэ.
 
7.3. "Банкны тооцооны төв" гэж банкны бүх төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг нэгжийг хэлнэ. Үүнд зээл олгох үйл ажиллагаа хязгаарлагдмал байж болно.
 
7.4. "Банкны хадгаламжийн касс" гэж иргэдийн хадгаламж, түүнтэй адилтгах бүх төрлийн, мөн бэлэн бус тооцооны хязгаарлагдмал үйлчилгээ эрхэлдэг боловч зээл олгох болон хуулийн этгээдийн харилцах дансны ажил, үйлчилгээ эрхэлдэггүй нэгжийг хэлнэ.
 
7.5. "Банкны валютын цэг" гэж гадаад валют худалдан авах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг нэгжийг хэлнэ.
 
8 дугаар зүйл
 
Банк нь өөрийн нэр бүхий тэмдэг, хэвлэмэл хуудас, логотой байна. Тэмдэг нь банкны албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ хэлцлүүдийг баталгаажуулах зорилготой. Банкны захиргаанаас итгэмжлэн хариуцуулсан этгээд тэмдгийг хадгална.
 
 
Хоёр. Банкны дүрмийн сан
 
 
 
9 дүгээр зүйл
 
Банкинд хувь хөрөнгө оруулсан этгээд нь /"ганц хувь нийлүүлэгч"/ Монгол Улсын Засгийн газар бөгөөд түүний нэрийн өмнөөс төрийн өмчийн төлөөллийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ.
 
10 дугаар зүйл
 
10.1. Банкны дүрмийн сан нь 8.031.000.000 /найман тэрбум гучин нэгэн сая/ төгрөг болно.
 
10.2. Банк нь 8.031.000 /найман сая гучин нэгэн мянган/ ширхэг энгийн хувьцаатай.
 
10.3. Банкны нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 1000 /нэг мянган/ төгрөг байна.
 
10.4. Банк нь банкны Хувь нийлүүлэгчдийн бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд хувь нийлүүлэгчийн нэр, хаяг, эзэмшиж буй хувьцааны тоо, хувьцааг шилжүүлсэн тухай тэмдэглэл, хувьцааг шилжүүлэн авсан этгээдийн нэр, хаяг болон хуулиар шаардсан өөр бусад мэдээллийг тусгана.
 
10.5. Банк нь Хувь нийлүүлэгчийн бүртгэлд тусгасан тоо бүхий хувьцааг эзэмших эрхийг баталсан гэрчилгээг /"хувь нийлүүлэгчийн гэрчилгээ"/ хувь нийлүүлэгчид олгоно. Энэхүү гэрчилгээнд банкны тэмдгийг дарж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон банкны Гүйцэтгэх захирал гарын үсэг зурна.
 
11 дүгээр зүйл
 
Хувь нийлүүлэгч нь дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийнхөө хэмжээгээр санхүүгийн хариуцлага хүлээж, банк төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан, татан буугдсан тохиолдолд бий болсон алдагдлыг дүрмийн санд оруулсан хувь хөрөнгөөрөө нөхнө.
 
12 дугаар зүйл
 
Банкны дүрмийн санд хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь банкны өмч болох бөгөөд хувь нийлүүлэгч нь түүнийг Монгол банкны зөвшөөрснөөр бусдад худалдахаас бусдаар буцааж авах эрхгүй.
 
13 дугаар зүйл
 
Банк нь өөрийн хөрөнгийг хуулийн хүрээнд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй. Банкны үйл ажиллагаанаас олсон орлого нь банкны өмчлөлд байна.
 
 
Гурав.Банкны үйл ажиллагаанд тавих
шаардлага, хориглох зүйл
 
14 дүгээр зүйл
 
Банк нь үйл ажиллагаагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон Монгол банкнаас батлан гаргасан дүрэм, журмын дагуу явуулна.
 
15 дугаар зүйл
 
Банкны ажилтнууд дараахь шаардлагыг хангаж ажиллана:
 
15.1. Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн ашиг сонирхлыг төлөөлөхгүй байх;
 
15.2. Албан үүрэгтээ үнэнч шударгаар хандаж, банкны үйл ажиллагаа, тогтоосон горимд харш байдлаар өөртөө, гэр бүл, садан төрөл болон бусад хүмүүст хуулиас гадуур давуу байдал олгохгүй байх;
 
15.3. Харилцагчийн данс, зээл, төлбөр тооцоо, бизнесийн ажиллагаатай холбоотой албан материал, тоон үзүүлэлт, дотоод дүрэм, журам, заавар, нөхцөлүүдийг хууль тогтоомж, дотоод заавар, журамд өөрөөр заагаагүй бол бусдад танилцуулах, ашиглуулах, нууцлалыг алдагдуулах, хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх.
 
    Дөрөв. Банкны удирдлага
 
16 дугаар зүйл
 
16.1. Банкны эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчийн хурал байна. Хувь нийлүүлэгчийн хурлын бүрэн эрхийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ.
 
16.2. Банкны хувь нийлүүлэгчийн хурал нь Монгол Улсын Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
 
16.3. Банк нь нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөлтэй /цаашид "ТУЗ" гэх/ байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн өмчийн хороо томилно.
 
17 дугаар зүйл
 
ТУЗ-ийн дарга нь ТУЗ-ийн хурлын бэлтгэлийг хангуулах, хурлыг зохион байгуулж даргалах, шийдвэрийн төсөл боловсруулах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хянаж баталгаажуулах үүрэгтэй. ТУЗ-ийн дарга нь банкны захиргааны /өдөр тутмын/ бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй. ТУЗ-ийн даргын түр эзгүйд үүргийг нь түүний томилсон, эсхүл ТУЗ-өөс томилогдсон аль нэг гишүүн гүйцэтгэнэ.
 
18 дугаар зүйл
 
ТУЗ-ийн үйл ажиллагаагаа явуулах хэлбэр нь ТУЗ-ийн хурал байна.
 
19 дүгээр зүйл
 
ТУЗ-ийн гишүүн нь өөр банкны байгууллагын удирдлагад хавсран ажиллаж болохгүй.
 
20 дугаар зүйл
 
ТУЗ нь Компанийн тухай хууль, Банкны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
 
21 дүгээр зүйл
 
ТУЗ-ийн ээлжит хурлыг сар бүрийн 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригт банкны төв байранд хийнэ. Хэрэв уг өдөр нь нийтээр амрах амралтын өдөр байвал дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ. ТУЗ-ийн гишүүдэд хурлаар хэлэлцэх асуудалтай холбогдох материалыг ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө биечлэн гардуулан өгөх, эсхүл баталгаат шуудан, факс, электрон шуудангаар банкны нарийн бичгийн дарга хүргүүлнэ.
 
22 дугаар зүйл
 
ТУЗ-ийн ээлжит бус хурлыг ТУЗ-ийн дарга, гишүүд болон компанийн гүйцэтгэх захирлын санаачилга шаардлагаар хуралдуулна.
 
23 дугаар зүйл
 
ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор ТУЗ-ийн хурал хүчин төгөлдөр болж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
 
24 дүгээр зүйл
 
Хэрэв ТУЗ-ийн гишүүдийн санал тэнцвэл ТУЗ-ийн даргын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
 
25 дугаар зүйл
 
ТУЗ-ийн хурлын шийдвэр нь тогтоол байна. Тогтоолд ТУЗ-ийн дарга гарын үсэг зурна.
 
26 дугаар зүйл
 
ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн хуралдаанд бичгээр саналаа өгөхөөс гадна телефон утас, түүнтэй адилтгах холбооны хэрэгслийн тусламжтайгаар оролцож болно. Гэхдээ хуралд оролцож буй бүх хүмүүс яриаг сонсох, түүнтэй ярилцах боломжтой байна. Ийм хэлбэрийг хуралд биеэр оролцсонд тооцно.
 
27 дугаар зүйл
 
ТУЗ-ийн гишүүд төлөөлөх үүргээ хэрхэн биелүүлж байгаа, тус банкинд холбогдох бусад хүчин зүйлийг харгалзан гишүүдэд олгох урамшууллын хэмжээг ТУЗ өөрөө тогтооно.
 
28 дугаар зүйл
 
Банк нь нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй Хянан шалгагчдын зөвлөлтэй /цаашид "ХШЗ" гэх/ байх бөгөөд ХШЗ-ийн гишүүдийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн өмчийн хороо томилно. ХШЗ нь Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
 
29 дүгээр зүйл
 
Банкны өдөр тутмын үйл ажиллагааг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулах бөгөөд тэр нь  ТУЗ-д ажлаа хариуцан тайлагнана. Гүйцэтгэх захирал нь Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол банкнаас батлан гаргасан журамд заасан шаардлагыг хангасан байна.
 
30 дугаар зүйл
 
Гүйцэтгэх захирал нь компанийн дүрэм болон Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
 
31 дүгээр зүйл
 
Гүйцэтгэх захирал нь ТУЗ-тэй байгуулсан "Хөлсөөр ажиллах гэрээ"-ний /цаашид "гэрээ" гэх/ үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулах бөгөөд гэрээнд Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ,  хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, журам, хөлс, урамшууллын хэмжээг тусгаж өгнө.
 
32 дугаар зүйл
 
32.1. Гүйцэтгэх захирал дор дурдсан үүрэг хүлээж, эрх эдэлнэ:
 
32.1.1. Энэхүү дүрэм болон холбогдох хууль тогтоомж, Монгол банкнаас Банкны тухай хуулийн заалтад нийцүүлэн өгсөн үүрэг даалгавар, ТУЗ-ийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;
 
32.1.2. ТУЗ болон үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэх, өөрийн банкны санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах;
 
32.1.3. Банк, банкны хадгаламж эзэмшигчид, харилцагчийн эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага, туршлагаа бүрэн дайчлан, банк, түүний салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, хадгаламжийн касс, валютын цэгийн үйл ажиллагааг зохицуулан удирдах;
 
32.1.4. Үүрэг гүйцэтгэх явцад олж мэдсэн банк, банкны харилцагчийн талаархи мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх;
 
32.1.5. ТУЗ-өөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны орон тоо, ажилтнуудын үндсэн болон нэмэгдэл цалин, тэтгэмж, хөнгөлөлт, урамшууллын хэмжээг тогтоох;
 
32.1.6. Ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах;
 
32.1.7. Банк, түүний салбар, төлөөлөгчийн газар, тооцооны төв, хадгаламжийн касс, валютын цэгийн удирдлага, ажилтнуудыг томилох, ажлаас чөлөөлөх;
 
32.1.8. ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд банкны нэрийн өмнөөс баталгаа, батлан даалт гаргах, гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурах;
 
32.1.9. Банкны үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;
 
32.1.10. Банкны боловсон хүчин бэлтгэх, давтан сургах;
 
32.1.11. Санхүүжилт, зээлжүүлэлттэй холбогдсон хөрөнгийн баталгаа гаргах, холбогдох гэрээний дагуу шаардлагатай мэдээ, тайланг харилцагчаас шаардан авах, тайлан тэнцэлтэй нь танилцах, шалгах, хууль тогтоомжийн дагуу хөрөнгийг барьцаанд авах, дансны гүйлгээг түр хаах;
 
32.1.12. Банкийг төлөөлж нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон оролцуулах;
 
32.1.13. ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд салбар, нэгжийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээ, нэг этгээдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтоох, зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийж, хяналт тавих;
 
32.1.14. Шаардлагатай бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хадгаламж эзэмшигч, харилцагчдын болон хувь нийлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тухайн салбар, нэгжийн үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон тусгай дүрэм, журам гаргах, салбар, нэгжийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 
32.1.15. Банкны хөрөнгийг захиран зарцуулах, төлбөрийн баримтад гарын үсэг зурах;
 
32.1.16. Гэрээнд заасан бусад эрх, үүрэг.
 
32.2. Гүйцэтгэх захирал нь энэхүү дүрэмд болон ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх, үүргээ дэд захирал зэрэг албан тушаалтнуудад шилжүүлж болно. Энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. 
 
32.3. Банкийг төлөөлж гэрээ байгуулах этгээд нь Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан өөрт холбогдох этгээд байгаа бол энэ тухайгаа нэн даруй ТУЗ-д мэдэгдэх үүрэгтэй.
 
33 дугаар зүйл
 
Монгол Улсын хууль тогтоомж, Монгол банкнаас тогтоосон журам болон гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу ТУЗ нь Гүйцэтгэх захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлж болох бөгөөд энэ тохиолдолд Гүйцэтгэх захирлыг шинээр томилох хүртэл үүрэг гүйцэтгэгчийг түр томилон ажиллуулна.
 
34 дүгээр зүйл
 
Гүйцэтгэх захирал нь банкны ажлын үр дүнг ТУЗ-д тогтмол тайлагнаж, сар бүрийн эцэст банкны үйл ажиллагааны талаар албан мэдээлэл гарган өгч байна.
 
35 дугаар зүйл
 
Гүйцэтгэх захирал нь өөрийн хүсэлтээр албан үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Гүйцэтгэх захирал энэ тухайгаа ТУЗ-д бичгээр мэдэгдэх бөгөөд ТУЗ эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тэрээр албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй.
 
36 дугаар зүйл
               
ТУЗ-ийн хурлын тэмдэглэл хөтлөх, ТУЗ-ийн даргад туслах, ТУЗ-ийн бичиг хэрэг, техникийн шинжтэй бусад ажил гүйцэтгэх үүрэгтэй нарийн бичгийн даргыг ТУЗ-ийн шийдвэрээр томилно. ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлыг банкны аль нэг ажилтанд хавсруулан гүйцэтгүүлж болно.
 
37 дугаар зүйл
 
Нарийн бичгийн дарга нь ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг зориулалтын дэвтэрт хөтөлж, хуралд оролцогчдын гаргасан санал, хурлын бүх явцыг тодорхой тэмдэглэнэ. Хурлын тэмдэглэлд тухайн хурлаас гаргасан тогтоолуудыг хавсаргана.
 
   Тав. Банкны санхүү, бүртгэл
 
38 дугаар зүйл
 
Банк нь санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан хэвлүүлнэ.
 
39 дүгээр зүйл
 
                Санхүүгийн тайлан нь тайлан тэнцэл, орлого, үр дүнгийн тайлан, хуримтлагдсан ашгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан болон нэмэлт тайлбар, тодруулгаас бүрдэнэ.
 
                40 дүгээр зүйл
 
Санхүүгийн тайлангуудын үнэн зөвийг Гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.
 
41 дүгээр зүйл
 
                Банк нь Дотоод хяналт шалгалтын нэгжтэй байна.
 
42 дугаар зүйл
 
Дотоод хяналт шалгалтын нэгж нь банкны өдөр тутмын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн ажиллагаа нь холбогдох заавар, журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж, банкны төв болон салбар, нэгжүүдийн өдөр тутмын төсөв, орон тоо, цалингийн сан, тайлан гаргалт, татвар төлөлт зэрэг нь хууль тогтоомж, банкны эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэрт нийцэж байгаа эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээ авна.
 
                43 дугаар зүйл
 
                Дотоодын хянан шалгагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
43.1. Батлагдсан хуваарийн дагуу ээлжит, мөн гэнэтийн шалгалтыг салбар, нэгжүүдэд хийх;
 
43.2. Салбар, нэгжүүдэд нэвтрэн орох;
 
                43.3. Салбар, нэгжүүдийн санхүүгийн баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулах;
 
                43.4. Шаардлагатай гэж үзсэн баримт материалын хуулбарыг салбар, нэгжүүдээс гаргуулан авах.
 
                44 дүгээр зүйл
 
                Банк нь санхүүгийн тайлангаа шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр хөндлөнгийн аудиторыг сонгон ажиллуулж болно.
 
                45 дугаар зүйл
 
                Аудиторыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг ТУЗ тогтооно. Гэрээнд банкны болон аудиторын эрх, үүрэг, хариуцлага, төлбөрийн хэмжээг заана.
 
                46 дугаар зүйл
 
                Аудитор нь ТУЗ-ийн хуралд зөвхөн тайлбар өгөх үүрэгтэй оролцож болно.
 
                47 дугаар зүйл
 
                Банкны эрх бүхий албан тушаалтан, тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээдийг аудитороор сонгон ажиллуулахыг хориглоно.
 
Зургаа. Банкийг өөрчлөн байгуулах, татан буулгах
 
                48 дугаар зүйл
 
                Банкийг банкны хувь нийлүүлэгчийн шийдвэр, Монгол банкны зөвшөөрлөөр өөрчлөн байгуулж, татан буулгаж болно.
 
                49 дүгээр зүйл
 
                Өөрчлөн байгуулах, татан буулгах ажиллагааг Иргэний хууль, Банкны тухай болон Компанийн тухай хуулиудад заасан журмын дагуу хэрэгжүүлнэ.
 
                50 дугаар зүйл
 
                Банкийг зөвхөн дараахь үндэслэлээр татан буулгаж болно:
 
50.1. Татан буулгахаар хувь нийлүүлэгч шийдвэрлэснийг Монгол банк хянан зөвшөөрсөн;
 
50.2. Банк төлбөрийн чадваргүй болсон учир албадан татан буулгах тухай Монгол банкны шийдвэр гарсан;
 
50.3. Банк байгуулах зөвшөөрлийг Монгол банк хүчингүй болгосон;
 
50.4. Дампуурлыг зарласан, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөний учир банкийг татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон.
 
                51 дүгээр зүйл 
 
                Татан буулгах ажиллагааг хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэрээр ТУЗ-өөс томилсон Татан буулгах комисс /цаашид "ТБК" гэх/, хэрэв бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдаж байгаа бол түүний томилсон комисс гүйцэтгэнэ.
 
                52 дугаар зүйл
 
ТБК томилогдсон үеэс эхлэн банкны гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх ТБК-т шилжих ба татан буулгах ажиллагаа явагдаж байх хугацаанд ТБК нь банкийг эрх зүйн харилцаанд төлөөлнө.
 
                53 дүгээр зүйл
 
                ТБК банкийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш 2 сараас багагүй 3 сараас ихгүй байна.
 
                54 дүгээр зүйл
 
                Банкийг татан буулгах үед түүний маргаангүй өр төлбөр /өглөг/-ийг холбогдох хуульд заасан дарааллаар барагдуулна.
 
                55 дугаар зүйл
 
                Бүртгэх байгууллага банкийг улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцох ба үүгээр банкны үйл ажиллагаа дуусгавар болно.
 
                56 дугаар зүйл
 
                ТБК нь нэхэмжлэгчдийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдэж байгаа эд хөрөнгийг хувь нийлүүлэгчийн мэдэлд шилжүүлнэ.
 
 
Долоо. Бусад зүйл
 
 
 
                57 дугаар зүйл
 
Банкны санхүүгийн жил нь жил бүрийн 01 дүгээр сарын    01-ний өдрөөс эхэлж, тухайн жилийн 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна.
 
                58 дугаар зүйл
 
                Банк нь эд хөрөнгөө даатгуулж болно.
 
                59 дүгээр зүйл
 
                Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Компанийн тухай хуульд заасан журмыг баримтална.
 
 
 
 
 
 
 
 
 
-----оОо-----