- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2006 оны 150 дугаар
тогтоолын хавсралт
"АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлөх, байнгын голомтот халдварыг багасган эрүүлжүүлэх чухал хүчин зүйл гэж үзэж байна. Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу улс орнууд шүд, амны хөндийн зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, өвчлөлийг бууруулах талаар 2000-2020 онд хэрэгжүүлэх зорилтот хөтөлбөрийг гарган хэрэгжүүлж байна.
Хүн амын дийлэнх хувь нь хот суурин газар шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил өөрчлөгдсөн, нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаархи хүн амын мэдлэг дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болж байна.
Шүд цоорох өвчний улмаас гүйлсэн булчирхайн үрэвсэл, зүрх судас, үе мөч, бөөрний өвчин зэрэг бие махбодийн бусад эрхтний халдвар, харшлын өвчин үүсч даамжирдаг. Иймээс орчин үед шүд цоорох өвчнийг нэг талаас шүдээ арчлах, зүй зохистой хооллох зэрэг амьдралын хэвшлээс шалтгаалдаг өвчин, нөгөө талаас нянгийн халдвараар үүсдэг, өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварладаг халдварт өвчин буюу халдварын голомт гэж үзэж байна.
Хүн ам, хүүхэд, залуучуудын дунд амны хөндийн эрүүл ахуйн талаархи мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшиж чадаагүйгээс шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдлийн улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмтэй харилцах өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа алдагдаж амьдралын чанарыг бууруулахад хүргэж байна.
Иймд амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт, сурталчилгааг хүн амын насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулахын зэрэгцээ тэднийг шүд, амны хөндийн эрүүл мэндээ хянаж дээшлүүлэх, хоол, хүнсний зүйлээ зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болоход нь дэмжлэг болох эрүүл мэндийг дэмжигч нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж эмчлэх арга хэмжээг дан ганц нүүр, амны нарийн мэргэжлийн тусламжаар бус нийгэм, хамт олныг түшиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бий болгон өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх, энэ ажилд иргэд, хамт олны зүгээс оролцох оролцоог сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай багаж хэрэгсэл, эм, материал, хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, амны хөндийн эрүүл ахуйн чиглэлээр нийгэм, хамт олны дунд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, чадавхийг дээшлүүлэх нь чухал байна.
Амны хөндийн эрүүл мэндийн талаар бодлого, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоо ч хангалтгүй байсаар байна. Иймд шүд цоорох өвчний тархвар зүйн мэдээллийн тогтолцоог зонхилон тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсын Засгийн газраас 1999-2005 онд "Амны хөндийн эрүүл мэнд" үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлснээр шүд цоорох өвчний тархалт 24.4 хувиар, шүд цоорох өвчний эрчмийн үзүүлэлт 2.7-гоор тус тус буурч хөтөлбөрийн зорилт амжилттай хэрэгжин 18 настай бүх хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувийн жин 5 хувиар нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчнийг тууштай бууруулахад чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал чухлаар шаардагдаж байна.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, зарчим,
хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл,
хүрэх үр дүн
2.1. Зорилго
Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтыг сайжруулах, шүд, амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж сайжруулах, эрүүл зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлэх, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх замаар хүн амын дунд шүд цоорох өвчний тархалтыг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. Зорилт
Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
1/Зорилт нэг. Шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх, хянах үйл ажиллагааг удирдан зохицуулах тогтвортой механизмыг бүрдүүлнэ;
2/Зорилт хоёр. Амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс сэргийлэх мэдлэг, дадалтай болоход дэмжлэг үзүүлэх орчин бүрдүүлнэ;
3/Зорилт гурав. Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагааг эрүүл мэндийн анхдагч шатлал (сум, өрхийн эмнэлэг)-ын тусламж, үйлчилгээтэй уялдуулах, нийгэм, хамт олны дунд амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бий болгож боловсронгуй болгоно.
2.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим:
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
1/Иргэд, хамт олны чадавхийг дээшлүүлэх замаар амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйл (хувь хүн, нийгэм-эдийн засаг, орчин)-ийг бууруулах, амны хөндийн эрүүл мэндэд ээлтэй орчин, үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход чиглэсэн салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлана;
2/Амны хөндийн эрүүл мэндийн талаархи бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлгээ хийхэд иргэд, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ;
3/Хүүхэд, өсвөр үеийнхнийг шүд цоорох өвчнөөс сэргийлэх, залуу, дунд насныханд шүд цоорох өвчнийг тууштай, тасралтгүй эмчлүүлэх, ахмад настанд шүд цоорох өвчнөөс шалтгаалсан шүдгүйдлийг нөхөн сэргээх замаар нийт хүн ам, өвчлөх эрсдэлтэй бүлэг болон өвчилсөн хүнд чиглэсэн иж бүрэн хандлага, баримт нотолгоонд түшиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ;
4/Эрүүл мэндийн байгууллагын одоогийн бүтэц болон нөөцөд тулгуурлан шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, нийгэм, хамт олонд тулгуурласан анхдагч шатлалын тусламж, үйлчилгээнд түлхүү анхаарч анхдагч шатлалын болон эмнэл зүйн тусламжийн уялдаа холбоо, тасралтгүй байдлыг хангана;
5/Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл болон Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах зэрэг нийгмийн эрүүл мэндийн бусад хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай уялдуулан үр ашгийг дээшлүүлнэ.
2.4. Хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн:
2.4.1. Нэгдүгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
1/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн байдалд хяналт, тандалт хийх тогтолцоо бий болгон зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх, энэ чиглэлээр чадавхи бүрдүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж амны хөндийн эрүүл мэндийн бодлого, стратегид шаардлагатай өөрчлөлт хийж байх;
2/Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар нийгэм, хамт олны түвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний чанар, үр дүнгийн байдалд байнгын хяналт тавих боломж бүхий статистик мэдээллийн шинэ үзүүлэлтийг эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд нэвтрүүлэх, мэдээллийн сан байгуулах;
3/Зонхилон тохиолдох амны хөндийн өвчнөөс сэргийлэх, хянах нэгдсэн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах мэргэжлийн толгойлох байгууллагыг тогтоох.
Хүрэх үр дүн: Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчинд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлсийн тархалт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүнгийн байдлыг хянан тандах тогтолцоо бий болж баримт нотолгоонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн бодлого, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
2.4.2. Хоёрдугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
1/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх талаар хүн амд дараахь дадал, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн нийгмийн маркетингийн стратеги боловсруулж хэрэгжүүлнэ:
Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон зохистой хэрэглэх талаар:
а/хүүхдийг хөхөөр хооллох;
б/хийжүүлсэн ундаа, саахар, чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнийг зүй зохистой хэрэглэх, тэдгээрийн хэрэглээг бууруулах;
в/сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх;
г/фтор агуулсан усыг орон нутгийн эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх ба үл хэрэглэх.
Амны хөндийн эрүүл ахуйг сахих талаар:
д/фтортой оо, бэлдмэлийг орон нутгийн эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэх болон үл хэрэглэх;
е/ шүд, амны хөндийгөө зөв угаах, арчлах;
ж/шүд хамгаалах, бэхжүүлэх бүтээгдэхүүн, хэрэгслийг зохистой хэрэглэх арга барилд суралцах;
з/шүд, амны хөндийгөө өөрсдөө хянаж эмчид ханддаг болох.
2/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчнөөс сэргийлэх талаар багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын агуулга, хөтөлбөрт тусган хэрэгжүулэх, ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, багшлах хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх;
3/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчнөөс сэргийлэх талаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш, эцэг, эхчүүдэд зориулсан аргачлал, гарын авлага гаргаж тэднийг богино хугацааны сургалтад хамруулан амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хэрэгжилтийн арга хэмжээнд татан оролцуулах;
4/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчний талаар үндэсний хэмжээний болон орон нутгийн байгууллага, хамт олон, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт зориулсан ухуулга-сурталчилгаа явуулан чадавхийг дээшлүүлэх замаар "Шүдэнд ээлтэй" үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгох;
5/Хийжүүлсэн ундаа, саахар, чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнийг зүй зохистой хэрэглэх, тэдгээрийн хэрэглээг бууруулах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, оновчтой болгох, татвар, импортын бодлого, зах зээлийн урамшууллын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
Хүрэх үр дүн. Амны хөндийн эрүүл мэндэд ээлтэй нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчин бий болж амны хөндийн эрүүл мэндээ иргэд өөрсдөө хянаж дээшлүүлэх, шүд цоорох өвчин, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх мэдлэг, дадалтай болно.
2.4.3. Гуравдугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:
2.4.3.1. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ, амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар:
1/Шүдний хатуулаг чанарыг дээшлүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ундны усны фторын агууламж нь бага орон нутагт фтортой бэлдмэлийн хэрэглээг нэмэгдүүлэх, хэрэглээний нэгдсэн стандарт, аргачлал гаргаж хэрэгжүүлэх;
2/Шүд цоорох өвчний идэвхжилийн зэргийг тодорхойлох сорил, шүдийг фтортой гель, уусмалаар арчих, шүдний зажлах гадаргуугийн ховил, хонхорхойг фтортой материалаар таглаж хамгаалах зэрэг шүд цоорох өвчнийг эрт илрүүлж хянах, эмчлэх энгийн, үр дүнтэй аргыг сургууль, байгууллага, аж ахуйн нэгж дээрх ажлын байр, баг, сум, өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн суурь тусламжийн багц, стандартад тусган хэрэгжүүлэх;
3/Амны хөндийн эрүүл мэнд, түүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг хянах, тандах талаар анагаах ухаан, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;
4/Сувилагч, бага эмч нараас амны хөндийн эрүүл ахуйчийг төгсөлтийн дараахь сургалтаар бэлтгэж байгууллагад ажиллуулах;
5/Зонхилон тохиолдох амны хөндийн өвчний үед зайлшгүй шаардлагатай анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр баг, сум, өрхийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах.
2.4.3.2. Нүүр амны эмнэл зүйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх талаар:
1/Амны хөндийн зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг шинэчлэн боловсруулж эрүүл мэндийн тусламжийн бүх шатлалд мөрдүүлэх, тусламж, үйлчилгээний уялдаа холбоо, тасралтгүй байдлыг хангах;
2/Шүд цоорлын хөнгөн үеийг өрөмдөлгүйгээр дахин эрдэсжүүлэн бэхжүүлж эмчлэх шинэ арга, технологийг орон нутагт нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ чиглэлээр нүүр, амны мэргэжлийн болон сум, өрхийн эмч, сувилагч, амны хөндийн эрүүл ахуйч нарын мэдлэг, дадлыг дээшлүүлэх;
3/Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх болон нөхөн сэргээх орчин үеийн эм, бэлдмэл, материал, багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх;
4/Орон нутаг, боловсрол, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага дээр "хүрч үйлчлэх" явуулын үйлчилгээ зохион байгуулах замаар нүүр, амны эмнэл зүйн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
5/Шүд цоорох өвчнийг бүртгэх, хянах, эмнэл зүйн үйлчилгээнд хөндлөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг өргөжүүлэх;
6/Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтийг боловсронгуй болгох.
Хүрэх үр дүн. Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бий болж, түүний тасралтгүй байдал, чанар, хүртээмж нь дээшилнэ.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
3.1. Хөтөлбөрийг 2006-2015 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд I үе шат 2006-2010 он, П үе шат 2011-2015 он байна.
3.2. Хөтөлбөрийн санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
1/Улс, орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгө;
2/Шинжлэх ухаан, технологийн сангаас олгох хөрөнгө;
3/Гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж;
4/Олон улсын байгууллагын төслийн хөрөнгө, хандивлагч орны тусламж, хандив;
5/Бусад эх үүсвэр.
Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
4.1. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бусад салбарын оролцоог нэмэгдүүлж төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүргийг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл хүлээнэ.
4.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохицуулалт, мэдээллээр хангах, хяналт тавих ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн бусад байгууллага (Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нүүр ам судлалын сургууль, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв зэрэг)-ыг татан оролцуулна. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн сайдын дэргэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсэг байгуулна.
4.3. Орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг бүх шатны Засаг даргаар ахлуулсан Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүрэг бүхий салбар дундын ажлын хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын дэргэд байгуулж ажиллуулна. Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл нь орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн I улиралд багтаан тайлагнана.
4.4. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулсан ажлын явц, үр дүнг нэгтгэн Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөл, Засгийн газарт жил бүрийн П улиралд багтаан тайлагнана.
4.5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, хүлээх үүрэг:
4.5.1. Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлийн байдалд хяналт, тандалт хийх тогтолцоо бий болгон зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн хяналт, тандалтын тогтолцоотой уялдуулан хөгжүүлэх, энэ чиглэлээр чадавхи бүрдүүлэх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж амны хөндийн эрүүл мэндийн бодлого, стратегид шаардлагатай өөрчлөлт хийж байх;
2/Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчин, түүнд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар нийгэм, хамт олны түвшинд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний чанар, үр дүнгийн байдалд байнгын хяналт тавих боломж бүхий статистик мэдээллийн шинэ үзүүлэлтийг эрүүл мэндийн мэдээллийн сүлжээнд нэвтрүүлэх, мэдээллийн сан байгуулах;
3/Зонхилон тохиолдох амны хөндийн өвчнөөс сэргийлэх, хянах нэгдсэн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах мэргэжлийн толгойлох байгууллагыг тогтоох;
4/Шүд, амны хөндийн зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаанд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нөөцийг дайчлах;
5/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжин удирдлага, арга зүйгээр хангаж ажиллах;
6/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг Засгийн газрын болон олон улсын байгууллага, хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлж байгаа бусад хөтөлбөр, төсөлтэй уялдуулах замаар хөтөлбөрийн үр дүнг нь дээшлүүлэх;
7/Амны хөндийн эрүүл мэнд, түүнд сөргөөр нөлөөлөгч хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, зөв зохистой хооллох, шүд, амны хөндийгөө өөрсдөө хянах талаар мэдлэг, хандлага, дадал төлөвшүүлэхэд чиглэсэн албан, албан бус болон зайны сургалтын хөтөлбөр, гарын авлага, аргачлал, зөвлөмжийг холбогдох яам, газартай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
8/Шүд цоорох өвчний үед үзүүлж байгаа эмнэл зүйн тусламж, үйлчилгээний дотор урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх чиглэлээр тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг боловсронгуй болгох;
9/Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зонхилон тохиолдох шүд, амны хөндийн өвчний оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээлтийн орчин үеийн арга барилд сургах чиглэлээр гадаад, дотоодод сургах, мэргэжлийг дээшлүүлэх;
10/Амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар үр дүнд хүрч байгаа бусад орны туршлагыг судлах, өөрийн оронд нэвтрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
11/Зонхилон тохиолдох амны хөндийн өвчний оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг эрүүл мэндийн тусламжийн шатлал бүрт нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх;
12/Сум, өрхийн эмнэлгээс үзүүлэх анхдагч шатлалын тусламж, үйлчилгээг зонхилон тохиолдох шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлэх, хянах үйл ажиллагаатай уялдуулах, хөдөө орон нутаг, боловсрол болон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад "хүрч үйлчлэх" замаар нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх;
13/Зонхилон тохиолдох шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлэх, хянах талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн үр дүн, хүн амын зан үйл, орчны өөрчлөлтийн байдалд судалгаа, үнэлгээ хийх ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх;
14/Шүд, амны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн талаар баримт нотолгоонд тулгуурласан ухуулга сурталчилгаа явуулах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг мэдээллээр хангах;
15/Амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчнөөс сэргийлэх талаар хүн амын насны онцлогт тохирсон гарын авлага гарган хүүхэд болон залуучууд, хүн амын дунд мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
16/Нүүр, ам судлалын тусламж үзүүлж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтны амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн талаархи мэдлэг, дадлыг дээшлүүлэх, мэргэжлийн арга зүйгээр хангаж ажиллах.
4.5.2. Гадаад хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Хөтөлбөр хэрэгжүүлэх талаар олон улсын байгууллага, хандивлагчидтай хамтран ажиллах;
2/Зонхилон тохиолдох шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлэх, хянах чиглэлээр баримталж байгаа бодлогыг хэрэгжүүлэх асуудлыг гадаад орон, олон улсын байгууллагад тавьж хамтран ажиллах гэрээ, хэлэлцээрт тусгаж хэрэгжилтэд хяналт тавих.
4.5.3. Хууль зүй , дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх.
4.5.4. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Хийжүүлсэн ундаа, саахар, чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнийг зүй зохистой хэрэглэх, тэдгээрийн хэрэглээг бууруулах, сүү, цагаан идээний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
2/Амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг боловсронгуй болгох;
3/Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн салбарын төсөвт тусган санхүүжүүлж байх;
4/Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хөтөлбөрийн тодорхой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
4.5.5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, багшлах хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах;
2/Амны хөндийн эрүүл мэнд, эрүүл, зохистой хооллолтын талаар багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын агуулга, хөтөлбөрт тусган хэрэгжүулэх;
3/Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол, цайны газруудыг цагаан идээ, жимс, ногооны зууш, халуун хоол зэрэг "Шүдэнд ээлтэй хоол, хүнсний бүтээгдэхүүн"-ээр үйлчилдэг болгох талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах;
4/Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, цайны дараа эмч, сувилагч, багш нарын хяналтын дор хүүхдийн шүдийг угаалгаж хэвшүүлэх боломж нөхцөлөөр хангах, эцэг, эхчүүдэд сургалт явуулах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;
5/Амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, зонхилон тохиолдох шүд, амны хөндийн өвчний оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээлтийн орчин үеийн арга барилд сургах чиглэлээр боловсон хүчнийг гадаад, дотоодод сургах, мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
6/Амны хөндийн эрүүл мэнд, түүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг хянах, тандах талаар анагаах ухаан, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;
7/Амны хөндийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүн, хүн амын зан үйл, орчны өөрчлөлтийн байдалд хийх судалгааны ажлын төслийг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж санхүүжүүлэх;
8/Ерөнхий боловсролын сургуулийн эмч, сувилагч нарыг амны хөндийн эрүүл ахуйн сургалтад хамруулах, амны хөндийн эрүүл ахуйч-сувилагч (бага эмч) ажиллуулах;
9/Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг жилд нэгээс доошгүй удаа нүүр, амны нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулан шаардлагатай арга хэмжээг авч байх.
4.5.6. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь энгийн саахарын хэмжээг бууруулах чиглэлээр стандартыг хянан шинэчлэн батлуулж мөрдүүлэх;
2/Шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг үйлдвэрлэх, сурталчлах ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
3/"Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл" үндэсний хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх.
4.5.7. Үйлдвэр, худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн /саахар, чихэрлэг багатай/-ий хэрэглээг дэмжсэн импорт, экспортын бодлого хэрэгжүүлэн хяналт тавих.
4.5.8. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Жилд нэгээс доошгүй удаа ажилчин, ажилтнаа нүүр, амны нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах арга хэмжээ авч байхыг ажил олгогчид даалгах, хэрэгжилтэд хяналт тавих;
2/Эмзэг бүлгийн хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулж шаардлагатай арга хэмжээ авч байх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих.
4.5.9.Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Зэвсэгт хүчний анги, салбаруудын эмч, сувилагч нарыг амны хөндийн эрүүл ахуйч бэлтгэх сургалтад хамруулан цэргийн албан хаагчдын дунд амны хөндийн эрүүл мэнд, зонхилон тохиолдох амны хөндийн өвчнөөс сэргийлэх чиглэлээр сургалт явуулах.
4.5.10. Улсын мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага:
1/Амны хөндийн эрүүл ахуй, ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийн талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж холбогдох арга хэмжээг авах;
2/Зонхилон тохиолдох шүд, амны өвчний оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийн хэрэгжилтэд хяналт тавих.
3/Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын байдалд хяналт- шинжилгээ хийх.
4.5.11. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага:
1/Ундны усны фторын агууламжид байнгын хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг авах.
4.5.12. Стандартчилал, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага:
1/Хүнсний бүтээгдэхүүний найрлага дахь энгийн саахарын хэмжээг бууруулах чиглэлээр бүх стандартыг хянан шинэчлэх арга хэмжээ авах.
4.5.13. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга:
1/Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар орон нутгийн онцлогт тулгуурласан дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
2/Шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар байгууллага, хамт олны үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийг сурталчлах, урамшуулах арга хэмжээ авах.
4.5.14. Нийт аж ахуйн нэгж, байгууллага:
1/Шүд, амны хөндийн өвчнөөс сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх талаар ажилтан, ажиллагчдын мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт явуулах, тэднийг зохион байгуулалттайгаар эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1-2 удаа хамруулах;
2/Хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцсэн шүдэнд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах.
4.5.15. Хэвлэл мэдээллийн байгууллага:
1/Чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах саахарын хүний биед үзүүлэх сөрөг нөлөө, эдгээр бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэх, улмаар хэрэглээг бууруулах, амны хөндийн эрүүл мэнд болон зохистой, эрүүл хооллолтыг дэмжихэд чиглэсэн энгийн, ойлгомжтой мэдээллийг олон нийтэд хүргэх, энэ чиглэлээр бусад байгууллагад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах.
4.5.16. Хүнсний үйлдвэр, зах, бүх төрлийн нийтийн хоолны газар:
1/Хоол, хүнсний бүтээгдэхүүн дэх чихэрлэгийн хэмжээг бууруулж үйлчлүүлэгчдэд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах.
4.5.17. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон бусад төрийн бус байгууллага:
1/Хийжүүлсэн ундаа, саахар, чихэр, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлчилгээ, зар сурталчилгаанд хяналт тавьж мэдээлэл, тайлбар хийх, шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран авч хэрэгжүүлэх;
2/Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд оролцох.
4.5.18. Иргэд, олон нийтийн оролцоо:
1/Хийжүүлсэн ундаа, саахар, чихэр, чихэрлэг хүнсний зүйлийг аль болохоор бага хэрэглэх, хэрэглэсний дараа амаа зайлах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, шүдээ зөв угааж арчлах, фтортой оо болон фтор агуулсан ус, бусад хүнсний бүтээгдэхүүнийг эмчийн зөвлөгөөний дагуу хэрэглэж хэвших, өөрсдөө үлгэрлэн хүүхдээ сургах.
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ,
үр дүн, шалгуур үзүүлэлт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг улсын эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар гүйцэтгэнэ. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхдээ холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.
5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
Үзүүлэлт
|
Одоогийн түвшин*
|
Хүрэх түвшин
|
||
|
2010
|
2015
|
||
Шүд цоорлын тархалт, эрчим
|
||||
1. Шүд цоорлын тархалт
(хувиар)
|
5-6 настай хүүхдийн дунд
|
80.1
|
79.0
|
78.0
|
12 настай хүүхдийн дунд
|
62.0
|
61.0
|
60.0
|
|
Нийт хүн амын дунд
|
71.6
|
71.0
|
70.0
|
|
2. Шүд цоорлын эрчим
|
5-6 настай хүүхдийн дунд
|
4.6
|
4.5
|
4.3
|
12 настай хүүхдийн дунд
|
1.94
|
1.9
|
1.8
|
|
Нийт хүн амын дунд
|
3.05
|
3.0
|
2.8
|
|
3. 18 настай хүүхдийн дунд бүрэн шүдтэй хүүхдийн эзлэх хувь
|
67,5
|
70.0
|
72.5
|
Тайлбар: *Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Нүүр, ам судлалын сургуулиас 2004 онд хийсэн судалгааны дүн.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A