A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2006 оны 159 дүгээр тогтоолын хавсралт
 
 
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ  БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /цаашид "сан" гэх/ -гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
 
            1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох, ажилгүй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнд зориулагдана.
 
            1.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлогыг төвлөрүүлэх, уг сангаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулан санхүүжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах үүргийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн албад гүйцэтгэнэ.
 
            1.4. Энэхүү журмын хэрэгжилт болон сангийн бүрдүүлэлт, санхүүжилт, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах асуудлыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
 
Хоёр. Сангийн бүрдүүлэлт
 
            2.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
 
            2.1.1. Улсын Их Хурлаар батлагдсан тухайн жилийн улсын төсвийн орлогоос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хуваарилсан хөрөнгө;
 
            2.1.2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн тухайн жилийн төсвийн орлогоос хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хуваарилсан хөрөнгө;
 
      2.1.3. ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогоос хуулийн дагуу зарцуулах хөрөнгө;
 
            2.1.4. сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд хадгалуулсны хүүгийн орлого;
 
            2.1.5. олон улсын байгууллага, гадаад орноос олгосон зээл, тусламжийн хөрөнгө;
 
            2.1.6. олон улсын байгууллага, гадаад орон, аж  ахуйн нэгж, байгууллага, иргэдээс санд оруулсан хандивын хөрөнгө;
 
            2.1.7. аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, гадаадын иргэнийг ажлын байраар хангаж орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр;
 
            2.1.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 111.2–т заасан төлбөр;
 
            2.1.9 бусад эх үүсвэр. 
 
 
Гурав. Сангийн хөрөнгийн төлөвлөлт, санхүүжилт
 
            3.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан нь мөнгөн хөрөнгийн сан байх бөгөөд улсын хэмжээний төвлөрсөн сан, орон нутгийн дэд сантай байна.
 
            3.2. Орон нутгийн төсвөөс дэд санд олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
 
            3.3. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын төсвөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвлөрсөн санд олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагыг төлөвлөж, жил бүрийн 8 дугаар сарын 10-ны дотор хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
            3.4. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвлөрсөн санд жил бүр улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээ болон сангийн орлого, зарлагын жилийн төлөвлөгөөг хянан улсын хэмжээгээр нэгтгэж, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн саналыг тусган жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
            3.5. Сангийн хөрөнгийн орлого, зарлагын төсвийг тухайн жилийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын зорилт, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.   
 
            3.6. Санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сангийн орлого, зарлагыг хянаж жил бүрийн төсвийн төлөвлөгөөнд тусгана.
 
            3.7. Улсын Их Хурлын чуулганаар баталсан улсын төсвөөс олгох хөрөнгийг орлогын гүйцэтгэлтэй уялдуулан улирал бүр санхүүжүүлэх бөгөөд тухайн улирал, жилд дутуу хийгдсэн санхүүжилтийн хөрөнгийг дараа улирал, жилд нөхөн олгоно.
 
            3.8. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хагас жилийн болон жилийн төсвийн тайланг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
 
Дөрөв. Сангийн зарцуулалт
 
            4.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан үйлчилгээ, арга хэмжээнд зарцуулна:
4.1.1. ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох;
4.1.2. ажилд зуучлах;
4.1.3. мэргэжлийн сургалтад хамруулах;
4.1.4. нийтийг хамарсан ажил зохион байгуулах;
 
4.1.5. ажил олгогчийг дэмжих;
4.1.6. хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэх иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
4.1.7. хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох;
4.1.8. хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ үйлчилгээ, арга хэмжээг турших, нэвтрүүлэх;
4.1.9. орлогын тухайн жилийн төлөвлөгөөнөөс давсан хэсгийг хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын хэвийн ажиллагааг хангах, ажилтнуудаа сургах, давтан сургах, урамшуулахад зарцуулах.
 4.2. Олон улсын байгууллага, хандивлагч орноос олгосон зээл, тусламжийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж тайлагнана.
 
            4.3. Төвлөрсөн сангаас орон нутагт хуваарилах хөрөнгийн хэмжээг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улирлаар хуваарилан батална. Энэхүү хуваарийг санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 1 дүгээр сард багтаан хүргүүлж  байна.
 
            4.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний зардлын төрөл, хамрагдах иргэнд тавигдах нөхцөл, болзол, шалгуурыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж мөрдүүлнэ.
 
4.5. Улсын хэмжээний төвлөрсөн сангийн харилцах дансны         1 дүгээр болон 2 дугаар гарын үсгийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон сан хариуцсан нягтлан бодогч, орон нутгийн дэд сангийн харилцах дансны 1 дүгээр болон 2 дугаар гарын үсгийг хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга болон нягтлан бодогч тус тус зурна.
 
Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад
     тавих хяналт, тайлан
 
            5.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдагчдыг бүртгэх, сангаас олгох хөрөнгийн хэмжээг тодорхойлох, тогтоосон хугацаанд олгох, хяналт тавих, зохион байгуулах үүргийг орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн алба гүйцэтгэнэ.
 
            5.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зарцуулалтад дараахь байдлаар хяналт тавина:
 
            5.2.1. улсын хяналтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар, Үндэсний аудитын газар тус тусын эрх хэмжээний дагуу;
 
            5.2.2. орон нутагт улсын хяналтыг эдгээр байгууллагын харьяа орон нутгийн алба хэрэгжүүлнэ.
 
            5.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
 
            5.3.1. улирлын тайланг сумын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн ажилтан дараа улирлын эхний сарын 5-ны дотор аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн алба дараа улирлын эхний сарын 15-ны дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус ирүүлнэ;
 
            5.3.2. хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 5-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тус тус гаргаж хөдөлмөрийн болон санхүү төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
 
            5.4. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сангийн орлого, зарлагын тайланг хуулийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын төв байгууллагад хүргүүлж байна.
 
            5.5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүртгэл, тайлан, мэдээний маягтын загварыг санхүү төсвийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж мөрдүүлнэ.
 
 
 
 
                         
 
 
 
 
 
----оОо----